Categories
мэдээ нийгэм

Зарим сургуулиудад хими, физикийн лаборатори олгоно

 Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хичээлийн жилд 100 сургуульд хими, физикийн иж бүрэн лаборатори олгосон. Тэгвэл удахгүй бусад сургуулиудад өгөхөөр бэлдэж байна гэж БШУЯ-наас мэдээллээ. Тус  лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой дэлхийн жишигт нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн юм. Үүнийг хэрэглэн суралцсанаар хүүхдүүд самбар дээр бичсэн физик, химийн томьёог бодит байдал дээр туршин үзэж, илүү сонирхолтой байдлаар суралцах боломж бүрдэх аж. Өнгөрсөн жил шинэ лабораторитой болсон сургуулийн сурагчид физик, химийн хичээлдээ маш хурдан ахиц гаргажээ. 

Categories
мэдээ улс-төр

МАХН-аас дахиад л мэдэгдэл гаргав

МАХН-аас энэ долоо хоногт гурван мэдэгдэл гаргасан. Улс орны өнөөгийн нөхцөл байдал болон өөрсдийн дотоод байдлаар гурван удаа мэдэгдэл гаргалаа. Хамгийн сүүлийн дараахь мэдэгдлийг гаргаад байна. 

    УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуульд МАХН-Шударга ёс эвсэл амжилттай оролцсоны үр дүнгээр Засгийн газрыг хамтран байгуулж, Монголоо аврах Таван хувьсгалын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билээ.

Гэтэл 2016 оны сонгууль улам ойртож, улс орны эдийн засгийн өсөлт буурч, байгаа өнөө үед шударга ёсны зарчим алдагдаж, шударга ёс тогтоохоор МАХН-ын нэрээр гарч ирсэн та нарын хуурамч төрхийг хараад сууж тэвчихгүй боллоо.

Шударга дүр эсгэн, үргэлж жүжиг тавьж явдаг МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар, намын гүйцэтгэх товчоог хуралдуулахгүй, үйл ажиллагааг нь тасалдуулж байна. Д.Тэрбишдагва манай намыг хов залгуулагчид, албан тушаал горилогчид, ашиг хонжоо хайгчдын үүр, уурхай болгож, МАХН-ын дарга Н.Энхбаярын итгэл найдварыг хөсөрдүүлж, намын гишүүд, дэмжигчдийг худал мэдээллээр үймүүлж, намын эв нэгдлийг бусниулж байна.

Д.Тэрбишдагва МАХН-ын нэрийг сэргээн авахад анхнаас нь тэмцэж явсан журмын үнэнч нөхдийн урмыг хугалж, намын гишүүд, дэмжигчид, намаасаа нүүр буруулж, дайжиж байгаад дүгнэлт хийх цаг болжээ.

Манай нам 2012. оны УИХ-ын сонгуульд 23.5 хувийн санал авч байсан бол Н.Энхбаяр даргын эзгүйд Орон нутгийн сонгуульд 16.2 хувь, Еренхийлөгчийн сонгуульд 6.5 хувь болтлоо буурлаа.

Д.Тэрбишдагва нь өөрийн намын сурталчилгааны цагт МАН-аас нэр дэвшигч Б.Бат- Эрдэнийн тухай хар пиарыг явулахыг зөвшөөрсөндөө бантахдаа Б.Бат-Эрдэнэд тал засч, түүнд үнэнч гэдгээ батлахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаа дуусахаас хоёрхон хоногийн өмнө намын сонгуулийн штабаа татан буулгасан нь зөвхөн намдаа хариуцлага тооцсон рейтингийг нь бууруулсан үйлдэл болж, шударга дүр эсгэсэн Д.Тэрбишдагва өөрөө ямарч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм.

Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Оюу- Толгой” ХХК-ийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд авахуулна, Эрдэнэс-Таван толгой ХХК-ийг ард түмэнд авч өгнө”, Иргэний хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх талаар тодорхой ажил хийхгүй хугацаа алдаж байна. “Хяналт шалгалтын тухай хууль”-ийг дутуу дулимаг боловсруулсанаас УИХ-аас хоёр удаа буцлаа.

МАН удаа дараагийн сонгуулийн үр дүндээ бодит дүгнэлт хийж, ач холбогдол өгч, удирдах зөвлөл нь улс төрийн хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

Иймд намын рейтингийг 17 хувиар бууруулсан, намын үнэнч гишүүд, дэмжигчдийг хутган үймүүлж, хагалан бутаргасан, хууль боловсруулах чадамжгүй, шударга ёсны баг өмсөж хоосон дүр эсгэдэг намын дэд дарга Д.Тэрбишдагва, намын адар тутмын үйл ажиллагааг удирдах нь битгийхэл удаа дараагийн сонгуулийн компанит-хариуцлагатай ажиллагааны үед архи ууж, ажлаа хаяж явсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг улс төрийн хариуцлага хүлээж, өөрсдийн санаачлагаар сайн дураараа албан тушаалаасаа огцрохыг УРИАЛЖ байна.

Хувийг, Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 

Аймаг, Нийслэлийн МАХН-ын Мянгатын дарга нарт 

Уриалга гаргасан, ШУДАРГА ЁС-АНХДАГЧДЫН ХОЛБОО

2014 оны 8 дугаар сарын 14 ны өдөр

Categories
мэдээ нийгэм

Дунд, ахлах ангийнхны дүрэмт хувцсыг энэ сарын 30-н хүртэл худалдаална

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг өнгөрсөн жилээс үндэсний үйлдвэрүүд нэгдэн дотооддоо оён нийлүүлж буй. Тэд өнгөрсөн жил бага ангийн сурагчдыг дүрэмт хувцасаар хангасан бол энэ жилээс дунд ахлах ангийн сурагчид шинэ дүрэмт хувцсаар жигдрэх юм. 

Дунд, ахлах ангийнхны дүрэмт хувцасны нийлүүлэлт өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. Энэ сарын 30 хүртэл дүрэмт хувцас борлуулах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах аж. 

Categories
мэдээ эдийн-засаг

Замын ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлд хэрэгжиж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажилд яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын тухай хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт нийслэлд хэрэгжиж байгаа замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Энэ үеэр газар чөлөөлөлт, хөрөнгө санхүү, зураг төсөл зэргээс шалтгаалаад ажил удааршиж байгаа тухай гүйцэтгэгч компаниудаас танилцуулсан.  Эдгээр асуудлыг удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж яаралтай арга хэмжээ авна гэдгээ хотын дарга хэлж байсан юм.

Тиймээс, удирдлагын зөвлөлийн хуралдаанаар эдгээр асуудлыг багцлан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулаа.

Тэрээр, Бээжингийн гудамжны 0,9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажил, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх 6,0 км авто зам, Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртлэх 17,1 км авто замын барилгын ажил, Яармагийн гүүр–Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто зам, Хувьсгалчдын  гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын талаар товч мэдээлэл өгсөн.  Бээжингийн гудамжны өргөтгөл шинэчлэлийн хувьд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бөгөөд тус автозам нь ШУТИС-ийн уулзвараас Сансарын туннелийн баруун уулзвар хүртлэх 0,9 км үргэлжлэх зам юм.  Зорчих хэсэг нь нийт 6 эгнээтэй болж, явган хүний зам, гэрэлтүүлэг борооны ус зайлуулах далд байгууламжтай, 74 у/м нуман хэлбэртэй гүүр, дорнын хэв шинжийг агуулсан хүндэтгэлийн хаалга болон сүүдрэвчтэй байхаар зураг төсөл нь батлагдаж ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Бээжин констаркшн” компани ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 65 хувьтай байгаа юм байна.  ШУТИС-ын уулзвараас 11 хорооллын уулзвар хүртэлх замыг энэ сарын 25-наас өмнө хучилт хийж нээхээр төлөвлөжээ.

Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө тус гудамжаас АНУ-ын элчин сайдын байр хүрэх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, Сэлбийн баруун эргийн 0,7 км автозамаас Сансарын туннел чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй явуулах зорилгоор Бээжингийн гудамж, Сэлбийн баруун эргийн 0,7 км автозамыг холбосон автозам барих зайлшгүй шаардлагатай болжээ.  Энэ ажилд 300 сая төгрөг хэрэгтэй гэлээ.

Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэл 6,0 км автозамын ажил өнгөрсөн оны 6 сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Хансуун зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд зорчих хэсэг нь  14 метр өргөнтэй байхаас гадна 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байх юм. Одоогоор ажлын явц 30 хувьтай  байгаа юм байна.  Энэхүү ажлыг цаашид үргэжлүүлэн явуулахад замын эхлэлээс 4,5 км-т Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам  автозамын дээрээс 5 метр унжсан байна.  Барилгын норм стандартын дагуу цахилгааны утас нь 7 метрээс багагүй өндөрт байх ёстой учраас дээрх стандартыг мөрдөхийн тулд автозамын 2 талд байгаа төмөр бетон шонг өндөрлөж төмөр анкер тулгуураар солих шаардлагатай болжээ. Энэ ажилд 81 сая гаруй төгрөг шаардлагатай болсон байна.

Баянзүрхийн товчооноос Богд уулын замаар, Яармагын гүүр хүртэлх 17,1 км авто замын ажил 2012 оны 6 сард эхэлсэн. ЭСТО ХХК ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Нийт 17,1 км үргэлжлэх энэ зам нь огцом эргэлтүүд ихтэй, харагдах орчин хязгаарлагдмал учир замын нийт уртад гэрэлтүүлэгтэй байх шаардлагатай  юм байна. Авто замын нэг талаар гэрэлтүүлэгтэй болгоход нэмж 540 гэрэлтүүлгийн шон суурилуулах бөгөөд үүнд 1,1 тэрбум төгрөг хэрэгтэй гэж холбогдох байгууллагаас тогтоожээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд эдгээр асуудлыг хэлэлцээд, Бээжингийн гудамж, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх замуудад шаардлагатай байгаа хөрөнгийг  холбогдох зардлаас гарган шийдвэрлэхээр боллоо.

Мөн Хувьсагчдын гудамжны замын ажил 17 айл газраа чөлөөлөөгүйгээс удааширж байгаа учраас эдгээр иргэдтэй зөвшилцөн газрыг чөлөөлж, зам барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх иргэдийн шалгаруулалт өнөөдөр UBS телевизээр шууд дамжуулна

Наймдугаар сарын 1-нээс газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Бүртгэл өчигдөр дууссан билээ. 

Тэгвэл цахим бүртгэлийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн хааж, бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах болж байна. Шалгаруулалтыг өнөөдрийн 12.00 цагаас эхэлж UBS телевизээр шууд дамжуулна. Өчигдрийн байдлаар нийслэлийн иргэдээс 265 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлтээ илэрхийлж цахим бүртгэлд бүртгүүлсэн юм. Гэхдээ тэднээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүснэ.

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу дээрх иргэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн IV хороо Тариан булагийн I хэсэг, Багахангай дүүргийн II хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй болно.

Categories
мэдээ нийгэм

Оюутолгойн төслийн гэрээг гадаадын хэвлэлүүд ингэж бичиж байна

Рио Тинто Оюутолгойн зэсийн төслийг хэрэгжүүлж, эрчим хүч үйлдвэрлэх станц барих 6.5 тэрбум ам.долларын гэрээг Монголын Засгийн газартай байгуулсан гэж Ройтерс агентлаг онцоллоо. Төслийн санхүүжилт шийдэгдсэнээр бүтээн байгуулалт ирэх есдүгээр сарын 30-наас эхлэх юм байна.   

    Монголын Улсын өмчит Таван Толгойн нүүрсний уурхайн ойролцоо баригдах цахилгаан станцын гол хэрэглэгч нь Оюутолгой компани байх юм. Төслийн ажил хэрэгжсэнээр 2017 он гэхэд орон нутгийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг хангах ажээ. Оюутолгой одоогийн цахилгааны эх үүсвэрээ Хятадын улсын өмчит “Өвөр Монголын эрчим хүч” корпорациас нийлүүлдэг. 

“Turquoise Hill” компанийн гүйцэтгэх захирал Кэй Пристли “Хамтын ажиллагааны гэрээ Оюутолгойн тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийн чухал ач холбогдолтой” хэмээн ярьжээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж үзжээ. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар ийм асуудлууд хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцлээ 

Монгол Улс, БНХАУ хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжээд тус протоколд гарын үзэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Хоёр улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийг тодорхой болгох нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны тасралтгүй, тогтвортой хөгжилд эрх зүйн талаас онцгой хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээг эмхлэн цэгцэх асуудлыг 2006 оноос ярьж эхэлж, хоёр тал хоёр улсын хооронд байгуулсан нийт гэрээний жагсаалтыг өөрсдийн архив, хадгалагдаж буй баримт бичиг, бусад яам газраасаа авсан саналыг үндэслэн нийт гэрээний жагсаалтыг гаргаж харилцан солилцож, тулгалт хийж иржээ.

Энэ сард зохион байгуулах өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр протоколд гарын үзэг зурахаар төлөвлөж байна.

 “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулна

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулж боловсруулжээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр гарсан Засгийн газрын гишүүдийн саналыг тусган холбогдох хуулийн дагуу уг хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгалаа. 

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар

-Хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх эрх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоосноор салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирна.

-Хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амын өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Хуульд нийцүүлж эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг сахиулахаар тогтоосон стандарт, дүрэм, журмыг шинэчилж, боловсронгуй болгох нөхцөл бүрдэнэ.

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын харицлага дээшилнэ зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.  

 Орон сууцны санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр нь хийнэ

  “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж буй. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд гэрээний дагуу санхүүжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 2014 онд орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулаагүй 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Буянт-Ухаа 2” хорооллын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх саналаа ТОСК илэрхийлсэн байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ орон сууцны ажлын гүйцэтгэлийг нь харгалзан хөдөө орон нутаг, Улаанбаатар хот хооронд санхүүжилтийн зохицуулалт хийх эрхийг ТОСК-ийн захирал А.Гантулгад өгч, хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. 

Концессоор хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад байгаа концессын  төслүүдийн уралдаант шалгаруулалт болон концессын гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

Засгийн газрын “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолоор нийт 51 төсөл хөтөлбөрийг баталсан. Үүнээс:

•      Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн автозам

•      Тэлмэний дулааны цахилгаан станц

•      Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд хурдны автозам

•      Туул-Сонгино усны нөөцийн цолгцолбор

•      Дулааны V цахилгаан станц гэсэн нийт 6 төслийн концессын гэрээг байгуулаад байна. 

 Автозамын 14 төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны 4 сарын 30-ны өдөр зарлаж, төслийн саналыг долдугаар сарын 1, 2, 3-нд хүлээж авч үнэлжээ. Уралдаант шалгаруулалтад тэнцсэн оролцогч шалгараагүй байна.  Иймд Концессийн тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар болж, шалгаруулалтад оролцсон болон бусад сонирхлоо илэрхийсэн хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний хэлэлцүүлэг хийх ажлыг зохион байгуулж байна.

Эрчим хүчний концесс олгох уралдаант шалгаруулалтыг энэ оны 6 дугаар сарын 13-ны өдөр зарласан бөгөөд төслийн саналыг энэ сарын 20-ны өдөр хүлээж авах юм. Одоогоор 27 компани шалгаруулалтын баримт бичгийг авчээ. 

              Товч мэдээ

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.УИХ-д хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэг заалт, хотын дахин төлөвлөлт, гэр хорооллын зуух, түлш, тээврийн хэрэгсэл зэрэг асуудлуудыг багтаасан найман заалт бүхий энэхүү зөвлөмжийн төслийг боловсруулсан байна.

• Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармагийн замыг есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахыг даалгалаа

Зам, тээврийн сайд А.Гансүх өнөө өглөө Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл тавьж буй авто замын барилгын ажлын явцтай танилцлаа.  Уг замыг “Эсто” ХХК 2012 оны зургаадугаар сараас эхлэн барьж буй бөгөөд замын нийт урт нь 17.1 км аж. Хөгжлийн банкны санхүүжилтээр  24 тэрбум гаруй төгрөгөөр баригдаж буй энэхүү зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэлийг 20-30 хувиар бууруулна.  Нийтдээ 70 цэгт төмөр бетон хоолой, хоёр гүүр бүхий уг замын газар шорооны ажил хамгийн хүнд хэцүү байсныг “Эсто” ХХК-ийн ажилчид онцоллоо. Зайсан толгойгоос баруун тийш Яармагийн гүүр хүртэл уул, хад чулуу сэтлэн барьсан замд одоо туузан болон бетон хашлагыг хийх аж. Одоогоор зургаан км замын туузан хашлагын хөрөнгийг шийдсэн, үлдсэн найман км замд хийх туузан хашлагын хөрөнгийг Хөгжлийн банкнаас хүсэж байгаа юм байна. Зам, тээврийн сайд А.Гансүх болон Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар замын ажлын гүйцэтгэлтэй танилцан, гэрээт хугацаандаа буюу ирэх сарын 1 гэхэд замыг ашиглалтад өгөхийн тулд хичээж ажиллахыг даалгалаа.  Мөн салбарын сайд Богд уулын арын замыг огцом эргэлтүүд олонтой, өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй, уул, сэтэлсэн уул, хад чулуу үер усанд нурах аюултай тул хамгаалалт бэхэлгээ, замын тэмдэг тэмдэглэгээг маш сайн хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Лхагвасүрэн: Манай хөгжмийн сургалтын тогтолцоо гаж болчихсон

Удирдаач Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн дээд сургуулийн симфони оркестрын удирдаач, тус сургуулийн дэргэдэх Залуучуудын морин хуурын чуулгын удирдаач, багшаар ажиллаж байгаад эх орондоо ирээд буй юм.  

-Таны удирддаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн дээд сургуулийн симфони оркестр 88 хөгжимчинтэй, Азидаа том оркестр гэж сонссон. Та тэнд хэдэн жил ажиллаад ирэв. Анх очиход ямархуу орчин угтаж байв? 

-Дөрвөн жил ажиллалаа.  Симфони оркестр болон Морин хуурын чуулга нь тийм ч олон жилийн туршлагатай биш. Өмнө нь удирдаачаар ажиллаж байсан хүмүүс нь голдуу мэргэжлийн бус хүмүүс байсан юм билээ. Манайхаас ялгаатай нь, багш нар нь хүүхдүүдтэйгээ суугаад хамт тоглодог нь надад аятайхан санагдаж байсан. Хятад улсад ер нь ямар нэгэн зүйлийг өөрчлөхөд их хэцүү шүү дээ. Улс төрийн байдал, төр засгийн бодлого нь чанга. Зөвхөн тэр байдалдаа зохицуулж, хүмүүс нь юмаа хийдэг юм байна. Тэндэхийн багш, хүүхдүүдийн ярьдаг чухал сэдэв нь боловсролын систем нь юм байна. Хятадын боловсролын систем муу байна гэж үзэцгээдэг. Хэдийгээр тэд өөрчлөхийг хүсч байгаа ч төр засаг нь шийдэхгүй бол боломжгүй. Коммунист системийн сул тал юм уу даа.  Уг нь хөгжим бол амьдрал, хөгжим бол мэдрэмж,  хөгжим бол сэтгэл санаа гэсэн ойлголттойгоор хөгжимд суралцана шүү дээ.  Гэтэл тэдний хувьд хөгжим гэдэг бараг дасгал гэдэг үгтэй адилхан болчихсон байдаг юм байна.  Дасгал хийх цаг, нөхцөл зэрэгтээ их анхаардаг хэрнээ хөгжмөө хүний сэтгэл санаатай холбох нь тааруухан. Би нэлээд хэдэн жил багшийн ажил хийлээ. Олон ч үндэстний хүүхдүүдэд хичээл зааж үзлээ. Тэгээд олж харсан зүйл бол, манай монгол хүүхдүүдэд хөгжим заах их амархан юм. Монгол хүүхэд ямар ч юмыг өөрийн болгож авахдаа хурдан. Жишээ нь, багшийн хэлж байгаа үг зуун хувь үнэн биш шүү дээ. Монгол хүүхдүүд багшийн хэлснийг ойлгоод түүнийг маш хурдан өөрийн болгож буулгаж авдаг. Өвөрмонгол хүүхдүүд ч тийм. Бидэнтэй нэг үндэстэн юм болохоор юмыг амархан сурах тал дээрээ адилхан юм байна лээ. Ялангуяа, хөдөө амьдарч байгаад ирсэн хүүхдүүд хотод амьдарч байгаа хүүхдүүдээс хөгжмийг хүлээж авахдаа хамаагүй илүү юм байна гэдгийг олж харсан. Би тэнд хэдийгээр багшилж байгаа ч гэсэн өөрөө бас их юм сурлаа. Багшлах арга, сургалтын тогтолцоо, хөгжим сургах аргын талаар нэлээн эргэцүүлж боддог болсон. Манайд хөгжмийн сургалтын тогтолцоо ерөнхийдөө гаж болчихсон шүү дээ. 

-Гаж гэдэг нь юу гэсэн үг вэ? 

-Бүхэл бүтэн улсын хэмжээнд хөгжмийн ганцхан бага сургуультай мөртлөө дээр нь хоёр ч дээд сургуультай. Энэ хоёр сургуулийг анх байгуулахдаа муу болгоё гээгүй нь мэдээж л дээ. Гэвч доор нь байгаа бага сургууль нь ганцхан. Хөгжим бүжгийн коллеж. Энгийн нүдээр харахад анзаарагдахгүй боловч хамгийн буруу тогтолцоо явж байгаа юм.  Олон улсын статистик судалгаа байдаг. Тэр судалгаанаас харахад, арван бага сургууль нэг дээд сургуулийг тэжээх оюутныг бэлтгэдэг юм байна. Энэ бол олон бага сургууль байж байж дунд нь нэг дээд сургууль байх олон улсын стандарт. Гэтэл манайд бага сургууль байгуулахад мөнгө зарцуулах ёстой байтал дээд сургууль байгуулах гэж мөнгө зарж байгаа нь хамгийн буруу бодлого юм. Нөгөөтэйгүүр, миний хөгжим бүжгийн сургуульд сурч байсан үе одоогийнхоос огт өөр болсон. Тэр үед ямар ч хүүхдийн авьяасыг нь харж авдаг байсан бол одоо тэр хүүхэд ар гэртээ хөгжим авах, сургуульд туслах чадвартай юу гэдгийг нь хардаг болчихсон. Хөгжимд жинхэнэ хүсэл сэтгэлээрээ тэмүүлсэн хүүхдүүд ХБК-д сурах боломжгүй болчихсон байна л даа. Үүнээс болж маш олон гялалзсан авьяас алдагдаж байна. 

-Өвөр Монголын Залуучуудын морин хуурын чуулгыг мөн та удирддаг. Чуулгынхаа талаар яриач? 

-Ер нь  өвөрмонголчууд морин хуурыг маш их хүндэлж дээдэлдэг ард түмэн. Морин хуур тэдний хувьд маш том бахархал. Манайд бол морин хуураараа бахархах бахархал тийм ч хүчтэй мэдрэгддэггүй  шүү дээ. Юмаа алдчих вий гэх айдас бидэнд нэг их байдаггүй учраас үндэсний ухамсар нь өвөрмонголчуудынх шиг тийм хурц биш юм болов уу. Ганцхан морин хуур биш, монгол гэсэн юм бүхнээ маш их хүндэлж амьдардаг хүмүүс юм билээ. Хүнд байгаа асуудал гэдэг бол тэр хүний өмнө илүү боломж байна гэсэн үг. Асуудал байхгүй бол боломж байхгүй шүү дээ. Өвөрмонголчууд шиг монгол соёлоо хайрлах тийм хурц мэдрэмж хэрэв бидэнд байсан бол өнөөдөр арай өөр түвшинд хөгжчихсөн байх байж дээ гэж бодогддог. Монгол урлаг, улсын тусгаар тогтнол хоёроо манайхан нэг их үнэлэхгүй байгаа ч юм шиг. Энэ хоёр хоёулаа бидэнд байгаа учраас хурц мэдрэмж байхгүй байна л даа. Чуулгын тухайд ярихад, намайг анх очиход хамгийн том асуудал нь тэд олуулаа суугаад тоглодог туршлага байгаагүй. Ихэвчлэн ардын хөгжмийг дангаар нь толгож байсан учраас арван хоёр өргийн систем дээр нэгдэж тоглох, өнгө сонсож тоглох, хамтарч нэг зүйлийг илэрхийлэх туршлага байгаагүй. Тийм учраас миний сургалт тэдэнд шинэ зүйл байсан. Чуулга, оркестр гэж ийм байдаг юм гэдгийг анх удаа үзэж байгаа учраас их дуртай, сонирхож хүлээж авч байсан. Хөгжимчид өөрсдөө хөгжмөө хангалттай хүчтэй сонирхож чадахгүй бол хол явахгүй шүү дээ. Энэ сонирхол нь удирдаачаас шалтгаалдаг.

-Залуучуудын морин хуурын чуулга нь таныг очиход дөнгөж байгуулагдаж байсан байх аа. Одоо урын сан нь ямар болсон бэ? 

-Хуучин эсвэл өмнөх үеийн зохиол гэж тэдэнд байхгүй. Алдарт морин хуурч Чибулагийн зохиосон хэдэн зохиол л байна. Өөр зохиол байгаагүй. Тийм болохоор шинээр төрөн гарч байгаа залуу хөгжмийн зохиолчдын зохиолыг тоглож байна. 

-Залуу хөгжмийн зохиолчид нь голдуу манайд сурч төгссөн хүмүүс байдаг юм шиг байна лээ. Морин хуурын концерт бий юу?

-Байхгүй. Заримдаа манайхаас З.Хангалын концертыг тоглодог юм. Энэ жил Америкийн Кентуккийн Их сургуулийн оркестртой тоглоод ирсэн. Кентукки мужид гурван бахархал байдаг гэнэ. Дэлхийн морин спортын төв, америк хөлбөмбөгийн алдартай баг, залуучуудын оркестр гурваараа бахархдаг юм байна. Америк даяар байгаа залуучуудын оркеструуд дотроо Кентуккийн их сургуулийн оркестр нь хамгийн их гадаадад аялан тоглолт хийдэг, маш сайн оркестр. Олон ч үндэстний хүүхдүүд сууж байгаа  оркестр. З.Хангалын Морин хуурын концертыг маш сайхан тоглосон. Гоцлон тоглогч маань Өвөр Монголын их сургуулийн багш Цацрангуй гэж хүн очсон. Манай СУИС-ийг төгссөн хүн. Оркестр нь маш сайн учраас хөгжмөө мэдэрч байгаа нь маш сайхан байлаа.  Хамтарч тоглож байгаа оркестр сайн байх юм бол солистдоо маш хүчтэй нөлөөдөг юм байна гэдгийг тэндээс олж харсан. Цацрангуй маш сайн тоглосон. Оркестроос нөлөөлж байгаа сэтгэлзүйн нөлөө нь маш хүчтэй байсан л даа. З.Хангалын концерт бол манай морин хуурт зориулсан концертууд дотроо шилдэг нь шүү дээ.  Ямар ч улс үндэстний хүн нэг сонсоод л маш хүчтэй хүлээж авдаг тийм сайн зохиол. 

-Та түр ирсэн үү, бүр ирэв үү?

-Бүр ирлээ. Би хүүхдүүдээ тэнд сургах дургүй байна. Сургалтын систем нь сайнгүй учраас хүүхдүүдээ бодоод ирсэн. 

-Одоо хаана ажиллах гэж байгаа вэ. Филармонидоо очих уу?

-Хаана ажиллахаа шийдээгүй л байна. Шийдэхэд хэцүү байна. Одоо манайд удирдаач маш хэрэгтэй байгаа. Нэг хүнд оногдож байгаа ачаалал нь маш их. Ирж ажиллаач гэсэн газрууд байгаа ч  ямар хариуцлагыг өөр дээрээ авах вэ гэдгийг шийдэх амаргүй. Гэхдээ боловсролын байгууллагад ажиллана гэсэн бодолтой. Тэгэх нь одоогийн манай нөхцөл байдалд илүү хэрэгтэй байх. 

-Өвөр Монголын их сургуульд цалин хангамж нь ямар байв?

-Эндэхээс арав дахин их цалин хангамжтай. Гэхдээ хүнд мөнгөнөөс илүү үнэтэй зүйл  олон бий шүү дээ. Би сая ирчихээд Дуурийн театрын нэг гоцлол дуучинтай уулзлаа. Театрт арван хэдэн жил хамаг том дүрүүдийг нь бүтээсэн залуу л даа. Ярилцаад сууж байхад манай  хөгжмийн урлагт зүтгэж байгаа хүмүүсийн сэтгэл зүй ямар байгаа нь тэр залуугаас харагдаж байгаа байхгүй юу. Залуу нас, бүх юмаа энэ театрт зориулсан. Одоо тэр залуу хүн биш болчихсон байна. Хятадад нэг юм би ажиглалаа. Ямар улсаас хүмүүс Хятадад очиж ажиллаж байна гэж. Украин, Монгол хоёроос л очиж ажиллаж байна. Украин яг манайхтай адил урлагийн бүх хүмүүсээ гадагшаа алдаж байна. Одоо Украин яаж байна. Бид нар бас Украины араас орж болзошгүй гэж бас харж болно шүү дээ. Манайхаас Хятадад очсон хөгжимчид олон байна. Голдуу ардын хөгжмийнхөн. Залуу хүмүүс хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж манайд байхгүй болохоор тэднийг буруутгах аргагүй.

-Манайд удирдаач цөөн гэдгийг та ч сая хэллээ. Гэсэн хэрнээ боловсролын салбарт ажиллахаар төлөвлөсөн тань юуных вэ. Удирдаачийнхаа хувьд та хүсэл мөрөөдлөө орхичихсон уу?    

-Нэг зүйл хэлье. Венесуэль улс эдийн засгийн хувьд муу, манайхаас ядуу амьдардаг. Гэтэл тэнд дэлхийн хамгийн том оркестр байна. “El sistema” гэж хөгжмийн маш том сургууль. Залуучуудын, хүүхдийн гэсэн хоёр том оркестртой. Тэр оркестрыг улс нь байгуулаагүй. Доороосоо л хийсэн байдаг. Хоёрхон хүний хүсэл мөрөөдлөөр бий болсон оркестр л доо. Хөгжмийн нийгмийн үүрэг хичнээн их билээ гэдгийг хүмүүст тэр хоёр ойлгуулж чадсан байна л даа. “El sistema” сургууль өөрийн салбараа гадаадад олноор нээж байна. Америкт гэхэд арав гаруй салбар нээсэн. Венесуэльдээ далан хэдэн онд байгуулагдсан.  Би эдний Шинэ Зеланд дахь салбарт нь очиж танилцахаар явах гэж байна. Венесуэльдээ энэ сургуульд гурван зуу гаруй мянган хүүхэд сурч байна. Хөгжмийн ганцаарчилсан биш оркестрын сургууль юм. Гол зорилго нь хөгжим сургах биш. Анх байгуулагдахдаа л хөгжмөөр дамжуулж нийгмээ өөрчлөх өөрчлөлтийн төлөө байгуулагдсан гэдэг юм билээ. Венесуэлийн нийгмийн хар тамхи, гэмт хэрэг, хаягдсан хүүхдүүдийн нийгмийн байдлыг өөрчлөх зорилгоор байгуулагдсан байдаг. Одоо энэ улс залуучуудын оркестроороо л бахархаж байна. Саяхан дэлхийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй фестиваль болох Зальцбургийн фестивальд эдний хүүхдүүдийн тоглолтыг хараад бараг уйлмаар санагдаж байсан. Одоо мэргэжилтнүүд энэ оркестрыг дэлхийн хөгжмийн түүхэнд гарсан гайхамшиг гэж нэрлэж байна. Өнгөрсөн 2010 онд Эммигийн шагналыг Дудамель гэдэг удирдаач авч байсан. Энэ удирдаач “Эл система” сургуулиас төрж гарсан хүн.  Венесуэлийн Залуучуудын оркестртой дэлхийн хамгийн сайн удирдаач нар очиж хамтарч ажиллаж байна. Нэр хүндээрээ Берлиний филармонийн түвшинд зэрэгцэж очоод байна шүү дээ. Берлиний филармонийн удирдаач Саймон Ратл сая Зальцбургийн фестивальд эдний хүүхдийн оркестрыг дохисон.  Эндээс харахад урлагийн хөгжил нь улс орны нийгмийн байдал, эдийн засгийн хөгжлөөс тийм ч их хамаардаггүй нь харагдсан. 

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар зэс гаргахыг завдав

 “Петро чайна дайчин тамсаг” компанийн “Норд бенз” маркийн ачааны автомашинд 240 кг зэс нууж хилээр давуулахыг завджээ. Уг хэргийг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн байна. Дээрх аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан тус компанийн түүхий тос тээвэрлэдэг авто машинуудад гэнэтийн шалгалт хийх үеэр дээрх хэрэг илэрчээ. Хэргийг одоо аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.