Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газар, Вива сити хороолол, М-Си-Эс Проперти, Грийн катеринг компаниуд хамтран маргааш, нөгөөдөр буюу наймдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд “UB Food Festival-2014” арга хэмжээг “Вива Сити” хороололд хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдах гэж байна.
Дэлхийн томоохон хотуудын иргэдийн хүсэн хүлээдэг фестивалиудын тоонд хоолны фестивалууд ордог ба гэр бүл, найз нөхөд, хамт олонд зориулагдсан, Улаанбаатар хотын шилдэг ресторан кафенууд, нарийн боов, шингэн хүнс үйлдвэрлэгчид, болон дистрибюторуудыг сурталчлах таниулах зорилготой юм.
Уг фестивальд орон орны амтат хоолыг 1000-3000 төгрөгийн үнэтэйгээр амталж, ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бартендер шоу, хөгжөөнт тэмцээнүүд болох ба онцлох үзүүлбэр нь 5х1 метр хэмжээтэй “Найрсаг Улаанбаатар” бялууг хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулах юм байна.