Categories
мэдээ нийгэм

Солонгос иргэнд газар өмчлүүлсэн үү

НИТХ-ын 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэж, иргэд эхний ээлжинд зарлагдсан таван байршилд газар өмчлөх бүртгэлийн ажлыг энэ сарын 1-ний 12.00 цагт цахим хэлбэрээр эхлүүлж НИТХТ-ийн 2014 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбрээр зохион байгуулах журам”-д заасны дагуу 2014 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 12.00 минутанд дуусгавар болгосон. Нийт 281’440 иргэн цахимаар бүртгүүлснээс 14’954 иргэнийг цахим систем автомат үйлдлээр тодрууллаа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 96028 иргэн бүртгүүлж, 4’169 иргэн сонгогдож газар өмчлөх эрхтэй боллоо. СХД-ийн соёндын аманд сонгогдсон иргэдийн өргөдлийг ажлын өдрүүдэд тус дүүргийн 62-р сургууль дээр ажлын өдрүүдэд хүлээж авах гэнэ. Харин уг дүүрэгт олгосон газарт Гён Шиг овогтой Мин Гёнд ямар учраас газар олгосныг иргэд асууж байна.

Categories
мэдээ нийгэм

Баруун Африкийн орнуудад зорчихгүй байхыг анхааруулав

Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад “Эбола” цусархаг халууралт халдварт өвчин дэгдсэн. Тэгвэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас дээрх  орнууд руу зорчихгүй байхыг анхаарууллаа.
Өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох  Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс руу Монголын 12 иргэн зорчсон ч эх орондоо эргэн ирсэн юм байна. Тэднийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ уг өвчнөөр халдварласан эсэх талаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг  үргэлжлүүлэн хянаж байгаа аж.
Мөн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаанаар хязгаарлах газруудын хуваарийг танилцуулж байна

Наймдугаар сарын 17-ны Ням гарагт цахилгаан эрчим хүчээр түр тасалж, засвар хийх газрууд:
Багахангай дүүрэг
10.30-18.00 цагт: Дүүргийн хэрэглэгчид
Төв аймаг
09:00-20:00 цагт: Баянцагаан, Баян, Баянжаргалан сумын Төмрийн үйлдвэрүүд
09:30-17:00 цагт: Баян, Баянцагаан Баянжаргалан сумын бүх хэрэглэгчид, Жоншны уурхай, Ноён Гарри, Рео Геологи Гучин-Ус, Хүдрийн уурхай орчмоор
10:00-18:00 цагт: Зуунмод сум Их шавийн ДС, Манзушир, Овооны энгэр ХХК-иуд, Мод үржүүлэг
10.30-18.00 Баян сумын хэрэглэгчид, Хорих анги, 14-р зөрлөг, Бамбар, Монгол-Чех зэрэг газруудыг цахилгаан, эрчим хүчээр түр хязгаарлах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Цахилгааны үнийг 5 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

Цахилгааны үнийг нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуйн нэгж болон айл өрхүүдэд нийлүүлэх цахилгааны үнийг 1кВт тутмыг нь таван төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ. Цахилгааны үнийн нэмэгдлийг энэ сарын 10-наас эхлэн тооцох юм байна. Айл өрхийн цахилгааны төлбөр хэрэглээнээс нь хамаарах бөгөөд сард 150 кВт-аас бага цахилгаан хэрэглэвэл кВт нь 74 төгрөг, үүнээс өндөр гарвал 101.6 төгрөгөөр тооцох аж.

Categories
мэдээ нийгэм

Анхаараарай!!! Фэйсбүүк Мессенжер таны мэдээллийг цааш нь дамжуулдаг

Дэлхийн долоон тэрбум хүний нэг тэрбум гаруй нь ухаалаг гар утсандаа татаж авч ашигладаг Фэйсбүүк Мессенжер зэрэг эппликейшн нь таны бодож байгаагаас илүүтэйгээр хувийн мэдээллийг тань хуулж авч цаад эх үүсвэр рүүгээ дамжуулдаг байна. Бусад ухаалаг утасны эппликейшний адил дээрх мессенжер программ нь ч гэсэн татаж авахаас өмнө тодорхой нөхцлийг зөвшөөрөхийг шаарддаг юм. Гэтэл хүмүүсийн ихэнх нь эл нөхцөл болзлыг уншиж танилцалгүй шууд “Хүлээн зөвшөөрөв” гэсэн товчийг дардаг нь алдаа юм. Хэрэв та анзааргатай байхгүй л бол өөрийнхөө хувийн бүх мэдээллийг ногоон гэрлээр бусдад задаллаа л гэсэн үг аж.

Ингээд Фэйсбүүк Мессенжерийн хэрэглэгчийн нөхцлийн зарим булхайтай заалтаас танилцуулая:
— Фэйсбүүк Мессенжер нь сүлжээний холболтыг өөрчилж болно.
— Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гар утасны дугаар руу дуудлага хийж, зурвас илгээж болно.
— Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр утасны чихэвчээр дамжуулан дурын цагт аудио бичлэг хийж болно.
— Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр гар утасны камерийг ашиглан дурын үед зураг дарж, бичлэг хийж болно.
— Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн хийсэн бүхий л дуудлагыг бүртгэж, бичлэг хийж болно.


— Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн гар утасны дугаарын бүртгэлд нэвтэрч дурын үед болон давтамжит хугацаанд сонгосон дугаарууд руу дуудлага хийж болно.
— Фэйсбүүк Мессенжер нь хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авч гурав дахь этгээдэд дамжуулж болно.
— Фэйсбүүк Мессенжер нь утасны тодорхой хэсгүүдэд нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авч хэрэглэгчийн гар утсыг бүртгэхээс гадна дуудлага хийх үед бичлэг хийж болно.
— Фэйсбүүк Мессенжер нь таны гар утсан дахь дансны мэдээллэр дамжуулан бүхий л эппликейшнд нэвтэрч болно.


Энэ нь товчхондоо бол таны бүхий л мэдээллийг Фэйсбүүкийн серверт бүртгэн авч боловсруулахаас гадна гурав дахь этгээдэд шилжүүлэх эрх нь мессенжер эппликейшнийг суулгаснаас хойш нээлттэй болно гэсэн үг юм. Хэрэв энэ эрсдлээс өөрийгөө хамгаалъя гэж бодож байгаа бол эл программыг татаж авахгүй байхад л хангалттай аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажиа гэгээн

Ажиа гэгээний санаачилгаар босгосон хүүхдийн эмнэлэг энэ сарын 28-нд нээлтээ хийнэ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр удахгүй нээлтээ хийх  шинэхэн хүүхдийн эмнэлгээ бахдалтайгаар танилцуулж билээ.   Ажиа гэгээний санаачилгаар гадаадад амьдарч байгаа монголчуудын чин сэтгэл хандиваар босч байгаа уг эмнэлгийн шил хаалга, цонх хүртэл өнөөгийн эмнэлгүүдийнхээс огт өөр байлаа. Шалны хулдаас нь хүртэл дуу чимээ  багасгадаг шидтэй байсан гээч. Хүүхдийн эмнэлэг төрөх газар, цэцэрлэг сургууль дутагдсан өнөө үед Ажиа гэгээн чухам л цагаа олж, хүүхдийн эмнэлэг босгохоор шийдэж, олон түмнийг хүмүүнлэгийн үйлст оройлон дуудсан юм. Түүнээс өөр хэн нэгэн бүхэл бүтэн эмнэлгийг ингэж хурдан босгож чадаа ч уу үгүй ч үү. Дэлхийн түвшинд хүрсэн хүүхдийн эмнэлгийн барилга Ажиа гэгээний буянаар ийнхүү сүндэрлэж байна. Хүүхдийн эмнэлэг босгох мөнгийг хандивлагчдын олонх нь гадаадад байгаа монголчууд байсан. Вашингтонд хандивын арга хэмжээ зохион байгуулах үеэр Ажиа гэгээний сэтгэлийг  хөдөлгөсөн нэгэн үйл явдал болсон аж. Долоон настай хүү мөнгөний гахайтай зоосны цуглуулгаа хандивлажээ.  “Миний мөнгийг эмнэлэг барихад явуулаарай” гэж жаалхүү захисан гэнэ. Тэр нь 47 доллар байж. Өөр нэг онцлох хандив нь шинэ хүүхдийн  эмнэлгийг цаашид авч явах Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төвийнхний хандив билээ. Тус эмнэлгийн 1000 гаруй ажилтан нэг өдрийн цалингаа хандивласан нь  18 сая  шахам төгрөг болж, хүүхдийн эмнэлгийн ажилд ихээхэн нэмэр болсон нь лавтай. Ажиа гэгээн 1998 онд  өөрийн нутаг Хөх нуураас улс төрийн асуудлаар дүрвэж Америкт ирсэн гэдэг.  “Тэгж зугтаж гарахдаа хоёр ачаанаас өөр юу ч аваагүй. Бид тавуулаа явсан. “Намайг барьчихвал яана, Хятадын Засгийн газар мэдчихвэл яах билээ” гэж санд мэнд л явсан даа. Америкт 15 дахь жилдээ амьдарч байна. Лам хүн болохоор элдэв ажил хийгээгүй ээ. Сүмдээ суугаад, ирсэн хүмүүст ном уншиж өгч, хурааж хуримтлуулсан мөнгөө буян хийхэд зориулж буй” гэж Ажиа гэгээн ярьжээ.   

Ажиа гэгээн  Хөх нуурын монгол. Эхээс 11-үүлээ. 1950 онд төрсөн хүн. “Хоёр настай байхад нь хүүг Гүмбүм хийдийн лам нар Ажиа гэгээний наймдугаар  дүрээр залсан гэдэг. Ажиа гэдэг нэрийн тухайд ийм.  “Манай баруун монголчууд аавыгаа ажиа гэдэг шүү дээ. Аав гэсэн утгатай нэр. Зонхов богдын аавын хойд дүр гэсэн үг” хэмээн гэгээнтэн өөрөө тайлбарлажээ.  Гэгээнээр тодруулсны дараа Гүмбүм хийдэд шавилж суужээ. “Аав ээж, ах дүү нар маань ч хамт явсан. Хоёр ч ах минь хийдэд сууж байлаа. Тэгээд 1958 он хүртэл ном бичиг сурсан. 1958 онд Монголд 1937 оны хэлмэгдүүлэлт болсонтой адил үйл явдал тэнд болоод сүм хийдийг хааж, лам хуврагуудыг барьж шоронд хийсэн. Миний багшийг, аавыг минь хүртэл шоронд хорьсон. Аав маань шоронд өөд болсон. Би хийдэд шавилж, лам хувцас өмсөх эрхгүй болж, Хятадын дунд сургуульд орж, улаан бүч зүүгээд, орос хэв маягаар хувцаслаж, орос хэл заалгаж байлаа” хэмээн хуучилжээ. 

1966 онд Соёлын хувьсгал эхэлж хэцүүхэн өдрүүд нүүрлэжээ. “Сүм хийдийг нурааж, бурхны номыг шатаасан. Лам нар алга болж, би 10 гаруй жил тариа тарьж амьдарсан. Багш нар маань тэр үед надад бурхны ном нууцаар зааж байлаа. Ном үзэж байна гэж мэдвэл шоронд хийнэ шүү дээ. Тэгж байгаад 1980 оноос Хятадад улс төрийн нөхцөл байдал бага зэрэг зөөлөрч, бурхан шашин сүм хийдийг дахин сэргээж эхэлсэн. Тэр үед бурхны шашны нэг холбоонд намайг даргаар томилдог юм. Засгийн газраас нь тавьдаг байлаа. Хэдэн жил тэнд суугаад, 1990 оноос Гүмбүм хийдийг дахиад сэргээж, долоон жил тэнд хамба лам байсан. Төвд, Монголд тэргүүн лам гурав л байдаг шүү дээ. Монголд Өндөр гэгээн, Төвдөд Далай богд, Банчин богд бий. Нэг нь таалал болчихвол нөгөөх нь хариуцан хойд дүрийг нь тодруулдаг ёстой. Тэгтэл Банчин богд 1989 онд гэнэт таалал болж, Далай богд хойд дүрийг залах гэж байтал Тянь Аньминд оюутны өнөөх айхтар бослого жагсаал болсон. Тэгээд Хятадад байдал хурцдаж, олон дарга нарыг хальж сольж, шоронд заримыг нь хорьсон. 

Банчин богдын хойд дүр тодруулах асуудлыг Далай богдтой холбоотой байж болохгүй гээд бүр хорьчихлоо. Тэр үед Банчин богдын хойд дүр хоёр болсон. Нэгийг нь Хятадын Засгийн газраас, нөгөөг нь Далай богдоос тэмдэглэсэн. Далай богдын тодруулсан хүнийг мэдээж олон нийт шүтнэ шүү дээ. Хятадын Засгийн газраас Далай богдын тэмдэглэсэн хүнийг ээж, аавтай нь сураггүй алга болгосон доо. Тэгээд намайг Банчин богдоор тодруулсан тэр хүүхдийн багш бол гэж тулгасан. Би багш болохгүй гээд нутгаасаа зугтаж, Америкт ирсэн учир ийм” хэмээн Ажиа гэгээн хэвлэлд ярьжээ. Түүний туулсан хэцүү бэрх амьдралын түүхийг өгүүлсэн “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” ном монгол хэлээр хэвлэгдэн гарсан буй. Ээж нь бие шалтгаантай болсныхоо дараа зөнтэй зүүд зүүдэлснээ хэнд ч хэлэлгүй хав дарж, хожим хүүдээ ярьсан гэнэ. Зүүдэнд нь зуны дэлгэр цагт гэр бүлээрээ байж. Аадар борооны үүл хуралдаж, тэнгэр харанхуйлав гэнэ. Цахилгаан цахиж, тэнгэр их дуугаар нүргэлэн дуугарахад  түүний өмнө тэнгэрийн луу үзэгдэж, хар дарсан зүүднээс сэрээжээ. Тэгэхэд бие давхар эмэгтэй “Надад маш чухал хүн заяах нь” гэж зүүдээ өөрөө тайлжээ.  Хойд дүрийг тодруулах эрлийнхэн манай үүдийг татахад тэр зүүднээс үүссэн баяр баясгалан дахин надад төрсөн” гэж ижий нь хэлсэн юм байж.     

Б.Эгшиглэн  

Categories
мэдээ нийгэм

Цахим түүврийн аргаар 14954 иргэн шалгарчээ

Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Тэгвэл цахим бүртгэлийн эцсийн хугацаа баасан гариг буюу наймдугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагт дуусч,  бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулсан байна.

Цахим бүртгэлд нийт 281440 иргэн бүртгүүлснээс цахим түүврийн аргаар 14954 иргэн газраа өмчиллээ. Тодруулбал,

  •     Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 28000 иргэн бүртгүүлж, 909 иргэн газартай болов.
  •     Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 90155 иргэн бүртгүүлж, 4169 иргэн газартай болов.
  •     Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 63976 иргэн бүртгүүлж, 869 иргэн газартай болов.
  •     Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг – 16072 иргэн бүртгүүлж, 7504 иргэн газартай болов.
  •     Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 7993 иргэн бүртгүүлж, 1484 иргэн  газартай боллоо.

Газар өмчлөх эрхтэй болсон иргэд энэ сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор харьяа дүүргийн холбогдох газарт материалаа бүрдүүлж өгөх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

“Дүнжингарав” худалдааны төвд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болж байна

Хичээлийн шинэ жилд зориул­сан үзэсгэлэн худалдаа хэд хэдэн газарт үргэлжилж байна. Монголдоо томд тоо­цог­дох “Дүнжингарав” худал­дааны төвд бичиг хэргийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нээгджээ. Тус төвийг зорилоо. 

Үдийн алдад худалдан авагчид ихтэй байлаа. Гэр ахуйн бараа, цахилгаан барааны тасгаар ганц нэг эзэгтэй будаа агшаагч зэргийг сонирхож харагдсан бол бичиг хэргийн тасаг үйлчлүүлэгч ихтэй байв. Ихэвчлэн ээжүүд хүүхдүүдээ дагуулж яваа харагдав. 

Хичээлийн хэрэглэлийн хувьд өргөн сонголттой байна. Гуравдугаар ангийн хүүгээ дагуулж яваа М.Туул аль болох чанартай, удаан хэрэглэх үзэгний сав, баллуур, цавуу зэрэг хичээлийн дагалдах хэрэгсэл авч өгөхийг хүсч байгаагаа ярив. Харин хүү нь дэвтэр, бал, баллууран дээрх зургийг харж сонголтоо хийлээ. Ээж хүү хоёр “Улаанбаатар принт” үйлдвэрийн 24 хуудастай дэвтрээс 20 ширхэг, хоёр зургийн дэвтэр, баллуур, үзгэн бал, балны запас нэг хайрцаг, цавуу, 12 өнгийн харандаа худалдаж авлаа. Ойролцоогоор 20 мянга орчим төгрөг болов. Ингээд бүсгүй хүүдээ хар ботинк худалдаж авахаар гутлын тасаг руу явав. Үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй дэвтэр хуудаснаасаа хамаарч дунджаар 150-1200 төгрөгийн үнэтэй байна. Харин зургийн дэвтэр хуудаснаасаа хамаарч 800-4500 төгрөг бол А4-ийн дэвтэр хуудаснаасаа хамаарч 1200-2000 төгрөгөөр зарагдаж байна. Польш дэвтэр Монголд үйлд­вэрлэсэн дэвтрээс хуу­дас хамаарахгүйгээр 200 төг­рөгөөр илүү үнэтэй юм байна. Нэг ялгаа нь гэвэл “Улаанбаатар принт”-ийн дэвтрүүд сурагчдад мэдлэг олгох мэдээлэлтэйгээрээ ялгарч байна лээ. Тухайлбал, бага ангийн сурагчдын дэвтрийн ард “Найз гэж хэнийг хэлэх вэ” зэрэг харилцаа холбоо, орчин тойрны үзэгдэл юмсыг таниулах мэдээллийг оруулсан бол ахлах ангийн сурагчдад зориулсан дэвтрийн ард дэлхийн гайхамшигт хотууд, спорт, байгаль зэрэг танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүд их оржээ. Балны хувьд үнэ нь янз бүр байна. Тосон бал 100-300 төгрөг бол үзгэн бал 600 төгрөг. Үзгэн балны запас ширхэг нь 100 төгрөг.

Бас дэвтэр дээрээ бичээд арилгадаг үзгэн бал 2000 төгрөг гэсэн. Хичээлд хэрэглэгддэг дагалдах хэрэгслүүд болох баримлын шавар, усан будаг, олон өнгийн харандаа 1500-4500 төгрөгийн үнэтэй байна. Гортиг 500-6000 төгрөгөөр зарагдаж байв. Гэхдээ “Maped” фермийн хичээлийн хэрэглэл 500-2000 төгрөгийн үнэтэй аж. Үзэсгэлэнд оролцож буй наймаачдын хувьд бараагаа Эрээнээс татахаас гадна ихэвчлэн Бээжин, Гуанжоугаас авчирсан гэсэн.

Ингээд дараагийн лангуу руу очлоо. Энэ бол цүнхний төрөлжсөн лангуу. Худалдагч бүсгүйн ярьж буйгаар өнөө жилийн нэгдүгээр ангийн сурагчид ямар ч зураггүй цүнх их авч байгаа гэнэ. Эцэг, эхчүүд ч хүүхдээ зураггүй энгийн өнгөтэй цүнх авахыг санал болгож байгаа бололтой. Худалдагчтай ярих зуур тавдугаар ангийн охин ээжтэйгээ хөтлөлцөн цүнх авахаар хүрч ирлээ. Тэрээр ганц хадаасан чимэглэлтэй үүргэвч авах гэнэ. Харин ээж нь барбитай ягаан цүнх заасан боловч “Би одоо бага ангийн хүүхэд биш. Ээжээ манай найзууд энэ жил бүгд хадаастай цүнхээр хосолно гэж ярьсан” гэв. Ээж нь худалдагч руу харж инээмсэглээд “Одоо ч хүүхдүүд сонголтоо өөрсдөө хийнэ гэдэг болж дээ. Би мөнгийг нь төлөх л үүрэгтэй болох шив дээ” гэв. Охины сонгосон цүнх 30 мянган төгрөг юм байна. Бага ангийн хүүхдүүдэд зориулсан үлгэрийн баатартай цүнх гялгар, ус нэвтрэхгүй зэрэг материалаасаа хамаарч 20-35 мянган төгрөг. Харин ахлах ангийнханд зориулсан даавуун материалтай, гялтгар чимэглэлтэй цүнхнүүд 25-45 мянган төгрөг аж. Энэ лангуунд дандаа үүргэвч харагдсан. Учир нь энэ жил нэг талдаа үүрдэг мөртэй цүнх бараг зарагдахгүй байгаа гэсэн. Эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн хувьд мөр унжуу, бөгтөр болно гээд авахаа байжээ. Эрэгтэй цүнхний хувьд мөн л өргөн сонголттой аж. Үнийн хувьд охидын цүнхтэй адил гэнэ. Харин пүүзний уут даавуу 2000 төгрөг, ус бороо нэвтрэхгүй материалтай нь 10000 төгрөг гэсэн. Ингээд хувцасны тасгийг зорив. Үзэсгэлэн худалдаанд зориулсан сурагчдын дүрэмт хувцас одоохондоо гараагүй байв. Уг нь нэгдсэн журмаар нэг газар зарагдах юм гэнэ. Ямартай ч зарын самбар дээр байсан 75755353 гэсэн утсыг эцэг, эхчүүд их тэмдэглэж авч харагдав. Үнэ ханшийг нь судлах гэж байгаа бололтой. Тиймээс тус худалдааны төвийн хувцасны лангуугаар явж цагаан цамц, костюмны өмд сонирхов. Бээжингээс авчирсан гэх эрэгтэй, эмэгтэй цагаан цамц 10-15 мянган төгрөг бол костюмны хар өмд 20 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Цамцны дотуур өмсөх цагаан майк 5-10 мянган төгрөг аж. Харин эрэгтэй хар ботинк 28 мянган төгрөгөөс дээш үнэтэй байв. Тэгвэл эмэгтэй ботинк 25 төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байна. Биеийн тамирын хослолын хувьд насны ангиллаас хамаарч мөн л үнийн хувьд зөрүүтэй. Дунджаар 25-70 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ер нь эцэг, эхчүүд дундаж үнээр нэг хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдэхэд 150 мянган төгрөг шаардлагатай аж. 

Энэ нь сурагчийн дүрэмт хувцас оролгүйгээр гарч буй тооцоо юм. Хэрвээ арай чанартай бараа сонговол үүнээс илүү өртөг гарах болно гэсэн үг.  

Дэвтэр

“Ulaanbaatar print”   

12 хуудас-150 төг

24 хуудас-300 төг

36 хуудас-400 төг

48 хуудас-500 төг

60 хуудас-650 төг

96 хуудас-1000 төг

“Польш”

32 хуудас-550 төг

48 хуудас-750 төг

60 хуудас-850 төг

96 хуудас-1150 төг

Дагалдах хэрэгсэл

Үзгэн бал-600 төг

Тосон бал-100-300 төг

Олон өнгийн бал-1000-1500 төг

12 өнгийн харандаа -2000-2500 төг

Гортик-2500-6000 төг

Баллуур-500-1000 төг

Үзүүрлэгч-400-1200 төг

Хайч -1000-2000 төг

Усан будаг-2500-3000 төг

Цавуу-600-1500 төг

Шугам-800-3500 төг

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хужиртын “гүнзгий” ангийнхан

 “Нэг ангийнхан” булангийн энэ удаагийн дугаарт Хужиртын “Гүнзгийгийнхэн” уригдлаа. Өвөрхангай аймгийн Хужирт сумын арван жилийн сургуулийг 1991 онд Л.Дашням багштай төгссөн тус ангийг багш нар болон үе тэнгийнхэн нь “гүнзгийгийнхэн” гэж нэрлэдэг, дууддаг байсан учраас энэ удаа ч гэсэн “Гүнзгийгийнхэн” хэмээн нэрлэлээ. Тэдний төгсдөг жил тус сургуулийг Д.Баяндуулдах багштай 10а, Д.Санжаа багштай 10б, Л.Дашням багштай 10в, Г.Адъяадолгор багштай 10г гэсэн дөрвөн ангийн 100-аад сурагч төгсч байж.  

1989 онд сургалтын чанарыг сайжруулах тухай шинэ төлөвлөгөө гарч, ойр орчмын сумдаас бүсийн математикийн олимпиадуудад нэг, хоёрдугаар байрт орсон сурагчдыг нэгтгэн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээхээр болжээ. Ингэж Хужирт, Хархорин, Баян-Өндөр, Зүйл, Өлзийт сумдаас шилэгдсэн 22 хүүхдээс бүрдсэн Л.Дашням багштай 8в анги байсан гэдэг. Ангийн багш Л.Дашнямын хувьд өдгөө ч төрөлх сургуульдаа багшлан, олон арван шавь нартаа математикийн хичээл заасаар байгаа гэсэн.

8в-гийнхан шилэгдэж нийлсэн анги болоод ч тэрүү 10в анги болж төгстөлөө зөвхөн математик гэлтгүй сургууль, сум, бүс, бүр аймгийн хэмжээнд зохиогдсон бүхий л уралдаан тэмцээнд үргэлж тэргүүн байрт явна. Эдний ангийн олонхи нь багш нарын хүүхдүүд гэдгээрээ мөн онцлогтой юм билээ. Энэ нь ч тэдний сурлагын чанар, амжилтад нөлөөлдөг байсан биз ээ. 

Математикийн хичээлийг нөгөө ангийнхнаасаа хавьгүй хүнд программаар гурван жил үзсэн учир төгсөх шалгалт болон их сургуульд элсэх конкурсын шалгалт болоход багш, сургууль, эцэг эхчүүд нь тэднээс их зүйл хүлээж байсан нь мэдээж. Тухайн үед улс орон даяар ардчиллын хөдөлгөөн өрнөж, хаа хаанаа л эмх замбараагүй байхтай зэрэгцэн эдний ангийнхан ч бүгдээрээ их сургуулийн оюутнууд болж чадсан байна. 

Өдгөө тус ангиас их эмч хоёр, багш дөрөв, инженер тав, санхүүч найм зэрэг улс, нийгмийнхээ тэргүүлэх мэргэжилтэй боловсон хүчин болж амжжээ. Тухайлбал, Г.Амарбаясгалан тухайн үеийн АУИС-ийг төгсч их эмч мэргэжил эзэмшин, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн ажил эрхэлжээ. Гэхдээ өдгөө тэрээр Норвеги Улсад Монгол, Норвегийн хамтарсан нэгэн эрүүл мэндийн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ лээ.

1991 оны хавар. Сургуулиа төгслөө

Сум, нэгдлийн дарга асан н.Дамдинпүрэвийн охин Тунгалаг тэр үеийн УБИС-ийг философич, түүхч, эрхзүйч мэргэжлээр төгсөн одоо ХААИС-д мэргэжлээрээ багшилж байна. Харин ангийн хөвгүүн Л.Лханаран ШУТИС-ийн холбооны инженерийн сургууль төгсч, Англи Улсад мөн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалжээ.

Тухайн үед ангийнхаа хичээлээс гадуурх бүхий л ажлыг зохион байгуулдаг өдгөө ч тэр “үүргээ” огт умартаагүй үргэлжлүүлж байгаа хүн бол ангийн эвлэлийн үүрийн дарга Ц.Лхагвадулам. Тэрээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн багш, татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн багш, “Монгол бизнес” дээд сургуульд багш зэрэг олон албыг нэгэн зэрэг хашдаг. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гэсэн “цол, хэргэмтэй” юм билээ. 

Энэ ангиас цэргийн нэг хүн төрсөн нь дэд хурандаа Б.Дорждэрэм. Тэрээр Батлан хамгаалахын их сургуулийг төгсч, сургуульдаа багш, тэнхимийн эрхлэгч хийж байгаад өдгөө Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн орлогч болжээ.   

Ангийн нөхөд нь “чимээгүй од” хэмээн нэрлэдэг хүн бол Б.Энхтайван. Тэрээр “Анандын зам” компанид ажилладаг ч үүрэгт ажлынхаа хажуугаар өөр олон зүйлийг хэдийнэ амжуулчихсан явдаг гэсэн. Хэзээний л дуу цөөтэй тэрээр өнгөрөгч долдугаар сард болсон ангийн уулзалтын үеэр сумынхаа шинэ зах, зочид буудал барьсан бригадыг ахалсан гэсэн сайхан мэдээг дуулгажээ. Үүнийг ч ангийнхан нь “Ёстой л манай чимээгүй од шүү” хэмээн инээлдэж хүлээн авчээ.

Ангийн багшаараа “чихдүүлж” ирсэн нь

10в-гийнхэн наймдугаар ангийн намраас эхлэн намрын ажилд явж эхэлжээ. Сумын төвөөс баруун тийш байх Жамбалын тариалангийн талбайд намар бүр ажиллана. Хэдийгээр 22 хүүхэдтэй ч гэсэн 30 хүүхэдтэй ангиас хийсэн ажлаараа тэргүүлээд л гараад ирдэг гэж байгаа. Хариуцуулсан ажлыг эцэст нь тултал, эсвэл бүр илүү гартал хийх ажлыг хөвгүүд нь ахална. Тэд “22-уулахнаа ч гэсэн 30-ын дор орохгүй шүү. Тэр, тэр үүнийг хий. Хэрэв чадахгүй бол тэрнийг дуудаад туслуулаарай. Бүр болохгүй бол бүгдээрээ хамтраад хийчихье” л гэнэ. Ингэж зохион байгуулснаар ч зарласан уралдаан бүрт тэргүүлнэ. 

Намрын ажил зөвхөн уралдаан тэмцээн төдийгүй гэгээн сайхан дурсамж, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн өнгөрдөг байжээ. 1990 оны намар намрын ажил дээр ажиллаж байхдаа ангийн охин Д.Цолмонгарав бухлынхаа хажууд ухаан алдчихсан хэвтэж байна гэнэ. Ангийн хөвгүүд тусламж энэ тэр дуудах болж нааш цааш сандралдан гүйлдэхэд ангийн охид нь харин хэзээний гашуудаж байгаа мэт уйлан зогсож байна гэнэ. Энэ үед ангийн багш болон хариуцан ажиллаж байгаа томчууд ч ирж, Д.Цолмонгаравыг өргөх гэтэл тэрээр инээсээр босоод иржээ. Ангийн хөвгүүд болон багш нарыгаа айлгасан энэ үйл явдал нь охидын зохион байгуулсан хөгжилтэй явдал байжээ. Гэхдээ охид нь хүмүүсийг “маш ихээр айлгасан” хэрэгт орж, тэр өдөртөө хэдэн бухал өвс илүү овоолох ажилд “томилогдсон” гэдэг. 

2014 оны долдугаар сар. 23 жилийн дараа уулзсан нь

Ангийнхан бие биенээрээ их тоглоно. Хариуд нь нөгөөдүүл нь тоглоом даана ч гэж жигтэйхэн. Гадаад төрх, нүүрний өнгө, хэлбэр хэмжээгээрээ бүгдээрээ нэр хочтой. Ямаа Нямзориг, вагон Энхбаатар, машин Ганболд, дэлдэн Дэрэм, Шоохой Бат-Эрдэнэ, шар шувууны үүр Лхагваа гээд л нэрлээд байвал үргэлжлээд л байна. Бүр машин Ганболдыгоо “Маяглаад байвал сэлбэгэнд өгнө шүү” гэж хүртэл хэлж үзнэ. Шар төрхтэй нэгнийгээ Орос явах болоход “Нутаг буцлаа юу” ч гэж хэлэх нь энүүхэнд.

Гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхныг “гүнзгийгийнхэн” гэж нэрлэдэг тухай дээр хэлсэн. Тэгсэн нэг өдөр ангийн хүү н.Дамбийнямын дүү нь ангийн хаалгаар шагайснаа “Гүнзгий, гүнзгий л гээд байсан үгүй л юм байна ш дээ” гээд хаачихсан удаа ч бий. Балчир дүү нь гүнзгийгийнхэн гээд байхаар ангийнх нь голд гүн нүх ухчихсан байх юм гэж бодож л дээ.

Ангийн олонхи нь буюу 13 нь эрэгтэй. Тэд завсарлагааны үеэр сав л хийвэл сургуулиас гарч тэвэг тоглоно эсвэл биеийн тамирын талбай дээрх труник руу гүйчихнэ. Харин буцахдаа Л.Дашням багшаараа чихдүүлчихсэн ирнэ дээ. Энэ мэтчилэн гэнэн бага насны хөгжөөнт үйл явдлууд арван жилийн сурагч насанд тун ч олон тохиолдоно. 

“Ном, дэвтрээ аваад яваарай”

Ангийн олонхи нь Хужиртынх ч гэлээ тэд энд, тэндээс ирсэн гэдгээрээ хэзээ ч ялгарч, эсвэл нэгнийгээ илүүд, дорд үзэж байгаагүй гэсэн. Ямартаа л төгсөөд 23 жилийн дараа буюу өнөө жилийн зун төрөлх сургууль байгуулагдсаны 90 жилийн ойгоор уулзахад 20-уулаа цуглаж байхав дээ. Гэхдээ тэд зөвхөн төгсөлтийн ой, сумын ойн үеэр уулзалддаггүй. Томоохон баяр, тэмдэглэлт өдрүүд тэр бүү хэл нэгнийхээ хүүхдийн үсний найрны үеэр ч уулзалдацгаадаг аж. Хамгийн гол нь ингэж уулзах бүртээ хүн бүр заавал нэг сайн сайхан, дэвжин дээшилсэн тухай мэдээтэй уулзахыг хичээдэг нь хамгийн бахархууштай гэж ангийнхныгаа төлөөлж ирсэн нөхөд нь ярьж байна лээ. 

Нэг ангийнхны гэр бүлийнхэн нь хэдийнэ энэ ангид уусчихжээ. Бүр хамгийн үлгэр жишээ бэр, хүргэнээ ч тодруулчихаж. Эдний ангийн үлгэр жишээ бэр нь н.Дамбийнямын эхнэр В.Март аж. В.Март Төв аймгийн хүн. Тэнд арван жилийн сургуулиа төгссөн ч Хужиртад төгссөн юм шиг л уулзалт бүрийг зохион байгуулдаг гэсэн. 

Дээр хэлсэнчлэн ангийнхан үргэлж холбоотой байж, тэмдэглэлт өдрүүдэд уулзалдацгаана. Харин удаа дараагийн уулзалтад ирэхгүй нэгэндээ шийтгэлтэй. Ингэхдээ ирээгүй нэгэн рүүгээ “Үнэхээр хүндэтгэх шалтгаангүйгээр уулзалтдаа ирэхгүй бол ном, дэвтрээ аваад ангиас яваарай” хэмээн бүгдээрээ мессэж биччихдэг гэж байгаа. Ийм мессэж 20 удаа ирвэл тун ч хэцүү байдалд орох тул хэн ч ээлжит уулзалтаас сугарч үлдэхгүйг хичээнэ.

Ийнхүү арван жилийн дурсамжаа хүүрнэсэн нэг ангийнхантай уулзсан билээ. Тэдний ажил, амьдралын цаашдын аялал олон олон адал явдал, амжилт бүтээлээр дүүрэн байх биз ээ.  

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Ардын намынхан МАХН-ыг намнахаар орон нутагт яваа юу

Засгийн газрыг толгойноос нь хөл хүртэл муу муухайгаар нь дуудаж, удахгүй “дүүжилнэ” хэмээн мэдэгдэж байсан Ардын намынхан хаана явна вэ. “Ард түмнийхээ өмнөөс ажиллаж чадахгүй байгаа Засгийн газрын ташуур болно” хэмээн ангалзаж явсан нөхдүүд бүгд таг чиг. Ардын намын байраар орлоо. Ардын намынхантай холбоотой хүмүүсийн үс ч алга. Фитнессээр хичээллэхээр ирж буй хэдэн хүн, үүдний харуулаас өөр хүн харагдсангүй. Ард түмнийхээ төлөө ясаа цайтал үзнэ гэсэн уулгамч нөхөд ойрын хэдэн сардаа үзэгдээгүй тухай харуул нь хэлж байв. Засгийн газраас “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд “Бид “ЭЗЭН” биш “АРД” хэмээн Засгийн газрын хөтөлбөрийг хянах үүднээс “АРД 100” аяныг хэрэгжүүлж эхэлсэн” гэдгээ УИХ дахь МАН-ын дэд дарга Н.Номтойбаяр чуулганы танхимд зарлаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ханатлаа л өөрсдийгөө рекламдсан. Засгийн газраа хянаж буй “АРД 100”-гийнхан хаачив. Амлалтыг нэхнэ, ажлыг хийлгэнэ гэсэн тус намынхан хаврын чуулган завсарласнаас хойш сураг алдарчээ. Аргаа барсан зарим нэг нь “Хаана яваа юм бол. Утас нь ч холбогдохгүй юм” хэмээн шогшрох аж. Ардын намынхан Тусгаар тогтнолынхоо ордонд байдаггүй юм бол ядаж гишүүд нь Төрийн ордондоо байгаа байлгүй гэтэл бас л алга. Ямартай ч бүлгийн дарга С.Бямбацогт АНУ-д очиж журмын нөхөр Г.Занданшатараа эргээд ирсэн нь тодорхой болсон. Тэгвэл Ардын намын ганц нэг гишүүд нь “Орон нутагт ард түмнийхээ амьдрал ахуйтай танилцаж явна. Үнэхээр хүнд байна” гэхчилэн цөөн үг хэлэхээс хэтэрсэнгүй. 

Ж.Мөнхбат генсекээрээ толгойлуулсан Ардын намынхан орон нутагт МАХН-ын гишүүд, дэмжигчдийг намнахаар, намдаа эргэн элсүүлэх кампанит ажил өрнүүлж байгаа бололтой. “Танай нам улс төрийн тавцнаас арчигдана. Амьтай голтой дээрээ Ардын намаа бараадаа хө. Тэртэй тэргүй МАХН Засгаас гарч бид хамтарч Засгийн эрх барина” ухааны юм ярьж яваа гэнэ. Энэ парламентад сөрөг хүчний байр сууриар сууж буй тус намынхан эрх баригч мэт аяглан “Ардын намдаа орвол албан тушаал өгнө” гээд зарим хүмүүсийн нэрсийг бүртгэж яваа сурагтай. Хүний тархи угаах ухаанд харин ч сайн суралцсан Ардын намынхны үгэнд итгэсэн МАХН-ын зарим гишүүн намаасаа нүүр буруулж эхэлсэн тухай учир мэдэх хүн хэлж байсан юм. МАХН-ын зарим гишүүд ацан шалаанд ороод байгаа тухайгаа нуулгүй ярьцгааж байгаа аж.  

Монгол Ардын намынхан өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдлаас илүүтэй 2016 оны парламентын сонгуульд санаа тавьж байна. Тус намын гэгдэх твиттерчид нь “Ам.долларын ханш 1900 хүрлээ. Удахгүй 2000 хүрнэ” гээд сууж байх юм. Тус намын томчууд нь гадаад, дотоодод зугаалж, МАХН-аа бөөрлөж яваа энэ үед твиттерчид нь үндсэн ажлыг нь хийж байгаа харагдана. Сайн сайхан зүйл ярьж явсан Ардын намынхан минь хаана явна вэ. Ард түмнийхээ амьдрал ахуйд санаа тавихгүй юм уу. Эсвэл 2016 оны дараагийн сонгуульдаа бэлдэж МАХН-аас гишүүд урвуулах ажлаа үргэлжлүүлсээр байх уу. 

Э.БОЛД