Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа улс төрийн намуудаар тоглууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай ярилцлаа.

-Засгийн
газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууслаа. Гэтэл доллар, юанийн ханш өссөн
үзүүлэлттэйгээр 100 хоногоо дуусгаж байх шиг байна?

-Одоогийн Засгийн газар Чингэс, Самурай бондыг зөв зарцуулж чадсангүй.
Эдийн засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засч сайжруулдаг тогтолцоо гэдгийг ойлгохгүй
буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ. Цаашдаа энэ байдлаар явбал
дараагийн 200 хоногт ч босгож, сэргээх аргагүй. 100 хоног гэдэг бол амиа аргацаах
л арга. 100 хоног дуусахтай залгаад Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн айлчлал болно.
Айл амьтан айлчилж байхад дотроо хэрүүл уруулгүй байя гэсээр байгаад намрын чуулган
болтол үлдэж дөнгөнө. Энэ бол ердөө хугацаа хожих л арга. Намрын чуулган эхлэнгүүт
энэ Засгийн газар хэрүүлгүйгээр сайн дураараа буувал Монголдоо буянтай хэрэг болно
доо.

-Эдийн
засгийн хөгжлийн сайд нь эдийн засгийн чухал шийдвэрээ бөөлж гаргадаг гэсэн шог
яриа байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ганзагын наймаачид ирээд төрийн толгой дээр суучихлаа. Сайд нарын
хувьд бизнесмен, компанийн захирал байж болно. Компани удирдах, улсын эдийн засаг
удирдах хоёр чинь газар, тэнгэр шиг ялгаатай. Адаглаад яаманд мэргэжилтэн хийж байсан
туршлагатай бол яая гэхэв. Хөгжлийн талаар философийн ойлголттой байж ажиллана шүү
дээ. Дэлхий дахинд тогтвортой хөгжил гэж цоо шинэ ойлголт бий болоод байна. Гэтэл
манайд Засгийн газар нь хөрөнгө хөгжлөөр, Байгаль орчны яам нь ногоон хөгжил баримтлаад
хоёр тусдаа хөгжлөөр явах гээд байна уу, яах гээд байна. Ингэж балайрч байх ямар
хэрэг байна. Үнэндээ харамсалтай санагдах юм.

-Таны
хувьд эдийн засгийг сайжруулах гарцыг харж байгаа байх. Ер нь танаас Засгийн газар,
төрийн түшээд зөвлөгөө авдаг уу?

-Би сайн дураараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж санаа, оноогоо
хэлэх гэж өөрийн биеэр очиж хоёр удаа уулзах хүсэлт тавьсан. Намайг хүлээж аваагүй,
эргэж дуудаагүй болохоор нь дахиж очоогүй. Одоо бол Засгийн газартай ямар ч холбоогүй
байдаг. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санаа оноогоо хэлж ярьдаг. Монголын эдийн
засаг бол маш жижиг эдийн засаг. Унахдаа ч амархан, сэргэхдээ ч амархан. Өмнөх туршлагуудыг
хараад байхад Монголын эдийн засаг зургаан сарын дотор нөхөхөд өндийх чадвартай.
Хамгийн гол нь энэ Засгийн газар, УИХ эдийн засгаа өндийлгөж, сэргээж чадахгүй байна.
Угтаа хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол хэмнэлт. Тэгсэн манайхан хэмнэх оролдлого
ч хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ 126 сумын 90 жилийн ой хийж 90 тэрбум төгрөг агаарт
цацаж УИХ, Засгийн газрын гишүүд наадамд нь очиж зунжин наадлаа. Нийслэлийн төлөөлөгчид
нь бөөнөөрөө Бразил яваад хөлбөмбөг үзчих юм. Үүнийг хэмнэлт гэх юм уу. Ийм үед
гэрээ хэлцэл хийх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад бүх айлчлал томилолтыг зогсоох
ёстой. Улаанбаатар хотын төлөөлөгчид улирал бүр сонгогдсоныхоо төлөө таван сая,
жилд 20 сая төгрөг бэлнээр аваад халаасалдаг. Миний бодлоор бол энэ хүмүүс бүгдээрээ
хатуу газар очоод сууж баймаар санагддаг. Ажил хийснийхээ төлөө төрөөс цалин авч
байна. Бас намайг сонгоод өг гэж гуйж гувшиж гарч ирчихээд хариуд нь мөнгө аваад
байж байдаг. Төр засаг маань даанч ажилласангүй. Олон мянган хүний хүсэл мөрөөдөл
шороонд дарагдлаа. АН-ын удирдлага хариуцлагаа хүлээх ёстой.

-Гишүүд
улсынхаа эрх ашгийг боддог байгаасай гэж дуугардаг хэрнээ ярьсан шигээ явж чадахгүй
байна гэсэн шүүмжлэл гарч байна. Эрх ашгийн эрэмбэ дарааг та юу гэж боддог вэ?

-Намын эрх ашиг гэж байхгүй л дээ. Нам толгойлж байгаа баячуудын
эрх ашиг л гэж байна. Жишээ нь 2006-2009 оны хооронд эрх барьж байсан МАХН буюу
МАН Эм Си Эс-т л үйлчиллээ шүү дээ. Ямар сайндаа манай судлаачид Монгол Улсын их
хурал юм уу, Эм Си Эс-ийн их хурал юм уу гэж сануулж бичиж байлаа. Өнөөдөр компанийн
төлөөлөгч нь УИХ-д ороод ташаагаа тулчихсан “Тэр ордыг чинь би авъя” гэж том дуугараад
авдаг болсон байна лээ. Нам гэдэг чинь олон түмний үзэл бодлын асуудал. Өнөөгийн
ийм ороо бусгаа цагт Ардчилсан нам төрөө барьж байгаа нь зөв юм. Харин нэр цэвэр,
бодлого үйл ажиллагаа нь илүү өгөөжтэй байх ёстой. Намын толгойд гарсан хэдэн нөхөр
нь хэсэгхэн баячуудынхаа арга аяганд орчихсон байх юм. Бүхэл бүтэн улсын маань Ерөнхий
сайд гэхэд л телевизээр “Би жорлонгийнхоо бохирыг гол руу хийгээгүй” гээд яриад
сууж байх юм. Гэтэл өөр нэг телевиз нь бүдүүн бохирын хоолойноос бохир ус Туул гол
руу урсаад гарч байгааг нь харуулах юм. Ерөнхий сайд нь жорлонгийнхоо бохирыг Улаанбаатарчуудыг
ундаалдаг Туул гол руу хийсэн, хийгээгүй гээд яриад сууж байхаар яах болж байна
даа.

-Тэгээд
одоо ийм гажуудлыг яаж засах вэ, хууль эрх зүйн хувьд засах боломж байна уу. Ингэж
явсаар ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч тэсэрвэл яах вэ?

-Хэрүүл тэмцэл бу­химдлаар юуг ч шийдэхгүй. Эв зүй, хууль эрх зүйн
хүрээнд аливаа асуудлыг шийдэх нь хамгийн зөв гарц. Ерөнхийлөгчийн санаачилсан дархлаажуулалтыг
сулруулах хуулийн төслүүд хамгийн чухал. Нэгэнт л хэрэг төвөгт нэр холбогдсон бол
албан тушаалаа сайн дураараа өгөх хэрэгтэй. Манайд одоо хэрэг хийсэн нөхрийг АТГ,
прокурор бүгд сануулаад нэмэр алга. Нөгөө УИХ-ын гишүүд чинь бие биеэ өмгөөлж, хамгаалаад
тавьж явуулахгүй. АТГ сонгуулийн өмнө намуудад асуудалтай хүмүүсийнх нь нэрийг гаргаж
өгсөн боловч нэмэр болсонгүй. Прокурор, УИХ-аас нэр бүхий нөхдүүдийг шалгахын тулд
бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гээд бас л нэмэргүй байна.

-Нийт
Монголын эрх ашиг чухам хаана, хэний гарт байна вэ гэсэн эмзэглэл төрөх юм?

-Тийм учраас залуучууд минь юу ч болж байсан төрөө худалдахгүй, нутгаа
худалдахгүй юм шүү гэдгийг зүрхэндээ нэвт шингээж ойлгох хэрэгтэй. Энэ бүх байдлыг
таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан улс орон, монгол түмний минь хувь
заяатай холбоотой хуулийн төслүүдийг араас нь урдаас нь чадах чинээгээрээ олон нийтийн
байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжээд батлуулаад байх хэрэгтэй.
Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний эрх ашгийн төлөөх хуулийн төслүүдийг
УИХ, Засгийн газар их хэрзгэр хүлээж авч байгааг анзаарч байгаа биз дээ.

-Өнөөдрийн
улстөрчид болохоо байлаа. Залуу үеэр цус сэлбэх ёстой гэдэг дээр ямар бодолтой байгаа
вэ?

-Монгол орон шинэч­лэгдлээ. Бид шинэ орчин, шинэ нийгэмд амьдарч
байна. Улс төрд тэр дундаа монгол төрийн жолоог барьж явах шинэ үеийн хүмүүсийг
хүмүүжүүлэх, тэдэндээ түшиглэж хөгжих нь нийгмийн бодит захиалга болоод байна. Бид
өнөөдрийг хүртэл шилжилтийн үеийн сэтгэлгээгээр асуудалд хандаж, төрийн албыг баяжих,
албан тушаал ахих дамжлага болгон хардаг сэтгэлгээтэй хүмүүстэйгээр явж ирлээ. Ийм
хоцрогдсон сэтгэлгээтэйгээр цааш явна гээд зүтгээд байвал Монголыг үндэстнийнх нь
хувьд ч улс гүрнийх нь хувьд ч мөхөл рүү хүргэх аюултай.

-Аль
нэг нам фракц дагаж, эсвэл хэн нэгний цүнх барьж гүйдэг цаг ирээ юу даа…

-Өнөөдөр нам гэдэг ойлголтыг нэлээд шүүмжлэлтэй харах шаардлагатай
болжээ. Улс төрийн намууд гурван үндсэн доголтой болчихож. Нэгдүгээрт, улс нийгмээ
авч явах философи үзлийн түвшинд үнэн сульдаатай байна. Ардчилсан нам гэхэд либерал
гэж ярихаас цаашгүй болсон. Консерватив үзэл гэж чухам юу юм бэ.  Консерватив үзлийн жинхэнэ утга бол ирээдүйгээ
өнгөрсөнтэй, өнгөрснөө одоотой холбож чадах тухай асуудал. Үүн дээр алдаж байна.
МАН гэхэд социализмынхаа үзлийг жаахан хувиргаад түүнийгээ мөрөөдсөн улс. Намын
нэрээр төрд орж ирсэн хүмүүс хувийн шуналаа хашиж дийлэхгүй төрөөр дамжуулан идэж
байна. Хоёр дахь нь, улс төрийн намууд хөрөнгөлөг хүмүүс, цөөн тооны компанийн халаасанд
орчихсон. Улс төрийн намууд тодорхой компани, мөнгөтэй хүмүүсээр тэтгүүлж байгаад
сонгуулиар тэднийхээ шантаажинд ороод тухайн компаниар овоглогдсон хүмүүс нэр дэвшээд
гараад ирдэг. УИХ-ын гишүүдийг Монголын ард түмний сонгосон хүмүүс гэдэг нэг нүдээр
харвал хүндэтгэх хэрэгтэй болдог. Нөгөө нүдээр харвал хулгайч, луйварчин, шунал
нь цухалзсан хүмүүс. Гурав дахь нь, цөөн хэдэн хүн намын толгойг барьчихаад жирийн
иргэд, гишүүд дэмжигчдийн санаа бодол намын мөрийн хөтөлбөрт огт орохоо байсан.
Үүний гайг бид амсч байна. Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа улс
төрийн намуудаар тоглууллаа. Адаг сүүлд нь улс орныхоо эдийн засгийг тамирдуулчихсан
хараад сууцгааж байна. Ингээд харахаар намууд гэдэг дээр маш болгоомжтой хандах
учиртай.

-Намын
эрх ашгаас болж улс хэцүү байдалд орлоо гэж судлаачид хэлж байна?

-Ер нь бол нам сонгуульд оролцож, нам бүхнийг шийддэг байх нь явцгүй
боллоо. Энэ бол ганцхан Монголын зовлон биш дэлхийн зовлон. Францад гэхэд олон нийтийн
байгууллагууд нь сонгуульд оролцдог. Монголд гэхэд Ардчилсан холбоо, Монголын залуучуудын
холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо, МҮЭ-ийн төлөөлөл сонгуульд оролцож
байж бүх нийтийн төлөөлөл бүрдэх юм. Израйлд гэхэд Өндөр настны холбоо гурван суудалтай.
Улс төрийн тэргүүн эгнээнд намууд байдаг боловч ард нь олон нийтийн маш олон байгууллага
байдаг. Намуудын бүрэн эрхийг хязгаарлах бодлого явуулах ёстой. Залуучуудын замыг
нээх, гаргаж ирэх тал дээр хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах ёстой.

-Улс
төрийн намын тухай хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу, намуудын эрхийг хязгаарлах,
шинэ үе орж ирэх боломж хуулийн төсөлд тусгагдсан болов уу?

-Хуулийн төслийг харсан. Одоогийн УИХ-д улстөрийн намын нэрээр орж
ирээд зангирчихсан, булагначихсан бүлэг хүмүүсийн нэгдэл байгаа цагт хэзээ ч нийгэмд
хэрэгтэй хууль гаргахгүй. Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн
бариад хэлэлцүүлж болж байна. Түүнээс биш одоо байгаа УИХ-ын нөхдүүдээс хэзээ ч
олигтой юм гарахгүй. Нөгөө С.Баярцогт, Н.Номтойбаяр гэсэн нөхдүүд л энэ хуулин дээр
сууж байна шүү дээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахаас долоо хоногийн
өмнө МАХН буюу одоогийн МАН нарийн бичгийн дарга нар бүгдээрээ цагаан цамцтай
1.5 сая төгрөгийн батламж барьчихсан даллаад зогсож байлаа. АН нэг сая төгрөг өгнө
гээд амлачихсан байсан. 2012 оны сонгуулиар АН, МАН хоёрын сонгуулийн амлалтад анализ
хийгээд үзэхэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 тэрбум ам.доллар, АН-ынхад
20-30 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Аль аль нь хэрэгжих боломжгүй.
Энэ бүхнээс харахад улс төрийн намууд ямар ч судалгаа анализ хийлгүйгээр хоосон
амлалт яриад сонгуульд орж байна. Үүнийг л хуулиар хориглох хэрэгтэй. Улс төрийн
намууд улирал бүр Монголынхоо нийгэм эдийн засгийн үзүүлэлтэд бодит анализ хийгээд
олон түмэндээ мэдээлэл хийдэг маш том судалгааны байгууллага байх ёстой юм. Хууль
эрх зүйн хүрээнд ийм байдал руу шахаж өгөхгүй бол бизнесийн хэдэн нөхдүүдийн аманд
ороод худлаа ярьж, худлаа амласан газар болох гээд байна. Ардчилсан нам төр бариад
хоёр жил болж байна. Мөрийн хөтөлбөрийнх нь биелэлт хэдэн хувьтай байгаа билээ.
Хэн үүнийг тооцож байна. Хэдэн наймаачдыг сайд нараар тавьчихсан.  Нөгөө хэд нь улс орныхоо эдийн засгийг сайжруулах
нь бүү хэл эвдээд хаячихсан. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд
дахиж өрсөлдөх эрхийг нь хасдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн намууд мөнгөтэй,
шуналтай хүмүүсийн төрийг худалдаж авах хэрэгсэл болчихоод байна. 

-Таныг
Ерөнхий сайд байх үеийн улстөрчид болон өнөөгийн улс төрчдийн хооронд ямар ялгаа
гарсан бол?

-Манай Засгийн газар шилжилтийн хүнд хэцүү үед 16 хүнтэй ажилласан.
Дундаж нас нь 42 байсан. Би өөрөө 48 настай байсан. Хамгийн ахмад нь Батлан хамгаалахын
сайд Жадамбаа 51 настай. Хамгийн залуу нь Дорлигоо маань 32 настай, Да.Ганболд
34-тэй байлаа. Тэр үед нийгмээ өөрчлөх залуусын хүсэл зориг маш их байсан. Залуучуудыг
багтаа оруулаад хамтарч ажиллаж байсандаа харамсдаггүй. Миний хоёр шадар сайд одоо
ч төрдөө зүтгээд сайхан ажиллаж л явна. Манай Засгийн газрын 16 гишүүний ес нь эрдмийн
зэрэг цолтой байсан. Тийм учраас ямар ч асуудлыг ярихад мэргэжлийн өндөр түвшинд
ойлгож, түүнийгээ шийдэж чаддаг байсан.

-Хувь
хүн талаасаа манай улстөрчид хэр боловсорсон бол?

-Хувь хүний чанар, хүмүүжил суурь боловсрол их чухал. Манай Засгийн
газрын гишүүдэд шунал гэж ойлголт байгаагүй. Элдэв хэл аманд ганц нэгэн нөхөд орж
байсан. Тэдний хувьд социализмынхаа үеийн хуучинсаг сэтгэлгээгээр зарим зүйлд хандаж
хэл аманд орж байснаас биш одоогийнх шиг захиалгын хууль боловсруулдаг кабинет байгаагүй.
Одоо гарч байгаа хуулиудыг харахад гадны хөрөнгө оруулагчид болон өөрсдийн эрхэлдэг
бизнестээ тохируулсан хууль гаргаж байгаа нь илт харагдаж байдаг. Манайх Айвэнхоуд
тохируулж хичнээн ч хуулиа өөрчлөв дөө. Үнэхээр эмгэнэлтэй.

-Өнөөдрийн
улс төрд залуус гарч ирэх механизм байна уу?

-Сонгуульд өрсөлдөж байгаа хүний сурталчилгааны үгэнд итгэнэ гэвэл
дэндүү гэнэн хэрэг болно.

Би хааяа гадуур залуучуудтай уулзаж лекц уншдаг. Тэгээд залуустайгаа
ярилцахад өнөө цагийн залуус мундаг, боловсролтой, улс орноо бодсон эрүүл сэтгэлгээтэй
төлөвшиж байгаа нь харагддаг. Олон мянган залуус эерэг эрүүл сэтгэлгээтэй төлөвшиж
байгааг хараад залуучуудаараа бахархдаг. Энэ мундаг залуусаа өөд нь гаргах механизм
манайд байхгүй.

Гэтэл энэ улс төрийн намууд ийм залуусыг нухчин дарж байна. Миний
бодоход Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад нам бүхнийг шийддэг гэдгийг болиулах хэрэгтэй.

-Үндсэн
хуульд өөрчлөлт оруулах замаар эрхийг хязгаарлана гэхээр АН, МАН хоёр лав хөдлөхгүй
болов уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намуудын тухай хууль,
Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэхээр хамгийн том саад болж байгаа зүйл бол Их
хурал өөрөө. Өөрсдийнх нь эрх ашиг боомилогдох учир улс төрийн намууд, УИХ-ын гишүүд
амиа хорлоё гэж бодохгүй шүү дээ. УИХ бизнесийн сонирхолд захирагдсан, шуналтай
хүмүүсийн товчоо болчихсон. Энэ хавар Монголынхоо газар нутгийг 60-100 жилээр гадаадын
нөхдүүдэд дуудлагаар худалдана гээд хээвнэг зогсож байна шүү дээ. Газар нутгаа гадныханд
худалдана гэдэг төрийн түшээдтэй байна гэдэг Монголын эмгэнэл. Ерөнхий сайд Бадамдорж
гэж нөхөр 1919 онд Сү Шү Жаныг хүрээнд ороод ирэхэд орой болгон уулзаж, архи ууж
хундага тулгадаг нөхөр байсан гэдэг. Түүнээс хойш Монголынхоо хувь заяанд цэвдэг
ханддаг төрийн түшээ, Засгийн газар байсангүй. Тэгсэн энэ удаагийн Засгийн газар
гадныханд эх нутгаа дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл санаачлаад барьчихсан
явж байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гэдэг нөхөр тэр
хуулийг нь дэмжээд УИХ дээр ярьж байна шүү дээ. Энэ нөхөр чинь Хэнтий аймгийн Биндэр
сумынх. Бид хоёр нэг нутаг усных юм. Үгүй нээрээ хэлэх ч үг алга. Одоо сэрэх цаг
болжээ. Энэ чинь юу болоод байна вэ.

-Засгийн
газарт та нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. АН-ын Засгийн газар мухардмал байдлаасаа
хэрхэн гарах вэ. Гарцыг та хэрхэн харж байна вэ?

-МАН-ын хувьд энэ Засгийн газрын хувь заяагаар тоглоод Ардчилсан
намыг шатрын ойлголтоор цогц зангад оруулчихлаа. Энэ нь ганцхан нүүдэл хийнэ, тэр
нь амиа хорлох. МАН-ын хувьд Засгийн газрыг огцруулах санал оруулсан. Тэр нь огцруулах
гэж байгаа юм биш шүү дээ. Зөвхөн зургаа, зургаан сараар амийг нь уртасгаад сонгууль
хүргэж байгаад нэг мөсөн тонгорох гэж байгаа юм. Танхимынх нь нэг сайд нь нэг охины
хар тамхины асуудлаас болоод өөрийн харьяаны цагдаа, мөрдөн, АТГ, тагнуул гээд хамаг
байгууллагынхаа нэр хүндийг бараад, сайдынхаа хөлд бүгд чирэгдлээ шүү дээ. Ийм байдал
гаргасан салбарын сайд, Ерөнхий сайд нэг ч хоног тэвчээд сууж болохгүй. Сайн дураараа
саналаараа огцрох хэрэгтэй. Харин үүний дараа АН дараагийн Засгийн газраа байгуулаад
зөв бодлого явуулбал ирэх сонгуульд найдвар бий.

-Улстөрд
залуусыг бодлогоор гаргах нь зөв үү?

-Монгол төрийнхөө залуу удирдагчдыг бэлтгэх чухал шаардлага байна.
Улстөрд гэлтгүй нийгмийн бүх давхаргад шинэ үеийн хэрэгцээ шаардлага ус, агаар шиг
хэрэгтэй байна. Энэ цаг мөчид шинэ залуусыг бодлогоор гаргаж ирнэ гэдэг бол туйлын
зөв. Энэ бол өөрөө шинэ зүйл, шинэ санаачилга. Маш том зүйлийн эхлэл юм. Үр дүнд
битгий яараарай. Үр дүн магадгүй 10-15 жилийн гарна. Нийгэмд ус агаар шиг хэрэгтэй
байгаа зүйлийн шинэ эхлэлийг тавина гэдэг, шинэ жишиг тогтооно гэдэг өөрөө маш чухал
юм. Түүнд яарч болохгүй. Залуучуудаа ганц удаагийн үндэсний төслөөр илрүүлээд орхих
биш тэдний цаашдын боловсрол, төрийн албанд шат шатанд нь ахиулж бэлтгэх механизмыг
давхар авч явах хэрэгтэй.

 Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Хамгийн гол асуудал нь хүнээ тойруулж хотоо хөгжүүлэх юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Гадаад харилцааны яамны хурлын танхимд нээлтээ хийсэн Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцон үг хэлсэн юм.

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “ Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулган манай нийслэл Улаанбаатар хотод болж байгаа нь туйлын чухал үйл явдал юм. Энэ форумд хүрэлцэн ирсэн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарт чин сэтгэлээсээ баяр хүргэж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дэлхийн хөгжлийг хотуудын дарга нар тодорхойлох байдал бий болж байна гэсэн дүгнэлт байдаг. Дээрээс нь мөн хотуудын дарга нар иргэдийнхээ хамгийн их дэмжлэг хүлээсэн удирдагчид байдаг гэдгийг энд бас хэлэхэд таатай байна. Мэдээж, манай хотуудад сайн хийгдэж байгаа зүйлүүд их байгаа. Бас олон хүндрэлтэй асуудал тулгамдаж байгаа. Эдгээрийг Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулганы үеэр дэлгэрэнгүй ярилцана гэж бодож байна.

Монгол Улсын хувьд ч гэсэн хотуудын өмнө, хот, суурин газруудын өмнө хүндрэлтэй асуудлууд нэлээд тулгарч байгаа. Хамгийн гол асуудал бол хүнээ тойруулж хотоо хөгжүүлэх асуудал юм. Хот гэдэг бол өөрөө хүнд үйлчилдэг, хүний хэрэгцээнд үйлчилдэг, оршин суугчдынхаа төлөө байдаг, ийм чухал бүтэц юм. Ингэж харж хотынхоо төлөвлөлт, бодлогыг хийх юм бол хандлага нь зөв болдог байдал ажиглагдаж байгаа юм.

Хотуудын асуудлыг шийдвэрлэх таван боломж байна уу гэж би харж байгаа. Ингээд энэ талаар санаа бодлоо товчхон хэлье гэж бодож байна. Нэгд, орчин үеийн технологи нэвтэрч байгаа энэ үед хотуудын удирдлага нь  синий бодлоор онгоцны  нислэгийн удирдлагатай адилхан үр дүнтэй хэлбэр рүү орох бүрэн боломжтой. Орчин үеийн технологийн ололт, дээр нь хотын хүнд үйлчлэх зөв зохион байгуулалтыг хийж чадах юм бол хотын удирдлага гэдэг тийм ч дааж давшгүй хүнд зүйл биш гэдэг нь харагдаж байна.

Хоёр дахь нь, хотын удирдлага бол оршин суугчдын удирдлага гэж хэлж болно. Манайд орон сууцанд СӨХ гэж байдаг. Гэр хороололд айлууд гудамж гудамжаараа нэгдэж зохион байгуулалтад орсон байдаг. Хотын удирдлага бол тэр оршин суугчдын дарга. СӨХ-ны дарга. Тэр гудамжаараа зохион байгуулалтад орсон иргэдийн дарга гэх байдлаар шатлаж зохион байгуулагдаж үйлчлэх юм бол илүү зөв хэлбэрт орох магадлал байгаа. Хотод үүсч байгаа асуудлыг бид нэг талаас сорилт гэж харах, нөгөө талаас боломж гэж харах ёстой. Төв Засгийн газар ч адилхан, улс орон ч адилхан, хотын ард иргэд ч адилхан, хотод дахин төлөвлөлт, нийтийн тээвэр, аюулгүй байдал, үйлчилгээ гээд хүндрэлтэй асуудлууд байгаа бол үүнийг хөгжлийн боломж гэж харах юм бол зөв болох байх. Хотын асуудлыг шийднэ гэдэг бол хөрөнгө оруулалт татах, хөгжил дэвшлийг түлхэх гол эх үүсвэр болох магадлалтай. Ийм учраас хотод тулгамдаж байгаа асуудлыг боломж гэж харж, оршин суугчидтайгаа, Засгийн газартайгаа зөв зохицуулж ажиллах юм бол сайхан боломж гарч ирэх нөхцөл, боломж байна. Монгол Улсын хувьд энэ чиглэлд тодорхой санаачилга гаргаж байгаа.

Гуравт, хотдоо, ард иргэдийнхээ мэдэлд тодорхой төсөв хуваарилдаг. Хотын ард иргэд, тухайн гудамж, тухайн дүүрэг, хороонд амьдарч байгаа иргэд цуглараад, тэр төсвөөр юу хийх вэ гэж ярилцаад, иргэдийн хяналт дор хэрэгжүүлдэг болсон. Иргэдийн оролцоо, тэдний хяналт хамгийн чухал болж байгаа.

Хүмүүс мөнгө, санхүүгийн боломж гарахаар ойр орчноо сайхан болгохыг хичээдэг юм байна. Айл өрх ч гэсэн жаахан мөнгөтэй бол гэрээ өөд нь татдаг. Илүү жаахан мөнгө гараад ирвэл гудамж талбай, амьдарч байгаа орчноо сайхан болгодог. Иймэрхүү боломж олгож, хүмүүсийнхээ санаачилгыг дэмжих  юм бол энэ ажил зөв явах боломжтой.

Дөрөвт, хотуудын хөгжил, дэвшилд хамгийн чухал нэг зүйл бол хотын удирдлагын өөрийнх нь бие даасан байдал юм. Ард иргэдээсээ илүү хамааралтай байдаг тэр боломжийг хотын удирдлагад олгож өгвөл зөв болно. Дээр нь санхүүгийн бие даасан байдал хамгийн чухал. Санхүүгийн бие даасан байдал гэдэгт хотын оршин суугчдын тодорхой төрлийн татваруудыг төв Засгийн газраас зөвхөн хотын мэдэлд үлдээх юм бол их зөв хэлбэр болох юм. Манайд бол хүн амын орлогын албан татвар, үндсэн хөрөнгийн татвар гэх юм уу, иймэрхүү боломжуудыг үүсгэх талаар ярьж, иймэрхүү алхмууд хийж эхэлж байгаа. Үүн дээр нэмээд боломжууд гаргаж өгөх юм бол хотын Хурал, хотын өөрөө удирдах байгууллагууд асуудлыг зөв шийдээд явах боломжтой. Төв Засгийн газар юм уу, улс нийтийн хэмжээнд харин ч дарамт биш, илүү хөгжлийн боломж нээгээд цаашаа явах сайхан боломж байгаа гэдэг нь харагдаж байгаа юм.

Тавдугаарт, аливаа том хот бол хотуудын хот байх ёстой. Хүмүүсийнхээ амьдарч байгаа газар руу жижгэрч зохион байгуулалтаа хийх нь  зөв байгаа юм. Манай Улаанбаатар хотын хувьд ч ийм санаачилга гарч  байгааг би хувьдаа их дэмждэг. Оршин суугаа газар бүхэнд тэр боломжийг олгодог, жижиг жижиг хотуудаас бүрдсэн хотуудын удирдлагын хэлбэр  рүү зохион байгуулалтаа хийж чадвал их боломжтой. Монгол Улсын хувьд газар нутгийн боломжоосоо шалтгаалаад шинээр хөгжин тэлэх, шинээр газар зохион байгуулалт, газар хувьчлалтай холбоотойгоор шинэ суурьшлуудаа их зөв хийх нь чухал юм.

Хуучин хотын асуудлыг шийдэхийн тулд шинээр хот барих нь илүү давуу тал болж харагдаж байгаа. Хуучин хотын төлөвлөлтийг дахин зохион байгуулна гэдэг бол шинээр хот барихаас хүндрэлтэй байгаа юм. Гэхдээ, мэдээж хуучин суурин хотынхоо асуудлыг бид шийдэхээс өөр аргагүй гэдгийг энд хэлье.

Хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг  та бүхэн шиг сайн мэддэг хүмүүс байхгүй учраас энэ чуулганаар сайхан ярилцаж, зөв, ирээдүйтэй шийдвэрүүд гарч, бие биедээ тус болох байх. Хамгийн гол нь та бүхэн бие биеэсээ сайн суралцаж чадах байх. Бидний хувьд ч гэсэн Монгол Улсын хотууд, нийслэл хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх ямар боломж байгаа болон өөр өөрийн хотуудад тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдсэн талаар та бүхэн маш их үнэтэй санаанууд гаргаж чадна гэж би бодож байна. Сайн санаа, сайн шийдэл байх юм бол санхүүжилт   үргэлж байдаг гэж би боддог. Хамгийн гол асуудал бол сайн санаа, зөв шийдэл  юм. Шийдлээ гаргаад зөв зохион байгуулж чадах юм бол олон асуудал шийдэгдэх боломжтой.

Манай Зүүн хойд Азийн хотуудын чуулган их чухал үйл явдлын өмнө болж байгаа. Зүүн хойд Азийн чухал орон БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр бид бэлтгэж байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах төлөвлөгөө гаргаад хоёр талаасаа ажиллаж байгаа.

Энэ уулзалтын үеэр ч хотуудын дарга нарын чуулган дээр яригдсан зүйлүүд, гаргасан санаачлагыг төрийн удирдлагын зүгээс дэмжиж ажиллах талаар яригдах байх. Санал солилцох боломж гарах байх гэж найдаж байна. Аливаа ажил бие биеийн дэмжлэгтэйгээр, харилцан оролцоотойгоор явдаг. Цаашдаа ч энэ хотуудын удирдлагуудын үйл ажиллагаа, энэ уулзалт тогтмолжиж үр дүнтэй болох байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Манай улсын нийслэл Улаанбаатарт болж байгаа энэ чухал уулзалтад цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн Зүүн хойд Азийн олон хотын удирдлагууд, төлөөлөлд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа цохон тэмдэглэж хэлье. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл: А.Гансүх сайд салбарынхаа инженерүүдийг эрүүжүүлж байгаа нь аймшигтай санагдаж байна

Жиргээч  Ц.Бат инженерийг  Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор нэр
төрд нь халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр
Баянзүрх
дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс
гурван
сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан
юм.  

Соёл, спорт аялал жуулчлалын сайд  Ц.Оюунгэрэлээс шүүх хурлын дараа тодруулга
авсан юм.

–  Нэлээд хэдэн сарын өмнө манай дүү Бат
жиргээгээр  А.Гансүх сайдыг салбарын
бодлоготой холбоотой шүүмжилсний  төлөө
А. Гансүх сайд эрүүгийн  хэрэг
үүсгүүлэхээр цагдаад гомдол гаргасан байсан. Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол
гаргана гэдэг улстөрийн албан тушаалтны хувьд, сайд хүний хувьд хийж байгаа  ноцтой алхам гэж би үзэж байсан. Тийм ч учраас
тухайн үед хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэж гарч ирсэн
МоАХ-ны нэр дээр  сайд болсон хүн  шүүмжлэл сонсч чадахгүй, эрүүгийн хэрэг
үүсгүүлж байгаа нь буруу гэдгийг илэрхийлж байсан. Гэхдээ  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд
өөрийнхөө дүүтэй холбоотой асуудал яригдаад ирэхээр хэвлэлээр нэг их яриагүй.
Яагаад гэхээр яриад эхлэхээр шүүхийн шийдвэрт нь нөлөөлчих магадлалтай юм болов
уу гэж бодсон. Урьд нь бас хэдэн хүний эрхийг хамгаалахаар ярилцлага өгөхөд
шүүхийн шийдвэрт нөлөөллөө гээд байсан юм.  Улс төрийн албан хаагчийн хувьд би  салбарынхаа мэргэжилтэнүүдээс маш их шүүмжлэл
сонсдог.   Яг түүнтэй адил Бат бол салбарын өндөр
мэргэжлийн инженер салбарынхаа сайдыг шүүмжилсэн. Манай салбарт намайг
шүүмжлэхэд би ихэвчлэн няцааж, эсвэл мэдээллийг иргэддээ өгдөг. Эсвэл шүүмжилж
байгаа хүмүүсээ урьж уулзаж, зөвлөлдөж, ойлголтоо нэгтгэх тайлбар өгдөг. Эсвэл
шүүмжлэлийг дуугүй хүлээж авдаг.  Ийм
маягаар би шүүмжлэлтэй харьцдаг л даа.  Гэтэл А.Гансүх сайд өөрийнхөө салбарын өндөр
мэргэжлийн инженерүүдийг эрүүжүүлж байгаа нь аймшигтай санагдаж байна. Бат бол
нисэхийн салбарын өндөр мэргэжлийн инженер. Нисэхийн салбарт тулгамдаж байгаа
асуудлыг шүүмжилж байгаа. Мөн төмөр замын салбарт Даваапил гэж инженер байдаг. Төмөр
замын бодлогоор бас л А.Гансүх сайдыг шүүмжилж жиргэдэг. Энэ хүнд бас эрүүгийн
хэрэг үүсгүүлсэн.  Шүүхийн эхний шатанд
Даваапилийн хэргийг хэрэгсэхгүй болгоход А.Гансүх сайд заавал давж заалдаж байж
унагаах жишээтэй. Ийм үйлдлүүд хийгээд байгаа.  Улстөрч хүнийхээ хувьд салбар доторх бухимдлыг
ингэж эрүүжүүлээд байгаа нь ардчилсан Засгийн газарт, Ардчилсан намд баймааргүй
үзэгдэл. Манай дүү салбарын бодлогыг шүүмжилдэг, салбарын мэргэжилтэнүүдийн
бухимдлыг илэрхийлдэг “шүгэл үлээгч” хүн.

-Бат инженерийг өмнө нь байгууллагын
 нууц задруулсан хэргээр албан тушаалаасаа
халагдсан  гэдэг?

            -МИАТ компаний гэрээний тухай твитерт бичсэнийг нь зарим
нь тэгж шүүмжлээд байсан л даа. Гэтэл УИХ-аар батлагдсан “Шилэн дансны хууль”
үүнд хариулт болсон. Энэ хуульд аливаа байгууллага мөнгө төгрөгтэй холбоотой
гэрээгээ байгууллагын нууц болгож, дураараа нууцад авахыг хориглоно гэсэн заалт
орсон байгаа. Ашиггүй гэрээ хийгдэх гээд байна гэдгийг илэрхийлсэн иргэн бол “шүгэл
үлээгч” МИАТ компаний гэрээ хэлэлцээрийг шилэн болгосон хүн л байхгүй юу. Тэр
нь  Батаагийн  хувьд иргэн хүний байж болох шударга үйлдэл
гэж би үздэг. Манай дүүг ажлаас халсан үндэслэл тэр эсэхийг би мэдэхгүй. Ажлаас
халсан тушаалыг нь үзээгүй. Ажлаас халахад улс төрийн нөлөө орсон гэж манай дүү
үздэг би тэрэнд нь итгэдэг гэлээ.  

Ц.Бат инженер  Киевт Нисэхийн
ашиглалтын инженер,  Австралид нисэхийн
менежментээр мастер хамгаалсан.  Канадын
Мак Гийлийн их сургуулийг нисэхийн хуульч мэргэжлээр төгссөн. Нисэхийн аюулгүй
байдлаар бэлтгэгдсэн инженерүүдийн нэг. Нисэхийн инженерүүдийн хувьд үнэ
цэнэтэй мэргэжилтэн тэрбээр үзэл бодлоо интернэтээр хурцаар илэрхийлдэгээсээ
болоод “дээлээ нөмрөхөд” хүрлээ.  Ц.Бат
инженерийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн байна лээ.  

Б.Эгшиглэн   

Categories
мэдээ нийгэм

МОНГОЛЫН 108 ТӨРХ Чехийн археологич Л.Ийслийн 1957-1963 онуудад Монголд авсан гэрэл зургийн цуглуулгаас

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Эмийн хордлогод орсон хүүхдүүдийн биеийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ

Фенобарбиталд хордсоны улмаас ЭХЭМҮТөвд эмчлүүлж буй хүүхдүүдэд мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх, мөн эмийн аюулгүй байдлыг хангах талаар удирдлага менежментийг сайжруулах ажлын хэсгийг ЭМЯ-ны дэд сайдаар ахлуулан  байгуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүд хуралдаж, зарим асуудлыг хэлэлцсэн байна.

 Ажлын хэсгийн нарийн бичиг Ц.Адьяахоролоос энэ талаар  тодрууллаа.

 “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдэд мэргэжил аргазүйн тусламж үзүүлэх, эмийн зохисгүй хэрэглээнээс гарч болох эрсдлээс ард иргэдээ хамгаалах арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан. Түүнчлэн 2014 оны 08 дугаар сарын 12-нд тус ажлын хэсгийн ахлагч эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ЭХЭМҮТ-д очиж, эмэнд хордсоны улмаас эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй нь уулзлаа. Ингээд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, хүүхдүүдийн биеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудлаар хэлэлцсэн. Мөн дэд сайд Ж.Амарсанаа ийм алдааг дахин давтахгүй байхыг анхааруулж, уг алдаанаас сэргийлэхийн тулд цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө гаргахаар болсон юм. 

  Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн биеийн байдлыг байнгын хяналтад байлгаж, тусламж, үйлчилгээний тасралгүй бэлэн байдлыг ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөөг шуурхай өгч ажиллахыг Эрүүл мэндийн сайдын 262 дугаар тушаалаар холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг болгосон. Мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг асуудалтай холбоотой гарсан алдаа, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн юм” гэлээ.

  “Монос эх нялхас” эмийн сангаас “Фенобарбитал” эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг хэрэглэгчдэд том хүний тунгаар андууран өгч мэргэжлийн ноцтой алдаа гаргасан хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон. Тухайн өдөр эмийн хордлогонд орсон нэг нярай ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн бөгөөд эмчлэгч эмч А нь нэн даруй тухайн эмийг худалдаж авсан “Монос эх нялхас” эмийн сантай холбогдсон байна. Тэрээр уг эмийг өндөр тунгаар авсан өөр ийм тохиолдол байгаа эсэхийг нягталж, эм худалдан авсан 23 хүн байгааг тогтоосон бөгөөд улмаар тус эмийн сангийн ажилтнуудын тусламжтайгаар эм худалдан авсан хүмүүстэй холбогдож яаралтай ЭХЭМҮТ-д ирж, хяналтад орохыг зөвлөсөн байдаг. Үүний дагуу “Фенобарбитал” эмийг хэрэглэж эхэлсэн 16 хүүхдийг 09-ний өдөр ЭХЭМҮТ-д тусгай тасаг гарган хэвтүүлж, хяналтад авжээ. Харин үлдсэн 7 хүүхэд нь тус эмийг хараахан хэрэглэж эхлээгүй байсан тул эмнэлэгт ирэх шаардлагагүй гэж үзсэн байна.

 Өнөөдрийн байдлаар эмийн хордлогод орсон 14 хүүхдийн биеийн байдал бага багаар сайжирч хөхөө хөхөж, цовоо болж эхэлсэн тухай мэдээлэл байна. Мөн 2 хүүхэд нь угжинд орж, нийт хүүхдийн унталтын байдал багасч байгаа аж. Тухайн нөхцөл байдлыг мэдэгдсэн даруйд ЭМЯ-ны холбогдох хүмүүс үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар өнгөрсөн Ням гарагт ЭХЭМҮТ-д ажилласан.

 Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, эмэнд хордсон нярай хүүхдүүдэд ЭХЭМҮТ-ийн эмч нар яаралтай арга хэмжээ авснаар нөхцөл байдлыг хүндрэхээс сэргийлж, хүүхдүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалсан нь сайн хэрэг боллоо гэдгийг хэлж байв.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга Япон Улсын Нийгата хотын орлогч даргыг хүлээн авч уулзлаа

Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил”  сэдвийн дор Улаанбаатар хотноо болж байна. Тус форумд зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд форумын үеэр нийслэлийн Засаг дарга Япон Улсын Нийгата хотын орлогч дарга ноён Хамада Эйжи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Хамада Эйжи “Юуны өмнө биднийг энэ хүндэтгэлтэй томоохон үйл ажиллагаанд урьж, оролцуулсан танд талархал илэрхийлье. Зүүн хойд Азийн эдгээр улс, хотын удирдлагууд  нэг хотод хамтдаа үйл ажиллагаандд оролцох нь ховор байдаг. Харин Улаанбаатар хотын Захирагч таны урилгаар ийнхүү уулзаж, хөгжлийн бодлогоо тодорхойлж, ярилцаж буй нь энэ бүс нутагт та болон танай хотын найрамдалт харилцаа, нэр хүнд сайн байгаагийн илрэл” гэдгийг онцлон хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бидний урилгыг хүлээн авч, Найрсаг Улаанбаатар хотод зочилж байгаад таатай байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх үзэл баримтлалын хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэхүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр боловсруулсан юм. Тиймээс ч бүрэн хэрэгжих нөхцөл байдлыг сайтар судалж, боловсруулсан гэж бид үзэж байгаа. Харин уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, бие биенээсээ суралцан ажиллах шаардлагатай гэж үзэн энэхүү форумыг зохион байгуулж байна. Форумд оролцогчид цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар-Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоолоо

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотноо  болж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд БНХАУ-ын Бээжин,Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар хотын орлогч дарга тэрүүтэй 20 гаруй төлөөлөгч оролцож байна. Форумын хүрээнд Улаанбаатар-Бээжин хотууд ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНХАУ-ын Бээжин хотын орлогч дарга Ноён Чэнь Ган гарын үсэн зурсан юм. Хоёр хот нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг талууд онцолсон. Үүний эхлэл болж, нийслэлийн Засаг даргын санаачилгаар ирэх 9 дүгээр сард Бээжин хотод Монголын үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах  үзэсгэлэн худалдааг хотын захиргаа зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүү, найрамдалт харилцаатай ажилладаг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Бартаат замын “ХАНХҮҮ”

“Сайн байна уу” гэсээр нүдээрээ инээсэн туранхай бор залуу хаалга тайлж өглөө. Тэрээр орноосоо босоод удаагүй бололтой “Та нарыг хүлээгээд сууж байлаа” гэсээр угтав. Өглөөний 09.00 цагийн үед “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн зочныд яаравчлан очсон нь энэ. Түүнийг олон улсын хэмжээний мастер, Монголоос төрөн гарсан Ази тивийн  анхны аварга Э.Халиунболд гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ нэрийг сонсмогц уншигч түмэн мото спортын Халиука гэдгээр нь андахгүй биз ээ. Учир нь тэрээр Монголд мото спортын ямар л тэмцээн уралдаан болно тэргүүн байрт л ордог тамирчин. Зөвхөн Монгол гэлтгүй гаднын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргаж мотоциклийн бартаат замын уралдаан буюу мото кросс төрөлд манлайлагч нэгэн билээ. Түүний аав Ш.Эрдэнэбилэг, ах Ууганбаяр гээд гэр бүлээрээ мото спортын Монголын нэртэй тамирчид. Тиймээс энэ удаа хурдны хаадынд ийн зочилсон хэрэг. Э.Халиунболд “Олимп” хотхонд хоёр өрөө байранд ганцаараа амьдардаг юм байна. Харин биднийг очих үед аавындаа байсан юм. Гэрийн эзэн Ш.Эрдэнэбилэг хөдөө ажлаар авсан гээд эзгүй байлаа. Харин Халиукагийн ээж Н.Энхжаргал  мэнд мэдээд цай унд авчрахаар гал тогооны өрөө рүү орж харагдав. Халиунболд эхээс гурвуулаа. Түүний ахыг олон улсын шүүгч, нэгэн үе мотоциклийн бартаат замын уралдаанд өмнөө тамирчин оруулдаггүй байсан Ууганбаяр гэдгийг спорт сонирхогчид мэднэ. Тэрээр гэр бүлээсээ өрх тусгаарласан ч биднийг очих үед ирсэн байв. Харин эгч Ундраа нь Японд амьдардаг ажээ. Зочны өрөөнд нь дүүрэн цом, өргөмжлөл, медаль харагдана. 

Энэ бол аавынх нь амжилт. Харин хоёр хүүгийнх нь өөрсдийнх нь гэрт байдаг гэнэ. “Манай харчуул бүгд мотоцикльд хоббитой. Охин маань энд байхдаа хүртэл мотоцикль сонирхдог байлаа. Харин эгч нь мотоцикль сонирхох нь битгий хэл айгаад араар нь ч сундалж явдаггүй”  хэмээн эзэгтэй Н.Энхжаргал хөөрөлдөв. Н.Энхжаргал нөхөр, хоёр хүүгийнхээ уралдааныг үзэхээр олон ч тэмцээн уралдаанд дагаж явдаг байсан гэнэ. Уралдааны замыг нүдээр харах, биеэр туулах хоёрын хооронд тэнгэр газар шиг л ялгаа байдаг талаар тэрээр ярив. Энгийн хүн уралдааны бэлтгэсэн замаар хэд алхаад л цуцаж, энхэл донхол руу нь хөл алдаж гишгэхээс эхлээд үнэхээр хэцүү гэдгийг тэрээр ярив. Хэдий өөрөө сонирхдоггүй ч нөхөр, хүүхдүүдээ дэмжиж, ар талын албыг нь сайн авч явдаг “фэн” нь гэсэн. Хоёр хүү нь ээжийгээ хамгийн сайн хөгжөөн дэмжигч гэж магтах аж. Ууганбаяр, Халиунболд хоёр ч мотоспорт бол хамгийн эрсдэлтэй, хурд хүч, тэсвэр тэвчээр шалгасан хүнд спорт гэдгийг хэлж байлаа.

ААВД НЬ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ ТОХИОЛДСОН Ч ХӨВГҮҮДИЙГ МОХООСОНГҮЙ 

Энэ гэр бүл удмаараа мото спортын тамирчид гэдгийг дээр хэлсэн. Учир нь Эрдэнэбилэгийн аав Шагдарсүрэн анхны мото спортын клубийг Сэлэнгэ аймагт үүсгэн байгуулж байсан түүхтэй. Мото спортод төрсөн түүний шавь хүү Эрдэнэбилэг, гавьяат тамирчин Баасанжаваас эхлээд олон бий. Аавынхаа хоббиг өвлөж авсан Эрдэнэбилэг гуай 1990-ээд оны эхээр ёстой мото спортод шуугиулж явсан нэгэн. Тэрээр бүх ард түмний спартикиадын 16 удаагийн аварга төдийгүй авто машины “Батхүлэг” уралдааны анхны аварга юм байна. Мөн улсын дээд амжилт тогтоогч, авто машины олон улсын  уралдааны хүрэл медальт, Буриадын хошой аварга гээд түүний амжилтыг дурдвал нэлээд хэдэн хуудас цаас хөвөрнө. Эрдэнэбилэг 1996 онд дэлхийн цомын уралдааны гуравдугаар байранд явж байгаад хүнд бэртэл авч тэргэнцэрт насаараа суух болсон билээ. 

Энэ аймшигт явдлыг эргэн дурсвал дэлхийн цомын мастер раллид уралдаж явсан Эрдэнэбилэг Францаас Монголын нутгаар дамжин уралдах үедээ осолдсон юм. Үүнийг тэрээр “Замын ялихгүй бартаанаас болоод гэмтсэн. Энэ уралдаан миний сэтгэл зүрхнээс хэзээ ч арчигддаггүй” хэмээн ярьсан байдаг. Энэ бол хурдны хаадын гэр бүлд тохиолдсон хамгийн аймшигт явдал. Түүнээс хойш ээж нь хоёр хүүгээ уралдах бүрт сэтгэл нь байнга зовних болжээ. Гэхдээ гэнэтийн тохиолдсон явдал энэ гэр бүлийг мотоциклиос хөндийрүүлж чадаагүй юм. Хоёр хүү нь аавынхаа хүслийг гүйцээхээр уралдсан уралдаан бүртээ түрүүлж байсан нь Эрдэнэбилэгийг их спортдоо эргэн ирэх шалтгаан болсон юм. Одоо Эрдэнэбилэг Техник спортын төвийн мото спортын ахлах дасгалжуулагчаар ажиллаж Монголын мото спортын үе үеийн тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа. “Аавынхаа ослоос болоод ч тэр үү өөрийг тань раллид уралддаггүй, зөвхөн мото кросс төрөлд уралддаг гэж хүмүүс яриад байдаг” гэж асуухад “Яг ч тэгж ойлгож болохгүй. Миний сонирхол бол мотоциклийн бартаат замын уралдаан. Мэдээж нас ахиад ирэхээрээ Дакар раллид уралддаг Батболд, Болдбаатар ах нарынхаа араас орох байх” гэв. Батболд, Болдбаатар нар бол Дакар раллид уралддаг Монголын шилдэг тамирчид юм.

АХЫГАА ГАДАГШ ЯВСАН ХОЙГУУР МОТОЦИКЛИЙГ НЬ УНАЖ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЖЭЭ 

Ах дүү хоёр хоорондоо яг л найзууд шиг дотно юм. Ахыгаа үг хэлэхэд Халиука ихэд хүндэтгэн хүлээж авна. Төрсөн ах дүү, тэгээд адилхан мото спортын хоббитой, олон улсын хэмжээний тамирчид. Ууганбаяр “Аав бид хоёрын эдэлж хэрэглэж байсан зүйлс гараашид байгаа. Нэг их хэрэглэхээ байсан. Харин Халиукагийнх л гэрээр дүүрэн байна даа” гээд инээв. Халиунболдын аав, ах нь мотоциклийн хорхойтнууд байсан учраас аль бага байхаасаа л тэрээр мото спортод хөл тавьсан нь тодорхой. Өдгөө Халиука 25 настай. Түүнийг ах нь “Манай дүү дөрвөн настайдаа л мотоцикль унаж сурсан. Энэ нь Монгол Улсад бага болон өсвөр насны хүүхдүүд мото спортоор хичээллэх үндсийг тавьснаар зогсонги байдалд ороод байсан Монголын мото спортын үсрэнгүй хөгжлийн суурь нь болсон төдийгүй тив, дэлхийн топ тамирчид төрөн гарах үндэс болсон” гэж ирээд л дүүгээрээ бахархаж байгаа нь нүдэнд нь тодроод ирнэ. Ууганбаярын хувьд дүүгийнхээ өмнөх үеийн шилдэг тамирчин гэхэд болно. Тэрээр мото спортын мастер, мөн анхны олон улсын шүүгч, мотоциклийн бартаат замын уралдааны улсын аваргын мөнгө, хүрэл медальт, холын зайн ралли уралдааны улсын аваргын мөнгөн медальт, Сибирийн аваргын багийн хүрэл медальт төдийгүй   2000-аад онд авто машины төрөлд гурав, дөрвөн ч  удаа уралдаж хоёрдугаар байр болон шагналт байрт шалгарч байсан аж. Түүнчлэн эх орноо төлөөлөн Азийн аваргын уралдаануудад уралдаж байжээ. Харин тэрээр гадагшаа хэсэг хугацаанд явахаар болж уралдааныхаа мотоциклийг үлдээсэн гэнэ. Ахыгаа эзгүй хойгуур Халиука мотоциклийг нь унаж насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа уралдаж түрүүлжээ. Энэ бол 2003 он. Тэрээр 14 настайдаа улсын аваргад түрүүлэв. Энэ уралдаан түүнд урам зориг өгч мото спортод эргэлт буцалтгүй оржээ. Одоо харин ах, аав хоёр нь түүний хамгийн сайн дасгалжуулагчид. Ер нь бол гэр бүлээрээ Монголын мото спортыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс юм.

АМЖИЛТААР БЯЛХСАН ЗӨВХӨН ТҮҮНИЙ ОРОН ЗАЙ

Ингээд энэ гэр бүлийн их спортын түүхийг эргэн дурсах зуур нар хэвийж Халиука ч ажилдаа явах дөхлөө. Тэрээр ажилдаа ойрхон гээд “Олимп” хотхонд ганцаараа амьдардаг юм байна. Гэртээ хонодог ч аав, ээждээ дээрээ зав л гарвал очдог гэнэ. Ингээд ажлынхаа хувцсыг өмсөх ёстой гээд гэрийн зүг хөдлөв. Бид ч түүнтэй хамт гэрт нь очихоор явав. Цахилгаан шатанд сууж долоо гэсэн давхрын товчлуурыг дарлаа. Ингээд хаалгаар ормогц нэлэнхүйдээ цомоор чимэглэгдсэн өрөө өөдөөс угтлаа. “Хичнээн цом байгаа вэ. Аавынд чинь байснаас их юм аа” гэхэд “Тоогоо алдсан. Аав тавиур нэмж тавина гэсэн амждаггүй. Багтахгүй болохоор нь цонхон дээр өрчихсөн байсан юм. Та нарыг ирнэ гэхээр чинь энд өрөөд тавьчихлаа” гээд нүдээрээ инээв. Түүний амжилтыг зөвхөн өрсөн цомоос нь харахад л тодорхой. Тавиур дээгүүр битүү өрж, гал тогооны шүүгээн дээгүүр үргэлжлүүлэн өрөөд, багтахгүйг нь шалан дээр жирийтэл тавьсан байв. Эдгээр цомыг хараад түүгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Харин тэрээр их даруухан инээмсэглэж цомуудаа тэдэн онд, тийм тэмцээнээс авсан хэмээн тайлбарлах аж. 

Ганцаараа байдаг болоод ч тэр үү энэ гэрт зөвхөн түүний л гэх эд зүйлс харагдана. Тэрээр мотоциклийнхоо хажуугаар төрийн албан хаагчийн үүргийг гүйцэтгэдэг аж. Тэмцээн уралдаангүй үедээ бусад залуусын л адил ажлаа хийнэ. Тэрээр ЦЕГ-ын Төрийн хамгаалалтын тасагт цагдаа зохицуулагч ажилтай. Төрийн тусгай айлчлалын үеэр хамгаалалтад зогсоно гэсэн үг. Энгийн үед замын хөдөлгөөнийг зохицуулна. Энэ ажилдаа ороод нэлээд удаж байгаа юм билээ. Цагдаагийн малгайгаа ихэд хүндлэн тавиур дээр тавьсан харагдав. Тэрээр Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамт олны өмнөөс мото кроссын төрөлд уралдаж хошой алтан медаль хүртэж байсан юм байна. Ажлын хамт олон нь түүнийг аливаа тэмцээний үеэр их дэмжиж ажилладаг талаар тэр ярив. Ам нээх бүртээ л мотоциклийн талаар ярих аж. “Түүнээс найз охинтой юу” гэж асуухад жаахан ичингүйрч “Байгаа. Мото спортод 30 наснаас хойш уралдахад зохимжгүй. Одоо надад тавхан жил л байна. Энэ хугацаанд өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх бодолтой байна. Харин дараа нь гэр бүлээ төлөвлөх байх” гээд аядуухан хэлэв. Ярианаас  нь  хүсэл тэмүүлэл, эрч хүч сонсдох мэт энэ залуу өнгөрсөн хугацаанд Монголын мото спортын түүхэнд олон амжилтыг эвдсэн аж. Тухайлбал, мотоциклийн бартаат замын төрлөөр Монгол Улсаас төрөн гарсан анхны Ази тивийн аварга, Ази тивийн аваргын таван мөнгөн медаль хүртсэн,  Монгол Улсын  хамгийн залуу, хамгийн олон удаагийн улс, хот, спартакиадын аварга, анхны өсвөрийн тамирчин, анх Монгол улсаас Дэлхийн аваргад өрсөлдсөн тамирчин, АНУ-ын аваргад анх уралдсан, суперкросс төрлөөр анх дэлхийн аваргад уралдсан ба Монгол улсаас анх мэргэжлийн тамирчин болсон гээд л хөвөрнө. Одоо тэрээр Монголын автомото спортын холбооны шигшээ баг, Техник спортын төв, “Монголын үндэсний авто мото спортын клуб”-ийн тамирчин билээ. 

Э.Халиунболд хамгийн анх 2001 онд Ази Номхон далайн орнуудын АШТ-ий өсвөрийн ангилалд  V байрт орсон бол хамгийн сүүлд Орост болсон Дорнод Сибирийн уралдаанаас хошой медаль хүртжээ. Сүүлийн тэмцээнээс хүртсэн хоёр цомоо сонирхуулангаа уралдааны үед тохиолддог эрсдлүүдийн талаар яриагаа үргэлжлүүлэв. 

2000-2014 он хүртэл тасралтгүй улсын аварга болсон цом өрөөстэй харагдана. Нэг хэсэг тэрээр төрөлдөө өрсөлдөгчгүй байсан учраас олон улсын тэмцээнд орох бэлтгэлээ ганцаараа хангадаг байсан гэнэ. Одоо харин шинэ залуу тамирчид гарч ирсээр байгаа аж. Хэдий шилдэг нь ч “Гараанаас гарч байгаа тамирчид бүгд миний өрсөлдөгч” хэмээн даруухан загнах. Мото спорт эрсдэл өндөртэй хүнд спорт учраас тэр болгон хүмүүс хичээллээд байдаггүй бололтой. Бас өртөг өндөртэй. Хананд өлгөсөн жааз руу зааж “Энэ миний хамгийн анх өмсч уралдсан хувцас. Одоо уралдааны арав гаруй хувцастай болсон” гээд хувцасны шүүгээнээсээ нэг өмд гаргаж ирлээ. Уг өмд хэсэг газартаа түлэгджээ. Учрыг асуувал олон улсын уралдааны үеэр мотоциклийнхоо янданд түлчихсэн гэнэ. Уралдааны үед осолдсон тохиолдолд мотоцикльдоо дарагдах, янданд нь түлэгдэх энүүхэнд гэнэ. Уг нь гаднын уралдаанд очоод мотоцикль түрээсэлж уралддаг болохоор нэг их эвдрэл гараад байдаггүй аж. Учир нь олон улсын нэртэй уралдаанд очиж уралдахдаа заавал мэргэжлийн мотоцикль түрээсэлдэг гэсэн. Дор хаяж 1500 ам.доллараар түрээслэнэ. Харин уралдааны шагнал тэрнээс ч баг байдаг гэнэ. Америкийн шагнал өндөртэй уралдаанд орж болох боловч өртгийг нь дийлдэггүй аж. Америкчууд асар үнэтэй, чанартай мотоцикль унадаг байна. Яагаад гэвэл мото спорт хөгжчихсөн оронд хамгийн сүүлийн үеийн мотоцикль худалдаанд хараахан гарч амжаагүй байхад л тамирчдадаа зориулаад нэмэлт тоноглол хүртэл хийгээд аваад өгчихсөн байдаг аж. Нэг удаа Халиунболд дэлхийн аваргад уралдах үед түүнийг Америкийн тамирчин хараад “Чи наад мотоцикльтойгоо уралдаж үхэхээр шийдээ юу” гэж ихэд гайхаж байжээ. Тэд бол мото спортод юугаа ч хайрлахгүй, бас боломжийн амьдралтай хүмүүс байдаг ажээ. 

Харин манай тамирчид нэг тэмцээнд орохын тулд дунджаар 50 сая төгрөг хэрэгтэй болдог. Энэ мөнгийг мото спортыг дэмждэг “Алтай констракшн” зэрэг компаниас гаргадаг гээд тусалж дэмждэг ах нартаа баярласнаа илэрхийлэв. Энэ мэт мото спортын эргэн тойрон дахь сонин хачныг ярих зуур түүнээс хэдэн мотоцикльтойг нь асуусан юм. Тэрээр 6000-7500 ам.долларын үнэтэй хоёр уралдааны зориулалтай мотоцикльтой аж. 

Түүний утас дуугарав. Сүүлийн үед дугуй сонирхох болсон гэнэ. Амралтын өдрүүдэд найзууд нь дугуй уная гэж утсаар ярьсан бололтой.  Арван жилийн хэдэн хүүхдүүд түүнийг танихгүй дугуй унахыг нь хараад “Та чинь харин овоо дугуй уначихаар ирээдүйтэй харагдаж байх чинь” гэж ёжлоод авчээ. Тэрээр “Би ч хөөрхөн хэдэн багш нартай болсон шүү” гэв. Ингээд түүний ажилдаа явах цаг болж бид ч төрийн ажил цалгардуулахгүйн тулд өндөрлөв. 

Дашрамд дурдахад манай тамирчин дэлхийн долоон удаагийн аварга тамирчныг эгнээндээ нэгтгэсэн “AXO” брэнд, Италийн “SURFLEX” брэндийн АНУ дахь нүүр царай тамирчин болоод амжжээ. Мөн Японы “Dirt Freak” компанийн нүүр царай тамирчин юм байна. 

 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улстөржиж жүжиглэхгүйгээр долларын ханшаа л буулгачих

Зуны налгар цагт хэн хүнгүй амарч, УИХ-ын эрхэм гишүүд ч хууль ёсны амралтаа авч, хөдөө гадааг зорьжээ.  Гэвч Төрийн ордон эзгүй шахам байсан ч улс төр нам гүм байсан гэвэл ташаарал. Энд тэндгүй эдийн засгийн хямрал ярьж, улс орон сүйд болж байна гэцгээж  зуны  амралтанд хачир нэмцгээв. Улстөрчидтэй холбоотой, тэр дундаа Ерөнхий сайдын эргэн тойронд байгаа хүмүүсээс  хэл ам салсангүй. Үйлдэл болгоныг нь л буруутгах нь элбэг байна. Зунжин яригдсан гол сэдэв Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд, тэдний үйл ажиллагааны тухай шүүмжлэл, Ерөнхий сайдын ойр тойрныхныг хорьсон, идсэн ууснаар нь дуудсаар л өнгөрөв. Мөн Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайдыг унагах талаар ч хүний өөрийн нам, улс төрийн хүчнүүд байсхийгээд л мэдэгдэл, уриалга, сануулга өгсөөр байв. 

Үүнээс улбаатай ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай гэж МАН-ынхан хэвлэлийн хурал зарласан. МАН-ын генсек  Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүс сөрөг хүчнийг төлөөлж  УИХ-ын даргад хандаж мэдэгдэл гаргахдаа  долларын ханш өслөө,  улс орон хэцүүдлээ, Засгийн газрын тэргүүний асуудлыг авч хэлэлцэх шаардлагатайг дурдана лээ. Ерөнхий сайдыг ахлах зөвлөх Л.Гансүхийг хоригдож байхад нь Хууль зүйн сайдтай хамт очиж уулзлаа гэсэн нь тэдний гол буруутгал байсан юм.  Энэ нэг их сүр  бадрааж гайхаж, цочоод  байх зүйл биш. Сөрөг хүчнийхэн иймэрхүү мэдэгдэл хийж л байдаг. Тэрний зоргоор, зөвлөхөө эргэлээ гэж ээлжит бус чуулган хуралдуулж суухаар тэнгэрт хадаад байгаа долларын ханшаа буулгах талаар хуралдаж  байвал болох юм. Түүнээс биш  зөвлөхөө эргэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авч  хэлэлцэх гэж хуралдаад ямар ч хэрэг байхгүй. 

УИХ-ын ээлжит  бус хуралдааныг хуралдуулах сонирхол зөвхөн сөрөг хүчин гэлтгүй  АН-ын зарим гишүүдэд ч байгаа. Тэдний төлөөлөл болгож гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын даргад уриалга  хүргүүлсэн.  Гэхдээ тэдний саналд валютын ханшийн өсөлт, инфляцийн түвшин улсын нийгэм эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх нь нэмэгдэж байгааг дурдаад, ээлжит чуулганыг хүлээлгүй эдийн засгийн хямралыг давах асуудлыг хэлэлцэх шаардлагатайг дурдсан байна лээ.  Эдийн засаг сайжруулах талаар, долларын ханш буулгах тухайд хуралдвал болж байна. Харин ээлжит нэгэн улс төрийн жүжгийг  тавьж, сандал ширээ албан тушаалаа булаацалдаж,  хэмлэлдэх, эсвэл шоронд байгаа зөвлөхөө эргэлээ хэмээн загнах гэж байгаа бол ээлжит бус чуулган хуралдах шаардлага байхгүй.  

Ээлжит бус чуулганы талаар УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, гишүүд өөр өөр байр суурьтай байгаа. УИХ-д суудалгүй намууд ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хэлж байгаа ч тэд эдийн засаг хямраад байхад Ерөнхий сайд огцрох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Чуулган хуралдуулах шаардлагатай гэсэн есөн үндэслэл гаргаад тавьж. Тэр ч бүү хэл Хятадын удирдлагыг ирэхээс өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг яаран шийдэх ээлжит бус чуулган хуралдах хэрэгтэй гэж шаардаж буй.

Зарим нь ийм байр суурьтай байхад  нэг хэсэг нь ээлжит  бусаар хуралдах шаардлагагүй гэж үзэж байна. УИХ-ын  гишүүн Д.Арвин “Чуулган ямар үед хуралдаж, гишүүд хэзээ амрах нь хуульчлагдсан. Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэнэ гэж Засгийн газар асуудлаа өргөн барьсан бол  ээлжит бусаар хуралдаж болох юм. Түүнээс өөрөөр ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй. Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын асуудал бол өөр. УИХ шүүх байгууллага биш” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар нар мөн л “Засгийн газраас хэлэлцэх асуудал оруулж ирээгүй, төсвийн тодотгол хэлэлцье гээгүй байхад ээлжит бус чуулган хуралдуулах хэрэг байхгүй, юу хэлэлцэх вэ гэдгээ бодолцох ёстой” гэсэн байр суурьтай байна. Харин БНХАУ-ын дарга айлчлахтай холбоотой хүндэтгэлийн чуулган ирэх 22-нд болох юм.   

АН эрх барих бүртээ эв эвдэж хэрүүл тэмцэл, албан тушаалын сонирхлоосоо болж  дотооддоо эе эвдрэхэд өөр намд ашиг ирнэ үү гэхээс ард түмэнд сайнаар наалдаж байсан түүх үгүй. Мөн өөрийнх нь намд ч энэ нь дандаа муу үр дагавар авчирч байсан. Энэ чигтээ АН-ынхан хэдэн тийшээ хараад суучихвал дараагийн сонгуульд ялна гэж байхгүй.  Сөрөг хүчин сөрөг үйлдэл хийх шаардлагагүйгээр АН өөрсдөдөө унах нүхээ бэлдчихнэ гэсэн үг. Дандаа бусдын аманд орж,  өөрсдөдөө унах шалтгаан бий болгодог. Гэвч АН-ын эв түнжингүй байдал, фракцуудын зөрчилдөөн нь энэ удаа ч давтагдаж, дотооддоо зөрчилдөж эхэлсэн нь   нэгэнт ил тодорхой мэдэгдэх болсон. Өргөн нарийн, цариг, өшөө авалтын улстөржилт хэрээс хэтэрлээ.  Зуны налгар цагт  АН-ын дотоод зөрчил, улс төрийн гадаад хүчин зүйл, эдийн засгийн хямралтай зэрэгцээд нийгмийн амьдралыг налайлгасангүй.  Засаг барьсны маргаашаас л  эе эвдэрч эхэлсэн гэхэд нэг их буруутахгүй байх.  Одоо ингэж суухын оронд эдийн засгаа хамтдаа яаж босгож ирэх талаар ярилцаж нэг шийдвэрт хүрмээр байгаа юм.  

Ер нь үеийн үед аль засаг төр барьсан эрх баригчдыг бүгд л шүүмжилдэг. Ялангуяа Монголд энэ бол тогтчихсон ойлголт.  Хэзээ хойно хэн нэгэн Ерөнхий сайд, аль нэг эрх баригчтай харьцуулж байж л  жинхэнэ үнэлэлт дүгнэлт гарч ирдэг.   Шүүмжиллээ гээд айж,  гайхаад байх  зүйлгүй. Энэ засгийг огцрууллаа гээд дараа нь хэн ч гарлаа гэсэн өргөс авахын дайны эдийн засаг сэргэчихнэ гэж байхгүй. Эдийн засаг хүндхэн, долларын ханш өсөөд айл бүрийн амьдралд энэ нь нөлөөлж байгааг хэн ч мэднэ. Амтай болгон л  толгой сэгсрэн шаагилдаж байна.  Одоо асуудлын гол нь энэ л болохоос Н.Алтанхуяг болоод түүний танхимын гишүүд биш. АН-ынхан одоо л ширээ тойрч суугаад хүндхэн байдлаас хэрхэн гарч, хөрөнгө оруулагчдыг цаашаа явсан сэтгэлийг нааш хандуулахгүй бол Н.Алтанхуяг  ба түүний нөхдийн асуудлыг хэлэлцэж, зөвлөхөө эргэснээр нь улс төр хийж байх зуур цаг хугацаа яваад байна.  Н.Алтанхуягаа унагаж, дараагийн засгийг байгуулж эмхлэх гэсээр байтал ард түмэн, улс орон чинь хэцүүдэх гээд байна. Та нарын хэрүүл тэмцэл, албан тушаалын маргааныг хүлээж  буурдаг доллар гэж юу байхав.  Ахин хэлэхэд яг одоогоор долларын ханштай л ноцолдож, эдийн засгаа өөдлүүлж, улс орноо аврахаа  бод.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Замын цагдаа нар үйлчлүүлэгчдээ загнахаа болиоч!

Замын цагдаагийн эргүүлийн машинаас чанга яригчаар загнаж байна аа. “Хөөе, чи хөдлөөд өгөөч…тэд дугаар аа” гээд л захирангуй дуугаар хашгирав. Заримдаа үүнээс ч бүдүүлгээр захиран тушааж байгаатай нийслэлчүүд нэг бус удаа таардаг.  Ихэнх замд бөглөрөл ихтэй, зам чөлөөлөх шаардлага тулгарсан, бачим асуудал ихтэй зэрэг зовлон байж болно л доо. Гэхдээ чанга яригчаар нэг бус нэг хэсэг хүнд хүрдэг учраас  олон хүнд хүрч байгаа мэдээлэл гээд тодорхойлчиход буруудахгүй. Тийм учраас замын цагдаагийн  уур цухал тэртэй тэргүй асуудалтай нийслэлийн замын стрессийг нэмж орхино. Зүй нь  ….. дугаарын жолооч та (чи биш шүү)  тийшээ ийшээ эргэнэ үү гээд  хүсэх, зөвлөх  маягтай ярьж болно оо доо. Замын цагдаа гэхээр хэн нэгнийг загнаж зандрах эрх авсан этгээд биш шүү дээ. Замын хөдөлгөөнийг зохицуулж буй үйлчилгээний ажилтнууд. Тийм учраас үйлчлүүлэгчидтэйгээ зөв, зохистой харьцах учиртай. Социализмын үеэс явж ирсэн загнаж зандарсан байдалтай харьцдаг хандлага амь бөхтэй юм аа. Социализмын үед үйлчлүүлэгч гэж байсангүй. Хөдөлмөрчид л гэж байсан. Хөдөлмөрчдийг  цагдаа нар төрийн нэрийн өмнөөс загнаж, зандарч “хүмүүжүүлж” болдог байсан байх л даа. Харин одоо бол огт өөр нийгэм. Цагдаа төрийн мөнгөөр биш, загнаж зандраад байгаа татвар төлөгчдийнхөө мөнгөөр цалинждаг хүмүүс. Харилцаа, хандлагаа өөрчлөөч.

Б.ЯНЖМАА