Categories
мэдээ нийгэм

Энэ сард долоон түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт энэ сарын 19-нд ойн түймэр гарсан тухай мэдээллээр аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид өчигдөр түймрийн голомт руу явсан байна. Түймрийн голомт Цагаан-Нуур сумаас 70 км-ын зайд зайтай, автомашинаар явах боломжгүй хөвч тайга юм байна.

2014 он гарсаар улсын хэмжээнд 16 аймгийн 66 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Үүнээс долоон түймэр нь энэ наймдугаар сард гарчээ. Намрын хуурайшилтын улирал, самар жимсний улирал эхэлж байгаа энэ үед иргэд аялал зугаалгаар явах, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Миссури мужид бас нэг хар арьстныг буудан ороожээ

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод эсэргүүцлийн цуглаан үргэлжилсээр 10-аад хонолоо. Гэтэл өчигдөр Фергюсон хотын ойролцоо жагсаал болж байгаа газар  цагдаа нар бас нэгэн хар арьстан залууг буудан хороожээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр талийгаач дэлгүүр тоносон хэрэгт сэжиглэгдэж байсан гэнэ. Түүнийг саатуулах үед цагдаа руу хутга барьж дайрсан тул аргагүй хамгаалалт хийж зэвсэг хэрэглэсэн аж.

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засаг солигдож, УИХ-ыг МАН удирдаж, Засгийг З.Энхболд удирдах уу

Нэлээд эртнээс л Засгийн газрыг огцруулах тухай яриа эхэлчихсэн. Одоогийнх шиг айхтар эрчимжээгүй байсан ч энэ зун  Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах тухай үйл явдал, ил далд их л өрнөлөө. Х.Баттулга, З.Энхболд тэр бүү хэл Ерөнхийлөгч ч нэг талд гарч, харин Н.Алтанхуяг энэ удаа ганцаардаж эхлэв бололтой. Х.Баттулгын хувьд Н.Алтанхуягт дургүйцэх  нь олон нийтэд илэрхий болсон. Засаг дөнгөж байгуулагдахад Одоогийн Засгийн газрын тэргүүнд нэлээд нааштай хандлагатай үг хэлэх болсон ч тэдний энэ найрсал тийм ч удаан үргэлжилсэнгүй асуудал дахин хурцдаж  эхэллээ. Гэнэт л сайшаалын үг хэлж эхэлсэн Х.Баттулга дахин Н.Алтанхуягтай муудаж  өөрийнх нь захиалж, продюсероор ажилласан гэх нэвтрүүлэг нэг хэсэгтээ л хэл ам татлав. Өргөн, нарийн царигийн асуудал  дээрх хоёрын дахин муудалцах шалтгаан болсон бололтой. Үүнээс хойш л Засгийн газрыг огцруулах далд яриа хөөрөө энд тэндгүй өрнөж, сүүлдээ энэ нь зарим хүнийг баривчлах, ажлаас нь халж солихоос эхлээд өрнөлттэй болж ирэв. Зөвлөх Л.Гансүхийг нь “Нүүрс” хөтөлбөрийн мөнгөнөөс завшсан хэмээн шалтаглаж барьсан нь Н.Алтанхуягт өгч буй сануулга гэх. Гэтэл Н.Алтанхуяг ч хариу бэлдэж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дайтаад байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлж орхилоо. Энэ хооронд тэртэй тэргүй асуудалд ороод, эрүүл мэндийн болон  улс төрийн шалтгаанаар ч Солонгосоос ирэхгүй,  намынхаа үйл хэргийг хилийн чанадаас удирдаж буй Н.Энхбаярыг дахин шалгахаар асуудал үүсчихээд байна. Энэ нь мөн л Шударга ёс бүлэгтэй  хамтарсан Засгийн газрын эсрэг буюу МАХН-ыг Засгаас гаргах гэсэн оролдлого гэж харж буй улс төрийн хүрээнийхэн олон байна. Н.Энхбаярыг барьж хоривол МАХН ч сандарч, Н.Энхбаяр ч уурлаж Засгийн газар огцрох нэг шалтгаан болно гэж тооцож байх магадлал бий. 

Мөн өнгөрсөн долоо хоногт Л.Гансүх хорихоос төрийн удирдлагуудад гараар бичсэн арав гаруй хуудастай захидал илгээснийг ихэд нууцалж буй. Энэхүү захидалд өөрийгөө болон Н.Алтанхуягийн охин, бас бус хүмүүс сэжиглээд байгаа хэрэгт огт хамаагүй, буруугүй болохыг нарийн задлан бичсэн гэж эх сурвалж хэлж байгаа. 

Энэ  хооронд Ардчилсан хүчний холбооны хурлаа бүсийн хэмжээнд хуралдуулж яваа бөгөөд хамгийн сүүлд зүүн бүсийн хурлын үеэр Буйр нуурын эрэгт УИХ-ын дарга тэргүүтэй улс төрийн хүрээний хэдэн нөхөд чамгүй төлөвлөгөө боловсруулсан гэх мэдээлэл түгжээ. Өөр нэг эх сурважийн мэдээллээр Их тэнгэрт фракцуудын төлөөллийг Ерөнхийлөгч дуудаж уулзсан талаар юм. Энэ уулзалт ирэх намрын улс төрийн гол зангилаа байж таарах магадлал бий. 

Эдийн засаг хүндхэн долларын ханш өсчихсөн, хөрөнгө оруулагчид нүүр буруулсан энэ үед Засгийн газарт бас нэг шүдний өвчин нь өөрсдийг нь огцруулах гэж зүтгээд байгаа улс төрийн элдэв  тоглолтууд болоод байна. Ядаж байхад Ерөнхий  сайдад гол тулгуур болох хүмүүс нь уртын амралт авч, Засгийн газрын хуралдаан хэрүүл шуугиан ихтэй болж, зарим сайд Н.Алтанхуяг руугаа хатуухан үг шидлээд сүйд болоод эхэлж. Энэ хооронд Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж хэлж байсан, МАН жигтэйхэн ухаантай уриалга гаргалаа.  Улс төрийн намуудад гаргасан уг уриалгад манай эдийн засагт нөлөө бүхий хоёр хөрш улсын төрийн тэргүүнүүд ирж байгаа нь  ихээхэн ач холбогдолтой тул улс төрийн намууд эв нэгдэлтэй байж, улс орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавихыг хүсчээ.  

МАН-ын энэ уриалга одоогийн нөхцөл байдалд зөв зүйтэй  цаг үеэ олсон юм. Гэнэт ингэж МАН улс орноо яагаад бодох болов. Эсвэл энэ нь ээлжит нэгэн улс төрийн  шоу юу. Нэгэнтээ С.Баярцогт гишүүн  МАН-тай хамтарч засаг байгуулъя гэж хэлснийг  “Намын албан ёсны байр суурь биш” гэж АН мэдэгдэж байсан билээ.  Нөгөө талаар энэхүү уриалгыг Н.Алтанхуяг МАН-д тал өгч дэмжлэг авахаар тохироо хийж гаргуулсан гэж байгаа бол өөр нэг хэсэг нь Ерөнхий сайдын эсрэг АН-ын зарим фракцын зүгээс “Засаг солигдохоор хамтаръя” гэсэн санал тавьж  МАН-тай тохирсноос үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Ямартай ч сөрөг хүчний найрсаг уриалгыг зүгээр нэг эх орноо бодсон алхам биш гэж тайлбарлах хүн олон байна.

Хэрэв Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газар огцорвол яах вэ. Энэ талаар ч мэдээллүүд хөвөрч байна. АН МАН хоёр хамтарч, УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд болж, түүний ажлыг МАН-аас хэн нэгэн хаших гэж тохирсон талаар улс төрийн хүрээний  нөхөд ярина лээ. Энэ мэтээр үргэлжилбэл төлөвлөгөө ёсоор ирэх намар улс төрийн үйл явдал  өдөр алгасалгүй өрнөх нь. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, шинээр байгуулагдах Засгийн газар МАН-тай  хамтрах магадлал бий болчихов уу.  

Д.ХҮСЛЭН  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Алтангэрэл: Бид хийсэн бүтээснээ ард түмэнд ойлгуулахдаа дутуу ажиллаж байна уу даа

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
П.Алтангэрэлтэй ярилцлаа.

-“Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцаж байна. Танай
яамны хувьд энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн бэ?

-Манай яамны хувьд боломжоо ашиглаад улсын эдийн засагт хувь нэмэр
болохуйц хоёр хуулийн төслийг энэ хугацаанд боловсруулан, Засгийн газраар хэлэлцүүлж,
нэгийг нь УИХ-д өргөн барихад бэлэн болголоо. Үүний эхнийх нь Бооцоот морин уралдааны
тухай хууль юм. Учир нь морин уралдааны эрхзүйн орчныг яаралтай бүрдүүлж чадах юм
бол маш их хэмжээний мөнгөний эргэлт бий болно гэсэн судалгаа гарсан. Дэлхийн хэмжээнд
энэ төрлийн спортоор хичээллэдэг, уралдаан зохион байгуулж, түүндээ их хэмжээний
бооцоо тавьдаг жишиг Хонконг, Ази чиглэлд олонтаа байна. Тиймээс хуулийг нь баталчих
юм бол эдгээр уралдаануудыг зохион байгуулдаг дэлхий нийтийн томоохон сонирхогчид
манай улсыг зорих нь гарцаагүй. Ер нь Монгол бол газарзүйн болоод морь уралдуулах
нөхцөл бололцооны хувьд маш боломжтой нутаг гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс
уг хуулийг боловсруулж өргөн барилаа. Зарим нэг хүмүүс ийм цаг үед юун морин уралдааны
тухай хууль гэх байх. Уг нь бол манай оронд тохирсон том эдийн засаг юм л даа. Хоёрт
гэвэл мөн л Монголын эдийн засагт том нөлөө үзүүлэх Казиногийн тухай хууль юм. Энэ
хуулийн талаар олон жил ярьсны эцэст төслийг нь боловсрууллаа. Өнгөрснөөс харахад
Казиногийн хууль өөрөө маш их маргаан дагуулдаг, ард түмний дунд өрөөсгөл уур амьсгал
бий болгосон байдаг. Тиймээс бид олон талаас нь судалж боловсруулсан. Мэдээж хянуур
хандаж байгаа. Ер нь казиног зөв голдиролоор нь ашиглаж чадвал Монголын эдийн засагт
бас нэг тулгуур болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. 

-Аялал
жуулчлалын улирал дуусч байна. Энэ хугацаанд салбар хариуцсан яамны зүгээс ямар
ажил хийв. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал манайд ирэх жуулчдад нөлөөлсөн
үү?

-Аялал жуулчлалын улирал дуусаагүй ээ. Монголд ирэх жуулчдын тоо
тогтвортой байгаа. Хэдийгээр дэлхийн эдийн засаг тийм ч таатай бус байгаа ч АНУ,
Япон, Европын орнуудаас ирэх жуулчдын тоо харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ өмнөх
жилүүдийнхээс тоон үзүүлэлтийн хувьд жаахан буурсан тохиолдол бий. Тэр нь хятад
ажилчдын визтэй холбоотой. Манай улсын болоод дэлхий нийтийн жишигт өөр улсын иргэн
нэг сараас дээш хугацаагаар виз аваад орж ирсэн тохиолдолд жуулчин гэж үздэг. Түүнээс
бус бодит жуулчдын тоонд өөрчлөлт гараагүй. Аялал жуулчлалын салбарт гарч байгаа
нэг том үзүүлэлт бий. Тэр нь дотоодын жуулчдын тоо эрс өссөн явдал. Бүр хоёр дахин
нэмэгдсэн байгаа. Энэ бол маш сайн үзүүлэлт. Дотоодын аялал жуулчлалын урсгал хаашаа
байна тэнд төрийн, хувийн хэвшлийн үйлчилгээ чанартай хүрч байх ёстой. Үүнд яамны
зүгээс онцгой анхаарч ажиллана. 

-Дотоодын
аялал жуулчлалын өсөлт нь нийгмийн амьдралын нэг талын үзүүлэлт гэж харж болох уу?

-Тухайн орны иргэдийн амьдралын түвшний гол үзүүлэлтийн нэг бол амрах,
жуулчлахад хэдий хэмжээний  хөрөнгө мөнгө,
цаг зав зориулж байгаагаар хэмжигддэг. Тиймээс дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн
байдал нь монголчуудын амьдрал сайн байна л гэсэн үг. Хэрэв тухайн өрхийн эдийн
засаг муу, түүнээ дагасан бухимдалтай байгаа бол юун аялж жуулчлах байхав дээ. Тиймээс
зарим нэг хүний муу амлаад байгаа шиг ард түмний амьдрал элгээрээ мөлхчихсөн гэх
ярианд аялал жуулчлалын салбар дахь энэхүү бодит тоон үзүүлэлт хариулт болно. Ер
нь бол аялал жуулчлалын салбарт Монгол Улс маш том зорилт тавьсан. 2016 он гэхэд
нэг сая жуулчин авна. Үүнийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд 2015 онд Берлин хотноо
болох Олон улсын үзэсгэлэнд манай улс түнш орноор оролцох гэж байна. Түнш орон гэдэг
бол өөрийгөө сурталчлах давуу эрхтэй. Уг үзэсгэлэнг сонгосон гол шалтгаан нь үзэсгэлэнд
дэлхийн 188 орны аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг 11 мянган аж ахуй нэгж
оролцож, нийтдээ 6.5 тэрбум еврогийн гэрээ хэлцэл хийгддэг. Мөн дэлхийн 400 гаруй
хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцдог. Ийм том үзэсгэлэнд Монгол Улс өөрийгөө сурталчлах
давуу эрх эдэлнэ гэдэг бол маш том боломж. Өмнөх тоон үзүүлэлтүүдээс харахад уг
үзэсгэлэнд түнш орноор оролцсон улсын жуулчдын тоо дараа жилээсээ 30 хувиар нэмэгддэг
гэсэн статистик байдаг юм билээ.

-Бүх
л зүйл болж бүтэхгүй байгаа мэт яриа хөөрөө дунд болж бүтэж байгаа хүний үг эерэг
сонсогдож байна. Манай улс соёлын салбартаа хэр ахиц дэвшилтэй байна вэ?

-Бид соёлын тухай хуулийг шинэчлээд дуусч байна. Аливаа салбарыг
хөгжүүлэхэд эрхзүйн орчин маш чухал. Шинэчлэлийн Засгийн газарт Соёл, Спорт, Аялал
Жуулчлалын Яам байгуулагдсанаар хийсэн нэг томоохон ажил бол Соёлын өвийн тухай
хуулийг батлуулсан явдал. Энэ хууль 1999 онд батлагдсан учир орчин үеийн шаардлага
хангахгүй болчихсон байсан. Аливаа улс үндэстнийг устгая гэвэл соёлыг нь устга гэсэн
үг бий. Харин уг хуулийг шинэчлэн батлуулснаар соёлын өвөө хадгалах, хамгаалах,
өвлүүлэх асуудлыг шийдэж чадсан. Хуучин бол маш олон соёлын өв хулгайгаар гадагш
гарч байсан. Их хэмжээний археологийн дурсгалууд уул уурхайн улмаас устгагддаг байлаа.
Энэ аюулыг хуулиар таслан зогсоосон. Яамны зүгээс 2013 онд хийсэн өөр нэг томоохон
ажил бол дэлхийн биет болон биет бус өвийн төлөөллийн жагсаалтад Монгол гэрийн уламжлалт
зан үйл, урлалыг бүртгүүлсэн. Нэн яаралтай хамгаалах биет болон биет бус өвийн жагсаалтад
уран бичлэгээ бүртгүүллээ. Одоо монгол шагайн харваагаа бүртгүүлэхээр шаардагдах
зүйлсийг нь өгчихөөд байна. Түүнчлэн дэлхийн өвд Бурхан халдун уул, Монгол дагуурын
газрыг бүртгүүлэхээр холбогдох материалаа бүрдүүлчихсэн, одоо дэлхийн өвийн хорооноос
мэргэжилтнүүд ирж газар дээр нь ажиллах л үлдээд байна.

-Ер
нь Соёл, спорт, аялал жуулчлал хариуцсан бие даасан яамтай болсны үр дүнг өнөөдөр
дүгнэж хэлэхээр хугацаа өнгөрлөө гэж бодож байна?

-Яам байгуулахдаа биеийн тамир спортыг бүх нийтэд нь хөгжүүлье гэвэл
нөхцөл бололцоог нь сайтар бүрдүүлж өгөх шаардлагатай гэж үзсэн. Тэгэхгүй бол тамирчид
маань байгалиас заяасан авьяасаараа л дэлхийн дэвжээнээс медаль авчирч байна. Үүнийг
системтэй, төлөвлөгөөтэй хөгжүүлэхийн тулд материаллаг баазыг нь бэлдэж өгөх ёстой.
Тиймээс ч нийслэлийн зургаан дүүрэгт биеийн тамир, спортын цогцолбор барихаар төлөвлөж,
ажлаа эхлүүлээд байна. Сонгинохайрхан дүүрэг гэхэд өнөө жил хүлээлгэж өгнө. Баянгол
дүүргийн ажил эхэлж байгаа. Бусад дүүргүүдийн хувьд 40-60 хувьтай явж байна. Мөн
аймгуудад усан бассейн, биеийн тамир спортын цогцолбор барих асуудлыг эхлүүллээ.
2016 он гэхэд эдгээр том бүтээн байгуулалтууд 
дуусна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил болоход манай салбарт
гэхэд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ийм томоохон ажлууд хийгдлээ, хийгдээд явж
байна. Өөр маш олон ажил хийгдсэн. Би зах зухаас нь дурдаж байна.

-Та
бол УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга байсан хүн. Өнөөдрийн улс төрийн орчинд
болж буй үйл явцын талаар өөрийн дүгнэлттэй л байгаа байх?

 -Ер нь АН-ын байгуулсан Засгийн
газар бүхэн өмнөх Засгийн газрынхаа хийсэн алдааг засах гэж өөрсдийн хамаг цагийг
барж муу нэр дуулдаг юмдаа. Бид хийсэн бүтээснээ, болж бүтэж байгаагаа нийгмийн
сэтгэл зүйд зөвөөр хүргэх тал дээрээ дутуу дулимаг ажиллалаа. Энэ л бидний алдаа
болоод байх шиг байна даа.

Т.ГЭРЭЛМАА           

Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Одоо Их хурал, Засгийн газар, Төв банк онцгой дэглэмээр ажиллах хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-УИХ-ын
гишүүд ам.долларын ханшаар улстөржөөд байх юм. Уг нь төгрөгийг чангаруулах арга
замын тухай яримаар санагдаад байна. 2009 онд 1700 төгрөгт хүрсэн ам.доллар сарын
дотор 1300 болсон түүх бий. Үүнд та өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу?

-Одоо манайхан эдийн засаг бодит хөрсөн дээрээ буулаа гэдэг зүйлийг
ярьж байна. Валютын ханшийн удирдлага гэж нэг ойлголт байдаг. Энэ үед “ханш уян
хатан чөлөөтэй тогтоно” гэдэг онолын үгийг хэлээд байж таарахгүй. Монгол Улсын валютын
ханшийн дэглэм бол зохицуулалттай хөвөх ханшийн дэглэм юм. Ихэнх орнууд валютын
ханшийнхаа зах зээлийг удирддаг. Интервенц хийнэ гэдэг нь байгаа валютаа тийш нь
хийгээд байна гэсэн үг биш. Ийм нөхцөлд валютын ханшийн талаар хэд хэдэн талаас
нь болгоомжтой ярих ёстой. Ханшийн зах зээл дамын хүчин зүйлүүдэд их эмзэг байдаг.
Тиймээс хамрын доор хагархай бий гэсэн шиг хамаагүй яриад байж болдоггүй. Энэ нь
өөрөө хүлээлтэд нөлөөлдөг зүйл. Өнөөдөр Төв банк дотооддоо сайн ажиллах хэрэгтэй.
Төв банкны зүгээс “тохируулга хийгдэж байна. Засгийн газар болохгүй байна. Хөрөнгө
оруулалт орж ирэхгүй байна” гэсэн зүйлийг хэлж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулалт,
экспортыг нэмэгдүүлэх талаар ажиллах ёстой л гээд байх юм. Хамгийн гол нь “яаж”
гэдгийг нь хэн ч хэлэхгүй байна. Төв банк ч гэсэн үүн дээр ажиллах шаардлагатай.
1994 онд батлагдсан Валютын зохицуулалтын тухай хуулинд валютын ханшийн бодлогыг
тодорхой илэрхийлж чадаагүй. Интервенц хийх арга, зорилго, түүний давтамж, яаж хийх
арга хэлбэрийг хуулиар зохицуулдаггүй юм аа гэхэд маш тодорхой бодлого байх ёстой.
Ханшийн эрсдэлээс хамгаалдаг механизмуудыг хийсэн байх хэрэгтэй. 2014 оны мөнгөний
бодлогод анх удаа үүнийг суулгаж өгсөн. Харамсалтай нь энэ талаар юм хийсэнгүй.
Мөн Төв банкны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах тогтвортой байдлын зөвлөлийн
тухай бий. Бусад орнуудад ч байдаг. Энэ мэтчилэн зөвлөлүүдийн чиг үүргүүдийг маш
нарийн тодорхойлох шаардлага бий.

-Ханшийг
яах ёстой вэ?

-Ийм үед ханш ингэж болноо гээд ярих нь учир дутагдалтай. Өнөөдрийн
ханшийн зах зээлийг харахад нэг нийлүүлэгчтэй нэлээд хэдэн хүлээн авагч буюу арилжааны
банкуудтай байна. Мөнгөний бодлогоор дамжуулан инфляцийг онилох бодлого хэрэгжиж
байгаа. Инфляцийг онилох бодлого ханшийн бодлого хоёр хоорондоо маш холбоотой. Энэ
талаасаа манайд дутагдал их харагдах юм. Бид бодлогын хүүг нэмчихээр валютын ханш
руу нөлөөлж ханшийн зах зээл дээрх тоглогчдын хүлээлт өөрчлөгдөнө гэж гэнэн бодож
яавч болохгүй. Ханшийн зах зээл дээр дамын хүчин зүйлсийн нөлөөлөх зүйл их байгаа
нь өдөр тутмын ханшийн өөрчлөлт, валютын дуудлага худалдааны нийлүүлэлт, эрэлт хоёрын
зөрүүг харах хэрэгтэй. Арилжааны банкуудын 2014 оны эхний хагас жилийн балансыг
үзэх ёстой. Түүнчлэн валютын гүйлгээний хяналтын асуудлыг сайжруулах шаардлага бий.
Ханшийн зах зээл дээр интервенц хийх зорилгоо тодорхойлохоос гадна ханшийн зах зээлийн
түвшинг бууруулах асуудлыг ярьж чадахгүй. Ханшийн хөдөлгөөний хурдацыг багасгах,
бууруулах тал дээр ажиллах боломжтой. Ханшийн сулралын үед инфляци өндөр болсон
ч ханшийн чангаралтын үед инфляци буурахгүй байна гэсэн олон улсын туршлага байна.
Манайх ханшийг шингээх чадвар байхгүй болчихсон. Энэ нь ганцхан Монголд болоод байгаа
юм уу гэхээр үгүй. Ханш туслах бодлогын хувьд зах зээл дээрх нөлөөлөл нь ханшаар
дамжиж инфляци нэмэгдэж байгаа үед ханшийн цочролыг шингээгч биш цочролыг үйлдвэрлэгч
генератор болоод хувирчихдаг.

-Үүнээс гарах ямар арга зам байна?

-Инфляцийг яаж тогтвортой байлгах
вэ гэсэн арга нь хувийн хэвшлийг золиослох замаар хийгдэх гээд байна. 2009 онд ч
гэсэн ингэж л байсан. Тэгсэн ч тэр нь тогтвортой байж чадаагүй. Заавал инфляцийг
нэг оронтой тоонд багтаана гэхээсээ илүү инфляци нийгэм, эдийн засгийг доргиохгүй,
аядуу түвшинд буюу хоёр оронтой тоонд байж болно. Хувийн хэвшлийн эргэлт сайн байх
шаардлагатай. Тиймээс бодлогын хүүг нэмээд ч хэрэггүй. Ханш дээр анхаарах зүйлийг
дахин хэлэхэд дамын хүчин зүйл, дотоод хяналтыг сайжруулах ёстой.

-Ам.доллараа хазааргүй алдсан энэ явдалд хэн буруутай бол.
Төв банк уу, Засгийн газар уу?

-Буруутныг хүнээс бүү хай. Ханшийн
бодлого, түүний эрх зүйн үндсийг 1994 оноос хойш бараг хөндөөгүй, санаачлаагүй УИХ хамгийн түрүүнд буруутай. 2014 оны мөнгөний
бодлогод урьд өмнө нь зөвхөн “уян хатан, чөлөөтэй тогтоно” гэж олон жил явсан заалт
дээр ханшийн эрсдлээс хамгаалах, түүнийг удирдах талаар УИХ-аас баталж өгсөн бодлогыг
хэрэгжүүлэх тал дээр санаачилгагүй ажилласан Төв банк, Монгол Улсад хуулиараа санхүүгийн
тогтвортой байдлыг хангах учиртай Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, түүнийг
олигтой ажиллуулаагүй, хянаагүй, шаардаагүй УИХ, Засгийн газар буруутай. Бүгд буруутай
байна, одоо бие биенээсээ буруутныг хайх бус, бурууг засаад зөв болгоод явах нь
өлзийтэй, өгөөжтэй. Валютын ханшийн өнөөгийн үйлчилж буй зохицуулалттай хөвөх ханшийн
дэглэм, энэ дэглэмийн үед хэрэгжвэл зохих арга хэмжээнүүд, интервенцийн бодлого,
зорилго, хамрах хүрээ, арга хэрэгслүүд, үр дүнг нь тооцох хэмжүүрүүд гэх мэтийн эрх зүйн, институцийн болон засаглалын механизм
тодорхой биш байна. Мөнгөний бодлого, ханшийн бодлого болон макро эдийн засгийн
ерөнхий болон сангийн бодлогын уялдаа огт хангалтгүй байна. Ийм нөхцөлд “Тамирын
голын мөсийг долоох шахам байж” цуглуулсан валютын нөөцөө гөвөхөөсөө өмнө эсвэл
интервенцээ зогсоо эсвэл бодлогод нь өөрчлөлт оруулж жинхэнэ ёсоор удирдах хэрэгтэй
байна. Ханшийн зах зээл дээр “стратегийн тоглогч” байж болох Оюутолгой, Тавантолгой,
Эрдэнэт гэх мэт компаниудыг ханшийн зах зээлийн нийлүүлэлтийн суваг болгох сэдэл,
хөшүүргийг бий болго. Ялангуяа валютын ханшийн зах зээл дээр сүүлийн саруудад үүссэн
спекулятив буюу дамын хүчин зүйлүүд, авир төрхийг маш сайн судал, Төв банк системийн
доторх хяналтаа эрс сайжруул, Засгийн газар валютын илүүдэл эрэлт үүсгэхгүй байх,
нөөцийн удирдлагад, ханшийн хэлбэлзлийг арилгахад Төв банктай идэвхтэй хамтран ажиллах
ёстой гэдгийг зөвлөе. Нэгэнт л хуулиар Төв банк ханшийг уях, мөлхүүлэх, хонгил тогтоох
нэмэх, хасах таван хувийн “хонгил” бий, энэ хонгилыг магадгүй нэмэх, хасах
10-15 хувь ч болгох хэрэгтэй байж магадгүй юм. Төгрөг, долларын зээл, хадгаламжийн
зохистой харьцаанд Төв банк тодорхой бодлого, арга хэмжээ авч болно, ямар ч хууль
уул нь зөрчихгүй. Өөрчлөлт хийхэд хууль саад болж байна гэж хуулиар гул барихаасаа
илүүтэйгээр тодорхой, шийдэмгий, стандарт бус ч байж болох бодлого, арга хэмжээг
УИХ, Төв банк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Засгийн газар ойрын саруудад
онцгойлон анхаарч хэрэгжүүлэх ёстой.

-М.Зоригт гишүүн та хоёр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах
тухай уриалга гаргасан байсан. Гишүүдийн гуравны нэг нь хуралдуулах санал гаргавал
уг нь хуралдах боломж бүрдэх байх аа?

-Эдийн засаг гэхээр л экспорт,
хөрөнгө оруулалт, өр гээд л яриад эхэлдэг. Монголын экспортын 20 хувь нь уул уурхайн
бус бүтээгдэхүүн байна. Орос руу лаазалсан бүтээгдэхүүн гаргалаа гэхэд манай хүчин
чадал муу. Гаргалаа гэхэд 20 гаруй хувийн татвар төлөх болдог. Монголынхоо зах зээлийг
идэвхжүүлье гэж байгаа бол хоёр хөршийн төрийн тэргүүн Си Жиньпин, В.Путин нараас
20 хувийн экспортдоо 0 хувийн татвар ноогдуулдаг болох боломжийг олж авах ёстой.
Тэгвэл Монголын экспортын өнгө нь өөрчлөгдөнө. Хоёр зах зээлийг мөлжих, бүтээгдэхүүнээ
гаргах маш том боломж нээгдэнэ. Экспортын бодлого гэж баталчихаад, Хөгжлийн банкин
дээр оччихоод байхад төр нь ч тэр, банкныхан ч мэдэхгүй суугаад байж болохгүй. Мэддэг
чаддаг ТББ-уудад санхүүжилтийг нь шийдэж өгөөд явчихбал дээр хэлсэн эдийн засгийн
дипломатын аргаар шийдэж болно. Хөрөнгө оруулалтыг татъя гэж байгаа бол хууль эрхзүйн
орчныг нь таатай болго. Тэдний эргэлзээг арилга. Миний оруулсан хөрөнгө баталгаажиж
чадах уу, намайг ямар нэгэн байдлаар шоронд хийчих болов уу, авлигын нэрээр хүнийг
ангуучилдаг байдал энэ улсад байна уу гэдгийг хөрөнгө оруулагчид хамгийн түрүүн
хардаг. Түүнээс их нүүрс, зэстэй байх нь тийм ч чухал биш. Улс төр нь тогтвортой,
хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх, эрх
чөлөө хангагдаж байна уу, бизнесийн реформ хийгдэж байна уу, амьдрах орчин ямар
байна гэдгийг анхаардаг тул үүнийг нь бид шийдээд өгчих хэрэгтэй.

-Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаар ярихгүй юу?

-Эдийн засгийн өршөөлийн хууль
нь хэдэн улс төрчдийг л шоронгоос гаргах гэж байгаа мэт пиар явчихсан. Эдийн засаг
хүндрэлтэй ийм байгаа үед татварын реформыг хийгээд цаг алдалгүй ээлжит бус чуулганыг
хуралдуулах шаардлага байгаа биз. Хууль эрхзүй, татварын реформ гээд хэлэлцэх асуудал
их байна. Гагцхүү одоо улс төрийн чин зориг, хүсэл эрмэлзэл хэрэгтэй. Эдийн засаг,
татварын холбогдолтой асуудлуудыг найм, есдүгээр сард хэлэлцээд цогцоор нь шийдчих
л дээ. Тэгж гэмээнэ ирэх оны хагас жилд энэ хүрдрэлээс гарчих бүрэн боломж харагдаад байна. Нүүрс, нефтийн үнэ ямар байх
вэ гэдэг нь биднээс хамаардаггүй зүйл. Хүмүүсийн ярьж байгаа шиг Засгийн газрыг,
тэр сайдыг огцруулмаар байна гэж байгаа нь хэрэггүй. Үнэхээр Монголын цаашдын хөгжил,
ард түмний амьдралд жаахан ч гэсэн дэм болъё гэж байгаа бол энэ чиглэлд анхаарах
хэрэгтэй. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэдгийг ганц Монголбанк хийж чадахгүй.
Төсвийн тухай хуулиараа Засгийн газар инфляцийн талаар маш сайн ажиллах шаардлагатай
юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр явахгүй байна. Уг хөтөлбөрөө нэг бол зогсоох, шаардлагатай
гэж үзвэл шинээр хийх ёстой. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс жишээ нь махыг хасах
хэрэгтэй. Зах зээлийнх нь шугамаар явуул л даа. Малчдын дунд орлогын тэгш бус байдал
хүчтэй өрнөж байна. Зах зээлд мах нийлүүлж буй хүмүүсийг харахад 57 хувийг 500-аас
доош толгой малтай малчид нийлүүлж байгааг статистикийн судалгаанаас харж болно.
Зах зээлд нийлүүлж буй бүх махны 43 хувийг
малчдын 15 хувь болох 500-аас дээш мянгат малчид нийлүүлж байна. Малчдаа нийгэм,
татварын харилцаанд оруулах хэрэгтэй. Татвараас гадуур явж болохгүй. Энэ бүхэн малчдад
ихээхэн хэрэгтэй зүйл.

-Эдийн засгийн хөгжлийн бодлогын талаар ямар байр суурьтай
байгаа бол?

-Эдийн засгийн хөгжлийн бодлогын
хувьд цаг хугацааны мэдрэмж, хямралын гол цэгүүдийг олж харан шуурхай, иж бүрэн
арга хэмжээ авах чадвар илт дутагдаж байна. Өнөөдөр бидэнд тулгараад буй гол асуудал
бол хямралыг хэрхэн даван туулах тухай асуудал. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал
саявтархан Монголд айлчлахдаа хямралыг боломж болгох талаар тодорхой санаа, зөвлөмж өгсөн. Гэтэл бодит байдал дээр Монгол
Улс баахан мастер төлөвлөгөө, урт хугацааны стратеги боловсруулаад тулгамдсан гол
гол асуудлаа донор орон, олон улсын байгууллагуудад найдаад л орхиж байна гэхэд
хилсдэхгүй. Бодит сектор бартерийн харилцаанд аль хэдийн орж одоо бараг цэнэг нь
дуусаж байна. Барилгын сектор дахь өр зээлийн хямрал банкуудаа татаж унагах хэмжээнд
очих аюулд ойртож байгаа, Төв банк нь гуравдугаар сард албан ёсоор тодорхойлсноор
“…тэртээ тэргүй унаж буй хувийн хэвшлийг” зөнд нь орхиод, инфляцийг онилох, валютын
ханшийг тогтворжуулах мөнгөний хатуу бодлого явуулсаны хүчинд л арайхийж эдийн засгийг
зогсолтгүй уналтаас аварч чадлаа гэж шал худлаа сүржигнэж илтгэсэн. Ингэж байх хооронд
нь банк ба бизнесийн амьд орчил нь энэ бодлогын л гайгаар аль хэдийн тасраад одоо
амь тариа нэхэх хэмжээнд очсон байна
.
Амь тариаг амьтай байхад нь хийдэг болохоос амь тасарчихсан хойно нь хийдэггүй.

-“ЭЗЭН 100” хөтөлбөр дуусчихлаа. Үр дүн юу байв?

-“ЭЗЭН 100” хөтөлбөр зөв байсан.
Гэтэл ардын намынхан өөдөөс “АРД 100” гээд л улс төржүүлээд эхэлсэн. “ЭЗЭН 100”
хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан уу гэвэл авсан. “Одоо
100 хоног болчихлоо яасан бэ” гэж улс төржүүлэх нь хамгийн буруу үзэгдэл. Суурь
тавигдсан уу, тодорхой хэмжээгээр ажилласан уу гэвэл тийм. Энэ Засгийн газар гар
хумхилгүй ажиллаж байна л даа. Энэ тохиолдолд үргэлжлүүлээд л явах ёстой. “ЭЗЭН
100”-гаа дүгнэнэ, Н.Алтанхуягт хариуцлага тооцно, дүн тавина гээд түүнийгээ улс
төр болгох гэж байгаа бол Монголын эдийн засаг, хөгжлийг хорлож байгаа алхам. Гэхдээ
толгойг нь илээд яв гэсэн үг биш. Буруу зүйлс их байна. Тиймээс нь түүнийг нь тодорхой
гаргаад яг яах ёстой вэ гэдгийг нь хэлээд өгчих хэрэгтэй. Одоо Их хурал, Засгийн
газар, Төв банк онцгой дэглэмээр ажиллах сарууд эхэлчихлээ. Тулгамдсан асуудлуудаа
хувийн хэвшилтэйгээ, эрдэмтэдтэйгээ зөвлөлдөөч, гарцаа ол гэсэн мессэж хүчтэй ирж
байна. Мессэж илгээгч нь инфляци, ханшид дээрэлхүүлсэн ард түмэн, хүлээн авагч нь
төр.

-Хөрөнгө оруулалтыг цаашид хэрхэх нь зүйтэй вэ?

-Цээжилтэл ярьсан экспортын диверсификац
үр дүнтэй байдлаар огт хийгдэхгүй байна. Яг үнэндээ төрд үүнийг хийх чадвар алга.
Бодлого нь уул нь батлагдсан. Өөрийгөө яая гэж ядаж байгаа Хөгжлийн банк дээр очоод
замхарсан. Төв банкны экспортын санхүүжилтийн арилжааны банкуудаа дэмжсэн, Хөгжлийн
банктай, Засгийн газартай хамтарсан тодорхой бодлого, уялдаа холбоо байхгүй. Экспортын
даатгалын механизм бий болгоно гээд төр нь будилаад л яваа. Экспорт “diplomacy”
буюу Монголын экспортыг дэмжин урамшуулах, хөгжүүлэх гадаад бодлого байхгүй. Экспортын
бодлого уул нь дэмжин урамшуулах, хөгжүүлэх гэсэн хоёр хэсэгтэй. Энэ нь дотроо уламжлалт
ба уламжлалт бус экспортыг дэмжин урамшуулах, хөгжүүлэх, хөгжүүлэх нь дотроо бүтээгдэхүүний
хөгжил, экспортын маркетинг, брэндинг гэх мэт тодорхой сувгууд, үйл ажиллагаануудтай.
Энэ бүхнийг хийх чадвартай, Засаг нь итгээд дэмжээд санхүүжүүлээд өгчихвөл хэрэгжүүлээд
явчих боломжтой МҮХАҮТанхим гэж байна, бусад холбоод байна. Бодлогын хандлага ингэж
өөрчлөгдөж байж л явна. Ингэхгүй бол нөгөө 888 төслийн 200 орчим экспортын чиглэлийн
төслүүд шиг арилжааны банкуудын үүд сахисаар эсвэл тэдний ширээн дээр л үлдэнэ.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл тэмдэгтийн хураамж 100 сая төгрөгөөс чөлөөлөгдөв

Хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэхээр Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хандав. Нэхэмжлэгч нь шүүхэд хандахдаа тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг тэмдэгтийн хураамж болгон төлдөг. Энэ дагуу Г.Сарангэрэл 100 сая төгрөг тэмдэгтийн хураамж болгон төлөх байсан ч шүүхээс Г.Сарангэрэлийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байна.

Учир нь Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд Г.Сарангэрэл нь амжиргааны түвшин доогуур, тодорхой эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт байх хөгшин  эцэг эхийн хамт амьдардаг. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлөх төлбөрийн чадваргүй байгаа тул чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргаад байжээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны засаг дарга Зулцэцэг Г.Сарангэрэлийг амжиргааны түвшин доогуур гэсэн тодорхойлолт гаргаснаар шүүх тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь Г.Сарангэрэлийн хэргийг шүүхээр шийдээгүй байхад элдэв нэр хоч өгч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан гэж Г.Сарангэрэл ийнхүү 10 тэрбум нэхэмжилж байгаа юм.

Б.ЦЭЛМЭГ 

www.medee.mn

Categories
мэдээ цаг-үе

Хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр дунджаар 120-450 мянган төгрөг байна

Энэ сарын 25-наас улсын цэцэрлэгүүд бүртгэлээ албан ёсоор эхлэх гэж
байна. Улсын хэмжээнд нийт 1017 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс 764 нь
улсын цэцэрлэг бол 303 нь хувийн эзэмшлийн цэцэрлэг. Нийслэлд нийтдээ 430 гаруй
цэцэрлэг ажиллаж байгаагаас ердөө 178 нь улсын цэцэрлэг аж. Тэгэхээр төрийн ачааг
хувийн хэвшил нэртэй цэцэрлэгүүд ерөнхийдөө хөнгөвчилдөг гэж ойлгож болно. Хувийн
цэцэрлэгүүд аль хэдийнэ бүртгэлээ эхэлжээ. Өчигдөр гэхэд л 25 дугаар эмийн сангаас
III, IV хороолол руу өгсөх замд байрлах “Гэгээн өргөө” цэцэрлэг нээлтээ хийж, элсэлтээ
авч эхэллээ. Тус цэцэрлэг бага буюу хоёр наснаас доош болон холимог бүлэгтэй. Хоёр
бүлэгт нийтдээ 30 хүүхэд хүлээн авах боломжтой гэнэ. Нээлт хийсэн эхний өдөр л дөрвөн
ч хүүхэд хэдийнээ бүртгүүлээд орчихсон байв. Эдгээр хүүхдүүд өнгөрсөн жил уг цэцэрлэгт
сурч байсан юм байна. Эцэг, эх нь нээлтээ хийхээс нь өмнө хүүхдүүдийнхээ бичиг баримтыг
бүрдүүлээд утсаар яриад захиалга өгчихсөн байжээ. Ер нь тэр хавийн оршин суугчдын
хүүхдүүд ихэвчлэн суралцдаг гэнэ. “Гэгээн өглөө” цэцэрлэгийн хувьд хотын төвд байрлалтай
төдийгүй сувиллын үйлчилгээг багачуудад үзүүлдгээрээ онцлогтой.

Төлбөрийн тухайд гэвэл сарын 200-220 мянган төгрөг аж. Хэрвээ нэг
гэр бүлээс хоёр, түүнээс дээш хүүхэд тус цэцэрлэгт бүртгүүлсэн тохиолдолд нэг хүүхдийн
төлбөрийг сарын 200 мянгаар тооцож авдаг юм байна. Энэ үеэр зарим эцэг, эхчүүдтэй
цөөн хором ярилцлаа.

-Та
анх удаа энэ цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлж байна уу?

-Тийм ээ. Манайх “UB palace”-ийн хажуугийн байранд амьдардаг. Гэртэй
ойрхон болохоор хүүхдээ энд өгдөг юм билүү гээд нөхөртэйгөө хамт үзэж явна.

-Улсын
цэцэрлэгт бүртгүүлэхгүй байсан юм уу?

-Ойр хавьд нэлээд хэдэн хувийн цэцэрлэг бий. Улсын цэцэрлэг жаахан
зайтай. Тэгээд ч олон хүүхэдтэй шамбааралдуулж байхаар гээд энд бүртгүүлчихлээ.

-Таны
хүүхэд хэдэн настай вэ?

-Хоёр ойтой.

-Төлбөрийн
хувьд хэр санагдав?

-Манай байрнуудын дунд нэлээд хэдэн цэцэрлэг байдаг. Ер нь л сарын
300 мянгаас буухгүй юм. Хотын төв рүүгээ тэрнээс ч үнэтэй юм билээ гэв.

Ингээд хотын төвийн хэд хэдэн цэцэрлэгээр орлоо. Үнийн хувьд
250-450 мянгын хооронд хэлбэлзэх аж. “Компьютер ланд”-ын хажууханд байрлах “Монцакира”
орос цэцэрлэг мөн л элсэлтээ аваад эхэлчихэж. Сарын 300 мянган төгрөг юм байна.
Хувийн цэцэрлэгүүд ихэнхдээ л хоёр мэргэжлийн багш, хоёр туслах багштай үйл ажиллагаа
явуулж байна. Орчны хувьд сургуулийн өмнөх боловсрол олгох газар ямар байх ёстой
тийм л нөхцөлийг бүрдүүлсэн байлаа. Гурван настай хүүхдээ тэвэрсэн хосуудтай таарлаа.
Тэд цэцэрлэг хайж яваа гэнэ. Уг нь Баянгол дүүргийн харьяатай хэдий ч жил болгон
улсын цэцэрлэгт оруулж чаддаггүй гэдгээ хэлэв. Тэгээд ч удахгүй нөхөр нь намрын
ажилд гарах гэж байгаа болохоор хүүхдээ хувийн цэцэрлэг бараадуулахаар шийджээ.
Эхнэр нь төрийн албан хаагч гэнэ. Хосууд хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хэд хэдэн
хувийн цэцэрлэгээр орсон бололтой. Ингээд Модны хоёрт байрлах нэг цэцэрлэгт оруулахаар
болжээ. Төлбөр нь сарын 280 мянган төгрөг юм байна.

Ингээд гэр хорооллын ганц, нэг үүдээ нээсэн цэцэрлэгээр орлоо. Сонгинохайрхан
дүүргийн VI хороо буюу “Алтантариа” гурилын үйлдвэрийн хажууд гэр хороолол дунд
“Тэвхэн багачууд” гээд цэцэрлэг бүртгэлээ аваад эхэлчихэж. Энэ хэсгийн айлууд хотын
төвөөс алслагдмал, үйлдвэр ихтэй газар юм. Тиймээс оршин суугчид дор хаяж Таван
шарын автобусны буудал руу хэдэн км уруудаж байж хүүхдээ өгдөг байж. Гэхдээ ихэнх
айлууд хүүхдээ хүн хөлсөлж харуулах, эсвэл гэртээ цоожлоод явдаг байсан бололтой.
Тэгвэл өнгөрсөн жилээс ойр орчмын эцэг, эхчүүд хүүхдээ “Тэвхэн багачууд” цэцэрлэгт
өгөөд эхэлжээ. Тус цэцэрлэг сарын 140 мянган төгрөгийн төлбөртэй төдийгүй цагаан
хоолтой юм байна. Эцэг, эхчүүд хоолны цэсийг нэлээд сонирхох болжээ. Гэр хорооллын
цэцэрлэгүүд сарын төлбөр дунджаар 100-180 мянган төгрөг юм билээ. Хувийн цэцэрлэгүүдэд
та хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийнхээ эрүүл
мэндийн шинжилгээнд хамрагдсан эрүүл мэндийн дэвтэр болон хоёр хувь цээж зураг,
сарын төлбөрийн мөнгөтэйгөө очиход л хангалттай аж. Өөрөөр хэлбэл харьяалал хамаарахгүй
гэсэн үг.

Харин улсын цэцэрлэгүүд 2-5 насны хүүхдүүдийг бүртгэхдээ ямар бичиг
баримт бүрдүүлэхийг эцэг, эхчүүдэд энэ сарын 20-ны дотор мэдээлэх аж.

 Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс Налайх дүүрэгт ажиллана

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн есөн дүүрэг болон зарим инженерийн шугам сүлжээний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх товч мэдээллийг сонслоо. Зөвлөгөөнөөр ирэх долоо хоногт багтаан дүүргүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэл хангах комиссыг хуралдуулж, дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлах инженерийн хангамжийн болон шугам сүлжээний байгууллагууд, төсөвт газрууд, сууц өмчлөгчдийн холбоодын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаархи дэлгэрэнгүй тайланг хэлэлцэн, нэгтгэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлэх үүрэг өгсөн байна.  Харин Багануур, Багахангай, Налайх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын мэдээллээр өвөлжилтөнд  хүндрэл учруулж болзошгүй  Налайх дүүргийн 48-67 дугаартай 22 байрны гадна, ус дулааны 30 гаруй жил ашиглагдаж, ашиглалтын хугацаа нь дуусан, зураг төсөв нь хийгдсэн, шинэчлэн солих шаардлагатай байгаа гэлээ. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс мэдээллийн дагуу шалгаад, шугам сүлжээг шинэчлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1” хорооллын азтануудад түлхүүрийг нь гардуулна

“Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллын азтануудад байрных нь түлхүүрийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11:40 цагт “Буянт-Ухаа 1” хороололд болно.

Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци 1764 айлын “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллыг барьж, ашиглалтад оруулсан юм.

Уг байруудыг зорилтот бүлэг болох төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамгийн хямд үнээр буюу 1 м.кв-ыг нь 1 сая 280 мянган төгрөгөөр бодож, найман хувийн хөнгөлөлттэй зээлээр авах боломжийг олгосон билээ.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 22-31-нийг хүртэл тэгш сондгойгоор хязгаарлана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хотын төв болон хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэх хөдөлгөөн ихсэж, авто зам, уулзваруудын засварын ажил явагдаж байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан гудамж замын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрийг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Нийслэл хотод үйлчилгээ явуулж буй томоохон худалдааны төвүүд /Нарантуул ОУХТ, Хар хорин зах, Оргил худалдааны төвүүд, Барс зах, Хүчит шонхор, Мишээл экспо/ ойр орчмын замуудад зогсоолын хүрэлцээ муу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Залуучуудын өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу, Баянхошуу Толгойт, 7-н буудал, Дарь-Эх, Чулуун овооны замуудад ачаалал үүсэж, тодорхой замуудад зам засварын ажил явагдаж байгаагаас тээврийн хэрэгслийн түгжрэл ихээр үүсэж байна.

Улсын дугаарыг хязгаарласнаар Улаанбаатар хотод тогтмол хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийн тоо 50 хувиар бууруулах боломжтой бөгөөд дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд нийтийн тээврийн сонгон оролцсоноор иргэд төлөвлөсөн ажлаа замын түгжрэлгүй, стрессгүй амжуулах, цаг хугацаа хэмнэсэн, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Улсын дугаарын хязгаарлалт 2014 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд өглөөний 07:00 цагаас 21:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Улсын дугаарын тэгш, сондгой үйлчлэх замын хязгаарлалт нь Нисэх, Сонсголонгийн аюулгүйн тойрог, Моносын уулзвар, Орбит, Толгойтын салдаг уулзвар, 21-р хорооллын уулзвар, ЭХЭМҮТөвийн зүүн хойд уулзвар, 7-н буудлын салдаг уулзвар, Дамбадаржаа, Бэлх салдаг уулзвар, Шархад, Улаан-хуарангийн уулзвар, ХСИСургуулийн уулзвар хүртэлх гудамж замуудад үйлчлэх болно.

Улсын дугаарын хязгаарлалтад Нийслэлийн авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар заасан.

Улаанбаатар хотын гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус хяналтын үзлэг оношлогоонд хамрагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй/ тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй болно.

Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” А/133 дугаар тушаалын дагуу хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулахаар болсон.

Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд суралцагсдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “School Police” эргүүлд ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдаж байгаа иргэдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажиллуулахаар болсон.

Улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй гудамж замаар зорчсон жолооч нарт Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-т зааснаар арга хэмжээ тооцох бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж хэрэглэсэн, улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн автомашиныг журамлаж жолоодох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасах арга хэмжээ тооцно.