Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дугуй түгжигч нь “хэрхэн мөнгө салгах” уралдаанд түрүүлсэн санаа юу

Автомашины дугуйг түгжих тухай НИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан журам өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, ачаалал ихтэй Их, Бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн замын нэгдүгээр эгнээд машинтайгаа түр буюу удаан зогссон эсвэл ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон бол машиныхаа урд дугуйг түгжүүлнээ л гэсэн үг. Түүнчлэн жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслүүд ч үүнд хамаарч явах эрхгүй болно. 

Дугуйгаа түгжүүлсэн иргэдийн хувьд торгуулийн хуудас бичүүлж, 20 мянган төгрөг төлснөөр машинаа “өөрийн” болгох юм билээ. 

Энэ журмыг өнгөц харахад нийслэлийн удирдлагууд маань ядарсан муу иргэдээ “бодож”, шууд ачаад явчихаас арай хөнгөн “шийтгэл”-ийг оногдуулжээ гэмээр.

Гэхдээ ийм шинэ арга хэмжээ авлаа гээд машин ачих үйл ажиллагаа зогсчихгүй юм билээ. Дээрх тохиолдлуудаас арай хүнд буюу замын хөдөлгөөний ноцтой зөрчил гаргасан үед ачна гэсэн.    

Автомашиныг ачиж байх үед хамгийн багадаа 80 мянган төгрөг, машины овор хэмжээнээс хамаарч түүнээс дээш төлбөр төлж байж машинаа журмын хашаанаас олж авч байв. Үүнээс хойш автомашин ачих үйлчилгээ үзүүлэгч компаниуд хэдэн саяыг халаасалж, энэ төрлийн бизнес цэцэглэсэн. Бүр ийм бизнес хийе гээд хэдэн зуугаараа хүсэлтээ ирүүлээд байгаа гэсэн шүү. Ингэж зөвхөн мөнгөний төлөө улайрсан компаниуд хэдхэн сартай нярай хүүхэдтэй машиныг ачаад явчихсан тохиолдол ч гарсан. 

Одоо харин дугуй түгжигч гэх шинэ бизнес гарч ирэв. Иргэд машинаа ачуулчихаад хаана хандахаа мэдэхгүй, цаг заваа алдаж бухимддаг байсан бол одоо дугуйгаа түгжүүлчихээд банк хайх, улмаар банкны урт дараалалд зогсох, эргэж ирж төлбөр төлсөн дансны хуулгаа өгөх гэсэн олон шат дамжлагыг давах хэрэгтэй боллоо. Магадгүй халаас хоосон нэгэн таарвал мөнгө хайж хаа нэг тийшээ гүйх ч хэрэг гарав шүү. 

Ер нь эдгээр арга хэмжээний эцсийн зорилго нь замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах гэж байгаа. Гэтэл яг үнэндээ дээр хэлсэн шат дамжлагуудыг дамжсаар явтал дор хаяж 30 минут болно. Тэгэхээр юун нөгөө замын хөдөлгөөнийг саадгүй болгох манатай болох биш үү.

Нөгөө талаас 20 мянган төгрөг төлж тайлуулах энэ түгжээ хэний бизнес вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Хэн, хэзээ, хичнээн ширхэг түгжээг Замын хөдөлгөөний удирдлагын төвд шахчихсан нь ийнхүү иргэдийн толгой дээр буув. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын мэр Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” компаниас нийлүүлж байгаа гэх юм. “Грандлайн” бол брокер диллерийн компани байснаа гэнэт барилгын компани болж БЗД-ийн гэр хорооллыг дахин төлөвлөх томоохон төслийг хэрэгжүүлэгч болсон билээ. Тиймээс бас л гэнэт үйл ажиллагаагаа өөрчлөн дугуй түгжигчийн бизнес эрхлэхээр болсон байж ч болох л юм.  

Мөн “Яаж сэтгэвэл иргэдээсээ мөнгө салгах вэ” гэдэг уралдаанд түрүүлсэн санаа мэт. Машиныг нь ачаад байхаар иргэд барагтай бол хүнд, ноцтой зөрчил үүсгэхээ больж, нийслэл болон автомашин ачигч компанийн орлого буурсан энэ цаг үед дахин мөнгө хайх боломжийг эрэлхийлсэн нь ийм шийдэлд хүргэсэн юм болов уу даа. Магадгүй жижиг, жижиг зөрчлүүдэд дөрөөлөн 20 мянган төгрөг салгах энэ арга хэмжээ нь автомашин ачихаас илүү орлогыг ч тэдэнд авчирч болох юм. Ингэж хардахаас өөрөөр замын хөдөлгөөнийг шуурхай, чирэгдэлгүй болгохын тулд хийж байна гэж огтхон ч харагдахгүй байна. Харин ч ойр зуурхны зөрчлийн улмаас дугуйгаа боолгуулсан хэдэн арван автомашин энд тэндгүй зогсож, хэдэн минутаар үргэлжлэх байсан түгжрэл хэдэн цаг болох бус уу. 

Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга маань хотын төвөөр автомашинтай явбал 40-50 мянган төгрөг авна гэж жолооч нарыг бухимдуулж үзсэн. 

Энэ бүхнээс харахад төр засаг улмаар нийслэлийн удирдлагууд маань иргэдийгээ хэрхэн аюулгүй, эрүүл, сэтгэл санааны дарамтгүй орчинд амьдруулах вэ гэсэн улиг болсон “үүргээсээ” илүүтэйгээр жаахан ч гэсэн шалтаг, өө гарвал хэдэн мянган төгрөгөөр хэмжээд буцаагаад авчих вэ гэсэн бодлыг л өдөр шөнөгүй бодож суудаг юм шиг ээ. Ер нь энэ нийгэм хүнийг хүн гэж үзэлгүй мөнгө гэж хараад байгаа нь нийслэлийнхний энэхүү дугуй түгжих журмаас харагдаж байгаа юм.

Т.ГЭРЭЛ

Categories
гадаад мэдээ

Сөнөөгч онгоцууд мөргөлдөв

Италид сургуулилт хийж байсан хоёр сөнөөгч онгоц хоорондоо мөргөлдөж осолдсон хэрэг гарчээ. Уг осол Марке мужийн Асколи хэмээх газраас 30 километрийн зайтай болсон бөгөөд осолдсон онгоцууд модтой ууланд унасны улмаас гал гарсан байна.

 Онгоцыг жолоодож явсан хоёр нисэгчээс гадна дөрвөн хүн сураггүй болжээ. Орон нутгийн телевизүүдийн мэдээлснээр онгоц санамсаргүй байдлаар мөргөлдөөгүй бололтой.

 Онгоцны ослыг гэрчилсэн Фабио Валерий “Онгоцууд осолдохоос хэдэн секундын өмнө ууланд аварга том галт бөмбөлөг харагдсан” гэж ярьжээ. Тосгоны оршин суугчид ч мөн хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонссон гэж ярьсан байна.

Categories
гадаад мэдээ

В.Путин, П.Порошенко нар уулзаж магадгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч П.Порошенко нар Белоруссийн нийслэлд уулзаж магадгүй гэнэ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ сарын 26-ны өдөр уулзах бололтой. Минск хотноо болох Гаалийн холбооны уулзалтад хоёр улсын төрийн тэргүүнүүд оролцох юм байна.  Гэвч тэд энэ үеэр хэлэлцээ хийх эсэх нь одоогоор тодорхойгүй аж.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар нь 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт үнэ төлбөргүйгээр газар өмчилсөн иргэний бүртгэлийг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан байгуулжээ. Энэхүү мэдээллийн сангийн үйл ажиллагаа ирэх сарын нэгнээс албан ёсоор эхэлнэ. Мэдээллийн сангийн төв сервер нь Газрын харилцаа, геодези, зурагзүйн газарт байрлаж, нийслэлийн Өмчийн харилцааны газар, есөн дүүргийн Өмч, газрын харилцааны алба, 21 аймгийн ГХБХБГ, 330 сумын газрын даамал интернет сүлжээгээр холбогдож ажиллана. Мэдээллийн сан ашиглалтад орсноор иргэд заавал орон нутгаасаа газар өмчлөлийн тодорхойлолт авах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл мэдээллийн нэгдсэн санг ашиглан, хүссэн аймаг, сумаас тодорхойлолт гаргуулах боломж бүрдэх аж.

Монгол Улсын хэмжээнд 2014 оны хагас жилийн байдлаар 382 802 иргэн гэр бүлийн хэрэгцээ болон аж ахуйн зориулалтаар газар өмчлөн авчээ. Ингэснээр газар өмчлөл улсын хэмжээнд 13.3 хувьтай явагдаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Иркутсктай хамтарна

Зүүн хойд Азийн Хотын дарга нар форумд нийслэлийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын удирдлагууд оролцсон юм. Форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Иркутск хотын орлогч дарга, Эдийн засгийн хорооны дарга ноён Алмухамедов Алексей тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга эхний ээлжинд  Иркутск хоттой гурван чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Иркутск хотын хуучны барилгуудыг уламжлалаа хадгалж, сэргээн засварласан туршлага, Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй хөтөлбөр, Иркутск хотын орлогч даргын хэлсэнчлэн Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд харилцан суралцаж туршлага судлах хүсэлтэй буйгаа илэрхийлж, хамтран ажиллахаар тохиролцов. 

Categories
гадаад мэдээ

Японд газар нурж хүн нас баржээ

Японы Хирошимад хэдэн хоногийн турш үргэлжилсэн бороо орсоны улмаас газар нурж 18 хүн нас барсан байна. Нас барагсдын хоёр нь 2, 11 настай хүүхдүүд аж. Байгалийн гамшиг болсон газруудад аврах багийнхан ажиллаж нурангид дарагдсан хүмүүст тусламж үзүүлж байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ цаг-үе

Бат инженер хэмээгчийг баривчилсан нь жиргээг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцсоных уу?

Бат инженер хэмээх нэрээр твиттерт алдаршсан Ц.Бат-Монголын шvvх жиргээг “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-д тооцох эсэх асуудал өнөөдөр  шийдэгдэнэ… хэмээн жиргэсэн байна лээ. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс мань жиргээчийг 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн болохоор өчигдрөөс эхлээд жиргээ “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”-д тооцогдсон бололтой. Түүнийг баривчлагдсаны дараа цөөнгүй жиргээчид хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг гүйцэтгэдэг эсэхдээ дүгнэлт хийцгээв.  Бат инженерийг  Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор нэр төрд нь халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан юм.  УИХ-ын гишүүн М.Батчимэг загалмайлсан эх нь болоод байгаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуул”-ийн төслийг УИХ-аар хэлэлцэгдэх үед хуульч мэргэжилтэй Х.Тэмүүжин гишүүн “Доромжлох, гүтгэх гэдэг нь хоёр өөр ойлголт,  олон улсын жишгээр доромжлох гэдэг нь эрүүгийн биш иргэний журмаар яригддаг асуудал. Харин гүтгэлгийн тухайд санаатай гүтгэх, гэмт хэрэгт холбогдуулж гүтгэх гэсэн хоёр зохицуулалт бусад улсад байдаг. Энэ асуудлыг олон улсын жишгийн дагуу авч үзэж, эрүүгийн хуулийн шинэтгэлийн хүрээнд зохицуулж шийдвэрлэх боломжтой” гэж хэлсэн байх юм.     Харин М.Батчимэг гишүүн уг хуульдаа жиргээчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд багтааж байгаагаа  ойр дотнын хүмүүстээ ярьсан сураг байсан. Үүнийг баталсан хэрэг Бат хэмээгчийг баривчилсан хэрэг болоо юу? 

Ц.ОЮУНГЭРЭЛ: А.ГАНСҮХ САЙД ИНЖЕНЕРҮҮДИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ШИЙТГЭЖ БАЙГАА НЬ АЙМШИГТАЙ

Шүүх хурлын дараа зөвхөн твиттерчид төдийгүй Ц.Бат инженерийн ар гэрийнхэн цочирдсон нь лав.  Түүний эгч Соёл, спорт аялал жуулчлалын сайд  Ц.Оюунгэрэл шүүх хурлын дараа ийнхүү ярьсан юм. 

–  Нэлээд хэдэн сарын өмнө манай дүү Бат жиргээгээр  А.Гансүх сайдыг салбарын бодлоготой холбоотой шүүмжилсний төлөө А.Гансүх сайд эрүүгийн  хэрэг үүсгүүлэхээр цагдаад гомдол гаргасан байсан. Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргана гэдэг улс төрийн албан тушаалтны хувьд, сайд хүний хувьд хийж байгаа  ноцтой алхам гэж би үзэж байсан. Тийм ч учраас тухайн үед хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэж гарч ирсэн МоАХ-ны нэр дээр  сайд болсон хүн  шүүмжлэл сонсч чадахгүй, эрүүгийн хэрэг үүсгүүлж байгаа нь буруу гэдгийг илэрхийлж байсан. Гэхдээ  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд өөрийнхөө дүүтэй холбоотой асуудал яригдаад ирэхээр хэвлэлээр нэг их яриагүй. Яагаад гэхээр яриад эхлэхээр шүүхийн шийдвэрт нь нөлөөлчих магадлалтай юм болов уу гэж бодсон. Урьд нь бас хэдэн хүний эрхийг хамгаалахаар ярилцлага өгөхөд шүүхийн шийдвэрт нөлөөллөө гээд байсан юм.  Улс төрийн албан хаагчийн хувьд би  салбарынхаа мэргэжилтнүүдээс маш их шүүмжлэл сонсдог.   Яг түүнтэй адил Бат бол салбарын өндөр мэргэжлийн инженер салбарынхаа сайдыг шүүмжилсэн. Манай салбарт намайг шүүмжлэхэд би ихэвчлэн няцааж, эсвэл мэдээллийг иргэддээ өгдөг. Эсвэл шүүмжилж байгаа хүмүүсээ урьж уулзаж, зөвлөлдөж, ойлголтоо нэгтгэх тайлбар өгдөг. Эсвэл шүүмжлэлийг дуугүй хүлээж авдаг. Ийм маягаар би шүүмжлэлтэй харьцдаг л даа. Гэтэл А.Гансүх сайд өөрийнхөө салбарын өндөр мэргэжлийн инженерүүдийг эрүүжүүлж байгаа нь аймшигтай санагдаж байна. Бат бол нисэхийн салбарын өндөр мэргэжлийн инженер. Нисэхийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шүүмжилж байгаа. Мөн төмөр замын салбарт Даваапил гэж инженер байдаг. Төмөр замын бодлогоор бас л А.Гансүх сайдыг шүүмжилж жиргэдэг. Энэ хүнд бас эрүүгийн хэрэг үүсгүүлсэн.  Шүүхийн эхний шатанд Даваапилийн хэргийг хэрэгсэхгүй болгоход А.Гансүх сайд заавал давж заалдаж байж унагаах жишээтэй. Ийм үйлдлүүд хийгээд байгаа.  Улстөрч хүнийхээ хувьд салбар доторх бухимдлыг ингэж эрүүжүүлээд байгаа нь ардчилсан Засгийн газарт, Ардчилсан намд баймааргүй үзэгдэл. Манай дүү салбарын бодлогыг шүүмжилдэг, салбарын мэргэжилтнүүдийн бухимдлыг илэрхийлдэг “шүгэл үлээгч” хүн.

-Бат инженерийг байгууллагын нууц задруулсан хэргээр ажлаас нь халсан гэдэг?

-МИАТ компанийн гэрээний тухай твиттерт бичсэнийг нь зарим нь тэгж шүүмжлээд байсан л даа. Гэтэл УИХ-аар батлагдсан “Шилэн дансны хууль” үүнд хариулт болсон. Энэ хуульд аливаа байгууллага мөнгө төгрөгтэй холбоотой гэрээгээ байгууллагын нууц болгож, дураараа нууцад авахыг хориглоно гэсэн заалт орсон байгаа. Ашиггүй гэрээ хийгдэх гээд байна гэдгийг илэрхийлсэн иргэн бол “шүгэл үлээгч” МИАТ компанийн гэрээ хэлэлцээрийг шилэн болгосон хүн л байхгүй юу. Тэр нь  Батаагийн  хувьд иргэн хүний байж болох шударга үйлдэл гэж би үздэг. Манай дүүг ажлаас халсан үндэслэл тэр эсэхийг би мэдэхгүй. Ажлаас халсан тушаалыг нь үзээгүй. Ажлаас халахад улс төрийн нөлөө орсон гэж манай дүү үздэг би тэрэнд нь итгэдэг” гэлээ.  

Ц.Бат инженер  Киевт Нисэхийн ашиглалтын инженер,  Австралид нисэхийн менежментээр мастер хамгаалсан.  Канадын Мак Гийлийн их сургуулийг нисэхийн хуульч мэргэжлээр төгссөн. Нисэхийн аюулгүй байдлаар бэлтгэгдсэн инженерүүдийн нэг. Нисэхийн инженерүүдийн хувьд үнэ цэнэтэй мэргэжилтэн тэрбээр үзэл бодлоо интернэтээр хурцаар илэрхийлдгээсээ болоод “дээлээ нөмрөхөд” хүрлээ. Ц.Бат инженерийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн байна лээ.   

Жиргээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш учраас  хэн нэгнийг доромжилж  болно гэсэн үг биш л дээ. Хүн ёсны хувьд хэн нэгнийг доромжилмооргүй л  байгаа юм. Харин хэн нэгнийг шүүмжлэх бол өөр асуудал.  Шүүмжлэх эрх нь ардчилсан нийгэмд нээлттэй. 

Өнгөцхөн харахад жиргээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дутууг нь гүйцээж дундуурыг нь дүүргэж байгаа харагддаг ч нэгэн үе хүчээ авч байсан  шар хэвлэлийн адил  хөгжлийнхөө үе шатыг даван туулж байна. Шар тодотголтой хэвлэлд бол хүн доромжилж болно, хэн нэгний ор дэр, тогоо шанага руу өнгийж болох мэт шуурч явсан үе бий.  Үүнийхээ хөлд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ нидрэхээ алдсан. Түүн шиг жиргээчдийн элдэв өнгө төрх иймэрхүү байна.  Буух эзэнтэй, буцах хаягтай байна гэдэг мэдээллийн хэрэгслийн хүн чанар, мөн чанар буюу.

Б.ЭГШИГЛЭН

Categories
гадаад мэдээ

Стив Балмер “Майкрософт”-ийн Удирдах зөвлөлийн даргын ажлаа өглөө

“Майкрософт”-ийн Удирдах зөвлөлийн дарга Стив Балмер ажлаа өгсөн байна. 34 жил тус компанид үнэнчээр зүтгэсэн гэдгээ ч тэрээр онцолсон байна. С.Балмер нь “Лос-Анжелес Клипперс “клубт ажиллахаас гадна багшлах гэнэ. Гэхдээ “Майкрософт”-ийн нэлээд хэмжээний хувьцааг эзэмшдэгтул тус компанитай ямар ч холбоогүй болохгүй гэжээ. 

Ю.Дэлгэр

Categories
мэдээ спорт

“Наньжин-2014”-ыг Хятадын тамирчид тэргүүлж байна

Хятадын Наньжин хотноо өнгөрсөн бямба гарагт эхэлсэн “Наньжин-2014” дэлхийн залуучуудын II наадмын нээлтийн ёслолыг Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин нээж үг хэлсэн юм. Энэхүү наадамд 204 орны 14-18 насны 3808 тамирчин спортын 30 төрөлд өрсөлдөж байна. Уламжлал ёсоор наадмын эхний өдөр усанд сэлэлт, спортын гимнастик болон туялзуур сэлэмний төрлийн тэмцээнээр эхэлж, медалиуд гардуулсан.

Австралийн тамирчин Бриттани Даттон тритлион буюу эмэгтэйчүүдийн гур­ван төрөлт тэмцээнд түр­үүлж “Наньжин-2014” зал­уучуудын II наадмын анхны алтан медалийг хүртлээ.

Тэрбээр 0.75 км зайд сэлж, 20 км замд дугуйгаар уралдаж, таван км зайд гүйхдээ нийт 59 минут 56 секундын хугацаа зарцуулсан амжилтаар алтан медалийн эзэн болсон. Бриттани Даттон “Дугуйн уралдаанд түрүүлж явахдаа тэргүүлэх байраа алдахгүйг хичээх хэрэгтэй” гэж бодож байсан. Би их баяртай байна” хэмээн хэлжээ. Наадмын хоёр дахь өдөр хүндийг өргөлтийн тамирчин хятад бүсгүй Жянь Сюхуа улсдаа анхны алтан медалийг авч ирсэн байна.

Жянь Сюхуа эмэг­тэйчүүдийн 48 кг-ын жинд гурван оролдлогоор нийтдээ 193 кг өргөсөн амжилтаар тэргүүллээ. Өдгөө 16 настай бүсгүй “Хятадын тамирчдаас эхний алтан медалийг хүртсэндээ сэтгэл ихэд хөдөлж байна” гэжээ.

Мөн ОХУ-ын туялзуур сэлэмний тамирчин Иван Ильин залуу­чуудын наадмаас улсдаа анхны алтан медаль авч иржээ.

Тамирчин залуу “Алтан медаль хүртсэн нь миний хувьд том бахархал болж байна. Би энэ тэмцээнд их удаан хугацаанд бэлтгэсэн. Рио-де-Жанейрогийн олимп миний хувьд хол санагдаж байна” хэмээн ярьсан байна.

Өчигдрийн байдлаар Хятад улс дөрвөн алт, нэг мөнгө, таван хүрэл медальтайгаар медалийн чансааг тэргүүлж, ОХУ дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар удаалсан бол Унгар улс дөрвөн алт, хоёр хүрэл медальтайгаар гуравдугаарт орсон байна. 

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан уснаас 164 хүний амь насыг аварчээ

Энэ жил олон жилийн дундажтай харьцуулахад бороо хур элбэг, гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна. Түүнчлэн энэ зуны хувьд Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой байжээ. Онцгой байдлынхан энэ зун 164 эрдэнэт хүний амь насыг уснаас авран хамгаалжээ. Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шалтгаалан өнөөдрийн байдлаар гэхэд гол усанд осолдсон хүний тоо 77-д хүрсэн байна. Үүний 14 нь бага насны хүүхэд аж.

Удахгүй хичээл сургуулийн улирал эхэлж орон нутгаас хот руу орж ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үеэр иргэд баталгаатай зам, гүүрээр зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчиж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.