Хятадын даргын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр урьдчилсан байдлаар хоёр улсын Засгийн газар хооронд 10 гаруй хэлэлцээр зурагдана гэсэн мэдээлэл байна. Үүн дотор транзит тээврийг хөгжүүлэх асуудал багтаж байгаа аж. Хэлэлцээр зурагдсанаар БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх нээгдэх юм байна. Ингэснээр гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох бололцоо бүрдэх юм. Энэ айлчлалаас төмөр замын бүтээн байгуулалт руу чиглэсэн бодитой шийдвэр гарна гэсэн хүлээлт ч бий.
Month: August 2014
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг өнгөрсөн хичээлийн жилд 40 сургуульд туршсан. Туршиж боловсруулсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-өө энэ жил орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байгаа юм байна. Шинэ хөтөлбөрийн дагуу энэ жилээс эхлэн бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичгүүд гээд бүгд шинэчлэгдэж байгаа юм. Бага боловсролын чанарыг сайжруулахын тулд нэн тэргүүнд үндэсний хэмжээний бүх сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарт шинээр баталсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг танилцуулах шаардлагатай.
Тийм учраас БШУЯ-аас өнгөрсөн өдрүүдэд бүх ЕБС-уудын захирал, сургалтын менежерүүдэд сургалт зохион байгуулсан байна. Харин энэ өдрүүдэд аймаг, сум, дүүрэг бүрийг бүсчлэн хувааж, шинэ хөтөлбөрөөр хичээлээ хэрхэн явуулах талаар бага ангийн багш нарт сургалт явуулж байна. Сургалтанд 17099 багш оролцож байгаа аж.
Түлэнхийн төв гэж байсан. Муу ч гэсэн байртай байлаа. Одоо “Мөнгөн гүүр” эмнэлэгт өрөө түрээслэх болсон. Түлэнхийн төвөө байгаад тасаг болчихож. 2012 оноос хойш тасаг нэртэй яваа гэнэ. 2013 оны хоёрдугаар сараас энэхүү “түр хоргодох байр”-ндаа иржээ. “Уул шугамандаа бол” 300 мянган хүн тутамд нэг түлэнхийг эмчилдэг тасаг байх учиртай ч өдгөө гурван сая хүнд ганц тасаг ногдох болов. Түлэнхийн гол хохирогч нь 0-5 насны хүүхдүүд байдаг. Өнгөрсөн жилд гэхэд л 1078 хүүхэд тус тасагт хэвтэж эмчлүүлсэн гэнэ. Харин тус эмнэлэгт хандаж анхны тусламж авсан хүний тоо өнгөрсөн жил 4300 байсан агаад үүний 2800 нь хүүхэд байсан аж. Улсын эмнэлэг, төсвийн байгууллага учраас эм тарианаас авахуулаад дутагдсан гачигдсан зүйл өчнөөн. “Нас баралт өндөр байдаг. Эм тариа, боолт материал их ордог учраас зардал ихтэй. Хүүхдүүд шарх сорвиноосоо болоод бусдаас тусгаарлагдах, сэтгэлийн дарамттай явах нь бий” гэж Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрах эмч хэлсэн юм. Сэтгэл зүйчээс илүү аминд тулсан зүйл нь мэс засал, эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн аппарат, зөөврийн монитор, памп аж. Эмч нар нь чадлаараа тэмцдэг. Сүүлийн хоёр сарын турш сэхээний тасаг 12-19 хүнтэй байна. Эрчимт эмчилгээний тасагт зургаан орны дунд хоёр ширхэг хүчилтөрөгчийн аппараттай. Уг нь хүнд өвчтөнүүдэд ийм аппарат хүрэлцдэг бол хүний амь насыг аврахад тустай сан. Хоёрхон хүчилтөрөгчийн аппараттай байхад сэхээний тасгийн өвчтөнүүд 20 хүрсэн тохиолдол бий аж. Судсаар тариа хийдэг памп аппарат энд гуравхан бий. Энэхүү аппаратыг бөөр, зүрхний дутагдалд орохоос сэргийлдэг тариа хийхэд ашигладаг. Нийт хэвтэж эмчлүүлэгчдийн 70-80 хувь нь мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгаар дамждаг гэнэ. Нэг ийм аппарат хоёроос гурван жил ашиглагдана гэвэл мөн ч олон хүний амийг аврах нь тодорхой. Түлэнхийн тасгийн эрхлэгчийн яриаг Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээ анхааралтай сонсч суув. Тэрбээр Түлэнхийн тасагт юу хэрэгтэй байгааг судлахаар ирсэн юм. Тасгийн эрхлэгч нь ч олны танил хүн дэмжлэг үзүүлэхээр ирсэнд талархан нөхцөл байдлаа сайтар тайлбарлав. Дуучин Мээдээ түлэнхийн хохирогч болсон хоёр ч жаалын эмгэнэлт түүхийг мэддэг юм билээ. Хол юм шиг сонсогддог түлэнхийн хохирогч нь түүний таньж мэддэг хүмүүсийн хүрээнд байсан болохоор тэрбээр Түлэнхийн төвийг сонгожээ. Улсдаа ганцхан байдаг энэ тасагт шийдвэр гаргагчдын түвшинд төдийгүй хүмүүнлэг үйлстэн хэн бүхний тусламж дэмжлэг үгүйлэгдэж байгаа билээ.
Түлэнхийн төвийн эмч нарыг сургах талаар анхаардаг эсэхийг дуучин залуу лавлаж байна лээ. Э.Галбадрах эмч 2011 онд Солонгос руу явж сурсан. Дараа жил нь өөр хоёр эмч Францад явжээ. Гэхдээ л өрхийн эмч нар түлэнхийн анхан шатны тусламж үзүүлж чаддаг бол, дүүргүүдэд түлэнхийн тусламж үзүүлэх кабинетууд байдаг бол түлэнхийн тасгийн хүртээмж нэмэгдэнэ дээ. “Хотод байгаа мөртлөө бидэнд үзүүлж чадалгүй есөн жил болж байж ирсэн хүүхэд байна” гэж тус тасгийн эрхлэгч хэлсэн юм.
Түлэнхийг эмчлэхэд үнэхээр өртөг өндөртэй юм билээ. Түлэгдсэн хойно нь эмчлэх гэж зовсоноос түлэгдэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх нь тустай ажээ. Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь эцэг эхчүүдэд мэдээлэл түгээх юм. Хүүхдээ түлж гэмтээхгүйн тулд юу анхаарахыг сайтар зөвлөхийг Мээдээ хүслээ. Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрахын зөвлөгөө үнэхээр энгийн байлаа. Гэсэн ч бид наад захын мэдлэггүй болохоор энэ олон хүүхдүүд эмнэлэгт хэвтэж, зовж шаналдаг нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү бодит үнэн.
-Хүүхэд орчноо таньж мэдэх насандаа яваа учраас өртөмтгий байдаг. Хамгийн эхлээд амьдрах орчин аюулгүй байх ёстой гэв. Гэр хорооллын хүүхдүүд түлэгдэж гэмтэх нь их. Гэрт гал түлдэг зуух ил. Намхан ширээн дээр халуун хоол, цайгаа тавьчихдаг. Мөн хүүхдийг хүүхдээр нь харуулах нь их байгаа нь хүүхэд гэмтэх нөхцөл бүрдүүлжээ.
“Халуун зүйл, түлж мэдэх бүхнийг хүүхэд хүрэхээргүй газар байрлуулах хэрэгтэй” гэж Э.Галбадрах эмч онцолсон. Зуухыг тойруулж хашлага хийж болно. Халуун тогооноос бага насны хүүхэдтэй айлууд аль болох татгалзах хэрэгтэй. Халуун тогоотой ус цай, хоол руу бага насны хүүхэд унаж түлэгдсэн тохиолдол маш их гардаг. Гэр хорооллын айлуудад тохиолддог бас нэг анхаарах зүйл усанд орох гээд ванндаа эхлээд халуун усаа хийчихдэг юм байна. Тэр хооронд хүүхэд нь гүйж ороод түлэгдчихсэн тохиолдол ч бий. Ядаж эхлээд хүйтэн усаа хийх хэрэгтэй шүү дээ. Халуун хоол идэхдээ хүүхдээ өвөр дээрээ суулгах нь эрсдэлтэй. 20-30 хоногтой нярай дээрээ халуун хоолоо асгаад түлчихсэн удаатай. Боорцогны тосоо хөргөх гээд хаяандаа тавьчихдаг. Нөгөөдөх рүү нь хүүхэд нь орчихдог. Дээхнэ үед хүүхдээ уячихдаг байсан даа. Болохгүй бол ийм арга хэрэглэхэд ч буруудахгүй гэв. Хүн бүр түлэгдэх албагүй шүү дээ. Үүнээс сэргийлж болно гэж эмч хэлсэн шүү.
Нэгэнт түлэгдсэн хойно хийж болохгүй зүйлс бас байдаг гэнэ.
Баавгайн тос, барааны саван, нохойн цус, гутлын тос, элсэн чихэр, үхрийн баас тус бус хор болдог гэнэ шүү.
Хэрэв түлэгдсэн тохиолдолд хамгийн түрүүн түлэгдэлт үүсгэж байгаа зүйлээс холдуулаад, түлэгдсэн хэсэг хувцастай бол хувцсыг нь маш болгоомжтой тайлна. Хувцсыг нь тайлсан бол түлэгдэлт лавшрахгүй. Үүний дараа урсгал усанд барих хэрэгтэй. Ус нь тасалгааны температуртай байх учиртай. Крантны хүйтэн ус тохиромжтой байдаг. Хэт хүйтэн мөстэй усанд удаан байлгах нь осголтод хүргэсэн удаатай. Хүүхдээ ваннтай хүйтэн усанд удааснаас хатгаа тусгах тохиолдол байжээ. Тиймээс 10-20 минутаас хэтрэхгүйгээр хүйтэн усанд бариарай. Хүйтэн усанд түлэгдсэн хэсгийг барих нь мөн өвдөлтийг намдаадаг байна. Үүний дараа өвдөлт намдаах эм өгөөд, цэвэр материалаар боолт хийн, эмнэлэгт яаралтай хүргэх ёстой. Өвдөлт намдаагаагүй тохиолдолд эмнэлэг хүрэх замд өвчтөн өвдөлтийн шоконд орох аюултай байдаг аж.
Баавгайн тос шархыг хурдан төлжүүлдэг гэдэг ч хүндхэн сорив үлдээдэг байна.
Түлэнхийн тасгийнхан нийтдээ 80 ортой. 15 эмчтэй, 28 сувилагчтай ажиллаж байна. Түлэнхийн төвд туслах сайн санаатай хүмүүс гардаг ч өөрийн байргүй болохоор элдэв тоног төхөөрөмж суурилуулахаас авахуулаад олон боломжийг алдсан гэнэ лээ.
Түлэнхийн төвд хүүхдийн уйлах дуу сонсогдоно. Энэ бяцхан хүүхдүүдийг түлэгдэж гэмтэхээс сэргийлж болох л байсан. Түлэнхийн төв орхигдсон, мартагдсан хүмүүсийн арал шиг сэтгэгдэл төрнө. Эрүүл мэндийн яам, Монголд ганцхан байдаг Түлэнхийн төвийн барилгаа хурдан бариулж өгөөч. Төрийн эрх мэдэлтэнүүдийн анхаарлын гадна үлдсэн аврал эрсэн хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаач, олон түмээн.
Б.Янжмаа
18 компанийн хувьцаа арилжаалагджээ
Монголын хөрөнгийн биржийн наймдугаар сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 188,839 ширхэг хувьцаа арилжаалагдаж, 102.607.165.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 15 компанийн 178,798 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 101.485.390.00 төгрөгийн, “Б” самбарт гурван компанийн нийт 10,041 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.121.775.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,901.47 нэгж буюу 0.19 хувиар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 995.89 нэгж болж 0.08 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
БНХАУ-ын дарга Си Жинпин өнөөдөр Монголд хүрэлцэн ирсэн. Улмаар түүнийг Төрийн ордны дэргэдэх “Туушин” зочид буудалд байрлуулахаар болсон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Хятадын даргыг манай төрийн тэргүүнүүд 16 цагт Чингисийн талбайд хүлээж авна. БНХАУ-ын даргыг айлчилж байгаатай холбоотойгоор Чингисийн талбайг тойрсон төв замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан байна. Чингисийн талбай, “Туушин” зочид буудлын ойр орчимд цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учир автомашины хөдөлгөөнийг хааж, явган хүмүүс ч хамгаалалттай газар руу нэвтрүүлэхгүй байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөө өглөө хүрэлцэн ирсэн.
Хятадын дарга гэргий Пөн Ли-Юань болон дагалдан яваа хүмүүсийн хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан юм. Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, албаны бусад хүмүүс угтан авч, хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлжээ. Өнөөдөр үдээс хойш 16:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар БНХАУ-ын Дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань нарыг албан ёсоор угтах ёслол болно.
Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээр хийж баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Харин үүний дараа БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийх аж.
БНХАУ-ын дарга
Си Жиньпин
тухай өгүүлэхэд Хятадын хүмүүсийн сэтгэлд:
Тэнүүн тал тэнгэрийн энгээр алсарч
Салхи сэнгэнэн сэвэлзэж өвсөн толгой
бөхөлзөн
Сүрэг сүргээр хонь мал өөдөөс бэлчин
айсуй
мэт, эсвэл морьтон
үндэстний хөдөлмөрч зоримог зан, наадмын тэмцээн уралдаан, дуу бүжгийн тоглолт шууд
дүрслэгддэг билээ. 2008 онд миний бие Монгол Улсад айлчлахдаа ч бас ийм сайхан дурсамжтай
болсон билээ.
Түүнээс зургаан жилийн
дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал
хийж, дахин энэ сайхан оронд хөл тавина. Хөрш айлд зочлох шиг айлчлал хийхэд туйлаас
баярлаж, айлчлалыг сэтгэл догдлон хүлээж байна. Айлчлалын таатай боломжийг ашиглан
хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахыг хүсч байна.
Энэ онд БНХАУ, Монгол
Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны
тухай гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой, “Найрсаг солилцооны жил” зэрэг тэмдэглэлт
үйл явдлууд давхцаж байгаа нь хоёр орон, ард түмний хувьд чухал ач холбогдолтой
билээ.
Хятадад “Сайн
морьтой байвал замын холоос айдаггүй, сайн найзтай байвал хүчир бэрхшээлээс эмээдэггүй”
гэдэг зүйр үг бий. Дипломат харилцаа тогтоосноос хойших 65 жилийн түүхийг эргэн
харахад хоёр орны харилцааны үндэс суурь найрсаг хамтын ажиллагаа байв. Ялангуяа
өнгөрсөн зууны ерээд оноос хойш хоёр улсын харилцаа хурдацтай замд ороод дээд,
өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй бэхжин
бүх салбарын солилцоо, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирлээ. БНХАУ бол Монгол Улсын
хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч бөгөөд энэхүү статусаа олон жилийн
турш хадгалж байна. 2013 онд хоёр талын 1 сая 300 мянган иргэн харилцан зорчсоны
дотор Монгол Улсын 1 сая гаруй иргэн Хятад улсад зорчжээ. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд
хоёр улсын ард түмний хамтын хүч чармайлтын үр дүнд Хятад-Монголын стратегийн итгэлцэл
улам гүнзгийрч, нийтлэг эрх ашиг, ард түмний найрамдал нөхөрлөл улам бүр нэмэгдэж,
эрхэм зүйлсийг бий болгож байна.
Дэлхий дахин хурдацтай
өөрчлөгдөж буй энэ цаг үед энх тайванч хөгжил дэвшил, хамтдаа хожих хамтын ажиллагааны
төлөв чиглэл давамгайлах боллоо. БНХАУ 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүрэн цогцлоож,
энэ зууны дунд үе гэхэд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, эв зохицонгуй
орчин үеийн социалист улс болох хэтийн зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилгоо
хятад үндэстний сэргэн мандах “Хятадын мөрөөдөл” хэмээн төсөөлөн томьёолсон. Монголын
ард түмэн хөгжил шинэчлэлийн замд хүч чармайлт
гарган урагшилж, нийгэм, эдийн засгаа цэцэглүүлэн хөгжүүлэх сайхан ирээдүй харагдаж
байна.
Өнөө үед Хятад, Монголын
найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь цаг үеэ олсон, газар зүйн
давуу талтай, эв зохицонгуй хүмүүнлэгийн харилцаанд нийцсэн үйл хэрэг мөн.
Цаг үеэ олсон гэдэг
нь Хятад, Монголын стратегийн түншлэлд нийцэж байгааг хэлнэ. Хятад улс өөрийн хөрш
орнуудтайгаа харилцахдаа найрсаг дотно, үнэнч шударга, харилцан ашигтай, хүртээмжтэй
гэсэн үзэл баримтлал дэвшүүлж, Хятадын хөгжлийн үр өгөөжийг хөрш орнуудтайгаа түүний
дотор Монгол Улсад илүү хүртээхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс БНХАУ-тай
харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар өргөн хүрээнд нэгдсэн ойлголцолд хүрч
гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосон билээ.
Манай хоёр улс хөрш
зэргэлдээ оршдог газарзүйн байршлын хувьд давуу талтай, эдийн засгийн харилцан нөхөх
чадвартай билээ. Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, арвин их байгалийн баялагтай.
Хятад улс хурдацтай хөгжиж байгаа бөгөөд хөрөнгө санхүү, техникийн давуу талтай.
Монголд хөрөнгө санхүү, техник, гадаад гарц, зах зээл зэрэг бүх талын дэмжлэг үзүүлэх
боломжтой юм. Нэг үгээр хэлэхэд хоёр тал хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц боломж
ихтэй.
Эв зохицонгуй харилцааны
хувьд гэвэл хоёр улсын найрамдал нөхөрлөл эрт үеэс уламжлалтай, ард түмэн хооронд
найрсаг харилцаа зузаан байдаг билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр талын хүмүүнлэгийн
солилцоо тасралтгүй нэмэгдсэн. Манай хоёр ард түмэн бодит ашиг тусыг нь хүртэж,
хоёр улсын харилцааны ирээдүйг улам сайхнаар төсөөлөн харж байна. Монголын тал миний
энэ удаагийн айлчлалд чухал ач холбогдол өгч, харилцааны энэхүү таатай боломжийг
ашиглан хоёр ард түмэн бие биедээ улам ойр дотно хандаж, харилцаа, хамтын ажиллагааг
шинэ шатанд гаргахыг хүсч байна.
“Холын саднаас ойрын
хөрш дээр” гэдэг үг бий. Хятад, Монгол хоёр улсын хил 4700 гаруй км урт бөгөөд энэ
нь Хятадтай хиллэдэг бусад хөрш орнуудаас хамгийн урт хуурай замын хил юм. Энэхүү
геополитикийн харилцаа нь Хятад, Монголын хамтын ажиллагаанд онцгой давуу боломжийг
бүрдүүлж байгаа бөгөөд хоёр улсын Засгийн газар болон ард түмний тууштай дэмжлэг
Хятад, Монголын харилцааны хөгжилд хүчтэй түлхэц үзүүлж байна. Бид газар зүйн хувьд
хөршүүд төдийгүй хамтын ажиллаагааны сайн хөрш, сэтгэлийн найрсаг хөрш байх ёстой
гэж би боддог.
Өнөөдөр Хятад, Монголын
харилцаа түүхийн шинэ гараан дээр ирээд байна. Энэ дашрамд миний бие Хятад, Монголын
харилцааны талаар дөрвөн зүйлээр санал бодлоо хуваалцахад таатай байна.
1. НАЙДВАРТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ СТРАТЕГИЙН ТҮНШ
БАЙЯ
Хятад, Монголын харилцаа
өнөөгийн түвшинд хүрэхдээ амар хялбар байгаагүй. Энэхүү харилцааг бид нандигнан
хамгаалах ёстой. Хоёр тал стратегийн түвшинд, алсын хараатай харилцааны чиг хандлагыг
тодорхойлон ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн оноос хойш миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай тус тус уулзаж,
санал бодлоо солилцож ирсэн. Монголын анд нөхөдтэйгөө уулзах бүртээ БНХАУ нь Монгол
Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн
үздэгийг би онцлон тэмдэглэдэг. БНХАУ бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй
байх зарчим баримталж, өөрийн хүсэл сонирхлыг бусдад хүчээр тулгахыг хүсдэггүй билээ.
БНХАУ, Монгол Улстай гар нийлэн өөр өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үзэж,
тус тусын язгуур эрх ашиг, хүсэл сонирхлыг дэмжих үндсэн дээр энх тайван, хөгжлийн
замаар тогтвортой, амжилттай урагшлах нь бидний чин эрмэлзэл мөн билээ.
2. ХАМТРАН ХҮРТЭЖ, ХАМТДАА ХОЖИХЫГ ХИЧЭЭДЭГ
ХАРИЛЦАН АШИГТАЙ ТҮНШ БАЙЯ
Хоёр улсын эдийн засгийн
харилцан нөхөх байдлаас шалтгаалан хоёр талын хамтын ажиллагаа харилцан үр өгөөжтэй,
харилцан ашигтай байх үндсэн онцлогтой. Монголын талтай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ
Хятадын тал хамтдаа хожих бодлого баримталдаг. Түүнээс биш би их хожно, чи бага
хожно, би ихийг авна, чи бага ав гэсэн байр сууринаас хандахгүй. Харилцан ашигтай
байх зарчмыг баримталж байж хамтын ажиллагаа урт хугацаанд тасралтгүй үргэлжилж
хөгжлийг гүнзгийрүүлэх хөдөлгөгч хүч байх болно. Энэ нь Хятад, Монголын хамтын ажиллагааны
давуу тал мөн. Хоёр улсын хооронд төмөр зам, авто замаар холбогдох, бүтээн байгуулалт,
эрдэс баялгийн олборлолт, ашиглалт, гүн боловсруулалт зэрэг төслүүдийн хамтын ажиллагаанд
нааштай ахиц гарч хамтын ажиллагааны давуу талыг эдийн засгийн үр өгөөж болгох,
хоёр улс, хоёр ард түмэнд сайн сайхны төлөө илүү ихийг бүтээхийг Хятадын тал хүсч байна. Хятадын талын буцалтгүй
тусламжаар хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын Энх тайвны гүүр, Их дэлгүүр зэрэг олон
төсөл өнөөг хүртэл Монголын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсээр байгаад
баяртай байна. Цаашид ч Хятадын талаас Монгол Улсын хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтад
зориулан дэмжлэг үзүүлсээр байх болно.
3. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЙНГА ХАРИЛЦАХ НАЙРСАГ ТҮНШ
БАЙЯ
Манай хоёр ард түмэн
найрамдал нөхөрлөл, чин сэтгэлийн харилцааг чухалчилж ирсэн уламжлалтай. Тиймээс
бид хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхийг
хүсч байна. Энэ жилийг Хятад, Монголын найрсаг солилцооны жил болгон зарласны дагуу
хоёр тал харилцан Соёлын долоо хоног зохион байгуулж, Хятад, Монголын найрсаг солилцооны
тухай мэдлэг сорьсон тэмцээн, хятад, монгол дууны уралдаан, ханз үсгийн уран бичлэгийн
тэмцээн, спортын зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Манай хоёр
ард түмэн цаашид улам их харилцаж чин сэтгэлийнхээ орон зайг улам ойртуулахыг хүсч
байна. Хятадын талаас Монголын талтай хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, байгаль орчныг
хамгаалах, Хятад хэлний сургалт зэрэг салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллаж улам
олон монгол иргэд Хятад улсад тавтай зорчихыг урьж байна.
4. ЭНХИЙН ТӨЛӨӨ ГАР НИЙЛЭН АЖИЛЛАХ БҮС НУТГИЙН
ТҮНШ БАЙЯ
БНХАУ, Монгол Улс
аль аль нь хөгжиж байгаа улсууд билээ. Олон улс, бүс нутгийн олон асуудлаарх хоёр
талын байр суурь адил байдаг. Хятадын талаас Монгол Улсыг олон улс, бүс нутгийн
үйл ажиллагаанд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж бүс нутгийн энх тайван, тогтвортой
байдлыг сахин хамгаалж, хамтын хөгжлийг урагшлуулахыг дэмждэг. Хятадын тал Монгол
Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орохыг
дэмжинэ. Монголын талтай НҮБ, ШХАБ, АСЕМ, АХАИББХ, “Их түмэн” санаачлага зэрэг олон
улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн
байна. Хятадын тал Монголын талаас дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх
Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг чухалчлан үзэж энэ талаар Монголын талтай
үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Түүхэн дэх “Талын торгоны зам” болон
“Цайны зам” бүгд Монголоор дайран өнгөрдөг байсан. Хятадын талаас дэвшүүлсэн
“Торгоны замын эдийн засгийн бүс”, “21 дүгээр зууны далайн торгоны
зам” санаачилга нь Монголын талаас дэвшүүлсэн “Талын зам” санаачилгатай
адил төстэй талууд дээр хэрхэн хамтран ажиллахыг хамтдаа судалцгаая.
Айлчлалын үеэр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж болон Монгол Улсын бусад удирдлагатай хамтын анхааралд байгаа асуудлуудаар
санал бодлоо сайтар солилцож хоёр улсын харилцааны ирээдүйн хөгжлийг хамтран төлөвлөж
харилцааг шинэ дээд түвшинд гаргах болно.
Бид Хятад, Монголын
ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх учиртай, үүнд итгэл төгс байна. Хятад, Монголын
өнө мөнхийн найрамдал нөхөрлөлийг ариун цагаан хадгаар уламжилъя, Хятад, Монголын
хамт хөгжлийн мөрөөдлийг цэлгэр уудам тал нутагт цогцлооё!
Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд БШУЯ-ны захиалгаар хүн ам ихээр суурьшсан Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэж эхлэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд 102 цэцэрлэгийн байр барьж ашиглалтад оруулах ажээ.
“Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагаас БНХАУ-ын дарга айлчилж байгаатай холбогдуулж төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлжээ. Хоёр орны төрийн тэргүүн айлчилж буй энэ үед Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хойд урд хөршийн зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах талаар асуудлыг уламжилж өгөхийг тэд төрийн гурван өндөрлөгөөс хүсчээ. Ши Жиньпин, В.Путин хоёрт энэ хүсэлтийг уламжилж ажил болгож чадвал үндэсний үйлдвэрлэл хөгжиж, эдийн засаг солонгорно гэж тус төрийн бус байгууллагынхан үзэж байгаа аж. Европын холбоо Орост худалдааны хориг тавьсан энэ үе Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Орос руу гаргах түүхэн боломж гэж тэд хэлж байна.
Ирэх даваа гаригаас цэцэрлэгийн бүртгэл эхлэх юм байна. Энэ намар цэцэрлэгийн насны 243 мянган хүүхэд байгаа ч тэднийг хүлээж авах цэцэрлэгүүдийн хүчин чадал 197 мянган хүүхдэд хүрэлцэх гэнэ. Цэцэрлэгийн тоо өнгөрсөн жилийнхээс 4000 хүүхдийг нэмж авахаар хүрээгээ тэлсэн ч энэ намар дахиад 46 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх нь тодорхой болжээ. Нийт цэцэрлэгийн 764 нь улсынх бол 303 нь хувийн цэцэрлэг байгаа юм. Харин нийслэлд хувийн цэцэрлэг улсынхаас гурав дахин их байгааг судалгаагаар тогтоожээ. Хотод нийт 430 гаруй цэцэрлэг ажиллаж байгаагийн ердөө 178 нь улсын цэцэрлэг юм байна. Хувийн цэцэрлэгийн сарын төлбөр байршлаасаа хамаарч 120-550 мянган төгрөг байгаа гэнэ.