-ХЭРЭВ АНХААРУУЛАХ
ТЭМДЭГ ТАВЬСАН БОЛ ТАВАН ХҮН АМИА АЛДАХГҮЙ БАЙСАН-
Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид сүүлийн
үед Яармагийн замд осол аваар өдөр болгон гарч байгаа талаар онцолж байв. Он гарсаар
дээрх замд ослын улмаас зургаан хүн амь насаа алджээ. Мөн хохирол ихтэй 50 гаруй осол гарсан байна. Өдөр болгон Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай
удирдлагын төвд “Яармагийн зам дээр явж байгаад машинтай шүргэлдчихлээ. Машинтай
мөргөлдчихлөө. Миний машины араас мөргөсөн жолооч зугтаачихлаа” гэх мэт дуудлага тасралтгүй ирдэг
болжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гэхэд гурван осол гарчээ. Зам хөндлөн
гарч явсан 35 настай Ж гэх залууг мөргөж
амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллага хэргийн газраас
зугтаасан гэмт этгээдийг эрэн сурвалжилж
байгаа аж. Гэвч одоог хүртэл гэмт хэрэгтэн хэн болохыг тогтоож илрүүлээгүй байна. Мөн зургаан сард гурван машин
мөргөлдөж хоёр хүн амиа алдсан хэрэг гарч байсан. Тэгвэл энэ сарын 19-нд Яармагийн
замд нэг хүн амиа алдсан ноцтой осол гарчээ. Энэ мэт Яармагийн замд автомашины ноцтой осол шил шилээ даран гарсаар байна.
Ямар учраас Яармагийн замд автомашины ослууд гарах болсон талаар замын цагдаагийн албан хаагчид онцлон ярьж байсан юм. Тэд “Хан-Уул дүүргийн нутаг
дэвсгэр XIX хороолол өнгөрөөд гэрлэн дохио бүхий замын уулзвар
гардаг. Эндээс эхлэн жолооч нар хурд хэтрүүлэн давхидаг. Яармагийн зам засварын
ажил эхэлсэнтэй холбоотойгоор замыг хэсэгчлэн хааж эхэлсэн. Эсрэг талын замын урсгалыг хааж нэг замаар урсгал сөрж явуулан Яармагийн
замыг сонгож явж байгаа автомашины хөдөлгөөнийг зохицуулдаг.
Зам засварын компани замыг хэсэгчлэн хаасан мөртлөө ямар ч тэмдэг
тэмдэглэгээ хийгээгүйгээс болж осол гардаг
болсон. Харин сүүлийн үед Яармагаас Нисэх хүртэлх тусгаарлах зурвас бүхий хоёр зорчих
хэсэгтэй зургаан эгнээтэй замыг нээсэн. Замыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж дуусаагүй
байхад жолооч нар анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, тус замаар хэдэн километр цагийн
хурдтай явах тэмдэг, анхааруулах зүйлс огт байхгүй замаар зорчиж байна. Үүнээс болж хурд хэтрүүлэн давхиж олон осол аваар гарч байна” гэв. Хан-Уул дүүргийн
Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хариуцсан
хэсэг болох Яармагийн замд өдөр бүр осол гараад болохгүй байхаар нь Нийслэлийн авто
замын газар, Яармагийн замыг шинэчлэн засаж буй компаниудад зам дээрээ түр ч гэсэн
анхааруулга тэмдэглэгээг тавих хүсэлт хүргүүлсэн гэнэ. Гэтэл одоо хүртэл тэмдгүүд
байршуулаагүй байгаа талаар онцолж байлаа.
“БИ ГАНЦААРАА ХУРД ХЭТРҮҮЛЖ ЯВААГҮЙ.
БҮХ ЖОЛООЧ ХУРДТАЙ ЯВЖ БАЙНА”
Осол олонтаа гарах болсон Яармагийн шинэ зам дээр очиж сурвалжлага
бэлтгэсэн юм. Биднийг Яармагийн хоёрдугаар буудал дээр очих үед явган зорчигч эмэгтэй
“Аксент” маркийн машины жолоочтой муудалцаж байв. Н.Байгалмаа гэх эмэгтэйг зам хөндлөн
гарч явах үед “Аксент” маркийн машины жолооч дайрчих шахсан гэнэ. Жолооч зам хөндлөн
гарч явсан эмэгтэйд тулж ирээд зогссон учир амьд мэнд гарсан гэнэ. Н.Байгальмаа
гэх эмэгтэй “Зам засварын компани автобусны
буудал дээр хурд сааруулагч хийхгүй гэсэн. Зургаан машин өнгөрөх ийм өргөн замыг
хөндлөн гарна гэдэг маш хэцүү байна. 30 гаруй метр газар алхаж байж нэг талаас
нөгөө талд гардаг болсон. Ингэж зам хөндлөн гарч явах үед эхний эгнээний машин явган зорчигчид зам тавьж өгдөг. Бид машины урдуур гараад явах үед хажуугийн эгнээгээр маш хурдтайгаар
машин ороод ирдэг. Үүнээс болоод явган зорчигч машинд мөргүүлж байна. Саяхан гэхэд манай энд хоёр хүн
машинд дайруулсан. Зургаан эгнээтэй энэ зам нээгдэж эхлэнгүүт жолооч нар 100 километр
цагийн хурдтай давхидаг болсон. Яармагийн замаар явж байгаа бүх жолооч хурд хэтрүүлэн давхиж байна. Үүнийг хянаж зохицуулж
байгаа газар алга байна. Хүүхдүүд хичээл сургуульдаа орж эхлэхээр олон осол гарах
байх гэж айж байна” гэв. Харин “Аксент” маркийн машины жолооч залуу
“Ийм зам дээр хурдан явахгүй яах юм бэ. Удаан явахаар арын машин сигналдаад
хэцүү байна. Хотын түгжрэлээс гараад ийм өргөн шулуун замд орохоор өөрийн эрхгүй
л хаазан дээрээ гишгэж байна. Жолооч нарыг хурд багатай яв гэсэн нэг ч тэмдэг тавиагүй байгаа биз дээ. Би ганцаараа хурдтай
яваагүй шүү” гэж байсан юм. Биднийг сурвалжлага хийх явцад жолооч нар Яармагийн
гүүр дөнгөж гараад л хурд хэтрүүлэн давхиж байна лээ.
Эгнээгээ барилгүй хоорондоо уралдаж урд хойноо орсоор давхиж одох
юм. Тэр ч бүү хэл хоорондоо уралдаж байсан жолооч нар нэгнийгээ шахаж байв. Сүүлийн үед шөнөөр залуус
машинтайгаа уралддаг болсон талаар тэр хавийн оршин суугч нар хэлж байв.
ЖОЛООЧ НАР ХУРД ХЭТРҮҮЛЭН ЯВЖ
БАЙГААГААС ОСОЛДОЖ БАЙНА ГЭВ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг бол Яармагийн гүүр-Нисэх-Нисэхийн
товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх хатуу хучилттай
13.7 километр авто замын ажил хийгдэж байгаа.
Яармагийн гүүрнээс Нисэх буудал хүртэлх замыг анх 1961 онд барьж байсан түүхтэй.
Мөн 1968 онд хатуу хучилттай болгосноос хойш
2012 оныг хүртэл огт засвар хийж байгаагүй. Замын зураг төсөл тусгаарлах зурвас
бүхий хоёр зорчих хэсэгтэй, зургаан эгнээтэй, нийт 28-46 м өргөн болгож бүрэн шинэчилж
байгаа юм. Энэхүү зам нь олон улсын нисэх
буудлыг нийслэлтэй холбосон төдийгүй Улаанбаатар хотын баруун, зүүн талыг холбож
байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Яармагийн замыг шинэчлэн засах ажлыг “Эйч Кей
Би Интернэшнл холдинг” компани хийж гүйцэтгэж байгаа аж. Өнгөрсөн онд ашиглалтад
орно гэж байсан зам засварын ажил удааширч ирэх аравдугаар сард ашиглалтад орох
гэнэ. Бидэнд өгсөн мэдээллээр зам засварын ажил 87 хувьтай явагдаж байгаа гэсэн.
Одоогоор явган хүний зам болоод зарим газарт хатуу хучилт хийгдэж байна лээ. “Эйч Кей Би Интернэншл холдинг” компанийн инженер Н.Цэвэлмаатай уулзаж цөөн асуултад хариулт авсан
юм.
-Танай
компанийн засч байгаа зам засварын ажлаас болж энд автомашины олон осол гарч байгаа гэсэн. Осол замын анхааруулах тэмдэг тэмдэглэгээг огт
хийхгүй байгаатай холбоотой гэж цагдаа нар хэлж байна?
-Яармагийн замд сүүлийн үед олон осол гараад байгаа нь үнэн. Бид
Яармагаас Нисэх хүртэлх замыг хурдан ашиглалтад оруулах гэж хичээж ажиллаж байна.
Манай компани олон осол гарсантай холбогдуулан өөрсдийн санаачилгаар таван газар
гэрлэн дохио хийж эхлээд байгаа. Мөн өнөөдрөөс эхлэн тэмдгүүдийг суурилуулж эхэлсэн.
Удахгүй тэмдгүүдийг бүрэн суулгаж дуусна.
-Өмнө
нь яагаад анхааруулах тэмдэг хийгээгүй юм
бэ. Үүнээс болоод олон хүн амиа алдаад байгаа шүү дээ?
-Цаанаасаа өгсөн төсөв зэрэгт тусгагдаагүй байсан байх. Бусад зам
засварын компаниуд ч гэсэн шинээр зам барихдаа анхааруулга бүхий тэмдгүүдийг огт
хийдэггүй. Ямар учраас осол гараад байгааг бид судалж үзсэн. Жолооч нарын ухамсаргүй
байдлаас үүдэн хурд хэтрүүлэн явж байгаад л
осолд ороод байгаа юм билээ. Өргөн цэлийсэн замаар явж байгаа бүх жолооч
хурд хэтрүүлж байна. Хот суурин газарт явахдаа
50 километр цагийн хурдтай явна гэсэн дүрмийг
жолооч нар зөрчиж байгаагаас болж осол гарч байна. Манай компани есдүгээр сарын
1-нд Яармагийн замаар автомашин зорчиход
огт саадгүй явдаг болгоно.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР ЯМАР
НЭГЭН АРГА ХЭМЖЭЭ АВАЛГҮЙ ӨДИЙ ХҮРЧЭЭ
Яармагийн замыг жолооч нар “Ослын хөндий” гэж нэрлэдэг болжээ. Нийслэлийн
хамгийн их осол гардаг газар болсон байна. Явган зорчигч машинд дайруулж амиа алдахаас
эхлээд автомашинууд хоорондоо мөргөлдөж эрдэнэт хүний амь үрэгдэж байна. Уг нь
Нийслэлийн Авто замын газар зам засварын ажилтай өдөр бүр танилцаж байгаа. Гэвч
шинээр баригдаж байгаа замыг засч бүрэн дуусаагүй байхад тээврийн хэрэгсэл зорчуулж
байгаа бол жолооч нарт зориулан замаар явахдаа
гүйцэж түрүүлэх үйлдэл хийж болохгүй, хэдэн цаг километрийн хурдтай явах, явган
хүний гарц бүхий газарт анхааруулга тэмдэг тавих гэх зэрэг Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын олон дүрэм журмыг зөрчиж байгаад ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ.
Мөн зам засварын ажил хийж байгаа газруудад жолооч нарт зориулж байнгын анхааруулах тэмдэг тавьдаг олон улсын
жишиг стандарт хүртэл бий. Үүнийг даган мөрдөхгүй байна. Зам засварын ажил жолооч нарын аюулгүй байдлыг нэн түрүүнд хангах үүрэгтэй. Мөн аюулгүйн дүрмийг чанд баримтлан ажиллах ёстой.
Дээрх хууль дүрэм, олон улсын стандартыг даган биелүүлээгүй Нийслэлийн Авто замын
газар, Яармагийн замыг шинэчлэн засах ажлыг гүйцэтгэж буй “Эйч Кей Би Интернэшнл холдинг” компанийн буруугаас
болж олон осол гарчээ. Иргэд ч дээрх хоёр газрын буруугаас болж эд хөрөнгөөрөө хохирох төдийгүй амиа алдсаар байна.
Яармагийн замд дахин ноцтой осол гарахгүй гэх баталгаа алга байна лээ.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН