Categories
мэдээ нийгэм

Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна

2014 оны 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран зохион байгуулна.

Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэхзорилготой тус чуулга уулзалтад Зүүн Азийн орнуудын 40 гаруй зочид төлөөлөгч оролцоно. 

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенци батлагдсаны 25 жилийн ой тохиож буй үед зохион байгуулж байгаагаараа онцлог тус чуулга уулзалтаар “Хүүхдийн хөдөлмөр, боловсрол”, “Хүүхдэд үзүүлж буй дэмжлэг, хүүхдэд ээлтэй хот”, “Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих механизм байгуулах” зэрэг гурван үндсэн сэдэвт хуралдаан явуулах юм.

Азийн Хүүхдийн эрхийн Форумаас зохион байгуулсан 2009 оны Сөүлийн хурал, 2011 оны Токиогийн хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэ удаагийн чуулга уулзалтаар оролцогч улс орнуудын хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахад Олон Улсын байгууллага, Засгийн газрын холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаач, мэргэжилтэн хоорондын харилцаа холбоо, сүлжээг бий болгох, Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг улс орнууд сайжруулах зэрэг асуудлаар бодлогын баримт бичиг гаргахаар төлөвлөж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүндэтгэлийн чуулган хуралдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпинд өнөөдөр үдээс өмнө УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бараалхав.

Мөн УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэллээ. Уг хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон  УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад гадаад орнуудаас суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, албаны бусад хүмүүс, БНХАУ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан зочид төлөөлөгчид оролцов.

БНХАУ-ын дарга Хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жилд Хятад-Монголын харилцаа Иж бүрэн стратегийн харилцааны түвшинд шилжин шинэ түүхээ эхлүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн 11-р хорооны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Дэлхийн банк хамтран 2012 оны 3 дугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Үр дүнд нь хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх дүүргийн 11-р хороонд100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэх шинэ цэцэрлэгийн барилга нь Канад технологийн модоор бүтээцээр баригдсан байна. Дээрх төслийн зорилго нь хүн амын өсөлттэй сургуулийн өмнөх боловсролыг уялдуулж, цэцэрлэгийн тоог нэмэх юм. Энэ хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 102 цэцэрлэг ашиглатад оруулахаар барьж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Багшийн ажлыг хүүхдийн хөгжил, ахиц, амжилтаар үнэлдэг боллоо

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/293 дугаар тушаалаар Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам шинэчлэгдсэн. Энэ журмаар сургууль, цэцэрлэгийн багш хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл орчин нөхцөл бүрдүүлэх, бүтээлч ажлын ахиц амжилтаа таван төрлийн 12 шалгуураар үнэлүүлж, урамшил авах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл багш төлөвлөгөөнд тусгасан хичээлээ орсон эсэхээ цаасан дээр тайлагнаж үнэлүүлдэг байсан нь өөрчлөгджээ. Эдгээр шалгуураа үндэслэн багшид 0-100 оноо өгч, хангалтгүй, дунджаас доогуур, дундаж, сайн, хангалттай сайн, маш сайн гэсэн үгэн үнэлгээ өгнө. Хүүхэд бүрийнхээ авьяасыг нээн чадавхижуулж, сонирхолд нь тулгуурлан сургаж, хөгжүүлж чадсан багш 80-аас дээш оноо буюу хангалттай сайн, маш сайн гэсэн үнэлгээ авна. Улмаар сайн багш сарынхаа цалин дээр “Ур чадварын нэмэгдэл” хэмээх давхар цалин авах болж байгаа юм.Багш нар шинэ журмын талаар ярихдаа “Багшийн ажлыг цаасаар үнэлхээ больсон нь маш зөв. Багшийн ажилд тэр их тайлан конспект бичнэ гэдэг их ажил байсан. Одоо бол тэр цагаа хүүхдийнхээ хөгжилд зарцуулах болж байна. Хүүхдийнх нь ахицаар багшийг үнэлж, урамшил цалин олгох нь шударга зарчим. Хэн сайн тайлагнадаг нь биш хүүхдээ хэн сайн хөгжүүлсэн нь л өндөр цалин авна.” гэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

7 сард жуулчны тоо буурчээ

Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэд

2013 оны 7-р сар

2014 оны 7-р сар

Өөрчлөлт тоо

Өөрчлөлт хувь

Нийт: Зорчигч

        284 437 

275 585

-8 852

-3,1%

Үүнээс: Жуулчин

        228 546 

210 587

-17 959

-7,8%

Бүс нутгаар

Ази болон Номхон далай

        143 849 

127 549

-16 300

-11,3%

ЕВРОП

         80 170 

79 955

-215

-0,2%

АМЕРИК

           3 527 

2 017

-1510

-42,8%

Ойрхи Дорнод

              376 

644

268

71,2%

АФРИК

              623 

421

-202

-32,4%

 

Харъяалалгүй

                 1 

1

0

0%

 

Жуулчдын голлох зах зээлийн орноор

1

БНХАУ

         95 972 

            84 248

-11 724

-12,2%

2

ОХУ

         36 641 

            38 469

1 828

4,9%

3

БНСУ

         26 618 

            24 074

-2 544

-9,5%

4

ЯПОН

           9 173 

             8 579

-2 544

-27,7%

5

АНУ

           8 959 

             8 537

-422

-4,7%

6

КАЗАКСТАН

           7 201 

             7 794

593

8,2%

7

ГЕРМАН

           5 840 

             5 180

-660

-11,3%

8

Франц

           4 140 

             4 205

65

1,5%

9

ИХ БРИТАНИ

           3 718 

             3 084

-634

-17,0%

10

АВСТРАЛИ

           4 173 

             2 998

-1 175

-28,1%

Салбарын орлого /сая ам доллараар /

2013 оны 7-р сар

2014 оны 7-р сар

Өөрчлөлт тоо

Өөрчлөлт хувь

145.393.397

                           131 357 327

-14036070

-9,6%

 

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлаар нэг төөрч будилсан хүмүүс байна

Э.Бат-Үүл даргын 500 төгрөгийн тасалбарын  ид шидийг үзэх гэсэн хүмүүс өглөөжин төөрч будлив. Олон ч хүн ажлаасаа хоцорлоо.  Баянзүрх дүүргийн Жуковын музейн автобусны буудал дээр өглөө 8 цаг 30 минутаас 9 цаг 20 минут хүртэл  баахан хүмүүс автобус хүлээлээ. Эхэндээ Офицер- Таван шар, Халдварт  чиглэлийн автобус сүрхий явж байсан ч сүүлдээ ямар ч автобус ирэхээ байлаа. “Э.Бат-Үүл дарга хоёр минутын зайтай явна гэсэн яасан бэ” гэсэн хүмүүс олширов. Автобусны буудал дээр 500 төгрөгийн тасалбар борлуулж байсан шар хантаазтай ажилтныг хүмүүс асуултаар булна. “Сансар, 100 айл явахын тулд ямар автобусанд суух ёстой”-г асуусан хүмүүс их байлаа. Гэсэн ч өнөө эмэгтэйд ч мэдэх юм байсангүй. “Сансарын автобус удахгүй ирэх байх аа” гэсэн ч сүүлдээ тэр нь ирэхгүй нь тодорхой болов.  Арай хийж ганц нэг автобус ирэхдээ дүүрэн хүнтэй тул бараг зогсохгүй шахам өнгөрнө. Зарим нэг нь ерээд онд  зах зээлд шилжиж байсан үед автобусны хойноос элдэж хөөдөг шиг юм болж байж амжиж суулаа. Сүүлдээ буудал дээр бөөн хүн цуглаж, зарим нь такси барихаар болж, зарим нь дараагийн буудал руу алхлаа.  Сансарын буудал руу  алхав. Хоосон шахам хэдэн автобус сүнгэнэж одов. Сансарын түнээлийн буудал дээр очоод арайхийж  автобусны бараа хардаг байна шүү. Сансар 32-ын буудал гэсэн автобусанд суулаа. Хаанаас яаж эргээд байгааг нь лавлахад нэг зорчигч эмээ их л баясгалантайгаар “Офицеороос суугаад  13-ын буудал дээр буугаад нөгөө талынх нь буудлаас суусан чинь Сансар руу эргэж байна. Хоёр өдөр явбал учрыг нь олчих юм шиг байна. Харин зүгээр юм байна” гэж хуучиллаа. “Хаашаа яаж явахаа зарлаж болдоггүй юм уу, хүмүүс ямар автобусанд суухаа ч мэдэхгүй байна”  гэхэд кондуктор нь “Зарлаж хашгирч болохгүй гэсэн” гэж дуугарав. Иймэрхүү маягтайгаар ажилдаа хоцорч ирлээ. 

 Автобусны буудал дээр тасалбар түгээж байгаа ажилтануудаа ядаж мэдээлэлтэй болгох хэрэгтэй байна. Тэднийг тасалбар түгээхээс гадна ямар чиглэлийн автобусанд хаанаас яаж суух талаар хүмүүст зөвлөх чиглэлээр давхар бэлтгэх   хэрэгтэй шүү дээ. Будилсан хүмүүст зөвлөгөө өгөх лавлах утас нээж ажиллуулах эрэлт хэрэгцээ байна даа.

Categories
редакцийн-нийтлэл

“Талын айл” тайлагдашгүй оньсого мэт монголчуудын философи

Талын айл. 1955 он. 80х120 см. Тос, зотон

Манай сонин өмнө нь дэлхийн урлагийн сонгодог бүтээлүүдээс цувралаар
танилцуулсан билээ. Уг цув­ралыг энэ удаа Монголын дүрслэх ур­ла­гийн сонгодгуудаар
үргэлжлүүлэн хүргэ­хээр бэлтгэлээ. Цувралыг 
уран зургийн сод бүтээ­лүүдээр эхлүүлж эхний дугаартаа ардын зураач, төрийн
шагналт, хөдөлмөрийн баа­тар Ням-Осорын Цүлтэмийн “Талын айл” хэмээх бүтээлийг танилцуулж
байна.

Энэ бүтээлийг олонх хүмүүс Монголын тал нутгийн байгаль, нүүдэлчин
монголчуудын аж байдлыг харуулсан зураг гэдэг. Үнэн хэрэгтээ байгалийн, аж байдлын
гэхээсээ илүү монголчуудын гүн ухааны илэрхийлэл болсон бүтээл билээ. Хязгаар хярхаггүй
уудам орон зай, хязгааргүйн доторх дүрсүүд, алслал, өнгө, бичилт энэ бүгд нь Монголын
тал нутгийн амьдралын хэв маяг, тааварлахад бэрх, нууц далд ухааныг хүүрнэнэ. Зохиомжоороо
хязгааргүйн дундах амьдралыг өгүүлэх мэт хэдий ч эсрэгээрээ, хүний амьдрал дотор
оршин буй орон, цагийн хязгааргүй давтамж, монгол гэрийн дотор оршин байдаг орчлонт
ертөнцийн дүр эндээс харагддаг. Монгол гэр, хоёр бөхтэй тэмээ, алс руу зурайх зам
зэрэг монгол ахуйг бүрдүүлэгч байгалийн зүйлс, туйлын энгийн деталиуд нь, тэнгэр,
үүлсийн дүрслэл дэх онцгой бичилтээрээ далд нууцлаг учир шалтгаант нүүдэлчин иргэншлийн
төрхийг бүтээжээ. Зургийн хавтгай дээрх дүрслэл нь үзэгчид нөлөөлөх агаар амьсгалаараа
оршин байхуйн нэгэн агшны амсхийлт, юуг ч юм хүлээх зуун жилийн хүлээлт шиг, мянган
эриний зогсолт ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Тайлагдашгүй оньсого мэт бүтээл юм.
Гэхдээ уран зургийг унших тухайн уншигч бүр үл тайлагдах ийм оньсоготой нүүр тулдаг
боловч өөр өөрийнхөөрөө тайлах эрх чөлөөг эдэлдэг нь сод туурвилуудын бас нэгэн
мөн төрх, чанар чансаа нь байдаг.   

Үндэстнүүдийн бүтээсэн соёл иргэншил нь өөр өөрийн унаган төрхөөрөө
ялгарч, бие биенээсээ ондоошин онцгойрохдоо ертөнцийг үзэх үзэлдээ суурилсан байх
нь мэдээж. Манай үндэстний бүтээсэн “нүүдэлчдийн өвөрмөц” гэх тодот­голтой соёлын
үндэс суурь нь зүгээр л цаг уур, газар усны таатайг дагаад нүүгээд байсан малчны
ухамсар төдий биш болох нь ялангуяа урлагийн бүтээлүүдээс улам бүр харагдах юм.
Ертөнцийн тухай төсөөлөл, түүнийг үзэх үзэл, түүн дотор хэрхэн амьдрах тухай монголчуудын
зохиронгуйн ухааныг өөртөө агуулсан урлагийн нэгэн сод бүтээл “Талын айл” уран зургийн
хосгүй үнэ цэн юундаа вэ. Байгалиас тасран холдох бус байгальтай найрсан зохирох,
нэгдэн зохилдох зарчмаар явдаг монгол хүний философи. Энэ философийн уран сайхны
илэрхийлэл болсныхоо хувьд “Талын айл” нь Монголын уран зургийн сонгодог бүтээл
юм.      

Өнгөрсөн 2013 оны зургадугаар сард Засгийн газар 1921 оноос хойш
тоологдох  орчин үеийн уран зургийн сан хөмрөгөөс
таван бүтээлийг “хосгүй үнэт бүтээл” хэмээн үзэж уг ангилалд албан ёсоор бүртгэсэн.  Уг таван бүтээлийн нэг нь энэ “Талын айл”, нөгөө
дөрөв нь  Марзан хочит Балдуугийн Шаравын
1922 онд зурсан “В.И.Лениний хөрөг”, ардын зураач Гэлэгийн Одонгийн 1958 онд зурсан
“Ажлын дараа”, төрийн шагналт, ардын зураач Очирын Цэвэгжавын 1958 онд зурсан “Азарганы
ноцолдоон”, төрийн шагналт, ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн 1958 онд зурсан
“Өвгөн хуурч” хэмээх бүтээлүүд.  Орчин үеийн
уран зургийн галерейн сан хөмрөгт өдгөө 3500 гаруй бүтээл хадгалагдаж байгаа гэсэн
албан мэдээлэл бий. Гэхдээ манай улс уран зургийн бүтээлийг урлагийн үнэт өв болохынх
нь хувьд “хосгүй үнэт” хэмээх зэрэглэлд зэрэглэж байгаагүй, ердөө л  “ердийн өв” хэмээн үзэж ирсэн бол энэ таван бүтээлээр
уран зургийг хосгүй үнэт бүтээлийн өвд тооцдог олон улсын жишигт хөл тавьсан нь
энэ.   “Талын айл” нэртэй энэ сод бүтээл нь
77х159см хэмжээтэй, тосон будгийн зураг юм. Бүтээлийнхээ санааг  Н.Цүлтэм гуай хөдөө явж байхдаа олсон гэдэг. Н.Цүлтэм
гуайн амьдрал намтраас сонирхвол, 1924 онд одоогийн Архангай Аймгийн Өндөр-Улаан
суманд төрсөн байна. Ардын хувьсгалын он жилүүдэд төрсөн зураачийн өсч өндийсөн
хүүхэд нас нь монголчууд төр нийгэм, иргэншил соёлын шашин төвт ухамсраас иргэний
ухамсарт, колоничлолоос эрх чөлөөнд хөл тавих шилжилтийн адармаатай он жилүүд байж.
Тухайн үед хүмүүс эрэгтэй хүүхдээ номд суралцуулахаар хий­дэд суулган ламхай болгодог
байсан жишгээр Цүлтэм гуайг до­лоон настайд Хүрээнд авчирч Зүүн хүрээний Жамбаа
гавж гэдэг ламынд суулгасан аж. Гучаад оны дундуур сүм хийдүүдэд шавилан сууж байсан
ламхай нарыг сургуульд оруу­лах аян өрнөх үес 1937 онд лам багшийн гэрийг орхиж
сургуульд орсон тухайгаа Цүлтэм гуай хожмоо дурсамждаа бичсэн байдаг. Уг дур­самжид,
“Нийгмийн амьдралд ардчилсан шинэ ёс тогтож, хувьс­галт өөрчлөлтүүд өргөжих тусам
сүм хийд, лам нарын шашин но­мын ажлыг улам бүр хавчин хяз­гаарлаж эхэлсэн нь мэдээжийн
хэрэг. Жишээлэхэд, сургуулийн хүүхдүүдийг хүрээ Гандангаар явуулж лам банди нарыг
хар болгож сургуульд оруулахыг ятгуулах, лам хүүхдүүдэд түвд номын зэрэгцээгээр
монгол бичиг заах, тэр ч байтугай нэг удаа лам хүүхдүүдийг орос хөлөөвт(Ленинклуб)
аваачиж суулгаад гэрлийг нь унтрааж тас харанхуй болгов. Айж гайхаж суутал гэнэт
өргөн цагаан даавуун дээр хөдөлгөөнтэй батиар зураг гарч, орос хүмүүс гүйлдэж, буудалцаж,
ярилцаж байгаа нь цөм дуугарч байх нь маш сонин гайхалтай байсан бөгөөд тэр нь Зөвлөлтөд
шинэхэн гарсан “Чапаев” гэдэг кино байсныг хожим мэдэж билээ. Сонирхолтой юм үзсэнээ
ах ламдаа ирж ярихад “Ямар л олигтой юм байв гэж, нас буйнд хор барцадтай өлзий
бусын эд” гэж зэмлүүлж билээ. Тэр явдлаас хойхно 1937 оны хавар лам хүүхдүүдийг
монгол бичиг заадаг бүлгэмийн газар дуудаж цуглуулаад хэдэн цэргийн дарга хүүхдүүдийн
нэр овгийг асууж, хоёр хэсэг болгон хувааж дүү бид хоёр ногоон малгайтай дарга нарын
хэсэгт орсон тул биднийг гэр оронд нь ч очуулалгүй нэг ёсондоо дайчлан баривчилж
өндөр хоршооны зүүн талд байсан Дотоод яамны харьяа төв сургуулийн байр, хэдэн дүнзэн
байшинд оруулав. Тэндээс биднийг одоогийн Туул рестораны орчим, Сэлбийн салаа голын
дэргэд байсан хувийн халуун усанд оруулж, биеийг цэвэрлүүлээд дотуур цагаан хувцас
өмсүүлж, хүүхэд бүрийн нас биед тохирсон цэрэг ногоон өмд цамц, ажлын хар гэж нэрлэгддэг
бахиал гутлаар хувцаслаж гаргаснаар До­тоод явдлын яамны харьяа цэргийн бага сургуулийн
сурагчид болж билээ. Манай сургууль хэдийгээр тухайн цагтаа хүн бүхний зүрхийг шимшрүүлсэн
Дотоод яамны харь­яаны дүрмийн хувцас өмссөн, тусгай хангамжтай, эрх дархтай сургууль
байсан боловч бидний азаар хүмүүсийг тагнаж мөрдөх, мэдээллэж матах, тарчилган зовоох
мэтийн чекистийн үндсэн хүчин болгох мэргэжлийн талын ямар ч ном дүрэм заагаагүй,
зүгээр л ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр монгол хэл бичиг, тоо, газарзүй,
жагсаалын сургууль төдийхөн заасан. Тэр ч бүү хэл 1940 оны хавар манай сургуулийг
тарааж, биднийг ердийн дунд сургуулиудад тараан өгсөн юм. Бидний үеийг дундад эртний
шашны сүм хийдийн нэгэн хэвийн хүлцэнгүй уйтгартай амьдралаас ангижруулж, иргэний
боловсрол эзэмших үндэс суурийг тавьж өгсөн бага насны минь нэгэн аз жаргалтай үе
болж үлдсэн анхныхаа сургуулийг хэзээд хайр, сэтгэлтэйгээр бахархан дурсаж явдаг”
гэжээ. Н.Цүлтэм зураачийн дүрслэх урлагийн анхны ажил нь “Цогт тайж” киноны жижиг
хэрэгсэл, зэр зэвсгийн загвар байсан гэдэг. Киноны ерөнхий зураачаар Л.Гаваа, хувцасны
зураачаар Д.Чойдог, Ү.Ядам­сүрэн нар ажиллажээ. Арван зургаатайдаа Бөмбөгөр ногоон
театрт ажиллаж эхлэн, анхны цалин болох гучин төгрөгөө ээждээ аваачиж өгө­хөд ээж
нь ихэд баярласан гэж мөн дурссан байх аж. Хожмын ар­дын зураачид болох Н.Цүлтэм,
Г.Одон гуай, мөн театрын зураач Ц.Доржпалам гуай энэ гурав  1945 онд Москвагийн Суриковын нэрэмжит уран зургийн
дээд сургуульд элсч байжээ. Бидний харж буй, Монголын уран зургийн хосгүй үнэт бүтээл
болох “Талын айл”, “Нэхмэлчид” бүтээлүүдээрээ төрийн шагнал хүртсэн бол 1984 онд
ардын зу­раач, 2000 онд Монгол Улсын хөдөл­мөрийн баатар цол хүртсэн. Хамгийн сонирхолтой
нь, тэрбээр их урлагт бүтээсэн туурвилуудаасаа гадна нийгэм, соёлын нэн өргөн хүрээнд
ажиллаж амьдарсан. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үндэслэн байгуулж,
Дүрслэх урла­гийн сургуулийг бие даасан сургууль болгон  байгуулсан бол МУЭ-ийг 33 жил удирдсан байдаг.
Уран бүтээлчийнхээ хувьд зөвхөн өөрийн бүтээлд зориулах цаг машид хомс байсан нь
намтрыг нь үзэхэд илэрхий. Хөдөлмөрийн хүндэт медалиас хөдөлмөрийн баатар хүртэлх
манай улсын төрийн бүх одон, медаль, шагнал, цолыг хүртсэн нь бас л нэгэн сонирхол
татам түүх ажээ. Цүлтэм гуайн урлаг судлалын бүтээлүүд болох Монголын сон­годог
урлагийн шилдэг бүтээлийн “Уран зураг”, “Уран баримал”, “Г.Зана­базар”, “Гоёл чимэглэлийн
урлаг”, “Монголын орчин үеийн дүрслэх урлаг” зэрэг номыг өнөөгийн урлаг сонирхогчид
мэдэх байх. Харин зураачийн амьдрал бүтээлийн тухай “Ням-Осорын Цүлтэм” нэртэй ном
англи хэлнээ өнгөрсөн 2005 оны үед гарчээ. Н.Цүлтэм зураачийн өнгөний тухай түүний
хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжингөөс санаа бодлыг нь хуваалцахад,
“Аавын өнгө бол онц­­гой, тослог монгол шинжтэй. “Талын айл” бүтээлийн хувьд, монгол
нутгийн тал, нүүдэлчин ахуйг дүрсэлсэн зохиомжид нь хоёр тэмээ их үүрэгтэй. Үүлс,
тэнгэр, газар, тэмээ гурваар санаагаа дэвшүүлсэн гэж боддог” гэлээ. 

Н.Цүлтэм зураачийн бүтээлүүд дотор
“Борогчингийн замд”, “Буянтай ээж минь” нэртэй тун онцгой хоёр бүтээл бий. Ялангуяа,
“Буянтай ээж минь” нэртэй хөрөг зураг. Зураачийн өөрийнх нь ээжийн хөрөг гэнэ. Нөгөө
л “тослог монгол өнгө” нь, сонгодог бичилтээрээ хараа салгамгүй нан­дин бүтээлүүд
байх бөгөөд энэ хоёр ч мөн Үндэсний Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж
байна.

 Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн 17,099 багш сургалтанд хамрагдаж байна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг өнгөрсөн хичээлийн жилд 40 сургуульд туршсан. Туршиж боловсруулсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-өө энэ жил орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байгаа юм байна. Шинэ хөтөлбөрийн дагуу энэ жилээс эхлэн бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичгүүд гээд бүгд шинэчлэгдэж байгаа юм. Бага боловсролын чанарыг сайжруулахын тулд нэн тэргүүнд үндэсний хэмжээний бүх сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарт шинээр баталсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг танилцуулах шаардлагатай. Тиймээс БШУЯ-аас өнгөрсөн өдрүүдэд бүх ЕБС-уудын захирал, сургалтын менежерүүдэд сургалт зохион байгуулсан байна. Харин энэ өдрүүдэд аймаг, сум, дүүрэг бүрийг бүсчлэн хувааж, шинэ хөтөлбөрөөр хичээлээ хэрхэн явуулах талаар бага ангийн багш нарт сургалт явуулж байна. Сургалтанд нийт 17099 багш оролцож байгаа аж. Энэ мэтчилэн багш нарт заах арга зүйн зөвлөгөө өгөх, тэдний ур чадварыг шинэ түвшинд гаргах зорилгоор БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт өнгөрсөн жилээс эхлэн 30 мянга гаруй багшид сургалт зохион байгуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аврагч ирэхгүй

Эхлээд өмнөд хөршийн удирдагч, араас нь умард хөршийн тэргүүн Монголд ирэх нь байна. Олны яриагаар бол В.Путин ерөнхийлөгч манайд бензинээ зүгээр өгөхөөр, Ши Жинпин дарга  манай нүүрсийг зүггүй өндөр үнээр авахаар ирэх бололтой. Ингээд өөрийн юмаа үнэтэй зарж, өрөөлийн юмыг үнэгүй авсан цагт бид ч жаргалын замдаа шуудрах аж.

Үнэхээр ч хүнээр юмаа хийлгэхээрээ компанийнх нь хагасыг зүгээр авна гэдэг, хөрөнгө аваад ирвэл хөөж явуулаад юмыг нь булаах гэдэг бидэн шиг улсад хөгжлийн зам гэж байдаг бол энэнээс өөр зам байх учиргүй.  

Оюу толгойгоо оршуу­лах­даа тулчихсан, таван толгойгоо тараахдаа хүрчихсэн гэж бай­гаа. Барууны хөрөнгө оруу¬лагч¬дыг хөөчихсөн. Хята¬дын бус хөрөнгө оруулагч болгоныг “Хятадын тал” гэж хөөж явуулсаар байгаад  Хятадаасаа өөр сонголтгүй болчихсон.  

Оростойгоо ч эвээ олсон юм байхгүй. Оросоосоо баа­хан айна, оросууд ч өөрөөс нь айхгүй байвал их гомддог гэдгийг бас мэднэ. Гэвч манай бизнес-улс төрийн бүлгүүд оросуудаа бас гол гаргана. Эргээд түүнийгээ оросуудаас айсан, оросууд айлгасан аятай ойлгуулна. Оросыг буруушаахаас бүгд зүрхшээх тул нурсан төсөл, бүтээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг хэн ч сөхөхгүй. Яг нарийндаа оросуудаас айдаг дүр үзүүлэхээс бус яаж ч хулхидахаас сийхгүй. Тээр жил Асгатын мөнгөний ордыг оросуудтай хамтарч ашиглана гэж дээд хэмжээнд тохирчихоод, яаж хуурлаа?

Хятад түншээ  ч  гол гаргана. Хятад ажилчин авчирч барилга бариулчихаад, цалин хөлсөн дээрээ тулмагц “Таминь ээ, хятадууд зөвшөөрөлгүй ороод ирчихсэн байна. Манай эх орныг эзэллээ. Авраарай” гэж хашгиран, төртэйгээ хамжиж хөөлгөнө. Нууцаар хил давж ирсэн хятадууд, монгол хүний барилгыг хулгайгаар барьж байсан болж таараад байгаа юм. Хүнийг яаж хорлохоороо ингэдэг юм, бүү мэд. 

Ингэлээ гээд буруутахгүй, харин ч чөлөөлөгч, эх оронч болно. Ер нь бол Хятадад хандах хандлага, хардлага хоёр эрүүл бус болсон. Тэд­нийг Монголын нүүрсийг худал­даж аваад эхлэхээр “Хятадууд хайран сайхан нүүр­сийг минь зөөгөөд барлаа” гэж халаглана. Больчихоор нь “Хятадууд нь манай нүүрсийг авахгүй зориуд боож үнс бол­го¬лоо” гэж хангинана. ХХ зууны дундуур “Зөвлөлтийг хэн сайн мэдэх вэ” гэдэг зохион бичлэгийн уралдаан байнга болдог байсан. Өдгөө  сэдвээ өөрчилж “Хятадыг хэн сайн муулах вэ” нэртэй болчихоо юу гэмээр. 

Энгийн хятад иргэнийг бүү хэл элчин зөвлөхийг нь балбасан хэрэг гарна. Энэнээсээ илүү аймаар нь Хятадын тал энэ бүхний хариуд яах ч үгүй байгаа явдал. Яах гээд яах ч үгүй байгаа юм бол, юун дээр нь хүртэл дэврээж байгаад хөдлөх гээ юм бол, гэхчлэн бодохоор үнэхээр аймаар байдаг. Ямар ч байсан биднээс айсандаа хөдөлж чадахгүй байна гэж үгүй…

Бидэнд барууны хөрөнгө оруулагчид итгэхээ байсан, хятад ч итгэхээ байсан, орос ч итгэхээ байсан гэхээр муухай сонсогдоод байна. Арай гоёор “барууныхан ч, хятадууд ч, оросууд ч бидний тухай маш бодитой ойлголттой болсон” гэвэл зүгээр ч юм уу!

Ийм үед бид өөрсөндөө  итгэхээс өөр замгүй. Гэтэл манайхан бие биедээ хэр итгэдэг билээ?  Хүн болгон өөрийгөө цэвэр цусны мон­гол гэдэгт эргэлздэггүй шигээ, сөргөлдсөн болгоноо “хужаагийн эрлийз” гэдэгт мөн л эргэлзэхгүй. Цаадахь нь яаж зүгээр өнгөрөөхөв, эргүүлээд  хужаагаар нь дуудна. Хөнд¬лөн­гөөс нь харвал хоёр “хужаа­гийн эрлийз” бие бие­нээ цоллоод байгаа аятай.  Хэн нь “жинхэнэ жогорхой” юм бол, бүү мэд. Нэг ийм үлгэр байдаг даа. Сэргэлэн хаантан хулгайчийг барих арга сэдэж, нэг хөмсгийг нь сэм хусдаггүй юу. Тэгээд маргааш нь өглөө нь “өрөөсөн хөмсөгтэй хүнийг бариад ир” гэтэл бүх хүний өрөөсөн хөмсөг байдаггүй. Хаанаасаа ч сэргэлэн хулгайч нь сэжиг авмагцаа бүх хүний хөмсгийг хусаад амжсан бай­даг­гүй юу?  Өнөөдөр ч “эрлийз” хоч зүүгээгүй монгол хүнийг олох ч мөнөөх өрөөсөн хөмсөгтийг эрэхээс өөрцгүй болсон доо. Энэ мэтээс болоод монголчууд бие биедээ итгэдэггүй болсон.

Ингээд харахаар нааштай гэхээр юм гагцхүү бурхан үлдсэн мэт. Бид бурханаас барууны хөрөнгө оруулагчдыг ивээхгүй, хятадыг хайрлахгүй, оросуудыг харж үзэхгүй, нөгөө нэг монгол(өнөө эрлийз)-д нь тал өгөхгүй хаяад зөвхөн өөрийг нь ивээхийг гуйна. Бурхан биднийг яах бол?  Хэрвээ тэр барууныхныг ч, хятадуудыг ч, оросуудыг ч, үлдсэн зарим монголчуудыг, ер нь эх болсон зургаан зүйл хамаг амьтныг үнэнгээсээ хайрладаг байвал яах билээ. Хайртай болгоноо нулимж хаяад зөвхөн өөрийг нь сонгох тухай мөргөл залбирал минь түүнд ямархан сонсогдох бол?

Одоо өөртөө итгэх л үлд¬сэн. Өөртөө итгэх цаг ч болсон. Өөртөө итгэдэг хүн бусдад итгэдэг. Бусдын өгч чадах юманд, бусдаас авч болох юмны хэр хэмжээнд итгэдэг. Өөртөө итгэдэг хүнд нөгөө бусад итгэдэг. 

 Үргэлж лус савдаг, сайн хаан, ивээгч гүрэнд найдаж ирсэн бид нар өөртөө найдаж амьдрах учиртайг ухаарахын тулд энэ бүхнийг туулсан ч юм болов уу? Хамаг зовлон бид өөртөө, өөрийнхөө бүтээн босгох чадварт итгэдэггүйгээс үүдэлтэй. Өрөөл нэгэн хаа холоос ирж, хамаг байдгаа бидэнд зориулах аятай санад­гаас бас эхтэй. Жижиг гэхээргүй зүтгэлтнүүд хүртэл “Гадаадынхан өөрийнхөө эрх ашгийг чухалчлаад байна” гэж ярих, ярих төдийгүй олон түмнээс өндөр үнэлэлт авах аж. Өөрийнхөө эрх ашгийг умартсан нэг галзуу солиотой амьтан нь л биднийг аврах гэж хаа нэгтээгээс морь унаж, мод тохсоор ирэх нь ээ, янз нь. Талууд өөр өөрийн эрх ашгийг илэрхийлэн ярьсаар хам­гийн бодитой огтлолцол дээр л тохироо бий болдог байлгүй дээ. 

Үнэгүй, өртөггүй юм гэж үгүй.  Манжийн хааны пүнлүү, Зөвлөлтийн тусламж бүгд өөрийн өртөгтэй, үнэ цэнэтэй байсан. Хэн нэгний юмыг зүгээр авах боломж олдож байгаа  бол оронд нь түүнээс их юмаа зүгээр өгөх учиртай болж байгаа л гэсэн үг.

Бид хоёр хөршөө ч, баруу­ных­ныг ч (хэрвээ тэд эргэж харвал шүү дээ) өөрөөр харах цаг болсон. Хэн нь бидний аврагч биш, бас дайсан биш. Юмаа зүгээр өгдөг эрүүл хүн байхгүй. Хэдэн жилийн өмнө Оросын төлөөлөгч “Үнэгүй юм зөвхөн хавханд байдаг” гэсэн ярилцлагыг Монголын хэвлэлд өгч байсан. Онцгүй сонсогдож байсан ч гэсэн хүний юмыг зүгээр авах гэсэн онцгүй санаархалд маань дургүй нь хүрэхдээ л хэлсэн үг. Бидний ааш араншин, хандлага эцсийн эцэст хавх¬наас өөр сонголтгүй болгож байгааг ний нуугүй хэлсэн анх­ны гадаад хүн шүү, баярлалтай нь.

Манай хоёр хөршийн тэргүүнүүд ээлж дараалан ирэх нь. Бид хөгжлийнхөө, хандлагынхаа шинэ үеийг нээх гэж байна. Шинэ хандлагын хувь заяа бол хуучнаасаа хэр зэрэг татгалзсанаас хамаарна. Бид¬ний шинэ хандлага, шинэ боломж хөгжлийн шинэ зам нээнэ.

Харин  тэнгэрээс аврагч бууж ирэхгүй. Гэвч “Аврагч ирэх­гүй” гэдэг бол сайн мэдээ. Учир нь бид өөрөө өөрсдийгөө аврах учиртай гэдгийг ухаарна. Үнэнийг ухаарахаас илүү аврал гэж үгүй. 

Categories
мэдээ цаг-үе

Айлчлалын өмнөхөн албан уулзалтууд өрнөлөө

Зунжин нам жим байсан Төрийн ордон өчигдөр
хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хятадын удирдагчийн айлчлан ирэхтэй холбогдуулан бэлтгэл
ажил өрнөхийн сацуу дараахь албан уулзалтууд болсон юм.

 УИХ-ЫН ДАРГА ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН
ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

 УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсад айлчилж байгаа Япон улсын парламент
дахь Либерал ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши
тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

З.Энхболд дарга уул­залтын эхэнд, Япон улсын парламент дахь Япон,
Монголын найрамдлын гурван бүлгийн тэргүүн өргөн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад айлчилж
байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол
Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон улстай
хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр засаг өндөр ач холбогдол
өгч байгааг тэрээр онцлон тэмдэглэлээ. Мөн өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр орны хооронд Эдийн
засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрээд байгаад
баяртай байна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг шинэ
шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэв.

Япон улсын парламент дахь Либерал ардчилсан намын Япон Монголын найрамдлын
бүлгийн дарга Мотоо Хаяаши хэлэхдээ, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа
ялангуяа стратегийн харилцаа, эдийн засгийн түншлэл эрчимтэй хөгжиж байгаад талархаж
байна. Бид танай улсын хувийн хэвшилд хувь нэмрээ оруулахад таатай байх болно гэв.
Мөн Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд  Монгол 
Улсад айлчилж байгаа бөгөөд Монгол Японы уран бүтээлчдийн хамтарсан “Тэнгэр,
нар, түншлэл” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтэнд оролцох тухайгаа УИХ-ын даргад танилцууллаа.

Энэхүү уулзалтын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,
дэд дарга Д.Оюунхорол нар тэднийг хүлээж авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
“Манай улс мөнхийн хоёр том хөрштэй. Гурав дахь том хөрш бол Япон улс. Бид олон
жилийн сайн түншийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Хүнд хэцүү үед үргэлж тусалж
дэмжиж, хандив тусламж өгч донор болж ирсэнд талархалтай байдаг. Цаашид ч Япон улстай
харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллана” гэж тодотголоо.  МАН-ын бүлгийн даргын байр суурьтай Японы парламентын
төлөөлөгчид санал нэгтэй байгаагаа илэрхийлээд эдийн засаг хүндрэлтэй үед нэмүү
өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой
гэв. Японы парламентын доод танхимын гишүүн Сонода Хироюки хэлэхдээ, манай хоёр
орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

Мөн Монгол Улсын өнөөгийн хөгжилд улс төрийн ууган хүчин МАН-ын гүйцэтгэх
үүрэг, хариуцлага чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Монгол Улс эдийн
засгийн хүндрэлтэй байгаа үед та бүхэн айлчилж байна. Тиймээс танай орны эдийн засгаа
тогтвортой авч явдаг арвин туршлага бидэнд чухал. Бидний хөгжүүлж чадахгүй байгаа
зарим асуудал дээр та бүхний дэмжлэг, зөвлөмж хэрэгтэй байна гэв. Мөн парламентын
гишүүдээ иргэд нь шууд сонгодог Японы сонгуулийн тогтолцооны туршлагаас судлах хүсэлтэй
байгаагаа энэ үеэр уламжлаад авлаа.  Манай
оронд айлчилж байгаа Японы парламентын гишүүд өнөөдөр Дархан-Уул аймагт очиж үйлдвэрлэлийн
бүсийг хэрхэн сэргээн хөгжүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах зэргийг
судлах юм байна.

ХЯТАДЫН СОЁЛЫН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ
УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлалын
сайд Ц.Оюунгэрэл БНХАУ-ын Соёлын сайд Цай Утай өчигдөр уулзлаа. Энэхүү албан ёсны
уулзалт хоёр орны соёлын харилцааны сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Тодруулбал, хоёр
улсын соёлын харилцаа өргөжин тэлж байгааг Ц.Оюунгэрэл сайд онцоллоо.  Үүний дараа Хятадын Соёлын сайд Цай Уг Ерөнхий
сайд Н.Алтанхуяг  хүлээн авч уулзлаа.

Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдтай
ахин уулзаж байгаадаа талархал илэрхийлээд Монгол, БНХАУ-ын хамтын ажиллагаа
улс төр, эдийн засгийн төдийгүй соёл, хүмүүнлэнгийн
салбарт ч өргөжиж байна. Энэ хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, соёлын бүх салбарт
хамтран ажиллах, соёлын өвийг хадгалахад цаашид анхаарч ажиллана гэлээ.Тус улсын
соёлын өдрүүдийн нээлт, БНХАУ-ын дарга Си Жиньпиний төрийн айлчлалтай давхцаж байгаа
бөгөөд энэ айлчлал хоёр орны олон салбарт үр дүнгээ өгөх айлчлал болно гэдгийг уулзалтын
үеэр талууд онцоллоо. БНХАУ-ын Соёлын сайд Цай У айлчлалынхаа хүрээнд Соёл, спорт,
аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй Монгол Улс, БНХАУ-ын 2014-2017 оны соёлын солилцооны
хөтөлбөрийг байгуулах юм.

 

Д.АРВИН ГИШҮҮН Ю.ЦЭДЭНБАЛЫН
АЧ ОХИНЫГ ХОЛБООТОЙ БАЙХЫГ ЗАХИЛАА

УИХ-ын  гишүүн Д.Арвин БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий
сайдаар ажиллаж байсан Ю.Цэдэнбалын хүү Зоригийн охин Анастасияг өнөөдөр Төрийн
ордонд хүлээн авч уулзлаа.

Хатагтай Анастасия УИХ-ын гишүүн
Д.Арвинд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд өвөөгийнхөө төрсөн
нутаг болох Увс аймгийн Давст суманд зочлон, ном хуруулаад ирсэн тухайгаа дуулгасан
юм. Мөн  энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан
бүх хүмүүст талархаж байгаагаа дуулгаад өнөөг хүртэл  өвөөг нь Монгол Улсын төр засаг хүндэтгэж явдагт
баяртай байдгаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр хэлэхдээ, Монголын талаар бодож байсан
түүний бодлууд өөрчлөгдсөн. Өвөөгийнхөө гэрийн бууцан дээр очоод  агаараар нь амьсгалахад өөрийгөө монгол хүн гэдэг
мэдрэмж төрж байсан тухайгаа хэллээ. Түүнчлэн Улсын их хурлын гишүүн Д.Арвинд хандан
1990-ээд оны хүнд хэцүү үед түүний эцэг Ц.Зоригийг Монгол Улсын иргэншилтэй болгоход
гүн туслалцаа үзүүлж, гол үүргийг гүйцэтгэж байсанд талархаж явдгаа илэрхийлээд
Цэдэнбалын Зоригийг Монгол Улсад амьдрах орон сууцтай болгосон зэрэг түүний хүчин
чармайлт гаргаж хийсэн аж­луудад нь  хүндэтгэл
үзүү­лэхээр ирсэн тухайгаа мэ­дэг­дэв. Улсын их хурын ги­шүүн Д.Арвин З.Анастасияг
Монгол Улсад хүрэлцэн ир­сэнд талархал илэрхийлээд цаашид холбоотой байхыг захилаа.
Мөн түүний аавд мэнд хүргэхийн зэрэгцээ Мон­гол Улсад айлчлан ирэхийг  урилаа.

М.МӨНХ