Categories
мэдээ спорт

“Адуучин” тэмцээн өнөөдөр болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Адуучин” тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт болно. Тэмцээнд 21 аймгаас шалгарсан шилдгийн шилдэг 21 адуучид оролцож эр бяраа сорин өрсөлдөх юм. Адуучин залуус уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч, уурга ташуур шүүрэх гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх аж.Тэргүүн байранд орсон адуучин найман саяын шагналтай юм байна. Харин удаах байранд орсон адуучин зургаан сая, гуравдугаар байрны шагналын сан дөрвөн сая төгрөг юм.  Мөн төрөл тус бүрээр шагнал гардуулах аж.  Мөн энэ үеэр адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын шоу зэрэгарга хэмжээнүүд зохиогдох юм байна. Сонирхуулахад адуучин тэмцээн өдгөө 26 жил тасралтгүй зохиогдож байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Си Жиньпин: Харилцан туслах замаар Хятад, Монголын харилцааны шинэ эрин үеийг нээнэ

  -Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд

                                    БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үг-

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж  болон түүний гэргий,

Эрхэм хүндэт З.Энхболд Их Хурлын дарга аа,

Эрхэм хүндэт гишүүд ээ, сайд нар аа,

Хатагтай ноёд оо,

Анд нөхөд өө,

Сайн байцгаана уу. Өнөөдөр миний бие Монгол Улсын Их Хуралд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын байртай байна.

Юуны өмнө миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа энд оролцож байгаа Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний бие 2008 онд БНХАУ-ын Дэд даргын хувиар Монгол Улсад айлчлахдаа Монгол Улс элбэг баян сайхан орон юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

Танай улсын нэрт зохиолч Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт:

       “Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд

       Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

       Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

       Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

       Энэ бол миний төрсөн нутаг  Монголын сайхан орон” гэж бичсэн байдаг.

Би 6 жилийн дараа дахин Монгол Улсад айлчилж, танай улсын хөгжил цэцэглэлт, хүч бололцоог хараад чин сэтгэлээсээ баярлаж байна. Миний бие ажилсаг хичээнгүй, итгэл төгс дүүрэн Монголын ард түмний ололт амжилтад баяр хүргэж байна.

Өчигдөр миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж ярилцлаа. Монгол Улсын удирдагчидтай Хятад, Монголын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаараа өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Хоёр тал Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэн дээшлүүлж, Хамтарсан тунхаглал гарган, улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын 20 гаруй хэлэлцээр, баримт бичигт  гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд би сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна.

Хатагтай, ноёд оо,

Анд нөхөд өө,

Хүлгийн сайныг унаж мэддэг

Хүний сайныг ханилж таньдаг.

Хятад, Монгол  хоёр улсын хооронд 65 жилийн өмнө анх дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг. Танай улсаас шинэ Хятад улсад үзүүлсэн дэмжлэгийг бид мартах ёсгүй.

Хоёр дахь жарандаа ороод байгаа хоёр талын харилцаа улам өндөр түвшинд хүрснийг баяртайгаар тэмдэглэж байна. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн туршид Хятад, Монголын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирлээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, БНХАУ олон жил дараалан танай улсын гадаад худалдааны хамгийн том түнш болон хамгийн том хөрөнгө оруулагчийн байр суурийг хадгалж байна.

2013 онд Хятад, Монгол хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1 сая 300 мянга давсны дотор Хятадад зорчсон монгол иргэдийн тоо 1 саяыг давжээ. БНХАУ, Монгол Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь цаг үетэйгээ нийцэж байна. Энэ нь хоёр талын харилцаа түүхэндээ хамгийн сайн үедээ орсныг илтгэж байна.  

Хятад, Монгол хоёр орон уул, усаараа холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн хувьд чухал улсууд билээ. Энэ жил бол БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэсний 20 жилийн ой, мөн Хятад, Монголын найрсаг солилцооны жил болж байна.  Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

Үүний тулд,

Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөрш болох ёстой.

Олон улсын нөхцөл байдалд ямарч өөрчлөлт гарсан хоёр улсын харилцааны гол чиг шугамаа дагаж, стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талынхаа эрх ашгийг бодолцож байх ёстой. Нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол асуудал болон нөгөө талынхаа анхаарлаа хандуулж буй томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй.

Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгална.

Хоёр улсын удирдагч нар янз бүрийн шугамаар уулзалдаж, стратегийн зохицуулалтыг эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлнэ.  Миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ оны 11 дүгээр сард Хятадад болох АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагч нарын албан ёсны бус хурлын үеэр зохион байгуулах дэд бүтцээр холбох түншлэлийн яриа хэлэлцээнд оролцохыг урьж байна. 

Хятадын тал Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг энэ онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхийг мөн урьж байна. Хууль тогтоох байгууллагуудын хооронд байнгын харилцах механизм, БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд стратегийн яриа хэлэлцээний механизм тогтоохоор хоёр тал тохиролцсон бөгөөд батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Монгол Улсыг АПЕК-ийн гишүүнээр элсэхийг БНХАУ дэмжиж байна.

Монголын тал Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд зохих хэлбэрээр оролцохыг Хятадын тал дэмжиж байна. Монголын тал санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж, НҮБ, АСЕМ, АХАИББХ, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.

Хятадын тал Монголын талтай “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд ажиллахад бэлэн байна. Мөн Монголын “Талын зам”санаачлагад нааштайгаар, нээлттэй хандаж байна. Хоёр тал Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг шинэ талбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн хамтдаа хөгжиж, хамтран ашиг хүртэх болно.

Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улс харилцан ашигтай, хамтдаа хожих сайн түнш болох ёстой.

“Усны дэргэдэх асраас сарны тусгалыг түрүүлж харна” гэсэн үг бий.

Хятад, Монгол хоёр орон газар зүйн байршлын хувьд хөрш, эдийн засгийн хувьд харилцан нөхөх шинжтэй. Хятадын талд зах зээл, хөрөнгө мөнгө, техник,технологи, зам, дэд бүтцийн талаар давуу тал бий. Монгол Улс арвин их байгалийн баялагтай. Иймд хоёр тал хамтран ажиллахад ихээхэн боломж байна.

Өнгөрсөн жил Хятад улсын импорт, экспортын барааны эргэлт 4 трилион 16 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх 5 жилд Хятадын гадаад худалдааны эргэлт 10 трилион, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо байна. Өнгөрсөн жил гадаадад зорчсон хятад иргэдийн тоо бараг 100 сая болсон. Энэхүү тоо 2020 он гэхэд 150 саяд хүрнэ. Хятад улсын тасралтгүй хөгжил Монгол Улс болоод бусад түншүүдэд асар том зах зээл, боломжийг нээж байна.

Миний энэ удаагийн Монгол Улсад хийсэн айлчлалаар Монголын тал удаан хугацаанд анхаарал тавьж ирсэн дамжин өнгөрөх тээвэр, далайн гарцын асуудал тодорхой шийдэлд хүрлээ. Хоёр тал уул, уурхай, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс байгуулж, Хятад, Монголын  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа.  2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлсон. Хоёр талын хилийн боомтын төмөр замын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрлээ.  Хоёр тал юань, төгрөгийн свопийн хэмжээг 10 тэрбум 500 сая хүртэл нэмэгдүүллээ. Эрээн-Замын-Үүдэд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар судалгаа хийхээр санал нэгдлээ. Хоёр тал уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулах, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаа явуулах  болно. Эдгээр шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд улам их, бодит ашиг тус авчирна гэдэгт найдаж байна.

Гуравдугаарт, Хятад, Монгол хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой.

Замаа мэдвэл явахад амар

Хүнээ мэдвэл ярилцахад амар.

Өчигдөр би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийхэд иргэдийн солилцоог идэвхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх бодлого баримтлах, залуучууд, хэвлэл, мэдээллийн салбарын тогтмол солилцоог бэхжүүлж, ингэснээрээ нийгэмд таатай уур амьсгалыг бүрдүүлж, Хятад, Монголын найрамдлыг эрчимтэй сурталчлахаар тохиролцсон.

Хятадын тал Монгол Улсын иргэн тус улсад суралцах, жуулчлах, худалдаа хийх, эмчлүүлэхэд найрсагаар хүлээн авах болно. Хятадын тал ирэх 5 жилд Монголын талд нийт 1000 хүнийг давтан сургалтад хамрагдах квот олгож, Засгийн газрын тэтгэлэгт 1000 оюутныг хамруулах, 500 цэргийн албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх болно. Монголын 500 залуу, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлахыг урьж байна. Хятадын тал Монголын талд 25 шилдэг кино бэлэглэх болно. Эдгээр нь хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.

Хатагтай, ноёд оо,

Анд нөхөд өө,

Одоо Хятадын ард түмэн хоёр “100 жил”-ийн зорилт биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байна. 2020 он гэхэд анхан шатны чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, энэ зууны дунд үе гэхэд чинээлэг, ардчилсан, соёлтой, өв тэгш, орчин үеийн социалист орныг бүтээн байгуулна. Бидний энэхүү зорилтыг товчлон хэлбэл, Хятад үндэстний сэргэлтийн “Хятадын мөрөөдөл” гэж хэлж болно. Монгол Улс өөрийн орны шинэчлэлт, өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байна. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний зүрхэнд бас “Монголын мөрөөдөл” бий.

БНХАУ-ын шинэчлэл өөрчлөлт, нээлттэй байх бодлого, орчин үеийн бүтээн байгуулалт нь хөрш орнуудад, түүний дотор Монгол Улсын хөгжилд нааштайгаар нөлөөлж, чухал түлхэц болно. Хятад, Монгол хоёр улсын хөгжлийн стратегийг үр дүнтэй хослуулснаар хамтран хөгжих бүрэн боломжтой юм.

Хоёр “100 жил”-ийн зорилтыг биелүүлэх нь амар хэрэг биш. Яагаад гэвэл бид 1 тэрбум 300 сая хүн амтай, алслагдсан зах хязгаар нутгийн хөгжил тэнцвэргүй, бидний ачаа хүнд, туулах зам хол байгааг бүрэн мэдэрч байна. Бид удаан хугацаанд цуцалтгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэхүү зорилтыг биелүүлэхэд аятай таатай орчин хэрэгтэй. Хэрвээ гэрийн гадаа тайван байвал, гэрийн дотор санаа зоволтгүй ажлаа хийж чадна.

Хятад улсын зогсолтгүй хөгжлийн явц дэлхий дахинд болон зарим хүмүүст эргэлзээ төрүүлжээ. Хятад улс хөгжсөнөөрөө заналхийлэл болох вий гэж санаа зовниж байна. Энэ бол буруу ойлголт, буруу үзэл бодол юм.

Хятад улс энх тайванч замаар тууштай замнаж, дэлхийн улс орнууд энх тайвнаар хөгжихийг дэмжиж байгаагаа олонтаа илэрхийлсэн. Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн, дэлхийн бусад орнуудтай хамтран хүн төрөлхтөний ёс суртахуун болон олон улсын нийтлэг хэм хэмжээг сахин хамгаалж, дэлхий болоод бүс нутгийн үйл ажиллагаанд шударга ёсыг эрхэмлэн оролцох болно. Хятад улс чин шударга, зоригтой, тэвчээртэй, яриа хэлэлцээний зарчмаар, энх тайван замаар аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхийн төлөө байна.

Хятад улс дэлхийн улс орнууд өөр өөрсдийн хөгжих замыг сонгох эрхийг хүндэтгэж ирснийг олонтаа мэдэгдэж байсан. Бид өөрсдийн үзэл бодлыг бусдад тулган хүлээлгэхгүй. Аливаа хүн өөрийн үзэл бодлыг хятадын ард түмэнд тулган хүлээлгэхийг бид бас зөвшөөрөхгүй. Бид олон улсын маргааныг энх тайвнаар шийдэхийн төлөө байна. Хятад улс аливаа жанжлах бодлого, хүчирхийлэгч улс төрийг эсэргүүцэж, хэзээ ч жанжлах бодлого явуулахгүй, хэзээ ч тэлэх бодлого явуулахгүй.

Хятад үндэстэн энх тайвныг эрхэмлэгч үндэстэн бөгөөд хятадын соёл, өв уламжлалыг эрхэмлэдэг. Таван мянган жилийн иргэншлийн хөгжлийн явцад хятад үндэстэн энх тайванч, эв хамтач үзлийг тууштай баримталж ирсэн билээ. Энх тайвныг эрхэмлэх, эвсэг найртай харилцах, өөрийн хүслийг бусдад тулгахгүй байх зэрэг ойлголтууд нь Хятадын эрт дээр үеэс уламжлагдан ирсэн, хятад гүн ухаанд  шингэсэн, хятад хүний үйл ажлаар илэрч байдаг. Эрт дээр үеэс хятад үндэстэн гадаадад довтлохын оронд худалдаа хийх, гадаад харилцааг идэвхтэй явуулж ирсэн. Өөрийн орныг хамгаалах эх оронч үзлийг эрхэмлэдэг. Харин нутаг дэвсгэрээ тэлэх, колончилох  үзэл байхгүй. Хуучин Хятад улсын түүхээс харахад гай гамшиг дүүрэн, зовлон доромжлолд автсан гашуун түүх байдаг. Мөн Хятад үндэстний гадаадын довтлогоог эсэргүүцсэн, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн аугаа их тэмцлийн түүх байдаг. Хатуу зовлонг туулсан Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэн хайрладаг бөгөөд өөрийн гашуун сургамжийг бусдад дахин амсуулахгүйн төлөө байна. Хятадын ард түмэн дэлхийн бусад орны ард түмэнтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж, эв хамтаар хөгжих, энх тайвныг хамтран сахин хамгаалж, энх амгаланг хамтдаа хүртэхийн төлөө бэлэн байна.

Хятад улсын шинэчлэл, нээлттэй бодлого явуулсан 30 гаруй жилийн түүх энх тайвнаар хөгжих нь БНХАУ-ын улс орны үндсэн нөхцөл байдал, нийгмийн тогтолцоо, уламжлалт соёлоос үүдсэн стратегийн сонголт гэдгийг нотлон харуулж байна. Энэ нь он цагийн урсгалд хөл нийлсэн, Хятадын үндэсний эрх ашигт нийцсэн, дэлхийн бусад орон болон хөрш орнуудын эрх ашигт зохицсон байдаг юм. Бид үүнийг өөрчлөх учиргүй.

Бид Монгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээ найрсагаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсагаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтална.

Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаанч бай бид Та бүхнийг урьж байна. “Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” гэж үг байдаг.

Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах болно гэдгийн би олонтаа хэлсэн. Хятад хүн хэлснээ хийдэг, хийснээ дуусгадаг. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой.

Хатагтай, ноёд оо,

Найз нөхөд өө,

Монголд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн үг байдаг.  Хятад хүн “Сайн хөршийг алтаар ч солихгүй” гэж ярьдаг. Хятад  улс дэлхий дээр хамгийн олон хөрштэй орон. Үүнийгээ бид үнэт эрдэнэ гэж үздэг.

Өнөөгийн өртөнцөд Ази тив бол эдийн засаг хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг. Мөн эмзэг асуудал цөөнгүй байдаг. Азийн улс орнуудын хөршийн харилцааг хэрхэн зохицуулах, яаж энх тайвнаар зэрэгцэн орших, яаж хамтдаа хөгжих, зөрчил маргааныг эв зүйгээр хэрхэн зохицуулах зэрэг нь заримдаа төвөгтэй асуудалд хүргэдэг. Миний бодлоор эдгээр асуудлыг шийдэхийн тулд хамгийн чухал нь цаг үеийн байдал, ард түмний хүсэл зорилгод нийцүүлэх хэрэгтэй гэж үздэг. Мөн түүнчлэн харилцан хүндэтгэлтэй хандаж, үзэл бодлоо нэгтгэж, санал зөрөлдөөнөө арилган, ирээдүйгээ харсан, харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмыг баримталж, дорно дахины оюун ухаанаар аядуу зөөлөн асуудлыг шийдэж, эвийг эрхэмлэх зүйтэй гэж боддог.

60 жилийн өмнө Хятад, Энэтхэг, Мяньмар хамтран энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмыг санаачилсан нь улс хоорондын харилцааны чиглүүлэх суурь мөрдлөг болж, Азийн улс орнууд олон улсын харилцааны хөгжлийг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулсан билээ. Бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах явцад Азийн улс орнуудын солилцоог бий болгон, харилцан хүндэтгэж, санал нэгтэй зөвшилцөн тал талд таатай ази хэв маягийг харгалзан үзэх нь энэ бүс нутгийн онцлог, харилцаагаа зохицуулах уламжлалд нийцэх юм. Энэхүү уламжлал нь Азийн улс орны хөршийн харилцаанд илэрч байна. Өнөөдөр үүнийг үргэлжлүүлэн өргөжүүлж, Азийн орнууд болон бүс нутгийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагаанд тасралтгүй өдөөгч, дотоод хөдөлгөгч хүч болгох хэрэгтэй. Энэхүү уламжлалыг баримталж хэрэгжүүлэхэд дараах хэдэн зүйлийг хийх хэрэгтэй.

Харилцан хүндэтгэж, харилцан итгэе. Азийн олон улс, орнууд гадны түрэмгийлэлд өртөж, зовлон зүдгүүр амссан түүхтэй. Тиймээс ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгодог. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, нөгөө улсын сонгосон нийгмийн тогтолцоо болон хөгжлийн замыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь үл оролцох, бие биенийхээ анхаарал хандуулж буй томоохон асуудлыг харилцан  дэмжих нь Азийн улс орнуудын найрсаг харилцааны гол үндэс юм. Азийн улс орнууд өөр өөрийн онцлогтой, нээлттэй, хүлээцтэй уламжлалтай билээ. Улс орнууд эрх тэгш зарчимд тулгуурласан өөр өөр соёл, иргэншлийн харилцан солилцоог нэмэгдүүлэх замаар харилцан ойлголцол, илтгэлцлийг гүнзгийрүүлж, Ази тивийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн бат бэх үндэс суурийг бий болгоно.    

Нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчлийг арилгая. Азийн улс орнуудын харилцааны түүхэнд найрсаг хамтын ажиллагаа голлож ирсэн боловч зарим нэг шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хөрш орнуудын хооронд үл ойлголцох явдал хааяа гардгийг үгүйсгэхгүй. Гол нь асуудалд хэрхэн хандаж, яаж шийдвэрлэх нь чухал юм. Яриа хэлэлцээний нэгдсэн ойлголт болон хамтын ажиллагааны нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчилдөөнийг арилгах нь бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг удаан хугацааны туршид хадгалах цорын ганц баталгаа юм. Бид алсын хараатай байж, аливаа асуудлыг найрсагаар хэлэлцэн зөвшилцөж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хамтран оролцож олон улсын улс төр, эдийн засгийг эрх тэгш, шударга зарчмаар хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулна.

Хамтын ажиллагаанд хамтдаа хожих, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нь Азийн улс орнуудад тулгарч буй эн тэргүүний зорилт бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь найрсаг харилцааг урагшлуулах гол түлхүүр юм. Азийн улс орнууд хамтдаа хүчирхэгжин, харилцан туслах ази чанараа хадгалан, давуу талаараа харилцан нөхөлцөж, эрх ашгаа хамтатган өргөжүүлж, чөлөөт худалдааны бүс байгуулах болон харилцан дэд бүтцээр холбох бүтээн байгуулалтаа урагшлуулан, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжин, нийтлэг эрх ашгийн том бялууг бүтээлцэж, улс орнуудын ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхийг хүсч байна.

Хатагтай, ноёдоо,

Анд найз нараа,

Миний бие энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлалаасаа Монгол, Хятадын найрамдал хэдийнээ хоёр орны ард түмний сэтгэлд соёлж буйг мэдэрлээ. Энэ нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд хамгийн том итгэлцэл, хөдөлгөгч хүч юм. Хоёр орны ард түмний дэмжлэгээр Монгол, Хятадын харилцааны маргааш улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ он бол Монгол, Хятадын морин жил. Морь бол хүч чадал, ахиц дэвшлийн бэлэг тэмдэг юм. Монгол, Хятад хоёр орны ард түмний хайр, хүндэтгэлийг гүн гүнзгий мэдэрцгээе.

Монгол Улсын бүтээн байгуулалт морины хурдаар цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд хурдан моринд ташуур өгөх адил амжилт хүсье. Гар гараасаа барилцан хамтын чармайлтаар Монгол, Хятадын үе үеийн найрамдлын үрийг хоёр орны ард түмний сэтгэл зүрхэнд цацая.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Үнээ нэмсэн эрчим хүчнийхэн ямар мөнгөөр наадам хийчихэв ээ?

Саяхан энгийн иргэдийн цахилгаан хэрэглэсний төлбөрийг  таван төгрөгөөр нэмсэн. Төгрөг цаас болсон ийм үед цахилгааны үнэ нэмэгдэнэ гэдэг нэг өрхийн хувьд  бага ачаа биш. Компаниудын цахилгаан хэрэглэсний төлбөр  иргэдийнхээс ч илүү нэмэгдсэн байж таарна. Ашиггүй, дандаа алдагдалтай ажиллаж байна, бүр ажиллаж дийлэхээ байсан учраас арга буюу үнээ нэмлээ гэцгээсэн л дээ. За яахав, үнэхээр тийм зовлонтой бол юу гэхэв гэсхийгээд сууж байтал маргаашнаас нь наадамлаад эхэлдэг байгаа. Эрчим хүчний өдрөө тэмдэглэж байгаа юм гэнэ. Хүй долоо худагт дэнж хотойтол наадацгаасан.  Мөнгөө багтааж ядсан салбарынхан л ингэж нааддаг байх даа гэмээр, сүртэй сайхан наадам тэнд боллоо. 

Асар бүрт хонины ууц, айраг цагаа бялхалзаад сайхаан сайхан. Эрчим хүчнийхний наадам хачин сайхан болсон. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэж санааширмаар сайхан наадам Хүй долоо худагт болж өнгөрлөө. Өчнөөн алдагдалтай учраас үнээ нэмж байна гэж уруу царайлаад байсан улс мөнгөө багтааж ядан нааддаг л юм байна. 

Наадамлаж найрлаж суухыг нь харахаар мөнгөгүй ч биш ээ гэж хардмаар. Үнэхээр алдагдалд ороод бөөн юм болж байгаа бол юун наадам, юун цагаан сар гэцгээгээд ажилдаа хэрэглэдэг цаасаа хүртэл хэмнэж суумаар санагдах юм. Тэгэхээр энэ салбар мөнгөгүй ч биш юм байна. Наадмыг нь хараад лав тэгж бодогдсон. 

Тэгж сүрхий мөнгөгүйдсэн юм бол ийм сүрхий наадмыг яаж хийсэн байж таарах вэ. Наадам хийнэ гэдэг тоглоом биш. Морь уралдуулж бөх барилдуулна. Зангаргаа харуулах гэж байгаа ахиухан хэлж таарна. Ахиу бай хэлж байж гайгүй бөхчүүд зодоглох учраас энд тэндхийн наадмууд байгаараа өрсөлддөг нь бараг зан болсон. За тэгээд айраг цагаа, мах шүүс гээд өчнөөн юм бий. Тэгэхээр ийм зардалтай наадмыг  ямар мөнгөөр яаж хийв гэдэг асуулт сонирхол татаад байгаа юм даа. Алдагдалтай ажиллаж байна гэж үнээ нэмчихээд ингэж болох уу. 

Ер нь муу удирдагч л найр наадам хийж сүйд болдог. Ажлаараа тодорч гавихгүй учраас нэрээ дурсуулахын тулд наадам хийдэг гээд хэлчихмээр дүр зураг хаа яагүй л анзаарагддаг. Хожим  удирдлагад нь ажиллаж байсан хэд нь “Манай тэр даргын үед Хүй долоон худагт үгүй мөн сайхан наадаж билээ” гэж ярих нь л дээ. Энэ гээд хэлчихмээр тоймтой ажил хийгээгүй нөхдийн хувьд ядаж ингэж дурсагдъя гэж боддог байж мэдэх л юм. Гэхдээ найр наадам хийнэ гэдэг удирдагч хүний хийдэг ажил биш. Тэр дундаа Монголын өрх бүрт хамаатай салбарт дарга хийж байгаа хүмүүсийн хийдэг ажил бүр ч биш. 

Тэгээд бүр зөндөө алдагдалтай гэсэн зовлон тоочиж амьжиргаагаа арай гэж залгуулж байгаа иргэдийнхээ нуруун дээр ачаа нэмж буй салбарын хувьд их мөнгө зарж наадамлана гэдэг байж боломгүй хэрэг. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Жаргалантын ногоочид ургац арвинтай, болж бүтэж байна гэсэн амны бэлгэтэй явна

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсгийнхэн
газар тариалангийн бүс нутгаар явж тариаланчдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Манай улс энэ жил нийт 420 мянга гаруй га-д тариалалт хийсэн. Үүнээс 310 мянга гаруй
га-д үр тариа тарьснаас 293 мянган га-д улаанбуудай тарьсан бол 13 мянган га-д төмс,
7.9 мянган га-д хүнсний ногоо тарьсан байна. Монголын хүнсний ногоо болон улаанбуудайны
хэрэгцээний дийлэнх хувийг Төв, Сэлэнгэ аймгийн ногоочид хангадаг. Тэгвэл тус аймгийн
тариаланчид аль хэдийнэ ургацаа хураагаад эхэлжээ.

Ногооны талбайд капатал паржигнана. Тракторын гаргаж буй энэ их чимээнээр
талд хургасан шувууд дэр хийтэл ниснэ. Харин талбайд ногоочид амсхийх завгүй бөхөлзөнө.
Капатал өнгөрөв үү үгүй юу шуудай барьсаар хоёр хоёроороо төмс түүнэ. Үр, таваар
гэлтгүй шуудайлах аж. Төв аймгийн Жаргалант сумын “Сав” хоршооны ногооны талбайд
төмс хураах ажил ид өрнөж байгаа нь энэ. Тус хоршоо энэ жил 40 га-д төмс, хоёр га-д
сонгино, 1.5 га-д лууван манжин, байцаа тарьжээ. Байцаагаа аль хэдийнэ хураагаад
авчихаж. Харин төмсөө энэ сарын 18-ны өдөр ийн хурааж эхэлж буйтай таарсан юм. Намрын
их ургац хураалтын өмнө ургацынхаа гарцыг судлахаар бага хэмжээний туршилт маягаар
төмс хурааж байгаа гэнэ. Өнөө жил ногооны гарц сайн байгаа талаар хоршооны тэргүүн
С.Нямрагчаа хэлэв. Нэг га талбайгаас дунджаар 20 тонн төмс авч байгаа аж. Одоохондоо
хөрс суугаагүй, хальс нь нимгэн байгаа учраас жижиг төмсийг үрэнд нөөцлөхөд тохиромжгүй
гэнэ. Тиймээс аль болох хаягдалгүй түүхийг ажилчдадаа анхааруулж байгаа нь сонстов.
Уг хоршоо герман сортын үрийн төмс тарьжээ. Шаргалтсан өнгөтэй том төмс харагдсан.
Эхний ээлжинд хураасан төмсөө хот руу зах зээлд нийлүүлэн мөнгө болгоод түүгээрээ
үлдсэн ургацаа хураах бензэн тос, ажилчдын хөлс зэргээ зохицуулдаг юм байна. “Сав”
хоршоо өнгөрсөн жил улсын шилдэг хоршоогоор шалгарчээ. Харин энэ жил өмнөхөөс илүү
ургац хурааж авахаар зорилт тавьсан байна. Жаргалантад төмс бөөндөө кг нь хэдэн
төгрөгийн үнэтэй байгааг ногоочдоос сонирхвол 350-450 төгрөгийн үнэтэй гэв.  Тэгвэл хамтдаа  бяцхан тооцоо хийж үзье. “Сав” хоршооны хувьд
нэг га талбайгаас 20 тонн төмс дунджаар хурааж байгаа гэсэн. 40 га талбайгаасаа
нийт 800 тонн төмс хурааж авах тооцоолол бий. Ингээд 800 тонн төмсөө кг-ыг нь
350 төгрөгөөр бөөндлөө гэж бодоход 280 сая төгрөгтэй болно гэсэн үг. Гэхдээ энэ
бол урсгал зардлыг оруулаагүй гаргасан тооцоо. Энэ ашгаа хоршооны найман иргэн хувааж
авах юм. Ингээд бодохоор Жаргалантын иргэдийн ганц амин зуулга нь газар тариалан
гэдэг нь тод харагдаж байгаа болов уу. Тус суманд хашаандаа ногоо тарьдаггүй айл
гэж байхгүй. Бүгд өөрсдийн боломж бололцоогоороо хүнсний ногоо тарьж амьдралаа залгуулж
байна. Сүүлийн үед ногоочид олноороо нийлж хоршооллын бизнес эрхлэх болжээ. Энэ
нь эрсдэл багатай төдийгүй нэгдэж нэг ажлын ард гарахад дөхөм байдаг гэнэ. Сумын
хэмжээнд нийт 2560 га-д төмс тарьсан байна. Суманд нийт 70 орчим хоршоо байдаг юм
билээ. Үлдсэн нь хувиараа ногоо тарих эсвэл улирлын чанартай ажил хийж мөнгө олно.
Талбайд төмс шуудайлж буй нэгэн хүүтэй уулзлаа.

-Аав,
ээжтэйгээ төмс хурааж байна уу?

-Аавтай хамт ирсэн.

-Жаргалантынх
уу?

-Үгүй ээ. Би Хөвсгөлөөс ирсэн. Энд хамаатныдаа намрын ажил хийгээд
түр байгаа.

-Хэддүгээр
анги вэ. Энд ирээд хичнээн төгрөгийн ажил хийв?

-Одоо тавдугаар анги. 600 мянган төгрөг авсан. Хичээл орох дөхүүлээд
хот явж цүнх, номоо бэлдээд аавтайгаа нутаг буцна.

-Өдөрт
хичнээн шуудай төмс шуудайлж байна?

-Өдөрт үү, 15 шуудай.

-Нэг
шуудай нь хэд вэ?

-800 төгрөг гэв. Ер нь намрын ажлын үеэр Архангай, Говь-Алтай, Хөвсгөлөөс
хүмүүс ирж ногоо хураах ажил хийдэг байна. Ногоо хураах цагаар сумын хүн ам
3000-аар нэмэгддэг талаар сумын Засаг дарга Д.Ганболд онцлов. Ингээд ногоочин Ү.Эрдэнэбилэгийн
талбайд очлоо. Эднийх мөн л эрт болцын ногоогоо хураагаад эхэлжээ. 60 га талбайд
төмс тарьсан байна. Эрт болц гэдэг нь 60 хоногийн хугацаанд ургаж гүйцэх үр тарьсан
гэсэн үг. Эрдэнэбилэг эхнэртэйгээ 20 орчим жил ногоо тарьж байгаа юм байна. Энэ
жил га-аас 17-20 орчим тонн төмс авч байгаа бололтой. Нийтдээ 1000 гаруй тонн төмс
авах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Харахад их тоо боловч ашгийн 50 хувь нь хүн хүч
ажиллуулахаас эхлээд урсгал зардалд явчихдаг гэнэ. Бусад ногоочдыг бодвол ногоогоо
борлуулахын тулд нэгэн санаа бизнестээ нэвтрүүлжээ. Нэг, хоёр кг-аар савласан ногоо
хотын сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлсэн байна. “Нийслэл” гэсэн хаягтай төмс кг
нь 1000 төгрөг бол хоёр кг нь 2000 төгрөгийн үнэтэй юм байна. Мөн сонгино, төмс,
лууван гээд цуглуулга нь 2000 төгрөг аж. Ингэж савласан ногоог авах сонирхолтой
үйлчлүүлэгч ч ихэсчээ. Гэхдээ савласан ногоог зах зээлд гаргахын тулд ажиллагаа
их ордог талаар түүний эхнэр ярьсан. Ногоогоо хураахдаа талбайд сумын иргэд болон
сургуулийн сурагч, цэргүүдийг гэрээгээр ажиллуулна. Ингээд хураасан ногоогоо талбайгаас
ачиж сумын төв дэх хашаандаа аваачиж ангилан ялгаад шорооноос салгаж хот руу оруулдаг
байна. Ингээд хотод түрээсэлдэг түрээсийн байрандаа буулгаж бэлдсэн уутандаа дахин
ажилчид хөлсөлж савлуулдаг байна. Ингэж хэрэглэгчдийн гарт савлагаатай ногоо хүрдэг
аж. Ер нь Жаргалантын ногооны гарц сайн байна. Гарц сайн байгаа нь хөлсөөр ажиллаж
буй хүмүүст ч таатай байгаа бололтой. Ү.Эрдэнэбилэгийн талбайд ажиллаж буй Д.Болормаа
бүсгүй гэр бүлээрээ хотоос ирж ажиллаж байгаа юм байна. Нөхөр, хоёр хүүхэдтэйгээ.
Том охиныхоо хичээлийн хэрэгслийг бэлдэх гэж хотоос иржээ. Харин бага хүүг нь харах
хүн байхгүй болохоор аваад ирж. Өдөрт дунджаар гэр бүлээрээ 40 шуудайгаас дээш түүчихдэг
байна. Тэгээд өдөрт гурван удаа хоол үнэгүй иднэ. Ер нь хүн хөлсөлж ажиллуулж буй
ногоочдын яриагаар бол сумын иргэд, сургуулийн хүүхдүүдийг ногоо хураахад дайчилсан
нь илүү хурдан, бүтээмж өндөртэй байдаг бололтой. Цэргийн байгууллагатай гэрээ хийж
цэргүүд ажиллуулахаар өдөрт нэг цэрэгт 25 мянган төгрөгийн цалин өгдөг гэнэ. Харин
цэргүүд капатал руу огтхон ч ойртдоггүй байна. Учир нь дарга нь амиа алдав гэсэн
хатуу сануулга өгч явуулдаг бололтой. Тиймээс “Дарга техник рүү ойртож болохгүй”
гэсэн тушаал буулгасан гээд хөдөлдөггүй аж. Гэхдээ цэргүүд шуудайтай төмс, ногоо
машины тэвшинд ачиж, буулгах хүчний ажилдаа тун ч шаламгай аж.  Ногоочдын ярьж буйгаар байцаа, хулуу зэрэг хүнсний
ногоог тогоон чинээ ургуулж болдог байна. Арчилгаа сайтай ямар ч ногооны болц сайн
байдаг төдийгүй хэмжээ нь томордог байна. Нэг байцаа 5-7 кг татах нь ч бий. Гэвч
дэлгүүрийн лангуун дээр очихоор иргэд төдийлөн тийм том байцаа авах сонирхолгүй
байдаг байна.  

 

Талбайд ажиллаж буй сурагчтай цөөн хором ярилцлаа.

 

-Хэддүгээр
анги вэ. Ангиараа ажиллаж байна уу?

-Найзуудтайгаа ажиллаж байна. Хичээл орохоор ургац хураах ажилд дайчлахаар
долоо хоног амардаг. Ангийн багш ногоочидтой гэрээ хийгээд бид ажилладаг.

-Ер
нь хичнээн төгрөг олдог вэ?

-Би нэг удаа сая гаргаж цалин авсан. Зуны амралтаар ажилласантайгаа
нийлээд л дээ. Ангийнхантайгаа явахдаа дор хаяж 200 мянган төгрөгийн ажил хийчихдэг.

-Ядардаг
уу?

-Одоо ахлах ангид орчихсон болохоор гайгүй. Анх гурав хоног төмс
шуудайлахад  өөрийн эрхгүй ядраад шөнө хар
дараад унтаж чаддаггүй байсан. Бүр зүүдэнд төмс түүгээд, тракторын чимээ чихэн дээр
дуугараад хэцүү байдаг. Одоо бол зүгээрээ. Өлсөхгүй л бол ядрахгүй.

-Хичээлийнхээ
хэрэглэлийг бэлдсэн үү?

-Бэлдсэн. Зун ногооны зэрлэг зулгаагаад олсон мөнгөө ээжийг хот явахад
өгөөд хичээлийнхээ хэрэглэлийг авчихсан. Би айлын том хүү. Дороо гурван дүүтэй.
Хоёр дүүгийнхээ хичээлийн хэрэглэлийг бас олсон мөнгөөрөө авч өгсөн гэв.

Ногоочид хүн хөлсөлж ажиллуулахдаа цалинг нь өдөр өдөрт нь өгчихдөг
юм байна. Тийм болохоор иргэд ч ажиллах сонирхол их байдаг аж. Жаргалантын хувьд
манай улсын хүнсний ногооны 30 орчим хувийг дангаараа нийлүүлдэг байна. Байгаль
дэлхий нар, хураа харамгүй хайрласан болоод ч тэр үү энэ жил тус сум арвин ургац
авах бололтой. Харин ногоочдын хувьд нэг асуудал тулгарч байсан нь зоорь. Болж өгвөл
сумандаа зоорь барих талд нь төр засаг дэмжиж ажиллахыг хүсч байсан. Тэрнээс ногоочид
алхам тутамд тулгардаг жижиг сажиг асуудлаа хүний гар харахгүй өөрсдөө зохицуулдаг
болжээ. Тухайлбал, Жаргалант суманд төмсний хаягдлыг боловсруулах үйлдвэр барьж
байгаа аж. Төмс хуурах үед жижиг болон хагарч бяцарсан төмс их гардаг. Тэгвэл үүнийг
ашиглаж үйлдвэрийн аргаар цардуул цавуу, чипс зэрэг хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн
хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

 Д.ДАВААСҮРЭН

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Л.Хүрэлбаатар: Эмийн зааврыг бичээгүй нь “Монос”-ын биш Монголын бүх эмийн санд байдаг зөрчил шүү дээ

“Монос”-ын эмийн сан­­гийн жор баригчийн буруу­гаас болж 16 хүүхэд
эмэнд хордсон тухай мэдээлэл сүүлийн үед шуугиан дэг­дээ­гээд байгаа. Уг үйл явц­тай
холбогдуулан тус группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатараас байр суурийг нь сонслоо.   

-Сүүлийн
үед “Монос” групптэй холбоотой эмийн асуудал газар авч байна. Хордсон 16 хүүхдийн
биеийн байдал ямар байгаа бол?

-Үнэхээр харамсмаар зүйл болсон. Манай эмийн сангийн жор баригч нэг
өдөрт 23 хүнд фенобарбитал эмийг олгосон байсан. Нэг талаасаа хяналт сайн байсан
тул долоон хүүхдийг эм хэрэглэхээс өмнө сэргийлж чадсан. Тухайн эмийн сангийн эрхлэгч
маргааш өглөө нь очоод жорын бүртгэлийн дэвтрийг үзээд “Энэ эмийг буруу өгчихсөн
байна” гээд бүх хүүхдүүдийн эцэг эх рүү утасдсан байна лээ. Эдгээр хүүхдүүдээс долоон
хүүхэд нь эм уугаагүй байсан. Долоон хүүхдийг хордохоос сэргийлж чадсан нь бага
ч атугай бидэнд дэм болсон. Эм уусан 16 хүүхдийн хоёр нь эмнэлэгт очсон байсан.
Харин нөгөө 14 хүүхэд нь гэртээ байхад нь бид эцэг эхтэй нь холбоо барьж яаралтай
эмнэлэгт хэвтүүлсэн. 23 хүүхдэд эм өгөхдөө тунг нь хараагүй ч гэсэн гэрийн хаяг,
холбоо барих утасны дугаарыг нь авсан. Тиймээс эдгээр хүүхдүүдтэй холбоо тогтоож
чадсан хэрэг л дээ. Нэг талаа­саа жор баригч эмийн тунг хараагүй хариуцлагагүй мэт
боловч нөгөө талдаа холбоо барих утасны дугаарыг нь авч үлдсэн нь өнөө долоон хүүхдийг
урьдчилан сэргийлж амжсан.

Яагаад ийм байдалд орчи­хов гээд бид ч гэсэн өөрсдөө маш хүнд байдалд
орсон. Уг эмийн насанд хүрсэн хүнд зориулан савласан савлагаа нь дотроо цавуутай
цаасанд савласан эм ирдэг байсан юм. Харин хүүхдийнх нь мөн­гөн цаасанд савласан
сав­ла­гаатай ирдэг байв. Гэтэл том хүний савлагаатай эмээ хүүхдийн эмийн савлагаатай
адилхан болгоод ирснийг жор баригч анзаараагүй юм билээ. Ингэ­лээ гээд жор баригчаа
өмгөөлж байгаа зүйл огт биш. Эмнэлэгт хэвтсэн 16 хүүхдийг өнөөдрийг хүртэл бид эмнэлэгт
жижүүрлэн эмчил­гээ үйлчилгээнд нь анхаарч байгаа. Группийн зүгээс Монголын бүхий
л нэртэй томоохон эмч нартай уулзсан. “Одоо яах вэ” гээд санал солилцоход “Эмчилгээ
хэвийн явагдаж байна” гэсэн хариу өгсөн. Гэсэн хэдий ч бид Эрүүл мэндийн яаманд
асуудал тавьж, Мон­голд байдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн
газарт өөрийн нэрийн өмнөөс хүсэлт тавьсан.

 -Тэр нь ямар хүсэлт
юм бэ?

-Монголд яг энэ эмийн хордлогын талаар нарийн мэргэжлийн эмч алга.
Бидэнд зөвлөгөө өгөөч гэсэн юм. Түүнчлэн уг асуудлын хүрээнд салбарын дэд сайдтай
уулзаж “Энэ талаар зөвлөгөө авч өгөөч” гэсэн. Дэд сайд 48 цагийн дотор хариу ирүүлнэ
гэдгээ мэдэгдээд байна. Эмнэлэгт хэвтсэн 16 хүүхэд бүгд эдгээд эмнэлгээс гарсан
байгаа. Эдгээр хүүхдүүд үнэхээр эдгээд гарч байна уу, хордлого бүрэн тайлагдсан
уу, цусанд нь фенобарбитал гэдэг эм үлдсэн байна уу гэдгийг тодорхойлуулахаар болсон.
Монголд хараахан үүнийг тодорхойлох урвалж бодис байхгүй тул цаг алдалгүй гаднаас
авч ирж шинжилгээ хийж үзэхэд хүүхдүүдийн цусанд энэ бодис эмчилгээний хэмжээнд
байна гэсэн хариу гарсан.

Хүүхдүүд хэдий эрүүл болсон ч бидний буруугаас болсон тул сувиллын
газартай холбоо тогтоож олон хоног эмнэлэгт хэвтсэн эх хүүхдүүдийг сувилалд амраахаар
болсон. Эхний ээлжинд дөрвөн хүүхэд эхийн хамт Богдхан ууланд сувилалд сувилуулж
байгаа. Сувилалд ор гарангуут бусад хүүхдүүдийг хамруулна. Хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй
байнга уулзаж байгаа.

-Фенобарбитал
эм нь бүртгэлгүй гээд байгаа. Уг эмийг “Монос” групп өөрсдөө үйлдвэрлэсэн юм шиг
ташаа мэдээлэл нийгэмд их таржээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Манайд 60 гаруй жилийн түүхтэй улсын эмийн үйлдвэр гэж байсан. Одоо
Эмийн үйлдвэр ХХК болсон. Уг эмийг 1976 оноос хойш эл үйлдвэр үйлдвэрлэж эхэлсэн.
38 жил монгол хүний эрүүл мэндэд хэрэглэж байгаа эм л дээ. Манай оронд 1996 он хүртэл
эмийн бүртгэл байгаагүй. Тэр оноос хойш манай улс эм бүртгэж эхэлсэн. Дотоодын эмүүдээ
бүртгүүлэх гэхээр стандартуудаа шинэчилчихээд бүртгүүл гэдэг. Стандартаа шинэчлээд
бүртгүүлнэ гэхээр стандартын газар очихын тулд дөрвөн хурлаар дамждаг. Хурал нь
жилд нэгээс хоёр удаа болдог бөгөөд нэг удаадаа 3-4 эм л хэлэлцэнэ гээд байдаг.
Давхардсан тоогоор манай орны 35 үйлдвэрийн 2500 орчим эм бий. Миний ойлгож байгаагаар
одоо 200 гаруй эм л бүртгэгдсэн. Эх орны эмийн үйлдвэрийн эмүүдийн 90 хувь нь бүртгэлгүй
байна. Бүртгүүлье гэхээр стандартын хурлууд нь цөөхөн болдог. Эм судлал, эмийн технологийн
зөвлөлийн хурлаар орж лабораторид заавал шинжлүүлдэг. Бичиг баримтаа бүрдүүлээд
очихоор нэг дор олон эм хэлэлцэхгүй гээд байдаг зовлонтой. Энэ мэтчилэн олон шалтгааны
улмаас эх орны эмийн үйлдвэрлэгчид эмээ бүртгүүлж чадахгүй байна. Хамгийн гол нь
эмийг бүртгэдэг тогтолцоонд гажуудал бий. Эм үйлдвэрлэгч компани эмийн савлагаагаа
өөрчлөхдөө хэрэглэгч болон эмийн сангууддаа мэдэгдээгүй. Үүнийг нь эмийн санч маань
анзааралгүй хүүхдийн эм гээд мэдэмхийрээд өгчихөж л дээ.

-Эмийн
савлагаа өөрчлөгдсөн гэдэг мэдээллээ уг нь өгчихсөн бол эмийн санч савлагааг нь
харах л байж, тийм үү?

-Энэ хоёр талтай л даа. Эмийн савлагаа өөрчлөгдөж том хүнийх нь хүүхдийн
тунтай адилхан болсон ч гэсэн нэг нь 5 мг, нөгөөх нь 100 мг гэсэн бичигтэй. Түүнийг
жор баригч унших ёстой байсан.

-16
хүүхдийн гэр бүлийнхэн юу гэж байх юм. Тэдний байр суурь ямар байна?

-16 хүүхдийн ээжүүд нь хүүхдүүдээ сахиж байсан тул би аавуудтай нь
уулзсан. Тэдний саналыг сонсч, уучлалт гуйсан. Ямар туслалцаа, дэмжлэг үзүүлэх үү
гэдгээ ярилцсан. Эмийн хордлогын улмаас цаашид хүүхдүүдийн биед ямар нэгэн өөрчлөлт
гарах юм бол “Монос” групп бүрэн хариуцна гэдгээ амласан. Хүүхдүүдийн гэр бүлийнхнийг
Эрүүл мэндийн дэд сайд, ажлын комиссынхонтой уулзуулсан. Ажлын комисс хуралдвал
эдгээр хүүхдүүдийг ямартай ч нэг жилийн хугацаанд нарийн мэргэжлийн эмчийн хяналтад
байлгаасай гэсэн хүсэлтийг тавина. Ямар нэгэн зардал гарвал манай байгууллага бүрэн
хариуцна. ЭХЭМҮТ-ийн дарга болон эмч нар шинжилгээ хийгээд “Хүүхдүүдийн биед ямар
нэгэн сөрөг нөлөөлөл үлдээгүй. Цаашид ямар нэгэн ноцтой зүйл болохгүй” гэдгийг олон
нийтэд мэдэгдсэн байна лээ.

-Хүүхэд
хордсон асуудалтай зэрэгцэн “Монос” группийн эмүүд стандартын шаардлага хангаж байна
уу гэсэн яриа гарч байна. Танай байгууллага олон улсын стандартыг ягштал баримталдаг
уу?

-Саяын гарсан эмийн асуудал стандартын зөрчил биш гэдгийг хэлэх хэрэгтэй.
Би “Монос”-ынхоо эмийн чанарт 100 хувь итгэлтэй байдаг. Бид дэлхийн шилдэг компаниудын
эмийг оруулж ирдэг. Дэлхийн шилдэг 20 компанийн 15-ынх нь эмийг “Монос” оруулж ирдэг
юм. Үүгээрээ бид бахархдаг. Эдгээрээс бид огт ашиг олдоггүй. Учир нь дэлхийн шилдэг
компаниудын эм асар үнэтэй. Тиймээс бид орлого, зарлагын балансаа тэнцүүлж байвал
боллоо гэж үздэг. Түүнчлэн ард түмэнд сонголт байгаасай гээд Европын дунд зэргийн
компанийн эмийг оруулж ирдэг. Дунд зэргийн компанидаа Европын шаардлага хангасан
эмүүд байдаг. Денк фарма, Актавис, KRKA зэрэг компанийг “Монос” компани анх оруулж
ирсэн. Бид дэлхийн 40 гаруй улсын 100 гаруй компанийн эм оруулж ирдэг. Эмүүд бүгд
бүртгэлтэй, найдвартай. Түүнээс гадна эх орныхоо үйлдвэрийг хөгжүүлье гээд олон
улсын шаардлага хангасан гурван цогцолбор барьж байна. Эхний цогцолбор баригдаад
байгаа бол хоёр дахь нь буюу үндсэн үйлдвэрийн барилга ирэх оны нэгдүгээр улиралд
ашиглалтад орно. Эх орны эмийн үйлдвэр ч гэсэн олон улсын стандартын шаардлагад
нийцнэ гэж бодож байгаа.

-ШӨХТГ-аас
“Монос”-ын эмийн сангуудад зөрчил байна гэдгийг мэдэгдсэн. Зарим эмийн сангуудын
үйлчилгээний эрхийг хязгаарлана гэдэг зүйл яригдаад байна. Уул нь жор баригчийн
энэ алдаа хаана ч байдаг л зүйл биз дээ. Ийм алдаа гарч л байдаг шүү дээ?

-Миний хувьд хоёр төрлийн зөрчил гарсан гэж ойлгоод байгаа. ШӨХТГ
хэвлэлээр мэдэгдэл хийгээд байна. Гэсэн хэдий боловч нэг ч удаа компанийн удирдлагатай
уулзаагүй, ингэх ёстой гэж нэг ч удаа хэлсэнгүй. Албан бичиг, шаардлага, зөвлөмжийг
ч ирүүлээгүй. Тийм байж хэвлэл мэдээллээр мэдээлэл хийгээд байгаад харамсч байгаагаа
нуугаад яахав. Алдаагаа сайн ойлгохгүй байна. Гэсэн хэдий ч бид төрийн хийсэн шалгалтыг
хүндэтгэн хүлээж авсан. Үүнээс гол зөрчил нь жорын зөрчил гэж ойлгосон. Зөрчилтэй
гэгдээд буй жоруудыг бид бичээгүй, эмч нар бичсэн. Жор дээрх эмчийн гарын үсэг,
эмийн нэр гаргагдахгүй байна. Эмийн хэрэглэх зааврыг бичээгүй байна гэдэг. Энэ нь
“Монос”-ын биш Монголын бүх эмийн санд байдаг зөрчил. Нэгдүгээрт, эмч нар завгүй
байдаг. Олон улсын стандартын дагуу бол нэг эмч өдөрт 10 хүн үзэх ёстой бол манайд
30-40 хүнийг үздэг. Тиймээс эмч нар жороо яарч бичдэг. Тэр ч байтугай амбулаторынхоо
карт дээр жороо биччихдэг. Тэгээд эм авах гээд ирэхээр нь жор байхгүй гэхээр бөөн
маргаан үүсдэг. Жор дээрх гарын үсэг ойлгомжгүй байна гээд буцаахаар өвчтөнүүд уурладаг.
ШӨХТГ үүнийг ил гаргаж ирсэнд баяртай байна. Цаашид Эрүүл мэндийн яам, эмнэлгүүд,
эмч нарт асуудал тавиасай. Өвчтөнүүд “жороор авах эмийг жоргүй ирчихээд та нар өгсөнгүй”
гээд загнаад унадаг. Жороо бариад ирэхээр нь “жор буруу байна” гэхээр бөөн асуудал
болдог. Энэ тал дээр бид болоод яам, эмч нар бүгд л анхаарах хэрэгтэй.

-Мөн
танайхыг өөр барааг эмийн сангаараа зарж байна гэж буруутгаад байгаа?

-Манайхыг Германд үйлдвэрлэсэн шошготой хүнсний бараа зарж байна
гээд байгаа юм. Энэ нь чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан сахаргүй бүтээгдэхүүн.
Үүнийг эмийн санд зарах ёстой гэж би хувьдаа ойлгодог. Хэрэглэх заавар нь алга гэсэн
зүйлийг мөн ярьдаг. Бидний хувьд хэрэглэх зааврыг гарын авлага болгоод хэвлүүлээд
гаргачихсан юм. Уг нь өвчтөн гарын авлагаа хараад эмээ уух байтал савлагаан дээр
нь заавар алга гээд байгаа. Үүн дээр ч гэсэн бид анхаарах л ёстой юм билээ. Мөн
хүүхдийн тоглоом зарж байгаа гэдэгт тайлбар өгөхөд гадаадын эмийн сангуудад хуулиар
хориглоогүй бүх барааг зардаг. Ном, сонин, ил захидал гээд байж л байдаг. Бусад
бараанаас ашиг олбол эмнээс ашиг олох гэж дураар загнахгүй шүү дээ. Тиймээс энэ
тал дээр хэн хэнээ зөв ойлгох ёстой юм болов уу гэж санагддаг.

-Дайран
дээр давс гэгчээр энэ асуудлын хажуугаар “Монос”-ыг дарах гэсэн үйл ажиллагаа явагдаад
байх шиг. Бизнесийн нэр хүндэд чинь нэлээд халдаж байна?

-Манайхан хүнийг нэг алдахаар түүн дээр нь дарж шороонд булахыг хүсдэг.
Ер нь хүний мөс чанарын асуудал л даа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг
шүү. Ганц нэг өрсөлдөгч, ганц хоёр гомдсон хүмүүс ийм зүйл хийж байхыг үгүйсгэхгүй.
Тэртэй тэргүй бид 20 гаруй жил ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэснийг, Монголын
эмийн салбарын 50 орчим хувийг хангаад явж байгааг эрүүл болсон, одоо ч гэсэн үйлчлүүлж
байгаа хүмүүс мэднэ. Тиймээс бид үүнд эмзэглэхгүй байгаа. Гомдсон хүмүүс үүгээр
дамжуулан стрессээ тайлж байгаа бол тайлахаас яахав.

-Уг
эмийг эмчилгээнээс хасна гэж байгаа сурагтай. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?

-Энэ дуулианы хажуугаар фенобарбитал эмийг эмчилгээнээс хасна гэдэг
зүйл яригдаад эхлэхэд эхчүүд их сандарч эхэлсэн. Тархины даралттай болон бие нь
шарлалттай төрсөн хүүхдийг эмчилдэг ганц эм нь энэ л дээ. Энэ эмийг орлуулах эм
одоогоор алга. Энэ удаагийн үйл явдал ганц “Монос” гэлтгүй эм хангамжийн салбарт
маш том сургамж боллоо.

-Жор
баригчийг танай “Монос” дээд сургуулийг төгссөн гэх юм билээ…

-Жор баригчийн хувьд ЭМШУИС-ийн Дархан салбарыг төгссөн эм найруулагч
мэргэжилтэй. Эрүүл мэндийн яамны эм барих лицензтэй. 21 биш 23 настай ажилтан байгаа
юм. Удахгүй төрж, өөрөө ч гэсэн ээж болох гэж байгаа хүн.

-“Монос”
групп эмийн салбараас гадна Биомон гээд гоо сайхны иж бүрдлийг үйлдвэрлэдэг. Чанар
нь хэр байдаг бол?

-Таныг орж ирэхийн өмнө Швейцарийн Анунаки компанийнхан манай эм
судлалын хүрээлэн рүү явцгаасан. Тэд манай Биомоныг Швейцарьт импортлох сонирхолтой
байгаа юм. Манай бүтээгдэхүүн олон улсын оюуны өмчийн байгууллагын алтан медаль
авсан. Уг шагнал нь цар хүрээний хувьд томоохонд тооцогддог тул Ерөнхий сайд юм
уу, Шадар сайд гардуулдаг юм билээ. Тиймээс манай шагналыг тухайн үед Шадар сайд
байсан Ч.Улаан сайд гардуулсан. Ийм шагнал авсныг Швейцарийнхан мартаагүй юм шиг
байна лээ. Яагаад гадныхан сонирхоод байгаа юм гэхээр арьс арчилгааны бүтээгдэхүүнийг
цогцоор нь шийдсэн гэж үзсэн байна лээ.

 

Э.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алан хядагчдын бүлэглэл Хамасаас дор улс төрийн хүчин гэж байх уу

Гэрийн гадаа пид пад

Гараад харсан Дондог алга. Хаачсан юм бол гээд хайсан чинь шорон руу чирээд явж байдаг байна шүү. Ямар учиртай юм бол гээд нягталсан чинь сонгуульд өрсөлдөхдөө луйвар хийж ялсан юм гэнэ. Тэгээд тэрхүү луйвар нь илрээд 10 жилийн ял авч шорон руу ачигджээ. Энэ бүхэн ер нь юу болов. Хотын газрын мафийнхан гэж яригддаг хэсэг бүлэг хүмүүс бий болсоор удлаа. Лавтай арван хэдэн жил болж байна. Тэдгээр бүлэг хүмүүс нь Төв аймгаас УИХ-д буг болтлоо сонгогдож байгаа дөрвөн нөхөр юм. Тэр дөрөв дээр Т.Бадамжунай, “Мон уран”-ы Наранхүү нарын толгойлогчид нэмэгдэнэ. Нийслэлд нэвт шувт сүлжээ үүсгэн дархлагдсан эдгээр нөхөд дотроо хамгийн роль багатай нь Д.Дондог юм шүү дээ. Тийм хэрнээ 10 жилийн ял авч байгаа нь шударга ёс мөн үү. Шүүхийн шударга шийдвэр мөн үү. Газрын наймаа, авлигачдын эсрэг хийж байгаа гал цогтой тэмцэл мөн үү. Өрмийг нь хулгайлж иддэг том гарууд нь үлдээд хусмыг нь долоохыг оролдсон нөхдөд Монголын Шүүх яасан том ял онооно вэ. Нийслэлийн газрын мафитай холбоотой ахиад нэг хэрэг таслагдаад ял авлаа гэхэд яг л Д.Дондог шиг гар хөл нь болсон төдий нөхөд явна. Авлигын эсрэг тэмцэл гээч нь ийм л замаар АТГ илрүүлсэн нэр зүүж, Шүүх засаглал нь шүүсэн нэр зүүсээр дуусах нь бололтой. Жинхэнэ их гарын луйварчид Их хурал, Засгийн газартаа байсаар. Их доошиллоо гэхэд том намын удирдах бүрэлдэхүүнд шингээд.

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн ингэж зүтгэсэн ялалтын ачаар МАН сонгуульд ялж Засаг барих эрх авсан юм. Энэ бол энгийн хэнд ч ойлгогдох асуудал. Засгийн эрх авснаасаа хойш зад найрласан даа, улсын өмчөөр тэд. Нэг муу хашааны газар байтугай идсэн. Д.Дондогт л юм өгөөгүй хөгийн нөхдүүд байхгүй юу. Тооны багш номхон дөлгөөн нэгнийгээ элэг барьсан хэрэг л дээ. Тэрнээс эрийн хуйхнууд байсан бол ижилхэн Төв аймагт хөтлөлцөөд нэр дэвшиж явсан нөгөө гуравт нь жаахан газар Д.Дондогтоо өгөх юухан байхав. Тэдний ийм нэг амиа хичээсэн луйварт нь намынх нь нөхөд эртнээсээ дургүйцэж зарим нь бүр хэвлэл мэдээллээр ил тод ярьж хэлдэг байсан юм. Жишээлбэл УИХ-ын гишүүн асан, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Сайхансамбуу бээр “Би анх Нарантуул захын газрыг авахаар ерээд онд хөөцөлдөж явахад газрын авлига огт байгаагүй. 2000 он гарсаар газрын авлига цадигаа алдсан юм даа” гэж хэлсэн нь МАН засгийн эрхэнд сууж, дээрх нэр дурдсан нөхөд нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан он жилүүд юм. Сайхансамбууд Д.Дондог шиг хандсан ч цаадхи нь баян хүн болохоор Д.Дондог шиг золиослогдоогүй. Аймшигт хэргээр яллагдсан, “Судалт” төвийн босс байснаар нь хүмүүс мэдэх, МАН-ын бага хурлын гишүүн нэгний 2005 онд өдөр тутмын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлага бий. Тэрбээр “Би чөмгөө дундартал зүтгэсэн олон жилийн хөдөлмөрийнхөө үрээр шинэ 105 машин унаж байхад нийслэлийн газрын албанд очоод нэг жил ч ажиллаагүй хурган дарга шинэ 105 машин унаад давхиж явааг нь харахаар уур хүрдэг. Үнэндээ энэ нийслэлийн газрын хууль бус наймаа дэндлээ шүү дээ” гэж ярьсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа хадгалагдан үлджээ. Намынх нь тодорхой гишүүд ийнхүү хэлж шүүмжилж байснаас хойш 14 жил өнгөрлөө. Газрын мафийнхан улам дээшилж байр сууриа бататгасаар. Тэдний тэргүүнд Төв аймагт холбоотой бяруу шиг явж ялдаг хэдэн нөхөр “бид дархлагдсан хулгайч” гэсэн аятай байсаар. Хэрэг нь сөхөгдөөд ирэхээр хамтран зүтгэж явсан нэгнийхээ доройг нь шорон руу түлхчихээд чимээгүй үлддэг. Төрийн нэрээр амьдарч сурчихсан тэдний зан чанар юм шиг байна. Төр засгийн өндөр өндөр эрх мэдлийг ээлж дараалан хашсан эдэн шиг хүмүүс Монголын төрд байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд. Тун ядлаа гэхэд Шадар сайд болцгоож байдаг. Үнэн чанартаа та бүгдийг ийм их эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй болоход Д.Дондогийн идсэн уусан гэх тэрхүү мөнгөний хувь нэмэр их байгаа юм. Ингэж үйлээ үзэж олсон мөнгөөрөө Д.Дондог сонгуульд ялж, намдаа суудал авчирч, та нарыг сайд болгосон. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Гэтэл яагаад ийнхүү холбоотой бяруу шиг явсан нөхрөө, намынхаа гишүүнийг та нар, танай нам өмгөөлөхгүй, хамгаалахгүй байгаа юм бэ. Яасан хүний үнэргүй эрчүүд вэ, та нар. МАН-ын зүгээс гишүүнийхээ луйвар хийгээд ч болтугай олж ирсэн мөнгөөр нь сурталчилгаагаа хийж сонгуульд ялж байсан нь маргашгүй үнэн шүү дээ. Гаалийн Ерөнхий газрын дарга асан Баатар гэж МАН-ын сонгуулийн санхүүжилтэд олон арван тэрбумыг цуглуулж өгсөн аварга амьтан байлаа. Түүнийг яаж золиосонд гаргаж шоронд явуулав. МАН-ын бүх томчуулын хэргийг үүрч Хархорины шоронд хэдэн жил суусан түүнийг гарч ирээд намынхаа эдгээр дарга нартай уулзах гэхэд бүгдээрээ хэрхэн нүүр буруулж, утсаа авахгүй зугтсан тухай Баатар манай сонинд ярилцлага өгсөн. Бүр нэртэй устай нь ярьсан. МАН-ын  гишүүдийнхээ төлөө өчүүхэн ч хариуцлага хүлээдэггүй энэ байдал нь МАН-ын насыг улам богиносгож байгаа юм. Өнөөдөр Баатар, Дондог… гэхчлэн олон гишүүд нь ийнхүү том луйварчдынхаа тоглоом боллоо. Гишүүнийхээ төлөө энэ нам ядаж нэг мэдэгдэл хийж, зөв бурууг нь ялгахыг анхааруулж албан бичиг ч явуулсангүй. Хуруугаа бүү хэл хумсаа ч хөдөлгөсөнгүй. Өчигдөрхөн намыг нь төлөөлж УИХ-д сууж, байнгын хорооны дарга хийж явсан журмын нөхрөө үнсэнд хаясан шалз шиг орхилоо. Намын дарга М.Энхболд надаас холуур өнгөрөөсэй гэсэн шиг таг чиг. Төв аймагт ижилсэж явсан үеэ тэр өнөөдөр бодохыг ч хүсэхгүй байгаа нь мэдээж. Нэг чинь шоронд явчихлаа, нэг л өдөр алх дэргэд чинь дуугарахгүй гэх газаргүй. Д.Дондог шиг дорой, тооны багш, Ц.Батбаяр шиг цэргийн шазруун дарга дэргэд чинь үлдээгүй гэдгийг ард түмэн ярьж байгаа шүү.

МАН-ын удирдлагууд “Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Л.Гансүхийг шоронд эргэж очлоо огцор” гэсэн инээдтэй юмаа ярьж суухаар Д.Дондогийгоо эргэж очооч. Араас нь анхаарал тавьж яваач. МАН үнэндээ дэлхийд зартай алан хядах бүлэг Хамасаас дор байна. Хамас хажууд нь хамаагүй шударга, гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байгууллага юм байна. Тэд гишүүнээ шоронд хийлгэх, ял үүрүүлэхийг үзэж чаддаггүй. Зөрүүлээд нэг сэтгүүлчийг барьцаалж аваад нөхдөө суллахыг шаардан наймаалцаж эхэлдэг. Адгийн муу алан хядах бүлэглэлүүд ийм зарчимтай, дүрэмтэй байхад намаа ялуулахын төлөө бүгдийг хийж сонгуульд ялалт авчирсан Д.Дондогийн төлөө МАН яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Ийм хүйтэн цэвдэг МАН-ын төлөө хойшид хэн явах юм бэ. Д.Дондогийн төлөө МАН хэрхэн хариуцлага хүлээхээс энэ намын цаашдын нэр хүнд шалтгаална. Ямар ч логикоор бодсон Д.Дондогийн энэ үйлдэлд нам л буруутай. Арван хэдэн тэрбумын цагаан байшингаа зараад ч болтугай Д.Дондогийг суллаж ав. Ингэж байж танай намын нэр хүнд, гишүүдийн чинь итгэл сэргэнэ. Тэрнээс Д.Дондог шиг гишүүдээ хэрэгтэй үед нь ашиглаад, хэрэг нь дуусахаар амны алчуур шиг хаяад байвал МАН-ын мөхөл жилээс жилд улам ойртсоор байх юм байна. 

Б.ДОРЖСҮРЭН       

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Халаасны хулгайчид хөтлөлцөж явсан хосуудыг салгадаг уу

Хотын гудамжаар  хөтлөлцөн алхах хосууд гэмт хэргийн золиос болж байгаа талаар танил цагдаа  хэлэв.  Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт “Найз охинтойгоо хамт явж байгаад цүнхнээс нь хамаг эд зүйлсийг нь хулгайд алдчихлаа” гэх залуусын цуваа тасрахгүй ирдэг болжээ. Зуны улиралд хотын гудамж эл хуль, нийтийн тээврийн  автобус, захуудад хүн цөөн явдаг учир халаасны хулгайн гэмт хэрэг цөөн гардаг гэнэ. Харин хотын гудамжаар хөтлөлцөн алхаж яваа хосууд эд зүйлсээ хулгайд ихээр алддаг байна. Хосууд хамт алхаж явахдаа цүнх, халаасандаа байгаа эд зүйлстээ анхаарал тавих нь сулардаг гэнэ. Тэр тусмаа  эрэгтэйчүүд найз бүсгүйтэйгээ хөтлөлцөөд нөгөө гартаа цүнхийг нь барьж явахдаа халаасны хулгайчид эд зүйлсийг нь алдчихдаг байна. Эрчүүд хамт яваа бүсгүй рүүгээ хамаг анхаарлаа хандуулна уу гэхээс гартаа барьж яваа цүнх рүү нь огт хардаггүй байна. Үүнийг халаасны хулгайч нар овжин ашиглаж, цүнхэнд нь  байсан хамаг “юм”-ыг хулгайлчихдаг байна. Нийслэлийн цагдаагийн газрын  Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан найз бүсгүйнхээ цүнхнээс эд зүйлсийг нь хулгайд алдчихлаа гэх хэргийг илрүүлдэг гэнэ. Тэгээд эд зүйлсээ хулгайд алдсан хохирогчийн утас руу залгаж хэлэхээр ихэнх нь  “Тэр хэргээс чинь болоод найз бүсгүйдээ хаягдчихсан. Одоо надад хамаагүй болсон” гэж хариулдаг байна. 

Э.ХҮРЭЛБААТАР     

Categories
мэдээ цаг-үе

Л.Болормаа: “Гацуурт”-ын Л.Чинбат гэдэг хүн шударга бус үйлдэл хийж, холбооны нэр хүндийг унагалаа

Чөлөөт бөхийн барил­дааны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 44 дэх,
эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр
сарын 8-14-ний өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болох билээ. Тиймээс өнгөрөгч
лхагва гаригт Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс тус тэмцээнд оролцох
баг, бүрэлдэхүүнийг олон ний­тэд зарласан юм. Гэхдээ уг бүрэлдэхүүн нь тамирчдын
амжилтыг шударга бусаар үнэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар Үндэсний шигшээ
багийн тамирчин Э.Бэхбаярын багш, дасгалжуулагч Л.Болормаатай ярилцлаа.  Тэрээр гавьяат тамирчин А.Энхээгийн гэргий бөгөөд
гэр бүлийн хүнийхээ туслах дасгалжуулагчаар ажилладаг юм. Л.Болормаа олон улсын
нэгдүгээр зэрэглэлтэй шүүгч билээ. Тэрээр мөн энэ удаагийн ДАШТ-д шүүгчээр оролцохоор
болжээ.

 

-Таны
шавь Э.Бэхбаяр УАШТ-д түрүүлж, улмаар Германд болсон тэмцээнд ч жиндээ илүүрхсэн
байтал ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтаж чадсангүй. Яагаад ийм зүйл болчихов?

-ДАШТ-ий өмнө УАШТ гэсэн том сорилго болсон. Манайд эрэгтэйчүүдийн
57 кг-ын жинд эн тэнцүү барилддаг гурван сайн тамирчин бий. Гэхдээ УАШТ-д Б.Номин
маань хөл нь гэмтсэн байсан учир ороогүй. Харин Э.Бэхбаяр, Д.Цогтбаатар хоёр барилдаж,
Э.Бэхбаяр Улсын аварга болсон. Ингэж Э.Бэхбаяр зарчмын дагуу ДАШТ-д оролцох хамгийн
эхний эрхээ авсан. Тиймээс ч бид ДАШТ-д явна гэсэн бат итгэлтэйгээр бэлтгэл, сургуулилтаа
шаргуу хийсэн.

Гэхдээ би энэ удаагийн ярилцлагаараа ямар нэгэн байдлаар Чөлөөт бөхийн
холбоо руугаа дайрч, эрх ашигт нь халдах, тэдний үйл ажиллагаанд оролцох гэж яриагүй
гэдгээ эхлээд хэлмээр байна.

А.Энхээ бид хоёрын хувьд хамгийн их гомдолтой байгаа зүйл бол ДАШТ-ий
өмнө чөлөөт бөхийн холбооны төлөөлөл, клубууд болон тамирчдын багш нар бүгдээрээ
“Германы Дортмундад болох тэмцээнд хэн өндөр амжилт үзүүлснийг нь ДАШТ-д явуулна”
гэдгийг ярилцсан, зөвшилцсөн. Үүнийг ч тухайн үед манай холбооны Удирдах зөвлөл
хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн. Тэгээд бид зөвхөн 57 кг-ын гурван тамирчнаа авч явсан.
Улмаар Германы энэхүү тэмцээн нь ДАШТ-ий сорилго барилдаан болохын хувьд маш их
бэлтгэл хийж, тамирчид маань ч өндөр идэвхтэй оролцсон юм. Дортмундад очоод манай
шавь үүргээ биелүүлж, алтан медаль авсан. Б.Номин мөнгө, Д.Цогтбаатар хүрэл медаль
хүртсэн. Энэ бол гурвуулангийнх нь амжилт.

-Тэгвэл
Э.Бэхбаяр хоёр ч удаагийн шалгаруулалт ёсоор ДАШТ-д явах эрхтэй болсон юм байна.
Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Бидний хувьд ч Дортмундад алтан медаль авч чадсан
учир Э.Бэхбаярыг ДАШТ-д оролцох эрхээ бүрэн авлаа гэсэн ойлголттой болсон. Бүр шигшээ
багийн дасгалжуулагчид нь хүртэл тэгж л бодсон. Холбооны удирдах түвшний хүмүүс
ч тэгж ойлгоод, бүх зүйл жигдэрч, тамирчин маань сэтгэл зүйн болон биеийн тамирын
бэлтгэлээ хийж, формондоо орчихсон байлаа. Гэтэл тэмцээн эхлэхээс сар хүрэхгүй хугацааны
өмнө гэнэт ийм шийдвэр гарч, биднийг хүнд цохилтод орууллаа.

-Танай
холбооны Удирдах зөвлөлийнхөн яагаад ийм шийдвэр гаргасан тухайгаа танд хэлсэн үү?

-Энэ хуралд маш цөөхөн хүн оролцсон. Миний хувьд холбоо руугаа дайрахгүй
гэдгээ хэлсэн. Тэр тусмаа холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж аваргадаа хэзээ ч гомдохгүй.
Яагаад гэвэл энэ хүн ерөнхийлөгч болсон цагаас эхлэн манай холбоо сэргэсэн, эв нэгдэлтэй
болохоос гадна тамирчдын маань амжилт эрс дээшилсэн. Гэтэл ийм сайхан болж байгаа
үед ганцхан хүний шийдвэрээр бүх зүйл өөрчлөгдөж, бие биенийгээ үл ойлгох зүйл гарч
байна.

Бид хоёрын гол шаардаж, гомдоллоод байгаа зүйл бол холбооны хүндэт
ерөнхийлөгч Л.Чинбат ганцаараа дур мэдэн тамирчдыг томилсонд л байгаа юм. Ингэж
шийдвэр гаргахдаа холбооны хамт олноо огт сонсоогүй, доор байгаа дасгалжуулагчид,
холбооны ерөнхий нарийн бичгийн даргынхаа гаргасан шийдвэрийг үл ойшоож, эрх мэдлээ
ашиглан шийдвэр гаргасанд л маш их бухимдаж, гомдолтой байна. 

-А.Энхээ
дасгалжуулагч та хоёр ССАЖ-ын сайдад өргөдөл өгсөн гэл үү?

-Манай шавь үндэсний шигшээ багийн тамирчин учир бид хоёр арга мухардахдаа
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад хандаж, хувийн өргөдлөө өгсөн. Өнгөрсөн нэг
дэх өдөр өгсөн өргөдлийн маань хариу одоо болтол ирээгүй байна. Боломжгүй, боломжтой
эсэхээ ч хэлсэнгүй. Гэтэл өнөөдөр (өнгөрөгч лхагва гариг) өглөө холбооноос ДАШТ-д
орох бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар албан ёсоор зарлаж, бид хоёрт ч мэдэгдлээ. Ийм
шийдвэр гарснаар зөвхөн дасгалжуулагч бидний төдийгүй тамирчны бэлтгэл сургуулилтад
зарцуулсан цаг хугацаа бүр шигшээ багийн тамирчны хувьд улсаас түүнд өгдөг бэлтгэлийн
зардал гэх мэт маш их зүйл хөсөр хаягдлаа. Тиймээс Л.Чинбат гэдэг хүний тухайд бид
хоёр маш их гомдолтой байна гээд байгаа юм. Гэхдээ одоо нэгэнт холбооны шийдвэр
гарчихсан учир бид үүнийг хүндэтгэн үзнэ. Энэ утгаараа бид хоёрын зүгээс уг тэмцэл
буюу хэрүүлээ бүрмөсөн зогсооё гэсэн шийдэлд хүрээд байж байна даа.

-Санал
хураалтад холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцоогүй гэсэн. Тэгэхээр магадгүй энэ
нь шийдвэрийг буцаах боломж байж болох юм?

-Ерөнхийлөгч Д.Дагвадоржид бид хоёр өргөдөл өгсөн л дөө. Гэхдээ өргөдөлдөө
Б.Номин, Э.Бэхбаяр хоёрыг шууд соль гээгүй. Энэ хоёрын дунд дахин сорилт явуулъя
гэсэн гаргалгааг хийсэн. Гэвч холбоо нэгэнт шийдвэрээ гаргасан учир боломжгүй гэсэн
хариу өгсөн.

-Б.Номин
57 кг-аас илүү жинтэй учир тохиромжгүй гэдгийг шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр
тамирчдыг батлах хурал дээр хэлсэн гэсэн?

-Тэр хурал дээр ямар асуудал болсныг нарийн сайн мэдэхгүй байна.
Хүнээс дам дамдаа, бүүр түүр л сонссон.

Энэ хоёр хоёулаа сайн бөхчүүд, хоёулаа л Монголын ирээдүй болсон
тамирчид. Нэг цаг үед эн тэнцүү өрсөлдөж байгаа хүүхдүүд. Тийм учраас бидний хувьд
одоо хоёр хүүхдэдээ амжилт л хүснэ. Ер нь бол энэ хоёр маань ДАШТ, Азийн аварга
шалгаруулах гэдэг хоёр тэмцээнд л байр нь солигдоод байгаа юм шүү дээ. Тиймээс одоо
шийдвэрийн дагуу манай Э.Бэхбаяр Азийн тоглолтдоо оролцох ёстой болсон.

Б.Номин бол миний хүүхдээс ялгаагүй гялалзаж яваа тамирчин. Түүний
жингийн тухайд 67, 68 кг байгаа гэдгийг Ц.Цогтбаяр дасгалжуулагч Л.Чинбатад хэлсэн
л гэсэн. Түүнээс биш бидний хувьд шигшээ багийн бэлтгэлд хамрагддаггүй учир Б.Номинг
яг хэдэн кг жинтэй байгааг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол жин нь илүү байдаг
хүүхэд.

-Б.Номин
бол “Гацуурт” компанийн нэр дээр барилддаг тамирчин. Тиймээс л өөрийнхөө тамирчныг
ДАШТ-д явуулж байна л гэж хардаж байгаа байх?

-Тийм ээ. Нөгөө эрх ашгийн зөрчил бил үү, тэр нь л болоод байна.
Гэхдээ ийм юм ярьж байгаа нь Б.Номинг болиулаад Э.Бэхбаярыг явуул гэж хэлж байгаа
юм биш шүү дээ. Хамгийн гол нь сорил хийх гэх мэт ямар нэг гарц гаргаж өгөөч гэж
л хүсэлт тавиад байгаа юм.

Ер нь бол “Гацуурт” компанийн бөхийг “Гацуурт”-ын эзэн өөрөө шийдвэр
гаргаж, эрх мэдлээ ашиглаж томилсон нь шударга бус явдал. Үүнээс болж бид хоёр маш
их бухимдал, стресстэй байна.

-Хэрэв
танай шавь ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан бол хэр зэрэг амжилт үзүүлэх байсан гэж
та дасгалжуулагчийн хувьд хэлэх вэ?

-Хоёр багшийн хувьд Э.Бэхбаярыг ДАШТ-д амжилт үзүүлнэ гэдэг 100 хувийн
итгэлтэй байсан. Гэвч А.Энхээ бид хоёрын өмнөөс бус Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах
гэж байсан хүүхдийн ирийг нь ийм сайхан ид үе дээр нь мохоож орхилоо. Цаашид ийм
шударга бус байдал битгий давтагдаасай л гэж хэлэх байна.

-Өмнө
нь танай холбоонд ийм асуудал гарч байсан уу?

-Бүр урд холбоонд иймэрхүү асуудал яригддаг байсан. Өнөөгийн удирлагуудын
хувьд ийм зүйл гарч байгаагүй. Маш сайхан зөвшилцөл, шударга зарчмын үндсэн дээр
явагддаг байлаа. Тиймээс ч бид хоёр холбоогоо дэмжиж ажилласаар ирсэн. Цаашид ч
дэмжих болно. Ганцхан тэр хүндэт ерөнхийлөгч гээд байгаа Л.Чинбат гэдэг хүн ийм
шударга бус үйлдэл хийж, холбооны нэр хүндийг унагалаа.

-Уг
нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат танай холбоонд их зүйл хийсэн хүн биз дээ?

-Холбоонд “Гацуурт” компани, Л.Чинбат ямар нэгэн байдлаар маш их
хөрөнгө оруулсан гэдгийг үгүйсгэхгүй. Харин бие дааж шийдвэр гаргах эрхгүй хүн компанийнхаа
бөхийг ямар нэг шалгуургүйгээр шууд томилсонд л харамсаж байна.

-Тэрээр
ДАШТ-д ээлжилж явуулъя гэхдээ л ийм шийдвэр гаргасан юм биш үү?

-ДАШТ-д тамирчдыг ээлжилж явуулдаггүй юм. Л.Чинбат ерөнхийлөгч хэлсэн
байна лээ “Өнгөрсөн жил Э.Бэхбаяр явсан. Энэ жил Б.Номинг явуулна” гэж. Монголын
нэр хүндийг гаргах гэж байгаа ийм том тэмцээнд ээлжилнэ гэж юу яриад байгаа юм бэ.
Хэн сайн байгаа, хэн формдоо орсон, хэн амжилт үзүүлэх магадлал өндөр байгаа гэх
мэт олон талаас нь судалж байж шийддэг юм. Бүр эмнэлгийн тусгай ажилтнууд тамирчны
бие организмыг судалж, яг өнөөдрийн байдлаар аль нь ачаалал даах чадвартай байна
вэ нарийн судалж байж саналаа оруулдаг юм шү дээ.

-Энэ
удаагийн тэмцээнд тамирчид муу оролцвол дасгалжуулагч хариуцлагыг нь хүлээнэ шүү
гэж Удирдах зөвлөлөөс хэлсэн гэсэн?

-Яг тэгж хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тамирчин муу оролцоход
дасгалжуулагч л хариуцлагыг нь хүлээнэ шүү дээ.

-Гэхдээ
энэ удаа дасгалжуулагчийн санал болгосон тамирчин оролцохгүй нь байна шүү дээ?

-Зарчим нь тийм болохоор хариуцлагыг нь хүлээж л таарна л даа. Гэхдээ
миний хувьд Б.Номинг муу оролцохгүй байх гэж бодож байна. Би Б.Номиндоо итгэж байна.
Миний хоёр хүү яг ижилхэн. Хэрэв муугаар бодоод амжилт муутай оролцвол Л.Чинбат
өөрөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Би бол хатуу хэлнэ.

Хамгийн гол нь Л.Чинбат гуай “Германд болсон тэмцээнийг хэн тэмцээн
гэх юм, цөөхөн тамирчин оролцсон” гэсэн байна лээ. Гэхдээ хамгийн гол нь тэр үед
Э.Бэхбаяр, Б.Номин хоёрын дунд сорилго болсон юм шүү.

Эцэст нь хэлэхэд энэ шийдвэр их дээрээс, босоо маягтай удирдлагын
зүгээс уналаа. Ингэх л байсан юм бол тэр дор дасгалжуулагчдын зөвлөл, ерөнхий нарийн
бичгийн дарга байгаад яах юм бэ. Тэд нарын санал юу болж хувирах вэ. Хамт олныхоо
саналыг сонсохгүй шийдвэр гаргана гэдэг маш том, бүдүүлэг эрх мэдэл.

Л.Чинбат гэдэг хүн бол холбооны төлөөлөл. Доошоо бүх тамирчин, дасгалжуулагчидтайгаа
харьцаж, тэднийхээ санал бодлыг сонсох ёстой хүн. Гэтэл өнөөдөр А.Энхээ гэж хүний
гарт байдаг хүн тэргэн дээрээ түрүүлээд ямар нөхцөлд, яаж бэлтгэл хийж яваад шавиа
ийм амжилтад хүргэсэн бэ гэдгийг нэг удаа ирээд ажил байдалтай нь танилцсан юм уу.
Нүдээрээ үзсэн үү. Үгүй л байхгүй юу.

-Эмэгтэйчүүдийн
багт ч А.Батцэцэгийг шууд оруулж ирсэн гэсэн маргаан бас гараад байгаа?

-Эмэгтэйчүүдийн багийн тухайд би яримааргүй байна. Өнөөдөр зөвхөн
өөрийнхөө шавийн тухай л ярьж байгаа болохоос бус эмэгтэйчүүдийн багийн үйл ажиллагаанд
оролцох эрх бидэнд байхгүй. Тиймээс эмэгтэйчүүдийн багийн бүрдүүлэлтийн талаар өөрсдөө
дотроо аваад үлдье.

Т.ГЭРЭЛМАА

 

Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон хайгуулын талбайд зөвшөөрөл олгох шалгаруулалт хийнэ

АМГ-ын
Хурлын танхимд “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт
малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруула
лт зарлах тухай”  хэвлэлийн 
хурал
хийв. Уг хэвлэлийн бага хуралд УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга Б.Батхүү, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй
болон АМГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон
асуултуудад хариулт өглөө.

Энэ үеэр АМГ-ын
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн хийсэн мэдээллийг дор
толилуулж байна.

Баянгол
дүүргийн шүүхийн  2013 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх
тогтоолоор “Ашигт малтмалын тухай хууль”-ийн  20 дугаар зүйлийн 20.1, 24
дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн  26.9 дүгээр зүйл заалтуудыг 
тус тус зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр 106 тусгай зөвшөөрөл олгосон байна
гэж үзэж  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй
болгож” шийдвэрлэсэн.

Нийслэлийн
давж заалдах шатны шүүхийн 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар
магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны
2013 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн
шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2006
оны “Ашигт малтмалын тухай хууль”-ийн дээрх заалтууд нь “Цуцлагдсан, дуусгавар
болсон,  талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцааж өгсөн бол” 
хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохгүй, сонгон шалгаруулалтын журмаар
олгохоор  зохицуулсан байдаг. 

Ашигт
малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дээрх талбайнуудад сонгон шалгаруулалт
явуулж тусгай зөвшөөрөл шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш
байдлыг хангах, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эд хөрөнгийн хохиролгүй
байдлаар шийдвэрлэх үүднээс  Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын
04-ний өдрийн 216 дугаар тогтоол гарч  тус тогтоолоор  “Шүүхийн
шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд
тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Тус
журмаар тухайн талбайд зарлах сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох, 
сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс
томилох, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон
шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зохицуулалтыг  журамлаж өгсөн.

Сонгон
шалгаруулалтын босго үнийг тогтоохдоо ашигт малтмалын хайгуулын  талбайг
эзэмшиж эхэлсэн үеэс хүчингүй болох  хүртэл  хугацаанд зарцуулсан
зардлыг жил бүрийн хайгуулын ажлын тайлан, санхүүгийн болон татварын тайланд
тусгасан зардлаар тооцон тогтоож байна.

Тусгай
зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа
журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд
баталгаажсан зардлаар тухайн талбайд зарлах сонгон шалгаруулалтын  “босго
үнэ”-ийг тогтоож гаргасан зардлаа баталгаажуулсан эхний 14 талбайд ашигт
малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахад
бэлэн болсоныг мэдэгдэж байна.

Дээрх
14 талбайд гаргасан зардлаа баталгаажуулсан тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж
ахуйн нэгжүүд босго үнэ төлөхгүйгээр сонгон шалгаруулалтад оролцох давуу
эрхтэй.

Эхний
ээлжинд зарлах 14 талбайн товч мэдээлэл:
Тус 14 талбай нь 6 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдах ба нийтдээ
163,565.05 га талбайг эзэлж байна. Үүнээс:

•  
 Баянхонгор аймагт  6
•    Дорноговь аймагт 3
•    Дундговь аймагт 1
•    Өмнөговь аймагт 1
•    Дундговь болон Өмнөговь аймгийг дамнасан 1
•    Ховд аймагт 1
•    Улаанбаатар хотод 1 талбай харъяалагдаж байна.

Талбайн
хэмжээний хувьд хамгийн бага талбай нь 94.49 га, хамгийн том талбай нь
56,098.52 га байна.

Талбайн
нэр

Талбайн
хэмжээ /га/

Аймаг

1

Довцог худаг

56,098.52

Дорноговь

2

Хашаатын хөндий

22,428.06

Баянхонгор

3

Товцог хайрхан уул

20,008.53

Баянхонгор

4

Ногон тал

13,664.08

Дорноговь

5

Амгалант

10,943.15

Өмнөговь

6

Хөх хошууны худаг

9,732.27

Дорноговь

7

Хар ат уул

4,283.93

Баянхонгор

8

Улаан эрэг

9,546.52

Баянхонгор

9

Могойт

4,501.65

Дундговь,
Өмнөговь

10

Бага хөх цав

4,454.54

Дундговь

11

Цогт хайрхан уул

1,313.75

Баянхонгор

12

Чойдог худаг

1,130.96

Ховд

13

Хонхор дэрс

102.02

Баянхонгор

14

Хөхтолгой

94.48

Улаанбаатар

Categories
мэдээ улс-төр

Үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Дарга Си Зиньпин нар  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, үзэж сонирхлоо. Үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1949 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.