Categories
мэдээ нийгэм

Зүүн Алтан-Өлгийн замыг хаажээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монел-Зүүн Алтан-Өлгийн гэр хороолол дунд зам барилгын ажил явагдаж байна. Тус байрлалд шинээр 1.2 км авто замын ажлыг “Өргөн говь” ХХК гүйцэтгэж байгаа юм. Уг ажилтай холбоотойгоор тус замыг энэ сарын 30 хүртэл хаажээ. Энэ хугацаанд газар шорооны ажил, ус зайлуулах хоолой ба замын хашлага суурилуулах ажлууд хийгдэх аж.  Зорчих хэсгийн өргөн 7 м, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй болох замыг 10 дугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцэрлэгийн бүртгэлийн талаарх гомдлыг 1800-1284 утсаар авна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цэцэрлэгүүдийн бүртгэлд хяналт тавихаар болжээ. Ингэхдээ тухайн цэцэрлэг хамран сургах тойргийн бус хүүхэд авсан тохиолдолд хариуцлага тооцох юм байна. Мөн цэцэрлэгийн бүртгэлийн зөрчил доголдлын тухай гомдол, мэдээллийг 1800-1284 утсаар авах аж. Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс энэ сарын 29 хүртэл явагдана.

Categories
гадаад мэдээ

Калифорнид 6 баллын хүчтэй газар хөдлөв

АНУ-ын Калифорни мужид 6 баллын хүчтэй газар хөдлөлт болж доод тал нь 120 барилга, байгууламж эвдэрч сүйдсэн тухай “BBC” агентлаг мэдээлсэн байна. Орон нутгийн цагаар шөнийн 03:20 цагт эхэлсэн хүчтэй газар хөдлөлт өнгөн давхаргад 6 километр, газрын гүн голомтод 10.8 километрийг хамарсан аж.

Уг байгалийн гамшгийн үеэр 87 хүн бэртэж гэмтсэний дотор гурван хүний биеийн байдал хүнд байгаа талаар Напагийн эмнэлэгийн ажилтнууд мэдэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдлаас болж тус мужийн амбан захирагч Жерри Браун онц байдал зарлажээ. Түүнчлэн 10 гаруй мянган хүн цахилгаан, эрчим хүчгүй болоод байгаа юм. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр энэ удаагийн газар хөдлөлт ньсүүлийн 25 жил Калифорни мужид тохиолдоогүй том хэмжээний газар хөдлөлт байсан гэжээ.

Categories
гадаад мэдээ

Эбола вирусын халдвар 5 дахь оронд тархаж эхэллээ

Баруун Африкийн дөрвөн улсад тархаад байсан Эбола вирусын халдвар Бүгд Найрамдах Ардчилсан Конго тархаж эхэлсэн тухай албаны хүмүүс мэдэгдсэн байна. Одоогоор тус улсын баруун хойд хэсэгт хоёр хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ.

Эбола вирусын тархалт урьд хожид байгаагүйгээр хурдацтай тархаж байгаа тухай ДЭМБ анхааруулж байгаа билээ. Мөн өнгөрөгч ням гарагт тус улсын Эрүүл мэндийн сайд Феликс Кабанжи Нумби нас барсан хоёр хүнээс гадна дахин хоёр хүний эбола вирусын халдвар авсан гэж мэдэгджээ. Тиймээс халдвар тархаад байгаа Боэнде хот орчмын 100 километр газарт хорио цээр тогтоосон аж.

Categories
мэдээ цаг-үе

“Алив, найзууд аа тэврэлдье”

Халх голын 75 жилийн ойд оролцохоор ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирсэн, Халх голын ахмад дайчин Н.Г.Богданов сандал дээр сууж байсан хоёр монгол  ахмад дайчин руу дөхөж очоод “Алив, найзууд аа тэврэлдье” гэнэ. Ойролцоо зогсч байсан хүн тэдэнд орчуулж туслав. “Богданов гэдэг, одоо 94 настай хүн байна” хэмээн тэр тайлбарласан. Ихэнхдээ хүүхэд, хөгшид нарлаж байдаг Маршал Г.К.Жуковын хөшөөний эргэн тойронд бямба гаригт сэтгэл хөдөлгөсөн уулзалтууд болов. Цэцэг өргөх ёслолд оролцсон Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ “Та нарынхаа алдар, гавьяаг үеийн үедээ мартахгүй” хэмээн ахмад дайчдад хэлж байна лээ. Халх голын ахмад дайчин хэд байгааг лавлахад  Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар “Халх голын ахмад дайчин 37 хүн бий. Орост долоон хүн бий. Тэд бүгд ёслолын ажиллагаанд оролцоно” гэв. Дайнд оролцсон ахмадуудаа хэрхэн харж үздэг талаар  асуухад “Дайнд оролцсон ахмадууддаа Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлдэг. “Цэргийн  албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д ахмад дайчидтай холбоотой өөрчлөлтүүд орохоор бэлтгэж байна” хэмээн төрийн нарийн бичгийн дарга  товчхон хариуллаа.   

Цэцэг өргөх ёслолд мөн ОХУ-ын Эрхүү хотоос ирсэн залуучууд байлцав. “Дайчин нөхөрлөлийн замаар” аялалд оролцогч залуус  Халх голын байлдаан болсон замаар тойрон аялал хийж,  Эрхүү хотоос гараад  5500 км зам туулсан гэнэ. Цэцэг өргөх ёслолын үеэр хоёр орны Төрийн дуулал эгшиглэсэн.  Орос залуус Төрийн дууллаа чин сэтгэлээсээ дагаж дуулсан нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ.

Цэцэг өргөх ёслолд хүрэлцэн ирсэн ахмадууд дунд Монгол Улсын баатар Ц.Олзвойгийн охин байлаа. “Аавынхаа  баярт урилгаар Ховд аймгаас ирж оролцоод, магнай хагартлаа баярлаж явна” гэж тэрбээр ярьсан юм.

Японы сэтгүүлчид ч энэхүү дурсгалт мөчүүдээс хоцорсонгүй. Японы сэтгүүлч залуу ахмад дайчин Д.Хэнгэрэгээс асууж лавлах юм их бололтой.  “Халх голын байлдаанд оролцож явсан хүн байна, та. Сэтгэгдлээсээ ярихгүй юу” гэж орчуулагчаараа дамжуулан лавлаж байна. “Айхавтар ширүүн байлдаан болсон. Харанхуйлаад, хаа яваа нь мэдэгдэхгүй, аюултай юм болсон” гэж өвгөн дурсав. “Монгол, Япон найрамдалтай улс болсон. Энэ талаар та сэтгэгдлээсээ хэлээч” гэхэд нь  өвгөн “Япон хоёр дахиж Монгол руу дайрсан. Зөвлөлтийн улаан арми  л аварсан” гэхээс өөр юм хэлсэнгүй. Харин  ахмад дайчин Г.Бадам гуай “Тэр үед япончуудтай байлдаж явлаа. Одоо япончууд  манайханд энд тэнд их тусалж байна гэж дуулж явдаг аа” гэж хэлнэ лээ.  

Тэргэнцэр дээр суугаа ахмад дайчин Г.Бадам гуай нас сүүдэр 97 зоогложээ. Хэдийгээр түүний үгийг ялгаж сонсоход амаргүй байсан ч өвгөн хуучлах тун дуртай байна. “Хуягт машины жолооч байсан. Японы онгоцыг буудаж явлаа.  Бөмбөгдүүлж ч явлаа, буудуулж ч явлаа. Суманд оногдоогүйдээ баярлаж явдаг.  Байлдагчаас дарга хүртэлээ явсан” л гэнэ. Ямар цолтой явсан бэ хэмээн лавлахад “Дэслэгч цолтой байсан” гэв. Өвгөнтэй хамт явсан бага охиноос нь  “Ахмад дайчин хүнийг асрахад хэцүү байдаг уу, дайнаас үлдсэн ул мөр байдаг уу” гэж асуулаа. 

-Амаргүй шүү. Манай аав хоёр жилийн өмнө давсагны хагалгаанд орсон.  Гуурсаараа шээдэг. Чих нь муу. Онгоц бөмбөгдөхөд аймаар дэлбэрэлтэнд хэдэн удаа орж байсан гэдэг юм. Тэрнээс болж чих нь муудсан гэж өөрөө ярьдаг юм. Халх голд байлдаж байхад нь бактерлогийн зэвсэг хэрэглэдэг байжээ. Худгаас ус уугаад дезентерий тусч байсан. Окопондоо үхэх шахаад хэвтэж байхад нь Оросын эмнэлгийн тусламж ирж аврагдсан гэж ярьдаг. Одоо гэдэс дотор муутай. Хоёрдугаар эмнэлэгт үзүүлдэг. Төрөөс сар болгон 200 мянган төгрөг өгдөг. Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа гэсэн хэмээн охин нь ярилаа.  Г.Бадам  гуай 1935 онд  сайн дураар цэрэгт яваад 1945 онд цэргээс халагдсан. Дэслэгч цолтой, салаан дарга байсан. “Зүрх шимшрэм он жилүүдийн дурдатгал” гэж ном бичсэн гэнэ. “Манай  аав Халх голд хуягт машины жолооч явсан хүн. Японы онгоцууд Хамар даваанд айхавтар бөмбөгдсөн гэсэн.  20-21-тэй залуу байсан. “Хүмүүс винтовоор онгоц буудаж унагаад байна гэсэн. Би яагаад унагаж болдоггүй юм” гээд онгоц бөмбөгдөөд эхлэхээр манай аав нэг винтов олж аваад онгоцыг чиглүүлээд нэлээд хэд буудсан ч оноогүй гэдэг юм билээ. Тэр үед зарим нь буугаа хаяад нуувчинд орсон гэсэн. Дайны дараа  Гал командад салаан дарга, төмөр замд насаараа машинист хийсэн” хэмээн охин нь аавынхаа тухай ярив.  Г.Бадам гуай гурван хүүхэдтэй. Бага охиныдоо амьдардаг аж. “Төр засгаас харж үзсээн. Анх 35 сая төгрөг өгч байсан. Тэрнийг нь хамгийн түрүүн авсан” гэж охин нь хэлсэн юм. Үр хүүхдүүдээс нь цэргийн хүн гараагүй. Хүүхдүүд нь цаг уурын инженер, бичиг хэргийн ажилтан, уул уурхайн инженер мэргэжилтэй аж.   

Энэ өдөр Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  оролцож үг хэлэхдээ: 

-Тэртээ 1930-аад оны сүүлээр эхэлсэн дэлхийн дайны дарийн утаа Монголын газар нутагт уугиж, дэлхийн дайныг дуусгах гарын үсэг зурахад Монголын дайчид оролцож, төгсгөж байсан юм. Үүнийг түүх мартах ёсгүй…. Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, сайн сайхан амьдралын төлөө Зөвлөлтийн хүмүүс, ОХУ-ын иргэд халуун амиа зориулсан. Бид манай хойд хөршийн ард түмний, төр засгийн, та бүхний энэ гавьяат үйлсийг хэзээ ч мартахгүй. Үүнийг Монголын ард түмэн, төр засаг үеийн үедээ санан дурсаж явах болно” гэсэн билээ.

 Соёлын төв өргөөнд дараа нь  Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, Чингис хааны талбайд үдшийн цэнгүүн, ёслолын буудлага  болсон  юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Энэ жил тариаланчид арвин ургац хурааж магнай тэнийх нь

Ногоочдын магнай тэнийж тонн тонноор төмс хурааж байгаа бол тариаланчид тэнгэрийн таалалд талархаж улаан буудайгаа хугацаанаас нь өмнө ангилан хадаж эхэллээ. “Жаргалант харвест” компани 1800 га талбайд улаан буудай тарьжээ. Тариан талбайд ормогц буудайны өндөр нь дунд зэргийн нуруутай хүний мөрөөр татах аж. Энэ сарын эхээр бороо татарч, хэд хоногийн турш нар ээсэн болоод ч тэр үү улаан буудайн болц гүйцжээ. Уг нь бол тариаланчид есдүгээр сар гаргаад ургацаа хураадаг. Комбайн тариан талбайгаар тоос татуулсаар өнгөрөхөд алтран шаргалтах тариан түрүү ханаран унана. Энэ л дүр төрхийг харж зогсоо Р.Ууганбаяр тариаланчийг харахад юутай аз жаргалтай. Шанаа даган урсах хөлсөө шороотой гараараа шудраад комбайны гаргасан тариан мөрөөр гүйн очиж, ургацынхаа дээжийг нандигнан халааслаад  “Энэ жил нар, хур тэгширсэн үнэхээр сайхан зун болж, эх дэлхий өгөөжөө хайрлалаа” гэсээр өөдөөс угтав.  Өнгөрсөн хавар улсаас элит сортын үрийг тариаланчдад тонн тутмыг нь 800-900 мянган төгрөгөөр худалдсан. Тэгвэл Р.Ууганбаярын  “Жаргалант харвест” компани уг элит сортын үрээс авч тарьжээ. Улаан буудай эрт боловсорсон нь цаг агаараас гадна элит сортын үрийн онцлогт оршиж байгаа гэнэ. Хурдан боловсрохоос гадна цутгалт сайтай, дээд зэргийн чанартай улаан буудай ургадаг аж. Одоогийн байдлаар тус компани га-гаас 20 центнер буюу хоёр тонн улаан буудай хурааж авч байгаа гэнэ. Монголд цөөхөн байдаг есөн метрийн урт хадууртай “Challenger” талбайд тоос татуулна. Тус комбайн хог хаягдал бага гаргадаг байна. Эдний хувьд ангилан хадах аргаар тариагаа хурааж байгаа. Учир нь тарианы иш өндөр ургасан. Хэрвээ богинохон иштэй бол шууд хадах арга замаар тариагаа хураадаг бололтой. Гэхдээ энэ нь их хаягдал гаргах магадлалтай аж. Элит сортын үрийг хойтон жил гаднаас үнэтэй авч байхаар дотоодын компаниуд өөрсдөө үрээ улсад нийлүүлэх сонирхолтой байгаа гэсэн. Р.Ууганбаяр гэхэд л “Энэ жил манайх 3000 тонн үр улсын нөөцөд худалдах бодолтой байна” гэв. Ингэснээр хэн, хэндээ ашигтай аж. Элит сортын үрээ тариаланчид тонныг нь 500 мянгаар худалдах бодолтой байгаагаа ҮХАА-н дэд сайд Ц.Туваанд  илэрхийлж байв. Ингээд Сүмбэр сумыг зорилоо. Мөн л тариаланчид нь ангилан хадалт хийгээд эхэлчихэж. Сүмбэр сумын хувьд газар нутгийн хэмжээ багатай учраас 10700 га талбайд тариалалт хийжээ. Харин Засаг дарга Р.Билэгсайханы яриагаар бол хадлангийн газаргүй гэнэ. 37 мянган толгой малтай учраас Баруунхараа, Орхонтуул зэрэг зэргэлдээх нутгуудаас туслалцаа авдаг бололтой. Сүмбэр суманд саяхан алт гарсан сургаар энэ тэндээс хэдэн мянган хүн цугларч хөрсийг нь самрах шахсан. Тэгвэл эдгээр нинжа нарыг тарааж, алт гарсан гэх уулыг лиценз эзэмшигч Оросын компани мэдэлдээ авчээ. Засаг дарга Р.Билэгсайхан “Арав гаруй аймгаас цугларсан алтны нинжа нэртэй өчнөөн мянган хүнийг гурван удаагийн оролдлогоор албадан тараасан. Үнэхээр аюулын түвшинд хүрчихсэн байсан. Ухсан шороогоо булаацалдаад эмэгтэй хүний хацрыг урчихсан хэрэг гарсан. Гэтэл өнөөх эмэгтэй нь хацрынх нь арьс урагдаад унжчихаад байхад буцааж наагаад нүх рүүгээ шороо ухах гээд орно гэдэг юу гэсэн үг вэ. Цаг алдсан бол үүнээс ч аймаар хэрэг гарах нөхцөл бүрдчихсэн байсан” гэв. Харин одоо орон нутгийн иргэд тайвширч тариа, ногооныхоо ажилд гараад байгаа гэсэн. Гэхдээ тус газрын зөвшөөрлийг цуцалж улсын мэдэлд өгөх эсэхээ удахгүй сум, аймгийн удирдлагууд хуралдаж шийдвэр гаргах бололтой. 

Төв аймгийн хэмжээнд нийт 66 мянга гаруй га талбайд тариалалт хийснээс 80 орчим хувьд нь улаан буудай  тарьсан бай­на. Цээл, Аргалант, Эрдэ­нэсант, Борнуур, Жаргалант, Угтаалцайдам, Сүмбэр зэрэг ихэнх сумдад ургацын гарц сайн байгаа аж. 

Харин Сэлэнгийн тариаланчид хараахан ангилан хадалтад ороогүй байна. Хур бороо ихтэй байгаа учраас тариа алаг цоог болцтой байв. Харин “Гацуурт”, “Арвин хур” зэрэг томоохон компаниуд дэвшилтэт технологи ашигласны үндсэн дээр улаан буудайн гарц сайнаас гадна зэрлэг гэх юмгүй ургажээ. Аймгийн хэмжээнд тариа, ногоо хураалтад 100 хувь бэлтгээд байгаа аж. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат “Манай аймаг нийт 164 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 138 мянган га-д улаанбуудай, үлдсэн талбайд тос, тэжээлийн ургамал тарьсан. Урьдчилсан балансаар бол өмнөх жилийнхээс хэд дахин их ургац авах төлөвлөгөөтэй байна” гэсэн товч мэдээлэл өгөөд авлаа.  Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуураар байрлах тариалангийн талбай бүрийн хажууд будаа хадгалах элеватор харагдсан. Ийм бетон элеватор ҮХАА-нд 180 мянга гаруй тонн хадгалах нөөцтэйгөөр байгаа юм билээ. Ер нь бол хоёр, гуравхан жилийн өмнө тариаланч ч тэр, улс ч тэр будаа хадгалах сав хомс, тариагаа их хэмжээгээр нь нөөцөлж чадахгүй хөгцрүүлж хаях тохиолдол их гардаг байлаа. Тэгвэл энэ зовлон нэгэнт ард хоцорчээ. Тариаланчид хувийн өмч гэлтгүй үнэхээр хөдөлмөрлөдөг, хийж буй ажилдаа сэтгэл гаргаж ажилладаг болж. Үнэхээр улсаас тийм дэмжлэг, ийм дэмжлэг хэрэгтэй байна гэх үг амнаасаа унагаах тариаланч таарсангүй. Харин тийм бололцоог олговол өөрсдөө, орон нутагтаа тийм үйлдвэр барьж босгоё гэх хүн олон тааралдсан. Хувь хүмүүсээс гадна “Гацуурт”, “Арвин хур” гэх томоохон компаниуд хөдөө аж ахуйн салбарт том орон зай эзлэх болсон нь тод харагдсан. Газар тариалангаас гадна мал үржүүлгийн аж ахуй, өвс хадлан бэлтгэх, зөгий үржүүлэх гээд хийхгүй ажил тэдэнд алга. Ингэхдээ орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийдэг бололтой. “Арвин хур” компанийн асар том усалгааны систем гэхэд л Монголдоо анхдагч төдийгүй ганцхан гэгдэх систем. Тус компани улаан буудайнаас гадна рапс тарьж ургамлын тос хийх болжээ. Нэг литрийн савлагаатай “Арвин хур” тос 10 мянган төгрөгөөр хотын сүлжээ дэлгүүрүүдэд зарагдаад эхэлжээ. Герман технологийн дагуу хийж буй уг тос цэвэр гэдэг утгаараа бага зэрэг үнэтэй юм байна. Эдний хамгийн том зорилт бол уг тосыг экспортлох аж. Өдөрт 200 литр тос одоогоор үйлдвэрлэж байгаа талаар үйлдвэрийн ажилтан ярьсан. Ийм л бүтээн байгуулалт, шинэ ажлууд хөдөөд ид өрнөж байна. 

Сэлэнгийнхний хувьд дотоодын улаан буудайн хэрэгцээний 60 хувийг хангадаг гэхэд болно. Мөн хүнсний ногооны дийлэнх хувийг тус сумын Шаамар зэрэг нэр бүхий сумд нийлүүлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд ашиг багатай, ажиллагаа ихтэй гээд ногоочид тариа болон зөгийн аж ахуй руу урвах болсон байна. Энэ жил гэхэд 100 гаруй ногоочин зөгийн аж ахуй руу оржээ. Уг нь энэ аж ахуй хэрэгтэй ч хэтдээ хүнсний ногооны хомсдолд орж, ёстой л урдаас орж ирсэн ногоогоор бөмбөгдүүлэх вий гэсэн айдас аймгийн удирдлагуудыг түгшээх болжээ. Мөн Зүүнхараа, Баруунхараа зэрэг нутгаар ургадаг “Жиргэвэр үү, дэргэвэр үү” гэх ургамал асуудал дагуулах болжээ. Энэ ургамалыг хятадууд их хэмжээгээр авдаг бөгөөд монголчуудаас багагүй мөнгөөр худалдаж авдаг байна. Эсвэл өдөрт хэдэн төгрөг өгөөд түүлгэдэг гэнэ. Чөдөр өвстэй төстэй уг ургамлыг юунд хэрэглэдэг нь одоогоор тодорхой бус байгаа ч ургамлын цэцэг бус үндсийг нь ашигладаг юм байна. Үндэс нь газрын гүнд 20-30 см гүн ургадаг учраас газрын хөрсийг ихээр гэмтээдэг аж. Иймэрхүү ганц нэг зовлонг эс тооцвол Сэлэнгийнхэн сэрүү орохоос өмнө тариа, ногоогоо хураах гээд тун ч завгүй байна. 

Д.ДАВААСҮРЭН  

Categories
мэдээ нийгэм

Орон сууцтай холбоотой гомдол буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Зөвлөлгөөнөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд иргэдээс 130 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл хүлээн авч холбогдох албаныханд уламжилж шийдвэрлүүлсэн байна. Санал хүсэлтийн 20 хувийг орон сууцтай холбоотой, 30.7 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 18.36  хувиар буурсан, орон сууцтай холбоотой гомдол 46.9 хувиар буурчээ. Энэ 14 хоногт  130 санал хүсэлт ирснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад  19.7 хувиар буурсан байна.

Түүнчлэн шуурхай мэдээллийн төвд ирсэн дуудлагын ихэнх хувийг орон сууц, цахилгаан, барилгатай холбоотой асуудлууд эзэлж байгаа аж. Тухайлбал, Баянгол дүүргийн 6, 18-р хороо 10 хорооллын 23, 24-р байр, 4-р хороолол 44, 45-р байрны хажууд, Сүхбаатар дүүргийн 8-р хороо 40 байрны урд, Баянзүрх дүүргийн 18, 26-р хороо Хавдар судлалын үндэсний төв, Баян монгол хорооллын урд талд барилгын ажил шөнийн цагаар хийгдэж иргэдийг амраахгүй байна гэсэн гомдлууд их байгаа тул холбогдох мэргэжлийн байгууллагуудаас шөнийн цагаар эргүүл жижүүрүүд ажиллаж арга хэмжээ авах шаардлагатайг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүмүүнлэгийн элч З.Анударь

Хүмүүнлэгийн элч З.Анударь охин 17 настай. Канадад арван нэгдүгээр ангиа төгсөөд байгалийн ухаанаар сурч байгаа. Ирээдүйд хүүхдийн эмч болохыг хүсдэг охин аль хэдийнэ бяцхан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасан юм.  Дарханы хүүхдийн эмнэлэгт тоглоомын өрөө тохижуулж өгсөн охины тухай  интернэтээр бас телевизийн мэдээгээр хүмүүс харсан байх. Охин зургаахан насандаа аав, ээж бас ахынхаа хамт Канадад амьдрах болсон юм. Ээж нь энэ оронд сурч,  судалгааны ажил хийх болж л дээ. Тиймээс Ц.Зоригтбаатарын хүү, охин хоёр тусгай сургалттай, олон улсын сургуульд суралцах болсон аж. 

Энэ сургуульд бүх хичээлийг гүнзгийрүүлж үзэхээс гадна  нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж, хүмүүнлэгийн үйлст гар бие оролцоход нь хүүхдүүдээ дэмждэг аж. “Канадад улсын, хувийн сектороос гадна сайн үйлс гурав дахь сектор нь болж хөгжсөн байдаг” гэж охины ээж Ш.Гэрлээ хэлсэн юм. 

Хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлдэг. Ах нь төгсөлтийн дипломын ажлаараа төгссөн хотынхоо эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалсан бол З.Анударь охин монгол хүүхдэд  зориулсан сайн үйлс хийхийг хүсчээ.  Ингээд тэр Дарханы нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тоглоомын өрөө тохижуулах мөнгөө цуглуулахын тулд хоёр жилийн турш идэвхтэй ажилласан байна. 

Канадад хүүхдүүд хүмүүнлэгийн ажил хийхдээ өөрсдөө мөнгөө босгодог уламжлалтай. З.Анударь охин онц сурдаг. Мужийн амбан захирагчийн нэрэмжит шагналтай. Түүний амьдардаг оронд хүүхдийн эмнэлгийн хүлээлг­ийн өрөө маш тохилог. Хүүхэд өвдөж байгаагаа мартагнах орчин бүрдүүлсэн байдаг.  Тийм л орчныг Монголд, тэр тусмаа орон нутагт бий болгохыг охин хүсчээ. Охин тус эмнэлэгт хэдэн настай, ямар хүүхдүүд ирдэг талаар судлаад, хүүхдийн  өрөөг тохижуулах шийдлээ гаргасан юм билээ. Төслийнхөө мөнгийг босгохын тулд хог ялгах цэг, хүнсний дэлгүүрт ажиллаж, шагналынхаа мөнгийг ч хандивлажээ. Энэ улсын хүмүүс хүүхдүүдийн  хүмүүнлэгийн төслийг дэм­­­­жиж, мөнгө хандивлаж, бас сайн дурын ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлж тусалдаг.   

З.Анударь ном унших дуртай, сургуулийнхаа сагсны багт  тоглодог. Шүлэг бичих дуртай. Англи, францаар сайн ярьдаг охин. Охин бага насандаа харьд очсон ч эх хэлээрээ сайн ярьдаг. Гэрийнхэн нь монголоор ярьж, гэртээ монгол хоол хийдэг гэсэн.  Бусад охидын л адил тэр гэрээ цэвэрлэж, аавтайгаа хамт нарийн боов хийх дур­тай.  Охин энэ зун Монголдоо зусч, хамаатнуудынхаа жаалуудтай тоглож бужигнаж яваа. Дарханд хоёр ч удаа очиж, Ховдоор аялжээ. 

З.Анударь маш завгүй хүүхэд. 12 настай хүүхдүүдийн сагсан бөмбөгийн багийг дасгалжуулна. Зуны зусланд  багшилна.  Ахмад настаны асрамжийн газар очиж сайн дурын ажил хийдэг. Канадчууд хүмүүнлэг нийгэм байгуулах­ын тулд өсвөр үеийнхнээ сайн үйлст “уруу татах” ёстойгоо сайтар ухамсарладаг ард түмэн бололтой. Энд  өндөр настны ахмадын газар  гэх мэт тусламж шаардлагатай газруудад ажиллах хүүхэд, залуучуудын  маш олон сайн дурын хөтөлбөр бий. Тэнд сайн дурын ажил хийхийн өмнө хүүхдүүдэд “Суумгай хүнтэй зогсч ярьж болохгүй”, “Настанууд ус уухыг хүсвэл гарт нь  бариулахгүй, ширээн дээр тавина” гэх мэтээр зааварчилгаа өгдөг юм билээ. Сайн үйлс хийсний төлөө хүүхдэд мөнгө, цалин өгдөггүй ч эмч болохын тулд чи онц сурахаас гадна  заавал  бусдад сайн үйл бүтээж, нийгэмд ашиг тустай зүйлс хийсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг аж. 

З.Анударь охин  ирээдүйн хүмүүнлэг Монголыг бүтээх залуу үеийн дүр төрх билээ.

Б.ЯНЖМАА       

Categories
мэдээ нийгэм

“Адуучин 2014” тэмцээн

Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Адуучин 2014” тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ спорт

Жудо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Челябинск хотод эхэлнэ. Наймдугаар 31 хүртэл үргэлжлэх 36 дахь удаагийн тэмцээнд 120 орны 800 гаруй жудоч өрсөлдөх аж. Манай улсаас Челябинск дэвжээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жудоч зодоглоно.

ДАШТ-нд өрсөлдөх тамирчид:

Эрэгтэй:

60 кг: Д.Амартүвшин, Г.Болдбаатар

66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь

73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир

81 кг: О.Ууганбаатар

90 кг: Л.Отгонбаатар

-100 кг: Н.Түвшинбаяр

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг

52 кг: М.Бундмаа, А.Цолмон

57 кг: Д.Сумьяа

63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид

70 кг: Ц.Наранжаргал

-78 кг: Б.Мөнхтуяа

 Багийн ДАШТ-д өрсөлдөх багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь

73 кг: Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Г.Одбаяр

81 кг: О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн

90 кг: Л.Отгонбаатар

+90 Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, Н.Батсуурь

Эмэгтэй:

52 кг: М.Бундмаа, А.Цолмон,

57 кг: Д.Сумьяа

63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид

70 кг: Ц.Наранжаргал

+70 кг: Б.Мөнхтуяа

ДАШТ-ийн хуваарь:

08.25 – Эрэгтэй -60 кг. Эмэгтэйчүүдийн -48 кг.

08.26 – Эрэгтэй -66 кг. Эмэгтэйчүүдийн -52 кг.

08.27 – Эрэгтэй -73 кг. Эмэгтэйчүүдийн -57 кг.

08.28 – Эрэгтэй -81 кг. Эмэгтэйчүүдийн -63 кг.

08.29 – Эрэгтэй -90 кг. Эмэгтэйчүүдийн -70, -78 кг.

08.30 – Эрэгтэй -100 + 100 кг. Эмэгтэйчүүдийн +78 кг.

08.31 – Багийн тэмцээн