Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт дараахь газруудад хийгдэнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаатай уялдуулан нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр буюу 2014 оны наймдугаар сарын 25-ны даваа гарагт дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Баянзүрх дүүрэг

10:30-18:00 цагт: 6-р хороо Олзвойн 7, 9, 10, 18, 17-р гудамж, Монхангай трейд, ЗЦГ-ын журмын хашаа, иргэн Энхтуяа, Энхцэцэг, Бүдээ, ТТХГ-ын ТҮА Бааз, Халиун интернэшнл, Макс өргөө, Хөлөг од ХХК-иуд, Шунхлай ШТС орчмоор,

Сүхбаатар дүүрэг

10:00-18:00 цагт: 1, 8, 6-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Гадаад хэргийн яам орчмоор

10:30-17:00 цагт: 16, 14-р хороо, Бэлхийн 30-47, Ойчдын 1-р гудамж,  Нийслэлийн өмчийн харилцааны газар, АНУ сервис ХХК, Хандгайтын 1, 2, 330, 33, 36, 42, Хайлаастын 8, 13, 14, 20, 25, Рашаантын 5-15, Сургуулийн 44, 45-р гудамж орчмоор,

Хан-Уул дүүрэг

10:00-18:00 цагт: 7, 6, 8-р хороо 73-р цэцэрлэг, 60-р сургууль, БОСА төв, Жаргалант, Нүхт, Сонсголон, Дэнжийн гудамжууд,

Баянгол дүүрэг

11:30-12:00 цагт: 20-р хороо  Холбоо бармонт, Гурвалжингийн гүүрний баруун хэсгээр

12:30-13:00 цагт: 20-р хороо ДЦС-2-ын урд хэсгээр,

Сонгинохайрхан дүүрэг

10:30-11:00 цагт: 18-р хороо  Мах импексийн урд хэсгээр,

Налайх дүүрэг

10:00-18:00 цагт: 3-р хороо Дэнж, Бадралын гудамж.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн захиргааны зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэх тухай” А/718  дугаар захирамж гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг үе шаттайгаар онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг Тамгын газарт даалгалаа.

Мөн төрийн зарим үйлчилгээг 2014 онд онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Архивын газар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ ногооны үзэсгэлэн худалдааг таван газарт гаргалаа

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо буюу Сансарын тунель, 16-р хорооны нутаг 16-гийн автобусны буудал, 14-р хороо “Шөнийн зах”-ын урд талбай, Халдвартын автобусны эцсийн буудал дээр шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна. Мөн 25-р хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар” их сургуулийн эсрэг талд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн тариалсан хүнсний ногооны худалдааг гаргасан байна.

Categories
мэдээ спорт

Г.Болдбаатар хэсгийн аваргын барилдаанд яллаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглож буй ОУХМ Г.Болдбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр яллаа.

D хэсгийг тэргүүлэн барилдаж буй манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн тамирчин Кабэ Ахмит Сахиныг ялсан бол гуравдугаар тойрогт Тайванийн бөх Цай Мин Енийг 02:26 минутанд цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.

Categories
мэдээ спорт

Г.Болдбаатар шигшээ наймд шалгарлаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөж буй Г.Отгонцэцэг хэсгийн хоёр дахь барилдаанаа Кубын бөх Алварезтэй хийж, вазари үнэлгээгээр ялагдлаа. Харин эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн тамирчин Кабэ Ахмит Сахиныг ялсан ОУХМ Г.Болдбаатар хэсгийн гурав дахь барилдаандаа Тайванийн бөхийг 02:26 минутанд цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.

Харин 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалт, ОУХМ Д.Амартүвшин эхний барилдаанаа 2010 оны Европийн аварга, Францын жүдоч Софианэ Милоустой хийлээ. Хоёр бөхийн барилдаан үндсэн цагт 1, 1 юко үнэлгээ, адилхан 3, 3 торгуультай дуусч, нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар Францын бөхөд харамсалтайгаар ялагдлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш уруудсаар байна

1900 гараад байсан  байсан ам.долларын ханш 60 орчим төгрөгөөр буураад байна. “Найман шарга” валют арилжааны зах дээр өнгөрсөн долоо хоногийн даваа, мягмар гаригт ам.долларыг 1850 төгрөгөөр авч, 1860 төгрөгөөр зарж байсан бол лхагва гаригт 1850 төгрөгөөр авч 1855 төгрөгөөр зарж байж. Харин пүрэв гаригт 1850 төгрөгөөр авч 1956 төгрөгөөр заржээ. Баасан гаригт 1825 төгрөгөөр авч, 1856 төгрөгөөр зарсан бол бямба гаригт  1826 төгрөгөөр авч 1835 төгрөгөөр зарсан байна. Долоо хоногийн сүүлийн өдөр 1831 төгрөгөөр авч 1835 төгрөгөөр зарсан аж. Өнөөдөр өглөөний байдлаар ам.долларыг 1830 төгрөгөөр авч 1835 төгрөгөөр зарж байжээ. 

Categories
мэдээ нийгэм

59 дүгээр сургуулийг шинээр байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцээ гүн цогцолбор сургуулийг өөрчлөн байгуулах тухай” А/711 дугаар захирамж гаргалаа. 

Захирамжаар боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор нийслэлийн Боловсролын газрын санал, Хан-Уул дүүргийн онцлогийг харгалзан “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн бүтцийг өөрчлөн байгуулж, 59 дүгээр сургуулийг тусгаарлан шинээр үүсгэн байгууллаа. 

“Цэцээ гүн” цогцолбор сургууль, тусгаарлан шинээр байгуулагдсан 59 дүгээр сургуулийн өмчийг шинэчлэн бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар,  сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах, тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар, үр дүнгийн гэрээ байгуулж, статистик мэдээнд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн гэрээт олборлогч үйл ажиллагаагаа зогсоов

Тавантолгойн Зүүн Цанхид гэрээт олборлогчоор ажилладаг “Макмахон” компани үйл ажиллагаагаа зогсоосон байна. “Эрдэнэс Тавантолгой” компани “Макмахон” компанид төлбөрөө төлөөгүйтэй холбоотой гэнэ.  Өр төлбөрийн хэмжээ 22 сая ам.долларт хүрсэн аж. Хоёр компанийн хооронд шийдвэрлэх ёстой олон асуудал ч бий гэнэ. Одоогоор талууд үүсээд буй өр төлбөр болон бусад асуудлыг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр өрнүүлж эхэлжээ. “Макмахон”  2012 онд Зүүн Цанхийн уурхайд ажиллахаар 500 сая ам.долларын гэрээ байгуулсан  байжээ. Гэрээний хугацаа 2017 онд дуусах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай, Дундговьд газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бугат сумаас 56 км-ийн зайд, Дундговь аймгийн Хулд сумаас 3 км-ийн зайд тус тус 3.8-3.7 магнитуд хүчтэй газар хөдөлснийг Шинжлэх ухааны академийн Газар хөдлөх судлах сектороос мэдээллээ. Газар хөдлөлт өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон аж. Газар хөдлөлтөөс болж ямар нэг хохирол учраагүй байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баар, пабуудаар бичиг баримтгүй үйлчлүүлсэн иргэдийг 72 цаг саатуулна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор оюутан залуус уулзалдаж, архидан согтууран улмаар хэв журмын болон танхайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болж эхэлдэг байна. Иймд аж ахуй нэгж, баар, пабуудыг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн иргэдэд үйлчлэх журмыг баримталж ажиллахыг шаардах үүднээс Цагдаагийн байгууллагаас зохих шалгалтыг явуулж эхэлжээ.

Шалгалтын явцад цэнгээний газруудаар үйлчлүүлж буй иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа бөгөөд үйлчлүүлэгч иргэд заавал иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагыг тавьж байгаа гэнэ.

Баар, паб зэрэг цэнгээний газруудаар үйлчлүүлж байгаа насанд хүрэгчид иргэний үнэмлэх болон өөрийгөө хэн гэдгийг гэрчлэх бичиг баримтгүй бол цагдаагийн байгууллага тухайн хүнийг 72 цаг хүртэл хугацаанд түр саатуулан, шалгаж тодруулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэй аж.