Нийслэлийн Засаг дарга “Олон нийтийн байцаагч томилон ажиллуулах тухай” А/710 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хот тохижилт, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг бүхий тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч томилон ажиллуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэ ажлын хүрээнд “Нийслэлийн нутаг дэвсгэрт тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах журам”, “Зөрчлийн тухай тэмдэглэл”-ийн маягтыг батлаж, тус журмыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Month: August 2014
Оросын соёлын өдрүүд үргэлжилж байна
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд зориулсан Оросын соёлын өдрүүд эхэлсэн байгаа. Соёлын өдөр энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх аж. Энэ үеэр Оросын кино урлагийн шинэ бүтээлүүдийг олон нийтэд толилуулахаар бэлтгэж, мөн Оросын алдарт жүжигчид, уран бүтээлчид Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна. Тэднийг Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч, уулзжээ.
Оросын уран сайхны киног Улаанбаатар хот дахь ОХУ-ын соёлын төв РЦНК-д үзүүлэхээр бэлтгэжээ.
БНСУ-ын Гадаад хэргийн сайдын Монголд хийх айчлал өнөөдөр эхэлнэ. Түүний айлчлал Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзсанаар эхлэх юм. Тодруулбал Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ 09:50 цагт Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзах бол тэдний албан ёсны хэлэлцээ хийх ажил 10:00 цагт эхлэх юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхах юм байна.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга энэ сарын 22-31-нийг дуустал автомашиныг дугаарын төгсгөлийг тэгш, сондгой дугаартайгаар нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан.
Энэ хуваарийн дагуу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Түүнчлэн автомашины дугаарын хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан иргэдэд нийтийн тээврээр зорчих 500 төгрөгийн өдрийн тасалбарыг гаргасан юм. Ингэснээр иргэд энэ сарыг дуустал нийтийн тээврийн шинэчилсэн хуваарийн дагуух чиглэлд бүтэн өдрийн турш “сэлгэн суулт үнэгүй” гэсэн бичиг бүхий 500 төгрөгийн тасалбарыг автобусны буудлууд болон тухайн зорчиж буй автобусныхаа хяналтын ажилтнаас худалдан авч зорчиж байгаа юм.
“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 байранд 1534 иргэн гэрээ хийсэн. Квотоос байраа сонгоогүй 62 айл бий. Одоогийн байдлаар 140 айл түлхүүр хүлээн авснаас 52 нь амьдарч байна. Оршин суугчид энэ оны 11 дүгээр сард төвхнөж дуусах төлөвтэй гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга хэллээ. Мөн түүний тайлбарласнаар үлдэгдэл 168 байрыг бэлэн мөнгөөр шууд авах хүмүүст олгохоор болжээ. Ингэхдээ “Буянт-Ухаа” хорооллын байрны сугалаанд оролцсон байх шаардлага тавьж буй аж.
“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 48 барилгаас 22 нь энэ онд ашиглалтад орох бөгөөд барилга угсралтын ажил нь одоогоор 50 орчим хувьтай юм байна.
Онцлоход, БНХАУ-ын дарга Си Зиньпинийн төрийн айлчлалын хүрээнд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ банкны ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Ли Роугутай Улаанбаатарын хотын Сүхбаатар дүүргийн “Орон сууцны 7-р хороолол” төслийн “Г” хэсгийг барих тухай зээлийн ерөнхий гэрээг байгуулсан. Энэ хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох “Бээжин Юни констракшн” групптэй хамтран бүтээн байгуулна гэх мэдээллийг ТОСК-ийн захирал өглөө.
МОХ Төрийн банктай хамтран өнгөрсөн оноос оюутнуудын нийтийн унаанд зорчдог смарт картыг бэлддэг болсон. Тэгвэл энэ намраас оюутнууд смарт картаараа олон төрлийн хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой болсон аж.
Мөн тэд 70 мянган төгрөгийн тэтгэлгэ смарт картаар авч хуримтлал үүсгэх нөхцөлд бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүүтэй адил хүү бодуулж авах боломжтойг Төрийн банкныхан онцоллоо.
Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Амаржаргалыг олны танил болгосон дуу бол яах аргагүй “Амин нүдэн”.
“Давхраат алаг нүд чинь хө
Далдын гунигийг үргээнээ
Аз заяасан алаг нүдэн
Амьдрал хайрласан амин нүдээ” гэсэн үгтэй сайхан дууг өнөөдөр мэдэхгүй хүн байхгүй биз. Амараа гавьяат энэ дууг хүний сэтгэл зүрхэнд шингэтэл дуулсан нь урлагийн шид увидас гэж тайлбарлаж болох ч хамгийн гол нь чин сэтгэлээсээ дуулсанд гол утга учир нь байгаа юм. Тэр төрөлхийн харааны бэрхшээлтэй ч сэтгэлдээ хайртай хүнийхээ нүдийг төсөөлж, аз жаргалын гэгээг олж харснаар түмний дуртай нэг сайхан дууг амилуулж. Монголчууд “Ухаан сохор бол нүд сохор” гэдэг. Харин сэтгэлдээ мэлмийтэй хүн хөгжлийн бэрхшээлтэй ч амьдралын гэрэл гэгээгээр орчлон хорвоог гийгүүлж тольддог аж. Тиймээс л амин нүдийг амилуулж, аялгуу дууны шидээр амжилтын шатаар өгсдөг байнам. Хэрвээ “Амин нүд” дууг сэтгэлгүй хүн дуулсан бол хүн олны сэтгэл зүрхэнд ч хоногшиж амжилгүй амьгүй хөндий хүйтэн үгсийн цуглуулга төдий л байх байсан нь лавтай. Аливаа ажил үйлд сэтгэл зүрхээ зориулбал амжилт ойрхон байдгийн жирийн жишээ л энэ буюу.
Л.БАТЦЭНГЭЛ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр ОХУ-ын Челябинск хотод эхэллээ. Тэмцээнд 120 орны 800 гаруй жүдоч өрсөлдөж байна. Манай улсаас уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглож байгаа юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн хасах 60 кг, эмэгтэйчүүдийн хасах 48 кг-ын жингийн тамирчид зодоглолоо. Тус тэмцээний хасах 60 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ганбатын Болдбаатар алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. “D” хэсгийг тэргүүлэн барилдсан Г.Болдбаатар эхний барилдаандаа хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн тамирчин Кабэ Ахмит Сахиныг ялсан бол гуравдугаар тойрогт Тайванийн бөх Цай Мин Ентэй учраа таарсан юм. Тэрээр уг бөхийг 02:26 минутад цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялсан юм. Имашеев Айбек нь 1992 онд төрсөн 22 настай. Хамгийн сүүлд энэ оны өнгөрсөн гуравдугаар сард болсон Европын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа тамирчин билээ. ОУХМ Г.Болдбаатар хагас шигшээд Гүржийн бөх Папинашвили Амирантай барилдаж ялалт байгуулан улмаар аваргын төлөө Оросын бөх Беслан Мудрановтой барилдаж буулган авсан юм. Аваргын төлөөх энэхүү барилдаанд Мудранов торгуулийн илүүгээр манай бөхөд хожигдол хүлээсэн юм. Ганбатын Болдбаатар нь жүдо бөхөөр 14 жил хичээллэсний эцэст ийн дэлхийн аварга хэмээх эрхэм цолын эзэн боллоо. Түүний гарын багш нь Ш.Бат-Орших билээ
Өөрөө есхөн настай ч насандаа бас бяцхан биендээ баймгүй их зориг гаргаж хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварсан баатар бол Н.Азжаргал охин.
Энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатсан энэ хэргээс найман дүүгээ аварсан Н.Азжаргал охин өөрөө 40 хувийн түлэгдэлд өртжээ. Гэвч тэрээр эцэж цуцалгүй, найман дүүгээ аврахын тулд тэднийг цонхоор зөөж гарган амь насыг нь аварсан юм.
Н.Азжаргал охин өнөөдөр Мөнгөн гүүр эмнэлэгээс гарч байгаа ажээ.
Гэвч одоогоор Н.Азжаргалын гэр бүл амьдрах орон байргүй байгаа бөгөөд Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Кемпинский зочид буудалд 14 хоног байрлуулахаар болсон байна. Мөн өнөөдөр 14.00 цагт тус зочид буудалд хэвлэлийн хурал хийж Н.Азжаргал охиныг МЗХ-ны “Эр зоригийн алдар” тэмдэгээр шагнах бөгөөд энэ шагналыг хүртэж байгаа хамгийн залуу хүн нь Н.Азжаргал охин болжээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн жил Ш.Жамъянсүрэн, Мөнгөнбаяр нарыг гудамжаар явж байтал согтуу цагдаа хажуугаар өнгөрч, улмаар үл ойлголцолд хүрсэн байдаг.
Согтуу цагдаагийн хувьд дээрх залуус руу хувцсаа тайлж зодолдохоор дайрч, нөгөө хоёрынх нь нэг нь ч хувцсаа тайлан барилдаж эхэлсэн аж. Гэвч эцэст нь тэд цагдаа зодсон, мөн цагдаагийн хувцсыг дээрэмдсэн бүлэг гэмт хэрэгтнүүд болж хувирсан юм.
Тэгвэл уг хэрэгт холбогдох шүүх хурал болж тэдгээр залуус цагдааг зодоогүй, хувцас хэрэгслийг нь дээрэмдээгүй болох нь тогтоогджээ. Тиймээс шүүхээс тэдэнд 1 жилийн тэнсэн харгалзах ял оноож, харин зодуулж, дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлсэн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэжээ.