Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Хамтарсан Засгийн газар байгуулахгүй. Ардчилсан нам хийсэн ажлынхаа үр дүнг үзэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-БНХАУ-ын дарга Си Жиньпин манай оронд айлчлаад буцлаа. Айлчлалын хүрээнд тодорхой гэрээнүүдэд гарын үсэг зурагджээ. Энэ удаагийн айлчлалын талаар ямар бодолтой байгаа вэ?

-Энэ айлчлал дээд хэмжээнийх байсан гэдэг утгаараа үнэхээр л дээд хэмжээний айлчлал боллоо. БНХАУ, Монгол Улс хоёр олон жилийн түүхтэй, тал талдаа улс төр, эдийн засаг, хөршийн харилцааны тал дээр өөрийн гэсэн бодлоготой. Тиймээс уг харилцааны үргэлжлэл болж чадлаа. Гэхдээ энэ бүгдийг шинэ шатанд гаргасан өндөр хэмжээний айлчлал болсон. Өмнө нь Хятадын дарга нар манай оронд айлчилж байсан. Си Жиньпин даргын хувьд монголчууд түүнийг мэддэг. БНХАУ-ын дэд дарга байхдаа 2008 онд Монгол Улсад айлчилсан. Си Жиньпин даргын хэлж буй үгнээс нь анзаарахад монголчуудад итгэл үнэмшилтэй, элгэмсэг хандаж байгааг мэдэрч болно. 

Уг айлчлалын өөр нэг чухал  зүйл нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой боллоо гэж бодож байгаа. Улаанбаатараас дэлхийн болон Азийн түвшинд гадаад бодлогын талаар баримтлах зарчмаа зарлан мэдээллээ гэж бодож байна. Энэ бол маш чухал.

-Үүнийгээ жаахан дэлгэрүүлэн ярихгүй юу?

-БНХАУ гадна тийшээ хэзээ ч түрэмгийлэл хийдэггүй уламжлалт түүхтэй. Бид бүс нутгийн түвшинд ойр зэргэлдээ орнуудыг түнш гэж үздэг. Тэр утгаараа л бид хандах болно. Зөвхөн Монгол гэлтгүй бусад орнуудтай хамтран хөгжих бодлоготой байдаг. Цаашид хамтран ажиллах, сайн хөршийн түншийн байдлаар харилцана гэдгээ хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн. Энэ бол Улаанбаатараас дэлхий нийтэд хандаж хэллээ гэж ойлгоод байгаа. Тэр дундаа Азийн хөрш орнуудын талаарх бодлогоо ний нуугүй ярьчихсан болов уу. Бидний хувьд БНХАУ ямар байгааг мэдэж байж бодлогоо явуулах ёстой. Улаанбаатарын индэр дээрээс хэлсэн зүйлсийг нь бодоод үзэхээр цаашид бид бодлогодоо анхаарч ажиллаж болох юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Монгол орныг хөгжихөд туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Сургалт, боловсон хүчний бэлтгэлжилт, эдийн зас­гийн хамтын ажиллагааг дэлгэрэнгүй авч үзлээ. Манай орны хувьд далайд гарцгүй тул эдийн засгийн бэрхшээлүүд тулгардаг. Ганцхан төмөр замын асуудал нь нэлээд боогдмол байлаа. Үүний тарифыг хөнгөлж гадаад далайд гарахад боломж олгох тухай олон жил бидний зүгээс тавьсан асуудлыг шууд шийдвэрлэсэн. Энэ нь манай орны тээврийн хөгжилд саад болж байсан зүйлсийг цэгцэлчихлээ. Манай хоёр орон хөрш ч гэсэн бие биедээ найрсаг хандаж ирсэн сайн хөршийн харилцаатай явсаар ирсэн. БНХАУ, ОХУ-тай манай улс ямар нэг асуудал байдаггүй гэдэгт би итгэдэг. Хятадтай ямар нэгэн байдлаар асуудалгүй тул бие биенээ дэмжих байдлаар иж бүрэн стратегийн түвшинд харилцаагаа хөгжүүлье гэдэг дээр тохирлоо. Монгол, Хятадын харилцаа бие биенийхээ хөгжил, тусгаар тогтнолд оролцохгүй гэдгээрээ цаашид явна гэдэгт би итгэж байгаа. Монгол Улсын гадаад бодлогын үндэс бол олон тулгуурт гадаад бодлого. Хоёр хөршөөс гадна бусад гадны орнуудтай нөхөрсөг харилцаатай. Тиймээс энэ удаагийн айлчлал ямар нэгэн эргэлзээ төрүүлэх ёсгүй. Нийгмийн дотоод хэрэгт оролцохгүй, та нарын сонгосон замыг хүндэтгэнэ гэж ч зарлалаа. 

Би УИХ-ын дарга болсны дараа БНХАУ-д айлчлахад Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дарга У Бан Го-той уулзахад “Танай орны тусгаар тогтнолыг хүндэтгэнэ. Газар нутгийн чинь бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Танай дотоод хэрэгт оролцохгүй. Танай сонгосон замыг хүндэтгэж байна” гэж хэлж байсан тэр бодлого хэвээрээ байна. Тиймээс уламжлалт харилцаа улам бэхжиж байна гэсэн үг. 

-Саяын айлчлалаар манай оронд хөнгөлөлттэй зээл олгох, боловсон хүчин бэлтгэх, далайд гарах боломжийг нээж өглөө. Харин бид Хятад ямар боломжийг олгов. Тэдний өгсөн зүйлсийн хариуд бид ямар хариу барьсан бол?

-Би энэхүү айлчлалыг сайнаар төсөөлж байна. Айлчлалын үеэр хийгдсэн бүх гэрээ хэлэлцээрийг бүгдийг нь харж амжаагүй л явна. Хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгийг нь сонсож, хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч байна. Салбар яамдын хүрээнд гэрээ хэлэлцээр хийгдсэн байна лээ. Гэрээ хэлцлийн дүнд аль орон хожих вэ гэдэг зүйлийг хүмүүс бодож байж магадгүй. Гэхдээ аль аль нь хожоотой байх байлгүй дээ. Үүн дээр анхаарах хэрэгтэй зүйлс бий. Манай оронд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг ярьцгааж байна. Энэ бүгдийг монголчууд зөв ашиглаж чадвал бидэнд ашигтай. Буруу ашиглавал бидэнд хохиролтой. Хийгдсэн гэрээ хэлцлүүдийг бид ажил хэрэг болгож чадах эсэхээс их зүйл шалтгаална. 

Си Жиньпин даргын хэлсэн зүйлс бол том хүрээний асуудал. Манай орны эдийн засгийн аюулгүй байдал нь тодорхойгүй бөгөөд нарийн зүйл байдаг. Тэр түвшиндээ бодож, авч байгаа зүйлээ өөрсдийн төлөх чадамжийн хэмжээнд, хийсэн ажлынхаа үр дүнгээр төлчих боломжтой эсэхийг тооцож явах хэрэгтэй. Түүнээс биш нэг хоёр жилийн дотор эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулчихаад ганц хоёр жилийн дотор эргэлт гаргахын тулд ихээхэн хэмжээний мөнгө аваад зарцуулна гэдэг үүднээс Засгийн газар хандсан бол буруу гэдгийг хэлье. Холын хараатайгаар энэ гэрээ хэлцлүүд хийгдэж чадсан бол, тэгж чадахын бол харилцан ашигтай байх юм. 

-Удахгүй хойд хөршийн төрийн тэргүүн В.Путин манай оронд айлчилна. ОХУ Украины асуудлаас болоод Европын орнуудаас тусгаарлагдмал байдалтай байна. Энэ үед хийгдэж буй уг айлчлалын үр дүн ямар байх бол?

-ОХУ бол яах аргагүй том гүрэн. Орос Европ, Ази аль аль талдаа бодлогоо явуулна. Европын зүгээс шахалт үзүүлэх болсноос Ази тэр дундаа Монголд хандах болж байгаа болов уу гэсэн бодол хүмүүст төрж болох юм. Тийм байж болно. Европын холбооны зүгээс хориг арга хэмжээ аваад эхэлбэл зөвхөн Орос гэлтгүй ямар ч орон өөр улстай харилцаа тогтоох улс төрийн бодлого байлгүй яахав. Орос Европын холбооны хориг арга хэмжээнээс болоод Монголд олон зүйлийг амлаж, хийнэ гэж бодохгүй байна. ОХУ Монгол орон хоёр эртний уламжлалт харилцаатай. Тиймээс Орост бүтээгдэхүүн гаргахад гаалийн татвар өндөр байдаг. Гаалийн татварыг бид буулгах талаар нэлээд ярьдаг ч дорвитой үр дүн гарахгүй байгаа. Хөрш орондоо хэрхэн ханддаг талаар Си Жиньпин дарга харуулах шиг боллоо. Айлчлалын үеэр Орос руу гаргаж буй барааны гаалийн татварыг бууруулах талаар эргэн харах болов уу гэсэн хүлээлттэй байна. Нөгөө талаар эрс тэс уур амьсгалтай оронд таарах зүйлсийг манай улс багагүй хэмжээгээр үйлдвэрлэдэг. Хивс, ноосон хувцас хэрэглэл, ноолууран бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргах хүсэлтэй байдаг. Харамсалтай нь сайн бүтээгдэхүүнээ бид гаргаж чаддаггүй. Оросын ард түмний хэрэглэчихээр зүйлсийг энэ орны зах зээлд гаргахад боломж нээгдэх болов уу гэж хараад байгаа. 

Улс төрийн хувьд бидэнд ямар нэгэн асуудал байхгүй. Тиймээс хуучны ах дүүгийн найрамдалт харилцааг идэвхжүүлэх байх. ОХУ-ын талаас төмөр замын тал дээр харилцан тохиролцож ирсэн хэлэлцээрүүд бий. Тэр үргэлжлэх болов уу. Нефть, хийн хоолойг Монголын нутгаар дамжуулвал хамаагүй дөт байх тул энэ асуудал яригдах байх гэж бодож байна. Харин хэрхэн хүлээж авахыг нь таах аргагүй. Монгол Оросын харилцааг амьдрал дээр сайжруулчихъя, харилцан визгүй зорчих манай талын саналыг хүлээгээд авах боломж нээгдэх боломжтой. 

-Хятадын дарга айлчлахдаа өөрсдийн нутгаар нүүрсээ өөр оронд нийлүүлэх боломжийг нээж өглөө. Тэгэхээр нарийн царигтай төмөр зам тавигдах боломж хангалттай бүрдчихлээ…

-Манай үе үеийн Засгийн газруудад таагдашгүй нэг зүйл байдаг. Тэр нь бодлогын хувьд шийдсэн мөртлөө тодорхой асуудлуудыг шийдэж болдоггүй зүйл Засгийн газарт байгаад байдаг юм. Хятадын Засгийн газрын 300 сая долларын зээл тусламжийг өмнөх парламент аваад ашиглачих байтал хоёр гурав дахиж Их хурлаар оруулж ирсэн. Эгийн голын усан цахилгаан станц барихад оруулна гээд нэг болохоор бусад салбаруудад хуваарилъя гээд унасан. Сүүлд нь парламент дээр Засгийн газрыг бараг тулгаж байж “Та нар боль л доо. Зээл тусламжаар өгчихсөн мөнгийг хуваарилаад өгчихье” гэж байхав дээ. Засгийн газар дээрээ шийдчих юмыг чинь тэгж чаддаггүй. Сайдууд нь дотроо хагаралдаад байдаг юм уу, ямар нэгэн сайдын мөнгөн дээр ажиллах эрх ашиг хөндөгдөөд байсан тул болдоггүй байсан юм уу бүү мэд. Ерөнхий сайд нь “Боль. Ийм ийм хөгжлийн зүйлд орууллаа” гээд оруулаад ирэхгүй удсан. Сүүлдээ бид шахаж байж 50 тэрбумыг нь төмөр зам, 50 тэрбумыг босоо тэнхлэгийн зам гэх мэтээр хуваарилсан. Амлаад хэлээд өгчихсөн зүйлийг дөрөв таван жил сунжруулдаг. 

Төмөр замын царигийн асуудлыг 2010 онд аль хэдийнэ ярилцлаад шийдээд өгсөн. Засгийн газар харин маргасаар байсан. Тэр нь ч өнөөдрийг хүртэл явж байна. Чойбалсангаар дамжин Сибирь хүрэх төмөр замыг өргөн царигтай байж болно, бусад замуудыг тухайн үед нь оруулж ирээд асуудлаа шийдээд явчихъя гэсэн. Гэтэл бодлого тодорхойлох гэж тав зургаан жил болчихож байгаа юм. Царигийн маргаан бол шал дэмий маргаан шүү дээ. Гашуунсухайтаас Тавантолгой хүрэх зам нь нарийн царигтай л байна биз. Нарийн царигтай төмөр замаа тавина гэж Засгийн газар хоёр гурван жилийн өмнө шийдэх боломж байсан. Ийм байдлаар манай Засгийн газар дээр асуудал их сонин дүр төрхтэй байсаар байдаг. Энэ бол сонирхлын зөрчлүүдийн мөргөлдөөнөөс болоод байна уу гэж боддог. Хаанахын хэний хөрөнгө оруулалт орох вэ гэдэг дээр манай Засгийн газрын гишүүдийн явцуу сонирхлын үүднээс мөргөлддөг. Төмөр замын бодлогын хүрээнд асуудлаа оруулаад шийдэх боломж нь одоо ч нээлттэй байгаа. 

-Сүүлийн үед Их хурлын дарга З.Энхболдыг Ерөнхий сайд болж, МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын дарга болсноор МАНАН-гийн Засгийн газар байгуулагдана гэх боллоо?

-Засгийн газар байгуулагдаад хоёр жил боллоо. Үлдэж байгаа хугацаа хэр билээ. Тиймээс манайхан Засгийн газарт шунаж орохгүй. Улс төрийн бодлогын талаасаа ч тийм ач холбогдол өгөөд байхаар зүйл биш. Эдийн засгийн үр дүнгийн хувьд сөрөг хүчин эдийн засгаа сайжруулах талын шаардлагаа тавиад ажиллана. МАН, АН үлдсэн хугацаанд хамтарч Засаг барина гэж би бодохгүй байна. Ардчилсан намынхан МАХН, Шударга ёс эвсэлтэйгээ хамтран төрөө үргэлжлүүлэн барина биз. Бидний тавьсан шүүмжлэл, шаардлагыг АН-ынхан авч байгаа бол бидэнтэй хамтран ажиллаж байгаагаас ялгаагүй. Харин хүлээж авахгүй бол хамтарсан ч ач холбогдолгүй. Хамтарсан Засгийн газар байгуулна гэж байхгүй ээ. Ардчилсан нам нэгэнт хийж эхэлсэн ажлынхаа үр дүнг үзэх хэрэгтэй. Эхнээсээ бидний үгийг авалгүй бодлогын зүйл дээр хэтэрхий өөрсдийнхөөрөө хандаж ирсэн. Үүний үр дүн нь тун тааруу гарч магадгүй. Гэхдээ ажил эцсийн үр дүнгээр л хэмжигддэг. Одоо ямар вэ гэдгээ ард түмэндээ харуулна биз. 

-Танай намын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах ёстой гэдгийг намын генсек мэдэгдсэн. Одоо заавал ээлжит бус чуулган орох шаардлагатай юу?

-Хоёр орны төрийн тэргүүний айлчлалд улс төрчид төдийгүй манай орны иргэд хүртэл маш чухал ач холбогдол өгч байгаа. Түүнчлэн төрийн бодлогын түвшинд аваад үзвэл хоёр хөрштэй харилцах харилцаанд анхаарал тавих шаардлагатай. Манай орны хөгжлийн ирээдүйд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг шийдэх хэмжээний айлчлалын үеэр ээлжит бус чуулган хуралдуул гэдэг шаардлагаа төдий л их тавихгүй байгаа. Энэ нь ч зөв. Харин айлчлалын дараа ажлын чиг тодорхой болоод ирэхээр болох байх. Харин Засгийн газрын ажиллагааны талаар ярих зүйл бий. Өмнөх парламентын үед их мөнгөтэй болсон нь үнэн. 6-7 их наядын төсөвтэй, асар их хөрөнгө оруулалттай, Оюутолгой эхний ээлжээ ашиглалтад оруулчихсан мөнгөлөг байлаа. Бид арай л их мөнгөөр гараа угаачихав уу даа. Баян хүн хөрөнгөө хамаагүй зарвал ядуурдагтай адил улс ч гэсэн ялгаагүй. Валютын ханш өсч, төгрөгийн ханш унангуут мөнгө нь ховх сорогдож иргэдийн амьдрал ахуй мууддаг. Аж ахуй нэгжүүд нь унаад ирэнгүүт өнөө баян цатгалан байдал алга болж байна. Манайхан зөв бодлого баримтлав уу, яагаад ийм сайхан боломжийг бид алдав. Мөн гаднаас бондоор мөнгө зээлээд авчихсан үед үр дүн хэр байна гээд асуудал бий. Энэ мэтчилэн Засгийн газрын үйл ажиллагааг заавал хэлэлцэх шаардлагатай. Эдгээрийг ээлжит бус чуулганаар яриад байх зүйл биш. Ээлжит чуулган дээрээ нухацтай ярилцаж, хандах нь чухал. 

-Эдийн засгийг идэвхжүүлэх ЭЗЭН 100 хөтөлбөрийн талаар та ямар бодолтой яваа вэ?

-Засгийн газраас 100 хоногийн хугацаанд эдийн засгийг сайжруулах талаар ажиллаж улсын эдийн засаг, нэг салбарын ажлыг сайжруулна гэж байхгүй л дээ. “ЭЗЭН 100” хөтөлбөрийн үр дүнд 120 гаруй сум ойгоо тэмдэглэж өнгөрөх шив. Үнэхээр л эдийн засгаа сэргээе гэж байсан юм бол тэр олон сумын ойг тэмдэглүүлэх шаардлага байсан ч юм уу. Аймгуудын Засаг дарга нарыг нь ханцуй шамлан ажилдаа оруулах байсан юм. Даанч тэгсэнгүй. 

Мэдээж энэ зуны турш Засгийн газар их, бага хэмжээгээр ажилласан болохоор үр дүн байгаа л байх. Түүнээс 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэж байхгүй. Засгийн газрын зүгээс “ЭЗЭН 100” хөтөлбөр гэж зарлангуут түүнд нь хөөрцөглөж, итгэл үнэмшил болгож манайхан ярих юм. Энэ хугацаанд явцын ажлын үр дүн л гарна. Ингэж байхаар хоёр, гурав дахь 100 хоногийн аяныг зарлавал яасан юм. Харин 300 хоног ажилласны дараа ямар үр дүн гарав гэдгийг харах боломжтой. Валютын ханш нэмэгдэж, төгрөгийн ханш энэ хэмжээндээ тогтох байдал ажиглагдаж байна. Монголбанк интервенци хийж байгаа ч гэсэн валютын нөөц дуусахаар яах вэ гэдэг асуудал тулгарна. Өмнө нь бодлогын хүүг бууруулсан байснаа одоо буцаагаад нэмж эхэллээ. 

-Валют орж ирэх найдвар байна уу?

-Хятадын хөрөнгө оруулалтад л ихээхэн найдвар тавьж байх шиг байна. Тэр нь 100 хоногийн ажлын үр дүнд нөлөөлөхгүй биз дээ. Харин цаашдын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой. Тиймээс би л хувьдаа 100 хоногоос үр дүн хүлээхгүй байгаа. “100 хоногийн дотор гайхалтай үр дүнд хүрнэ гэж байхгүй” гэдгийг анхнаас нь л хэллээ. Энэ яахав ээ хүмүүсийн анхаарлыг л хэсэг татах гэсэн зүйл байсан юм. Монголчууд түрхэн зуур хүний анхаарал хандах зүйлд ихээхэн ач холбогдол өгч хошуурах юм даа. 

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ спорт

Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар барилдана

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдана. Хэсгийн барилдаан 13.00 цагаас, шигшээ барилдаан 19,00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатарт холбогдох залилангийн зүйл ангийг хэрэгсэхгүй болгожээ

Тагнуулын Ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарт холбогдох хэргийг АТГ-т шалгаж буй. Түүнийг  Герман улсаас 12 сая евро залилсан, манай улсад хууль бусаар орж ирээд алга болсон ХБНГУ-ын иргэн  М.Л.Клойберийг эрэн сурвалжлах, Германы талд буцаан өгөх ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар шалгаж байгаа юм. Энэ хэрэгтэй прокурор танилцаад Д.Цогтбаатарт холбогдох залилангийн зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эд чадаж байгаа бол бид чадна гэсэн үг

Сүүлийн үед байшин барилга барьдаг хүмүүс олширчээ. Мөн олон аж ахуйн нэгжүүд чиг үүргээ өөрчилж барилгын салбарт  хошуурцгааж байна. Энд алтны “Нинжа”-гаас дутахгүй ашиг байгаа учраас тэр. Тэгээд ч мужаан, дархан хийх нь тийм муухай ажил бишээс гадна барилгажилт ойр мөддөө барж идэхээргүй эрэлт хэрэгцээг нэхэх боллоо. Хөгжиж байгаа Монгол оронд төдийгүй дэлхий даяар хашаа байшингаа шинэчлэх бүтээн байгуулалт өрнөн кран сэрийлдсэн дүр төрх эртний хотуудыг ч тайван байлгахаа больсон байна. Дэлхийн хүн амын эрс өсөлт хотжилт хоёр давхцаад хаа сайгүй шинэ тохижуулалт тохиргоо хийх шаардлага гарчээ. Зарим хуучин хотыг хусч байгаад шинээр байшин гудамж гаргахаас ч өөр аргагүй болсон гэнэ.

Улс төрчдийн амлалт, банкны зээл, шинжлэх ухааныхны практикт  амжилт олох хамгийн хурдан боломжтой талбар нь барилгын салбар болоод ирсэн чинь энд өнөөдөр банз хаддаг хадаас хүртэл  шал өөр болон хөгжлийн үр хаялгыг хүртэж. Цаагуур гадаад ертөнц ялангуяа хөрш Хятад гүрэн тэр аяараа нүргэлэн тариа  ногооноосоо илүү барилгын эринд амьдарцгаах болов.

Ухаантай толгойнууд, нөлөө бүхий салбаруудыг татаж чадвал ямар их ач холбогдол, үр дүн гардаг сонгодог жишээ өнөөдөр их барилгажилтад тод харагдаж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө орон сууц барих гэж язганадаг байсан олон хүн,  гар ажиллагаануудыг дор нь халж хялбарчлан улам чанаржуулан мужааны алх, гар хөрөө, шавар зөөдөг “насийлк” аль хэдийнэ үеэ өнгөрөөжээ.

Сая саяар нь мөнгийг уутлаад буй яруу алдарт барилгачдын амьдралын зах зухыг өнгөрөгч зун хажуунаас нь харж үзсэнээ магтаж муулалгүй бичвэл уншигчдад сонин бас хэрэгтэй ч юм билүү гэсэн санаа төрсөн юм.

Сонин дээрх “Канад өвөл зуны дүнзэн байшинг мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр…” гэсэн зарын дагуу утас цохилоо. Ямар ч байсан “Хэрэглэгч та хаан” гэдгийг хэлж мэдэх хэмжээний уриалгахан менежэр, боссууд өөрсдөө гүйгээд  ирж байна. Ингээд гучин саяд багтаагаад мансард ороод хоёр давхар хаусархуу маягийн өвөл зуны дүнзэн байшинг хотоос 160 км зайд хоёроос гурван долоо хоногийн дотор угсраад түлхүүр гардуулахаар тохирлоо. Энэ хугацаанд өөр иймээ тиймээ яриа буцаа шалтаг тоочихгүй. Энэ альбом дээр байгаа фото зурагнууд шиг байшин шүү дээ…

 Материалаа худалдаж авах гарааны мөнгө гээд арван саяыг бусдыг нь явц дундуур цувуулж өгөх юм байна. Тэрнийгээ тоолох ч үгүй авч хармаалаад наадмын маргааш  бүх юмаа ачаад очно гээд гарч одов. Болзсон өдөр төв замаас салдаг дээр мод ачсан том машин, гэр бараагаа ачаалсан портер бүхий ажилчдын бригад хэлсэн ярьснаараа ирцгээв. Канад дүнз гэхээр ямар гээч лаг мод байдаг бол, орос дүнзийг бол вагон дээр ачаад Хятад руу зөөж явааг харсан. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг гоё бөөрөнхий моднуудыг ачааны галт тэргээр урагш тээж яваа харагддаг. Харин манай барих байшингийн “канад мод” тийм биш айлын малын хуучин пингийн дээвэр хуулаад ирчихэв үү гэмээр зузаахан зах банзнууд ачжээ. Бүр өгөрч хөхрөөд зарим нь ялзарчихсан ч байх шиг.

…Зүгээрээ ах аа. Дараа нь янзын гоё зүлгэчихээр яг канад дүнз болчихдог юм. Харин ч зузаан дүнзтэй таарсан шүү гэж тайтгаруулав. Байгаль орчны хууль чангарч нойтон мод хот руу оруулахаа болихоор модны хулгайч нар аргаа өөрчилж ууланд нь юм уу гэрийнхээ гадаа торхоо угсраад хуучруулчихдаг аж. Манай мод гэхэд л хотын хойд зуслангийн нэг амнаас хямдхан авсан гэсэн. Шаргаморьтын эх юм уу Хандгайтад хийсэн ч байж магадгүй. Тэгээд хуучин хашаа байшин зөөж байгаа мэт гэмгүй царайлан 22-ын товчоогоор орж гарахад хэн юу хэлэх юм. Уулын мухрын ой энэ мэтээр улам л сүйдээд байгаа болохоос хамгаалалт аль хэдийнэ алдагджээ. Ойн яам татан буугдаад байгаль хамгаалах яам байгуулсны гор ингэж гарч байна даа. Хямдхан авсаархан моторт хөрөө, торх угсардаг ухдаг бусад жижиг, дунд үйлдвэрийн янз бүрийн өчнөөн хөөрхөн багажнууд урд хөршид байдгийг олж ирээд эзгүй хөвчид хэдүүлхнээ гараад биеийн ядаргаагүй техникээр зодон яах ийхийн зуургүй ажлаа амжуулчихдаг гэнэ шүү. Тэгээд хууль чангарсан, мод үнэд орсон тул  төдөн сая гээд харин ч бүр завшаантай юм болсон байна. Ийм сайхан шанстай, эрэлт ихтэй, алт ухахаас дутахгүй олзны сургаар олон хүн ажлаасаа гарч модчин, барилгачин болжээ.

Канад байшин барьдаг мэргэжлийн өндөр түвшинтэй хүмүүстэйгээ танилцлаа. Манай байшинг барих бригадын бүрэлдэхүүн гэвэл ноднин цэргээс халагдсан гэх хүү, энэ жил долоод орно гэсэн хурдны морь унаснаа ярихаас өөр шидгүй пацаан, нас тавь гарч яваа малчин эр, аа бас тогооч гээд энэ хавар арав төгссөн охин. “Анхны алхам” кинон дээр гардаг хадланчин өвгөд бол эдний дэргэд ёстой жинхэнэ мэргэжлийн бригад байхгүй юу.

Босс руу нь утас цохиж хэл ам хийлээ. …Зүгээрээ  ахаа. Наадуул чинь олон байшин барьсан туршлагатай хүмүүс, янзын гоё барина. Харж л байгаарай. Үгүй тэгээд дараа нь худлаа гэхийн аргагүй юм.  Яагаад гэхээр одоо цагт байшин барих нь ерөөсөө ядаж цөхөх юмгүй, доширакийг хэрхэн хоол болгох дайны  ур ухаан шаардсан ажил байж уу.  Нэг удаа тог тасраад мод гар хөрөөгөөр тайрах болсон чинь бригад дотор тэгшхэн хөрөөдчих хэмжээний гарын эв дүйтэй мужаан байхгүй мурий сарий огточоод ёстой тараа таниулав. Тэгэхнээ зайлуул хөдөө Булганы төв дээр уурын зуухны галч хийж байсан, зун хийх ажилгүй болчихоод садангаа бараадаж халтуур хийж яваа “Би чадна”-чуудын өрөөсөн аж. Ямар элэнцэгнийх нь өндөр мэргэжилтэн. Канад гэж улс уу модны нэр үү гэдгийг хариулж чадаагүй шүү.

За хэдүүлээ нөгөөдөр бороо орохоос өмнө туургаа босгоод дээврээ хийчихье гээд шууд ухасхийж байна. Хажуунаас нь хошуу нэмж “Эхлээд хундаамаа цутгах энэ тэр гээд дэс дараа байдаггүй юм уу? Та нарын яриагаар бол хоёр хоногийн дотор дээвэр дээрээ тултлаа ажиллана гэдэг чинь бараг байшингаа барьчих нь ээ!” Ингээд дарга цэрэггүй хоолоо хам хум идээд  дүнзнүүдээ ноймероор нь хөөгөөд гэрийн хана дугуйлахаас арай урт хугацаанд дөрвөн туурга босоод ирэв. Модны хооронд цагаан хөөс шүршин хадаж бэхлэх, завсар зай бөглөх асуудлыг хамтад нь шийдчихлээ. Тэгээд маргааш нь  зузаан банзаар хэдэн “А” нуруу хийгээд дээврээ хучиж орхив.

“Дружба” хөрөө ёнги­нуулан өрсөн дүнзнүүдийг тас хярган дотор нь бэлэн ачиж ирсэн вакуум цонх, бүргэд хаалгаа чихэж оруулаад нөгөө хөөсөө цацлаа. Хайрга жаахан цемэнттэй хольж зууран түр хашлага хийж байгаад сууриа сүүлд нь цутгаад авав. Тэр хавьд ухаж гаргасан шороо чулуунуудыг шаллах газраа дүүртэл асгаад гурван хуруу хэрээтэй зузаан хайргатай цементээр бетондон дээр нь пракет хэмээх цаасан шал угсарна. 

Барилгачин мужаан нарт “Кен” хэмээх тасдах, хөрөөдөх зориулалттай цахилгаанаар ажилладаг сахлын машин шиг бичил багаж бүх юманд нь хэрэг болно. Скоч тэр хоёргүй өмнө нь яаж болж байсан юм бол. Нөгөө өгөр дүнзний гадаргыг “кээн”-ээрээ хоёр өдөр илээд л юу ч үгүй точилдон цоо шинэ болгочиж байна шүү. 

Бас нэг цахилгаан үдээсний машиныг хий хураадаг баллонтой хавсран тусгай хадаасаар цэнэглэж байгаад юу л бол юуг ганц гох дараад л нам хадаж орхино. Модыг төмөртэй хүртэл нийлүүлээд хадчих юм.

Эрээнээс татаад “Зуун айл” дээр зарж буй эдгээр орчин үеийн багажнууд хамгийн үнэтэй нь л  100 мянга орчим. Манай нөхдүүд болохоор түүнээс хямдхан хулхийг нь аваад янз бүрээр додомдон тог цахилгааны бөөн масс үүсгэн монголчилжээ. Байсгээд л нөгөө багаж нь хиншүү хангинуулан шатаж эвдрэх ба түүнтэйгээ ноцолдон өдрийг барна. Цахилгаан багажнуудын буянаар булчин ажиллах шаардлагагүй болсон ч түүний өдөр турш чарлах дуу чимээ ба гарч буй үртэс тортог нь найгүй. Дээр нь янз бүрийн эвгүй үнэртэй будаг шунх лаак хангинаад л. Өөрийгөө хамгаалсан маск, чихэвч малгай ч байхгүй ажилчид цөмөөрөө найтаалган бүгшүүлэн ханиацгаана. Мөн чих нь дүлийрч, нүд нь час улайн бүлцийжээ. Том барилга дээр ажиллагсад ингээд л осол аваар гаргаж, ужиг өвчинд баригддаг нь харваас илт байв. Ажил хурдан бүтэж амар хялбар болсон ч хариуд нь урьд цагийн амар тайван орчин, уран барилгын гоо сайхан, урлаг нь ор мөргүй арилжээ. Дарх, мужаан оролддог өвөө ажаагийн үед ашиг олохоосоо илүү тэр гуайн хийсэн эмээл хазаар, авдар, орон гэр гэсэн нэр төрөндөө илүү анхаардаг байв. Нутаг усныхан гарын уртай цөөн хэдэн өвгөчүүлээ эвдэрч хэмхэрсэн эд зүйлээр дарж, үнэгүй засуулан “за”-гийн өрөнд хийж залхааж орхидогсон.

Орчин цагийн орон сууцны үнэ ханш нь ашигтай байрлал, чанартай материал хоёртоо л байдаг болов уу. Өмнө нь сайтар төлөвлөж бэлтгэлээ базааж байгаад дөрвүүл тавуулаа наадмын таван өдрийн амралтаараа энэ олон саяын үнэтэй олон өрөөтэй орон сууцыг эднээс дутахгүй барьчих боломж харагдаад байх юм. Чанартай материалд зардал хайрлахгүй хаяад нөгөө урьдчилгаа гучин хувийн мөнгөөрөө л хүссэн орон сууцаа өөрөө барьчихмаар багцаа тооцоо гардаг. Өөрсдийгөө цалинжуулах, шулна гэж байх биш газраа л  шударгаар олоод авчихвал орон сууц төдийгүй хаус шилтгээнүүдийг хүссэн зургаараа барих бүх боломжийг зах дээр зарж байна. Даанч орчин үеийн залуучууд биеийн хүч, оюун ухаан хоёроо дайчилж юм бүтээж үзээгүй, тэр талаар харанхуй хариуцлагагүй боловсорсон.

Зах зээлээс өмнө гэр бүлийнхэн голдуу өөрсдөө орон байраа бэлддэг уламжлалтай байсан. Одооных шиг ийм сайхан материал багаж байсан бол ямар газаргүй гэх биш хойч үедээ өвлүүлэх олон сайхан хаус босгочихсон, орон сууц проблем биш байх байхгүй юу. 

Шууд түлхүүр гардуулна гэж барилгынхан тэвдүү хэлээд байгаагийн цаана их олон учир байна. Хийж ядах юмгүй ажиллагаа бүхий бизнесийг нь мэдчих вий гэсэн болгоомжлол, материалын  өртгөө хэмнэж далдлах юм их тул үйлчлүүлэгчдэдээ юу хийж байгаагаа үзүүлэх тун дургүй. Үйлчлүүлэгч нь ч гэсэн бас нэг таарсан амьтан  амьдралаас тасархай юм шаардах буюу асуугаад яршиг төвөг уддаг бололтой. Дээврийн хонгилын А нурууг тавьж байхад нь захиалагч хүүхэн ирж таараад зүлгээд буд гэсэн байгаа юм. Би ирээгүй бол энэ чигээр нь тавих нь ээ гэж баахан аашилж. Тэгснээ дээвэр хадаад дууссан хойно шал дэмий илүү юм хийлгэснээ сая анзаарсан ч мөн л өөртөө буруу үл халдаан хангинасан байх жишээтэй.

70,80-аад оны үед юм мэдэхгүй бас ховроос болоод жинс өмдийг идэшний шараар авдаг байлаа. Тэр нь орги биш хуурамч шүү. Оросын ямбий суудлын автомашиныг төө соруултай гаанс, хаш хөөргөө өгч авчихаад “Гочоо минь ээ хө…” гээд дуулаад давхиж явдаг бол үнэн юм.   Одоо солонгос “эксел”-ийг дөрөв таван зуун саяын хөөрөг гаансаар солих уу. Яг үүн шиг орон сууцны барилга бодит бишийг нүдээр харлаа. Энэ салбар руу манай бохир улс төр, луйварчин бизнесмэнүүд, залхуу халтуурчингууд бэлчээрийн даац хэтрүүлэн орж ирж шавцгаагаад монополь тогтоон үнийг нь хаданд гаргажээ. Эдний заль мэх, үг хэл нь гүйцэгдэхгүй. Хэрэглэгч та хаан гэж уяртал панаалдаж клиентээ олж олж аваад гучин хувийн урьдчилгаагаа салгаж авсны маргаашаас эхлэн зангаа хувирган гоншгоноод эхэлнэ. Одоо эргэж буцахаасаа өнгөрсөн гэдгийг сайн мэднэ. Ядахад төр засаг хүртэл худлаа шоудаад Хөтөл шинэ үйлдвэртэй болчихлоо гээд тууз хайчлаад байсан. Тэгвэл энэ зунжингаа Эрээнээс зөөдөг цементийн үнэ тасралтгүй нэмэгдэн гүний гааль дээр вагоноос газар буулгалгүй булаалцалдан авцгаасан даа. Зурагт үзсэн хэнд ч гэсэн цемент навс хямдрах нь ойлгомжтой атал амьдрал дээр яагаад тийм биш байсан юм бол.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүнээрээ л байя

Улс төрд орохоосоо өмнө давгүй бизнес эрхлээд бусадтай эвтэйхэн харьцдаг байсан нэгний тухай  танил минь хуучилсан юм. Ахмад хүмүүс түүнийг сайн хүү гэж магтаж, үеийнхэн нь сайн залуу хэмээн итгэдэг байж. Яагаад өнгөрсөн цаг дээр яриад байна гэхээр тэр УИХ-д нэр дэвшээд танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Улс төрд ороод тэр ингэтлээ өөрчлөгдөв үү. Танилын маань мэдэх тэр нэгэн залуу гэлтгүй бидний анзаарахад ч тийм хүмүүс олон болж.  Хүнийг танья гэвэл эрх мэдэл, эд хөрөнгө өгөөд үз гэж нэг үг бий. Оргүй үг биш бололтой.

Олон залуус улс төр лүү хошуурах болсон энэ цагт хүнийг танихгүй болгодог, эсвэл өөрөө өөрийгөө танихаа байчихдаг тэр зүйл рүү тэгтлээ тэмүүлэх хэрэг байна уу гэж асуумаар. Заавал улс төр гэлтгүй ээ, өмнө нь энгийн сайхан залуу байснаа арай дөнгүүрхэн алба хашаад, амьдрал нь өмнөхөөсөө дээрдээд ирэхээр өөрийгөө ч танихаа байчихдаг хүмүүс олон болж. Хүн хүнээрээ байх л сайхан. Эхийн хэвлийгээс  хүний жам ёсоор төрж, хүнд ирдэг зовлон жаргал хэнийг ч тойрдоггүй. Нэг л амьдрах хорвоо. Яаж  ч амьдралаа гэсэн хүнээрээ л байцгаая. Албан тушаал, мөнгөтэй байлаа гээд  мөнхийн шидийг олох биш дээ. Өөрийгөө ч танихгүй хүмүүс дэндүү олширвол өргөн хорвоог яаж туулах билээ. 

Д.МӨНГӨНДАЛАЙ  

Categories
мэдээ

Өнөөдөр цагаан морь өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 27. Буд гариг. Билгийн тооллын 2. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн наран 06.09 цагт мандаж 19.46 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар өнөөдөр шөнө хөрсөн дээр 0-2 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Энэ сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 27-нд зарим газраар, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн зүгийн ихэнх нутгаар, 30-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. 

Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28, 29-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэх юм байна.

Categories
мэдээ спорт

Монголын дөрвөн жүдоч тэмцээнээ дуусгалаа

ОХУ-ын Челябинск хотод жүдогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм цол хүртэж монголын жүдочдын салхийг хагалсан.Тэгвэл хоёр дахь өдөр эмэгтэй  хасах 52кг, эрэгтэй хасах 66кг жингийн барилдаанууд явагдаж манай улсаас тус бүр хоёр, хоёр тамирчин зодоглолоо. Хасах 52 кг-ийн жинд зодоглосон М.Бундмаа эхний барилдаандаа гоц мөргөж дараагийн барилдаанд Израйлын бөх Рони Шварцтай барилдаж юко үнэлгээр ялалт байгуулж улмаар Маялинда Кэлмэндитэй учраа таарч барилдахдаа гурав торгуульж ялагдан тэмцээнийг орхилоо. Харин “С” хэсэгт барилдсан А.Цолмон эхний барилдаанд  Унгарын бөх Барбара Маросыг ялж, дараагийн барилдаанд мөн Израйлын бөх Гили Коэнг буулган авав. Ингээд  гурав дахь барилдаанаа Хятадын бөх Ма Иньнантай хийж ялагдсан байна. Харин  хасах 66 кг-ын жинд зодоглосон Д.Төмөрхүлэг “D” хэсгийг тэргүүлэн хэсгийн эхний барилдаандаа гоц мөргөж хоёр дахь барилдаандаа Канадын бөх Энтони Боучардыг ялж,  Германы бөх Себастиан Сиэдлтэй учраа таарч мөн буулган авсан. Ингээд дөрөв дэх барилдаанд Хятадын бөх Ма учраа таарч даралтаар цэвэр ялагдаж тэмцээнийг дуусгав. Мөн энэ жингийн “В” хэсэгт зодоглосон А.Батсуурь эхний барилдаанд гоц мөргөж, хоёр дахь барилдаандаа Перу улсын бөх Алонзо Вонгыг буулган авч, дараагийн барилдаанд Шинэ Зеландын бөх Алекс Бишоптыг давав. Гэвч дөрөв дэх барилдаанаа Украйны бөх дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Европийн аварга, дэлхийн чансааны №5 Григорий Зантариатай хийж цэвэр ялагдлаа. Ийн манай улсын дөрвөн бөх тэмцээнийг дуусгалаа. 

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

“Нүүрс хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхийг хүсэв

 “Шинэ зуун” ТББ-аас “Нүүрс хөтөлбөр”-ийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж  өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хоёр жил нүүрс хөтөлбөр хэрэгжиж гэр хорооллын иргэд 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр авч байв. Энэ нь амьжиргааны төвшин доогуур өрхөд таатай байсан гэнэ. Мөн нүүрс борлуулагчаар нийслэлийн хэмжээнд 170 гаруй хүн ажиллажээ. Тэднээс цөөнгүй нь насаар ялгаварлагдан ажилд орж чаддаггүй иргэд байсан аж. Тэд жолооч, ачигчаар ажиллаад орлоготой өвөлждөг байжээ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 35 дугаар цэгийн борлуулагч В.Сувдаагаас дараах тодруулгыг хийлээ.

-Та борлуулагчаар хэдэн жил ажиллаж байгаа вэ. “Нүүрс хөтөлбөр”-т иргэд хэр сэтгэл өндөр байдаг бол?

-Борлуулагчаар ажиллаад 2 жил болж байна. “Нүүрс хөтөлбөр” өгөөжөө өгсөн гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа. Энэ жил хэрэглээ нь илүү нэмэгдсэн. Танай нүүрс хямд, арвин, хоггүй байдаг гээд сураглаад ирдэг байсан.  Нэг шуудай нь 3200 төгрөгийн үнэтэй, 1600 төгрөгөөр үнэлэгддэг нүүрстэй жишихэд үнэ нь хоёр дахин их ч гэлээ хэмжээ нь их. Дулаахан өвөлжлөө л гэж иргэд ам сайтай байсан.  Би сарын 900 мянган төгрөгийн цалин авдаг, нүүрс борлуулахаар. Бидэнд энэ хэмжээний цалин өгч ажиллуулах газар хаа ч байхгүй. Тээвэрлэж ирсэн нүүрсийг хүлээж авна, шигшиж шуудайлна. Хэн, хэндээ хэрэгтэй хөтөлбөрийг энэ жил дахиад үргэлжлүүлмээр л байгаа юм.

А.Жасрай: Нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан

(Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэгт нүүрс борлуулагч А.Жасрай)

-Таныг Авлигатай тэмцэх газраас шалгасан гэж сонслоо. Чухам ямар асуудлаар шалгасан юм бэ?

-Би ойлгохгүй байгаа, нүүрс борлуулсныхаа төлөө АТГ-т байцаагдсан. Авлига өгсөн гээд байгаа юм уу, авсан гээд байгаа юм уу, бүү мэд. Ямар ч байсан хоёр удаа дуудаж асуусан. Тэтгэврийн хөгшин гэрт зүгээр сууж байхаар гээд төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж ажилласан. Үүнийхээ төлөө хөгширсөн хойноо цагдаа, сэргийлэх гээд явах болж байх шиг. Уг нь сард 900 мянган төгрөг хэн надад өгөх билээ. Өдөрт хэдэн машин нүүрс авсан, хэдэн шуудай болсон, хэдэн төгрөгийн орлого орсон нь бүгд баримттай байгаа. Тийм болохоор айж, эмээх зүйл алга.

-Багануураас нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр үнэлж авчихаад 80 мянган төгрөгөөр үнэлж зарж байгаа нь илүү ашиг олоод байгаа гэх хардлагыг төрүүлээд байх шиг?

-Тийм ээ,  цаанаасаа 27500 төгрөгөөр авдаг гэж байсан. Гэхдээ тээвэрлэлт, бусад зардлууд бий шүү дээ,  энэ бүхэн нь үнэдээ шингээдэг нь бизнесийн бичигдээгүй хууль. Үүнийг хүн бүр мэднэ. Тэгэхээр дор хаяж 800 гаруй хүний цалин гээд тооцвол гарах зардал их бий. Энэ бол миний л бодож байгаа зүйл.

Categories
мэдээ нийгэм

Япон машин авбал үүнийг заавал шалгаарай

Аукционы хуудас

Япон автомашинтай цуг ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ зэргийг эндээс харах боломжтой.Японы аукционууд дээр өдөр бүр хэдэн зуу, мянган автомашин зарагддаг тул авч байгаа дилер бүх машинаа нэг бүрчлэн үзэж амжихгүй нь ойлгомжтой. Иймээс тэд уг хуудсан дээрх мэдээлэлд үндэслэн сонголтоо хийдэг.Энэ хуудсыг бүрдүүлдэг япон мэргэжилтнүүд үүнд маш хариуцлагатай, бодитоор хандахыг хичээдэг байна. Хэрэв үндэслэлгүйгээр үнэлгээг өсгөлөө гэхэд уг мэргэжилтэн ичгүүртэйгээр ажлаасаа халагдах, тухайн аукцион лицензээ хураалгах зэрэг эрсдэл хүлээж байдаг тул тэд ингэж давслахгүйгээр барахгүй харин ч бага зэрэг дарсан үнэлгээ тавих нь их.

Тэгвэл бид энэ хуудсан дээрх мэдээллийг (xарамсалтай нь энэ нь зөвхөн япон хэл дээр, дүрс үсгээр бичигддэг) тайлж уншаад сурчихвал наад зах нь худалдаж авах унаагаа баримжаагаар аз туршин сонгохгүй болно.

Ихэнх аукцион өөр өөрийн үнэлгээний системтэй байдаг учраас тодорхой хүндрэл бий. Гэхдээ үндсэндээ 5, 6 баллын систем ашигладаг.

Дараах хуудсыг жишээ болгож үзье.

 

Хуудсыг тайлбарлахад хялбар болгохын тулд хэд хэд хуваасан.

 

1 – багцын дугаар

2 – автомашины түүх: Хувь хүний эзэмшилд байсан, түрээсэнд байсан, эсвэл өөр байдлаар ашиглаж байсныг тодорхойлдог. Энэ тохиолдолд хувь хүн эзэмшиж байсныг заасан бичиглэл байна.

3 – хөдөлгүүрийн багтаамж; сантиметр куб-ээр

4 – кузовын төрөл

5 – аукционы үнэлгээ.

Үүнд:

• S, 6- Дээд оноо. Шинэ автомашин

• 5- 25 000 хүртэлх гүйлттэй автомашин

• 4.5- Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой

• 4- Сайн машин, Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно

• 3.5- Бага зэргийн сэв, хонхор, зураастай, Зарим эд анги солих, салон цэвэрлэх шаардлагатай

• 3- Нэлээд сэв, хонхор, зураастай, кузов засуулах шаардлагатай, салон толботой, бохир, тамхины галд түлэгдсэн эсвэл эдгээр дефект байхгүй ч 110 мянгаас дээш явсан машинд энэ оноог тавьдаг

• 2- Дээрхтэй адил боловч илүү дефекттэй эсвэл их гүйлттэй

• 1- Техникийн хувьд муу машин-усанд авахуулсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон

• 0, А- Осолд орсон ч сайн сэргээсэн, Үндсэн эд ангиудад гар хүрээгүй

• R- Осолд орж засагдсан машин

6 – Салоны үнэлгээ

Салоныг үнэлэхдээ латин үсэг ашигладаг.

А- өөгүй салон

В- бага зэргийн бохирдолтой

С- бага зэргийн бохирдол толботой, тамхины галд энд тэндээ түлэгдсэн

D- Бохирдол, толбо ихтэй, тамхинд их түлэгдсэн

7- Модель (манай тохиолдолд RVR байна), Кузовын төрөл буюу хаалганы тоо (манай жишээнд 4), Загвар (энэ жишээнд Спорт загвар гэж катаганагаар бичсэн байна) Эдгээрийг зүүнээс баруун тийш бичдэг

8- Үйлдвэрлэсэн оныг Японы он тооллоор бичнэ. Япон тооллын он дээр 88-ыг нэмэхэд манайтай таарна. Дээрхи жишээнд 8 гэж байгаа нь 1996 он гэсэн үг.

 

1 – сякэн гэж нэрлэгдэх ээлжит техникийн үзлэгийн хүчинтэй хугацаа дуусах он сар. Манай тохиолдолд 2005 оны 7 сард дуусахаар байна.(17 оны 7 сар)

2 – Гүйлт.км-ээр юм уу милиэр өгөгдөнө

3 – өнгө. Хэрэв дахиж будаганд орсон байвал сум заагаад шинэ өнгийг бичнэ.

4 – өнгөний код

5 – түлшний төрөл. Энд “бензин”гэсэн байна

6 – салоны өнгө

7 – ашиглалтын хугаа

8 – Дилерийн багана. Энд тэмдэглэл байвал уг автомашин дилерээр дамжиж зарагдсан гэсэн үг

9 – Жолооны байрлал. Эхний дүрс бичиг баруун талдаа, нөгөө нь зүүн талдаа жолоотойг илэрхийлж байна.

 

1 –Трансмиссийн төрөл. Энэ нь трансмиссийн төрлөөс гадна хөшүүрэг нь хаанаа байрласан болохыг заана. Энэ жишээнд шалан дээр байрласан хөшүүрэгтэй автомат трансмисс байна. Бусад кодыг энд оруулсангүй

2 – Кондиционер. AC- энгийн кондиционер, AAC – автомат кондиционер

3 – техник үйлчилгээний журнал байгаа эсэхийг энд заана. Энд бичиглэл хийгээгүй бол ийм журнал байхгүй гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд дээрх ГҮЙЛТ гэсэн нүдэнд анхаарлын тэмдэг тавьдаг

4 – Энэ хуудасны үйлчлэх хугацаа

 

1 – нэмэлт тоноглол

SR – люк

AW – хайлшин обуд

PS – гидро хүчлүүр

PW – цахилгаан шил өргөгч

TV – телевизор

LS – арьсан суудал

Зарим тэмдэглэгээг катаганагаар өгнө. Жишээ нь манай RVR хайлшин обудтай, жолооны хүчлүүртэй, аюулгүйн дэртэй, шил өргөгчтэй гэсэн байна.

2 – дээр оруулаагүй тоноглолуудыг бичнэ.

 

1 –суудлын тоо

2 – суудлын нийт тоо

3 – энэ хэсэгт үзлэг хийсэн эксперт уг автомашины талаархи өөрийн тайлбарыг бичнэ

4 – дээрхтэй ижил гэхдээ энд зөвхөн сөрөг талыг бичнэ

5 – кузовын дэлгэмэл схем дээр дефектийг заасан байдаг.

A, B – зураас

E буюу U – хонхор

S -зэв

Y – цоорхой

W, P – будаг ховхорсон

X – солих шаардлагатай эд анги

XX – солигдсон эд анги

Энэ үсэгнүүдийн ард тоо нэмж тавиад дефектийн зэрэглэлийг илүү тодорхой болгодог.

6. дугуйны техникийн байдал

 

1 – энэ хэсэгт тухайн автомашины худалдагдсан багцын бүлгийг оруулна. Японд автомашиныг бүлгээр худалддаг. Жишээ нь “нэг эзэмшигчтэй”, “устгах шаардлагатай”, “сэргээсэн” гэх мэт. Энд “рабито майка” – гэсэн байна. Японд хямд үнэтэй, хурдан борлогддог, техникийн хувьд сайнаараа машиныг ингэж нэрлэдэг.

2 – машины улсын бүртгэлийн дугаар

3 – кузовын дугаар