Categories
мэдээ нийгэм

Хэнийг хуурсан спорт цогцолбор баригдаж байна вэ

Сүүлийн жилүүдэд манай
оронд барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Үүний үрээр нийслэл хот маань ч
өнгө засч байгаа билээ. Тэгвэл Хан-Уул дүүрэгт ийм нэгэн спорт цогцолборын
барилга сүндэрлэж байгаад иргэд дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Эдийн засаг
хүндхэн байгаа ч ийм барилга барина гэж арай тендерт ороогүй баймаар.

Э.БОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажиа гэгээний эмнэлгийн нээлт боллоо

Цусны хорт хавдрын өвчтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг өнөөдөр үүдээ нээлээ. Эл эмнэлгийг АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачилгаар барьж байгаа юм. Ингэснээр өнөөдөр “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ээ хүлээлгэн өгч байгаа юм. 2012 оноос ЭХЭМҮТ-ийн дэргэд цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг баригдаж эхэлсэн бөгөөд эмнэлэг бүхэлдээ сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар боссон тухай нээлтийн үеэр онцоллоо. “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм байна.  ЭНЭШТ-ийн хяналтад одоогоор  цусны хорт хавдартай  гэсэн оноштой 700 гаруй хүүхэд байгаа аж. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өсчээ. 

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн асуудлыг шийдэх ганц арга нь хүүхэд харах үйлчилгээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хүүхэд харах үйлчилгээ, бичил цэцэрлэг бий болгох асуудлыг  хуульчилж дэмжье хэмээн уриалсан.   Түрүү жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө  мөрийн хөтөлбөртөө энэ тухай тусгасан юм.  Тодруулбал, хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр хардаг болъё.  2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулъя. Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоё гэдэг санаачилгыг дэвшүүлсэн. Түүний санаачилгын дагуу Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын эмэгтэй гишүүд боловсруулан өргөн барьсан гэх боловч өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцсэнгүй. Хүүхдээ хөтөлсөн эцэг, эхчүүд цэцэрлэг болгоны гадаа хэдэн хоногоор өдөр, шөнөгүй дугаарлан зогсдог үзэгдэл энэ намар давтагдсан хэвээрээ. Уг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ баталчихсан бол энэ жилээс эхлэн эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй зовлонд унахгүй байлаа. Тиймээс энэ цагт уг сэдвээр УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонирхлоо. 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: Цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ 

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл танай  байнгын хороогоор хэлэлцэгдэх байх. Энэ төсөл юу болсон бэ?

-УИХ-ын гишүүд наад хуулийн төслийг чинь өргөн барих гэсэн боловч эргүүлэн татсан шүү дээ. Одоо Засгийн газраас өргөн барихаар зэхэж байгаа. Хэрэв Засгийн газар өргөн барьчих юм бол УИХ-аар хэлэлцээд даруй батлах бүрэн боломжтой шүү дээ.

-Яагаад Засгийн газраас өргөн бариулж байгаа юм бэ. Ингэж цаг хугацаа алдах хэрэг юунд байсан юм бол?

-Мөнгө төгрөгтэй холбоотой учраас Засгийн газраас өргөн бариулж байгаа юм. Наад хуулийн төсөл чинь эцсийн байдлаар манай байнгын хороон дээр орж ирээгүй. Хэрэв Засгийн газар яаралтай өргөн барьчих юм бол энэ намрын чуулганаар төслийг баталчих байх гэж бодож байна. 

-Ерөнхийлөгчийн болоод УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл зэргийг нэгтгэчихсэн гэсэн үг үү?

-Ер нь нэгтгэчихсэн бөөндөө л явж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилснаар гэдэг байдлаар орж ирэх болов уу. Гишүүд бол цөм дэмжиж байгаа шүү дээ. 

-Энэ хуулийг яаралтай гаргахгүй бол цэцэрлэгийн асуудал үнэхээр хүнд болжээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Маргааш (Өнөөдөр) манай байнгын хороо Төсвийн байнгын хороотой хамтраад нийслэлийн цэцэрлэгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн боловсролын газрын дарга ирж мэдээлэл өгнө. Энэ үеэр цэцэрлэгтэй холбоотой бүх асуудлыг тал талаас нь ярина. Ирэх жил ямар арга хэмжээ авахыг ч хэлэлцэнэ. Иргэдийн зүгээс ч УИХ-д цэцэрлэгийн талаар нэлээд гомдол, санал ирж байгаа. Үүний дагуу ярина. Нэгэнт манай улс цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулж чадахгүйгээс цааш Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг даруй батлах шаардлагатай. Тэгсэн тохиолдолд сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг асуудал эрс багасна.  

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй шүү дээ

-Намар бүрийн өдийд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд хонон өнжин дугаарладаг үзэгдэл хэвшил болчихжээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Монголын төр засаг бүх хүүхдээ цэцэрлэгээр хангаж чадахгүй байна. Тиймээс энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг цаг үе нь шаардаад байна л даа. Цэцэрлэг гэдэг бол төрийн нуруун дээр байх ачаа биш. Хувийн хэвшлийнхэн энэ салбарыг авч явах хэрэгтэй. Харин төр дэмжих л ёстой юм. 

-Уг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталчихсан бол энэ асуудлыг төвөггүй цэгцэлчих байсан байх?

-Монголчууд хэзээнээсээ хүүхдээ гэртээ өсгөж, хүмүүжүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Тиймээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг яаралтай батлах л хэрэгтэй. Миний хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. 

-Ерөнхийлөгчийг ийм санаачилга гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. Гэвч  УИХ-аар шийдэгдэхгүй юм?

-Харин тийм ээ. Уул уурхай, ашигт малтмал зэрэг их хэмжээний мөнгө харагдсан зүйл рүү  бид анхаарлаа илүү хандуулаад байх юм. Уг нь нийгэмд тулгамдаад байгаа зүйл нь цэцэрлэг учраас энэ салбарт үүссэн  хүндрэлтэй нөхцөл байдлыг даруй шийдээд яваасай гэж хувь гишүүнийхээ хувьд бодож байна. Хүүхэд гэдэг бол бидний ирээдүй шүү дээ. 

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Шинэ арга л хэрэглэхгүй бол цэцэрлэгийн асуудал цэгцрэхгүй ээ

-Яг өдийд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн эцэг, эхчүүдийн дараалал  их байх шиг байна. Энэ асуудлын талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

-Хүүхэд харах эрх зүйн шинэ орчныг бид яаралтай бий болгох хэрэгтэй юм байна гэж бодож байна. Ямар ч байсан намрын чуулганаар энэ асуудлыг шийдэж, асуудлыг цэгцлэхгүй бол жилийн жилд ийм байж болохгүй шүү дээ. Үнэхээр цэцэрлэг гэдэг бол эцэг, эхчүүдийн хувьд толгойны өвчин болчихоод байна. Эвслийн  бүлэг дээрээ энэ асуудлыг хөндөж тавья гэсэн бодолтой байгаа. 

-Хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулахыг төрөөс дэмжих тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Төрөөс хөрөнгө оруулалт хийж, цэцэрлэгийн ачааллыг бууруулна гэвэл хэдэн арван жил хүлээх хэрэг гарна. Тэгснээс гэртээ байдаг хүмүүс ойр тойрныхоо хүүхдүүдийг хардаг болж, түүнийг нь ажлын байр болгон баталгаажуулах нь чухал байна. Ийм л шинэ арга нэвтрүүлэхээс цааш цэцэрлэгийн асуудал цэгцрэхгүй ээ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний талаар тусгасан хуулийн төслийг яаралтай өргөн барьж, хэлэлцэн батлах шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Улстөрчид энэ хүндрэлтэй асуудлыг шийдье гэж хүсэхгүй байна

-Өнөөдөр цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байна. Хүүхэд харах үйлчилгээний талаар тусгасан хуулийг баталчихсан бол ийм асуудал гарахгүй байсан байх. Та юу хэлэх вэ?

-Манай гишүүд 2012 онд ийм хуулийн төслийг санаачлан өргөн барьсан.  Хэрэв энэ чигээрээ хэлэлцэгдээд батлагдсан бол өнөөдөр цэцэрлэгийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал бий болохгүй, эцэг, эхчүүд ингэж бухимдахгүй байсан юм. Гэтэл улстөрчид энэ хүндрэлтэй асуудлыг шийдье гэж хүсэхгүй байгаа учраас хуулийн төслийг урагш нь явуулсангүй. 

-Та нарын өргөн барьсан төслийг яагаад буцаачихсан юм бэ?

-Ерөнхийлөгч өөрөө төсөл санаачилж өргөн барина гээд бидний боловсруулсан төслийг эргүүлэн татуулсан шүү дээ. Уг нь ард түмэнд л ашигтай хууль гарч байвал хэн санаачилсан нь хэнд хамаагүй байлтай. Чухам одоо энэ хуулийн төсөл хэзээ өргөн баригдахыг хэлж мэдэхгүй л байна. 

Монголд хашаагүй нэг ч хурга алга, харин цэцэрлэггүй хэдэн мянган хүүхэд байна

Нүүдэлчин Монголд  хурга, гөлөг, хүүхэд гурваас хурга нь илүү үрждэг гэж нэг нөхөр жиргэжээ. Энэ бараг үнэн. Тэгж их өсч байгаа хурганаас хашаагүй үлдсэн нь ганц ч үгүй. Тэгвэл  Улаанбаатар хотод жил бүр цэцэрлэггүй үлддэг хэдэн мянган хүүхэд байна. Монголчууд бид үр хүүхдийнхээ төлөө юу ч хийж үзээгүй учраас юу ч хийж мэддэггүйн тод жишээ энэ. Социализмын үед хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль Улаанбаатарт хангалттай байсан гэлцдэг. Гэхдээ тэр бол монголчуудын гавьяагаар бий болсон эд биш.  Анастасия Ивановна Филатова гэдэг орос эмэгтэйн бүтээсэн үйл хэрэг. Оросууд, ер нь европчууд үр хүүхдийнхээ төлөө юу хийхээ мэддэг, үүргээ ухамсарладаг учраас хойч ирээдүйдээ хэрэгтэй бүхнийг бүтээдэг. Юун түрүүнд үр хүүхдээ, юм бүхний эхэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулахыг эрхэм болгодог улс.  Энэ л жишгээрээ тэр орос эмэгтэй нүүдэлчин монголчуудын үр хүүхдэд хэрэгтэй гэж тэр цэцэрлэг, сургуулийг байгуулж өгчээ. 

Харин 1990 онд хувьчлал эхэлсэн.  Тухайн үед сургууль, цэцэрлэгүүдийг 100 мянгаар  худалдъя гэхэд авах хүн олддоггүй.  Цэцэрлэг гэдэг бол тэр цагт хэнд ч хэрэггүй хогонд тооцогдож байсан юм гэнэ лээ.  Хожмоо өрөөлд ч, өөрт ч, үр хүүхдүүд нь тустай зүйл гэдгийг хэн нь ч ухаараагүй. Тиймээс тэр үеэс  хойш Улаанбаатарт,  улс даяар  нэг ч цэцэрлэг нэмэгдсэнгүй. Ганц ч сургууль боссонгүй.  Тэгсэн хэрнээ монголчууд бид гуравхан хоног наадахын тулд хэдэн тэрбум төгрөгийг хичнээн ч жил урсгав.  Хэдэн цэцэрлэг барих мөнгөөр олон арван жил гараа угаав. 

Өнөө жил л гэхэд бид гурван хоног баярлаж цэнгэхийн төлөө дөрвөн тэрбум төгрөгийг үрэн таран хийлээ. Төв цэнгэлдэх хүрээлэндээ бүжиглэн, дуулахад  тал мөнгийг нь цацаж, хуванцар сандал болгон хувиргалаа. Үлдсэнийг нь “Хүй долоон худаг”-т цемент болгон дэвсэж, хүн, малын хөлд даруулав. Харин одоо цэцэрлэг хайсан эцэг, эхчүүдийн бухимдлыг барж, үүр шөнөөр дугаарлуулан даажигнаж байна. Хэрэв манай дарга нар наадмын дараа намар болно, ажил алба цуглана, адаглаад цэцэрлэгийн асуудал оволзоно гэдгийг мартаагүйсэн бол юу гэж дөрвөн тэрбумаар наадах билээ.  Харамсалтай нь тэд бүгдийг мартсан учраас дөрөв, таван цэцэрлэг барих мөнгөөр гурван хоног наадамлуулав.    Дөрвөн тэрбумаар босгох таван цэцэрлэгийн нэг нь 200 хүүхдийн багтаамжтай гээд бодвол одоо хичнээн эцэг, эхийн магнай тэнэгэр, сэтгэл уужим явах байв.  Бид ингэж л бодож тунгааж амждаггүй, хөлдүү сэтгэлтэй, иргэншиж чадаагүй хүмүүс юм. Төр засаг ч ард түмнийхээ төлөө огт  санаа зовдоггүйг эдгээр үйлдлүүд батлаад байна. 

Намар болохоор бүгд сандралдаж гүйдэг хэрнээ цэцэрлэг барих газар алга  гэж амтай болгон ярих юм. Гэтэл наана чинь хамар хашааны хоёр айлын газрыг хангалттай үнээр худалдаж авахад л хоёр цэцэрлэг босно. Орон сууцны нэг давхрын хоёр айлын байрыг  мөнгийг нь өгөөд суллахад л  хоёр, гурван цэцэрлэг гарна.  Сэтгэл байвал цэцэрлэг байгуулна гэдэг ийм амархан байна. Даанч төр засагт ийм сэтгэл алга. 

Сүүлийн үед эцэг, эхчүүд цэцэрлэгийн асуудлаар их хэл ам хийж байна. Энэ нь ч зөв. Цэцэрлэггүй хоцорч байгаа 40,50 мянган хүүхдийн ээж, аав бүр Сүхбаатарын талбайд жагсах хэрэгтэй. Миний нутгийн газар шорооноос  бурхан гуйсан ч бүү өг хэмээн дөвчигнөж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн Монголыг чиглэх мөнгөний урсгалыг хааж байсныхаа оронд үр хүүхдийнхээ төлөө  шаардлага тавих илүү эрүүл үзэгдэл болно. Жинхэнэ тэмцэх ёстой, төр засгаас шаардах хэрэгтэй асуудал чинь энэ цэцэрлэг байна.  “Шорон биш цэцэрлэг барь” гэсэн лоозонтой гараад зогсвол эцэг, эхчүүд та нарыг хүн бүхэн дэмжинэ. Үр хүүхдийнхээ төлөө ийм бодитой зүйл шаардагсдыг үг дуугүй олон түмэн дэмжиж л таарна.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ   

Categories
мэдээ цаг-үе

Д.Янжинлхам: Ханийнхаа ямар их хөдөлмөрлөснийг мэдэх болохоор өөрийн эрхгүй уйлсан

ОХУ-ын Челябинск хотод болж байгаа жүдо бөхийн 33 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Ганбатын Болдбаатар Тайвань, Турк, Казахстан, Гүрж, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж Монгол Улсын эрэгтэй жүдочдоос хоёр дахь Дэлхийн аварга цолтон боллоо. Алтан медалийн төлөөх барилдаанд дэвжээний эзэн орны бөх Беслан Мудрановыг хоёр торгуулиар ялж бөхөд хайртай монгол түмнээ баярлуулсан. Түүнээс өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 2009 онд Голландын Роттердам хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жудочдын салхийг хагалж аваргалж байсан бол 2013 онд Бразилд болсон ДАШТ-ий 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг түрүүлж, монголчуудын хоёр дахь алтан медалийг авчирсан түүхтэй. Дэлхийн аварга Ганбатын Болдбаатар энэ тэмцээнд Д хэсгийг толгойлон I тойрогт гоц мөргөж, II тойрогт Туркийн Ахмет Сахин Кабаг, III тойрогт Тайванийн Мин Ен Цайг, IV тойрогт Казахстаны Айбек Имашевийг ялж хэсэгтээ тэргүүлээд байсан. Тэрээр хагас шигшээд Гүржийн Амиран Папашвилиг ялж, аваргын төлөө ОХУ-ын Беслан Мудрановыг торгуулиар хожсоноор алтан медалийн эзэн боллоо. Эх орондоо хараахан ирээгүй байгаа аваргын гэргий Дагвадоржийн Янжинлхамын тэрхүү торгон мөчийн сэтгэгдлийг хүргэе.


-Монголын жүдочдоос таны хань Г.Болдбаатар ДАШТ-ий гурав дахь алтан медалийг эх орон­доо авчирлаа. Манай уншиг­чидтай сэтгэгдлээ хуваалцаач!

-Үнэхээр их баяртай байна. Ханийнхаа алтан медалийн төлөөх тэмцээнийг зурагтаар шууд үзээд баярласандаа өөрийн эрхгүй огшоод уйлсан. Хань маань өдий хэмжээнд хүрэх гэж ямар их хөдөлмөрлөж байсныг би дэндүү сайн ойлгох учраас нулимс өөрийн эрхгүй асгараад байсан. Тамирчин хүн жингээ хасах, жингээ тохируулах гэж ямар их хүч хөдөлмөр гаргаж, хөлсөө асгаруулж байж амжилтад хүрдэг билээ. Түүний минь хамгийн эрхэм дээд зорилго нь биелж байхад яаж баярлахгүй байж чадах вэ дээ. Манай хүний аав, ээж нь Булган аймгийн Хангал суманд мал малладаг. Аав, ээж рүүгээ утсаар ярьж хэлсэн. Тэд маань ч зурагтаар үзээд бөөн баяр болсон байсан. Ханиа тэмцээнд явсан болохоор хүүхдүүдээ цэвэр агаарт байлгая гээд би Эрдэнэтэд аав, ээжийндээ ирээд байна л даа.  

-Г.Болдбаатар маань хаана сургууль соёл дүүр­гэсэн бол?

-Манай хүн Орхон айм­гийн арван жилийн тавдугаар сургуулийн “Орхон” цогцол­борыг 2004 онд дүүргэж, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг 2008 онд төгссөн. Түүнээс хойш уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубт тамирчин болсон. Манай Болдоо чинь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бат-Оршихын гарын шавь шүү дээ. Жүдо бөхөөр хичээллээд арван дөрвөн жил болж байгаа. Олон жилийн шаргуу хөдөлмөр л амжилтын шалгуур болдог юм байна.

-Болдоогийнхоо гаргаж байсан амжилтуудаас дурдвал…

-Хань маань 2009 онд Ази тивийн аварга болж, 2011 онд “Мастерс” тэмцээний мөнгөн медаль, 2013 онд Бразилд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзлэн, Европын цуврал Францын их дуулгын тэмцээнээс алтан медаль, УАШТ, олон улсын “Чингэс хаан” гранпри тэмцээний алтан медалийг тус тус хүртээд байсан л даа. Би ханьдаа “Юу ч болсон сэтгэлээр бүү уна. Бүх зүйл болно бүтнэ гэж ярьдаг хүн зорилгодоо хүрдэг” гэсэн Далай ламын үгээр урам хайрладаг байсан. Хүн юуг хүсэж мөрөөднө ирээдүй нь яг л тийм байна гэж боддог хүн л дээ би. Одоо хань маань дэлхийн аварга боллоо. Цаашид ч амжилтаа улам ахиулаасай гэж бодож байна.      

-Танай хүүхдүүд тань хэдтэй багачууд байна?

-Бид хоёр 2009 онд гэр бүл болсон. Ууган охин Б.Болор-Эрдэнэ гурван настай, удаахь хүү Б.Эрхэмбаяр маань ой арван сартай  болж байна.  

-Аваргын удамд барилд­даг хүн байсан юм бол уу?

-Манай хүн чинь эцэг эхээс гурвуулаа, айлын дундахь хүү нь. Зулай дээр нь гишгэж төрсөн эгчтэй. Нэг эрэгтэй дүүтэй. Аав ээжийн ярих нь эднийхэнд барилдаж ноцолддог хүн байдаггүй гэсэн. Яахав, аав нь залуудаа үе тэнгийнхэнтэйгээ л барилддаг байсан гэж байна лээ. Бид нар Болдоогоо тосохоор есдүгээр сарын 1-ний өдөр хот руу явцгаая гэж ярилцаад байгаа. Манайх ч угаасаа хотод л доо. 

-Тамирчин хүний гэргий байх сайхан биз?

-Их том хариуцлага гэж л боддог. Би эдийн засагч мэргэжилтэй. Одоохондоо охин, хүү хоёр маань нялх болохоор гэргийнхээ үүргийг гүйцэтгэж гэрээ сахиад, ханийнхаа ар тал болоод байж байна даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Удмыг нь харж ханилахын учир

Ханилах хүнийхээ удмыг хар гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй хэрэг. Удмыг нь хар гэдэг үгний цаана хэр их мөнгөтэй, хэр царайлаг, хэр боловсролтой хүн бэ гэсэн шалгуур огт байхгүй.

Удам судрыг хөрөнгөөр жиших ямар ч боломжгүй юм. Хэчнээн боловсролтой, хөрөнгө зөөртэй хүн байлаа гээд хань ижлээ хуурч мэхлэх, зовоох, араар нь тавих гээд есөн шидийн дутагдал харин ч элбэг. Тэгвэл удмыг нь харж ханилахын учир юу вэ. Удам гэж чухам юуг хэлээд байна вэ. 

Таны ханилах гэж буй хүний гэр бүлийн хүмүүжил зөв үү, ээж аавынхаа үгийг хэр сонсдог вэ, биеийн эрүүл мэнд хэр сайн бэ, амьдралын идэвх зориг тэмцэл өндөр үү, өчүүхэн зүйлд бууж өгөөд бусдын олж ирсэн хоолоор өөрийгөө тэжээлгэх дуртай тэжээвэр амьтан уу, бусдыг хэр хүндэтгэдэг вэ зэрэг амьдралын ноён нуруу болсон шалгуурууд үүнд багтдаг аж.

Түүнээс биш тэр сайдын тийм хүүтэй, тэр баяны тэр охинтой гэрлэснээрээ удам сайтай хүний хань болж буй хэрэг биш юм. Зөвхөн амьдралын зөв зам мөртэй хүнийг л удам сайтай хүн гээд байгаа юм. Удам сайтай хүнтэй ханилбал ирээдүйд учирч болох олон эрсдэлээс эмэгтэй хүн өөрийгөө хамгаалж чадна. Амар амгалан амьдралаар амьдарч, хоёр идэхгүй хоосон хонохгүй мөр бүтэн явж чадна. Үр хүүхэд тань хэн нэгнээс зүрх алдан эмээхгүй өр бүтэн, сэтгэл хангалуун өсөх болно. Энэ л амьдралын утга учир шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ашигт малтмалын газар юуны учир Сүлжээний ерөнхий инженерээ ажлаас нь халав?

Гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн эхний шатны сонгон шалгаруулалт эхэлсэн.

Эхний ээлжинд эдгээр лицензийг эзэмшиж байсан компаниуд гаргасан зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоогоод буй 163 мянга гаруй га бүхий 14 талбайд сонгон шалгаруулалт явуулна. Хууль бусаар олгосон гэх эдгээр тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниудыг хохиролгүй болгохоор сонгон шалгаруулалт явуулахаар болсон гэж Уул, уурхайн яам мэдээлээд буй.

Эдгээр тусгай зөвшөөрлийн 82 хувь нь дотоодын, 18 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан билээ. 

Өмнөговь аймгийн Манлай сумын Амгалант, Дундговь, Өмнөговь аймгийн Могойт, Ховд аймгийн Мянгад сумын Чойдог худаг, Дундговийн Өлзийтийн Бага хөх цав, Дорноговь аймгийн Мандах сумын Ногоон тал, Довцог худаг, Хөх хошууны худаг, Баянхонгор аймгийн Хонхор дэрс, Товцог хайрхан уул, Хашаатын хөндий, Цогт хайрхан уул, Улаан эрэг, Хар ат уул Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Хөхтолгой зэрэг газруудад тендер зарлаад байгаа юм. Энэ үйл явцыг эдийн засагчид хөлдсөн баялаг гэсэх нь хэмээн үзэж, хайгуулын лицензээ даруй олгож эхлэх хэрэгтэй хэмээж байгаа юм. 

Манай улс сүүлийн таван жилийн турш хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгоогүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр өмнөхөөсөө 3-5 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт шинээр бий болно гэж тооцоолоод байгаа. Тийм учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд сурталгүй, ил тод нээлттэй хэлбэрээр зохион байгуулахын тулд зөвшөөрөл хүлээн авах үйл явцыг цахим хэлбэрээр онлайн, төрийн үйлчилгээний машинаар авахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа. 

Энэ ажилтай зэрэгцүүлээд Ашигт малтмалын газар Сүлжээний ерөнхий инженер Д.Болдбаатарыг ажлаас нь халсан нь багагүй хэл ам дагуулж байна. Хайгуулын лицензийн зөвшөөрлийг онлайнаар зохион байгуулах энэ ажлыг эхлүүлэхэд анхнаас нь гар бие оролцсон мэргэжилтнээ ажлаас нь холдуулсан нь хэний ч анхаарлыг татна. Лицензийн зөвшөөрлийг хүлээн авах үйл ажиллагааг онлайнаар хүлээн авахаар болж байгаа энэ эгзэгтэй мөчид Ашигт малтмалын газар компьютер, сүлжээ, цахимын талын ганц шилдэг инженерээ ажлаас нь халсан нь олон хүнд сэжиг төрүүлж байна. 

Д.Болдбаатар салбартаа шилдэгт тооцогддог IT инженер гэнэ.

Кибер халдлагаас байгууллагынхаа мэдээллийг дээд зэргээр хамгаалдаг гэдгээрээ мэргэжил нэгтнүүдийнхээ дунд сайшаагддаг бөгөөд энэ төрлийн уралдаан, шалгалтад үргэлж өндөр оноо авдаг сүлжээний инженер юм байна. Түүгээр ч барахгүй хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай, байгууллагынхаа нууц код, паспорт зэргийг дээд зэргээр хадгалдаг нэлээд шударга, зарчимч залуу аж. Энэ зан нь магадгүй зарим хүмүүст таалагдаагүй учир ажлаасаа халагдахад хүргэсэн байж магадгүй гэж хамт ажиллагсад нь ярьж байна. 

Гэхдээ нөгөө талаар нэг байгууллагад 11 жил ажилласан хүн болохоор салбараа, ажлаа нэвт шувт мэддэг учир бусдын нөлөөнд орж мэдээлэл алдагдуулж магад гэсэн үүднээс яамнаас нь ийм арга хэмжээ авсан байх талтай. 

Д.Болдбаатар нэртэй төртэй айлын хүүхэд бөгөөд хамт олон дундаа шударга, ажилдаа үнэнч гэдгээрээ гайхагддаг учир гэнэт ажлаасаа халагдсанд нь бусад нь гайхаж байгаа гэнэ. Түүнийг юуны учир ажлаас нь халсныг зохих газарт нь шалгуулах ёстой хэмээн Ашигт малтмалын газрын зарим ажилтнууд мэдэгдэж “Онлайнаар бүх ажлаа явуулахаар болж байгаа болохоор Болдоог шударга зангаараа тээг садаа болж мэднэ гээд холдуулсан. Тэгээд түүний оронд хэн нэгэн өөрийн хүнээ шургуулах байх” хэмээцгээж байна. Түүний оронд компьютерийн наад захын мэдлэггүй хүн тавьж хайгуулын лицензийг будлиантуулах ажил сэдэж байж магад гэцгээж байгаа юм. Олон жил гар нийлж ажилласан ажилтнууд нь гэнэтийн энэ явдалд цочирдож ажлаасаа өөрийн хүсэлтээр гарахаар шийдээд байгаа тухай ч дуулдлаа. 

Д.Болдбаатартай холбогдоход “Би амралттай байсан. Амралтаа дуусгачихаад ажилдаа ортол цомхотголоор халсан тухай дуулгасан. Ийм л юм болчихлоо” гэлээ. Тэрээр энэ талаар ямар нэгэн гомдол гаргах хүсэлгүй байгаагаа илэрхийлээд “Цаг хугацаа бүхнийг харуулах биз. Үнэн мөн нь хэзээ нэгэн цагт гарах байлгүй” хэмээн хариуллаа. 

Жирийн нэгэн ажилтан ажлаасаа цомхотгол нэрийн дор халагдаж байгаа боловч түүний хашиж байсан алба, хийж байсан ажлыг анзаарвал зүгээр орхиж боломгүй асуудал үүсээд байгаа юм. Тогоон дотор нь чанагдаж, ажлаа мэддэг хэрнээ хэний ч нөлөөнд автдаггүй шударга залуус бий. Үнэхээр л тэр зангаасаа болоод ажилгүй болж байгаа бол үүнд холбогдох газрууд нь яаралтай анхаарал хандуулах нь зүйтэй байх.

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

“Универсиад-2033” наадмын хүрээнд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотноо болж буй Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа ОУОСХ-ны ерөнхийлөгч К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Матыцин, дэд Ерөнхийлөгч С.Берг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дэлхийн оюутны Универсиад наадмын асуудлыг шийддэг эрх мэдэл бүхий том байгууллагын төлөөлөгчид манай хотод зочлож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Улаанбаатар хот 2033 онд дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмыг зохион явуулах хэтийн зорилт, төлөвлөгөөтэй байна” гэдгээ хэлээд нийслэлийн иргэдийн энэхүү саналыг дэмжин ажиллахыг хүслээ.

Харин ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльен “Та бүхэн том амбицитай байгаа юм байна. Алсыг харж, зорилт дэвшүүлэн, эртнээс төлөвлөнө гэдэг их чухал. Универсиад наадмыг хүлээн авна гэдэг бол их хариуцлага, том төсөл. Дэлхийн хамгийн эрч, хүчтэй хөгжиж байгаа хот бүхэн энэ наадмын эрхийг авахын төлөө олон жил шургуу бэлтгэдэг юм. Универсиадыг хийж чадвал цаашид зуны олимп ойрхон харагдах болно. Та бүхэнд бид туслахад бэлэн байна. Улаанбаатар хотынхон эртнээс бэлтгэн Универсиадын туршлагыг сайтар судлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн болон спортын барилга байгууламжын бүтээн байгуулалт хийж байж энэ зорилтондоо хүрэх болно” гэдгийг онцлон хэллээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, “Универсиад-2033” наадмын хүрээнд цаашдаа хоёр байгууллага хамтран ажиллаж, ойр ойрхон уулзалт зохион байгуулах, Улаанбаатар хотноо  дараагийн жилүүдэд оюутны ДАШТэмцээн, Азийн оюутны наадам, тэмцээнүүдийг хийх, бэлтгэл ажлаа эртнээс хангах талаар харилцан тохиролцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжлэх ухааныг өмөөрөхүй (II)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Сайн дурынхан. Өдгөө шинжлэх ухаан төрөлжин хэдэн арван мянгад хүрсэн ба тодорхой нээлтэнд хүрэх явдал нь хэдэн мянган эрдэмтдийн хамтын чармайлтын үр дүн болжээ. Нобелийн нэг шагналтны ард түүнийг энэ амжилтанд хүргэсэн 40 мянган эрдэмтэн зогсож байдаг гэсэн тооцоо бий. Иймээс Архимед шиг усанд орж байснаа гэнэт “эврика” гэж орилон гүйх шалтаг өнөөдөр олдохоо больжээ. Ломоносов голлох арваад шинжлэх ухааны салбарт ажиллаж олон арван ШБОС бүтээсэн гэдэг, өдгөө ийм универсализм огтоос бололцоогүй. Юутай ч шинжлэх ухаан сонирхогч сайн дурын уран сайханчдад ямар ч нүх үлдээгүй. Өнөөгийн шинжлэх ухаан асар их хөрөнгө мөнгө, технологийн дэвшил, нарийн методлоги, өндөр мэргэшил шаардана.

Математик сонирхогч залуу хүн бүр Фермагийн теоремыг батлахаас ажлаа эхэлдэг. Энэ ч яахав харахад амар юм шиг болохоор нь бүгд л оролддог. Үүнтэй төстэй, тухайлбал Паскалийн гурвалжин маягийн наргиантай юмыг хэн ч тоо үржүүлж хувааж суугаад олчиж болно. Ухаан нь гутлынхаа размерийг хоёроор үржүүлээд сууцныхаа талбайг гаргаж ирэх ба үүнээсээ хоёр дахин язгуур гаргахад пи тогтмол гараад ирж байх жишээтэй. Ингээд л хоорон дахь холбоосыг нь хайж эхлэх ба хамгийн хачирхалтай нь олж орхино. Нээлт хийхэд аймаар хялбар байгаа биз? Тухайн шинжлэх ухаанд системтэй сургалтаар дамжин очоогүй бол юун амжилт гаргах байтугай баримжааг нь авч чадахгүй. Гутлын размер 38 байна гэдэг юуг ч эс өгүүлнэ. Метрийн системээр энэ нь 25, англи тооллоор 6 болж орхино. Хоёроор үржүүлэхээр гэрийн чинь талбай гарч байгаа нь энэнд ямар хамаа байна? Тэр квадратыг футээр, эсвэл тохойгоор хэмжвэл шал өөр үр дүн гарна. Гэтэл энэ бүхэн зөвхөн аравтын систем. Хэрэв өдгөө тоон системд хэрэглэдэг хоёртын системээр тооцвол дахиад л шал өмнөө болно. Пи, фи гэх мэтийн физик тогтмолуудаас гадна шинжлэх ухаанд өөр олон тогтмолууд бий. Үүний мөн чанар амьд организмтай ямар ч холбоогүй.

Өнөөдөр анагаах ухаан урьд хэзээ ч байгаагүй туйлдаа хүртэл хөгжжээ. Энд тэндээс элдэв ургамал бодис нийлүүлж цуглуулаад хорт хавдар, ДОХ зэргийг эмчлэх бололцоогүй. Анагаах ухаан ийм тохиолдлын шинжтэй үеэ хэдийнээ өнгөрөөсөн. Хорт хавдар гэхэд л өөрийн гентэй, уурагтай, сэрэх орчинтой болох нь тогтоогдсон. Энэ өвчинтэй тэмцэх асуудал молекуляр биологи, генетик, генийн инженерийн асуудал болсон. Хүний тусах янз бүрийн өвчний тэн хагас нь шинжлэх ухааны аргаар, үлдсэн хагас нь хүний өөрийнх нь сэтгэл санаагаар эмчлэгддэг гэдэг юм билээ. Иймээс элдэв бариач, үзмэрч, ид шидтэнийг бүрэн үгүйсгэх аргагүй. Тэд ид шидээр гэхээсээ өвчтөний сэтгэл зүйд сайн нөлөөлснөөр эмчлэх тохиолдол элбэг. Гэхдээ үүндээ эрдээд элдэв хор хөнөөлтэй бодис, аргачлал, хорхой шавьж руу орж хорлоод хаях нь илүү элбэг харагдана. Ангинад сайн гээд хүүхдэд адууны гуур идүүлээд хоолойгоор нь нэг хорхой үүрлүүлчихсэн тохиолдол саяхан гарч байх жишээтэй.

Нийгмийн шинжлэх ухааныг дураараа тайлбарлаж болдог, барих барьцгүй, худлаа дэлссэн ч баригддаггүй юм шигээр ойлгох хандлага сайн дурынханд их тархжээ. Гэтэл нийгмийн амьдрал нь дэндүү олон оролт гаралттайдаа л яг таг тогтоож болдоггүй гачлантай. Туршилтаар баталж болдоггүй зовлонтой. Фашизм, нацизм, коммунизм зэрэг балмад туршилт шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахаасаа илүүтэй хүн төрөлхтөнд гамшиг зовлон авч ирдэг. Хэдийгээр тоо томшгүй оролт гаралттай ч гэсэн нийгмийн ухаан нь өөрийн судлахуун, предмет, методлоги, гаргалгаа, логиктой шинжлэх ухаан мөн. Харин ч тодорхой шинжлэх ухааныг бодвол илүү хүнд гэж хэлж болохуйц зүйл юм. Тухайлбал үгийн гарал зүй судалдаг этомологи гэх ухаан байна. Дуртай үгээ дураараа тайлбарлаж хүн болгон чадах учраас Америк гэдэг бол “амь эрэг” гэсэн монгол үгнээс гаралтай гээд залахад хэсэгтээ л хэн ч юу ч гэж чадахгүй. Гэхдээ үүнийг судалж тогтооно гэдэг тийм амар зүйл биш. Тухайн нэршил үүссэн байх маш өргөн талбар бий, цаг хугацаа орон зай зэрэг дэндүү  олон хүчин зүйл бас нөлөөлнө. Ингэхээр бодсон шиг амар юм биш л дээ. Тогтоочихсон ч хүлээн зөвшөөрөгдөх нь тодорхой шинжлэх ухааныхаас илүү хэцүү. Нэг л үгэндээ шинжлэх ухаанд сонирхогчдын зай завсар байхгүй. Сонирхогч гэж шинжлэх ухаанд суралцагч болон түүнийг түгээгчийг хэлээгүй, цоо шинээр нээлт хийгээд хаядаг хорхойсогчийг хэлж буй хэрэг. Түүхийн баримтад буй ганц үг авиа олон түүнээ хөгжүүлж бүхэл бүтэн салбар ухаан үүсгэчихсэн яваа сайн дурын уран сайханч “сартваахи” мөн ч олширч дээ. Бишгүйдээ л нэг хүний толгой дээр алим унасан. Бүгдийнх нь толгой дээр булдруу л үлдээсэн бол, чухам Ньютоны толгой дээр унасан алим л бүх ертөнцийн таталцлын хуулийг нээжээ. Харин Ньютон сайн дурын уран сайханч биш, гоц мэргэжилтэн байсан юм шүү.

Луйварчид. Эйнштайн бол өнөө үеийн домог. Эйнштайн ингээд хэлчихсэн гэвэл бараг хууль. Хүн болгон түүний Е=mc2 томъёог таньдаг, харин цөөхөн хүн ойлгодог. Энэ алдартай томъёог нээлтээс нь хойш 103 жилийн дараа, ердөө сая л нарийн тооцооллын аргаар баталлаа. Кваркууд массын ердөө 5 хувийг эзэлдэг. Үлдсэн 95 хувь нь хаачив? Эгэл бөөмсийн нэг болох глюон массгүй байдаг, гэрлийн хурдаар хөдөлдөг. Эндээс масс энергид шилждэг гэсэн алдарт томъёоллын төчнөөн хэмжээний энерги гаргаж авахын тулд аль хэр массыг хэрэглэх вэ гэдгийг нарийн тооцоолуураар нягтлан тогтоожээ. Ингэхээр Эйнштайн бол хэн хүний өөрийгөө зөвтгөхөд ишлээд явдаг амар хоол биш нь харагдаж байна. 

Бичиг үсэгт бүрэн тайлагдсан нь эргэлзээтэй ердийн луйварчид болон сэтгэцийн өвчтөнүүдэд аугаа эрдэмтэн хамгийн их ишлэгддэг. Энергийн тухай, ид шидийнх нь тухай манайд бөө, лам, мэргэч зурхайч нар хамгийн их ярьдаг боллоо. Гэтэл энерги гэдэг бол шинжлэх ухааны цэгцтэй ойлголт. Энергийг шинжлэх ухаан тултал нь тайлаагүй л явна. Термоденамикийн гуравдугаар хууль физик үү, гүн ухаан уу? Эйнштайний харьцангуй онолыг ч Нобелийн хороо физикийн нээлт гэж хэлэхээс айж, түүнд фотоны гаралтын нээлтэд нь шагнал өгөөд салахын түүс болсон. Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим яг физикийн нээлт мөн үү? Шрөдэнгэрийн элетрон долгионлог тэгшитгэл аугаа ч, түүний амьдралын тухай томъёолол нь хамгийн их цочирдуулам үг байв. Мэрэг төлгөөр олсон тэр мөнгөөрөө ядахнаа хүзүүгээ угаачихад яана даа гэж бодмоор хагас бичиг үсэгтэй луйварчдад энэ дэлхийн хамгийн аугаа оюунуудын эргэлзэж байгаа зүйлс тун ч энгийн, нэвт мэдээд авчихсан таниулга нь байх юм.

Гүрэм хийж, хараал талбиж, мэргэлж төлөглөхөд Эйнштайн ямар хамаа байнаа? Буддизмыг шинжлэх ухаан гэж Эйнштайн хэзээ ч хэлээгүй. Угаасаа биш юм чинь.  Шашин бол нэг талаасаа гүн ухаан. Шашин болгон ертөнцийн мөн чанарыг тайлбарладаг. Харин ихэнх шашнууд асуудалд эцсийн хариу өгч мухарладаг. Энэ нь шинжлэх ухааны шинэ нээлттэй зөрчилдөх нь элбэг. Ертөнцийг Бурхан долоо хоногт бүтээсэн тухай Иудын шашин анх номложээ. Эндээс 7 гариг, 7 хоног гэх ойлголт гарч. Гэтэл Галиллэй Бархасвадийн 4 дагуул нээж орхисон нь 7 эрхэсийг шууд 11 болгож “хууль”-ийг эргэлзээнд оруулсан учир инквизатороор орох шалтгаан нь болжээ. Эсвэл Дарвины байгалийн шалгарал, ялангуяа хүн бичнээс үүссэн тухай таамаглал олон шашны урьд өмнөх тайлбарт хүнд цохилт болжээ. Алив юмс үзэгдэлд эцсийн тайлбар өгөөгүй, өөрөөр хэлбэл хувиран өөрчлөгдөж мөнх орших ертөнцийн тухай сургадаг буддизм шинжлэх ухааны ямар ч нээлтэнд хязгаар тавиагүйгээрээ саад болдоггүй. Догма байхгүй шашин. Орчлонгийн хязгааргүйн тухай ч Буддын сургаал нь өнөөгийн нээгдсэн хар нүх болон их тэсрэлт, бүх ертөнцийн нэгээс нөгөөд шилжих үзэгдлийг философи утгаар нь зөвшөөрөхөд урьдын тайлбартайгаа зөрчилддөггүй аж. Эйнштэйн буддизмыг чухам энэ утгаар нь үнэлсэн. Гэхдээ энэ бол гүрэм хийж хараал үйлдэн бусдын мөнгийг хувхайлж суудаг бичиг үсэггүй лам нарт ямар ч хүртээлгүй.  

Манай луйварчдын хүн мунхруулж мөнгө саахад ашигладаг бас нэг нэр томъёо бол ген юм. УИХ-ын гишүүн нэгний сонгуулийн магтаалд “удам сайтай унага юм, уураг сайтай ген юм” гэж өнөө мунхагаа хошгируулсан байна билээ. Ийм нэрэндээ ч зохисон морь л доо. Гэтэл ген бол тодорхой молекулуудаас бүрдсэн биет, шинжлэх ухааны тодорхой ойлголт. Энерги, ген гэх мэтийн анхдагч тодорхойлолтыг нь дунд сургуульд заадаг ч, таарсан нийгэмдээ шинжлэх ухааны ойлголтууд луйвар булхай хийх сайхан багаж болжээ. Анагаах ухаан, одон орон, түүх ч бүр тамтгаа алдсан. Астрологи буюу зурхай нь юутай ч шинжлэх ухаан биш. Дундад зууны балай харанхуй үед астрологи амьтны толгой эргүүлж мөнгө хийхэд ашиглагдаж байсан авч хэдийнээ үеэ өнгөрөөсөн. Харин манайд ид хүчээ авч байдаг! XXI зуун гарчихаад байхад бид дор хаяж 600-700 жилийн сэтгэлгээний хоцрогдолтой харайлгаж явах шив. Тийм жилтэй мэнгэтэй хүмүүс бушуухан тэр сүмд очиж ном уншуулж заслага хийлгэхгүй бол одоохон үхэх гээд байна гэх маягийн зар сонингоор нэг. Үүнээ мөн л шинжлэх ухаанжуулж тайлбарлана. 

Монгол хэмээх бие даасан үндэстэн буй болоод их бодож л хоёр мянган жил болж байгаа. Үүнээс цааших ямар ч баримт алга. Англи, орос, испани үндэстэн буй болоод мянган жил болоогүйтэй харьцуулж ч болно, хятад, жүүд, энэтхэг гэсэн 4-5 мянганы урт настай үндэстэнтэй харьцуулбал бас өөр дүгнэлт гарна. Тэгэхээр Бурхан байдаг юм гэж бодоход буй болоогүй монголчуудад 10 мянган жилийн өмнө юугаа захисан байдаг байна? Захисан юм гэж бодоход хаана тэр баримт нь байна?  Урьд нь манайд огт байгаагүй шинжлэх ухааны олон салбар дөнгөж үүсэнгүүтээ мэргэжлийн хүний гэхээсээ луйварчдын гарт орж орлогын хаалга болсны нэг нь социологи юм. Өрнө дорно хаана ч гэсэн сенсаци тарих гэсэн элдэв марзан таамаглал, мунхруулга ховор биш. Зарим нь учиргүй олон хувь хэвлэгдэж борлогдоно. Ялангуяа Нострадамусыг тайлж уншсан тухай ч юм уу эсвэл зурхайн мэрэгийн талаар. Иймэрхүү зүйл зугаа гаргахад зориулагдсан байдаг. Харин энэ нь манайд Англи, Америкийн суут эрдэмтэдийн нээлт, хөдөлшгүй үнэн маягаар орж ирнэ. Үүнийг мөн л голдуу луйврын зорилгоор нэвтрүүлэгч дамжуулагчид нийгэмд хэдийнээ байраа эзэлжээ.

Сүрдүүлэг рэкетээр мөнгө түүгчид геологи, уул уурхай, олон улсын худалдаа, жишиг стандартын талаар давгүй “шинжлэх ухаанжсан”, чих хуурч унамаар юм орилж хашгичих нь галзуугийн больницод ороод ирэв үү гэмээр. Арилжааны зорилгод ч шинжлэх ухаан мөн л нохойд барьдаг мод. Зэрэмдэг хүний нүүр харуулаад нэг тос түрхчихээр шаазан шиг болж байна гэнээ. Тураах, нүүр биеийн гажиг засах элдэв тос түрхлэг, эм тан цаашлаад хорт хавдар элэгний церроз гээд эмчлэхгүй юмгүй. Хүн малласан ийм рекламыг эрүүл газар бол хуулиар хориглодог юм шүү дээ. Зэрэгцээд сүлжээний бизнес гэгч бөөн “шинжлэх ухаан”! Энэ эмийг хийгээд Нобелийн шагнал авцгаасан л гэнэ. Нобель, Гиннэссийн ном гэж нэг хүн сүрдүүлдэг юм гараад ирж.  

Шинжлэх ухааны нэр баригчдад тоо шиг хамаагүй юм байхгүй. Гэтэл тоо л юмны үндсэн баримжааг өгнө. Амьдрал үүсээд 3.6 тэрбум жил, диназавр сөнөөд 65 сая жил болж байгаатай харьцуулахад хомо сапенс гэх ухаант хүн буй болсон ганцхан 100 мянган жил өчүүхэн бага хугацаа. Бүх хүний уугуул үүссэн цэг төв Африк. Бүх хүн төрөлхтөн тэндээс нүүж ирсэн, очсон. Хүн төрөлхтөн нэг гарал угшилтай. Заримыг нь тухайлан онцолж тэнгэр бурхан ивээсэн юм хаана ч байхгүй. Хүмүүс хоорондоо чөлөөтэй нэвтрэлцэх хэл буй болоод ердөө 15-20 мянган жил болжээ. Үндэстэн үүнээс хавьгүй хойно буй болсон. Энэ мэтчилэн шинжлэх ухаан аль хэдийнээ учрыг нь олоод тайлбарлачихсан энгийн үнэнг уул нь дунд сургуулийн программаар ойлгуулдаг юмсан. Луйварчид эдгээр баримжаа авч болохуйц тоонуудыг юу юу болгон донгосч явдгийг анзаараарай л даа.

Үргэлжлэл бий

2008.11.24

Categories
мэдээ спорт

Монголын баг цахим спортын тивийн аваргад өрсөлдөнө

Филиппиний цахим спортын байгууллагаас зохион байгуулж буй Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн ирэх есдүгээр сарын 12-нд Сөбү хотод болно.  Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд тамирчид косплэй, Dota 2 гэсэн төрлөөр аваргуудаа тодруулна.

Тэмцээнд Монгол, БНСУ, Энэтхэг, Индонези, Филиппин, Вьетнам, Шри Ланк, Малайз зэрэг орны баг тамирчид оролцоно. Манай улсаас “The MongolZ” баг оролцох юм. Монголын багийн ахлагчаар А.Ариунболор ажиллаж байгаа бол гишүүдэд Б.Энхбаяр, Н.Энх-Од, Ү.Төрмандах, Т.Тулга нар багтжээ. “The MongolZ” багийн хувьд Монголын шилдэг багуудын дундах халз тэмцээнд түрүүлснээр тивийн аваргад өрсөлдөх эрхийг авчээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр 81 кг, 63 кг-ын жингийн барилдаанууд болно

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Дэлхийн 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг жингийн аваргууд тодроод байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн -81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар дэвжээнд гарна. Эрэгтэйчүүдийн -81 кг-д 64 бөх, эмэгтэйчүүдийн -63 кг-д 41 бөх барилдана.

Тэмцээн Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхэлнэ.

Гурван өдрийн дараах байдлаар 15 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Япон улс дөрвөн алт, нэг хүрэл медаль, шагналт хоёр байртай тэргүүлж байгаа бол Монгол Улс нэг алт, нэг тавдугаар байр эзэлсэн амжилтаар удаалж байна. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.