Categories
мэдээ нийгэм

Бааварт хорих ял оноолоо

 “2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид Ш.Батбаяр нь цагдан хоригдож байхад тус ангийн В корпусын 2-ын 7 тоот тусгаарлах өрөөнд гал гарсан. Үүнээс болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагч Б.Өлзийбат, Э.Тамир, Х.Жигдэндан, Б.Цоггэрэл, В.Ганбаяр, Ц.Энхбат, Д.Батболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж,  2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тэгвэл дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хэргийг 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Өлзийбат, Э.Тамир, В.Ганбаяр, Ц.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгч Ш.Батбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн дугаар зүйлийн -ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр, шүүгдэгч Х.Жигдэндан, Д.Батболд,  Б.Цоггэрэл нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн  байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Тэрбишдагва сайдаа! “Лянь-Хө” рестораны хоолноос өт гарлаа (фото)

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лянь-Хө” рестораны хоолноос өт гарсан тухай мэдээлэл цахим орчинд гарч эхэллээ. Сүүлийн үед Хятад ресторануудаас энэ мэт элдэв зүйл гарч ирсэн тухай элдэв дуулиан дэгдэж зарим Солонгос хоолны газруудын амтлагчийг хийдэг Хятад иргэдийн үйлдвэрлэл явуулдаг газрууд нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаггүй байдал иргэдийн шүүмжлэлийг хүртсээр байгаа билээ.

Харин Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагвын мэдэлд байдаг Мэргэжилийн Хяналтын Газар хэмээг байгууллага энэ бүхэнд хяналт тавьж байх учиртай юм.

Categories
мэдээ нийгэм

“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн” нээгджээ

Монгол улсын эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г Мишээл экспо-д нээгдлээ.  Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх Э. Дөлгөөн, Шанхайн эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ву Чан Ли, Шанхайн мэдээлэл, зуучлалын байгууллагын ерөнхий захирал Чангдо Вой болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Эрүүл мэндийн сайд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, Монгол улсын эрүүл мэндийн салбарт технологийн шинэчлэлийг хийж тодорхой үр дүнд хүрч байгааг хэлсэн. Тухайлбал, Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх, перинаталогийн тусламж үйлчилгээг сайжруулахад технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, эхний үр дүнгээ үзээд байна. Энэхүү үзэсгэлэнгээс манай салбарын хүмүүс эмчилгээ, оношилгооний шинэ ололт дэвшлийг олж харна гэдэгт найдаж байгаагаа хэллээ. Тус үзэсгэлэнд танилцуулагдаж буй тоног, төхөөрөмж нь зөвхөн анагаах ухааны дэвшлийг таниулаад зогсохгүй Монгол улсад суурьших, нутагших ажлын нэг хэсэг болно. Монгол улсын эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног, төхөөрөмж байвал авч хэрэглэх талаар судлахаа мэдэгдлээ.

Гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд Олон улсын GE Healtcare, Metdronic, Covidien, Pentax, Nihon Kohden, Belimed AG, ERBE, Kangda, Boxun, Siling зэрэг эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 17 компани оролцож, технологийн дэвшлийг Монгол улсад анх удаагаа толилуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, нөхцөл бололцоог олгож буйгаараа онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” маргааш хаалтаа хийнэ

МОХ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран энэ оны долдугаар сарын 01-ээс наймдугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Оюутан цагдаа” нарыг ажиллуулсан юм. Энэхүү “Оюутан цагдаа” хөтөлбөр нь нийслэл хотод хүрэлцэн ирж байгаа жуулчид болон иргэдэд туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 44 чиглэлд 88 оюутан ажилласан байна. Дээрх хугацаанд Оюутан цагдаа нар нийтдээ 186 цаг ажилласан бөгөөд 600 гаруй мянган төгрөгийн цалин урамшуулал авсан байна. Манай улсыг зорин ирсэн жуулчид болон олон иргэд “Оюутан цагдаа” хөтөлбөрийн талаар ам сайтай байгаа билээ. Харин наймдугаар сарын 29-нд буюу маргааш ”Оюутан цагдаа” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болох юм. Дашрамд сонирхуулахад энэ жилийн “Оюутан цагдаа” хөтөлбөр ихээхэн амжилттай хэрэгжсэн тул тус хөтөлбөрийг ирэх жил хэрэгжүүлэхээр болж нийт 200 оюутныг хамруулан цар хүрээгээ өргөжүүлэн ажиллахаар бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Тооцооны төвийн эрхлэгчид хорих ял оноожээ

Дорнод аймгийн Булган сумын ХААН банкны тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа С.Гэрэлмаа нь хувийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 5.1 жилийн хорих ял оногдуулсан байна.

Тэрбээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.3.23 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтуудыг зөрчсөн, хуурамч зээлийн хувийн хэрэг бүрдүүлэн 15 хүний нэр дээр 45.700.000 төгрөгийн зээл гарган авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Уг гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн 21-р хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

БШУЯ-ны захиалгаар Сонгино хайрхан дүүргийн 21-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өглөө. Канад технологийн модон бүтэцээр баригдсан шинэ цэцэрлэг ийнхүү хүүхдүүдээ бүртгэж, хүлээн авахад бэлэн болсон байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хүн ам олноор суурьшсан, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодод 17 шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна. Харин яамны зүгээс өнгөрсөн хичээлийн жилд 5415 ортой 60 ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад оруулсан.2014 онд 12275 ортой 102 ЦЭЦЭРЛЭГ ашиглалтад оруулна гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагийн ажилтнууд гэрчилгээгээ гардан авлаа

Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Олон нийтийн цагдаагийн ажилтан”-ы эрх зүйн байдлыг хуульчилж өгсний дагуу хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах 190 иргэний судалгааг гарган, бүртгэж, долоодугаар сарын 30, 31-ний өдрүүдэд сэтгэл зүйн сорил болон хандлага тогтоох ярилцлагыг хийж, наймдугаар сарын нэгний өдөр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын долоодугаар сарын 28-ны өдрийн 485 дугаар тушаалаар Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлагдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвтэй хамтран сургалтыг 21 хоногийн хугацаатай, хоёр үе шаттайгаар тус төвийн байранд зохион байгуулж байна.

“Олон нийтийн цагдаагийн ажилтан” бэлтгэх нэгдүгээр шатны сургалтыг амжилттай төгссөн суралцагч нарт гэрчилгээ гардуулах арга хэмжээ Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвд боллоо.

Categories
мэдээ нийгэм

Дулаалгын аян 09 дүгээр сарын 15-наас эхэлнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах замаар дулаан хэмнэдэг зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Дулаалгын аян зохион байгуулах тухай” А/654 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Дулаалгын аянг 09 дүгээр сарын 13-наас 10 сарын 30-ны хооронд зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд Чингисийн талбай болон нийслэлийн дүүргүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг өвөлжилтийн бэлтгэл хангах, орон байраа дулаалах ажилд уриалж сурталчилгааны өдөрлөг болно. Мөн дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, өртөг багатай, шинэ дэвшилтэт технологийн амины орон сууцнуудын талаар тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгос эмч нар түлэнхийн дараах сорвийг эмчилнэ

ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт Солонгос Улсаас “Hangang Soo” эмнэлгийн Түлэнхий Пластик мэс заслын эмч нар түлэнхий болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үнэгүй үзлэг хийж зөвөлгөө өгнө. Үзлэг “Мөнгөн гүүр” эмнэлэгт болох аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Хүүхдийн эмнэлгийн нээлтэд оролцож үг хэлэв

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн
эмнэлгийн нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг 

“Эрхэм зочид, Эмч, сувилагч, ажилтнууд аа,

2011 онд “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв”
ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэн гуай монголчуудынхаа эрүүл мэндэд буян
болох санаачлага гаргаж, ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд
зориулан Хүүхдийн цусны эмгэг-хавдарын эмнэлэг барих болсон билээ.

Өнөөдөр Ажаа гэгээнтний санаачилсан буянтай
үйлс ажил хэрэг болж дотоод, гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстнүүдийн
хандив тусламжаар оношилгоо, эмчилгээ, хавдрын мэс заслын хэсэг, 25 ортой
нярайн эрчимт эмчилгээний, 50 ортой цусны эмгэг-хавдар судлалын тасаг,
сургалтын болон эмч мэргэжилтнүүд байрлах өрөө, тасгуудын онцлогт тохирсон
тоног төхөөрөмж суурилуулсан хоёр барилга бүхий эмнэлэг ашиглалтад орж байна. 3
сая гаруй ам. долларын хөрөнгө оруулалт хийж энэ сайхан эмнэлгийг барьж
ашиглалтад оруулж байгаа нь Ажаа гэгээнтний монгол хүний өгөөмөр сэтгэлийн
буянтай үйлс билээ.

 Ажаа
гэгээнтний энэхүү буянтай үйлсийг дэмжин миний бие санал гаргаж барилгын дотоод
засалд зориулан 400 сая төгрөгийг УИХ-аар батлуулж өгсөн. Мөн Ерөнхий сайд
Н.Алтанхуягийн санаачлагаар Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар
хамгийн сүүлийн үеийн Siemens брэндийн тоног төхөөрөмж бүхий хүүхдийн зүрхний
ангиографийн лабораторийг байгууллаа. Цаашид Австри улсын хөнгөлөлттэй зээлээр
компьютер томографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн
эмнэлгийн өргөтгөлийн барилга байгууламжийн гаднах зам, талбай, машины
зогсоолыг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр
“Гудамж” төслийн хүрээнд тохижуулж, Монголын залуучуудын холбооны санаачлагаар
залуучууд гадна талбайн тохижолт, цэвэрлэгээнд оролцсон байна.

Ажаа гэгээнтний санаачилсан Эх, хүүхдийн
эрүүл мэндийн төвийн энэхүү эмнэлэг өвчний учир зовж зүдэрсэн олон зуун хүүхдэд
энэрэл буянаа өгөх хүүхдийн зориулалттай орчин үеийн томоохон эмнэлэг болж
байгаад миний бие туйлын баяртай байна.

Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө
Таны хийсэн энэхүү буянтай үйлсийг Монголын төр, монголын ард түмэн хэзээч
мартахгүй.

Манай эмч, эмнэлгийн ажилтнууд Таны энэ их
үйлсээр боссон эмнэлэгт олон мянган бяцхан үрсийг эрүүл энх болгохын төлөө
бүхий л хүчин чадлаа зориулан ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Эрхэм Ажаа
гэгээнтэн Танд эрүүл энх, урт удаан наслахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нийт эмч, сувилагч, ажилтнууддаа ажлын амжилт
хүсье. Баярлалаа Та бүхэнд”