Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр чуулганы хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ

1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай, эцсийн хэлэлцүүлэг/:

– Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

2.Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, эцсийн хэлэлцүүлэг/:

– Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

3. Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:

– Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

4.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн 2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн  Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна;

– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

5.Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

– Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

6.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

7.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.

14.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар”.

Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн зарим чиглэл өөрчлөгдөнө

Энэ ням гаригийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.  Зургадугаар сарын 7-ны өдөр болох “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр 08-17 цагт Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын туннель дотогш автомашингүй бүс болгож, замын хөдөлгөөнийг хаана. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 37, хот орчмын 6 чиглэлд өөрчлөлт орж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Нарны зам, Их тойруугаар тойрч явахаар маршрут гаргасан байна.

Categories
мэдээ спорт

Марафон гүйлтэнд оролцогчдод өгөх зөвлөмж

Хэрэв Та ямар нэг архаг, хууч өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, 45-иас дээш настай бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна. Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах Зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу?

1. Өөрийн хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах

2. Гүйлтийн өмнө биеийн жингээ үзэх

3. Та өмнө нь хангалттай бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайд оролцох

4. Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс ууж, шингэн алдалтанд бэлтгэх

5. Архи, согтууруулах ундаа нь энергийн метаболизмыг өөрчилж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны урьд өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох.

6. Марафон гүйлтийн үед шингэн алдалтыг багасгах зорилгоор 20 минут тутамд 100-200 мл усыг замын хажууд байрлах үйлчилгээний цэгээс цангаагүй тохиолдолд ч уух

7. Гүйлтийн үед нарны тусгалын үйлчилгээг багасгах зорилгоор малгай өмсөх ба тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.

8. Гүйлтийн өдөр шинэ хувцас, ялангуяа гэмтэл, холголт үүсгэж болзошгүй тул шинэ гутал өмсөхөөс татгалзах

9. Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ заавал үзэж, өөрийн шингэн алдалтыг тооцоолох ба алдсан 1 кг тутамд 1 литр ус уух

10. Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа шууд сольж, өмсөхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн зарим чиглэл өөрчлөгдөнө

Энэ ням гаригийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.  Зургадугаар сарын 7-ны өдөр болох “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр 08-17 цагт Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын туннель дотогш автомашингүй бүс болгож, замын хөдөлгөөнийг хаана. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 37, хот орчмын 6 чиглэлд өөрчлөлт орж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Нарны зам, Их тойруугаар тойрч явахаар маршрут гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Башар Асад Ерөнхийлөгчөөр гурав дахиа сонгогдлоо

Сирид болсон Ерөнхий­лөгчийн сонгуулиар Башар Асад дахин ялалт байгууллаа. Тус улсын парламентын дарга Мохаммед Джихад Лахам ард иргэддээ хандан телевизээр үг хэлэхдээ Б.Асар хамгийн олон санал авсан тухай мэдэгдсэн байна. Сонгогчдын 89 хувь нь түүнийг дэмжсэн аж. Сирийн Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээлийн албаны даргын мэдэгдсэнээр өнгөрсөн мягмар гаригт болсон санал хураалтад нийтдээ 11 сая гаруй иргэн оролцсон байна. 

Ийнхүү Башар Асад гурав дахь удаагаа Сирийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа долоон жил. Гэтэл тус улсын зарим хэвлэлд бичсэнээр Үндсэн хуулийн цэцээс зарласан санал хураалтын дүн бодит байдалтай нийцэхгүй гэнэ. Учир нь сонгууль эрх баригчдын хяналтанд байгаа нутгуудад явагдсан байна. Харин сөрөг хүчний мэдэлд буй газруудад болоогүй гэнэ. 

Сирид болсон энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийн талаар тус улсын хэвлэлүүд дурдсан байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд анх удаагаа Б.Асадын гэр бүлтэй ямар ч хамаагүй  хоёр хүн нэр дэвшсэн байна. Тэднийг Засгийн газраас хүлээн зөвшөөрсний дагуу нэрийг нь дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Асад ялалт байгуулна гэдэг нь анхнаасаа тодорхой байсан гэнэ. Харин Сирийн сөрөг хүчнийхэн сонгуулийг ээлжит жүжиг хэмээн хүлээн зөвшөөрсөнгүй. Тэднийг дэмжигч барууны орнууд ч иргэний дайн болж байхад  санал хураалт явуулах нь зохисгүй хэмээн шүүмжилсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Сиритэй хил залгаа орших Ливанд саяхан айлчлахдаа Сирийн Ерөнхийлөгчийн сонгуулийг ямар ч утгагүй зүйл хэмээн шүүмжилсэн юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жүйс намой давай

Гаднаасаа түгжигддэг Бүргэд  хаалганаас хаширсан охин маань орсон гарсан болгонд “Тү аваа даяаа” гээд байсныг хожуухан “орчуулж” наргиан болж билээ. “Түлхүүрээ аваад гараарай” гэсэн уг нь маш хэрэгтэй захиасыг нь шал худлаа таацгаагаад …(Өнгөрсөн жил эгчтэйгээ хоёулхнаа гэр сахих зуураа хаалганы хоёр талд тусгаарлагдан онгойлгох түлхүүргүй хэдэн цаг болсон юм)    

Одоо тэр үеэ бодвол хаалгаа өөрөө очоод онгойлгочихно, “Монгол”-оор ус цас болсон л доо. Харин ойрмогхон “Жүйс намой давай” гэнэ үү бас нэг ойлгомжгүй хэллэг гараад ирэв. Гэр бүлээрээ институци  байгуулах нь холгүй ажиллаж “юу гэж байгаа юм, дахиад нэг хэлчих дээ” гэцгээлээ. Шалгалт хэмжээнээсээ хэтэрч гоё инээдэмтэй юм олж сонсохоор бүгд л хорхойсов.

Аливаа алдаа сургамж эхлээд инээдэм, давтагдвал эмгэнэл гэдэг юутай үнэн ажээ.

-Би дахиж хэзээ ч хэлэхгүй за. “Пидаа” минь??? гэдэг байна шүү. Юун инээдэм манатай. Та нарын хэн чинь хүүхдэд  энэ муухай үгийг заасан бэ? гэсэн ноцтой асуудал үүссэнээр “Жүйс намой давай”-н хэргийг бушуухан хаацгаав.  

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм

Алхаад Монгол улсад оршин суух үнэмлэх олгожээ

Өмнөд Монгол гаралтай Алхааг  Монгол улсаас албадан гаргах асуудал дэгдэж, Ч.Мөнхбаяр тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн түүнийг Монгол улсад үлдээхийн төлөө тэмцэл явуулж байсан билээ. Тэгвэл  өнөөдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж н.Алхаа болон тэмцэгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр н.Алхаад Монгол улсад оршин суух үнэмлэх олгосон байна. Цаашид Алхаад Монгол улсад байнга оршин суух, харьяат болох асуудал тавих эрх нь нээлттэй аж.

Categories
гадаад мэдээ

Украин хилээ хаажээ

Украины зүүн бүсийн Луганск, Донецкт үймээн самуун намжих төлөвгүй байна.  Салан тусгаарлагчид болон Украины цэргийн хүчний мөргөлдөөний улмаас маш олон энгийн иргэн амиа алдаад байгаа юм. Киевийн шинэ эрх баригчид дээрх бүс нутгуудын ОХУ-тай хиллэсэн хилийг хаахаар шийдвэрлэснийг “Украины мэдээ” агентлаг дамжуулав. Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Луганскийн төв хэсгийн, Донецкийн өмнөд хэсгээр ОХУ-тай хиллэдэг хилүүдийг хаана гэж мэдэгдсэн байна. Хилүүдийг хааснаар босогчид ОХУ-аас зэвсгийн тусламж авах боломжгүй болох аж. 

Categories
мэдээ нийгэм

Дундговийн Засаг дарга солигджээ

Дундговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 24-нд аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргаж, С.Од-Эрдэнийг Дундговь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлснийг Ерөнхий сайд хүлээн авч батламжилжээ. Харин тус аймгийн Засаг дарга асан С.Сүхбаатар Дундговь аймгийн ИТХ-ын шийдвэрийг хууль бус хэмээн үзэж ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзсан байна.Дундговь аймгийн Засаг даргаар томилогдсон С.Од-Эрдэнэ нь тус аймгийн Ардчилсан намын хорооны дарга юм байна. 

Categories
гадаад мэдээ

Хятадууд дэлхийн хэвлэлийн магнатуудын эгнээнд багтлаа

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч Топ-30 компанийн тоонд энэ жил Хятадаас анх удаа CCTV болон вэб үйлчилгээний Baidu компаниуд багтсан байна. ZenithOptimedia компаниас гаргадаг уг жагсаалтыг “Google” компани ашиг орлогоороо ард нь бичигдсэн “DIRECTV”-ийнхээс  47 хувиар тасарсан аж. “Google” түрүү жил мөн энэ жагсаалтыг тэргүүлсэн юм. Хятадын үндэсний телевизийн CCTV компани дэлхийн тэргүүлэгч 30 компанийн 23-т жагсч, “Facebook”-ийг ардаа орхижээ. Харин Baidu 28-д жагсаж, “Майкрософт”-ын өмнө бичигдсэн байна.  Мөн Бразилийн “Globo” телевизийн компани уг жагсаалтад хөгжиж байгаа орнуудын төлөөлөл болж багтжээ. 

Categories
мэдээ нийгэм

Нохойн үзэсгэлэн яармаг болно

Хүний үнэнч анд хэмээгддэг нохойг монголчууд сүүлийн жилүүдэд тэжээх нь элбэг болсон. Үүнтэй холбоотой тэмцээн уралдаан, сонирхолтой арга хэмжээнүүд ихээхэн зохиогдох болсон. Тэгвэл “Монголын нохой судлалын холбоо”, “Мишээл Групп” хамтран нохой болон түүний хоол тэжээл, дагалдах хэрэгслийн худалдаа, нохой үржүүлэгчид сонирхогчдыг хамарсан “Нохойн Үзэсгэлэн Яармаг-2014” арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг зургадугаар сарын 7,8-нд буюу энэ амралтын өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох бөгөөд нохой үржлийн газар, эмнэлэг, түүний хоол тэжээл, дагалдах хэрэгсэл зардаг хувь хүн болон байгууллага оролцох юм. Нохойнд хайртай, нохой сонирхдог, тэжээдэг хүн бүрт үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй гэнэ.