Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Огцруулах томилох хоосон хэрүүл ордонд оволзож, бүтээж бий болгох их ажил “Хүннү” хороололд өрнөж байна

Энэ удаа хоёр өөр газрыг сонгон өдрийн сурвалжлага бэлдлээ. Нэг
нь УИХ-ын чуулганы танхим. Нөгөө нь “Хурд групп” ХХК-ийн сүндэрлүүлж буй “Хүннү”
хорооллын бүтээн байгуулалт. Хан-Уул дүүргийн нутагт 25 га газрыг эзлэн орших том
хорооллын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа юм. Шийдвэр гаргагчид, баялаг бүтээгчдийн
нэг өдөр хэрхэн өнгөрч буйг харьцуулсан сурвалжлагыг таны өмнө дэлгэж байна. Та
ч гэсэн харьцуулж уншаад үзээрэй. 

 07.30
цаг:
Өчигдөр  өг­лөө­ний 07.30
цагт Төрийн ордны гадаа очлоо. Харуул хамгаалалтынхан хоёр талын хаалгаа онгойлгочихсон
зогсч байна. Албан хаагчид нь түрүү­чээ­сээ уван цуван ирж байгаа харагдана. Ордны
хоёр талын зогсоол дээр чамлахааргүй тооны машин тавьсан байхыг харвал ажил­чид
овоо ирсэн бололтой. Төрийн алба 08.00 цагт цугла­даг ёстой учраас гадаа 30 минут
хүлээгээд дотогш нэвтэрлээ.

08.00
цаг:
Сэтгүүлчдийн нэвтэрдэг голын хаалгаар орлоо. “Ийм эрт орох юм уу”
гэж хамгаалалтын ажил­тан гайхсанаа цүнхийг минь шалгаад явууллаа. Үүдэнд түүнээс
өөр ажилтан байсангүй. Дээшээ гарлаа. Замд хэн ч таарсангүй. АН, МАН-ын бүлгийн
хуралдааны  А, Б танхим байрладаг гол хонгилоор
явав. Гурав, дөр­вөн үйлчлэгчээс өөр хүн бай­сангүй. Тэдний зарим нь хив­сээ цэвэрлэж,
шалаа зүлгэж  байна. Зарим нь тоос шороогоо
арчиж байлаа. Цаа­шаа эргэтэл өөр нэг үйлчлэгч эмэгтэй ханаа арчиж байна. Та хэдэн
цагт ирсэн бэ гэхэд “долоо” гэж хэллээ. Зүүн талын хаал­ганы хамгаалалтын ажилтан
дээр очиж  “УИХ-ын гишүүдээс орж ирэв үү”
гэхэд “С.Бямбацогт гишүүн л ирсэн дээ” гэлээ. Энэ үед 08.00 цагтай уралдан “хуруугаа”
уншуулах гэсэн ажилчид яаран сандран цувсаар л байлаа.

Ингээд хоёрдугаар давхарт байрлах гишүүдийн хаалгыг  эхнээс нь татав. Нийгмийн бодлого, боловсрол соёл
шинж­лэх ухааны байнгын хороо буюу Д.Батцогт ги­шүү­ний өрөө нээлттэй бай­на. Гэхдээ
гишүүн алга. Байн­гын хорооных нь ажил­­тан ганцаараа сууж байлаа. Цаашаа Ц.Цолмон,
М.Сономпил, Б.Чойжилсүрэн, М.Батчимэг гээд бүгдийнх нь өрөө цоожтой. АН-ын бүлгийн
дарга Д.Эрдэнэбатын өрөө нээлттэй. Гэхдээ тэр ирээгүй байлаа. Цаашилбал Засгийн
газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг өрөөндөө ажлаа хийгээд зогсч байгаа
нь харагдав. 08.00 цаг: Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх утсаар яриад коридороор
явж байна.  Латвийн Ерөнхийлөгчийг хүлээж  авах бэлтгэлээ хангаж, хамгаалалтын ажилтнууд  ёслолд өмсдөг гоё хувцсаараа гангарсан зогсч байв.
Энэ үед Д.Оюунхорол гишүүн туслахаа дагуулан өөдөөс гарч ирлээ. Тэр үед цаг  08.30  болж
байв. Энэ цагт тус намын бүлэг даргынхаа өрөөнд хуралдахаар товлосон юм байна. Дээшээ
гуравдугаар давхарт гарлаа. Энэ давхарт Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараас
өөр өрөөндөө байгаа гишүүн байсангүй. Харин дөрөвдүгээр давхарт Шадар сайд  Д.Тэрбишдагваас өөр хүн ирээгүй байлаа. Гишүүдийн
ирц ийм байсан ч Төрийн ордны албан хаагчид өрөө өрөөндөө сууж ажлаа эхэлжээ. 

09.00 цаг: УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлдэг
цаг.  Танхимын үүдийг нээж гишүүдийг хүлээн
авахад бэлэн болжээ. Хамгийн түрүүнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танхим руу
орлоо. Араас нь Ц.Баярсайхан, Ш.Түвдэндорж, Д.Тэрбишдагва, Ц.Оюунгэрэл нарын гишүүд
цувлаа. Ардын намынхнаас Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ гээд түрүүлж ирсэн
гишүүд цөм бүлгийн даргынхаа өрөөнд оров. Тэднийг бүлгийнхээ хурлыг хийхээр цуглаж
байх хооронд Х.Тэмүүжин, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Р.Гончигдорж,  Ж.Батзандан, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, Л.Болд гээд
УИХ-ын бусад гишүүд чуулганы танхим руу орсоор байв. 

10.00 цаг: Хурлаасаа хоцорсон  МАН-ын бүлгийн гишүүд даргынхаа өрөө рүү цуварсаар
л.  Тэдэнтэй зөрөлдөн  Д.Арвин, Ц.Оюунбаатар, Н.Батбаяр, Г.Уянга, З.Баянсэлэнгэ,
Л.Гантөмөр зэрэг гишүүд чуулганы танхим руу орсоор л. Үндсэндээ хамгийн сүүлд сүүл
мушгисан гишүүд нь арван цагтай уралдан ирж байгаа нь энэ.  Танхимд байсан гишүүд Ардын намынхныг хүлээсээр
байлаа. 

10.16 цаг: Ардын намынхан бөөнөөрөө чуулганы танхимд
орж ирэв. Ирц ч сайн байлаа. Х.Баттулга, Г.Батхүү, Н.Батцэрэг, Ж.Энхбаяр, М.Сономпил,
Х.Наранхүү нарын цөөн гишүүдийн суудал эзгүй байв.  Ингээд хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цагийн
хойно эхэлсэн юм.  Хуралдааныг Р.Гончигдорж
гишүүн даргаллаа.  Тэрээр энэ өдөр хэлэлцэх
асуудлын дарааллыг танилцуулсан юм.  Галын
аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт
оруулах төсөл, Ш.Түвдэндоржийг сайдаар томилох эсэх, Өрийн удирдлагын тухай хууль
гэх мэтчилэн 12 асуудал байв. Үүнийг уншаад “хэлэлцэх асуудлаа батлах уу” гэхэд
нь  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эхлээд
Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцье. Тиймээс өнөөдөр
хэлэлцэх асуудлуудыг хойшлуулж өгөөч. Тэгэхгүй бол УИХ Дэгийн тухай хууль  зөрчөөд байна” гэдэг горимын санал гаргав. Хажуугаас
нь Ч.Хүрэлбаатар гишүүн “Монголын эдийн засгийн байдал хүнд байна.  Валютын ханш 1830 хүрээд явчихлаа. Н.Батбаяр сайдын
асуудлыг нэн даруй шийдмээр байна. Ний нуугүй хэлэхэд эдийн засгийн хөгжлийн сайдыг
огцруулчихвал байдал нэлээд сайжирна шүү. Ерөнхийлөгч зурагтаар Н.Батбаярыг эдийн
засгийн хямралын сайд гэж хэлж байна лээ. Ийм байхад энэ асуудлыг яагаад ярихгүй
байгаа юм” гэлээ. Араас нь М.Энхболд гишүүн “Өрийн удирдлагын тухай хуульд Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн заалтууд бий. Тиймээс үүнийг хэлэлцэж болохгүй,  өнөөдрийн дарааллаас хасах хэрэгтэй” гэлээ. Хариуд
нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Н.Батбаяр сайдын асуудлыг байнгын хороогоор хэлэлцээгүй
учраас чуулганаар ярьж болохгүй. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг  хэлэлцэхгүй тухай яриа байхгүй” гээд асуудлаа
хэлэлцэхээр алхаа цохилоо.  Тэгтэл Ардын намынхан
шаагилдаж эхлэв.

Р.Гончигдорж гишүүн
“Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэх боломжгүй. Тэгээд ч УИХ-ын даргын зөвлөлөөр
хэлэлцэх асуудлын дарааллыг шийддэг юм. Гэтэл УИХ-ын дарга алга. Харин Өрийн удирдлагын
тухай хуулиар гаргасан горимын саналаар чинь санал хураая” гэв. Ингээд санал хурааж
гишүүд дэмжсэнээр Өрийн удирдлагын тухай хуулийг энэ өдөр хэлэлцэхээргүй боллоо.
Тэгсэн ч Ардын намынхны санаа амарсангүй 
“Одоо чуулганаа зогсоогоод эдийн засгийн байнгын хороог хуралдуулж, Н.Батбаяр
сайдыг хэлэлцье” хэмээн хашгиралдсан учраас хэрүүл дэгдлээ. Д.Сумъяабазар гишүүн
“хууль зөрчихөө боль” хэмээн бусдаасаа онцгой орилж байв. Нөгөө талаас нь Д.Эрдэнэбат,
Г.Баярсайхан нарын гишүүд “Даргын зөвлөл хуралдаж байж байнгын хороог хуралдуулна”
гэлээ. Тэгэхэд нь Ц.Нямдорж гишүүн “даргын зөвлөлөөс чинь өмнө хууль байдаг юм за”
хэмээн том дуугарав. Энэ үед хурал даргалагч “асуудлаа хэлэлцэж эхэлье, Ерөнхий
сайдыг индэрт урьж байна” гэлээ. Ерөнхий сайд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр
дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг танилцууллаа. Гэвч Ардын намынхан түүнийг тоож байгаа
шинж алга. Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцсэнгүй хэмээн бухимдаж,  Р.Гончигдорж гишүүнтэй заргалдсаар байлаа. С.Бямбацогт
гишүүн “Тэгвэл манай бүлэг Ш.Түвдэндорж гишүүний асуудал дээр завсарлага авъя” гэхэд
нь Р.Гончигдорж гишүүн  “Дэгийн хуулийн дагуу
завсарлага өгч болохгүй. Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх нь хугацаатай
учраас ийм зүйл дээр завсарлага өгдөггүй юм” гээд хүлээж авсангүй.

10:45 цаг: Н.Алтанхуяг сайдын танилцуулга  дууслаа. Үргэлжлээд завсарлагын тухай хэрүүл өрнөв.  С.Бямбацогт гишүүн завсарлагаа авна гэдгээ дахиад
хэллээ. Нөгөө талаас Д.Эрдэнэбат гишүүн “Энэ одоо хэн юм бэ” хэмээн хуруугаараа
чичлэхэд С.Бямбацогт гишүүн “Чи өөрөө хэн юм” хэмээн том дуугарцгаав. Үүнийг хурал
даргалагч  тоосонгүй “Засгийн газрын гишүүнийг
томилох асуудлаар Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дүгнэлтийг
Г.Баярсайхан гишүүн танилцуулна” хэмээн зарлав. Тэгтэл Д.Оюунхорол гишүүн ширээгээ
нүдэж эхэллээ. Түүнийг дагаад Д.Хаянхярваа тэргүүтэй Ардын намын залуу  гишүүд бөмбөр нүдэх мэт ширээгээ балбалаа. Ардчилсан
намынхан тэднийг гайхан харж “Яагаад байгаа юм бэ” хэмээн хэлэх нь сонсдоно. Нүргээн
намжсаны дараа Г.Баярсайхан гишүүн танилцуулгаа уншиж дуусгав. Дараа нь гишүүд асуулт
асуухаар болж, Ардын намынхан бүгдээрээ кноп дарав. Самбар дүүрэн гарсан нэрийг
хараад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Асуух зүйл байхгүй байж, бүгдээрээ дайрч
гэнэ” хэмээн уурлаж, хурлын танхимыг хаяад гарав. 

Хамгийн эхэнд УИХ-ын
гишүүн М.Энхболд “Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг 30 хоногт шийдэх
ёстой гээд одоо хэлэлцэж байна. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг долоо
хоногийн дотор хэлэлцэх байтал яагаад хэлэлцэхгүй байгаа юм. Алийг нь хугацаанд
нь хэлэлцээд, алийг нь хугацаанаас нь хэтрүүлж хууль зөрчдөг юм бэ” гэхэд УИХ-ын
гишүүн Р.Гончигдорж “хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой зүйл асуу” гэсэнд тэрээр
уурлаж “Та удирдаж байгаа юм бол дэгийнхээ дагуу удирд. УИХ-ын гишүүдийн юу асуухыг
заах эрхгүй шүү. УИХ Засгийн газарт хяналтаа тавьж чадахгүй байна. Яагаад гэвэл
УИХ-ын 17 гишүүн сайд байна. Ерөнхийлөгч дан дээлтэй болгоё гээд оруулж ирж байхад
та нар яагаад эсэргүүцдэг юм. Ерөнхийлөгчтэйгээ нэг байр суурьтай байж чадахгүй
байгаа юм уу” хэмээн ярихад нь С.Эрдэнэ гишүүн өөдөөс нь чанга дуугаар сөргүүлэн
хэрэлдэв.  Тэрээр “Насаараа өмхийртөл давхар
дээлтэй явчихаад та нар одоо юу яриад байгаа юм” гэлээ.  М.Энхболд гишүүн “өмсч байсан дээлээ дааж байсан
юм. Улс орноо хөгжүүлж байсан юм аа за юу. Та нар шиг унагааж,  нурааж байгаагүй юм” гэв. Хариуд нь С.Эрдэнэ сайд
“Шившигтэй юмнууд та нарын хийсэн юм гэж юу байдаг юм” гэхэд М.Энхболд гишүүн “чиний
хийсэн юм хаана байгаа юм” гэх мэтээр хэрэлдлээ. Тэдний хэрүүлийг тасалж Г.Баярсайхан
гишүүн “Наадмын маргааш  намар гэдэг дээ.
Бүгдээрээ ажил ярьцгаая” гэж байлаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Давхар дээлийн
тухай хуулийг Ерөнхийлөгч 2016  оноос хэрэгжүүлье
гэсэн юм. Гэтэл та нар 2014 он болгож, засгийг бужигнуулах арга хэлбэр болгон хувиргасан
шүү дээ. Хаваржингаа энэ тухай ярьсан учраас одоо болъё л доо. Олон хүн биднийг
хараад сууж байна. Бүгдээрээ ажил ярья” гэв. Гэх мэтчилэнгээр Ардын намын асуулт
асуусан гишүүд цөм энэ сэдвийн хүрээнд үг хэлцгээж байлаа. Бүгдийнх нь санаа ажил.
Ерөнхий сайдын хариулт ч өмнөхөө давтаж байсан тул энд нуршилгүй орхиё.  МАН-ынхан асуулт гэхээсээ илүү саналаа хэлцгээж,
эрх баригчид руу дайрч байв.

11:24 цаг: Асуулт үргэлжлэв. Ч.Хүрэлбаатар гишүүн
“Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү шилжинэ гээд байгаа. Гэтэл Ерөнхий сайд
үүнээс өөр бодолтой байгаа юм шиг байна. Энэ чинь ам ажлын зөрүү биш үү. Эдийн засаг
хүнд байгаа учраас бүсээ чангална гээд байдаг. Гэтэл Бразил руу  төсвийн мөнгөөр баахан дарга нар явж хөлбөмбөг
үзэх гэж байна. Энэ чинь ам ажлын зөрүү шүү дээ. Эрх зүйн шинэчлэл хийнэ л гээд
байдаг. Тэгсэн  шоронд хүн үхэж байна, үхсэн
хүнийг шүүж байна. Энэ чинь тэгээд шинэчлэл юм уу. Эдийн засгийн хөгжлийн саадыг
огцруулъя гэхээр хэлэлцэхгүй юм. УИХ хуулиа зөрчөөд байна шүү дээ” хэмээн хэлэв.
Энэ үед  Н.Батбаяр сайд бодол болон шанаагаа
тулж суулаа. Харин чуулганы танхимд 16 гишүүн сууж байсан юм. Тэдний ихэнх нь Ардын
намынхан байв. Харин  12.00 цагт Ерөнхий сайд
Латвийн Ерөнхийлөгчтэй уулзахаар гишүүдээс “чөлөө” авч гарав. 

12.35 цаг: Эзгүйд нь Ц.Нямдорж гишүүн Ш.Түвдэндорж
гишүүнд хандан “Нэр хугарахаар яс хугар гэдэг юм. АН-д чамаас өөр сайхан сайхан
залуучууд бий. Тэдэнд зай тавиад өгчихгүй яасан юм зайлуул. Чи байнгын хорооны дарга
болоод нэг жил огт үзэгдээгүй алга болсон шүү дээ. Нэхэл дагал болж байж авчирсны
дараа овоо гайгүй болсон. Ийм хүнийг яаж сайд болгох юм. Х.Баттулга хариуцлагагүй
байсан. Одоо Х.Баттулгаас долоон дор  нөхрийг
сайд болгох гэж байна.  Түвдэндорж хөдөө аж
ахуй, мал мэдэхгүй. МоАХ гэж далдганахаас өөр юм мэдэх үү. Улс төрийн тохироогоор
та нар энэ хүнийг оруулж ирж байгаа биз дээ. Энэ луйврыг чинь хэлэх вий гэхээс айсандаа
АН-ынхан хурлаас гараад явчихлаа” хэмээн хэллээ. Ингээд үдээс өмнөх чуулган завсарлав.

14.00 цаг: Үдээс хойших чуулган эхлэв байв. Гэсэн
ч гишүүд ирсэнгүй.

14.26 цаг: Н.Энхболд гишүүн хамгийн түрүүнд чуулганыхаа
танхим руу орлоо. Араас нь Ж.Энхбаяр, Б.Гарамгайбаатар, Л.Цог, Б.Болор, Ш.Түвдэндорж
гэх зэргээр цувсаар чуулганы хуралдаан яг 15.00 цагт эхэллээ.

15.00 цаг: Ө.Энхтүвшин гишүүний асуултаар эхлэв.
Түүний дараа Н.Энхболд гишүүн “Олонхийн араншин парламентын ардчиллыг булшилж байна.
Ерөнхийлөгч одоо дуугарах цаг болсон. Яагаад бидэнд засварлага өгсөнгүй вэ” гэх
мэтээр асуулт өрнөлөө. Өөртэй нь холбоотой асуултуудад Ш.Түвдэндорж гишүүн  “Намын шийдвэрээр намайг нэр дэвшүүлсэн. Тийм
учраас яамныхаа бодлогыг үргэлжлүүлж сайн ажиллана” хэмээн хариулж байлаа.

16.00 цаг: Асуулт хариулт дуусч, гишүүд үг хэлэв.
Г.Баярсайхан гишүүн “Ардын намынхан өнөөдөр УИХ, Засгийн газрын ажилд чөдөр тушаа
болж байна шүү дээ. Ашигт малтмалын хууль, Газрын тухай хуулийг та нар  гацааж байна. Тиймээс одоо ажил ярьцгаая” гэв.
Ж.Батзандан “Сөрөг хүчний хартай авгай шиг зан хэрээс хэтрээд байна шүү. Дэлхийд
сөрөг хүчнийг хоёр хуваадаг. Бүтээгч, нураагч гэж. Ардын намынхан бүтээгч сөрөг
хүчин байж хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ. Харин Б.Болор гишүүн “Эцэс төгсгөлгүй
улс төрөө болиоч гэж хөдөө орон нутгийнхан бидэнд хандаж хэлж байна лээ. Тэрнээс
биш  дан давхар дээлийн тухай хүмүүс ярихгүй
байна. Тиймээс үүнд цэг тавьж ажил ярьцгаая. Түвдэндорж гишүүнийг дэмжиж байна.
Ажлын амжилт хүсье” гэсэн юм. Ц.Нямдорж  гишүүн
“Х.Баттулга сонинд ярилцлага өгчээ. Түүний хэлсэн үгийг энд уншиж өгье. “Тодорхой
юм нь Монгол элгээрээ хэвтсэн. АН Элбэгдоржийг сонсохоо байсан” гэх мэтээр хэлсэн
байна. Үүнийг бид хэлээгүй та нарын дунд байсан нөхөр чинь сонинд ингэж ярьсан байна
шүү.  Олонхи болсон 45 нөхөр ер нь юу хийгээд
байна аа. Ард түмнээ сонсохоо байж.  Нам доторх
шударга дуугарсан нөхдүүдээ тоохоо байж. Өөрсдийнхөө талд нэг кноп авчрах нөхрийг
сайд болгох гээд энд шараа болгож байна. Тиймээс үүнд чинь Ерөнхийлөгч хориг тавих
байлгүй. Тавихгүй бол түүнийг худлаа жүжиглэж байжээ гэж үзье” гэв.  Дараа нь Н.Алтанхуяг сайд “Ерөнхийлөгч бид хэдийг
зөрчилдүүлэх гээд байх шиг байна.Давхар дээлийг 2016 оноос тайлуулъя гэж хууль оруулж
ирснийг нь та нар 2014 болгох гээд байхаар чинь больсон шүү дээ. Өнөөдөр статистик
мэдээллийг харахад муу ч мэдээ байна. Сайн ч байна. Энэ бүхнийг бодитой харж асуудлаа
ярьцгаая” гэсэн юм.  Ингээд төгсгөлд нь хоёр
намын бүлгийн дарга үг хэлснээр Ш.Түвдэндорж гишүүнийг үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар
томилох уу гэдгээр санал хураав. Тэгэхэд нь Ардын намынхан санал хураалтад оролцохгүй
гэлээ. Гэсэн ч олонхи бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралд сууж байсан тул Ш.Түвдэндоржийг
85 хувийн саналаар Үйлдвэр хөдөө аж ахуй сайдаар дэмжив. Дараа нь Галын аюулгүй
байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэхэд нь 
Ардын намынхан “Өнөөдөр хэлэлцэх бүх асуудал дээр тав хоногийн завсарлага
авч байна” гэснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө. Р.Гончигдорж гишүүн “Маргаашийн
/өнөөдөр/ чуулганаар шинэ  төсөл л хэлэлцэх
байхдаа. Өнөөдрийн /өчигдөр/ бүх асуудлаар завсарлага авчихлаа” гэсээр хоцров.

17.00 цаг: Чуулган өндөрлөж, Засгийн газрын хуралдаан
оров. Шинэ сайдын томилгоотой холбоотой бэлгэдлийн чанартай хурал хийнэ гэсэн албан
бус мэдээлэл байлаа.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

07.30
цаг:
Маршалын гүүрний наахна зам дагуу байрлах томоо гэгчийн хашааны
үүдэнд хүмүүс аль хэдийнэ бужигнаад эхэлчихэж. Энэ хашаан дотор “Хүннү” хорооллын
барилгын ажил өрнөж байгаа юм. Дотогш нэвтрэхээр дугаарласан ажилчдаас гадна машинууд
ч орох ээлжээ хүлээн эгнэцгээжээ. Машинтай ажилчдын өмнө нийтийн унаагаар ирсэн
ажилчид хашаа руу орж эхэллээ. 18 барилга сүндэрлэж буй энэ том хороололд 27 компанийн
1370 гаруй хүн ажиллаж байгаа аж. Ийм олон хүнийг шалгаж нэвтрүүлнэ гэдэг амаргүй
ажил бололтой. Хашааны завсраар сонирхож харвал зарим ажилчид нь дасгал хийж харагдана.
Хажууд зогссон залуу “Эрт ирсэн ажилчид 07.45 цагаас дасгал хийдэг юм” гэж тайлбарлав. 

08.05 цаг: Ажилчдын цуваа сая л нэг татрав. Тэдний
завсар зайгаар машинуудыг шалган оруулж байсан юм. Зөвхөн энд ажилладаг хүмүүсийн
машин л барилгын талбайд орох эрхтэй аж. “Хүннү-2222” төслийн менежер Х.Тогтох бидэнд
газарчиллаа. Хашаагаар оронгуут баруун гар талд эгнэсэн байрнууд ажилчдын кэмп гэнэ.
Зүүн гар талын цэлийсэн том хашаанд ороож бэлдсэн, элдэв янзын хэлбэр дүрстэй  баахан төмөр өржээ. Төмрийн хавиралдах чимээ,
техникийн жигд хүнд дуу нүргэлсэн энэ хашааг Х.Тогтох “Арматурын үйлдвэр” гэж тайлбарлав.
Өглөө, өдөргүй хоёр ээлжээр ажилладаг гэнэ. Хашааны үүд хавиар ажилчдын машиныг
эгнүүлжээ. Лав л 200 гаруй машин байгаа бололтой.  Инженерүүдийн өрөөгөөр орлоо. Нэг орос хүн компьютер
тогшин сууна. Жога Владимирович нэлээд эрт долоо өнгөрч байхад  иржээ. Энэ төсөл дээр орос инженерүүд сантехник,
цахилгаан, хөрсний  усны асуудал дээр зөвлөгөө
өгөн ажиллаж байгаа гэнэ. Энэ өрөөнд монгол, орос, солонгос инженерүүд тохой залган
суудаг юм байна. ”Хүннү” хорооллын архитектур, төлөвлөлт талын зөвлөгчид нь солонгосчууд
аж.

 

08.30
цаг:
Хөдөлмөр хамгааллын сургалтын өрөө бол бидний орсон хоёр дахь газар.
Хичээлийн танхим маягаар тохижуулсан энэ өрөөнд дөрвөн хүн ажилладаг аж. Хөдөлмөр
хамгааллын албаны дарга Н.Даваажав гав шав хийсэн, хөнгөн шингэн гэж жигтэйхэн хүн
юм. Биднийг ороход  “Вестерн консол”-ын кранист,
инженер хоёр сургалтад сууж байв. Биднийг байхад байсгээд л хүмүүс шагайх юм. Шинэ
ажилчдаа сургалтад хамруулах, шаардлагын хариу өгөх гээд өчнөөн шалтгаантай улс
энэ өрөөгөөр тасралтгүй орж гардаг нь хагас цаг байхад л мэдрэгдсэн.

09.00
цаг:
“Одоо Ким ирсэн байх. Бүгдээрээ инженерүүдийн өрөөгөөр дахиж нэг
ороод барилгын талбай руу явъя” гэсэн Х.Тогтохын зөвлөгөөг дагав. Ингэж зөвлөсөн
нь ч учиртай байж. Инженерүүдийн өрөөнд Кимээс гадна хоёр солонгос сууж байна.
“Хурд”-ынхан “Хүннү” хорооллоо солонгос загвараар барьж байгаа аж. Кимээр хорооллын
талаар баахан яриулав. “Хүннү”  хороололд
ямар ч машин оруулахгүй юм байна.Түргэний, галын машин л орох эрхтэй. Гэртээ нүүж
ирж байгаа ч юм уу, энэ хорооллоос нүүх айл ачааны машин оруулж болно, бусад тохиолдолд
“no”  гэнэ. Учир нь хорооллын  доор машины зогсоолыг шийджээ. Бүр хоёр давхрыг
тэр чигт нь  машины зогсоол болгохоор төлөвлөчихөж.
Нэг айлд 1.5 машины зогсоол ногдоно гэж Тогтох яриандаа оролцов. Нэгдүгээр ээлжийн
1416 айлын дунд гэхэд л 1810 машины зогсоол төлөвлөжээ. Тэгэхээр энд байр худалдаж
авсан хүмүүс хүүхдээ айх аюулгүйгээр гадаа тоглуулж болох нь. Солонгос загварын
жишиг хороолол гээд байгаагийн учир  нь энэ
аж. Өөр нэг зүйл сонирхуулахад хорооллын айл бүрд өдөрт 3-5 цагийн хугацаанд заавал
нар тусч байхаар архитектурыг нь шийдсэн гэсэн. Бас гарааш байрлах доод талын хоёр
давхарт  тагтан дээрээ овоолдог элдэв зүйлсээ
хийж болох өрөөнүүдийг төлөвлөжээ. Монголоор бол амбаар маягийн үүрэг гүйцэтгэх
эд бололтой. Энэ мэт хэрэглэгч рүүгээ хандсан эерэг шийдлүүдийг хангүгчүүдээс хуулжээ.
“Монголдоо бол анх удаа хэрэгжүүлж байгаа шийдлүүд” гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж
байна лээ.

09.30
цаг:
Инженерүүдийн өрөөнөөс  гараад
барилгын ажил өрнөж буй талбай руу зүглэлээ. Кэмпээс бас ч гэж хол зайтай юм. Наана
нь дахиад арав гаруй барилга сүндэрлэх гэнэ. Барилга сүндэрлэх талбайн наахна гэхэд
л материалын агуулах, бетон зуурмагийн үйлдвэр нэлээд талбайг эзлэн оршино. Барилгын
ажил өрнөж буй хашааны үүдэн хэсгээс л их ажил өрнөж байгаа гэдэг нь илт. Барилгын
материал ачсан портерууд тасралтгүй хөлхөнө. 
Төмөр нүдэх, ямар нэг юм өрөмдөх, алх тогших зэрэг олон янзын авиа нэгдэхээрээ
яаж сонсогддог  билээ. Яг тийм сүртэй дуу
чимээ биднийг угтлаа.

10.00
цаг:
Бидний анх орсон хэсгийг Х.Тогтох “Машины зогсоол болно” гэж тайлбарлав.
Тэнд хорь орчим хүн ажиллаж байна. Нэг хэсэг нь элс зөөж, нөгөө зарим нь шавар зуурч,
хоёр, гурван хүн гагнуур хийгээд завгүй. Сантехникийн хоолой угсрах ажил хийж байгаа
гэнэ. Мөн тэнд “ЧУЗ” компанийнхан “Хүннү” хорооллын салхивчны хоолойнуудыг элдэв
хэлбэрээр нь хийж өгч байна. Арав гаруй залуу төмөр нүдэж, зүсэж, давтаж сэхээ чөлөөгүй
ажиллацгаана. Тэд биднийг очдогийн өмнөх өдөр гэхэд л зуу гаруй ийм хоолой хийжээ.

11.00  цаг: Гараашны дунд хэсэгт  уртаа гэгчийн хоолой маягийн зүйл харагдав. Монголд
хамгийн урт буюу 300 метр туннель энд баригдах юм байна. Оршин суугчид энэ туннелээр
дамжин гарааш руугаа орж машинаа байрлуулах аж. Хамгийн доод давхрын буюу B1 давхарт
байрлах гараашийн ажил бас ид өрнөж байв. Гурван ч газар гал өрдөж дээр нь поошиг
тавьчихаж. Замын хар хайлуулж байгаа бололтой. “Үерийн усны хамгаалалт хийхэд ашиглана”
гэж гал өрдөж буй бүсгүй тайлбарлав.

12.18
цаг:
Хороолол руу орох гарц нь их том, загвар нь ч хөөрхөн санагдав.
Энэ гарцаар оршин суугчид машинтайгаа орох боломжгүй, шууд гаднаасаа туннелээр дамжин
машинаа зогсоолд тавих юм билээ. Гарцан дээр арав орчим хүн ажиллаж байна. Гагнуур,
шавардлага гээд ажил ч өрнөж байнаа. Хорооллын 
гадна талбайд дөрвөн эгнээтэй хоёр урсгал бүхий засмал тавихаар төлөвлөжээ.
Хорооллын урд талд сүндэрлэсэн байрны шатаар дээш өгслөө. Хог хаядаг бункерийн хэсэгт
хоёр нүх гаргасан нь экологид ээлтэй шийдэл гэнэ. Нэг хоолойгоор  нь дахин боловсруулах, нөгөөхөөр нь энгийн хог
хаях зориулалттай аж. Усны хоолойг гэхэд л хаягдал усыг дахин ашиглах боломж бүхий
шийдлээр хийжээ. Энэ шийдлээ төсөл хэрэгжүүлэгчид “Алсаа харсан, байгальд ээлтэй”
гэж тайлбарласан. Дахиад дээшиллээ. Энэ байрны дотоод заслыг “DP construction” компани
гүйцэтгэж байгаа юм билээ. Биднийг очиход тус компанийн захирал Болдсүх ажлаа  сонирхуулав. Тэдний дотоод заслыг нь хийж байгаа
дөрвөн өрөө байрыг сонирхлоо. Өрөөнүүдийн зохион байгуулалт нь дажгүй, зочны өрөөний
цонхны урт нь гэхэд л гурван метр, өндөр нь бараг хоёр метр шахуу юм. Гал тогооны
өрөөний цахилгааны утсыг хүртэл хийчихэж. Энэ байрыг шинэ жилээс өмнө ашиглалтад
оруулахаар ажиллаж байгаа аж. Компанийн зүгээс Хүннү хорооллын эхний ээлжийн орон
сууцнуудыг ирэх хавар гэхэд ашиглалтад бүрэн өгөхөөр ажиллаж байгаа юм билээ. Болдсүх
“Манайх зөвхөн дотоод заслаа л хариуцна. Гадна засал, цахилгаан гээд компаниуд тус
тусдаа үүрэгтэй ажиллаж байгаа болохоор барилгын ажил илүү хурдтай, чанартай явагдаж
байна” гэж ярилаа. Хана нь бүрэн цутгамал учраас газар хөдлөлтөд тэсвэртэй, тулаас
баганагүй учраас өрөөнүүд нь илүү саруулхан харагддаг гээд олон давуу талтай гэнэ.
Болдсүх Х.Тогтохоос ханы обойгоо авчирсан эсэхийг сонирхохыг бодоход байр ашиглалтад
орох хугацаа тун дөхжээ.

13.00
цаг:
Цайны цаг эхлэхэд барилгын талбай нэг хэсэгтээ эзгүйрэв. Гэхдээ
ээлжилж явдаг бололтой, цөөн хэдэн хүн барилгын талбай дээр үлджээ. Төсөл дээр ажилладаг
компани бүр тус тусдаа хооллоцгоодог юм байна. Портерын тэвшин дээр савтай хоол
авчирч ажилчдадаа хооллох компани ч харагдсан. Ихэнх нь ажилчдын кэмпэд хооллоцгоолоо.

14.00
цаг:
Дахиад л алх, өрөм, гагнуурын дуу хадаж эхэллээ. Энэ удаа хяналтын
инженер Д.Дүгэр, Н.Өлзийсайхан хоёроор газарчлуулав. Бетон цутгалт яаж хийдгийг
сонирхохоор хорооллын баруун захын байрны лифтээр дээшлэв. Лифт гэдэг нь бидний
мэддэг орцон доторх цахилгаан шат биш. Барилгын гадна талд байрлуулсан, хүнд жинтэй
барилгын материалуудыг дээш нь зөөх зориулалттай лифт  юм. Хоёр тонн ачааг өлхөн зөөх чадалтай энэ аварга
лифтээр дээшилж арванхоёр дугаар давхарт гарлаа. Тэндээсээ хорин давхар руу явганаар
өгслөө. Дээрээс харахад Туул орчмын тэр бүсэд барилгын ажил хаа сайгүй өрнөж байна
аа. Эднийх бетон цутгалтандаа мөн л шинэ технологи нэвтрүүлчихэж. Солонгосчуудын
2007 оноос хэрэглэж эхэлсэн орчин үеийн технологи гэнэ. Солонгосоор бол ягир гэдэг
аж. Англи нэр нь гангформ юм билээ. Хар үгээр зүйрлэвэл гадна талд нь төмөр, дотор
талд нь хөнгөн цагааныг нийлүүлж угсраад бетоноо цутгадаг юм байна. Энэ хэв хашмалын
онцгой давуу тал нь  бүрэн угсрахад л барилгын
нэг давхрыг нэг дор бетоноо цутгах боломжтой гэнэ. Давхар давхраар нь ингэж өрөөд
явахад барилга барина гэдэг тийм ч асуудал биш бололтой. Доод давхруудад бетон зуурмагаа
краны тусламжтайгаар хүргэдэг бол дээд давхрынхыг хөнгөхөн хялбар аргаар шийджээ.
Доороос нь тусгай хоолой гүйлгээд хүчтэй даралтаар шахахад л хорин давхрыг тэр чигт
нь бетондчих боломжтой юм билээ.

15.00
цаг:
Хорин давхар дээрх бетон цутгалтын ажлыг сонирхсоны дараа хотхоны
зохион байгуулалттай танилцахаар доошлов. Хотхоны дунд сүндэрлэх  хоёр давхар цэцэрлэгийн барилгын бетон цутгалтын
ажил дуусчээ. Дотоод заслынхаа ажилдаа аль хэдийнэ орсон бололтой, ачааны машинууд
барилгын материал зөөж, буулгаж харагдав. Цэцэрлэгийн барилгыг худалдаж авах хүнд
хотхоны хүүхдүүдийг цэцэрлэгтээ хамруулах, боломжийн үнээр хүүхдүүдэд үйлчлэх гэсэн
шаардлага, шалгуурыг компанийн зүгээс тавих юм билээ. Хоёрдугаар ээлжийн орон сууцнууд
баригдах үед сургуулийн барилгын ажил эхлэх юм байна. Энд мөн номын сан, ахмадын
чөлөөт цагаа өнгөрүүлэх төв ажиллана гэж төслийнхөн ярьсан. Бетон цутгалтын ажил
нь ид өрнөж байгаа юм байна. Хажуугийн байрны гадна фасадын ажил эхэлжээ. “Хорооллын
дундах талбайд гурван метр хэрийн хөрс асгаж зүлэгжүүлнэ, мөн тоглоомын талбай байгуулна”
гэж Х.Тогтох сонирхуулав.

16.00
цаг:
Инженерүүдийн өрөөнд эргэж ирлээ. “B1 хэсгийг ингэнэ, F1 хэсгийн
хувьд… “ гэж ирээд мэргэжлийн яриа өрнөсөн энэ өрөөнд хэсэг саатав. Инженерүүдтэй
зөвлөлдөх гэсэн хүмүүсийн хөл татрах шинжгүй. Тухай бүрд нь асуудлыг шийдээд гаргах
юм. Инженерүүд өндөр хяналттай ажилладаг нь илт. Биднийг газарчилсан хяналтын хоёр
инженерийн үүрэг нь гүйцэтгэгч компаниудыг ажлаа яаж хийж байгааг хянах юм билээ.
Ким гэхэд л шавардсан хэсгийг шалгаад замаскдах эсэхийг хүртэл шийддэг бололтой
юм. Сонирхуулж хэлэхэд инженерүүдээс нэг шинэ мэдээ сонсов. Давхар бүрд дуу тусгаарлагч
хийж өгөх гэнэ. Дээд айл нь их дуу чимээ гаргасан ч доод айлд нь сонсогдохгүй гэсэн
үг. Мөн л солонгос технологи гэнэ. Өнөө хэрэглэгчдэдээ ойртсон шийдэл “Хүннү” хороололд
энэ мэтээр өчнөөн байх бололтой дог шүү. 

17.00
цаг:
Нэгдүгээр ээлжийн 18 барилгаас гадна хоёрдугаар ээлжийн барилгуудаас
хоёр ч орон сууцны суурийн ажил эхэлчихсэн бужигнаж байгааг газар дээр нь очиж харав.
“Хурд групп”-ийнхэн одоогийн байдлаар 7000 орчим айлын орон сууц ашиглалтад оруулжээ.
“Алдаан дээрээсээ суралцаад ажлаа илүү чанаржуулахын төлөө явж байгаа” гэж ярих
хүн олон байв.  Зуун хувь Монголын хөрөнгө
оруулалттай энэ компанийн “Хүннү-2222” төсөл дээр ажиллаж байгаа 1300 гаруй хүний
жар, дал нь л гадныхан, бусад нь монголчууд гэсэн. “Хүннү” хорооллын барилгын ажил
өрнөж буй цэлгэр том хашаанаас 05.15 цагийн үед гарахад тэдний ажил дуусаагүй байв.
Өглөө наймаас ажлаа эхэлсэн барилгачдын ажил орой наймаас дуусна. Арматур, бетон
зуурмагийнхны хувьд шөнийн ээлж нь ажилдаа ирнэ. Тэр хашаанд  барилгын бүтээн байгуулалтын ажил өдөр, шөнөгүй
өрнөж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагчдыг арай эртнээс мэдсэн бол…

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлынхан өчигдөр Бразил, Куба улсыг зорилоо. Тэд эдгээр улсад арав хоногийн хугацаатай айлчилж, туршлага судлах юм гэнэ. Нийтдээ 18 хүний бүрэлдэхүүнтэй айлчлалын багийн талаарх мэдээлэл хоёр хоногийн өмнөөс цахим сувгаар өртөөлсөн. Энэ тухай жиргээчид ам уралдан бусдадаа ховлохын хажуугаар дор бүрнээ шүүмжлэл, бу¬химдлаа багтааж ядан овол¬зоцгооно. “Эдийн засаг хүндэрч, гаднаас валют орж ирэхгүй байхад төрийн албан хаагчид татвар төлөгчдийн  мөнгөөр гадаадаар аялж, зугаацаж мөнгө үрлээ” гэж хүмүүс бухимдаж байна. Үүнээс гадна тэднийг буруут¬гаж буй гол шалтгаан бол хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх нь гэсэн ол¬ны хардлага. Хэдхэн цагийн өмнө Бразилд нээлтээ хийсэн энэ тэмцээнд бөмбөрцгийнхөн бүхэлдээ анхаарлаа хандуулж байгаа цаг үетэй тэдний айлч¬лал давхацсан болохоор тэгж сэрдэх нь ч үндэслэлтэй биз. 

Хоёр улс дамнан туршлага судлах айлчлалын багийн бүрэлдэхүүнд НИТХ-ын дөр­вөн тэргүүлэгч, 14 төлөөлөгч багтжээ. Ардчилсан нам болон Ардын намынхан гэсэн. Тэднийг явах тухай мэдээлэл онлайнаар олон нийтэд тү¬гэ¬хэд ард хоцорч байгаа намын нөхдүүд нь өмөөрсөн мессэж тараав. “Манай намын тэр онгоцныхоо тийзийг буцаа­чихсан, явахаа больсон” гэх зэргээр бухимдагчдын санааг амраах янзтай тайл¬баруудыг жиргэх нь тэр. Үнэхээр эдийн засгаа хэмнэж ийм шийдвэр гаргасан бол харин ч эсрэгээрээ тэнэг алхам болно. Нэгэнт захиалаад худалдаад авчихсан онгоцны тийзийг буцаахад нэлээд хувийг нь суутгуулдаг. Хэрэв ингэж л буцаах байсан юм бол анхнаасаа захиалаагүй нь дээр байсан юм. Агаарт  дэмий мөнгө цацсанаас ялгаа юу байхав. 

Улсын маань эдийн засаг хотойж, нумарчихаад байхад гадаадад хөрөнгө оруулалт хийж, төрийн албан хаагчдыг бөөн бөөнөөр нь явуулж буй нь үнэхээр тансаг давилуун загнаж байгаагийн илрэл юм. Улс орны амьдрал туйлдаа хүрнэ үү, яана тэдэнд огт падгүй бололтой. Нэг хүний замын зардал гэхэд 13 сая төгрөг болж байгаа гэсэн. Тэгэхээр бүгдийнх нь 200 гаруй сая төгрөг болно. Энэ мөнгөөр хүүхдийн цэцэрлэг, усан бассейн, ногоон байгууламж гээд л нийгэмд хэрэгтэй бүтээн байгуулалтууд өрнүүлж болох байлаа. Адаглаад л хөрөнгө мөнгөөр гачигдаж яваа жижиг дунд бизнес эрхлэгч хөл дээрээ зогсчих алтан боломж. 

Уг нь энэ 18 хүний аяллын маршрут аль сар гаруйн өмнө гарчихсан байж. Тавдугаар сарын 5-ны өдөр НИТХ-ын дарга Д.Баттулга явуулах хүмүүсийн нэрсийг жагсааж, тамгаа даржээ. Гэтэл бүх юм жин тан болоод, ачаа тээшээ баглачихсан хойно нь сошиал сүлжээгээр хичнээн бөмбөгдөөд ч үр дүнд хүр­сэнгүй. Энэ тухай эртнээс ил болгосон бол байдал өөрөөр ч эргэх байсан юм бил үү. Харин одоо нэгэнт оройтсон.  Хаашдаа л явна гэснээрээ төлөөлөгчид сайн яваад, ихийг сурч ирээд, эрдэм чадлаа хөрсөндөө буулгаарай гэж одоо бүгдээрээ ерөөцгөөе. Бразил, Кубад туршлага судлагчдыг баалж, гоолж, хичнээн харааж зүхлээ гээд нэмэргүй шүү дээ. Тэд зорьсон газартаа оччихсон болохоор, дэмий бухимдахын нэмэр, яршиг зүгээр. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ухаалаг төр буюу ХӨГЖИХ ЭРХ

Нобелийн шагналт, Энэтхэгийн нэрт эдийн засагч Амартия Сен (Amartya Sen)   “Development As Freedom” хэмээх бүтээлээ Нобелийн шагнал авсныхаа дараа жил буюу 1999 онд нийтлүүлсэн байдаг. 

“Development As Freedom” буюу утгачилан орчуулах юм бол “Хөгжих эрх” бүтээл нь одоо нэгэнт бестселлер болж, хөгжлийн бодлого, ардчилал, хүний эрхийн сонгодог ном болсон байна. Щвейцарь зэрэг зарим оронд энэ бүтээл нь дунд сургуулийн хүүхдүүдийн заавал унших номонд тооцогддог аж.

Энэхүү бүтээлийн гол үзэл санааг товчхон тайлбарлахыг оролдъё.

Ардчилал, иргэдийн оролцоонд түшиглэсэн засаглалыг өнөөдөр нэгэнт дэлхийн нийтээр хамгийн дэвшилттэй, үр ашигтай, зөв тогтолцоо хэмээн хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл гагцхүү иргэдийн оролцоотой жинхэнэ ардчилал нь тогтвортой бодит хөгжил рүү залдаг. Аливаа асуудлыг хүний эрх, улс төрийн эрх чөлөөг хэрхэн хангаж байгаагаар нь дүгнэдэг боллоо.

Дэлхий дахин даяарчилагдаж байна.Бизнес, хөрөнгө санхүү, худалдаа, арилжаа наймаа, тээвэр, харилцаа холбоо, интернет зэргээс даяарчилал хэрхэн эрчимтэй явагдаж байгааг бэлхнээ харж байна. Үүний хажуугаар үзэл санаа, гүн ухааны сургааль болон шашны урсгалууд даяарчилалтай зэрэгцэн нийтийн хүртээл болж байна.

Баян ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж, байгаль орчин, хүрээлэн буй орчны бохирдол хөгжил дэвшлийн сөрөг үр дагавар болон хамтдаа алхаж байна.Ядуурал урьдын адил хамгийн хурц асуудлын нэг байсаар байна. Хүний хамгийн наад захын амьдралын хэрэгцээг бүх хүнд хамааралтайгаар иж бүрэн шийдэж чадахгүй байна. Эдийн засаг, нийгмийн харилцааны тогтвортой хөгжлийг хангаж тэр бүр чадахгүй байна. Авлига, хээл хахууль, эрхтэн дархтан, улс төр, бизнесийн бүлэглэлийн өмнө нийтийн эрх ашиг хүч дутан сөхөрч, иргэд олон нийт шууд бусаар болон илээр хохирсоор байна. Хүний эрх, ардчилал, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах зарчим ихэнх тохиолдолд цаасан дээрх тунхаглал төдий байх нь хаа хаагүй байсаар байна.

Эдгээр сөрөг асуудлыг зөвхөн хөгжлийн бодлогоор л шийдэж, даван туулж чадна.Хувь хүний эрх чөлөө, хувь хүний нийгмийн хариуцлагыг хангах нь хөгжлийн зорилго төдийгүй, хөгжилд хүрэх цорын ганц үндсэн арга хэрэгсэл, урьдчилсан нөхцөл юм. Иргэдийн хүсэл эрмэлзлэлийг хаан боогдуулсан, иргэдийн сонголтыг хязгаарласан аливаа саад тотгорыг арилгах нь хөгжлийн эрхэм зорилго гэж үзэх ёстой.

Хөгжил гэдэг ойлголтыг том агуулгаар нь харах юм бол хувь хүний эдэлж буй жинхэнэ эрх чөлөөг тэлж өргөжүүлж буй үйл явц юм. Дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт буюу бидний хэлж заншсанаар эдийн засгийн өсөлт нь хөгжлийн зөвхөн нэг л үзүүлэлт. Гэхдээ бүрэн ч биш, төгс ч биш үзүүлэлт.Нийгэм, эдийн засгийн бусад харилцаа нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо, иргэдийн улс төрийн эрх чөлөө, иргэний эрх, хамгийн гол нь шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах нь хувь хүний эрх чөлөөг тодорхойлох гол үзүүлэлт төдийгүй хөгжлийн гол шалгуур юм. Community буюу орон нутгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явцад иргэдийн оролцох оролцоог хааж боогдуулдаг нь дарангуйлагч төр засгийн түгээмэл шинж тэмдэг гэхэд болно.

Нийтийн өмнө тулгарсан асуудлуудаа хамтран хэлэлцэж шийдвэрлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх төдийгүй түүнийгээ олны дэмжлэгтэйгээр бодитой хэрэгжүүлэх нөхцөл, болом­жоор иргэд нь хангагдсан байх, тийм механизм тогтол-цоог жинхэнэ агуулгаар нь бүрдүүлэх нь эдийн засгийн өсөлтийг айл өрхөд, хүмүүст хүргэх хамгийн гол арга зам юм. Эрүүл мэндийн сайн үйлчилгээ, суурь боловсрол олж авах боломжоор ир¬гэд нь хангагдсан байх, иргэдийн идэвх санаачилгыг дэмжсэн, урамшуулсан сайн тогтолцоог бүрдүүлэх замаар ард олныхоо эдийн засгийн боломж, улс төрийн эрх чөлөө, нийгмийн хариуцлагыг өргөжүүлэх нь зөв шийдвэр, сайн үр дүн гарах үндсэн нөхцөл билээ. Эдгээр боломж хангагдсан байх юм бол хувь хүн, айл өрх бүр өөрсдийнхөө хэмжээнд хамгийн үр ашигтай шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх, үүний төлөө нэг нэгэндээ тусалж дэмжих, хамтрах болно. Хөгжил дэвшлийн үр өгөөжийг зүгээр л нэг идэвхгүйгээр хэн нэгнээс хүлээж суух биш харин хөгжлийг бүтээн байгуулахад гар бие оролцон идэвх санаачилга гаргах болно.

Улс төрийн эрх чөлөө, иргэний эрх, ардчиллыг зарим талаар хязгаарлах нь эдийн засгийн өсөлтийг авчирдаг гэсэн төөрөгдөл нэлээд байдаг. Үүндээ Азийн “барууд”-ыг их жишээ татах нь бий. Сингапурийн Ерөнхий сайд асан Ли Куан Юу (Lee Kuan Yew)-гийн нэрээр нэрлэсэн үзэл санаа “the Lee thesis” ч гэх шиг. Гэхдээ энэ нь учир тутмаг, өнгөцхөн дүгнэлт гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Тухайн үед эдийн засаг, гадаад орчны нөхцөл байдал эдийн засгийн өсөлтөд нааштай нөлөөлсөн нь ийм төөрөгдөл бий болох шалтаг болжээ. Дарангуйлал, хүчирхийлэлд дулдуйдсан засаглал болон эдийн засгийн өсөлт хоорондоо төдийлөн холбоогүй болохыг өндөр түвшний судалгаанууд нэгэнтээ тогтоосон бүлгээ.Тэр бүү хэл дарангуйлал ноёрхсон газар нутаг, улс орнуудад л ган гачиг, зуд нийтийг хамарсан гамшиг болж хувирдгийг бид олон жишээнээс харж болно.

Эдийн засгийн чадамж, улс төрийн эрх чөлөө, нийгмийн боломж, мэдээллийн ил тод байдал, аюулгүй байдал нь эрх чөлөө гэдэг өргөн ойлголтыг бүрдүүлэгч хэсгүүд юм. Хөгжлийн үйл явц нь эрх чөлөөг бүрдүүлэгч эдгээр хэсгүүдийн харилцан шүтэлцээнд тулгуурлаж байж бодит үр дүнд хүрэх юм. Ардчилсан тогтолцоо, хууль эрх зүйн орчин, чөлөөт зах зээлийн харилцаа, иргэдийн боловсрол ба эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг хангасан зөв бүтцийг дэмжин хөгжүүлэх замаар өөр хоорондоо харилцан уялдаатай, олон талын оролцоотой механизмыг бүрдүүлэх нь хөгжлийн бодлогын цөм хэсэг байхаас аргагүй.

Хувь хүмүүс бидний ирээдүй, ололт амжилт нь Төр засгийн институцуудын ямар тогтолцоо, байгууламж оршин байгаа болон энэ нь хэрхэн ажиллаж байгаагаас ихээхэн хамаардаг. Эдгээр институц нь бидний эрх чөлөөнд ямар дэмжлэг үзүүлж байгаа, ардчилал, иргэдийн оролцоог хэрхэн дээдэлж байгаа нь тэдгээрийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх гол шалгуур юм.

Чөлөөт зах зээлийн харилцаа нь хамгийн үр ашигтай эдийн засгийн харилцаа болох нь үнэмлэхүй үнэн гэдэгтэй одоо хэн ч маргахгүй гэдэг нь ойлгомжтой. Оролцогчид нь хэн нэгний тушаал шийдвэр, зөвшөөрөл үгүйгээр эрх чөлөөтэйгээр сонголтоо хийж, хэн хэндээ ашигтай, нийтлэг сонирхолд нийцсэн шийдэл гаргаж байдаг нь чөлөөт зах зээлийн харилцааны үндсэн зарчим. Иргэдийн оролцоо, нийгмийн хариуцлага нь энэ агуулгаараа чөлөөт зах зээлийн харилцааны гол түшиг тулгуур, хөдөлгөгч хүч нь юм. Үр дүнг нь нийтээрээ хүртэх боломж бүрдсэн үед зах зээлийн харилцаа хамгийн үр ашигтай байж чаддаг. Суурь боловсрол, эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг хангах, эх үүсвэрийн боломжийг бүрдүүлэх, энэ чиглэлээр ухаалаг бодлого явуулах нь хөгжлийг хүн бүр айл өрх бүрт хүргэх суурь нөхцөл юм. Эдийн засгийн аливаа шинэтгэлийн бодлогыг тодорхойлохдоо эдгээр асуудалд онцгой ач холбогдол өгөх нь шинэтгэлийн бодлого амжитад хүрэх урьдчилсан нөхцөл гэхэд болно. Азийн “барууд”-ын ололт амжилтын нэгэн шалтгаан нь боловсрол, эрүүл мэдийн тогтолцоондоо ихээхэн анхаарал тавьсантай холбоотой гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.

Өнгөрсөн цаг хугацааг өөрчлөх боломжгүй гэж эртний Грекийн гүн ухаантан Аристотель нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн байна. Харин “ирээдүй бол бидний гарт байж, биднээс хамаарна” гэдгийг мөн тэрээр онцлон тэмдэглэжээ. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудлыг олон нийтээр хэлэлцэх буюу нийтийн хэлэлцүүлгүүд нь илүүтэй олон талын эрх ашгийг хамгаалж, илүүтэй олон талын хэрэгцээг хангах хамгийн зөв механизм юм. Олон нийтээр хэлэлцүүлнэ гэдэг нь бас мэдээллийг нийтэд хүргэх ч механизм болдог. Чикагогийн алдарт эдийн засагч Франк Кнайт (Frank Knight) “аливаа шийдлийн үнэ цэн нь зөвхөн аль болох олныг хамарсан нийтийн хэлэлцүүлгийн явцад л бүрдэж, төлөвшиж, үнэлэгдэж, нийтээр хүлээн зөвшөөрөгддөг.Энэ агуулгаараа нийтийн хэлэлцүүлэг нь нийгэм, оюун ухаан, бүтээлч хандлагыг нэгтгэсэн механизм мөн” гэж бичсэн байдаг. Тэгэхээр нийтийн хэлэлцүүлэг нь хүмүүст ирээдүйгээ хамтдаа бүтээх, хөгжлөө хамтдаа тодорхойлон боломжийг өгч буй чухал тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Джеймс Бьюкенен (James Buchanan) “ардчилал гэдэг нь хэлэлцүүлгийн засаглал юм” гэж нэгэнтээ тодорхойлоод, “нийтийн хэлэлцүүлэг гэдэг нь хувь хүний байр суурь, үзэл баримтлал нь шийдвэр гаргахад тусгалаа олох, нөлөөлөх үйл явц” гэж үзжээ.

Хөгжлийн бодлогыг тодорхойлдог бүхий л хүчин зүйлийг хувь хүний эрх чөлөө, ардчилал, нийгмийн хариуцлагатай зөвөөр уялдуулсан, товчоор хэлэхэд хөгжил болон эрх чөлөөг нэгэн цогц бодлого болгосон тийм л зарчим нийгмийн хөгжил дэвшилд хүргэнэ хэмээн Амартияа Сен өөрийнхөө номын эцэст дүгнэсэн байна. Тэгээд “Эрх чөлөө мянга мянган гайхамшгийг бидэнд нээж өгдөг, харин дөнгөтэйгөө эвлэрсэн боолууд эдгээр гайхамшгийг хэзээ ч олж мэдэхгүй” хэмээн өөрийнхөө энэ алдартай бүтээлээ дуусгасан байдаг юм.

Монголчууд бид хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гэсэн 3 засаглалтай хэмээн ярьж ирсэн. Хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн “өхөөрддөг”. Харин Үндсэн хуулиндаа “Засгийн бүх эрх  ард түмний мэдэлд байна, Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож” мөн түүнчилэн “ард нийтийн санал асуулга явуулж болно…олонхийн саналыг авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ”  зэргээр тунхагласан байдаг боловч Үндсэн хуулинд заасан “ард түмний засаглал”-ыг манай Төрийн институциуд санаатай болон санаандгүйгээр анхаарлын гадна үлдээж ирсэн гэхэд болно. 

“Өөрчлөх үү, өөрчилье” гэсэн уриатайгаар 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулан сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн эхнийхээ бүрэн эрхийн хугацаанд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, шууд ардчилал, иргэдийн оролцоог дэмжих бодлогыг  мөрийн хөтөлбөрийнхөө нэг гол хэсэг болгон хэрэгжүүлж, дээрх байдалд өөрчлөлт, шинэтгэлийг авчирсан. Энэ бодлогын үр дүнд 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт бие даасан орон нутгийн хөгжлийн сантай байхаар, сумын болон дүүргийн орон нутгийн хөгжлийн санд Улсын төсвөөс тодорхой томъёонд тулгуурласан загварчилсан шилжүүлэг олгож байхаар заасан билээ. Мөн Орон нутгийн хөгжлийн санг ямар зориулалтаар, юунд, хичнээн хөрөнгө зарцуулахыг тухайн баг, хороодын иргэд нь эрэмбэлэн шийдэж байхыг Төсвийн тухай хуулиар хуульчилан заасан.

2013 онд орон нутгийн хөгжлийн санд 247 тэрбум төгрөг, 2014 онд 280 орчим тэрбум төгрөг нийтдээ хуваарилагдсан болохыг энд тэмдэглэх нь зүйтэй байх.

Иргэдийн оролцооны эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс Сумын дүрэм, Нийтийн зар мэдээний журам, Орон нутгийн санал асуулгын журам, Иргэний танхимын дүрэм, Орон нутгийн хөгжлийн сангийн журмууд зэрэг үлгэрчилсэн журмын төслүүдийг Ерөнхийлөгчийн институцээс иргэдийн оролцоотойгоор боловсруулан нийтийн хүртээл болгосон нь Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангахад чухал дэмжлэг болж ирлээ. 

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх байгуулагдаж байсан Иргэний танхим нь олон нийтийн хэлэлцүүлгийн нэгэн гол индэр болж байна.

Урьд өмнө зөвхөн дарга нарын шийдэж байсан орон нутгийн хөрөнгө оруулалтын үлэмж хэсгийг ийнхүү иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэж байх механизм бүрдүүлж байгаа нь ухаалаг төрийн бодлогын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг харуулж байгаа юм. Орон нутагт иргэдэд чухам юу хэрэгтэй байгааг иргэдээс илүү сайн мэдэж, илүү зөв шийдэх тийм засаглал байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.Тэгэхээр орон нутгийн төсөвт Ерөнхийлөгчийн хийж буй шинэтгэл нь хөгжлийг орон нутагт хүргэх, айл өрх бүрт хүргэх нэгэн чухал бодлого болж байгаа юм.

Өнгөрсөн оны сонгуулиар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдсон нь дээрх бодлого болон бусад олон сайн үйлс, зөв бодлогоо улам сайжруулах, өөрчлөлт, шинэтгэлийг улам бүр төгөлдөржүүлэх нийгмийн захиалга гэж тооцох ёстой юм. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх гол бодлого нь “Ухаалаг төр”-ийн бодлого болж байна. Өнөөдөр Монгол Улсад алсын хараатай, холын бодлоготой төрийн бодлого үгүйлэгдэж байна. Судалгаанд суурилсан, удаан хугацаанд тогтвортой үйлчлэх, нийтийн эрх ашигт нийцсэн, үр ашигтай, ухаалаг механизм тогтоосон хөгжлийн бодлогыг тодорхойлох нь “Ухаалаг төр”-ийн бодлогын гол зорилго гэж ойлгогдож байгаа.

Бурхан багш зовлонгоос ангижрахын тулд зовлонгийн шалтгааныг арилгах ёстой гэсэн байдаг. Өнөөдөр Монголын үе үеийн Засгийн газрын зовлон нь бусдын өмнөөс бүхнийг  хийх гэсэн оролдлого юм. Энэ нь коммунист үзэл суртал ноёрхож эхэлсэн тэр үеэс гараатай, өнөөдрийг хүртэл манай зарим хэсгийн сэтгэлгээнд ил далд хэлбэрээр оршсоор байгаа “өвчин” юм. “Давхар дээл”, эрх мэдлийг төвлөрүүлж буй аливаа бусад үйлдлүүд нь шийдлийг олж байгаа биш харин “зовлон”-г л улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Ухаалаг төрийн бодлогын хүрээнд төвлөрлийг сааруулах нь энэхүү “зовлон”-гийн шалтгаанаас ангижрах цорын ганц зөв алхам. Төр засаг ямар бодлого, чиглэл, үйл ажиллагааг хариуцаад тэр нь аль зааг, хил хязгаарт хүрээд хязгаарлагдах ёстой, хувийн сектор болон иргэд нь төрөөс ямар дэмжлэгийг хүлээх, ямар асуудалд төр засгийн оролцоо дэмжлэг огтхон шаардлагагүй “биднийг тайван орхи” буюу “савраа тат” гэсэн зарчим үйлчлэх ёстойг тодорхой зарчим болгон тогтоох ёстой юм.

Засгийн газар нь юуг хариуцаж, аймаг, нийслэл нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой юм, сум, дүүрэг болон баг, хороод нь иргэдийн өмнө ямар үйлчилгээг хариуцаж, юу хийх ёстой юм гэдгийг тодорхой болгосон, сайн тогтолцоо, механизмыг Ухаалаг төрийн бодлогын хүрээнд бүрдүүлэх ёстой юм. Улаанбаатар хотын замын явган гарцын асуудлыг Эдийн сайдын хөгжлийн сайд нь шийдвэрлэж, газар болон барилгын асуудлыг нь Барилга, хот байгуулалтын сайд нь ярьж явах нь ямар ч тохиодолд зөв ажил үүргийн хуваарь биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Иргэдийн оролцоо, шууд ардчилал нь Ухаалаг төрийн бодлогын салшгүй хэсэг хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхойлоод байгаа. Ардчилал, иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн бодлого л нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хүргэдэг болохыг Нобелийн шагналт, нэрт эдийн засагч Амартия Сен “Development As Freedom”бүтээлдээ нотолжээ. Иргэний эрх, иргэдийн оролцоо, нийгмийн хариуцлага, хүлээцтэй байх буюу бусдыг хүлээн зөвшөөрөх (tolerance) нь ардчиллын үндсэн зарчмууд юм.Ардчиллын эдгээр зарчмууд нь бүгд нийлээд хөгжлийн бодлого буюу “Ухаалаг төр”-ийн бодлогын хамт хувь хүний хөгжих эрх-ийг тодорхойлж байгаа юм.

Олонтой бол буянтай

Л.ДАШДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

О.Содбилэг: Эрх баригчид Ш.Түвдэндорж гишүүнийг ямар ч хамаагүй үнээр сайд болгох гэж зүтгэсэн

УИХ-ын гишүүн О.Сод­билэг­тэй ярилцлаа.

 -ҮХАА-н
сайдаар Ш.Түв­­­дэндорж гишүүнийг олонхийн саналаар дэмж­лээ. Чуулганы явцад танай
бүлгийн гишүүд ширээгээ цохиж байгаа харагдсан. Санал хураах явцад мөн картаа сугалж
санал хураалтад оролцоогүй нь ямар учиртай юм бэ?

-Ганцхан Ш.Түвдэндорж гишүүний томилгооны асуудалдаа гол нь биш л
дээ. Хамгийн чухал нь өнөөдрийг хүртэл явж ирсэн өрнөлөөсөө болсон юм. Учир нь ҮХАА-н
сайдыг томилох асуудал чуулганаар орж байхад Их хурлын дарга Сэлэнгэ аймаг руу явчихсан.
З.Энхболд даргыг эзгүй үеэр нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуралдааныг дэгийн
дагуу явуулж чадаагүй. Манай бүлгийн гишүүдийг үг хэлэх цагийг нь хасч, үг хэлснийх
нь дараа өөрийнхөө үгийг ярианд нь хавсаргаад явсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд
халдсан манай гишүүдийн дургүйцлийг хүргэсэн. Нөгөө талаасаа Ш.Түвдэндорж гишүүнийг
ҮХАА-н сайдад томилохоосоо өмнө огцруулахаар өргөн барьсан Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Хуулийн хугацаа нь долоо хоног
байсан боловч хугацаа хэтрээд 14 хоночихлоо. Уг асуудлыг түрүүлж хэлэлцэхгүй байж
өөрсдийн томилгоог олон­хиороо түрээд байсан тул түүн дээр дургүйцэж манай гишүүд
ширээ цохиж дуу чимээ гар­гасан. Ш.Түвдэндорж гишүү­ний тухайд бид байр сууриа хэлээд
байхад бидний үгийг хүлээж аваагүй тул энэ санал хураалтад бүлгээрээ оролцохгүй
гээд картаа сугал­сан. Манайхан картаа сугалсны дараа чуулганы ирц санал хураалтад
хүрэхгүй байсан. Нэг хүний ирц дутуу байх тэр мөчид “Шударга ёс” эвслийн гишүүн
З.Баянсэлэнгэ дураараа очиж Л.Цог гишүүний картыг түлхэж ирц бүрдүүлж санал хураалт
явагдаж Ш.Түвдэндорж гишүүн сайд болсон. Өнөөдрийн нөхцөл байдал ийм л байна. Бид
хоёр жилийн хугацаанд цөөнхийн үгийг сонсдоггүй, зөв зарчмын саналыг хүлээж авдаггүй,
олонхиороо  түрдэг байдал газар авч байгаад
бухимдахаас өөр арга алга. Цаашид ингээд яваад байвал бүр л хэцүү болох байх.

-Танай
бүлгийн гишүүд картаа сугалсан сугалаагүй ирцээ бүрдүүлж санал хураах нь тодорхой
байсан. Санал хураалтад оролцсон гишүүдээс зургаа нь эсрэг саналтай гарсан. Танайхан
санал хураалтад орсон бол байдал өөр болох ч байсан юм бил үү?

-Энэ нь нэг талаараа улс төрийн акц байгаа юм. Ард түмний 40 хувийг
авсан манай намаас гадна аль ч нам олонх болж чадаагүй. Олноороо болсон нь харин
эвсэл бүрдүүлсэн. Ард түмний 40 хувийн санал авсан намынхаа үгийг сонсохгүй хүч
түрж байгаад нь эсэргүүцэл үзүүлсэн улс төрийн протез байлаа.

-Ирэх
долоо хоногт Н.Батбаяр сайдын асуудал хэлэлцэгдээд явах байх. Танайхан мөн л картаа
сугалаад алга болчих юм биш биз дээ. Ганц сайдыг огцруулснаар асуудал шийдэгдэхгүй
гэдэг нь нэгэнт тодорхой шүү дээ?

-Эрх баригчдын санаачил­гаар “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжээд явж байна.
Үүнээс ямар дүн гарах вэ гэдгийг бид харж байгаа. Эдийн засгийн хөгжлийн салбарын
асуудлыг хариуцаж буй сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.
Уг шийдвэр УИХ-д суугаа Ардын намын бүлгийн 26 гишүүний шийдвэр биш. Манайхан чуулганы
завсарлагаанаар орон нутгаар явж иргэдтэй уулзахад хамгийн түрүүнд өргөн хэрэглээний
бараа бүтээг­дэхүүний өсөлт, эдийн зас­гийг хүнд болгосон хүмүүстэйгээ хариуцлага
тооцооч ээ гэдгээ хэлсэн. Тиймээс ард түмэн эхний ээлжинд Н.Батбаяр сайдад хариуцлага
тооцохоор болсон хэрэг. Ерөнхий сайд “Би кабинетыг толгойлж байгаа хүний хувьд хариуцлага
тооцох хүндээ хариуцлагаа тооцоод явна” гэсэн. Гэсэн ч хуулиа зөрчөөд хэлэлцэх хугацааг
нь сунгаад байгааг манай бүлгийн гишүүд эсэргүүцээд байгаа юм.

Картаа сугалж санал өгөхгүй байх энэ улс төрийн акц цаашид давтагдах
байх. Эрх баригчид асуудал шийдэх үед өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой. Өнгөрөгч хоёр
жилийн хугацаанд Ардын намын бүлгийн гишүүд л ирж ирц бүрдүүлж олон хууль тогтоомж
баталсан. Анхнаасаа бид тэс хөндлөн хэвтчихсэн байсан бол ингэж асуудлууд шийдэгдэхгүй
байсан. Эрх баригчид цөөнхийн үгийг сонсдог байсан бол  ингэхгүй байлаа. Бид ч гэсэн картаа сугалахгүй.
Учир нь биднийг сонгосон ард түмэн биднийг харж байгаа.

-Танай
бүлгийн ги­шүүд картаа сугалаад ирц бүрдүүлээгүй үед З.Баян­сэлэнгэ гишүүн хүний
карт түлхэж ирц бүрдүүлсэн гэх мэт асуудлуудад мөн л хариуцлага тооцоод явах уу?

-Улс төрийн хямрал анх­наасаа ардчилал, пар­ламентын зарчмаас хазайж
цөөнхийн үг үл тоосноос эхэл­сэн. Манай бүлэгт олон жил төр барилцсан туршлагатай
хүмүүс бий. Энэ хүмүүсийн үгийг сонсоод явсан бол өнөөдөр эдийн засгийн ийм хүндрэл
рүү орохгүй байсан. Тухайлбал, “Чингэс бондоо үр ашигтай зүйлд зарцуулаарай” гээд
гаргасан. Гэтэл Засгийн газар зарцуулалтаа ч тайл­барлаж чадахгүй байгаа нь харамсалтай.
Ерөнхий сайд нь 50 тэрбум төгрөг өөртөө баталчихаад зарцуулах зүйл­дээ хөрөнгө оруулж
чадаагүй. Үүнийг нь ч АТГ нотолсон. Энэ бүхэн дээр манай бүлгийн гишүүд зөв зүйл
рүү залах гэж хичээсэн. Манай бүлгийн гишүүдийг зөвхөн сөрөөд байна гэж харж болохгүй
л дээ. Бидний хэлж буй үгсийн цаана ард түмнээ гэсэн сэтгэл бий. Амьдрал дээрээ
иргэд үнэхээр хэцүүхэн байдалтай байна. Нийслэлийн түвшинд гэхэд НИТХ-ынхан Бразил,
Куба явчихлаа. Эдийн засгийн хямралтай, нийслэлдээ шийдэх олон ажил байхад өөрсдөдөө
томилолт бичээд явах шаардлага байна уу үгүй юу гэдгийг эргэж харах л ёстой. Цаана
нь төсвийн мөнгө л зарцуулагдаж байна. Чуулганы үеэр гишүүд З.Баян­сэлэнгэ гишүүний
үйлдэлд ач холбогдол өгсөнгүй л дээ.

-Чуулган
эхэлснээс хойш танай бүлгийнхэн ҮХАА-н сайдын асуудал дээр завсарлага авъя гэхэд
өгөөгүй. Гэтэл асуудал хэ­лэл­цээд дууссаны дараа дараагийн асуудлыг хэ­лэл­цэж
эхлэхэд шууд завсарлага өгсөн гэх мэтээр ойлгомжгүй зүйлс байна?

-Эрх баригчид Ш.Түвдэн­дорж гишүүнийг ямар ч ха­маагүй үнээр сайд
болгон баталгаажуулъя гэдэг нь анх­наасаа мэдэгдсэн. Дараагийн хэлэлцэх асуудал
нь Эдийн засгийн хөгжлийн сайдыг огц­руулах тухай байх хэрэгтэй гэсэн байр сууринаас
манай бүлэг завсарлага авчихаад байж байна. Аливаа зүйлсийг зөв голдиролд нь оруулж,
зөв улс төр хийхгүй бол болохгүй. 

 

-Аль
аль намынхан гадны хөрөнгө оруулагчдын итгэл суларсан байна гээд байгаа. Гэтэл танай
бүлгийнхэн “Засгийн газрын гишүүдийг огцруулъя” гэсэн санал оруулах бүрт тэр итгэл
улам алдагдаад байна шүү дээ. Үүнийгээ болихгүй юм уу?

-Засгийн газрын гишүүдийг огц­руулснаар улс төрийн тогт­воргүй байдал
үүснэ гэдэг нь энэ эрх баригчдын л хэлж байгаа үг. Харин миний уулзсан хүмүүс “Энэ
хүнээ зайлуулаач ээ. Тэгэхгүй бол манай компанид хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна.
Энэ хүнээс болж гадны түн­шүүд зугтаад байна” гэсэн зүй­лийг бодит байдал дээр хэлж
байгаа юм. Н.Батбаяр сайдыг ажлаа өгчихвөл “Мон­голын рейтинг бага ч гэсэн өсөхөөр
байна” гэдгийг өмнө нь Сангийн сайдаар ажил­лаж байсан хүмүүс болон турш­лагатай
улстөрчид хэ­лээд байгаа. Хэвлэлээс харж байхад олон улсын бай­­гууллагынхан уулзалт
хий­хээр ирэхэд “Эдийн засгийн алуурчид сайн байцгаана уу” гэж мэндэлдэг хүнд ямар
хөрөнгө оруулагч итгэж мөн­гөө өгөх юм бэ. Эрх баригчдын зү­гээс “Гудамж, талбай
янзалж, цэцэг ногоо тарьж байна” гэх зүйлсийг хэлээд байна. Энэ Эдийн зас­гийн хөгжлийн
сайдын хийх ажил биш л байх­гүй юу. Эдийн засгийн нэгдсэн бодлого, өгөөжтэй төсөл
хөтөлбөрийг дэмжих болохоос “Чингэс бондын мөнгөөр цэцэг тарина. Гудамж зас­на,
энэ мөнгийг нь би шийд­нэ” гээд дараад хэвтээд байж боломгүй байгаа юм. Ухаандаа
анх бодлогын их том ажил хийнэ гэж энэ бондын мөнгийг батлуулж авсан гэдгээ санах
хэрэгтэй. Үнэндээ өнөөдөр Эдийн зас­гийн хөгжлийн сайд бус эдийн засгийн саад болоод
байна гэдгийг залуус шог хошин байдлаар хэлээд байна.

-Та
твиттер хуудаснаа “ЭЗЭН 100 хөтөлбөр хэ­рэгж­сэнээр талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ”
хэмээн бичсэн байсан. Эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрт найдлага тавих­гүй байна
уу даа?

-Уг нь 100 хоногийг үр дүнтэй болгохын тулд Засгийн газар энэ асуудлуудаа
эрэм­бэлэх байсан юм. Гэтэл лоо­зонгийн чанартай хөтөлбөр бат­­лаад
“100 хоно­гийн до­тор эдийн засгийн янзтай сайхан болгоод өгье” гэж эрх баригчид
амласан. Тэдэнд 60 гаруй хоног л үлдээд байна. ЭЗЭН 100 хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс
хойш миний л мэдэхийн эдийн засгийн эерэг өөрчлөлт гарсангүй. Оюутолгой компани
ажилчдаа хэдэн зуугаар нь халсан бол, иргэний нисэхийн Изинис эйрвиз компани дампуурлаа
зарласан. Хамгийн ноцтой нь олон улсын байгууллага манай зээлжих зэрэглэлийг тогтвортой
гэж байсныг “-” буюу эрсдэлтэй болгосон. Энэ нь цаашид гаднаас авсан олон зээлийн
эргэн төлөгдөх хүү нь өснө гэсэн үг. Уг алдагдлын эрсдэл нь хэд байх вэ гэдгийг
бид тооцох шаардлагатай. ЭЗЭН 100 эхэлснээр юу болов, ийм л зүйл боллоо. Өргөн хэрэглээний
бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр л байна. Ард түмэн үнэхээр үгээ хэлж байна л даа.

-Ардын
нам, Ардчилсан намын улс төржилт хэ­рээс хэтэрлээ. Хоёр нам хөтлөлцөөд алхаж чаддаггүй
юм аа гэхэд зэрэгцээд эдийн зас­гаа дэмжихийн төлөө хамт яваад байж болдоггүй
юм уу?

-Бидний зүгээс эрх баригч­дад “Манайхны үгийг хүлээж авч засах зүйлээ
засаад яваач дээ” гээд байгаа. Хоёр жил ингэж хэллээ. Тэгэ­хээр өөдөөс “Ардын нам
чөдөр тушаа боллоо. Улс төржүүлж байна” гэдэг ганц л зүйлийг ярьдаг. Бидний зүгээс
эдийн засгаа сэргээ, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүл, ам.долларын хан­шаа буулга
гэдэг. Үнэндээ бид энэ асуудалд оръё гэсэн ч хөшүүрэг байхгүй. Эрх ба­риг­чид хэвлэл
мэдээллийг, хууль хяналтынхныг мөн л барь­чихсан. Тийм боло­хоор тэд хийх зүйлээ
хий­гээд явах ёстой. Түүнээс бид саад болоод, хорлон сүйтгэх террорист ажиллагаа
явуулаад байгаа юм биш. Ерөнхий сайд ийм л байдлаар биднийг ярьдаг. Террорист зүйл
хийлээ гэх юм. Тийм боломж нь ч бидэнд байхгүй. Тэгээд ч бидний зорилго биш. МАН,
АН-ын эдийн засаг гэж байхгүй. Ардчилсан намынхны зурагдсан пянз шиг байнга хэлдэг
үгсэд нь иргэд итгэхээ ч больчихлоо. Иргэдийн зүгээс “Чадах юм бол энэ Засгийн газар
юм хийгээч ээ” л гэж байна.

-Д.Эрдэнэбат
гишүүн “Ар­дын намынхан хүн огц­руу­­лахаас өөр ажил алга. Дараа нь хэнийг огцруулах
юм бүү мэд” гэж чуулган дээр хэлсэн. Дараагийн огцруулахаар өргөн барих сайд хэн
байх вэ?

-Болохгүй байгаа хүмүүс­тэй хариуцлага тооцож тэмцэл­гүй яахав. Цаашид
ч энэ ажлаа үргэлжлүүлнэ. Манай бүлгийн зүгээс Ухаалаг төр, Шилэн данс, УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэсэн санаачилгыг гаргасан Монгол
Улсын Ерөнхийлөгчийг Ш.Түвдэндорж гишүүнийг сай­даар томилох болсон уг асуудал дээр
хориг тавих болов уу гэж харж байна. Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшин хоёр удаа төрийн
тэргүүнээр сонгогдсон. 2013 онд Ерөнхийлөгч болохдоо “Бид тулгын гурван чулуу болно”
гэдгээ хэлж байсан. Тулгын гурван чулуу болсон уу, үгүй юу гэдгийг одоо л хармаар
байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жинхэнэ аз жаргал

Буддын ухаанд “Эсрэг тэсрэг мэдрэмж хэзээ ч зэрэг төрдөггүй” гэсэн философи бий. Уурлаж бухимдсан хүнд хэзээ ч энэрэл төрдөггүй,  хайр энэрэл сэтгэлийн гүнээс ундарсан агшинд уур цухалд орон зай байдаггүй гэсэн санаа л даа. Нэг ийм домог бий. Ад чөтгөрүүд бурхан багшийг хөнөөхөөр нум харваж л дээ. “Чөтгөрүүдийн харвасан сум бүр бурханы  биед хүрэлгүй цэцэг болон хувирч дэлбээлсэн гэдэг. Учир нь тэр үед Будда энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийг бясалгасан юмсанжээ” гэж домогт өгүүлдэг.  Энгийнээр ухвал ямар ч хүчтэй сөрөг зүйлийг эерэгт урвуулах онцгой шид хайранд бийг үлгэрлэсэн хэрэг. Бидэнд ч ийм хүч бий. Сэтгэлээ хайраар дүүргэж, зүрхний гүнээсээ хайр оргилуулж чадвал уур, бухимдал, атаа, зэвүүцэл ер хатуу хөтүү юунд ч үл ажрах хүчийг олно. Сэтгэлд нь нар гийсэн хүн  хэнд ч хатуу үг хэлэхгүй. Хэн рүү ч муухай харахгүй, дэргэдээ байгаа хүмүүст элдэв муу зан гаргахгүй. Ийм хүн рүү бас хэн ч муухай харахгүй. Эерэг сэдэл эерэг хандлагыг төрүүлнэ гэж үүнийг л хэлээд байгаа юм. Хүнийг бухимдуулахгүй, өөрөө ч бухимдахгүй амьдрах л жинхэнэ аз жаргал. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Чили – Австрали 3:1

     Латин Америкын цоглог багуудын нэг болох Чилийн шигшээ өнөө өглөө эхний ялалтаа байгууллав. “Барселон” багийн довтлогч Санчесыг тогтоох чадал Австралийн багт үнэхээр алга байлаа.

6 сарын 14, 06.00 , «Арена Пантанал»
цэнгэлдэх хүрээлэн

Гоол:

    1:0 – 12 Санчес, 2:0 – 14 Вальдиви, 2:1 –
35 Кэйхилл, 3:1 – 90 Босежур.

Чили
Браво, Исла, Хара, Медель, Мена, Диас, Видаль (Гутьеррес, 60), Арангис,
Вальдивия (Босежур, 68), Варгас (Пинилья, 88), Санчес.

Австрали
Райан, Франьич (Макгоуэн, 49), Дэвидсон, Шпиранович, Уилкинсон, Миллиган,
Брешиано (Тройси, 78), Единак, Лекки, Кэйхилл, Оур (Хэллоран, 69).

 Шар хуудас:

    Кэйхилл (44), Единак (58), Миллиган (67),
Арангис (86).

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Испани – Голланд 1:5

Нидерланд
улсын “улаан галзуу” хөгжөөн дэмжигч нилээн халамцуу байх үедээ “манай баг
испаничуудыг дөрвөн бөмбөгний зөрүүтэй хожно” гэж хэлнэ үү гэхээс бус
энгийн  хүн хэзээ ч таахааргүй тооны
харьцаагаар энэ тоглолт дууслаа. Тоглолтын шилдгээр хоёр гоол оруулсан Ван
Перси тодров.

6 сарын 14 ,
03.00 «Фонте Нова»

Гоол:

1:0 – 27,
торгуулын цох. Алонсо, 1:1 – 44 ван Перси, 1:2 – 53 Роббен, 1:3 – 64 де Врей,
1:4 – 72 ван Перси, 1:5 – 80 Роббен.

Испани – Касильяс, Аспиликуэта, Рамос,
Пике, Альба, Хави, Бускетс, Алонсо (Педро, 63), Сильва (Фабрегас, 78), Иньеста,
Коста (Торрес, 63).

Голланд – Силессен, Янмат, де Врей (Велтман,
77), Влар, Мартинс Инди, Блинд, де Гузман (Вейналдум, 62), Н. де Йонг, Снейдер,
Роббен, ван Перси (Ленс, 79).

Шар хуудас:

де Гузман
(25), де Врей (41), Касильяс (65), ван Перси (66).

 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Мексик-Камерун 1:0

Бразилийн Натал хотод аадар бороон дор
зохиогдсон “А” хэсгийн хоёр дахь тоглолтод мексикчүүд яллаа. Тэд эхнийхээ
тоглолтод ялсан тохиолдолд хэсгээсээ заавал шалгардаг уламжлалтай бол
камерунчууд урд өмнөх тоглолтуудаа нийлүүлээд таван тоглолтод дараалан
хожигдоод байна.

   6
сарын 14. 00.00,цаг «Арена дас Дунас»

Гоол:

    1:0 – 61 Перальта.

Мексик – Очоа, Маcа, Маркес, Морено, Агиляр,
Лайюн, Эррера (Сальсидо, 90), Гуардадо (Фабиан, 69), Васкес, Перальта (Х.
Эрнандес, 74), дос Сантос.

Камерун – Итанж, Жэгуэ (Нункеу, 46), Нкулу,
Шеджу, Ассу-Экотто, А.Сонг (Вебо, 79), Эно, Мбиа, Муканжо, Шупо-Мотинг, Это′О.

Шар хуудас:

    Морено (57), Нункеу (77).

 

 

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч долоон сайдаа огцруулав

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе Засгийн газрынхаа долоон сайдыг халж, сэлгээ хийсэн байна. Тэрээр төрийн эрхэнд гараад жил гаруй болж байгаа ч анх удаа ийнхүү бүтцийн шинэчлэл явуулжээ. “Ренхап” агентлагийн мэдээлс­­нээр энэ нь  “Севоль” хөлөг онгоц осолдсонтой хол­­боо­­той гэв. Өнгөрсөн дөрөв­­дүгээр сард онгоцны ослоор 300 орчим зорчигч амиа алдсан. Пак Гын Хе улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын зэрэг сал­барын сайдуудаа сольжээ. Харин ажиглагчдын үзэж буй­гаар Өмнөд Солонгосын төрийн тэргүүн ард иргэдээ Засгийн газарт итгэх итгэлийг нь сэргээх гэсэн оролдлого юм гэв.

Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгос сүйрсэн “Севоль” хөлөг онгоцны эзэн Ю Бен Уныг эрэн сурвалжилж байна. Зургадугаар сарын 10-нд хөлөг онгоцны багийн 15 гишүү­нийг шүүх хурал болсон билээ. Багийн гишүүдийг ажил үүрэг­тээ хайнга хандсан нь осол гаргасан. Мөн тэнгисийн эрх зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Сануулахад, өнгөрсөн дөрөв­дүгээр сарын 16-нд “Севоль” хөлөг онгоц Солон­госын хойгийн эргээс холгүй газарт живсэн. Албан ёсоор 291 хүн нас барсан бол 13 хүн сураггүй байгаа юм. Хөлөг осолдсонтой холбогдуулан 20 орчим хүнийг саатуулсан. Тэдний дунд онгоцны багийн гишүүд байгаа аж. Хөлгийн ахмад болон гурван туслахад нь санаатай бус үйлдлээр аллага үйлдсэн хэмээн буруут­гаж, бүх насаар нь хорих ял ногдуулсан. Харин үлдсэн гэмт этгээдүүдийг ажил үүрэгтээ хайнга ханд­сан гэж үзжээ. Эмгэнэлт явдал гарсны дараа Өмнөд Солон­госын Ерөнхий сайд Чон Хон Вон албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн. Учир нь ард иргэдийн зүгээс түүнийг ослын талаар дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэв. Харин энэ сарын 10-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнээрээ сэтгүүлч асан Мун Чан Гыкийг нэр дэвшүүлэхээр парламентад өргөн барьжээ.

Categories
гадаад мэдээ

А.Жолигийн хэлсэн үг хятадуудыг бухимдуулав

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн Хятадад хийж байгаа айлчлал нэлээд хэл ам дагуулаад байна. Тэрээр “Maleficent” үлгэрийн киноныхоо нээлтэд оролцохоор очсон аж. Гэтэл хэвлэлийн бага хурлын үеэр А.Жоли Тайванийг БНХАУ-ын нэгэн хэсэг гэж үзэхгүй байгаа хэмээн хэлсэн нь хятадуудыг ихэд бухимдуулжээ. Түүнээс сэтгүүлч Хятадын ямар кино таалагддаг тухай асуухад нэрт жүжигчин “Эн Лигийн хийсэн кинонд дуртай. Түүнийг хятад хүн гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Энг Ли бол Тайванийн иргэн” хэмээн хариулжээ. 

Ю.ДЭЛГЭРМАА