Categories
мэдээ нийгэм

Хуурамч төлбөрийн картны гэмт хэрэг гарч байгааг анхааруулж байна

Юуны түрүүнд картны гэмт хэрэг гэдэг нэр томъёог хүргэе. Хувь хүний төлбөрийн картны туузан мэдээлэл буюу track-г хууль бусаар хуулбарлан авч тусгайлан бэлдсэн картны бэлдэц дээр суулгаж төлбөр тооцоо болон бусад байдлаар ашиглах гэмт хэргийг Carding буюу хуурамч төлбөрийн картны гэмт хэрэг гэдэг байна. 

Гэвч сүүлийн жилүүдэд гадаадын банкны харилцагч нарын картны мэдээллийг хууль бусаар авч хуурамч карт үйдлэн хөгжиж буй улс орнуудад гэмт хэрэг үйлдэх явдал эрс ихэсч байна. 2012 оноос хойш Монгол улсын Цагдаагийн байгууллагаас Малайз, Сингапур, Украйн, Нигер улсын иргэд хуурамч картаар гэмт хэрэг үйлдсэн олон хэргүүдийг илрүүлэн шалгажээ.

Гэмт этгээдүүд гадны иргэний картаар гүйлгээ хийж байгаа хэдий ч тухайн мөнгөн дүнтэй тэнцэх гүйлгээг манай Монголын арилжааны банкуудаар дамжин гардаг учир эцсийн хохирол Монголын арилжааны банкууд, худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуй нэгжүүд амсан, гэмт хэргийн золиос болдог байна.

Энд нэгэн жишээ дурдъя. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад улсын иргэдийн хүсэлтээр монгол улсын иргэд нь Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжийг худалдан авчээ. Хуулийн этгээдийн нэр дээр данс нээж, пос терминал /карт уншигч/ машиныг эзэмших зорилгоор арилжааны банктай гэрээ байгуулан карт уншигч худалдан авсан байна.

Гэвч тухайн пос машиныг худалдан авсан хятад иргэн… Энд дарж цааш уншина

Categories
мэдээ нийгэм

19 настай хүү галаас гурван хүний амийг аварчээ

Иргэнийхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлсэн Б.Маргад хүүгийн талаар өнөөдөр танилаасаа сонслоо.  Тэрбээр энэ сарын 16-нд галаас гурван хүний амь насыг аварсан баатарлаг үйлс бүтээжээ. 

Болсон явдлыг сийрүүлбэл, Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны 4 тоотод энэ сарын 16-нд гал гарсан байна. Гал үүднээсээ эхэлж гарсан бөгөөд яах ийхийн зуургүй битүү утаа болж улмаар дотор нь байсан хүмүүс амиа алдах дөхжээ.

Хэдийгээр гал гарсан айл нэгдүгээр давхарт байрладаг ч гэлээ цонхыг нь гаднаас нь төмөрлөсөн болохоор дотор нь байсан хүмүүс гарах ямар ч боломжгүй байсан аж.

Энэ үед 5 настай дүүгээ хөтлөөд дэлгүүр явж байсан Б.Маргад хүү эр зориг гарган гал гарч байгаа айлын цонхных нь төмрийг салган улмаар дотогш нэвтрэн орж гурван хүний амийг аварчээ. Тэдний нэг нь хэвтрийн хөгшин байсан аж.

Ингээд баатарлаг үйлс бүтээсэн Б.Маргадын ээж Ж.Оюунгэрэлээс болсон явдын талаар тодрууллаа.

-Юуны өмнө танд болон танай хүүд баяр хүргье. Үнэхээр баатарлаг үйл бүтээжээ?

-Баярлалаа. Хүүгээрээ үнэхээр их бахархаж байна.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Манайх яг хажуугийнх нь байранд амьдардаг юм. Тэр үед хүү маань дүүгээ хөтлөөд урд талын дэлгүүр рүү явж байсан юм билээ. Гэтэл 24 дүгээр нэгдүгээр давхрын айлд гал гарч, дотор нь хүмүүс гарч чадахгүй байсан гэсэн. Энэ үед хүү маань дүүгээ “Яг наанаа зогсож байгаарай” гэж хэлчихээд гадаа байсан хүүхдүүдтэй нийлж тэр айлын цонхыг гаднаас нь эвдэлж орсон юм билээ. Эхлээд жижиг өрөөнийх нь цонхны гаднах төмрийг мултлаад цонхыг нь хагалаад дотогш ортол цааш явах аргагүй битүү утаа байсан гэсэн. Тэгэхээр нь том өрөөнийх нь цонхыг эвдэлж ороод дотор байсан хүмүүсийг аварсан юм билээ.

-Дотор хэдэн хүн байсан бэ?

-Гурван хүн байсан, нэг нь хэврийн хөгшин гэсэн. Эхлээд хоёр хүнийг нь цонхоор гаргаад буцаж орж нөгөө хэвтрийн хүнийг үүрч, дүүрч гаргасан гэж байсан.

-Тухайн үед галынхан ирээгүй байсан хэрэг үү?

-Хүү маань тэр гурван хүнийг аварчихаад л дүүгээ хөтлөөд дэлгүүр рүү яваад өгсөн гэсэн. Тэгэхэд галын машин зөрсөн тухай хэлж байсан. Тэгэхээр гал гарснаас хойш нилээд удаж байж ирсэн байх.

-Галаас аврагдсан хүмүүс танай хүүд талархал илэрхийлсэн үү?

-Өчигдөр би хүүгээ нөгөө хэвтрийн хөгшин дээрээ сүү авч очоод биеийг нь асуучих гэсэн юм. Хүүг маань очиход тэр хүн их баярлаж, миний хүүд талархсан сэтгэлээ илэрхийлж захидал бичиж өгсөн байна лээ

-Та хүүгийнхээ баатарлаг үйлсийн талаар хэзээ мэдсэн бэ?

-Тэр өдөр хүү маань гэнэт залгаад “Ээж ээ, би галаас хүний амь аварчихлаа” гэсэн. Би ч учрыг нь ололгүй бүр сандраад “Юун гал ус вэ, битгий дэмий юм яриад бай. Аюултай шүү дээ” гэтэл  “Сая аварчихлаа” гэсэн. Сүүлд хүү маань “Тэр гал гарч байсан айлын цонхыг нь хагалж ороход дотор юу хүлээж байгааг нь ч мэдээгүй шууд л яваад орсон” гэж байсан. Үнэхээр их зориг гаргасан байгаа юм. Аймаар ч юм шиг.

-Галаас хүний амь аврахад танай хүүтэй хамт ямар хүмүүс байсан бэ?

-Тэр хавьд тоглож байсан дандаа жоохон хүүхдүүд байсан гэсэн. Миний хүү чинь өөрөө жоохон шүү дээ, дөнгөж 19 настай. Хүү маань тэднийг жоохон гэхийг бодоход Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байсан байх аа.

-Хүү тань аль сургуульд сурдаг вэ?

-Миний хүү Ахлагчийн сургууль төгсөөд одоо Элитийн 150 Баталионы дэд ахлагч, буудагч цолтой.  

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа.

Categories
гадаад мэдээ

Ханхүү Харриг хар тамхи татсан гэжээ

Их Британийн ханхүү Харри хар тамхи хэрэглэж байхдаа цагдаагийнханд баригдаж байсан ч ханхүү гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хэрэг хүлээлгүй өнгөрсөн хэмээн Жое Брэнд гэх мөрдөгч эмэгтэй “ВВС” агентлагт ярьжээ. Тэрээр “Надад ханхүү Харригийн хар тамхи хэрэглэсэн гэх баримт байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ханхүү Уиллим эхнэр Кейт Миддилтон болон бяцхан ханхүү Жорж Александр Луигийн хамтаар Шинэ Зеланд, Австрали улсуудад төрийн айлчлал хийсэн. 29 хоногийн хугацаатай тус айлчлал өндөрлөсний дараа хоёр ханхүү дээдсийн хүрээлэнгийн хэдэн найзын хамтаар Лондон хотод байрлах “Miami” шөнийн клубт шоудсан. Тэр үед Харри хар тамхи хэрэглэсэн ч ханхүү гэх шалтгаанаар цагдаагийханд саатуулагдаагүй. Лондонгийн цагдаа нар тэднийг үргэлж, өөгшүүлж эрхлүүлдэг” гэжээ. Түүний мэдэгдлийн дараа Букинхамын ордноос Хатан хааны гэр бүлийн нэр хүндэд санаатайгаар халдаж, гутаан доромжилсонд харамсч буйгаа мэдэгдсэн байна. Мөн ханхүүг хар тамхи хэрэглэсэн гэх худал цуурхалаа зогсоохгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан тухай “Hollywoodlife.com” мэдээлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Төр муу менежер гэсэн хөшигний ард хувийн компаниуд хөлжсөөр ирсэн


Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

-“Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног” хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчит 32 байгууллагыг хувьчилна гэж байна. Хувьд шилжих аж ахуйн нэгжүүдийг хэзээнээс зарлах вэ?

-Нийт 88 төрийн өмчит компани байгаа. Эдгээр компанийг дотор нь нийгмийн хариуцлагатай, төрийн эрх мэдлийг бууруулж хувьчлах, бүрэн хувьчлах гээд гурав ангилдаг. “Эрдэнэт” мэтийн хамтарсан үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, мэдээлэл технологийн 10 гаруй нийгмийн хариуцлагатай компани бий. Төрийн эрх мэдлийг нь бууруулж хувьчлах 40 гаруй компани байгаа. Мөн арав гаруй компанийг 2014-2016 онд бүрэн хувьчилна. Эдгээр арван компани дээр нэмээд төрийн эрх мэдлийг бууруулах 20-иод компанийг нэмээд нийтдээ 32 аж ахуйн нэгжийг хувьчлах юм. Яг ямар компаниудыг хувьчлах тухай одоо яригдаж байгаа ч албажаагүй байна. Засгийн газрын шийдвэрээр эцэслэн батлагдсаны дараа тодорхой болно. 

-МИАТ, Хөрөнгийн бирж зэргийг хувьчилна гэж дуулдсан. Тэгвэл төрийн эрх мэдлийг нь бууруулах 20 гаруй компанийн хэдэн хувийг нь хувьчлах юм бэ?

-Зуун хувь төрийн өмчит эдгээр байгууллагуудын төрийн эрх мэдлийг тодорхой хувиар бууруулах юм. Одоогоор 49 хувийг нь үндэсний компанидаа өгөхөөр ярьж байна. Бид МИАТ, Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн биржийн 66 хувийг хувьчилъя гэж байгаа. Нэлээд давуу эрхтэйгээр хувьд өгөх юм. 

-Хувьчлалын цаана хуудуутай явдал өрнөдөг гэж хүмүүс харддаг. Энэ ажлыг яаж зохион байгуулах вэ? 

-Шударгаар хэлэхэд бүх компаниудыг хувьчилж, идэж уух гээд байгаа юм шиг нийгэмд ойлгогдохыг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө хувьчлалын найман арга байдаг. Үүний нэг нь 1996 оноос явж ирсэн нээлттэй дуудлага худалдаа. Гэхдээ бүх компанийг дуудлага худалдаанд оруулахгүй. Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг гол компаниудыг хувьцаа хэлбэрээр нээлттэйгээр хувьчилна. Ингэснээр тус компанийг гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар дэмжинэ, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нь сайжруулна гэсэн үг. 

-Нээлттэй дуудлага худалдааг 30 хоногт зохион байгуулах хуультай. Одоо ямар компаниудыг хувьчлах нь тодорхой болоогүй байгаа энэ ажил Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногт амжих уу?

-Төрийн болон Орон нутгийн тухай хуулийн 39.1 дүгээр заалтаар зарлан мэдээлэх шийдвэр гарснаас 30-аас доошгүй хоногийн дараа дуудлага худалдаа хэрэгжээд эхэлнэ. Тиймээс бид хугацааг нь нааш нь татах бодлоготой байгаа. Хуульд өөрчлөлт оруулж, 14 хоног болгох боломжийг судлаад хуулийн төсөл боловсруулсан байгаа.  Хэрэв энэ төсөл батлагдвал 14 хоногт дуудлага худалдааг зохион байгуулна. 

Мөн Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд ашиглагдахгүй байгаа агентлагуудын дэргэдэх амралт сувиллын газруудыг хувьчлалаас гадуур дуудлага худалдаагаар борлуулахаар судалгаа хийж байгаа.

-Төрийн өмчийн дуудлага худалдаанаас олсон орлогыг төсөвт төвлөрүүлнэ гэсэн. Үүнээс улсад хичнээн төгрөг оруулж ирэх төлөвлөгөө байгаа вэ?

-Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоосноос шалтгаална. Сувиллын газруудын хувьд хөндлөгийн аудитаар дуудлага худалдаа явагдана. Дуудлага худалдаа хэдий чинээ сайн явагдана. Төчнөөн хөрөнгө орж ирнэ гэсэн үг. 

-Нэлээд алдагдалтай ажилладаг, төр цааш нь аваад явах боломжгүй гэж үзсэн 32 компаниа хувьчлах гээд байна уу? 

-Менежмент муутай, алдагдалтай компаниуд байхын хувьд байгаа. Төр авч явж чадах юмаа авч явъя л даа. Харин хувийн хэвшлийнхэн менежмент сайтай болохоор тэр компаниуд төрд байснаас хувьд гарсан нь дээр. Төрийн өмчит оёдлын үйлдвэр хувийнханд очвол тэд түвэггүйхэн аваад явчихаж чадна. Бас тариурын үйлдвэр хувьд шилжвэл үйл ажиллагааг нь ахиулаад хөгжүүлэх боломжтой. Ер нь бол төрийн өмч байх түвшиндээ байх хэрэгтэй. Монголчууд төрийн өмчийг арвижуулж чадахгүйгээс болж ад үзээд байгаа. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс өөрийн зүрх сэтгэлээр хандах юм бол хувийнхнаас илүү авч явах боломж ч бий.

-Гэхдээ төрийн компаниуд яаж дампуурдгийн жишээг Татварын ерөнхий газар, МИАТ-ийн өмнөх удирдлагууд нийгэмд сануулаад авсан. Ер нь цаашид төрийн өмчит 88 компанийг бүгдийг нь хувьчлах шаардлагатай юу?

-Нийгмийн хариуцлагатай компаниудыг ойрын хугацаанд хувьчлахгүй. Бид дэлхийн чиг хандлагыг харах ёстой. Бусад орнуудын жишигт 50-60 компани төрд байдаг юм байна. Тэгэхээр үндэсний хэмжээний төрийн өмчит компаниудыг төрүүлье л  дээ. Төрийн мэдэлд 100 хувь байна гэлтгүй, 20-30 хувь байж болно шүү дээ. 

-Төр хувийн хэвшил рүү дайрч байна гэх шүүмжлэл нэлээд дагуулдаг. Лениний музейгээс эхлээд хэд хэдэн өмчийг төр мэдэлдээ буцаагаад авчихлаа. Төр муу менежер байхын оронд  хувьчилсан нь дээр баймаар… 

-Дэлхийн чиг хандлагыг хараад байхад стратегийн ач холбогдолтой, үндэсний эрх ашиг хөндөгдөхөөр, аргагүй төрд байх ёстой үйлдвэрүүд төрд л байх ёстой. Гэхдээ энд төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь ямар байх уу гэдгээс тухайн байдлаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компаниа эдийн засгийн үр ашигтай авч явахын тулд нэмэлт хувьцаа гаргаж, хувьчилж болно. Төрийн эрх мэдлийг бууруулж болно. Дэлхий нийтийн чиг хандлага бол төр хувийн хэвшлийн түншлэл дээр тогтож байгаа. Хэрвээ төрийн компани хүнд байдалд орвол хувийн хэвшлийнхэн босгоод ашгаа ч олоод авдаг. Тэдэнд хувьчлах боломж нь байдаг бол хувьчилна. Эргүүлээд төрд өгөх тийм боломж нь бий. Энэ бол сонгодог жишээ. Манайд Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ийм зүйл харагдлаа шүү дээ. Мөн үндэсний брэнд болсон том компаниуд хүнд байдалд ороход төр хөрөнгө оруулаад босгож, эдийн засаг сайжрахад буцаад тэр хөрөнгөө татаж авах боломж байгаа. Тэгэхээр төр хувийн хэвшлийн ийм нөхцөл байдал чухал. Ер нь бид төрийн өмчийг үзэн яддаг байдлаас болоод төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хулгайлах, эзэнгүйдүүлэх баяжих тогтолцоо бий болоод уджээ. Төрийн өмчийн компаниудыг аваад үзвэл нялхсын өвчин гэж томьёолоод байгаа. Төр муу менежер гэдэг хөшигний ард төрийн хөрөнгөн дээр хувийн компаниуд тоглож болдог гэсэн тогтолцоо яваад ирлээ. Тэгэхээр төрийн мөнгөөр зарласан тендерт хувийн компаниуд ороод байгаа шүү дээ. Тендерийн доод үнийн хязгаар тавихдаа хэд дахин өндөр тавиад хувийнханд тэр ашиг нь очиж байгаа. Төр тэр хэмжээгээр алдаж байна гэсэн үг. Эргээд нөгөө төрийн өмчийн компаниуд дампуурал руу орсоор ирсэн. 

-“Хангарьд” ордон зэрэг төрийн үйлчилгээний хэд хэдэн байрыг хувьчлах тухай яригдаж байсан. Энэ ажил юу болсон бэ?

 -Тэр бол Нийслэлийн буюу орон нутгийн өмч. 

Төрийн өмчийн хороо оролцохгүй. Харин бид Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар арга зүйн зөвлөгөө өгөх л үүрэгтэй. 

-Төрийн өмчийн хороог татан буулгах ёстой гэх шүүмжлэлүүд байдаг л даа. Бусад орнуудын чиг хандлагаас харахад ийм байгууллага манайхыг бодвол нэлээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё? 

-Төрийн өмчийн хороо бол Төрийн болон  Орон нутгийн тухай хуулийн үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Сүүлийн үед ардчилал хөгжсөн орнуудад байдаг л зарчим л даа. Үүнийг олон өнцгөөс нь харж тайлбарладаг. Зарим нь ч  хувьчлалын асуудал дууссан учраас энэ байгууллага татан буугдах ёстой гэж ярьж байгаа. Нөгөө хэсэг нь Төрийн өмчийн хороо байх нь зүйтэй гэж байна. Энэ бол ардчиллын зарчим. Хамгийн гол нь бид нэлээд судалгаатай, үндэстэй хандмаар байгаа юм. Төрийн өмчийн хороо гадаад  харилцаагаа өргөжүүлэх тал дээр нэлээд ажилласан. 2013 онд Америк, Япон, Сингапур, Солонгос, Герман, Канад гээд олон улсын төрийн өмчийн байгууллагуудыг судаллаа. Ер нь дэлхий дээр төрийн өмчийн байгууллагууд байдаг юм байна. Ингээд туршлагаас үзэхэд Франц улсын туршлага нэлээд эртнийх юм билээ. Өнгөрсөн жилээс Францтай харилцаагаа өргөжүүлээд явж байна. 

-Яагаад Франц улсыг сонгов?

-Тус улс анх 1825 онд өмчөө тоолсон юм билээ. 1960 онд бүх өмчөө хувьчилсан байдаг. Тэгэхээр энэ бол нэлээд баялаг туршлагатай улс гэсэн үг. Өндөр хөгжилтэй орнууд хувьчилсан төрийн өмчийн компаниудаа буцаагаад төрдөө авсан тохиолдлууд олон байна. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой компаниудаа төрд авахаас өөр замгүй. Бид өндөр хөгжилтэй орнуудын алдсан алдаануудыг давтах ёсгүй. Зарим УИХ-ын болон Засгийн газрын гишүүд төрийн өмчийн хороо ганцхан хувьчлал явуулдаг байгууллага шиг ярихаар татан буулгах ёстой юм шиг харагдах байх. Тэгэхээр манай олон чиг үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага. Тухайлбал, Төрийн өмчийн хороо төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг институци болчихсон байгууллага. Мөн өмчийг актлах, бүртгэх, балансаас балансад шилжих гээд Монгол Улсын хэмжээнд 5000 гаруй хуулийн этгээдийн өмчийн хөдлөлийг хариуцаж байна. Энэ бол механикаар маш хэцүү хариуцлагатай ажил. 

-Төрийн өмчийн нийт хөрөнгийн хэмжээ хэд вэ. Байгууллагын өмчийг дөрвөн жил тутамд тоолдог бил үү? 

 -Тиймээ. Сүүлд 2012 онд төрийн өмчийг тоолсон. Нийтдээ 14 их наяд төгрөгийн өмч тоологдсон. 60 хүнтэй манай байгууллага төрийн хамгийн цомхон хэрнээ маш их ачаалалтай ажилладаг. Тиймээс хуулийн дагуу дотоод аудитын алба, хуулийн хэлтэстэй болмоор байна. Мөн хөгжлийн явцыг тодорхойлж байх инновацийн хөгжлийн алба байх ёстой.

-Нэг хэсэг нь ТӨХ-г татан буулгах хэрэгтэй гэж үзэж байхад харин та тэлэх ёстой гэх гээд байна уу даа. Ерөнхийлөгчийн төрийн данхар бүтцийг өөрчлөх санаачилгатай зөрчилдөх юм биш үү?

-Цаг үедээ тохирсон тэлэлтийг хийх хэрэгтэй. Тодорхой хэдэн алба, хэлтэс нэммээр байна. Надад тийм боломж байхгүй. Одоогийн нөхцөл байдалдаа тааруулаад яв гэж байгаа болохоор болгож л байна. Үнэндээ бүхэл бүтэн 2-3 хүний хийх ажлыг ганц хүн хийж байна. Тэгэхээр ямар ачаалалтай ажиллаж ямар үр дүн гарах билээ. Бас судалгаа хийж байж үр дүн гарна уу гэхээс нэг хүн дангаараа хийнэ гэдэг хүндрэлтэй. Засгийн газрын 147 дугаар тогтоол гарч, хэмнэлтийн горимд ажиллаж байна. Тэгэхээр дахиад бүтэц нэмнэ гэсэн ойлголт байхгүй, дотооддоо зохицуулах ёстой. Тиймээс бүхэл бүтэн ийм олон жилийн туршид институци болчихсон байгууллага хаа нэг байгууллагын газар хэлбэрт оруулбал, төрийн өмч эзэнгүйднэ, хяналтгүй болно. Тэгэхээр бид үүнд тун ухаалаг хандах хэрэгтэй. Бид хөөс хэлбэрээр биш, агуулга хэлбэрээр, тодруулбал, гэдэс дотрыг нь шинэчлэх хэрэгтэй. Өнөөдөр төрийн өмчийн компаниуд яагаад алдагдалтай ажиллаж байгаа юм бэ гэдгийг судлах ёстой. Энэ ажлыг өнгөрсөн жил хийсэн, үр дүн ч гарч байна. 2013 онд төрийн өмчит компаниуд 6-10 тэрбум төгрөгийн алдагдлаа бууруулж, нэг их наяд төгрөгийн хоорондын өр авлагаа барагдуулсан.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар ТӨХ алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг нийгэмд зарласан байх аа?

-Өмнө нь хэзээ ч зарлаж байгаагүй алдагдалтай ажилладаг төрийн компаниудыг бид ил тод болгож зарласан. Ард түмний хяналт бий болгож байгаа юм. Төрийн өмчийн компаниудыг яагаад алдагдалтай ажилладгийг тэд соргогоор харж, шүүмжилнэ. Мөн агентлагууд дотроос ТӨХ анх удаа бүх гаргасан шийдвэр, тушаалуудаа олон нийтэд ил болгосон. ТӨХ захиргаа эрх зүйн шинэчлэл хийе гэж байгаа. Ингэснээр компаниуд захирлуудынхаа тушаалыг холбогдлох эрх зүйн баримт актуудыг санхүүгийнхээ тайланг, худалдан авалтынхаа бараа таваарыг ерөөсөө ил тод тавина. Хэрвээ манай энэ шинэчлэл рүү шилжвэл алдагдлаа бууруулна. Хариуцлагын тогтолцоог гаргаж ирж байгаа. Захиралтай нь ч, багтай нь ч хариуцлага тооцдог болно гэсэн үг. Хэрэв ажиллаж чадахгүй бол огцордог тогтолцоотой болбол үр дүнд хүрнэ. Гэхдээ тодорхой цаг хугацаа байх ёстой. Энд мэдээж улс төрчид төрийн дээд албан тушаалтнууд зориуд анхаармаар байгаа. 

-Ингэхэд төрийн өмчийн компаниудын уялдаа холбоо ямар байна вэ?

-Тун хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийшээ харчихсан. Зөвхөн өөрсдийгөө л харна уу гэхээс тэр компанид юу болж байна, ямар ололт амжилт байна, тэндээс юу сурах вэ, юуг нь хийж чадахгүй байна гээд асуудлуудад анхаарахгүй байна. Энд нэг зүйлийг тодотгоё. “Эрдэнэт” үйлдвэрт жилдээ 20 мянган тн ган бөмбөлөг шаардлагатай. Гэтэл хажууханд нь “Дархан”-ы төмөрлөгийн үйлдвэр байхад гаднаас авдаг байсан. Ингээд энэ хоёр компанийн удирдлагуудыг уулзуулж, хамтран ажиллах асуудал тавихад ойлголцсон. Урд нь “Эрдэнэт” үйлдвэр манай хоёр хөршөөс ган бөмбөлөгийг хэн нэгэн нийлүүлдэг байсан гэсэн. Ингээд “Дархан”-ы төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийснээр 20 мянган тн ган бөмбөлөгөөс дөрвөн сая ам.доллар хэмнэж байгаа юм “Дархан”-ы төмөрлөгийн үйлдвэр ч өвөл ажил нь зогсдог байсан бол өвөлжингөө ажилладаг болсон. Энэ бол ажлын уялдаа холбоо юм л даа. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичиг барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид Хорват, Узбекстан, Гүрж улсын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр үдээс хойш Бүгд найрамдах Хорват улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Небойша Кохарович, Бүгд найрамдах Узбекстан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даниер Джавдатович Курбанов, Гүрж улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Давид Апциаури нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Бүгд найрамдах Хорват улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Небойша Кохаровичийг хүлээн авч уулзах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн  идэвхжүүлэхэд шинээр томилогдон ирж буй Элчин сайдын үйл ажиллагаа чухал түлхэц болно гэдгийг тэмдэглэж амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Бүгд найрамдах Узбекстан улсын Элчин сайд Даниер Джавдатович Курбанов уулзахдаа Монгол Улс, Узбекстан улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг болон хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлон тэмдэглэлээ.

Гүрж улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Давид Апциаури Монгол, Гүрж хоёр орон эртнээс уламжлалт сайн харилцаатай явж ирснийг дурдаад цаашид ч харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсад хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөлөө. Хоёр орны парламентын гишүүд, бизнесийн төлөөлөл харилцан айлчилж, хоёр талын хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Элчин сайд нарт амжилт хүсч, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны яам тэдний ажилд тусламж дэмжлэг үзүүлж ажиллах болно гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдаа зодож буй захирал

Гоц авьяастай  хүүхдүүдийн гэх тодотголтой 93 дугаар сургуулийн 30 гаруй багш нар өнөөдөр “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд хэвлэлийн хурал хийж захирлынхаа хууль бус үйлдлүүдийг илчилсэн юм. Тэд Т.Энхтүвшин захирлын 3 дугаар ангийн сурагчидтай хэрхэн зүй бусаар харьцаж байгаа талаарх энэ дүрс бичлэгийг нийтэд дэлгэлээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Засгийн газар ээлжит бус хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарлаад байна. Уг хуралдаанаар Оюутолгой төслийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл сонсохоор төлөвлөсний зэрэгцээ МИАТ төрийн өмчит компанийн үйл ажиллагааны тухай Зам тээврийн сайд А.Гансүх мэдээлэл хийхээр болсон аж. Мөн нууц асуудал багтаж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс сонирхоно уу.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн байнгын хорооны хурал цуцлагдлаа

Ирц хангалтгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэлж хуралдахаар болсон ч удалгүй цуцлагдлаа. Хуралдааны эхэнд тус байнгын хороо даргаа сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байв. Гэвч Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй байгаа тул өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй аж.

Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болох холбогдох хуулиуд, Хөдлөх эд хөрөгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр байсан бөгөөд хурлыг С.Баярцогт хурлыг даргалан явуулах гэж байв. Гэвч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн дагуу уг хурлыг Байнгын хорооны дарга даргалан явуулах дэгтэй тул ийнхүү бүхий л асуудлыг хэлэлцэх боломжгүй юм байна хэмээн гишүүд хурлыг орхин гарцгаасан байна.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Үзмэрч наймаалжын ахан дүүсүүд

2010 оны ДАШТ-ий үер
алдаршиж 13 тоглолтын 11-ийг зөв тааж байсан Германы усан хүрээлэнгийн алдартай
үзмэрч Паул наймаалжийг санаж байна уу. Хөөрхий тэр угийн богинохон насалдаг
амьтадын төрөл тул тэгээд тун удалгүй хорвоогоос явж олон хүний санааг амрааж
билээ. Тэр цагаас хойш амьтан ашиглаж таах гэсэн оролдлого их моод болсон .
Одоо ДАШТ эрчээ авч байгаатай холбогдоод улс болгон л шахуу өөрийн гэсэн үзмэрч
амьтантай болчихоод байна. Польшийн амьтны хүрээлэнгийн заан, Дубай хотын
Шахин  нэртэй тэмээ, Италийн Пабло нэртэй
оцон шувуу, Сычуаний Панда,  Бразилийн
Том толгой хочит яст мэлхий гээд өчнөөн олон үзмэрчид байна, цаана чинь. Тоглох
гэж байгаа хоёр улсын тугны доор хоол тавиад алийг нь амьтан сонгох нь вэ
гэдгийг камерт бичээд youtube-д тавиад хоёр гурав таачихад л од болж байгаа юм
шүү дээ. Манайд атга өвсний төлөө нэг иймэрхүү хэмжээний  таавар таачихаар сарлаг ч юм уу, ухна ч юм уу
байгаа болов уу.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд мотоциклийн ослоор 112 хүн эрсэджээ

Замын цагдаагийн газраас ирүүлсэн судалгаанаас үзвэл өнгөрсөн жил улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртжээ. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд энэ чиглэлээр тандалт судалгаа хийн дүнгээ гаргалаа. Иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклийн обуд нь хагарч цууран осолддог байна. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол 35 хувь нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас, үлдэх нь бусад осол гэсэн ангилалд багтжээ. Осолд өртөгсдийн 251 хүн буюу 76 хувь нь тухайн үедээ хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 93 хүн буюу 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдлоо. Осолдсон мотоцикльтэй эздийн 72 хувь нь мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар аваагүй зөрчил ч гарсан байна.    

Аймгуудад мотоциклийг хүн тээврийн зориулалтаар ашиглах нь элбэг. Тухайлбал Дорнод, Баян-Өлгий, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн төвд 258 мотоцикль үйлчилгээнд явж байгаа. Өнгөрсөн онд хүн тээвэрлэж явсан мотоцикльтэй иргэд осол гаргасны улмаас 10 хүн амь насаа алдсан байна. Манай хуульд мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учир Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломж хомс. Гэхдээ аймгуудын Мэргэжлийн хяналтынхан тухайн орон нутгийн Замын цагдаагийн байгууллагатай хамтран осол, зөрчлөөс сэргийлэх, мотоциклоор хүн тээвэрлэж байгааг зогсоох шаардлага тавьж, зөвлөмж зааварчилгаа өгөх зэргээр боломжтой бүх арга хэмжээг авч байна.

Цаашид импортоор оруулж ирж байгаа мотоциклийн стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикль оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн хяналтын байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах зэрэг саналаа Зам, тээврийн яаманд хүргүүллээ. Мөн шат шатны Засаг дарга нар иргэдийнхээ мотоциклийг улсын бүртгэлд оруулж, улсын дугаар өгч хэвших, аюул, осолгүй эзэмшиж, ашиглах талаар сурталчилгаа, таниулга, зөвлөмж, санамж өгч байхыг санал болголоо. Өнгөрсөн онд улсын хилээр 37 мянга орчим мотоцикль орж ирсний 36713 нь БНХАУ-д, үлдсэн нь Энэтхэг, БНСУ, АНУ, Япон зэрэг 17 улсад үйлдвэрлэсэн байжээ.

www.medee.mn