Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх чухал асуудлуудаас ямар шийдвэр гарахыг нийгэм даяар хүлээлттэй байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу сайд нарын “давхар дээл” тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн дуу нэгтгэж, төслийг санаачилсан субъект нь болох Монгол Улсын Ерөнхийлөгчид буцаахаар боллоо. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийг санааачлахдаа үйлчилж эхлэх хугацааг нь 2016 оны долдугаар сарын 1 байхаар тусгаад байсан юм. Засгийн газрыг огцруулах талаар хуулийн төсөлд байгаагүй билээ.
Month: May 2014
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа. Завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдлээ. Ингэх болсон нь тогтоолын төсөлд тусгасан асуудлуудыг нягтлах шаардлага үүслээ хэмээн онцолсон юм.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байлаа. Тогтоолын төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулав. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Төсөлд Монгол Улсад хэрэглэгдэх эмийг улсын бүртгэлд бүртгэх, эмийн хяналтын лабораторийн хүчин чадлыг олон улсын түвшинд хүргэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн эмийн зохистой хэрэглээ, жор бичилтийг төлөвшүүлэн, эм хангамжийн үр ашигтай, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийн хөнгөлөлт олгох тогтолцоог боловсронгуй болгох талаар мөн тусгасан байна. Гишүүд эмийн үнэ, эмийн зохистой хэрэглээ, эмийн жор бичилт, төрөөс үзүүлж буй эмийн үнийн хөнгөлөлт, эмийн худалдаа, эм ханган нийлүүлэлтийн тендертэй холбоотой асуудлаар төсөл санаачлагчаас асууж тодруулан, саналаа илэрхийлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Бүгд Найрамдах Эстони Улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулагдсан “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хуралд оролцож, тус улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд Эстоний Парламентын Ерөнхийлөгч Ейки Нестор-той уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Е.Нестор Эстонид зохион байгуулагдсан “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хурал нь интернет мэдээллийг нээлттэй, чөлөөтэй, аюулгүй ашиглах талаар гадаадын олон орны зочин төлөөлөгчид хэлэлцсэн олон улсын чухал арга хэмжээ болсныг тэмдэглэж, дараагийн ээлжит 5 дугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах болсонд баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Эстоний тал дээрх бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахад өөрсдийн туршлагаас хуваалцах, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдоос мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав. Хоёр тал Монгол, Эстоний харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч идэвхжүүлэн хөгжүүлэх, Европын Холбооны хүрээнд хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал цахим засаглал, занар боловсруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Хоёр улсын Парламентэд Монгол-Эстони, Эстони-Монголын Парламентын бүлэг байгуулагдсан бөгөөд УИХ дахь Монгол-Эстоний Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Батцогт, Эстоний Парламент дэх Эстони-Монголын Парламентын бүлгийн даргаар Эстоний Парламентын гишүүн Маргус Цахна ажиллаж байна.
Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Эстоний Мэдээлэл, холбооны технологийн Танилцуулах төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Эстонид цахим засаглал өндөр хөгжиж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний салбар, иргэдийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэж байна. Тухайлбал, Эстоний сургууль, засгийн газрын байгууллагууд 100 хувь, хувийн компаниудын 95 хувь компьютерээр хангагдсан. Эстонид Парламентын болон орон нутгийн сонгуулийг интернетээр явуулдаг, шинээр төрсөн хүүхдэд албан ёсны цахим хаяг нээдэг байна. Мөн цахим иргэний үнэмлэх, цахим эрүүл мэндийн систем, цахим цагдаагийн систем зэрэг олон салбарт цахим засаглалыг амжилттай хэрэгжүүлжээ. Эстонид татвар хураалт, татварын буцаалтын дийлэнх хувийг цахим хэлбэрээр гүйцэтгэдэг байна.
Монголын боулинг сонирхогчдын холбоо, Биг боулинг төв үүсч байгуулагдсаны зургаан жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд холбоо болон төвийн зүгээс уламжлалт тэмцээнүүдээс гадна хэд хэдэн нэрэмжит тэмцээн зохион явуулна. Эдгээр тэмцээний нэг болох боулинг сонирхогчдын холбоо болон Биг боулинг төвийн зургаан жилийн ойн нэрэмжит тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион явуулсан байна. Тус тэмцээнд боулингийн есөн баг эмэгтэй,эрэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөж медальтнуудаа тодруулжээ. Тэмцээн Монголын шилдэг боулингчдийн нэгэн цугларалт болсон юм.Тамирчдыг зиндаагаар нь дээд болон дэд зиндаанд ангилан өрсөлдүүлсэн байна. Тэмцээний явцад эрэгтэйчүүдээс Д.Чулуунбаатар 242 оноо,эмэгтэйчүүдээсХ.Өлзийхорол 223 оноо авч дээд амжилт тогтоосон байна.Эрэгтэйчүүдийн дээд зиндааны тэргүүн байрыг Ц.Лхамсүрэн эзэлж, өргөмжлөл,алтан медаль,мөнгөн шагналын эзэн болжээ.Мөнгөн медалийг В.Энхбат хүртсэн бол хүрэл медалийг Б.Бат-Амгалан хүртжээ. Дэд зиндааны тэргүүн байрыг Д.Чулуунбаатар эзэлж,алтан медаль,өргөмжлөл,мөнгөн шагналын эзэн боллоо.Энэ зиндааны мөнгөн медалийг Г.Амгалан хүртсэн бол хүрэл медалийг Ю.Ганболд хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрыг Т.Нансалмаа хүртэж аваргын алтан медаль,өргөмжлөл,мөнгөн шагналын эзэн болжээ. Энэ төрлийн мөнгөн медалийг Х.Өлзийжаргал хүртсэн бол хүрэл медалийг С.Дэлгэрцэцэг нар тус тус хүртжээ.Энэхүү тэмцээнийг Монголын боулинг сонирхогчдын холбоо, Биг боулинг төвөөс өвөрмөц байдлаар зохион явуулсан юм.
Монголын Волейболын холбоо болон “Витафит” групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах “Хаврын нээлттэй тэмцээн” Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээнд эрэгтэй зургаа (“Алтайн барс” “Сима”, “Буянт-Ухаа”, “Хасу мегастарс”, “Эрчим” болон ОБЕГ-ын “Аврагч”), эмэгтэй таван баг (“Энагурэ”, “Монти”, “Сүхбаатар аймаг Цайрт”, “Алтайн барс”, “Эрчим”) оролцож байна.
Эхний тойргийн тоглолт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт дуусах аж. Хоёрдугаар тойргийн тоглолт ирэх долоо хоногт эхлэх бөгөөд хоёр тойргийн нийлбэр дүнгээр шилдэг дөрвөн баг хагас шигшээд шалгарч медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээн даваа, лхагва, баасан гаригуудад Спортын төв ордонд болж байна.
Ингээд өнөөдөр болох тоглолтын хуваарийг танилцуулья.
Эмэгтэй:
12:00 цагаас “Эрчим” vs “Монти”
14:00 цагаас “Энагурэ” vs “Алтайн барс”
Эрэгтэй:
16:00 цагаас “Буянт-Ухаа” vs “Симс”
18:00 цагаас “Алтайн барс” vs “Аврагч”
20:00 цагаас “Эрчим” vs “Xасу мегастарс” тус тус тоглох аж.
Сануулахад, Монголын Волейболын холбооны нэрэмжит клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн 1995 оноос эхтэй аж. Өнгөрсөн жилээс тус тэмцээн хаврын болон намрын нээлттэй тэмцээн хэлбэрээр жилд хоёр удаа болж байна. Хаврын болон намрын нээлттэй тэмцээн амжилттай оролцсон багууд Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй. Энэ жилийн эрэгтэйчүүдийн Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Филиппиний Манила хотноо болоход “Алтайн барс” клуб оролцжээ.
“Реал Мадрид” шигшээд шалгарлаа
Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө Германы “Байерн Мюнхен”-ийг талбайд нь 4:0 харьцаатай бут ниргэж, Аваргуудын лигийн шигшээд шалгарлаа. Хоёр тоглолтын нийлбэрээр 5:0. Тэд ийнхүү 2002 оноос хойш 12 жилийн дараа финалд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.
Өнгөрсөн шөнийн тоглолтод Серхио Рамос /16\’, 20\’/, Криштиан Рональду /34\’, 90\’/ нар дубль хийснээр өрсөлдөгчөө төвөггүй буулган авчээ. Рональдугийн хувьд Аваргуудын лигт 16 гоол оруулснаар шинэ амжилтын эзэн болж байна.
Өнгөрсөн улиралд хагас шигшээ шатанд Испанийн “Барселона”-г хоёр тоглолтын нийлбэрээр 7:0 харьцаатай буулгаж авсан “Байерн”-ийн хувьд энэ жил аваргаа хамгаалж, түүхэн амжилтын эзэд болохоор зүтгэж байсан юм. Уг нь тэдний хувьд дотоодын лигтээ түрүүлэх болзлоо хэдийнэ хангачихсан, тоглогчид сэтгэл зүй болоод бие махбодийн хувьд харьцангуй давуу байдалд байсан билээ.
Одоо “Реал Мадрид” ирэх тавдугаар сарын 24-нд Португалийн Лиссабон хотноо болох аваргын төлөөх тоглолтод нутаг нэгт “Атлетико Мадрид” болон Английн “Челси” клубын ялсантай нь тоглоно. Тус хоёр багийн хариу тоглолт өнөө шөнө Лондон хотын “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болох билээ. Тоглолт Улаанбаатарын цагаар 02:45 цагт эхэлнэ.
УДЭТ-ын жүжигчин Д.Баясгалан “Моно жүжгийн өдрүүд” тоглолт хийхээ зарлалаа. Тэрбээр ирэх тавдугаар сарын 2-нд “Би Эдит Пиаф байна”, “Бенефис”, тавдугаар сарын 3-нд Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу” моно жүжгүүдийг тоглох аж. Д.Баясгалан саяхан Косово улсад болсон Олон улсын театрын наадмаас”Би Эдит Пиаф байна” жүжгээр гран при шагнал хүртээд буй юм.
ЮНЕСКО-гоос 2011 онд жааз хөгжмийг “Дэлхий нийтийн эрх чөлөө, бүтээлч байдлын илэрхийлэл” гэж тодорхойлсон бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жааз хөгжмийн өдөр болгон тунхагласан.
Энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж байгаа ба Парис, Шинэ Орлеон, Нью-Йорк болон Вашигтон зэрэг хотуудад жааз хөгжмийн одод цугласан томоохон тоглолтууд зохион байгуулагдаж байгаа юм.
Жааз хөгжим нь дэлхийн хөгжмийн түүхэнд нөлөө үзүүлсэн Америкийн алдартай хөгжмийн урсгалуудын нэг бөгөөд Америкийн соёл мэдээллийн төвөөс Олон улсын жааз хөгжмийн өдрийг тэмдэглэн “Kush & Oyuka” жааз хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байна.
Тоглолт өнөөдөр 19.00 цагт Улаанбаатар хотын төв номын санд байрлах “Америкийн соёл мэдээллийн төв”-д болно. Энэ тоглолт нь жааз хөгжмийн сарыг олон нийтэд сурталчлан, Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ойг угтсан дөрөв дэх үйл ажиллагаа юм. Тоглолт үнэ төлбөргүй ба олон нийтэд нээлттэй болох нь ээ.
Морин хуурын олон улсын наадам энэ өдрүүдэд болж байна. Уг фестивалийн
үеэр Дамчаагийн Түвшинтөртэй ярилцлаа. Тэрбээр мастер урлаач юм.
-Морин
хуур урлаачдын фестивальд танайх хэрхэн оролцож байна вэ?
-Манайхаас дөрвөн урлаач энэ уралдаанд оролцож байна. Би өөрөө оролцъё
гэж бодож байсан ч амжсангүй. Энэ наадмын хүрээнд урлаачдын уралдаан дөрвөн жилд
нэг удаа болдог юм.
-Эхний
уралдаанд нь та оролцсон уу?
-Ороод тусгай байр авч байлуу даа.
-Тэр
хуур тань одоо хаана хэний эзэмшилд байдаг вэ. Морин хуурын чуулга авчихдаг уу?
-Сайн мэдэхгүй байна. Уралдаанд оролцож байгаа урлаачдын эхний гурван
байрт шалгарсан хуур яалт ч үгүй нэлээн өндөр үнээр зарагдчихдаг юм. Хөгжимчид өөрсдөө
ирээд сайн хөгжим анаад байж байдаг учраас өөрт нь таалагдах л юм бол хичнээн ч
өндөр үнээр хамаагүй авчихдаг. Хөгжмийн зэмсэг хийнэ гэдэг ер нь зовлонтой ажил
л даа. Харахад амархан юм шиг санагдаж болох ч яг мөн чанарт нь хүртэл ойлгож хийхэд
их хугацаа ордог. Анхан шатны боломжийн хөгжим хийдэг хүнийг хөгжмийн зэмсгийн урлаач,
түвшин ахиад ирэхээр хөгжмийн зэмсгийн мастер гэдэг. Сайхан морин хуур хийхэд дуугаралт,
хүний гарт эвтэйхэн байх, бүх өнгө жигдхэн байх гэхчлэн бүгдийг тохируулж хийдэг
болтол маш их хугацаа хэрэгтэй байдаг л даа.
-Дуугаралтыг
нь тохируулахын тулд урлаач нь хөгжмийн боловсролтой байх шаардлагатай юу?
-Хөгжмийн боловсрол гэхээсээ илүү сонсголтой, мөн дээрээс нь маш
нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй л дээ. Ер нь бараг зургаа дахь мэдрэхүй шиг хийсвэр
маягаар мэдэрч хийдэг ажил. Хүний дотоод мэдрэмж гэсэн үг шүү дээ. Номон дээр жишээ
нь, хийлийн хэмжээнээс эхлээд ерөнхий зарчмыг нь зааж өгөхөөс биш яг түүнийг дуурайж
хийвэл хэзээ ч сайхан дуугарахгүй. Антонио Страдиварийн хийл гэж дэлхий даяар мэднэ. Тэр хийлийг ёстой л таван мм.кв тутамд нь бүх
хэмжээг нь авч дуурайлгаад яг тийм бүтэцтэй модоор хийлээ ч тэр хийл шиг дуугардаггүй.
Тэгэхээр энэ бол тухайн хүний маш нарийн дотоод мэдрэмж байхгүй юу. Тиймээс мастер
хөгжмийн зэмсэг бол ерөөсөө л нэг хувь урлагийн
бүтээл юм.
-Манайхан
морин хуураа сонгодог хийлийн хэмжээнд дуугаргах хүсэл эрмэлзэлтэй. Хөгжмийн зохиолчдоосоо
эхлээд, тоглогчдоо хүртэл ийм шинэ шинэ оролдлогууд хийсээр байна. Та мастер хийл
урлаачийн хувьд морин хуур, хийл хоёрын нийтлэг болон эсрэгцэх тал байгаа бол тэр
нь юу болохыг хэлж өгөхгүй юу?
-Зөвхөн морин хуур гэлтгүй ер нь хөгжмийн зэмсгийн урлал гэдэг салбар
маань сүүлийн жилүүдэд манайд хүчтэй хөгжиж байна. Бид нүүдэлчин ахуйд төрж өссөн
улс. Бидний аав ээжийн үеэс биш гэхэд өвөө эмээгийн үеэс нүүдэлчин малчин л байсан
хүмүүс. Тэр үед сайн уран дархан ч юм уу сайн мужаан гээд мэргэшсэн улс байсан уу
гэхээс сайн хөгжмийн зэмсэг урлаач байсан болов уу үгүй болов уу. Би үүнд эргэлздэг.
Тухайн үед хөгжмийн зэмсгийн хэрэглээ чухам ямар байлаа. Гарын дүйтэй өрхийн тэргүүн
морин хуураа хийгээд татаад явдаг тийм л байсан байх. Харин XIII зууны үед хааны
ордонд тоглож байсан хөгжмийн зэмсгүүдийг хийдэг ганц мастер байсан ч юм уу. Нүүдэлчин
нийгэмд амьдарч байсан учраас хөгжмийн зэмсгийн урлал гэдэг бие даасан салбар төдийлөн
хөгжөөгүй явж ирсэн болов уу.
Орчин үеийн залуучууд рок поп, арай нэг модерн хөгжим сонсох сонирхолтой
болсон байна. Гэтэл тэр хүсч сонирхож байгаа хөгжмийг нь морин хуураар тоглож хүмүүсээ
татаж авахгүй бол морин хуурчид хэтрүүлээд хэлэхэд ажилгүй суух болно шүү дээ. Тэгэхээр
хөгжиж байгаа энэ нийгэмд зайлшгүй үзэгч сонсогчдоо татахын тулд ямар ямар зохиол
тоглох юм, тэр зохиолыг тоглоход ямар морин хуур шаардлагатай байна гэхчлэн нийгмийн
хэрэгцээ шаардлагатайгаа уялдаад хөгжчихөж байна. Ийм замаар хуурын хөгжил өнөөдөр
маш түргэн урагшилж байна л даа. Гэхдээ аливаад сайн муу тал аль аль нь байдаг учраас
хурдтай хөгжлөө дагаад сайн муугийн аль нь давамгайлж байна гэдгийг бас харах хэрэгтэй.
Морин хуурт өөрийн гэсэн дуугаралтын өнгө характер тембр гэж байгаа шүү дээ. Түүнийг
нь авч үлдэхгүй бол яг сонгодог хөгжимтэй адилхан болоод ирвэл морин хуур хөгжим
оршин тогтнох шаардлагагүй болно шүү дээ. Тэртэй тэргүй морин хуураар тоглохоос
хамаагүй илүү өндөр боломжтой хөгжмүүд байж байхад. Морин хуурын тоглолтын техник
их хэцүү. Хоёр чавхдасаар өөрийн гэсэн онцлог тембрээр нь авч үлдэнэ үү гэхээс тэд
нартай уралдаад хэрэггүй. Морин хуур бол уламжлалт болон сонгодог гэсэн хоёр замаар
хөгжих ёстой юм байна гэж би ойлгоод байгаа юм. Зарим хүмүүс уламжлал гэж их ярьдаг.
Зөвхөн уламжлалтайгаа зууралдаад байхаар ямар ч нийгмийн хөгжил зогсдог. Жишээ нь
Японыг хар, уламжлалаа хадгалж маш өндөр хөгжилд хүрсэн байна гэж зарим хүн ярьдаг.
Гэтэл нарийн яривал, Японы түүхээс харахад мейжийн хувьсгал гэдэг нь ерөнхийдөө
уламжлалаа яг л хаясан байдаг. Самурай нараа ч байхгүй болгоод бүгд европ хувцас
өмсөж дугуй унацгаасан. Тэгж явж хөгжлийн тодорхой түвшинд хүрчихээд эргээд уламжлалаа
санагалзаад хөгжүүлсэн байдаг. Бид уламжлалаа хадгалж байна гээд өвөл нь учиргүй
мах чанаж идээд, зун нь зөвхөн цагаан идээгээр амьдарч чадахгүйтэй адил хөгжим мөн
л хүний хэрэглээ учраас нийгмээ дагаад хөгжиж байх ёстой юм. Хөгжөөд тодорхой цэгт
хүрээд зогсохгүй бол хөгжүүлж байна гээд яваад байвал сүүлдээ утгаа алдчихна л даа.
Нэг цэгт очоод зогсох ёстой. Үүнийг би сонгодог хөгжим дээр боддог. Сонгодог хөгжим
өчнөөн зуун жил энэ нэг хэлбэрээрээ л байсаар байна. Суурин иргэншилтэй хүмүүс аль
эртнээс хөгжүүлсээр байгаад үүнээс цааш явахгүй гэсэн тэр үедээ л тогтчихсон байгаа
юм. Морин хуурын тухайд бид тэгж явж чадаагүй. Одоо бид хөгжиж урагшилж байгаа үедээ
яг шаардлагатай үед нь зогсох хэрэгтэй.
-Хуур
зогсох цаг нь болсон эсэхийг та хэрхэн харж байна?
-Одоо бол хуур маш өндөр түвшинд хөгжчихсөн. Үүнээс цааш явна гэдэг
хэцүү. Гэхдээ морин хуур маань тоглолтын өөрийн гэсэн техниктэй, чавхдас нь багц
байдаг гэхчлэн маш олон онцлог талууд бий л дээ.
-Гаднын
морин хуур сонирхогчид таны харж байгаагаар ямархуу тоглож байна?
-Сүүлийн үед улам сайжирч байна шүү. Бид тусгаар Монгол Улс гэдэг
утгаараа морин хуурын хийц, тоглолт, уртын дуу энэ бүгдийг багтаасан хөгжмийн соёлоороо
бусдыгаа чирч явдаг л даа. Сүүлийн үед өвөр монголчууд морин хуурын сургалтад маш
их анхаарч байна. СУИС, ХБК-д Өвөр Монголоос ч, буриадууд ч гаднаас олноороо ирж
уртын дуу, морин хуур сурах болсон. Хуур урлал дээр ч гэсэн Өвөр Монголын урлаачид
биднийг ерөнхийдөө дагаж явдаг юм. Үнэндээ бид цөм нь байж чадаж байна л даа. Бид
ч эд нараас авсан сайн юм бий. Жишээ нь нум нь, чавхдас нь байна. Зөвхөн адууны
сүүлээр чавхдас хийх нь хүндрэлтэй учраас сатуркийг нь авч байна. Гадныхан морин
хуурыг яагаад ихээр сонирхоод байдгийг би хувьдаа ингэж боддог л доо. Өнгө тембрт
нь татагдаад байдаг юм байна гэж. Италид сурч байхдаа би багшдаа нэг морин хуур
аваачиж өгсөн юм. Багш маань “Морин хуур чинь яг л эр хүн шиг хөгжим юм байна. Дуу
нь их гоё юм. Эр хүн шиг тембртэй, хүнд их наалдацтай юмаа” гэж надад хэлж байсан.
Гэтэл хийл дээшээ өгсөхөөрөө чих рүү хатгаж байгаа юм шиг дуугардаг шүү дээ. Манай
морин хуур өнгө дээшээ өгслөө ч, доошоо уруудлаа ч зөөлөн, наалдацтай. Үүгээр нь
би морин хуурыг монгол үндэстний нүүр царай имиж гэж харж явдаг юм.
-Та
Герман, Италид сурахаар явсан үеэ сонирхуулахгүй юу?
-Германд сурах ч юу байхав дээ. Сурсан нэртэй ажил хийгээд явж байсан.
Ерэн зургаан онд явлуу даа. Тухайн үеийн нийгэм нь ч тийм байв. Нийтээрээ шахуу
болсон болоогүй гадагшаа явж зүтгэж байсан цаг. Германд тэгж явахдаа би хийлийн
мастер нэг еврей хүнд өөрөө сайн дураараа очиж тусалдаг байсан юм. Ажлынхаа хажуугаар
тэр хүнийг хоёр жил хэртэй дагалдаж сурсан. Хийлийн мастер болохыг хүсч мөрөөдөж
явсан учраас сүүлд нь Италид Антонио Страдиварийн нэрэмжит хөгжмийн зэмсэг урлаачдын
сургуулийг хийлийн мастераар дөрвөн жил сурч төгссөн л дөө. Тэнд харин яс сурсан
л даа. Тал нь италичууд, япон, солонгос, хятад, латин америк, англи франц, испани,
грек гээд их олон орноос оюутан сурдаг байсан. Би гэхэд л гурван итали, нэг аргентин,
нэг гректэй тавуулаа хаус түрээслээд амьдардаг байв. Германд, Италид гээд арав гаруй жил Европт амьдарсан.
-Аав
тань таныг эх орондоо ир гэдэггүй байв уу?
-Аав маань үр хүүхэд биднийхээ хүсэл сонирхолд нэг их оролцоод нөлөөлөөд
байдаггүй байсан. Хүүхдүүдээ хүн болгоно гэж зүтгэж байснаас биш тийм ийм мэргэжилтэй
ажилтай болгоно гэдэггүй байсан.
-Манай
театр, урлагийн байгууллагууд хөгжимгүйн зовлонтой бас их учирдаг л даа. Хааяа нэг
гадаадаас өндөр үнээр хөгжим авлаа гэж сонсддог. Та нарын хөгжим шаардлага хангадаггүй
юм уу. Танайхаас гадна хөгжмийн зэмсэгийн компаниуд цөөн боловч бий байх?
-Өнгөрсөн 2008 оны үймээний үед Улсын филармонид бид нэлээн хэдэн
хөгжим хийж өгсөн л дөө. Ер нь жишээ нь, миний хийж байгаа хийл гэхэд Европын дундаж
мастерийн түвшинд байж л байгаа шүү дээ. Гэтэл манай улс өндөр хөгжилтэй орноос
хөгжим авлаа гэхэд тэртэй тэргүй дунджаас дээш мастерын хөгжим хэзээ ч авч дийлэхгүй
л байгаа. Дундаж юм уу тэрнээс дооших хөгжим л авч байгаа. Уг нь эндээ хийснээ авч
байвал зүгээр л дээ.
-Таныг
ардын жүжигчин Б.Дамчаа гуайн хүү гэдгийг зарим хүмүүс мэдэх, зарим нь мэдэхгүй
байх. Та хэд ер нь хаагуур байцгаана?
-Бид зургуулаа тус тусын амьдралаа хөөгөөд үр хүүхдээ өсгөөд байцгааж
байна. Манай өвөө их уран хүн байсан. Аав ч ур дүйтэй, тал талын авьяастай, хөгжмийн
авьяастай байв. Өвөө, аав хоёрын гарын дүйг өвлөж авсан нь миний нэг эрэгтэй дүү,
бид хоёр л байх шив дээ. Би хөгжмийн зэмсгээ хийгээд явж байна. Дүү маань уран дархан
л даа.
-Та
хөгжмийн зэмсгийн мастер хүн байна, бариад тоглочихдог хөгжим бий биз дээ?
-Чадахгүй хүний хажууд бол хэд хэдэн хөгжим тоглочихно. Гитар, төгөлдөр
хуур, морин хуур жаахан тоглочихно. Бөмбөр нүдчихнэ.
Н.ПАГМА