Categories
мэдээ нийгэм

Соёмбо толгойн түймрийн шалтгааныг тодруулна

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Соёмбо толгойд түймрийн талаар эргэн тодрууллаа.

Түймэр гарсан тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /V.05/ 16 цаг 14 минутад иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг 16 цаг 21 минутад хүрэлцэн очиж, шуурхай ажиллан унтраасан байна. Гал 3,5 га орчим газрыг хамарсан бөгөөд зарим уугиж байгаа хэсгийг бүрэн унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтооно гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

53 аппарат хүлээлгэн өглөө

Эрүүл
мэндийн яамнаас хэрэгжүүлж буй  Эрүүл мэндийн довтолгоо аяны хүрээнд
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 18, Сонгинохайрхан дүүрэгт 35
ширхэг цусны даралтын аппарат хүлээлгэн өгчээ. Ингэснээр иргэдэд цусны
даралтаа байнга хянах боломж бүрдэж байгаа аж. Засгийн газар, Азийн
хөгжлийн банк хооронд 2007 онд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын
хөгжлийн хөтөлбөр-3” төслийн хүрээнд нийлүүлэх 142 аппаратын 53-ыг нь
ийн хүлээлгэн өглөө. Цаашид хэрэгцээг бүрэн хангахад 450 ширхэг аппарат
шаардлагатай аж. Үүнийг худалдан авахын тулд Эрүүл мэндийн сайдын 2014
оны төсвөөс 387 сая төгрөг гаргах юм байна.

Categories
мэдээ

Л.Энх-Амгалан: Эрчимтэй хөгжлийн гол локомотив уул уурхайгаа эдийн засаг биш улс төр болгосны горыг бид амсч байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай улс орны эдийн засгийг эрчимжүүлэх
талаар ярилцлаа.

-“Эдийн
засгийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төсөл
дээр намын бүлгүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Энэ үүсээд буй бодит байдлын
тухай олон жил хувийн хэвшилд ажилласан хүний 
хувиар улстөржсөн байр сууринаас биш илүү бодит үнэнд ойрхон дүгнэлт сонсмоор
байна?

-Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв үнэлж, эрүүл саруулаар
хандаж, бодлогын зөв шийдэл, гаргалгаа гаргах нь улс орны эрх ашгийн захиалга. Үүсч
болох хямралаас аль нэгэн улс төрийн хүчин улс төрийн оноо цуглуулах, ашиг хонжоо
хайх гэж оролдвол ёстой нөгөө жоомоо шатаах гээд байшингаа шатаана гэдгийн үлгэр
болно. Эдийн засагт үүссэн хүндрэл нь төлбөрийн балансын хямрал буюу ханшийн хямрал
бодитой нүүрлэлээ гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Эдийн засгийн байнгын
хорооны хурал дээр албан ёсоор  мэдэгдлээ.
Бид энэ хүндрэлийн оношоо зөв тавьж, цаг алдалгүй  оновчтой арга хэмжээ авах хэрэгтэй. Мөнгөний болон
төсвийн бодлогодоо шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхгүй бол ханшийн хямрал нь санхүүгийн
хямрал, санхүүгийн хямрал нь эдийн засгийн хямрал болдог. 2008, 2009 оны Азийн санхүүгийн
хямралаас бид сургамж авах ёстой. Өнөөдөр үүссэн санхүү, эдийн засгийн хүндрэлийн
хамгийн том шалтгаан нь улс орныхоо хөгжлийн хурдасгуур болж чадах  эдийн засгийн салбарууд, томоохон төслүүдээ хөгжлийн
төслүүд биш улс төрийн төслүүд болгосныхоо горыг амсч байна. Энэ алдагдсан боломжийн
өр төлөөсийг ард иргэд, баялаг бүтээгчид маань төлж байгаад их харамсдаг.

-Оюу
толгой, Таван Толгойн төслүүдээ улс орныхоо хөгжлийн төсөл болгох,  улс төрийн болон эдийн засгийн зөв бодлогоор дэмжихийн
оронд энэ төслүүдээр ойрын зайн улс төр хийж, хөгжлийнхөө гол төслүүдийг хөгжлийн
гацаа төслүүд болгочихлоо гэж та хэлээд байна аа даа?

-Лиценз эзэмшдэг 1300 гаруй компани байдгийн 800 гаруй компанийн
үйл ажиллагааг тусгай хамгаалалтад орсон гэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар төрөөс
зогсоочихсон. 1300 гаруй компанид 60 мянган хүн ажиллаж байсны 70 хувь нь өнөөдөр
ажилгүй болчихоод байна. Эдгээр компаниуд сүүлийн таван жилийн хугацаанд  хайгуулын болон ашиглалтын урьдчилсан хөрөнгө
оруулалтад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэв бид эдгээр компаниудын
үйл ажиллагааг үргэлжлүүлбэл ойрын таван жилд 30-50 тэрбум ам.долларын ашиг Монголдоо
авч  үлдэх тооцоо бий. Энэ бол бидэнд маш
том боломж. Ийм боломжийг улс төрийн өнцгөөр биш эдийн засгийн утгаар нь бид хөгжлийн
том боломж болгож ашиглах ёстой. Бид өөрсдөө Экспортын бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх
чадварыг бууруулдаг байж болохгүй.

Ер нь уул уурхайн салбар маань эдийн засгийн голлох салбар болж,
өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтын 85 хувь нь энэ салбарт хийгдэж, экспортын
90 орчим хувь, төсвийн орлогын 40 хувийг энэ салбараас бүрдүүлж байгааг бид ойлгох
ёстой. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт 100 сая төгрөгөөр нэмэгдэхэд Монгол
Улсын ДНБ 170 сая төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Тухайлбал, Монгол Улсад уул уурхай,
олборлох үйлдвэрлэлийн салбарт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийгдвэл
тухайн салбарт дөрөв, харин бусад салбарт 12 ажлын байр шинээр бий болдог. Энэ нь
уул уурхайн салбарт  100 сая төгрөгийн хөрөнгө
оруулалт тутамд 16 ажлын байр шинээр бий болно гэсэн үг. Үүний 75 хувь нь уул уурхайгаас
бусад салбарт бий болж байна. Дээрх цөөн хэдэн тоо баримтыг харахад ирэх 20 жилд
хүссэн хүсээгүй манай эдийн засгийн хөгжил уул уурхайн салбараас шууд хамааралтай
байна. Иймд бид уул уурхайн салбараа улс төрийн гэхээсээ илүү, хөгжлийн, эдийн засгийн  төслүүд гэж харах ёстой. Ингэж л улс орон хөгжих
учиртай. Дахин хэлэхэд Эрчимтэй хөгжлийн гол локомотив болох ёстой уул уурхайн салбараа
эдийн засаг биш улс төр болгосны горыг бид амсаж байна. Энэ алдааг энэ Их хурал
засах ёстой, бас засах үүрэгтэй гэж би ойлгодог.

-Та
яриандаа алдагдсан боломжийн тухай бас дурдсан. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-Улс орон, ард иргэдийн амьдрал, хувь хүний болоод бизнест алдагдсан
боломжийн тухай ойлголт үргэлж байдаг. Үүнийг бизнест тооцож болдог аргачлал бий.
Хамгийн ойрын жишээ хэлэхэд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурлаа. Энэ юу гэсэн
үг вэ гэвэл Монгол Улсын гадаад зах зээлээс босгох мөнгөний зардал өснө гэсэн үг.
Танайх эрсдэлтэй улс учраас өндөр хүүтэй зээл ав гэсэн үг л дээ. Тэгээд яахав нөгөө
татвар төлөгчид л энэ хүүгийн зөрүүний зардлыг төлнө. Хувийн хэвшлийнхний гадаадаас
авах зээлийн хүү өснө, зээлийн хугацаа нь багасна, зээлийн барьцаанд тавих хөрөнгийг
хэд дахин хямдхан үнэлнэ. Энэ бүх эрсдэл хувийн хэвшлийнхэн буюу баялаг бүтээгчдийн
нуруун дээр л ирдэг. Өөр нэг жишээ бол валютын ханшийн эрсдэлээс болж зөвхөн нэг
жил таван сарын дотор хувийн хэвшлийнхэн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгийн
алдагдал хүлээж байгаа судалгаа байна. Хэрэв энэ 500 орчим тэрбум төгрөг алдагдал
биш ашиг байсан бол эргээд хөрөнгө оруулалт болж, эдийн засаг руугаа орж хэдэн мянган
ажлын байр шинээр бий болох боломж бүрдэх байсан. Хамгийн багадаа 50 тэрбумын татвар
болж төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг алдлаа гэж ойлгож болно. Эдийн засгийн
өсөлтийн гол тулгуур нь хувийн хэвшил байх ёстой. Тэгвэл өнөөдөр эдийн засгийн өсөлтийн
гол барометр болсон хувийн хэвшил буюу баялаг бүтээгчдийн өмнө ямар хүндрэлүүд тулгараад
байгааг бодитойгоор ойлгомоор байна.

-Чухам
ямар хүндрэлүүд үүсээд байгаа юм бэ?

-Үүссэн нөхцөл байдлын талаар саяхан МҮХАҮТ-аас явуулсан судалгаанд
манай баялаг бүтээгчид ингэж тодорхойлжээ. Сүүлийн үед төрөөс бизнест оролцох оролцоо
их болсон, төрийн өмчит олон компани, үйлдвэрийн газрууд байгуулагдаж бизнесийнхэнтэй
өрсөлдөх, тэдний үйл ажиллагааг шахах зэрэг зохисгүй үйл ажиллагаанууд хэт идэвхижсэн,
төрийн хүнд суртал, шат дамжлага буурах бус харин ч өссөн, тухайлбал олон яам, агентлагууд
шинээр байгуулагдаж энэ хэрээр хүнд суртал нэмэгдэж бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл
бэрхшээл учруулах болсон. Улс төрийн захиалгаар улсын төсвийн орлого бүрдүүлэх зорилгоор
татварын болон хууль хяналтын байгууллагуудын давхцсан хяналт шалгалтын тоо хэрээс
хэтэрсэн, жижиг дунд бизнесийг  дэмжих чиглэлд
олгож байсан зээлийн хэмжээ огцом багассан, 
зээлийн хүү  буурахгүй байгаа зэрэг
олон жишээг хэлж болохоор байна. Зах зээлийн шударга өрсөлдөөн алдагдаж тодорхой
салбаруудад  төрөөс санхүүгийн болоод бусад
дэмжлэг туслалцаа үзүүлэх болсон.

-Аж
ахуйн нэгжүүдэд тулгарсан өөр ямар шалтгаанууд байгаа вэ. Зээлээс үүдэлтэй асуудлууд
их байх шиг байна?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж буй компаниуд жилийн 5-8 хувь
зээл авч байхад хөтөлбөрт хамрагдаагүй компаниуд 15-20 хувь зээл авч байна. Арилжааны
банкуудаас  авсан нийт аж ахуйн нэгжүүдийн
зээлийн 40 орчим хувь нь гадаад валютаар авсан зээл байдаг.  Гэтэл ханшийн эрсдлээс олон аж ахуйн нэгж олон
тэрбумын алдагдал хүлээж, эдийн засаг болзошгүй хямралын ирмэгт тулж ирлээ. Бизнесийн
үйл ажиллагаа хумигдах шалтгаан боллоо гэж баялаг бүтээгчид маань зовлон жаргалаа
тоочсон байна. Өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллагын нэг хариуцлагатай
ажилтны мэдээллээр зөвхөн сүүлийн жил гаруй хугацаанд 1000 гаруй том, жижиг аж ахуйн
нэгжийн удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгагдсан байна. Энэ бол үнэхээр
сэтгэл эмзэглүүлмээр тоо. Нэг жилд нэг аж ахуйн нэгж хэдэн удаагийн хяналт шалгалтанд
өртдөг вэ гэсэн асуултанд  цөөн хэдэн тоо
баримт дээр тулгуурлаж хариулт өгөхийг хичээе. Судалгаагаар үзэхэд жилд Монголын
аж ахуйн нэгж 40 орчим нэр төрлийн санхүүгийн болон бусад тайлан гаргадаг. Жижиг
дунд бизнесийн 76 хувь нь жил тутам давхацсан хяналт шалгалтанд хамрагддаг. Хяналт
шалгалт хийж буй байгууллагуудын нэг жилд хийж байгаа шалгалтын тоогоор Монгол Улс
ойролцоо хөгжилтэй  бусад улсуудтай харьцуулахад
харьцангуй их байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бизнес дэх төрийн дарамт хэрээс хэтэрсний
дохио. Хамгийн энгийн жишээ татахад жижиг аж ахуйн нэгжүүд улирал бүхэн татварын
тайлан гаргах шаардлага байхгүй. Улирал бүхэн татварын тайлан гаргана гэдэг бол
жижиг аж ахуй нэгжүүдэд ирж байгаа маш том өртөг зардал. Тиймээс ажлын байр бий
болгож байгаа жижиг аж ахуй нэгжүүдээ улирал бүхэн биш жилд нэг удаа тайлан гаргадаг
энэ тогтолцоо руу шилжүүлэх нь зүйтэй гэж ойлгож байгаа. Цаашдаа 100 саяас 500 сая  төгрөгийн орлоготой компани татварын албанд орлогоо
тайлагналгүй бусад улс орнуудын жишгээр тогтмол татвар төлөөд явах боломжтой гэж
харж байна.

-Хувийн
хэвшлээ хэрхэн яаж дэмжих тухай тогтоолын төсөл дээр хэр тусгагдсан байна вэ?

-Миний хувьд эдийн засгаа идэвхжүүлье гэвэл дотоодын нийт бүтээгдэхүүний
70 орчим хувийг бүтээж байгаа, төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлж байгаа,
800 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа баялаг бүтээгчдээ л бодитойгоор
дэмжье гэдэг байр суурьтай байна. Хувийн хэвшилтэйгээ хамтарч хүндрэлээс гаргах
төлөвлөгөөг л шийдвэр гаргагчид хийх ёстой. Тиймээс эдийн засгийн хүндрэлээс гарахын
тулд баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаж байгаа эдгээр бэрхшээлийг даван туулах, асуудлыг
цаг алдалгүй шийдвэрлэх арга хэмжээнүүдийг УИХ, Засгийн газар авч хэрэгжүүлэх ёстой
гэсэн үүднээс нам бүлгийн гишүүдийн төлөөлөл орсон ажлын хэсэг үндэсний зөвшилцлийн
зарчмаар ажиллаж байгааг дурдах ёстой. УИХ-ын тогтоолоор гадаад валютын урсгалыг
сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдлээс сэргийлэхийн тулд  бид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах,
эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Үүний тулд иргэн, хувийн хэвшлийн  татварын ачааллыг бууруулж, зарим татварын хөнгөлөлт
үзүүлье, тайлагнах журмыг хөнгөлье. Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дарамт учруулсан,
давхцсан хяналт шалгалтыг хийхгүй байх зэрэг хувийн хэвшлээ бодитойгоор дэмжих олон
арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, үүрэг
даалгаврын биелэлтэд нь хатуу хяналт тавьж ажиллана.

-Таны
ярьж байгаа УИХ-ын тогтоолын төсөлд төрийн өмчийн удирдлага, менежментийн  шинэ зарчмаар ажиллана гэсэн заалт орж байгаа
гэж сонссон. Энэ ямар заалт орж байгаа вэ?

-Бусад хөгжиж, дэвшсэн улс орны иргэдийн орлогын гол эх үүсвэр нь
цалин, хадгаламжаас гадна үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулж, хөрөнгө чинээгээ
өсгөдөг. Монголын 2.8 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болчихсон
мөртлөө 1072 ширхэг хувьцаа¬ныхаа үнэ цэнийг ч мэддэггүй тийм л хувьцаа эзэмшигчид
болж байна шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн тоо, ашигт ажиллагаа,
үйл ажиллагааны зардал, энэ компанийн үнэ цэнийг ч мэддэггүй. Ийм хувьцаа эзэмшигч
байна гэдэг утгагүй зүйл. Эзэмшиж байгаа хувь-цаагаа захиран зарцуулах эрхгүй, хувьцаа
эзэмшиж байгаа компанийхаа төлөөлөн удирдах зөвлөлд  төлөөллөө тавих эрхгүй хувьцаа эзэмшигч байгаад
яахав. Ийм битүү хатуу ойлгомжгүй байдлаас болоод өмнөх ягаан, цэнхэр тасалбар мэт
болох вий гэсэн хардлага дахин цухалзахаас өөр яах билээ. Бид хувьцаатай болсон
гэдэг ч захиран зарцуулах эрх нь нээгдээгүй байгаа шүү дээ. Энэ асуудлыг нэг мөр
болгох ёстой гэдэг үүднээс би Засгийн газарт асуудлыг тавьж, түлхүү ярих болно.
Учир нь Монголын нийт хүн амын амьдралд шууд хамаатай сайн хууль гаргаж чадвал бизнесийн
орчин сайжирна, ажлын байр ч нэмэгдэнэ. Нийт иргэдийн банкин дахь хадгаламж 5.7
их наяд орчим төгрөг байдаг.

-Үнэт
цаасны зах зээл өнөөдөр манайд бараг хөгжөөгүй юм биш үү?

-Хүмүүс мөнгөө өсгөнө гэхээр зөвхөн хадгалуулдаг. Үүнээс өөр сонголт
одоохондоо алга. Иргэд эдийн засгийн өсөлтийг шууд хүртэх санхүүгийн боломж нь үнэт
цаасны зах зээл учраас энэ боломжийг ард иргэддээ тэгш хүртээе гэвэл энэ зах зээлээ
сонгодог утгаар нь хөгжүүлмээр байна. Хамгийн ойрын тоо баримтыг дурдахад эдийн
засгийн өсөлтийг бүрдүүлж байгаа топ 200 компани ердөө 400 орчим гэр бүлийн эзэмшилд
байна. Ийм өсөлттэй улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байгаа үндэсний компаниуд
хувьцаагаа бирж дээр гаргаж, банкны өндөр хүүтэй зээлээс өөр урт хугацааны санхүүгийн
эх үүсвэр татах, нөгөө талаасаа ард иргэд үндэсний компаниудынхаа хувьцааг эзэмших
боломжийг цаг алдалгүй бүрдүүлэхгүй бол нийгэмд баян хоосны ялгаа улам гүнзгийрэх
бодит эрсдэл үүсээд байна. Ер нь цаашдаа төрийн өмчит компани улсын үйлдвэрүүдээ
нээлттэй компани болгож ард иргэд маань үнэ цэнэтэй компаниудынхаа хувьцаа эзэмшигч
болох боломжийг нь нээх ёстой. Энэ нь иргэдэд ашигтай, бас төрдөө ч ашигтай. Төрийн
өмч бол Монголын ард түмний өмч. Эдгээр өмч дан ганц төрийн өмчийн хороо гэсэн хэдэн
нөхдийн гарт биш ард түмний хараа хяналтад байх ёстой.  Тухайлбал, “Эрдэнэт”, МИАТ, “Эрдэнэс Тавантолгой”
гэх мэт томоохон компаниудын захирал хэдэн төгрөгийн цалин авдаг, ямар хангамжтай
байдгийг иргэд бид мэдэж байх ёстой. Улсын өмчит компаниудын тайлан баланс ард иргэдэд
ил тод байх ёстой. Үүнийг хийх арга нь компанийг  нээлттэй олон нийтийн болгох. Миний хувьд иргэддээ
олгох хувьцааны асуудлыг шийдвэрлэх гарцыг олж харах, ард иргэддээ олгох талаар
бүх түвшинд асуудлыг тавьж, анхаарч ажиллана гэж бодож байна.

-Та
Монголын хамгийн том компанийг удирдаж явсан хүний нэг. Бизнесийн томоохон компани
ямар зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Бизнесийг амжилттай удирдахад хэд хэдэн алтан зарчмууд байдаг. Нэгдүгээрт,
багийн дүрмээр тоглох, чадварлаг хүмүүс нэг баг болж ажиллах. Хоёрдугаарт, алсыг
харсан санхүүгийн зөв удирдлага, өөрөөр хэлбэл хүний нөөцийн удирдлага, санхүүгийн
удирдлага хоёр бол бизнесийн хоёр чухал багана болдог л доо. Энэ бол бизнесийн удирдлагын
алтан зарчим. Энэ зарчим төрд ч, хувьд ч үйлчлэх ёстой.

-Томоохон
компанийн үйл ажиллагааны зарчмаар улсыг хөгжүүлж болох уу. Улсын хөгжил бизнесийн
томоохон компанийн хөгжил хоёр адилхан уу?

-Компанийг удирдах, улсын эдийн засгийг удирдах гэдэг мэдээж хоёр
тусдаа зүйл. Гэхдээ ижил төстөй зүйлүүд бий юу гэвэл бий. Өрх гэр ч бай, компани
ч бай, улс орон ч бай бүгдэд нь л шийдвэрлэх асуудлууд байдаг. Гэхдээ шийдвэрлэх
асуудлуудын эрэмбэ дараалал, ач холбогдол гэж байх ёстой. Бүх түвшинд шийдвэр гаргагч
нар эрэмбэ дарааллын ач холбогдлыг ойлгож, ойрын болон алсын стратегиа зөв боловсруулж,
зөв тактикаар тоглосон нь хождог тоглоомын дүрэмтэй. Энэ дүрэм бизнест ч улс төрд
ч адилхан үйлчилдэг. Өнөөдөр бидний сонгож авсан нийгмийн тоглоомын дүрэм нь энэ.
Иймд улс орны хөгжилд баялаг бүтээгчдийн оруулж байгаа хувь нэмрийг иргэн бүхэн
ойлгох ёстой. Баялаг бүтээгчдээ, хувийн хэвшлийнхнийгээ дэмжиж байж л бид хөгжинө.

-Бизнес
хийхэд мөнгө хэрэгтэй. Компани хөл дээрээ бат зогсохын тул зээл авах шаардлагатай
юу. Та бондыг зээл хэмээн хамгийн ихээр эсэргүүцдэг. Засгийн газар, бизнес хоёр
өөр зүйл үү. Хөгжих зарчим нь адилхан биш үү?

-Мэдээж бизнесээ өргөтгөхөд мөнгө хэрэгтэй. Зээл бүүр их хэрэгтэй.
Гэхдээ зээлийг олдсоных нь хэрээр аваад байя гэдэг бодолтой бизнесмэнүүд цөөн болов
уу. Зээл авъя гэсэн шийдвэр бол хамгийн хэцүү шийдвэр байдаг. Яагаад гэвэл зээл
эргэн төлөгдөх ёстой. Үр ашигтай төсөлд зээл авах нь хамгийн зөв шийдвэр. Энэ зарчим
ч гэсэн Засгийн газарт үйлчлэх ёстой. Би энэ өнцгөөс нь харж бондын асуудалд анхаарлаа
хандуулахыг хүсдэг. Үргэлж зээл авах биш хөрөнгө оруулалтыг татах олон эх үүсвэрүүд
байдаг. Жишээ нь төслөө барьцаалсан санхүүжилт, нэмж хувьцаа гаргах, шинээр хөрөнгө
оруулагчдыг татах, ашгаа хуваах, бүтээгдэхүүнээ хуваах гээд олон хэлбэрүүд байдаг.
Ийм учраас манай Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа уул уурхай болон  дэд бүтцийн төслүүдэд төр өөрөө мөнгөө хийж, өөрөө
эрсдэл үүрэх биш аль болохоор гадны хөрөнгө оруулагчдад эрсдэл үүрүүлэх зарчмаар
ажиллах ёстой.

 Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ соёл-урлаг

Стандарт бүжгийн төрөлд “Хатан туул” аваргалжээ

Бүжгийн спортын аварга шалгаруулах “Сарны цом-2014” тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт боллоо. Энэ удаагийн УАШТ-д Өмнөговь, Дорнод, Дархан, Улаанбаатарын 40 гаруй хамтлаг өрсөлдсөн бөгөөд олон улсын бүжгийн спортын дүрмийн дагуу балчир нас (долоон нас хүртэлх), бага нас (8-11 нас), өсвөр (12-15 нас), залуучууд (16-18), насанд хүрэгчид (19 дээш нас) таван насны ангиллаар стандарт, латин бүжгийн төрлөөр аваргаа шалгаруулжээ.

Насанд хүрэгчдийн УАШТ-д эхний хоёр байрт шалгарсан хамтлаг Герман улсын Брауншвейг, ОХУ-д болох 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ. 

Тэмцээний ялагчдыг танилцуулбал:

Насанд хүрэгчдийн ангилал: Стандарт бүжгийн төрөл

1. “Хатан туул” хамтлаг

2. “Улаан сарнай” хамтлаг

3. “Мүүн” хамтлаг

Латин Америкийн төрөл

1. “Мүүн” хамтлаг

2. “Стар” хамтлаг

3. “Хатан туул” хамтлаг

Г.Ган

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарт 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ

Замын цагдаа нар өнгөрсөн арванхоёрдугаар сараа эхлэн “Police reader” гэх ухаалаг төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн. Жолоочийн болон тээврийн хэрэгслийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан энэхүү төхөөрөмжийг ашиглаж, дүрэм зөрчигчдийг бэлэн мөнгөөр торгохоо больсон.

Ингэж бэлэн бусаар торгодог болсноор өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд замын цагдаагийн байгууллагын төсөвд 1.2 тэрбум төгрөг төвлөрчээ. Өөрөөр хэлбэл дөрвөн сарын хугацаанд жолооч нарт 1.2 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан гэсэн үг. Ингэснээр Замын цагдаагийн газрын төсөвт оруулах орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгджээ. 

Г.Ган

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 7591 ажлын байр бий болжээ

Даваа гаригбүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав оролцож, тус яамнаас хэрэгжүүлж буй найман хөтөлбөр, төслийн талаар
мэдээлэл хийсэн юм. Энэ жил нийтдээ 68569 ажлын байр шаардлагатай байгаагаас
8500 нь инженер техникийн ажилтнууд байх бол туслах ажилтнууд 16400, мэргэжлийн
43679 ажилтан хэрэгтэй гэнэ. Хөдөлмөрийн яамны харьяа МСҮТ, политехникийн 80 орчим коллеж ажилладаг бөгөөд эдгээрт 42.7 мянган
хүн суралцаж байгаа юм байна. Өнгөрөгч онд мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад
хамрагдсан хүмүүсийн 80 орчим хувь нь ажлын байраар хангагджээ. Дэлхийн эдийн засаг
хямрах явц Монголыг дайрч байгаа ч гэсэн сөрөг хүчний мэдэгдэж байгаа шиг олон мянган
аж ахуй нэгж хаалгаа барьсан зүйл байхгүй гэдгийг Хөдөлмөрийн сайд мэдэгдлээ. Улсад
бүртгэлтэй 76 мянган аж ахуй нэгжээс 51 мянга нь үйл ажиллагаагаа явуулж, татварын
тайлангаа өгдөг аж. 20 гаруй мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй гэв. Аж
ахуй нэгжүүд эдийн засаг хүндэрч байгаа энэ нөхцөлд хэн нэгнийг ажлаас халахыг урьтал
болгохгүй байгаа гэсэн юм. Өнөөдөр улсын хэмжээнд нэг сая 103 мянган хүн ажил эрхэлж
байгаа юм байна. 180 мянган иргэн төрийн байгууллагад ажилладаг бол 915 гаруй мянган
хүнийг ажиллуулж байгаа баялаг бүтээгчдээ дарамтгүй орчинд ажиллах нөхцөлийг хангахаар
Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа гэсэн юм.

Яамны зүгээс аюулгүй ажиллагааны
тал дээр онцгой анхаарч байгаа бол Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн бодлогоо Их хуралд
өргөн барихад бэлэн болжээ. Хөдөлмөрийн төв бирж www.hudulmur.mn вэб сайтаар дамжуулан
онлайн зуучлалын үйлчилгээ нэвтрүүлсэн. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг
56 мянган аж ахуйн нэгж, компанийн 39 мянга нь энэ сайтад бүртгүүлж, сул
ажлын байрны талаарх мэдээллээ байршуулж байна. Өнгөрсөн сарын 1-нээс ажиллаж эхэлсэн
энэ үйлчилгээнд 204 мянган иргэн хандсан бөгөөд өдөрт 1700 хүн нэвтэрч ажил хайж
байна. 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд шинээр 7591 ажлын байр
бий болжээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор тавдугаар сард
энэ тоо нэмэгдэнэ гэсэн юм. 2012-2013 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан иргэдийн
тоо 40 орчим хувиар багассан ч уул уурхай, зам, барилгын салбарт үйлдвэрлэлийн осол,
гэмтлийн тоо буурахгүй байна. Энэ нь аюулгүй ажиллагааг анхааралгүй орхигдуулдаг,
ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, аюулгүй ажиллах дадал
заншилд сургадаггүй, үндэсний стандарт, хууль дүрмийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын
түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэллээ.
Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлж байна.
Уул уурхай, барилга, авто зам, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт их
бүтээн байгуулалтыг хийж буй нийт ажилтан, ажил олгогчод хандан “Нэн түрүүнд ажлын
байранд аюулгүй ажиллагаа”-г ханган ажиллахыг уриалан “Ажил эхэллээ, аюулгүй ажиллацгаая” гэсэн ил захидал илгээснээ энэ үеэр танилцууллаа.
Мөн Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 1000 орчим ажил олгогчтой
хамтран ажиллаж байгаа гэдгийг мэдэгдлээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам өнөөдөр мэдээлэл хийнэ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр бүтэн
өдөр хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргын мэдээлэл, Хяналтын тухай хуулийн
төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийн
талаар байр сууриа нэгтгэжээ. Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл болон
цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн үдээс хойшхи хуралдаанаар төмөр
замын царигийн асуудал болон бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй
ч Х.Баттулга сайдын асуудлыг бүлгийн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн бололтой. Ардчилсан
намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийнэ.

Э.ЭНХ

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Сонгодог хөгжимд сэтгэл огт хөдөлсөнгүй, морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их татагдаж, тоглож сурсан

Морин хуурын олон улсын IV наадам өнгөрсөн пүрэв гаригт өндөрлөсөн.
Уг наадмын хүрээнд болсон морин хуур сонирхогчдын уралдаанд ХБНГУ-аас ирж оролцсон
Андрео Горецкитэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр IT инженер, морин хуур, шанз тоглодог
хүн юм байна.

 -Морин
хуурыг та анх хаана сонссон бэ. Яаж тоглож сурав?

-Би морин хуурын аялгууг 2006 онд анх сонссон. Хархоринд аялж явахдаа
Балдандорж гэдэг өндөр настай хөгжимчин жинхэнэ монгол аялгуу тоглохыг сонсоод сэтгэл
их татагдсан. Хожим нь Баярсайхан гэдэг морин хуур урлаач найзтай болж, тэр найз
маань надад морин хуур бэлэглэсэн юм.

-Та
хөгжимчин хүн үү. Герман улсын аль хотоос ирсэн бэ?

-Германд би IT инженер мэргэжлээрээ ажилладаг. Төрсөн хот маань Ханбург.
Гэхдээ би Боннд ажилладаг юм. Намайг бага байхаас аав маань аккордион, мандолин.
ээж гитар, цахилгаан төгөлдөр хуур тоглодог байв. Би багаасаа хөгжим сонирхсон ч
жаахан байхдаа тоглож сураагүй. Сүүлд, эвэр бүрээ, төгөлдөр хуур зэрэг гурав дөрвөн
хөгжим тоглож сурсан боловч эдгээр сонгодог хөгжимд миний сэтгэл огт хөдөлсөнгүй.
Харин монгол хөгжим сонсоод, ялангуяа морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их
хөдөлж, тоглож сурахаар шийдсэн. 

-Ямар
хүнээр заалгаж сурав?

-Анх Монголд ирснээсээ хойш гурван жил болоод дахин ирсэн л дээ.
Ажил ихтэй байсан учраас ойр ойрхон ирж чадаагүй. 2009 онд би монгол найз охинтой
болсон. Түүний ах нь миний найз морин хуур урлаач Баярсайханы найз байсан юм. Германд
морин хуур заах багш байхгүй учраас би 2012 онд Улаанбаатарт ирж Соёл урлагийн их
сургуульд орж, энд нэг жил амьдарсан. Соёлын сургуульд сурснаар миний морин хуур
тоглох техник сайжирсан. Энд би бизнес аялал хийхийн хажуугаар багшаар хуур заалгаж
байлаа. Мөн бичлэг сонсч, ноотыг нь ч сурсан.

-Хэдэн
жил морин хуур тоглож байна вэ?

-Таван жил.

-Морин
хуурт зориулсан зохиолуудтай та хэр зэрэг танилцав. Ямар аялгуу, ямар зохиолоос
тоглож байгаа вэ?

-Миний хамгийн дуртай аялгуу бол татлага. Монголын уламжлалт зургаа
долоон татлага сурсан. Жонон хар, Уйлган шарын явдал, икэлийн эгшгүүд гэхчлэн. Морин
хуураар тоглоход хэцүү икэлийн татлага, икэлд зориулсан эгшгүүдийг икэлээр нь тоглож
сурсан. Би нэг икэл авсан. Түүгээрээ икэлд зориулсан баруун монгол аялгуу тоглож
сурлаа. Гурван сарын турш Улаангом хотод байж баруун монгол татлага, биелгээг судалж,
тоглож сурлаа.

-Европын
зохиолоос морин хуураар тоглож үзэв үү?

-Р.Шуман, С.Бахын зарим нэг зохиолоос тоглодог.  

-Танай
орон сонгодог хөгжмийн их эртний гүн гүнзгий уламжлалтай. Гэтэл та монгол хөгжмийн
тоглолтын язгуур техникийг нь, хөгжмийн соёлын эртний уламжлалыг нь сонирхдог юм
байна. Улаангомд хэсэг хугацаанд амьдрахад монгол ахуй танд ямар сэтгэгдэл үлдээсэн
бэ?

-Улаангомд байхдаа олон янзын хийцтэй нүүдэлчдийн гэр үзсэн. Хамгийн
сонирхолтой нь тэнд зургаа долоон настай хүүхдүүд бүгд биелгээ мэдэж байна. Бий
биелгээний аялгуу надад маш их таалагдсан ч сурахад амаргүй байсан. Гэхдээ сурсан.
Одоо миний хүсч байгаа зүйл бол монгол хөгжмийн хамтлагтай тоглох. Германд амьдардаг
монголчууд жил бүрийн зун наадам хийдэг юм. Тэр үеэр би ганц хоёр удаа тоглож байсан.
Цаашид бас наадмаар тоглох хүсэлтэй байгаа.

-Манай
үндэсний хөгжмийн орчин үеийн хамтлагуудыг мэдэх үү?

-Манай улсад монгол хамтлагууд байдаг. Миний мэдэж байгаагаар, “Транс
Монголиа”, “Хөх Монгол” гэдэг хамтлагууд байна.

-Энэ
удаагийн олон улсын наадмын гала тоглолтод та Гал Шарын домог гэдэг магтаал тоглож
үзэгч сонсогчдоос хамгийн их алга ташилт хүлээж авлаа. Өмнөх өдрүүдэд нь ямар зохиол
тоглов?

-Чөлөөт тоглолт, трио тоглосон. Бас нэг магтаал тоглосон. Дагийранз
гуайн бүтээсэн Галшарын магтаалыг би бичлэгээс нь сонсч сурсан юм. Галшар сум Хэнтий
аймагт байдаг. Би тэнд маш их хөл хөөртэйгөөр хүргэн орсон. Тийм учраас тэндэхийн
магтаалыг нь сонирхож цээжилсэн юм. Маш сонирхолтой магтаал. Морин хуур тоглоод
магтаал хэлэх хэцүү. Гэвч би авьяасаараа сурсан. Морин хуурын сонгодог концерт цээжилж
чадахгүй ч уламжлалт соёлын монгол хэлний 200 үг цээжилж чадсан шүү.

-Морин
хуурыг чухам ямар онцлогоор нь та сэтгэлдээ илүү ойр хүлээж авав?

-Аялгуу эгшиг нь яг хайр шиг. Миний морин хуурт хайртай болсон шалтгаан
энэ л дээ. Өөр үгээр илэрхийлж чадахгүй нь ээ.

-Энэ
наадмын өдрүүдэд Морин хуурын чуулгатай хамт тоглож үзэв үү. Танд ямар санагдав?

-Гаднаас ирсэн бүх сонирхогчид Морин хуурын чуулгатай хамт нэг тайзан
дээр тоглосон. Оркестрт суудаг хөгжимчид дотор ид шидтэй морин хуурчид байна. Маш
гоё юм. Үүнээс илүү гоё сайхан зүйл байхгүй.

-Ойр
дотныхоо хүмүүст та морин хуур зааж өгье гэж бодож байгаа юу?

-Германд ганц хоёр хүнд зааж өгч магадгүй. Миний ажил, бизнес аялал
зэргээс шалтгаалаад бусдад заахад хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр хүнд
морин хуур бага зэрэг зааж өгсөн. Тэд үргэлжлүүлж заалгахыг хүссэн ч би дандаа завгүй
байлаа.

-Хаана
ч явсан та морин хуураа авч явдаг уу?

-Үргэлж авч явдаг. 

-Аав
ээж тань таны морин хуур тоглохыг сонсч байв уу?

-Зул сарын баяраар аав ээждээ Зул сарын аялгуу тоглож үзүүлсэн. Маш
их таалагдсан. Одоо тэд маань далан настай. Миний концертыг үзмээр байна гээд л
байгаа. Өндөр настай болсон учраас Монгол руу аялж чадахгүй шүү дээ.

-Та
морин хуурыг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан гэлээ. Бас таван жил тоглож, монгол
хөгжмийн соёлоос судалж байгаа гэсэн. Энэ хугацаанд манай хөгжмийн соёлын талаар
ямар бодолтой болсон бэ?

-Монгол туульс үнэхээр гайхамшигтай. Үүнээс гадна миний дуртай олон
аялгуу байгаа. Жишээ нь, уртын дуу, татлага, биелгээ, ардын богино дуунууд, бас
орчин үеэс Н.Жанцанноровын бүтээл байна. Манайхан бол зөвхөн поп рок, сонгодог ари
мэднэ. Манай германчууд монголчууд шиг хөгжимтэй их ойр холбоотой хүмүүс биш. Хөгжимд
жаахан дуртай, энэ нь монголчуудынх шиг гүн гүнзгий биш.

-Та
бусад үндэстнүүдийн хөгжмөөс сонирхдог уу?

-Киргизээс комуз хөгжим авсан. Энэ хөгжим бас хоёр утастай. Хятад
улсаас пийпаа авсан. Бас шанз тоглодог. Шанзаар би зөвхөн монгол аялгуу тоглож байна.

-Энд
хөгжмийн сонирхлоороо аялахдаа Герман дахь ажил албаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Германд би өндөр цалинтай, бас чөлөөт цаг байгаа учраас хөгжимд
хүссэн цагаа зарцуулж байна. IT инженерийн ажил маань хөгжим сонирхоход саад болдоггүй.
Ажлын газар гэрт ойрхон. Долоо хоногийн таван өдөр нь өдөрт найман цаг ажилладаг
болохоор чөлөөт цаг ихтэй.

-Манай
улсад та хэдэн удаа ирэв?

-Арван удаа Монголд ирсэн.

 Н.ПАГМА       

Categories
мэдээ спорт

Эрчимийнхэн дараагийн шатанд өрсөлдөнө

Хөлбөмбөгийн
хөгжлөөр
тивийн хэмжээнд чансаа доогуур орнуудын өрсөлддөг
Азийн хөлбөмбөгийн
холбооны Ерөнхийлөгчийн
цомын тэмцээний “С” хэсгийн тоглолтууд Монголд болж, эх орноо төлөөлөн оролцсон “Эрчим” клуб хоёрдугаар
шатанд өрсөлдөх
эрхээ авлаа. Клубын төвшинд зохион байгуулдаг тус тэмцээн
энэ жил хамгийн сүүлийн удаа болж буй юм. Тэмцээнд
дотоодын лигтээ түрүүлсэн
11 орны баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж
байгаа бөгөөд
Монгол Улсын Үндэсний лигийн аварга “Эрчим”
клубын хувьд Непалын “Манан Маршианди” болон Камбожийн “Свейрин” багуудтай “С”
хэсэгт сугалаа таарсан билээ. Хэсгийн эхний тоглолт тавдугаар сарын 1-нд Непал
болон Камбожийн багийн тоглолтоор эхэлж, 6:3 харьцаатай “Манан” ялалт
байгуулсан. Харин “Эрчим” клубын тухайд тавдугаар сарын 3-нд Камбожийн
“Свейрин”-тэй тоглосон байгаа.

Хэсгийн эхний тоглолтоо Камбожийн багийн эсрэг хийсэн монголчууд 3:1 харьцаатай
өрсөлдөгчөө буулган авсан. Тус тоглолтод “Эрчим” клубын залуу тоглогч, 19
настай С.Гал-Эрдэнэ хет-трик хийснээр багаа ялалтад хөтөлжээ. Харин өчигдөр
болсон тоглолтод Непалын “Манан” болон Монголын “Эрчим” клубүүд 0:0 харьцаатай
тэнцлээ.

Ийнхүү “С” хэсгийг Непалын “Манан” дөрвөн оноотой тэргүүлж, “Эрчим” клуб ижил
оноотой боловч гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдсэнээр дараагийн шатанд
өрсөлдөх эрхтэй болсон юм. Харин Камбожийн “Свейрин” клуб хэсгийн хоёр
тоглолтдоо ялагдал хүлээснээр тэмцээнийг орхиж байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хотын нутаг дэвсгэрээс элс, хайрга олборлуулахгүй

Нийслэлийн Засаг даргын  захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүн даацын авто машины тээвэрлэлтэд тавих хяналтыг эрчимжүүлэхээр боллоо.

Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглож хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныхад үүрэг болгосон байна. Мөн технологийн хатуу хучилттай авто зам, ложистикийн төв байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгажээ.

Түүнчлэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, эвдэгдсэн газрын хэмжээг тогтоож тухайн талбайн 75-аас доошгүй хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлгэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон байна.

Тус захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт  тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын хоёр талбайтай болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар боллоо.