Categories
мэдээ нийгэм

Энхтайваны өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөөний хооронд 25 000 мод тарьжээ

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар
нэгтгэлээс хаврын тохижилтын ажил эхэлж буйтай холбоотойгоор энэ сарын 4-5-ны хооронд Гандангаас  Саппорагийн уулзвар,
Амарсанаа,гудамжнаас “Од”
кино театр хүртэлх  явган хүний замын нуух цэвэрлэжээ. Ингэхийн сацуу Энхтайваны өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөөний
хооронд 25000ш мод, 8000м урт шар хуайс, хайлаас тарьсан байна. Мөн Чингисийн талбайн авто замын 497.55м2 тэмдэглэгээ
хийж XIX хорооллын үйлчилгээний төв “Сандэй”
плаза хүртэлх явган хүний замын хавтан суулгаж эхэлжээ. Шар усны үерээс
сэрэмжлэх зорилгоор Дэнжийн мянга, Өргөөгийн арын далан сувгийн цэвэрлэгээ
хийж,  баруун дөрвөн зам Баян бүрд ногоон нуур орчимд лагын цэвэрлэгээ хийхээр мөн төлөвлөөд байгаа аж.

 

 

 

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болно

“Улаанбаатар-Марафон” олон улсын
марафон гүйлтийн тэмцээн ирэх сарын 7-нд болох байна. Түүнчлэн энэ өдөр “Автоамшингүй өдөр”-ийг зохион байгуулах аж.


Энэ жилийн “Улаанбаатар-Марафон” олон улсын
гүйлтийн тэмцээн болон “Автомашингүй өдөр”-ийг Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны
375 жилийн түүхт ойн албаны үйл ажиллагаа болгон зохион байгуулж байгаагаараа
онцлогтой гэнэ. Хамрах хүрээг өргөтгөн гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын
тамирчид, иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид гээд 25 мянга
гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Эл өдөр нийслэлд автомашингүй зорчих тодорхой бүс тогтоож, олон
иргэд алхах боломжийг бүрдүүлэх юм. Харин уралдааны бүртгэл Нийслэлийн Биеийн
тамир спортын газарт явагдаж байна. Удахгүй онлайнаар бүртгэх ажлыг зохион
байгуулах юм байна.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны замыг нөгөөдрөөс хаана


Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын
шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн
шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд нөгөөдөр буюу энэ сарын
09-ний 22:00 цагаас эхлэн ирэх сарын 09-н хүртэл Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг
хаахаар боллоо.  Нэг сарын хугацаанд Баянхошууны уулзвараас хотын төв рүү
зорчих урсгалыг нэг чигийн  хөдөлгөөнтэй болгож, харин сөрөг урсгалын
хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас шороон замаар Баянхошуу чиглэлд
зохицуулж явуулах юм байна. Зам хааснаар гурван цэгт зам доогуурх борооны ус
зайлуулах төмөрбетон дөрвөлжин хос хоолой угсрах,  замын өргөтгөлийн газар
шорооны ажил ба газар чөлөөллөх ажлыг хийх аж.
Замын зурваст нийтдээ 122 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг обьектууд
замын өргөтгөх зурваст орсон тул газар чөлөөлөхийг айлуудаас хүсчээ. Одоогоор таван
айл хашаагаа татсан гэнэ.  

Д.Сүрэн

 

Categories
мэдээ соёл-урлаг

ТОКИО ХОТНОО МОНГОЛЧУУДЫН “ХАВРЫН БАЯР-2014” НААДАМ БОЛОВ

Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт
хүрээлэнд 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд “Хаврын баяр- 2014”  наадам болов. 14 дэх жилдээ болж байгаа
энэхүү наадмыг Япон дахь Монгол оюутны холбоо /ЯМОХ/ зохион байгуулж, Монгол
улсын Элчин сайдын яам, Нэрима дүүргийн захиргаа, Монгол Улстай найрамдал,
соёлоор хамтран ажилладаг Японы олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс дэмжлэг
үзүүлжээ.

Наадмын талбайд монгол гэр, майхан, асар алаглаж, монгол,
япон олон мянган хүн цугласан байв. Монгол дээл, малгайгаар гангарсан япон
морин хуурчдын  Тэнма /”Тэнгэрийн хүлэг”/
хамтлаг Н.Жанцанноровын алдарт “Монгол аялгуу”-г эгшиглүүлснээр “Хаврын
баяр-2014” эхлэв. Наадмыг нээж ЯМОХ-ны дарга Ж.Цэрэнчимид үг хэлж, Элчин сайд
С.Хүрэлбаатар, Нэрима дүүргийн Гадаад харилцааны албаны дарга Х.Озаки нар
мэндчилгээ дэвшүүлэв.

Наадмын нээлтийн тоглолтод Японы уртын дуучин М.Ито
“Урьхан хонгор салхи”, хөөмэйч К.Мураками 
монгол хөөмэйн  олон хувилбарыг
чадварлаг танилцуулсан бол морин хуурч А.Бат-Эрдэнэ, хуурч, хөөмэйч А.Долгион,
Ё.Мияахара, ятгач Ч.Мягмарсүрэн, дуучин О.Солонго, бүжигчин З.Бүжин,
Х.Оюунчимэг, Д.Батчимэг нар монгол дуу, бүжгийн гайхамшгийг харуулж, япон
бөмбөрчид ч ур чадвараа гайхуулав. Япон, монгол залуус үндэсний хувцасны
загварын шоу үзүүлэв. Мөн өдрийн орой нь поп дуучин С.Бархас, Моханик, Шанз 3
хамтлагийн тоглолт наадамчин олны сэтгэлийг байлдан дагуулав.

Наадмын талбайд барьсан гэр, асруудад Монгол орны түүх,
соёл, эдийн засаг, нийгмийн ололтуудыг сурталчилсан самбар, гэрэл зураг, уран
зургуудыг монгол оюутнууд тайлбарлаж байв. Мөн монгол дээл, япон кимоно өмсөн
зураг авахуулах, шагай шүүрэх, морь уралдуулах гэх зэрэг монгол наадгай
тоглуулж байв.

Монгол  бичгийн
уран татлага, монгол зан заншлын булан олны сонирхлыг татаж байв. Монголтой
хамтран ажилладаг 20 гаруй нийгэмлэг, компани сурталчилгааны булан ажиллуулсны
дотор монгол чацарганы ундаа, бэлэг дурсгалын зүйлсийн борлуулалт сайн явагдав.
Монгол, япон хоолны 10 гаруй асар үйлчилж байв.

Наадмын оргил арга хэмжээ нь яах аргагүй монгол бөхийн
барилдаан байв. Монгол, Өвөр Монголын 32 залуу бөх шатарчлан барилдаж, Монгол
улсын бөх Дамба түрүүлж, Өвөр Монгол бөх Жарандолоо үзүүрлэв. Сүмо бөхийн аварга
Хакүхо,Какүрюү тэргүүтэй бөхчүүд монгол бөхийн барилдаан үзэж, наадамчдад
мэндчилгээ дэвшүүлэв.

Наадмын үеэр монгол, япон хүүхдүүдийн дунд “Миний нүдээр
харсан Япон, Монгол орон” сэдэвт зургийн уралдаан явагдаж, 20 гаруй бүтээл
оролцов. Мөн насанд хүрэгчдийн дунд дээрх сэдвээр явагдсан гэрэл зургийн
уралдаанд 10 гаруй бүтээл шалгарав.

“Хаврын баяр-2014” арга хэмжээний хүрээнд Монголын  боловсрол, эдийн засаг, нийгмийн хөгжлийн
асуудлаарх “Монгол коллеж” семинар зохион байгуулагдаж, Япон улсаас Монгол
улсад сууж  байсан Элчин сайд М.Ханада,
Хитоцүбаши их сургуулийн профессор, монголч эрдэмтэй К.Танака, тус сургуулийн
багш М.Ариунтуяа,  Аояама их сургуулийн
багш Н.Ивата, МҮХАҮТ-ийн Япон дахь төлөөлөгч Ө.Өлзий тэргүүтэй эрдэмтэн, эдийн
засагч нар оролцож, илтгэл тавив.

Наадмын талбайд Монголын ЭСЯ-ны Консулын хэлтсийн
ажилтнууд  Японы орон нутгаас ирсэн
иргэддээ консулын үйлчилгээ үзүүлж, Монгол улс, Монгол,Японы харилцааны тухай
материал тарааж байв.

“Хаврын баяр -2014” арга хэмжээнд нийт 60 гаруй мянган
хүн хамрагдав.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Р.Алтангэрэл итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд Раднаабазарын Алтангэрэл Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён
Дэвид Жонстонд 2014 оны 5 дугаар сарын 5-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн
барив.

Канадын Амбан захирагчийн “Риду” өргөөнд болсон Итгэмжлэх
жуух бичиг гардуулах ёслолын үеэр Элчин сайд Р.Алтангэрэл Амбан захирагч Дэвид
Жонстонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг
уламжилж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж,
хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж буй энэ үед Элчин
сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйдаа баяртай байна гээд Монгол, Канадын
найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх талаар идэвхжүүлэхийн төлөө
чармайн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Амбан захирагч Дэвид Жонстон Элчин сайд Р.Алтангэрэлд
баяр хүргэж ажлын амжилт хүсээд Канадын Төрийн тэргүүний хувиар 2013 онд Монгол
Улсад анх удаа төрийн айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон
албаны бусад хүмүүстэй уулзаж, ярилцах сайхан боломж гарсаныг эргэн дурсахад
таатай байдгийг илэрхийлэв.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолд Канадын Сенатын
гишүүн, Сенат дахь Канад, Монголын найрамдлын бүлгийн дарга Жозеф А.Дэй,
Нийтийн танхимийн депутат Брад Трост, Элчин сайдын яамны ажилтан нар, Канад
Улсад суугаа Монгол Улсын иргэдийн төлөөлөл оролцов.

Categories
мэдээ цаг-үе

Тусгай сургуулийн захирал сурагчдынхаа хөдөлмөрийг мөлжиж, хандивын эд зүйлийг хувьдаа завшдаг гэв

Дунд сургуулийн захирал хүртэл
барьдаг утасны төлбөр, унадаг машиныхаа бензинийг төсвийн мөнгөөр хийлгэдэг болжээ.
116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа хандиваар ирсэн эд зүйлийг худалдаж авсан
мэтээр хуурамч баримт бүрдүүлж хувьдаа мөнгө завшдаг гэнэ. Мөн сурагчдаараа хандивын
тоглолт хийлгэж, олсон орлогоос нь мөнгө өгдөггүй юм байна. Энэ талаар Харааны бэрхшээлтэй
хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн нярваар ажиллаж байсан С.Хотхүү ярилаа.

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглолт
болдог. Олсон орлогоос нь хүүхдүүд хүртдэггүй гэв үү?

-2013 онд гэхэд
“UB палас”, МУИС, ЭМШУИС болон хоёр аймагт манай сургуулийн хүүхдүүд хандивын тоглолт
хийсэн. Билетийн үнэ дунджаар 2000 төгрөг байдаг. Хараагүй хүүхдүүдэд хандив өргөх
тоглолт гэдэг утгаараа танхим дүүрэн үзэгчтэй тоглолт болдог. Дунджаар нэг тоглолтоос
хоёр сая төгрөг олдог байх. Үүнээс тоглолтод оролцсон хүүхэд нэг ч төгрөг авдаггүй.
Тэр бүү хэл “Олон тоглолтод ядраад байна” гэсэн хүүхдийг сургуульд сургахгүй, хөгжмийн
хичээл заасан төлбөрөө авна гэх мэтээр дарамталдаг.  Мөнхжаргал гэдэг хүүхэд тоглолт ихсээд байна гэж
хэлснийхээ төлөө сургуулиас хөөгдсөн. Тэгэхээр бусад нь айдаг юм байна.

-Хүүхдийнх нь хөдөлмөрийг мөлжөөд байхаар
эцэг, эхчүүд нь гомдол гаргадаггүй хэрэг үү?

-Эцэг, эхээс нь
зөвшөөрөл авдаггүй. 18-19 хүүхдийг тоглолтоор авч явна шүү дээ. Хүүхдийнх нь хөдөлмөрийг
мөлжлөө гээд гомдол гаргавал сургуулиас хөөнө гэдэг учраас эцэг, эхчүүд дуугарахгүй.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн ганцхан сургууль байдаг нь манайх. Хүүхдийнх нь
хөл хугарчихаад байхад эцэг эхчүүд “сургууль олдохгүй” гээд гомдол гаргаж чаддаггүй.
Сургуулийн дотуур байранд хоёр хүүхэд хөлөө хугалсан. Харааны бэрхшээлтэй хоёр хүүхэд
мөргөлдөх, гэмтэх тохиолдол их гарна. Эхний удаад хариуцсан багшид нь арга хэмжээ
авсан бол хоёр дахь удаад “Гомдол гаргавал хүүхдийг чинь сургуулиас хөөнө” гээд
дараад өнгөрсөн. Ингэж хүүхдийн эрх зөрчихөөс гадна өөрөө ажилтай үлдэхийн тулд
хүүхдүүдээр өлсгөлөн зарлуулж байсан. 2006 онд сургалтын менежерээр ажиллаж байхад
салбарын яамнаас халах шийдвэр гаргахад дөрөв, таван хүүхдээр өлсгөлөн зарлуулж
байлаа. Хууль бус үйлдлээ нуухын тулд хүүхдүүдийг өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгодог
хүн. Хүүхдийн төлөө ажиллахгүй байна, багш нараа элдвээр дарамталдаг гэх үндэслэлээр
багш нар нь Хүний эрхийн үндэсний комисст 2007 онд хандсан байдаг. Улмаар Хүний
эрхийн үндэсний комиссоос салбарын яаманд “Ёс зүйгүй багш гэдэг нь нотлогдлоо. Арга
хэмжээ авна” уу гэдэг утгатай санал хүргүүлж байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын
газраас ч “Зөрчил илрээд байна. Хариуцлага тооцно уу” гэсэн утгатай албан бичиг
хүргүүлсэн байсан.

-Тэгвэл нэг жилд тоглолтоос олсон арваад
сая төгрөгийг юунд зарцуулах вэ?

-Хувьдаа л авдаг
байх. Тоглолтод зарцуулагдах мөнгийг түрээсийн мөнгөнөөсөө л авна.

-Түрээсээр хэдэн төгрөг олох уу. Энэ мөнгө
сургалтад зориулагдах уу?

-Манай сургуулийн
хашаанд долоон контейнер бий. Тэдний түрээснээс сард 790 мянган төгрөгийн орлого
олдог. Энэ мөнгөнөөс шинэ жил тэмдэглэхэд 500 мянган төгрөг зориулсан. Бусдыг нь
бол өөрөө цувуулаад л авна. Хүүхдэд нэг ч төгрөг зарцуулагдахгүй. Тэр бүү хэл хандиваар
ирсэн эд зүйлийг худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж мөнгийг нь өөрөө завшдаг.

-Тухайлбал, хандивын ямар эд зүйлийг худалдаж
авсан мэтээр баримт бүрдүүлсэн бэ?

-2013 онд “Көритөс
Чех” төрийн бус байгууллагаас гурван ширхэг брайл машин, “Дэмжинэ” төрийн бус байгууллагаас
хоёр брайл машин хандивласан. Тэгтэл төрийн өмчийн мөнгөөр брайл машин авахаар бүх
зөвшөөрлийг нь аваад “Сэлбэ сервис” гэдэг компани руу шилжүүлэхээр боллоо. Гэтэл
тэр компани 20 хувийг нь авч байж үлдсэн мөнгийг нь гаргаж өгнө гэсэн. Ингэж ойлголцоогүй
болохоор би “Тэргүүн ван” компани дээр очиж хуурамч материал бүрдүүлж брайл бичгийн
машин авсан болгож мөнгийг нь тухайн компанид оруулж байгаад  дөрвөн сая 30 мянган төгрөг бэлнээр гаргуулж захиралд
өгсөн. 25 боодол цаас хандиваар ирснийг хүртэл худалдаж авсан болгоод төсвөөс мөнгийг
нь гаргуулаад хувьдаа авчихсан. Мөн хандиваар ирсэн ус буцалгагч, хөлний массажер
мэтийг гэртээ аваад явчихна. Коика олон улсын байгууллагаас 13 иж бүрэн компьютер
хандивлахаар нэгийг нь гэртээ авчихна. Түүнийгээ эвдэрхий байсан гэж тайлбарласан.
Үнэндээ баталгааны хуудастай цоо шинэ компьютер шүү дээ.

-Та нярваар нь ажиллаж байсан. Өөрөө захирлынхаа
өмнөөс компани дээр очоод мөнгө гаргуулдаг байж. Хууль бус үйлдлийг нь зохих байгууллагад
нь яагаад хэлдэггүй байсан юм бэ?

-Би “Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо”-нд ажиллаж байтал С.Энхтуяа захирал нярваар
ажиллах санал тавиад 14 хоногийн сургалтад суулгаад сургуульдаа авсан. Хүүхдийн
төлөө ажиллаж байсан хүн хууль бус юм хийгээд байж чаддаггүй юм билээ. Энэ чинь
болохгүй гээд хэлэхээр намайг элдвээр хэлж дарамтална, хойноос элс цацна. Би өнгөрсөн
оны дөрөвдүгээр сараас хойш үнэхээр дарамтад ажилласан. Хэл ам хийгээд, шалгах байгууллагуудад
хандаад байхаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлаас халчихлаа. Ажиллаж байхдаа Хүний
эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын газарт, Нийслэлийн боловсролын газарт
хандсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаад Эрүүгийн хуулийн 263 дугаар
зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхэд хохирлын хэмжээ хүрэхгүй байна
гээд захиргааны хариуцлага тооцохоор болсон. Учир нь С.Энхтуяа захирлын учруулсан
хохирол 9.3 сая төгрөг юм байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний хохирол
биш гэж цагдаагийн байгууллага үзсэн. Гэхдээ энэ бол зөвхөн түрээсээс олсон орлогын
асуудал. Үүний цаана олон баримт бий.

-Тухайлбал, ямар баримт вэ?

-БНСУ-аас манай
сургуульд зочид төлөөлөгчид ирлээ. Гэтэл хүүхдийн хоолны мөнгөнөөс 610 мянган төгрөгийг
“Номин” руу шилжүүлээд архи, шар айраг, торт, кимчи аваад дайлчихаж байгаа юм. Үүнийг
төсвийн мөнгөнөөс биш түрээсийн орлогоос авчихаж болно шүү дээ. Гэтэл хүүхдийн хоолны
мөнгийг хасаад зочдыг зугаацуулж байгаа юм. Мөн хүүхдийн сурах орчинг бүрдүүлэх
зорилгоор “Номин” худалдааны төвөөс 499 мянган төгрөгийн үнэтэй 32 инчийн хоёр телевиз
авахаар мөнгийг нь шилжүүллээ. Нярвын хувьд би очиж авах байсан. Тэгтэл захирал
хамт яваад “32 инчийн телевизээр яах юм. 21 инчийнхийг авъя” гэлээ. Зөрүү мөнгөөр
нь сургуульдаа есөн ширхэг хогийн сав, таван ширхэг өсгөгч авсан үлдсэн 190 мянган
төгрөгийг бид хоёр хуваагаад авчихсан. Одоо ярихад ичмээр л дээ. Хутга ирлэгч, аяга
зэргийг авч байгаа юм. Мөнгөндөө тааруулах гэж сүү хүртэл авч байгаа юм.

Энэ мэт хууль
бус үйлдлийг шалгаж өгөхийг хүсч АТГ-т хандахад С.Энхтуяа захирлын үйлдлийг “Иргэдийн
өмчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцсан этгээд завшсан, үрэгдүүлсэн гэмт хэргийн
шинжтэй үйлдэл байна” гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Одоо цагдаагийн байгууллага
шалгаж байгаа.

-Түрээсээр олсон орлогоороо телевиз авах
уу. Эсвэл төсвийн мөнгөөр үү?

-Төсвийн мөнгөөр
авна. Ер нь захирлын гар утасны мөнгө, машины бензинийг сургуулиас төлнө. Гар утсанд
сард 50-120 мянган төгрөг өгнө. Харааны бэрхшээлтэй хүүхдийн унааны зардалд сард
төрөөс 200 орчим мянган төгрөг өгдөг. Манай хүүхдүүд дотуур байранд амьдардаг болохоор
зөөх шаардлага байхгүй. Энэ мөнгөөр захирлын машинд л бензин хийнэ. Дээр нь сургуулийн
захирлууд аялалд явах гэж байна 120 мянган төгрөг, тэмцээнд орно 100 мянган төгрөг
гэх мэтээр л аваад байдаг. Захирлын хамаатны газарт манай сургууль ногоо тарина.
Ногоо тарих нэрийдлээр төрийн мөнгийг ус шиг цацна шүү дээ. Багш нарыг дайчилж,
ногоо зарахад нэг зун дөрвөн сая төгрөг зарцуулна. Эргээд 500-600 мянган төгрөгийн
л ногоо хураана. Тэр нь нэг сарын л хэрэгцээ. Ингэж төрийн мөнгөөр тоглодог. Сургуульд
засвар хийхээр 2.1 сая төгрөгийг “Тансаг обой” компани руу шилжүүлж үүдний пилта
хийхээр боллоо. Тайлан гаргах болтол тэр пилта, цемент, элс нь 2.1 сая төгрөг яагаад
ч хүрдэггүй. Пилта нь нэг сая төгрөг болчихож байгаа юм. Бас л хуурамч бичиг баримт
бүрдүүлж тайлан гаргасан. Энэ мөнгөнөөс 500-600 мянган төгрөгийг захирал хувьдаа
завшсан байх.

-Таны ярьж байгаагаар захирал аар, саар
л мөнгө хувьдаа завшдаг бололтой юм. Магадгүй та ажлаа өгсөн болохоор тэр бүрийг
яриад байгаа юм болов уу?

-Бага мэт боловч
захирлын том тансаглал шүү дээ. Өөрөө тансаглаад хүүхдүүдээ хөсөр хаядаггүй бол
ингэж ярихгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хувьдаа ашиг олох хэрэгсэл мэтээр ханддаг
нь үнэхээр харамсалтай. Тэр бүү хэл хөгжлийн багш мэргэжилтэй хүнээр англи хэл,
мэдээлэл зүй заалгасан мэтээр баримт бүрдүүлж сар бүр 200-гаад мянган төгрөгийн
илүү цалин гаргадаг.

-Танай сургуульд хэдэн хүүхэд сурдаг юм
бэ?

-87 гэсэн тоо
бий. Түүнээс 17 нь огт байхгүй. Сурч байгаад гарчихсан хүүхдийг сурдаг мэтээр бүртгүүлж
төсвөөс мөнгийг нь авдаг. Нэг хүүхдийн хоолны зардал өдрийн 2530 төгрөгийн хоол
өгөх ёстой. 17 “хуурамч” хүүхдийн мөнгийг төрөөс л авна шүү дээ.

“Гар утсаараа албаны ажил
л ярина шүү дээ”

Бид 116 дугаар сургуулийн
захирал С.Энхтуяагаас дээрх мэдээллийн талаар тодрууллаа.

-Хүүхдүүд тоглолт хийж олсон орлогыг юунд
зарцуулдаг юм бэ?

-Манай хүүхдүүд
2011 онд Солонгост очсон. Унааны зардалд шаардагдах 15 сая төгрөгийг багш нар цалингийн
зээл авч олсон. Энэ мөнгийг төлөхийн тулд гурван жил хандивын тоглолт хийлээ. Өрөө
төлсөн болохоос би хувьдаа завшаагүй. Гэхдээ тоглолтын орлогоос нэг удаа хүүхдүүдээ
витаминжуулсан. Нэг удаа 20, 20 мянган төгрөг өгсөн. Төгсөх ангийн хоёр хүүхдийг
100 мянган төгрөгөөр хувцасласан.

-Таныг хандиваар ирсэн эд зүйлийг худалдаж
авсан мэтээр баримт бүрдүүлж төсвөөс мөнгө авдаг байсан гэх юм.

-Худлаа мэдээлэл.

-Таны гар утасны
мөнгө, машины чинь бензинийг сургууль даах ёстой юу?

-Би утсаараа албаны
л ажил хийдэг. Сард тавь орчим мянган төгрөг гарна. Солонгос руу их ярьсан сард
120 мянган төгрөг гардаг. Энэ мөнгийг албанаас гаргадаг. Мөн ажлаар ийш тийшээ явах
хэрэг их гарна. Сард нэг удаа банкаа дүүргүүлнэ. Түүгээрээ багш нарын морин жолооч
л болно шүү дээ.

-Та одоо хуулийн
байгууллагад шалгагдаж байгаа юм уу?

-Цагдаагийн байгууллагаас
байцаасан. АТГ шалгаж байгаа гэдгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс л мэдлээ. Намайг
дуудсан асуудал алга гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Төсөл батлагдсанаар эдийн засагт олон эерэг үр дүн гарна

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

 -Та өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмалын
тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн
талаар танилцуулахгүй юу?

-Төслийн агуулга
зорилго маш ойлгомжтой. Эрх зүйн үндэслэлийн тухайд 2012-2016 оны Засгийн газрын
үйл ажиллагааны хөтөлбөр, өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан Төрөөс эрдэс баялгийн
салбарт баримтлах бодлого, одоогийн хүчинтэй мөрдөгдөж буй хуулийн үндсэн зарчмыг
хөндөхгүй байх зэрэг болно. Хуулийн төсөл батлагдсанаар  төрөөс тогтоосон газар нутагт хайгуулын тусгай
зөвшөөрлийг олгож эхлэх, ингэснээр шинэ хөрөнгө оруулалтыг татах болон Монгол Улсын
баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадавхийг улам сайжруулах, хариуцлагатай
уул уурхайг хөгжүүлэх, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө
оруулалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой
байх гол зорилтууд хэрэгжинэ.

Нэг зүйлийг тэмдэглэхэд
энэ хуулийн төсөл “Урт нэртэй” хуулинд  ямар
ч хамааралгүй бөгөөд, талбай нь ч давхцахгүй гэдгийг хэлмээр байна. Мөн хууль санаачлагчийн
хуулийн төсөлд  судалгаанд үндэслэн зөвлөмж
гаргах үүрэг бүхий  олон талт оролцоог хангасан
орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болно. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод
шилжүүлэх бодит алхмыг төсөлд суулгасан. Дээр нь ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно. Ингэснээр энэ чиглэлд
дэлхийн жишигтэй хөл нийцэн алхана.

-Энэ хууль батлагдсанаар эдийн засагт яаж
үр өгөөжөө өгөх вэ?

-Хайгуулд хөрөнгө
оруулалт шинээр орохоос гадна, үүнийг дагаад олборлох, боловсруулах үйлдвэрийн салбарт
ч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Хариуцлага уул уурхайг дэмжин зорилтын
хүрээнд инноваци, тэргүүний техник технологийг нэвтрүүлэхийг дэмжих юм. Ингэснээр
салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бүтээмж дээшилснээр өртөг зардал хэмнэж,
ашиг орлого өсдөг жамтай. Дээр нь зөвхөн түүхийгээр нь гаргаад байх биш, боловсруулалтын
түвшинг дээшлүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зайлшгүй шаардлагатай
байгаа. Нэмүү орлого нь эх орондоо дэд бүтэц ашигласны төлбөр, цалин хөлс, болон
бусад хэлбэрийн орлого болж үлддэг. Энгийн жишээ татахад түүхий нүүрсийг 50 ам.доллараар
борлуулж байхад, угааж баяжуулсан  нүүрс нь
ойролцоогоор 100 ам.долларын үнэтэй байна. Мөн лиценз эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд
шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд
Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог байх зохицуулалт
нэмэгдсэн. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ гэж үзэж
байгаа. Базаад хэлэхэд өмнөх байдлаар энэ хуулийн төсөл батлагдсанаар манай эдийн
засгийн тогтвортой өсөлтийг хангахад шууд болон шууд бус утгаар олон эерэг үр дүн
авчирна гэж хэлэх байна.

-2010 онд хууль батлагдаж, Ашигт малтмалын
хайгуулын тусгай лицензийг шинээр олгохыг хориглосон. Харин таны өргөн барьсан энэ
төсөлд уг хуулийг хүчингүй болгох талаар тусгасан гэлээ. Өнөөх эмх замбараагүй лицензийн
наймаа дахин цэцэглэх юм биш биз дээ?

-Дөрвөн жил орчим
хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй. Тус хууль
хэрэгжсэнээр эмх замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл эмхлэгдсэн. Хэдэн баримт
дурдъя. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2005-2010 онуудад нийт газар нутгийн 46 хүртэл
хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай эзэлж байсан. Тэгвэл өнөөгийн байдлаар
7.6 хувь болж буурсан. 2010 онд нийтдээ 4.137 лиценз байсан бол, одоо 2.868 болж
буурсан байна. Энэ хугацаанд бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах ажил нэлээд
хийгдсэн. Мөн монголчууд төр, хувийн хэвшил гэлтгүй уул уурхайн талаар хангалттай
туршлага хуримтлуулсан. Бид юун дээрээ алдаад байгаагаа мэддэг болсон. Юунд хүрэх
гээд байгааг тодорхойлсон урт хугацааны бодлоготой болсон.

Дээр нь урт нэртэй
хууль, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэхчилэн нийт нутаг дэвсгэрийн
70-80 хувьд хайгуул, олборлолтын ажил хийгдэхээргүй байгаа. Өөрөөр хэлбэл газар
нутгийнхаа дийлэнх хэсгийг хойч үедээ үүцлэн хадгалах хуулиуд байна. Нэмэлт өөрчлөлтийн
нэг гол шинэчлэлийн чанартай зохицуулалт нь зөвхөн төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт
лиценз олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд л анхнаасаа замбараатай
лиценз олгож эхлэх юм. Дээр нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний гурван жил шилжүүлэхгүй
гэсэн шинэ заалт нэмэгдэж байгаа. Мөн гурав дахь жилийн төгсгөлд хайгуулын талбайн
тодорхой хэсгийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн буцаан авдаг
болно. Ингэснээр үнэхээр хайгуул хийе гэсэн компаниудыг урамшуулж байгаа юм. Лиценз
авчихаад  үндсэн ажлаа хийхийн оронд цүнхэндээ
хийгээд наймаа үсэргээд явдаг зохисгүй байдлыг халахын тулд хугацааны сүүл хэсэгт
нь лицензийн төлбөрийн хэмжээг нилээн нэмж өгсөн.

-Хуулийн төсөлд ашигт малтмалын хэтийн
төлөвлөгөөг яаж тодорхойлсон бэ?

-Манай улсын ашигт
малтмалын нөөц цаашид өсөх нь мэдээж юм. Улс, орнууд  баялагийн хэтийн төлвөө  геологийн 
нарийвчилсан зураглалын ажлаар еренхийд нь  тодорхойлж байна. Монголд өнөөгийн байдлаар энэ
ажил  нийт газар нутгийн 30 орчим хувьтай
байгаа. Тиймээс эрчимжүүлэх шаардлагатай. Уул уурхайн яам 2032 он хүртэл ямар ямар
ашигт малтмалыг аль боомтуудаар экспортлох боломж байгаа талаарх төсөөллийг гаргаад
байгаа.

-Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд
Оюу толгой, Таван толгой гээд томоохон төслүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай.
Нүүрсний хэрэгцээ цаашид яах бол. Энэ хууль батлагдсанаар үүнд ямар түлхэц болох
вэ. Одоогийн байдлаар их хэмжээгээр буурсан хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага харагдаж
байна уу?

-Хуульд зааснаас
бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын үйлдвэр, баяжуулах
үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр
зогсоож олон хүмүүсийг гэнэт ажилгүй, цалингүй болгох нийгмийн хариуцлагагүй үйлдэл
гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох заалт уг хуулийн төсөлд
орсон байгаа. Энэ хариуцлагатай уул уурхайн ундсэн зарчмын нэг юм билээ. Засгийн
газар Тавантолгойн хувьд нэгэнт нүүрсний үнэ буурсан үед эхлээд дэд бүтцийг бүрдүүлэх
шийдвэрийг гаргасан. Нөгөө алаагүй баавгайн арьсыг хувааж болдоггүй гэдэгтэй адил.
Ер нь эхлээд  чанартай дэд бүтцийг бүрдүүлэх
нь аль ч оронд хийж ирсэн нийтлэг зарчим юм. Дэд бүтэц шийдэгдсэнээр  түүнийг ашиглах ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч
компаниудын үнэлгээ, хувьцааны үнэ нэмэгддэг учиртай. Аль ч оронд төмөр зам бол
нэгдсэн бодлоготой байдаг. Ашигтай хэсгийг нь бусдад тээврийн тариф энэ тэрээ тохирохгүйгээр
тасдаад өгчихөөр хүнд нөхцөлд орж байсан түүх байдаг.

Төмөр замын цариг,
төмөр зам барихтай холбогдсон УИХ-ын тогтоолын төсөл  засгийн газраас өргөн баригдсанаас хойшхи хэдхэн
хоногийн хугацаанд ЭТТ болон төмөр замд хөрөнгө оруулах гэсэн сонирхол эрс нэмэгдэж
байна. Энэ УИХ-ын тогтоол батлагдсаны дараа, хөрөнгө оруулагчдын асуудлыг яаралтай
шийдэх боломж бурдэнэ.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид
үгүй­лэгдэж байна. Эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлж  хөрөнгө оруу­лалтыг татах, улсын  баялгийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодитой
заалтууд орж байгаа вэ?

-Төрөөс геологийн
салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа,
шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно. Мэдээлэл бол хө­рөнгө оруулалтыг татах
нэг чухал хүчин зүйл юм. Мөн уур амьсгалын онцлогоос шалтгаалан геологийн судалгаа,
хайгуулын ажил хийх хугацаа манай орны хувьд жилд долоохон сар байдаг. Иймд хайгуулын
тусгай зөвшөөрлийн хугацаа нийт есөн жил байсныг 12 жил болгож байгаа. Энэ нь ордыг
ашиглахын өмнөх гурван жилийг тодорхой болгосон гэсэн үг л дээ.

Тусгай зөвшөөрлийн
төлбөр төлөөгүйгээс цуцлагдсан болон буцааж өгсөн тусгай зөвшөөрөл бүхий талбайг
сонгон шалгаруулалтгүйгээр ердийн өргөдлийн журмаар олгодог болно. Ингэснээр элдэв
хар дагуулдаг сонгон шалгаруулалтыг багасгаж, олон улсын зарчмаар буюу эхэлж ирсэн
нь эхэлж зөвшөөрлөө авдаг шударга тогтолцоог бэхжүүлнэ. Ялих ялихгүй шалтгаанаар
лиценз цуцалдгийг болиулж, ердийн  торгуулийн
хариуцлага руу  шилжүүлэх зохицуулалт туссан.
Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ эрхийг хамгаалах шинэ зохицуулалтыг
тусгаж өгсөн. Бодлогын зөвлөл нь ч гэсэн хайгуулчид, уурхайчдын эрх ашгийг хөндөхгүй
байхад анхаарч ажиллах болно. Олон улсын стандартад шилжих замаар нөөц баялгийн
ангилалаа шинэчилснээр хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой, ил тод орчин бүрдэх юм.
Монгол Улсад хийгдсэн геологи судалгааны ажлын тайлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр
дотоодын болон бусад орны хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж эрс нэмэгдэхийн
зэрэгцээ үндэстний мэргэжилтнүүдээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үүд хаалга нээгдэх
юм. Ер нь бол хүнийг, аж ахуйн нэгжийг дагаж хөрөнгийн урсгал орж ирдэг.

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг
нь тогтоосон томоохон ордуудыг  эдийн засгийн
эргэлтэд оруулах талаар тусгасан уу?

-Шууд болон шууд
бус утгаар тусгасан. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын төрийн эзэмшлийн
хувь хэмжээг тавь хүртэл байлгаж болох бөгөөд тус хэмжээг ордыг ашиглах Техник эдийн
засгийн үндэслэл, ашгийн түвшин, эдийн засгийн үр өгөөжөөс нь хамааруулж тогтоохоор
заасан.

-Уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийг
компанийн хариуцлагад үндэслэн сайжруулах, уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж
ахуйн  нэгжүүдийн орон нутагтай хамтран ажиллах
хамтын ажиллагааны  ил тод байдлыг яаж нэмэгдүүлэх
вэ?

-Тусгай зөвшөөрөл
эзэмшигч нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа
үүрэг, хариуцлагаа гүйцэтгэхэд  эдгээр асуудлаар
холбогдох төрийн захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байна
гэж хуульчилсан байгаа. Орон нутагт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө
оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх,
уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд
орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ёстой юм. Мөн хөрөнгө оруулагч
компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг
ил тод, иргэдийн оролцооны зарчимд тулгуурлан байгуулдаг байх зохицуулалтыг тусгаж
өгсөн. Байгаль орчин, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх
болон хамтарч ажиллах зорилготой гэрээг компани ба сумын Засаг дарга нарын хооронд
хийгдэнэ гэсэн үг. Энэ гэрээний загварыг Засгийн газар баталж байх юм.

-Энэ хуулийн төсөл батлагдсанаар улсын
төсвийн зарлага нэмэгдэхгүй гэж байна. Ер нь геологи, уул уурхайн салбарт хэрхэн
үр дүнгээ өгөх вэ?

-Энэ хуульд стратегийн
ордод хувь эзэмшихдээ төсөвт нэмэлт дарамт учруулахгүй байх, төр хувийн хэвшлийн
замаар эрэл, үнэлгээний  хайгуулын ажлыг дэмжих
заалтууд их орсон. Мөн геологийн албаны  чиг
үүргийг тусгасан. Гэхдээ шинэ орон тоо нэмж, нэмэлт зардал гаргахгүй. Монгол Улсын
нутаг дэвсгэр дээр геологи, геофизик гэх зэрэг судалгаа, шинжилгээ хийдэг, эрдэс
баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгдөг, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлдэг
тийм үндэсний Геологийн албаны чиг үүргийг тодорхойлсон байгаа. Ингэхгүй бол манай
улсад геологийн буюу газрын хэвлийн нэгдсэн бодлого алдагдаад байна.

-Нинжа нар буюу гар аргаар алт олборлогчдын
асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Ер нь бол  олон улсын туршлагыг сайтар судалж байна.Одоогийн
байдлаар иргэний хуульд заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг зөвшөөрч
байгаа. Төсөлд бүртгэлтэй хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллахыг дэмжих замаар
тэднийг албажуулах зохицуулалтыг тусгасан. Бусад оронд ийм байдлаар энэ үйл ажиллагааг
зөв гольдиролд нь оруулж ирсэн  юм билээ.Ингэж
нөхөрлөл хоршоо байгуулж хариуцлагатай, нөхөн сэргээлтээ хийх албан ёсны бүтцээр  ажиллахыг зөвшөөрөх юм.  Харин хууль 
зөрчсөн тохиолдолд  хариуцлага тооцохоос
өөр арга байхгүй нь мэдээж.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ

Соёмбот уулын түймэр гадны нөлөөтэй байжээ

Хаврын хуурайшилтын
улмаас гал түймрийн дуудлага буурахгүй байгаа аж. Өнгөрсөн 5-ны өдөр л гэхэд Хан-Уул
дүүргийн II хорооны нутагт, Богдхан уулын Соёмботой уулын өвөр талын хэсэг талбайг
хамарсан түймэр гарсан билээ. Түймрийг Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасаг
шуурхай ажилласны дүнд унтраасан. Нийтдээ 3,5 га орчим газар галд автсан байна.
Гал гарсан шалтгаан, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд өчигдөр
шалгажээ. Шалгалтын явцад эл түймэр гадны нөлөөтэй болох нь тогтоогдсон аж. Одоо
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Түүнчлэн өнгөрсөн  долоо хоногт обьектын гал түймрийн  нийт 22 дуудлага ирсэн байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тамхичид гишгэх газаргүй

Тамхины хяналтын хууль гарсан биш ганц далайлгадаг юмтай боллоо. Өглөө
автобусанд явж байсан чинь жолооч тамхи баагиулж яваа харагдав. “Сайн байна уу.
Нийтийн тээврийн хэрэгсэлд  тамхи татаж
болохгүй шүү дээ. Хуулиар хориглосон юм ” гэчихлээ. Жолооч тамхиа цонхоор шууд
л чулуудчихав. “Анх удаа л надад ингэж хэлж байна. Хэрвээ хүмүүс хэлбэл тамхи
татахгүй л дээ” гэж байна аа бас. 
Цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд салхилуулж 
явахад тамхи зуусан  хүн мэр сэр
тааралдана. Хууль гарсан болохоор ч  тэр
үү шаардлага тавихаар чих зөөлөнтэй хүлээж авдаг юм.

 АН-ын УИХ дахь  бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Би тамхи
татдагийнхаа төлөө яагаад ял үүрэх ёстой юм” гэж хуулийн төслийн өөрчлөлтийг
хэлэлцэх үеэр өөрийгөө өмгөөлсөн  байна
лээ. Бусдыг хордуулж байгаагийнх нь 
төлөө тамхичидийг дарамтлах нь зүйн хэрэг шүү дээ. Одоогийн УИХ-ын
гишүүн Ц.Оюунгэрэл  хэдэн жилийн өмнө
“Аавыгаа Америкт урих гэсэн чинь тамхи татдаг болохоор нь өрөвдөөд байна.
Америкт тамхичин хүнд гишгэх газар байхгүй” гэж ярьж байсан юм. Монголд ч гэсэн
тамхичин хүнд гишгэх газар байхгүй болгох хэрэгтэй. Тамхичид ч гэсэн тамхи
татах газар байхгүй гэж гоншигноод байх 
хэрэггүй шүү дээ. Тамхи татахгүй бол эрүүл мэндэд нь л сайн биз дээ.

Б.Янжмаа      

Categories
мэдээ

Сэтгүүлч Б.Ганчимэгийн нийтлэлч Баабартай хийсэн ярилцлага, наран мандах зүгийн хилчдийн амьдралыг уншаарай


“Өдрийн сонин”-ы лхагва
гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Энэ удаагийн
дугаарын нэгдүгээр нүүрээс арванхоёрдугаар нүүрт “Наран мандах зүгт эх орны хил
тайван байна” гэсэн сэтгүүлчийн томилолт багтсан байна. Урин цагийн элгэн дээр
Монгол орны хил ямархан байгаа тухай нийтлэлийг уншаарай. Мөн нэгдүгээр нүүрээс
долдугаар нүүрт “Солонгосчууд наашаа кимчи, сөжүгээ зөөж байхад монголчууд тэнд
“Мах импекс”, “Сүү”-гийн бүтээгдэхүүний хэрэглэж чадахгүй байна гэсэн асуудал
дэвшүүлсэн нийтлэл багтлаа. Өнөөдөр харь оронд амьдарч буй монголчууд эх
орноосоо ааруул, ээзгий, борц тэргүүтнийг хил гаалиар нэвтрүүлэх гэж бөөн
асуудал болдог. БНСУ руу нууцаар нэвтрүүлж байгаад баригдвал есөн сая орчим
төгрөгийн торгууль төлдөг бол харин солонгосчууд манай оронд өөрсдийн дураар
хэрэглэх бүтээгдэхүүнүүдээ оруулж ирдэг. Уг нийтлэлээр хоёр орон харилцан тэгш
эрх эдлэх ёстойг хөндсөн юм.

Тэгвэл сүүлийн үед
манайхан сансар огторгуйг дурандах сонирхол их болсон. Сансар огторгуй, одон
орон хардаг сонирхогчийн дуран гурван сая төгрөгийн үнэтэй юм байна. Энэ тухай манай
сурвалжлагч сурвалжилсан байна. Эл сурвалжлагыг нэгдүгээр нүүрээс
арваннэгдүгээрт нүүрт нийтэлжээ.

Хоёрдугаар нүүрт улс
төрийн цаг үеийн мэдээллүүд багтсан бол “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар
нүүрээс дөрөвдүгээр нүүрт нэрт нийтлэлч Баабартай сэтгүүлч Б.Ганчимэгийн
ярилцсан “Нэмж сүйтгэх юм байхгүй болсон байх аа” хэмээх сонирхолтой ярилцлага
багтлаа. Улс төрийн хоёроос тавдугаар нүүрт эдийн засгийн идэвхжлийг
нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн боловсруулсан санал хэвлэгдлээ.

Дэлхийн мэдээ уламжлал
ёсоор есдүгээр нүүрт багтсан бол арвангуравдугаар нүүрт “Удам судар” булан
багтсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай агсны зээ охин
Б.Ариунзаяа өвөөгийнхөө тухай ярьсан байна. Арвандолдугаар нүүрт цаг үеийн
мэдээлэл багтсан бол арваннаймдугаар нүүрт кино ертөнц хэвлэгдлээ.