Энэ онд Бразиль улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд 15 тэрбум ам.доллар зарцуулж байгаа билээ. Ирэх зургадугаар сарын 12-нд нээлтээ хийх дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд зориулан асар өндөр өртөгөөр 12 шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж буй юм. Энэ бүтээн байгуулалтад оролцож байсан 32 настай ажилтан цахилгааны гэмтлээс болж тогонд цохиулж нас барсан харамаслтай хэрэг гарсан байна. Дэлхийн аваргын бүтээн байгуулалт эхэлснээс хойш найман хүн амиа алдаад байгаа нь энэ юм. “Arena Pantanal” цэнгэлдэхийн барилгын ажил тэмцээн эхлэхээс нэг долоо хоногийн өмнө дуусах төлөвтэй байна. Хэдэн зуун мянган хүний суудалтай цэнгэлдэхийн засал чимэглэлийн нарийн ажил бэлэн болоогүй ажээ.
Month: May 2014
“Pearson” фирмээс гаргасан
дэлхийн боловсролын үнэлгээг Өмнөд Солонгосын боловсролын систем тэргүүлжээ. Дэлхийн
боловсролыг тэргүүлэгч орнуудын эхний байруудад Азийн улсууд бичигдсэн байна. Тодруулбал,
топ тавд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонконг, Хятад улс жагссан бөгөөд тэдний
араас Европын Финланд, Их Британи, Герман, Франц болон АНУ нэрлэгдсэн аж. Харин
хамгийн муу боловсролын системтэй улсуудаар Грек, Индонез, Мексик, Бразиль улсууд
тодорчээ.
Жагсаалын талбайд хал цэргүүд бэлтгэл хийж байв. Халагдах
өдрийнхөө жагсаалд жигдэрч байгаа нь энэ. Цэргүүд Штабын дарга В.Хундгаагийн тушаалаар
отрядын хашаанаас гүйсээр гарч бялдаржуулалтын талбайг зорилоо. Харин жагсаалын
талбайд ганц цэрэг үлдэв. Буу манаж үлдсэн нь тэр. Газар тавьсан буунуудын голоор
алхсанаа хашаан дотор хүн явж байгааг шалгасан бололтой гэнэт зогсч ийш тийшээ харав.
Хашаанд хүн үзэгдсэнгүй. Өнөөх цэрэг хажууханд нь байрлуулсан жагсаалын заавар самбар
руу харж, өөртэйгээ ярьж алхаж гарав. Хоёр алхаад мартчихсан уу, алдсан уу нөгөө
самбарынхаа өмнө очиж харж байгаад дахин үргэлжлүүлэх юм. Бусад нөхдөө эзгүй хойгуур
нууцхан бэлтгэл хийж байгаа нь тэр.
Удсан ч үгүй тэнгэр
хангай муудаж шороогоор шуурч гарав. Өнөөх цэрэг ч даргын тушаалаар буугаа хурааж
ангийн байр руу гүйж харагдав. Отрядын хашааны эргэн тойрон дахь сумын төвийн айлууд
шороон шуургатай зэрэгцэн хэцэн дээр тохсон угаасан хувцсаа оруулж байв. Онгон сумын
захиргаа хилийн цэргийнхэнтэй энэ жилээс хамтарч ажиллах болжээ. Салхи шуурга, зуд
турхан гээд зайлшгүй тохиолдолд хүн хүч, техник гээд хэнд юу хэрэгтэй байна түүгээрээ
хамтран ажилладаг тухай Сумын Засаг даргын орлогч Үнэнбор ярив.
Гадаа шороогоор шуурч шөнөдөө цас орж магадгүй гээд Ламтын
заставын харуулын байрыг зорихоор боллоо. Шөнийн 01 цагийн орчимд салхины урсгал
ширүүсч, цас хаялж эхлэв. Харуулын байр хилийн 999 дүгээр баганын дэргэд байдаг
юм байна. Замдаа ламтын заставаар дайрч хилчид мэдээлэл солилцоод шөнөдөө харуулын
байр хүрч хонов. Нөхцөл байдалтай нь танилцахаар хотоос хаа нэг дарга нар нь л очихоос
өөр хүний бараа харагдахгүй энэ газар хоёр давхар дүнзэн байшин сүндэрлэжээ. Нэг
давхарт харуулын цэргүүд зурагт үзэж, хоол ундаа хийж иддэг байна. Гал тогооны шүүгээнд
талх, будаа, гурил гэсэн бичигтэй савнууд байх бөгөөд аяга, тавга нь дандаа төмөр
аж. Харин хоёр давхарт цэргүүдийн унтаж амрах өрөө байна. Дандаа эрчүүд амьдардаг
гэхэд их цэвэрхэн, цай хоол идчихээд тэр дор нь ээлжээр угаачихдаг гэнэ. Ингээд
өглөө хилийн 999 дүгээр багана дээр очихоор болов. Шөнөжин салхи балбаж хонолоо.
Өглөө 09 цаг хүртэл нар гарахыг хүлээсэн боловч тэнгэр бүрхсэн үүлний цаанаас гарч
ирсэнгүй. Өнөөдөр тэнгэр бүүдгэр өнжих бололтой. Харуулын байрнаас 800 орчим метр
яваад өндөр толгод дээр байрлах 999 дүгээр баганад туллаа. Хилчид азын тоотой гэж
999 баганыг ихэд хүндэтгэдэг юм байна. Бүгд л малгайгаа авч, ёсолно. Оростой хиллэсэн
заагт хоёр орны хилийн багана тус тусдаа байдаг бол урд хөрш, монгол хоёрын дунд
нэг л багана босгожээ. Ердөө арав алхаад Хятадын хилийн тор харагдана. Тороо дагаад
хилийн зурвас татчихаж. Өвөр Монголын Шилийн гол аймгийн Үзэмчин хошуутай хиллэдэг
гэнэ. Айлуудын бараа харагдах бөгөөд 20 гаруй үхэр идээшилж үзэгдэв. Хятадын тал
хилээ шалгахдаа тор дагаад машинаар хилчдээ буулгачихдаг гэнэ. Хооронд нь таван
км зайтай буулгадаг аж. Төд удалгүй буцаж ирээд хилчдээ аваад явдаг гэсэн. Бодвол
хилээ шалгаж байгаа юм байлгүй гэж харуулын цэрэг ярьсан. Энэ толгодоос Шилийн Богд,
Алтан Овооны бараа харагдах бөгөөд эргэн тойронд нь галт уулын тогоо хэлбэр бүхий
тогтоцтой хайрханууд их харагдсан. Харин Шилийн Богд орчмоос Эрдэнэцагаан сумын
газар нутаг эхэлдэг юм байна. Эрдэнэцагаан сумын нутагт хоорондоо 30-60 км-ийн зайтай
Жаргалант, Шовдол булаг, Холбоо Залаа, Бичигтийн гээд застав олон байна. Харин отряд нь сумын төвд байрладаг
аж. Ер нь хилийн цэргийн амьдрах орчин нөхцөл жилээс жилд сайжирч байгаа нь илт.
Застав болгонд алба хаагч нарын амьдрах байрнаас гадна соёлын төв, зочид буудлын
байртай. Жаргалантын заставын дарга хот руу мэргэжил дээшлүүлэхээр сургалтад явжээ.
Эзгүй үед нь штабын дарга Тэмүүжин ангиа удирдаж байгаа юм байна. Заставын хүүхнүүдийн
ахлах нь Ж.Баярмаа. Энэ заставд харин ганцхан хүүхэд харагдсан. Уг заставын хүүхнүүд
хэд хоногийн өмнөөс үнээ сааж тараг бүрээд эхэлжээ. Шовдол булгийн заставт хүрэх
үед нар дулаан элчээрээ ээн хөдөөгийн амар амгалан ноёлов.
Тус заставаас хөдлөөд хоёр, гуравхан км давхиад уулын хяр
дээгүүр гурван буга даваад орж байхыг харав. Гэтэл Эрдэнэцагааны отрядын орлогч
Б.Батсайхан, Соёлын төвийн дарга Эрдэнэцогт нар “Манай нутаг олон ан амьтан бий.
Бичигтийн заставын урд хөндийд үүнээс олон буга харах болно” гэв. Ингэж явсаар
“Холбоо Залаа”-гийн заставд хүрлээ. Заставынхан хээрийн сургуулилт хийж байгаатай
таарав. Онц ноцтой байдал зарласан үед хэрхэн ажиллах сургалт гэнэ. Заставын даргын
тушаалаар цэргүүд машиндаа үсэрч суух, үсэрч буух зэрэг бэлтгэл хийв. Мөн нохойтой
эрэл хайгуулын сургалт хийлээ. Ямар ч үед
бэлэн байх ёстой учраас хэрэгтэй гэсэн бүх зүйлийг аранзандаа хийжээ. Тушаал авсан
үед цэргийн хүн яаж ажиллах ёстойг байнга цэргүүдэд бэлтгэлээр үзүүлдэг гэнэ. Харин
хүүхнүүд арын ажлыг дааж үлдэх бөгөөд холбоо, жижүүр гээд ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо
сайн мэдэх юм. Ямартай ч сургуулилт дуусч хоол ундаа бэлдэхээр болов. Ахлах тогооч
гурван литр сүүнд нэг кг элсэн чихэр хийгээд зөөлөн галаар буцалгаж хэрхэн молоко
хийхийг зааж өгөв. Ингээд харуулын цэргүүд Бичигтийн заставт хүрэх зам заагаад ээлжийн
манаандаа үлдэв. Шинэ цэргүүд анх манаанд гараад “хурдан цаг болоосой , хоёр цаг
юу хийнэ” гэж боддог байж. Дараа нь туршлага суугаад ирэхээрээ нэг мэдэхэд цаг нь
өнгөрчихсөн байдаг гэнэ. Зарим цэргүүд заставын байрыг яг арван удаа тойроход манаа
солигдож таардаг гэж хөөрөлдсөн. Тус заставын бараа алсарч Бичигтийн заставын хариуцдаг
нутаг руу орж ирлээ. Бараг хилийн тор давах шахаад унтарсан бололтой түймэрт автсан
тал угтав. Хэдхэн хоногийн өмнө Шовдол булгийн заставын ойрхон байрлах Баянцогтын
нүүрсний уурхайгаас гал алдаж түймэр дэгджээ. Аймаг, сум, хил, онцгойгийн албан
хаагчид, орон нутгийн иргэд бүгд л уг түймрийг унтраахаар хоёр хоног ажиллажээ.
Хэдий галыг зогсоосон боловч Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрийн нэлээдгүй хувь
нь түймэрт автсан гэх яриа байна. Гуу жалга, уулын ар өвөр бэл гээд хар үнсэн товрого
болсон харагдана. Хилийн ойрхон хаваржиж байсан малчид бүгд нүүжээ. Шатсан газрын
хөрс битгий хэл харлаж хатсан бутанд хүрэхэд л гар хар нүүрсэнд хүрсэн юм шиг болж
байв. Ингэж шатсан газраас амьтай бүхэн үргээ
байлгүй гэж бодогдоно. Гэтэл тэр хавьдаа арай хад асгатай гэмээр уулын бэлээр таван
буга ороогоод гараад ирлээ. Удсан ч үгүй 50 орчим буга гарч ирэв. Эвэр нь унасан
болохоор холоос буга, согоо нь ялгагдахгүй юм. Ямартай ч тав зургаан янзага үзэгдсэн.
Сүргийн манлайд явсан буга уулын хяраар гэлдэрсээр оройд хүрэн ийш тийш сортолзоно. Хилчдийн ярьсанаар бол энд 100 гаруй буга байдаг
гэнэ. Урьд цагт Егүзэр хутагт хоёр буга авчирч тэжээж нутагшуулсан нь өдгөө ийн
зэрлэгшжээ. Хилчид манаанд явж, хилээ эргэхдээ бугын сүргээ дурандаж тоог нь гаргадаг
гэнэ. Энэ нутагт бугаас гадна гөрөөс, зээр нутагладаг байна. Бугын сүрэг нар жаргахыг
харж байгаа аятай хэсэг зогсч байгаад уулын хяр даваад цааш цувран одов.
Үргэлжлэл бий
Д.Даваасүрэн
Монгол Улсад 22 жил амьдарсан өмнөд монгол иргэнд энэ сарын
15-ны дотор Хятад руу буцахгүй бол албадан
гаргана гэсэн утга бүхий бичгийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар
(ГИХАЭГ)-аас өгчээ. Ийм албан бичиг хүлээж авсан Н.Алхаа Монгол Улсын Ерөнхийлөгч,
Хууль зүйн сайд болон Хүний эрхийн үндэсний комисс, АТГ-т хандаад байгаа аж. Түүнтэй
ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулаач?
-Намайг Норовцэрэнгийн Алхаа гэдэг. Би Өвөр Монголын Шилийн
гол аймгаас ирсэн. Сүхбаатар аймгийн Наран, Онгон сумын залгаа хилийн цаана төрсөн
монгол хүн. Дунд сургуулиа төгсөөд Шилийн гол аймагт нэг жил хонь хариулаад Хөх
хотод хүн эмнэлгийн сургуульд сурч төгссөн. Улмаар 1992 онд МУИС-д сурахаар ирснээсээ
хойш Монголд амьдарч байна. Оюутан байхдаа Э.Ундармаа гэдэг монгол бүсгүйтэй танилцаж,
1994 онд гэр бүл болж дараа жил нь охинтой болсон. Монголд ирснээсээ хойш үнэхээр
амгалан тайван сайхан амьдарч байлаа. Хань маань дөрвөн жилийн өмнө хорт хавдраар
нас барсан. Ганц охиныхоо сайхан амьдралын төлөө л зүтгэж яваа жирийн нэгэн эцэг
хүн.
-Монголд амьдрах хугацаандаа ямар ажил хийж байсан бэ?
-Мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй. Тэглээ гээд зүгээр
суугаагүй. Соёл эрдэм дээд сургуульд дөрөв, таван жил ажиллалаа. Би орос, хятад
хэлтэй. Тиймээс гэрээгээр орчуулга хийнэ. Бас Дарханд хадмуудтайгаа комиссын бараа
зардаг дэлгүүр ажиллуулдаг. Хадмууд маань
хүү шигээ л надад ханддаг. Тэдэнтэйгээ нийлээд амьдралын төлөө зүтгэж л явна.
-Танд бичиг баримтын зөрчил бий юү?
-МУИС-д сурч байхдаа оюутны визтэй байсан. Монгол бүсгүйтэй
гэрлэж гэрлэлтээ батлуулаад 1998 онд Монголд амьдрах цагаачийн үнэмлэх авсан. Одоогийнхоор
бол ногоон паспорт гэсэн үг л дээ. Ногоон паспортны хугацаа өнгөрсөн гуравдугаар
сарын 1-нд дууссан. Гэхдээ дуусахаас нь сарын өмнө сунгуулахаар ГИХАЭГ-т аваачиж
өгсөн. Тэгэхэд “Судална” гэдэг хариу өгсөн. Байцаагч нь хүсэлт хүлээж авсан өдрөөр
тооцно гэсэн учраас паспортны хугацаа дууссан гэх шалтгаанаар намайг албадан гаргана
гэж бодохгүй байна. Өмнө нь намайг жил судалж байж паспортны хугацаа сунгасан тохиолдол
бий. Гэхдээ энэ удаад ногоон паспортыг маань миний нүүрэн дээр хүчингүй болгочихсон.
-Тэгэхээр та одоо Монголд амьдрах бичиг баримтгүй гэсэн үг
үү?
-Уржигдраас албан ёсны бичиг баримтгүй болсон. Гадаад паспорт
дээр гарах тамга дараад өгчихсөн. Би Монгол Улсын иргэн болох гэж олон удаа хүсэлт
гаргасан ч амьжиргааны доод түвшнийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх орлоготой
байх ёстой гэх татварын шаардлагыг давж чадахгүй байсан. Өнгөрсөн жил хэрэгт холбогдоод
үнэндээ энэ асуудлаар хөөцөлдөж чадаагүй. Өвөр монгол хүн Монголд баян тансаг амьдрал
хайж ирдэггүй. Зүгээр л Монголдоо тайван амьдрах чин хүсэлтэй.
-Бичиг баримтаа хугацаанд нь сунгуулж байсан бол таныг ямар
үндэслэлээр албадан гаргах гэж байгаа юм бол. Та ямар гэмт хэрэгт холбогдсон юм
бэ?
-ГИХАЭГ-аас тагнуул, цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагуу
энэ сарын 15-ны дотор Монгол Улсаас гаргах шийдвэр гаргалаа гэсэн утга бүхий бичиг
өгсөн. Би гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл авч байгаагүй. Харин өнгөрсөн жил хуулийнхан
намайг хүчээр хэрэгт холбогдуулсан. Би хэрэг хийгээгүй гэдгээ хэлсэн, прокурор ч
намайг буруугүйг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үед “Яагаад намайг хэрэгт
холбогдуулав” гэж асуугаагүй. Надад тайлбарлахгүй нь ч тодорхой. Ингээд л тэр явдал
дууссан гэж бодож байлаа.
-Ямар хэрэгт холбогдуулан хэзээ шалгасан юм бэ?
-2013 оны нэгдүгээр сарын 17-нд дөрвөн хүн гэрт түрэмгийлэн
орж ирээд намайг баривчилсан юм. Улмаар Нийслэлийн цагдаагийн газарт аваачаад миний
хийх нь байтугай сонсч ч байгаагүй хулгай, дээрмийн захиалагч гэдэг хэрэг тулган
байцаасан. Уг хэргийн тухайд сонсоход, 2005 оны үед хэдэн хүмүүс дээрмийн хэрэг
үйлдээд ял сонссон юм билээ. Тэр хэрэгт ял эдлээд гарсан Авирмэд гэдэг хүн нас барсан
юм байна. Тэгтэл бусад холбогдогчид нь “Авирмэд ах дээрэм хийж байхдаа Алхаа гэдэг
хүнтэй утсаар ярьсан” гэж мэдүүлсэн байна. Ингээд намайг нас барсан хүнтэй холбогдуулан
2013 онд шалгаж эхэлсэн. Би тэр хүнийг танихгүй, хулгай дээрмийн тухай мэдэх ч үгүй
гэдгээ хэлсэн. Тэр үед намайг “Ганц худаг”-т гурав хоног хорьж, дараа нь Нийслэлийн
цагдаагийн газрын шатны доор гавтай хонуулсан. Цагдаагийнхан тэр үед намайг “ална“,
“алуулна” гэх мэтээр заналхийлж, хилс хэрэг хүлээлгэхийн тулд дарамталж, зоддог
байлаа. Ингэж дөрөв хоног эрүү шүүсний дараа Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн
гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, дэд хурандаа Ж.Батбаяр таван
сая төгрөг барьцаалж намайг батлан даалтад гаргасан. Энэ мөнгөө би өнөөдрийг хүртэл
авч чадаагүй. Нэхээ ч үгүй. Гэтэл одоо тэд нарын хүсэлтээр намайг Монголоос хөөж
байх шиг байна.
-Тэд нар гэж та ямар хүмүүсийг хэлээд байна вэ. Тэр хүмүүст
таныг Монголоос хөөх ямар шалтгаан байна гэж?
-Батлан даалтад гаргасны дараа дэд хурандаа Ж.Батбаяр, дэслэгч
Чинбат нар арван сарын турш өглөө 8.00 цагаас 17.00 цаг хүртэл Мөрдөн байцаах газарт
байлгаж, ажил төрөл хийх ямар ч боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, ажил ч хийлгэхгүй
сэтгэл санаа, бие махбодийн хүнд дарамтад оруулсан хэрэг.
Намайг шалгагдаж байхад Ж.Батбаяр, Чинбат нартай нэг хэлтэст
ажиллаж байсан Бэхбат өдгөө ГИХАЭГ-ын Албадан гаргах албаны даргаар ажиллаж байгаа.
Тэгэхээр тэд нарын л хийж байгаа ажил гэж хардаж байна. Тийм ч учраас ямар хүмүүсийн
ажил болохыг тогтоож өгөөч гэж АТГ-т хандсан.
-Батлан даалтын барьцаанд
авсан мөнгийг танд буцааж өгөх ёстой биз дээ. Танд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон
бол та яагаад мөнгөө аваагүй юм бэ?
-Дэслэгч Чинбат “Тэр мөнгийг хэрэглэсэн. Прокурорт битгий
юм яриарай. Буцааж өгнө” гэж хэлсэн. Жил шахам ажил амьдралгүй юм шиг хуулийн байгууллагын
үүд сахиж байгаа хүн “Барьцааны мөнгийг зээлсэн юм чинь надтай аятайхан харьцах
байх” л гэж боддог юм билээ. Тийм ч болохоор нэхэж сүйд болоогүй. Прокурорт “Би
мөнгөө авчихсан” гэж хэлээд л орхисон. Тэгээд ч прокуророос миний хэргийг хэрэгсэхгүй
болгочихсон шүү дээ.
Би Монголд 22 жил ямар ч асуудал гаргалгүй, өөрийгөө мартах
шахам тайван амьдарч байлаа. Гэтэл яагаад намайг албадан гаргах болов. Үүнд хуулийнхныг
л хардаж байна. Гэхдээ Монголын цагдаа нар таван сая төгрөгөөс болж намайг Монголоос
хөөж, туухдаа хүрээгүй байлгүй дээ. Батзангаа гэдэг хүнийг Өвөр Монголд хувийн сургууль
байгуулсан гэх үндэслэлээр тэндхийн цагдаа нар шалгасан. Улмаар эндхийн цагдаа нар
түүнийг НҮБ-ын байрны үүднээс бариад явуулсан шүү дээ. Энэ бол хуулийнхны л тохироо
болов уу.
-Хэрэгсэхгүй болсон хэргээс улбаалж албадан гаргах үндэслэл
бий болов уу?
-Манай өмгөөлөгч тийм үндэслэл байхгүй гэж хэлсэн. Тиймээс
өчигдөр “Энэ асуудлаа нягталж үзээч” гэж ГИХАЭГ-т өргөдөл өгсөн. Миний материалыг
хурлаар оруулж, албан ёсоор хариу өгнө л гэсэн.
-Та Өвөр Монголд хэрэгт холбогдож байсан юм биш биз?
-Би 23-хан настайдаа Монголд орж ирсэн. Тэнд хэрэгт холбогдох
битгий хэл хүнтэй ч маргаж байгаагүй. Монголд байх хугацаандаа аав ээждээ золгох
гэж хэдхэн удаа Өвөрмонголд очиж байсан. 1999 оноос хойш Монгол Улсаас гараагүй.
Сүүлийн 16 жил хардалт сэрдэлтээс болж аавдаа золгож чадаагүй. Тэгэхээр нэг юм байх
шиг байна. Гэрийнхэн маань тэндээ шалгагдсан ч айгаад надад хэлэхгүй. Магадгүй тэнд
зохиомол хэрэг үүсгэчихээд намайг хүлээж байгаа байх.
-Зохиомол хэрэг гэдэг нь юу гэсэн үг вэ. Ер нь та хардаад
байгаа хүмүүстэйгээ хувийн өс хонзон байхгүй биз дээ?
-Байхгүй. Тэр хэрэгт жил шахам шалгагдаад холбогдолгүй нь
тогтоогдоод л холбоо тасарсан. 1990-ээд оны эхээр Өвөр Монголоос ирсэн хүмүүсээс
гарын таван хуруунд багтахаар цөөхөн нь энд үлдсэн. Ер нь хоёр улсын хооронд найз
нөхөд болсон хурандаа нар олон бий. Ийм танилын хүрээнд тохиролцоо хийсэн байхыг
үгүйсгэхгүй.
Би Монголд ирсэн олон өвөр монгол хүнийг таньдаг. Тэр утгаараа
намайг тэнд аваачвал олон өвөр монгол хүнийг шалгаж, түүнд холбогдуулж надаас мэдүүлэг
авч болно гэж тооцоолсон байх.
-Цахим мэдээллийн хуудсаар та Монголоос гаргавал өөрийгөө
шатаана гэх мэтээр бичсэн байсан. Тийм зүйл болохгүй биз дээ?
-Ерөнхийлөгчид бичсэн захидлаа facebook хуудаст тавьсныг зуу
гаруй мянган хүн уншсан байсан. Би Монголын төр засагт гомдоогүй. Харин хуулийн
байгууллагын, хуулиар дархлагдсан хэдхэн хүний гарт өртчихлөө. Үүнийг маань зохих
хүмүүс зөвөөр ойлгож, надад туслаасай л гэж хүсч байна. Мэдээж өөрийгөө шатааж Монголынхоо
нэр хүндийг унагах зүйл хийхгүй. Аргаа барсан хүний л хэлсэн үг. Өвөр монгол хүмүүс
улс төр яриад, энд тэнд дарга болъё гэсэн бодолгүй. Зүгээр л нутагтаа хүн шиг амьдрах
чин хүсэлтэй. Өөрийнхөө эрхийн төлөө ханиахад л улстөржүүлж хэрэг тулгадаг. Тэнд
чадалтай, чадалгүй хэн ч бай хуулийнхан хүссэн л бол хэрэгт оруулдаг. Намайг Өвөр
Монголд очиход хадаг бариад тосохгүй нь тодорхой. Тэнд намайг шорон хүлээнэ. Шоронд
ороход зөвхөн намайг тамлахгүй гэр бүлийхний маань хотыг харлуулна. Хэрвээ намайг
судалж үзээд Монгол Улсын иргэншил олгочихвол мал маллаад л сайхан амьдармаар байна.
Монголчууд элэг нэгтнээ ямар ч шалтгаангүйгээр албадан гаргахгүй
байх. Ингэж итгэж байгаа учраас Ерөнхийлөгчөөс эхлээд хүний эрхийн байгууллагуудад
хандсан юм.
Б.Цэцэгдэлгэр
-Номер зүүсэн машины үнэ 1-3 сая төгрөгөөр навс унадаг болохоор
ченжүүд төрийн энэ дарамтыг шүдээ зуун тэвчихээс өөр аргагүй байдаг гэв-
“Импортоор орж ирсэн автомашиныг хоёр сарын дотор зараагүй
тохиолдолд холбогдох байгууллагаас татвар хурааж торгууль ногдуулж байна” гэж ченжүүд
үнэхээр гомдоллох боллоо. Эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед автомашины борлуулалт
эрс буурчээ. Нөхцөл байдал иймдээ тулчихаад байхад төр бизнес эрхлэгчдийг татвараар
далайлган сүрдүүлж дарамталж байна гэж ченжүүд бухимдаж байлаа.
Вокзалын баруун талын “1000 машины зогсоол” дээр өдрийн
12 цагийн үед очиход энд тэнд хэсэг гурваараа буу халан зогсох автомашины борлуулагч
нараас өөр хүн харагдсангүй. Энэхүү авто захыг Японд явж байсан автомашиныг оруулж
ирдэг гэдгээр нь сайн мэднэ. Он гарсаар худалдан авалт эрс багасчээ. Ченжүүдийн
ихэнх нь 10-15 машин зарахаар зогсч байгаа бөгөөд өдөртөө 1-2 машин зарчихдаг байсан
бол өдгөө хоёр гурав хонож байж нэг машин борлуулдаг болжээ. Өдөрт машин тус бүрийн
тоогоор зогсоолын төлбөрт 2000 мянган төгрөг төлнө. Гэхдээ ченжүүдийн нэрлэж заншсанаар
“Талх” буюу бензин болон цахилгаан хос хөдөлгүүрт “Приус” маркийн автомашины эрэлт
нэмэгдэж байгаа сурагтай. Оны өмнөхөн автомашин худалдан авагч гурван хүн тутмын
нэг нь “Приус” авдаг байсан бол өнөөдөр эрэлт нь хоёр дахин нэмэгджээ. Японоос оруулж
ирсэн автомашин нь зарагдахгүй хоёроос дээш сар болсон тохиолдолд торгууль төлж
байгаа эсэхийг ченжүүдээс тодрууллаа. Тэд “Автотээврийн тухай хуульд хилээр автомашин
оруулж ирсэн тохиолдолд 72 цагийн дотор улсын дугаараа авч, хууль ёсоор бүртгүүлэх
ёстой байдаг. Үнэндээ энэ журам ченжүүдэд үйлчилдэггүй гэхэд болно. Үйлчилдэггүй
гэдэг нь бид том толгойлж хууль дүрмээ дагах дургүйдээ биш. Энэ заалт нь ерөөсөө
л амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Авто тээврийн тухай хуулийг 1999 онд баталсан.
Тухайн үед өнөөдрийнх шиг ийм олон иргэд аж ахуй нэгж гадаадаас автомашин оруулж
ирж зардаггүй байв. Цөөн хэдэн аж ахуй нэгж тусгай захиалгаар автомашин оруулж ирээд,
эздэд нь хүлээлгэж өгдөг. Захиалсан автомашинаа Монголд ороод ирэнгүүт улсын дугаар
худалдан авч, өөрийн нэр дээрээ шилжүүлэхэд хамгийн ихдээ гурав хоног л хангалттай
байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Автотээврийн тухай хуулийн дээрх заалт тухайн цаг үедээ
л тохирсон байснаас ирээдүйгээ байг гэхэд наад зах нь 10 жилийн цаадахыг тооцоогүй
гаргасан. Харин өнөөдөр автомашин импортлогч, худалдан борлуулагч хувь хүн, аж ахуй
нэгжүүд олширч, хуулийн энэхүү зүйл заалттай зөрчилдөх болсон. Яагаад гэвэл гаалиар
орж ирсэн автомашиныг зарж борлуулахын тулд дор хаяж долоо хонодог. Иргэдийн худалдан
авах чадвар эрс багассан одоо үед “Приус” л биш бол зарагдахгүй хэдэн сар ч болох
нь энгийн үзэгдэл болсон. Харин хуульд зааснаар бол бид гуравхан өдрийн дотор зарж
борлуулан, эзнийх нь нэр дээр улсын дугаарыг авч бүртгүүлэх ёстой. Бид чинь албан
ёсны дистрибьютерүүд биш, Япондоо явж байсан хуучин машиныг Монголдоо борлуулдаг
учраас зарим нь энд тэндээ сэв зураастай байх нь энгийн үзэгдэл. Ийм машинуудаа
зайлшгүй авто засварын газруудад өгч, янзлуулдаг болохоор нэгээс хоёр хононо. Машинаа
засварын газраас гаргах өдөр нь өнөөх 72 цаг нь дуусч байх жишээтэй. Цаг хугацааны
хувьд үнэхээр шахуу, давчуугаас гадна бас том бэрхшээл бий. Энэ гурав хоногийн хугацаанд
амралтын өдрийг хүртэл тооцдог гээд бод доо. Хэрэв бид оруулж ирсэн машинаа бүртгүүлээд,
улсын дугаар авчихлаа гэхэд үнэ нь зах зээлийн үнэлгээнээс дор хаяж 1-3 сая төгрөгөөр
шууд буурдаг. Энд тэндээ сэвгүй, мотор хроп нь асуудалгүй, өнгө будаг нь гандаагүй
байхад шүү дээ. Учир нь худалдан авагч нар улсын дугаартай л бол машины өнгө үзэмж,
үйлдвэрлэсэн он, сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үл харгалзан Монголд явж
байсан юм байна, муудчихсан гэж ойлгодог. Бид наана нь “Японоос өчигдөрхөн оруулж
ирсэн. Монголд яваагүй. Хууль журмынхаа дагуу оруулж ирээд гурван хоногийн дотор
дугаар авах ёстой байдаг юм” гэвэл хэн ч итгэхгүй. Монголд явж байсан болон Японоос
шууд орж ирсэн машин хоорондын үнэ асар зөрүүтэй
байдаг биз дээ. Тэгэхээр Японоос оруулж ирэхийн тулд маш өндөр тээвэрлэлтийн зардлыг
татварын хамт төлөөд, дээр нь ашгийн хэд гурван төгрөг нэмээд зарж байгаа. Иймд
бид улсын дугаар авч, машиныхаа үнийг 1-3 саяар буулгах шаардлагагүй биз дээ. Тийм
болохоор орж ирсэн даруйд нь 72 цагийн дотор бүртгүүлж, дугаараа авдаггүй нь ийм
учиртай. Хамгийн багадаа долоо хоногийн дотор автомашинаа зарлаа гэхэд шилжүүлгээ
хийж, улсын дугаараа авах болохоор 30 мянган төгрөгөөр торгуулдаг. Одоо ухаандаа
гурав хоногийн дотор худалдан авагчаа олж чадсангүй гэж шийтгүүлж байгаа нь энэ
юм уу даа” гэв.
Тэд барууны өндөр хөгжилтэй орнуудын жишгээр ченжийн дугаартай
болгох хэрэгтэй гэж үзэж байна. Ченжийн дугаар гэдэг нь бусад энгийн дугаарыг бодвол
өндөр татвар төлдөг бөгөөд тухайн автомашин борлуулагч өөрийн нэр дээрээ гаргуулдаг
байна. Энэ дугаараа өөрийн борлуулж байгаа автомашинууддаа өдөрт хэдэн ч янзаар
сольж зүүж болох аж. Худалдан авагч нар сонирхсон машинаа авахаасаа өмнө унаж үзэхийг
хүсдэг гэнэ. Тэгвэл өнөөдрийн нөхцөлд энэ боломжгүй. Яагаад гэвэл “1000 автомашины
зогсоол” дээрх бүх машин улсын дугааргүй буюу 72 цагийн дотор бүртгүүлээгүй гэсэн
үг. Тийм учраас автозамын хөдөлгөөнд оролцох хориотой. Хэрэв зөрчвөл торгуулах буюу
журамлуулдаг. Энэ талаар ченжүүд “Зогсоол дотор ганц машин явахаар нарийн, давчуу
зайнд машинаа унахад хэр эвтэйхэн, дуу шуу орсон эсэхийг мэдэх боломжгүй. Хүн худалдаж
авъя. Унаж үзье гэвэл энэ хашаанаас гарахаас өөр аргагүй. “Дугааргүй машин гарч
ирлээ” гээд зогсоодог. Ингээд Улсын дугаараа авах хугацаа хэтэрсэн байна гээд журамладаг.
Бид зарах машинаа журамлуулахыг хүсэхгүй учраас 50 мянган төгрөгөөр цагдаад торгуулаад
л өнгөрдөг. Нөгөө талаас дугааргүй машин осол гаргаад хэргийн газраас зугтаасан
тохиолдолд хэд хэд гарч байсан. Хэрэв ченжийн дугаартай бол энэ байдал давтагдахгүй.
Японд бол автомашины улсын дугаар нь ногоон дэвсгэр дээр цагаан тоотой байдаг. Харин ченж дугаар нь цагаан дэвсгэр дээр улаан эсвэл
хараар улсын дугаарыг серийн хамтаар буулгасан байдаг” гэсэн юм.
Авто тээврийн тухай хуульд “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн
нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор,
ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” хэмээн
тусгажээ. Үүнийг зөрчсөн албан тушаалтныг 30-60 мянга, иргэнийг 5-30 мянга, аж ахуйн
нэгж, байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр торгох заалттай юм байна. Өнөөдрийг
хүртэл энэхүү хуульд 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан хэдий ч орчин цагийн
шаардлагад нийцүүлэн тус хуулийг сууриар нь шинэчлэх шаардлага тулгасран тул шинэчилсэн
найруулгын төсөлд санал аваад эхэлжээ. Энэхүү шинээр батлагдах Авто тээврийн тухай
хуульд дээрх асуудлыг нааштайгаар тусгахаа холбогдох албанхан хэлсэн юм. Тэд “Хуулийн
энэхүү заалтыг иргэд буруугаар ойлгон импортын автомашиныг зарагдахгүй 2-3 сар болсон
тохиолдолд сар бүр торгож байгаа мэтээр ташаа ойлгожээ” гэв. Тээврийн хэрэгсэл өмчилж
авснаас хойш хуулинд заасан хугацааны дотор
бүртгүүлээгүй бол хэтэрсэн хугацаанаасаа үл хамаарч дээрх торгуулийг нэг
л удаа өгч байгааг мөн дуулгав. Түүнчлэн Зам тээврийн 2012 оны тушаалаар улсын дугаар
олгох, бүртгэл хөтлөх журмыг баталжээ.
М.Ууган-Эрдэнэ
Гэрэл зургийг
Г.ЛХАГВАДОРЖ
Ардчилсан нам
засаг барьснаас хойш Монголын чөлөөт хэвлэл рүү өдөр бүр довтолж байна. Тэд чөлөөт
хэвлэлийн оршин тогтнох гол үндэс болсон эдийн засгаар нь боомилж авахаар бодлого
үйл ажиллагаагаа чиглүүлжээ. Эрх баригчид чөлөөт хэвлэл болох сонин, телевиз, сайтуудыг
реклам хийж болохгүй, төлбөртэй нийтлэл нэвтрүүлэг байж болохгүй, хөрөнгө оруулж
болохгүй, хэвлэл мэдээллийн эзэд редакцидаа орж болохгүй, редакци нь компаниасаа
тусдаа байх ёстой (санхүүжилт нь хаанаас байх нь тодорхойгүй), сэтгүүлчид редакциасаа
хувь эзэмшиж болохгүй гэх мэтийн заалтуудыг
гарч байгаа болон гарах гэж байгаа хуулиуддаа суулгаж өгч байна. Ерөөсөө
сэтгүүл зүй мөнгө олж болохгүй гэж өдөр бүр улиглах юм. УИХ нь ч, Засгийн газар нь ч хэвлэлийн бизнесийг мөнгө олж
болохгүй гэцгээх болж. Хамгийн сүүлд өнгөрсөн
лхагва гаригт төр засгийн үйл ажиллагааг сурталчлах гэж мөнгө авч болохгүй
гэсэн заалт орууллаа. Яам тамгын газрын
үйл ажиллагааг сурталчилж, сайдын мэндчилгээ тавиад сэтгүүлч таван төгрөг олдог
байсан тэр өнгөрөв бололтой. Ингэж Монголын сэтгүүлчдийн амыг энэ төр засаг арчлаа.
Редакцийн хараат
бус байдлыг хангах гол зүйл нь эдийн засгийн хувьд бие даасан байх явдал. Хэрэв хэвлэл мэдээлэл эдийн засгийн
хувьд бие даасан байж чадахгүй бол улстөрчдийн болон хэн нэгэн мөнгөтэй хүмүүсийн
хараат болох биш үү. Хэвлэлийн гол санхүүжилт реклам, зар сурталчилгаа, зар сурталчилгааны
чиглэлтэй мэдээлэл байдаг. Мөн дээр нь төр
засгийн ажил үйлчилгээний талаарх төлбөрт мэдээ мэдээллүүд байдаг.
Ойрын үед нэг
мэдээлэл байнга явах болсон. Хэвлэлүүдтэй
860 сая төгрөгийн хаалтын гэрээ хийлээ гэж. Амтай болгон ингэж шуугилаа. Твиттер, фэйсбүүк,
сайтуудаар өдөр бүр энэ талаар бичиж сурталчилсан. Гэтэл энэ нь
төр засгийн мэдээ мэдээллийг мөнгөөр нийтэлж болохгүй гэсэн заалт оруулах гэсэн тархи угаалт байсан юм байна. Даанч тийм байх аа. Нээрэн өгөх юм байх гэж горьдож
байсныг яана. Ийм хэмжээний мөнгө хэзээ хаана, хэнд өгчихсөн юм. Сурталчлуулахаар
өгсөн бол сайн л юм биш үү. Гэвч энэ хэлээд байгаа мөнгийг авсан нэг ч редакци байхгүй. Мэдээ мэдээлэл өөрөө тодорхой үнэ өртөгтэй байдаг.
Түүнийг нь төлөөд мэдээ мэдээллээ гаргадаг нь энэ дэлхийн жишиг юм. Тэгвэл яагаад
Монголын төр засаг мэдээ мэдээллээ үнэ өртөгтэй
тавьж нийтэлж болдоггүй юм бэ.
Яагаад төр засгийнхан
та нар хэвлэлд ийм хонзонтой байдаг юм. Ардчиллын
гол зарчим болсон чөлөөт хэвлэл чинь мөнгөтэй бол хөгжих юм биш үү. Парламентаар
өчигдөр хэлэлцэж байгаа аясыг харахад гишүүдийн увайгүй байдал тод харагдаж байна
лээ. Гишүүн Л.Цог “Эрдэнэтэд нэр дэвшихэд
10 сая төгрөг нэхсэн” гэж ирээд л “Чөтгөр гэж байдаг юм билээ. Би харсан” гэдэг
шиг л гайхаж ирээд л ярьсан. Эрдэнэтэд
10 сая төгрөг нэхэх ямар хэвлэл байх вэ дээ.
Хэн ч үнэмшмээргүй юм ярих. Хаалтын гэрээ хийж болохгүй гэж хуулийн заалт оруулж
ирээд байгаа Ц.Оюунбаатар гишүүн Татварын ерөнхий газрын дарга байхдаа “Татварын
талаархи сайн муу юм алийг ч бичихгүй байгаач” гэж танилаараа өдөр шөнөгүй утасдуулж манай редакциас гуйлгаж байсан. Тэглээ гээд сонинд
хэдэн төгрөгийн хаалтын гэрээ хийсэн юм. Хаалт хийлээ гэж мөнгө өгснийг нь мэдэхгүй
л байна. Гуйснаар чинь больдог л байсан. Танилын нүүр халуун гээд л амаа бариад хэлээ зуугаад
л өнгөрөөдөг байв. Ингэж байсан бие төлөөлөгчид нь байж л байна.
“Хаалтын гэрээ
гэж байдаг бол тун тусгүй” гэж яриад байгаа нэг гишүүн манай сонины нэлээд нэртэй
сэтгүүлчийг бие төлөөлөгчөөрөө авчихаад хувийн амьдралынхаа ёс бус үйлдлийг битгий
бичиж өгөөч гэж амар заяа үзүүлэхгүй гуйдаг
байсан даа. Манай сэтгүүлчийн тэнд очсон үүрэг ердөө л тэр байсан. Бид ч бичээгүй, тэр хүн ч мөнгө өгөөгүй. Ийм л
юм болдог шүү дээ. Хэзээ байхдаа хаалтын гэрээ хийж байсан юм. Хэзээ байхдаа тэрийг минь нийтэлж өгсөнгүй гэж
мөнгө бариад гүйцгээж байлаа. Гуйж байхад
чинь мөнгө нэхэлгүй хүн ёсоор хандсан даг. Энийг чинь харин гуйлтын гэрээ гэж хэлж
болох юм.
Бид л мундаг,
бид л шударга гээд юм бүгдийг дэлгээд байж болдоггүй юм. Амьдрал дээр ингэж болдоггүйг
эрхбиш гадарлах биз. Цөөхөн монгол бие биенээ
таньдаг. Танил талаараа гуйлгах, гуйх юм
бишгүй л бий. Энэ бүхнийг хаалтын гэрээ гээд байгаа юм уу, гишүүд ээ. Зөвхөн захаас
нь л “хаалтын гэрээ гэж аймаар юм байна” гэж хэлээд онгонтоод байгаа хэдэд сануулахад
л энэ байна. Цаашаа хэн юу ярьж юу гуйдаг байсныг хэлээд байлтай биш, ингэсгээд
зогсъё.
Төр засгийнхан,
одоо төр барьж байгаа эрх баригчид хэвлэлд хөрөнгө оруулахыг үзэж чадахгүй элдвээр
хэлж, гэмт хэрэгтэн шиг цоллодог. Хувийн
хэвлэл мэдээллийн байгууллагад хувь хүн л хөрөнгө оруулахгүй бол өөр хэн хөрөнгө
оруулалт хийх юм. Хувийн хэвлэлд төсвөөс татаас өгөх болж байна уу, төр засгаас
мөнгө өгөх үү.
Хэвлэлийнхнийг ад шоо үзэж, хориглож цагдаж байгаа
энэ засаг төр ганцхан юмыг л харин зөвшөөрнө гэцгээдэг. Тэр нь сэтгүүлч хүн
бусдыг гүтгэж болно, гүтгэхэд ял өгөхгүй гэж амтай болгон нь хэлж байна. Бусдаар бүгдийг нь хориглож
байгаа. Бараг л амьд байж оршин тогтнохыг
нь хүртэл хориглох гэж оролдож байна. Сонгуулиар сонинуудаар сурталчилгаа явуулахыг
хорьсон. Хэдэн нэр дэвшигчид нь өөрийгөө таниулж сурталчлах гээд ирэхээр тэрийг
нь өөрсдийн хувийн телевиз сайтаа дэмжих гээд хорьчихсон. Эрүүл бизнесийн мөнгө олдог бүх аргыг нь хориглочихоод
хүмүүн бус, хүн гүтгэж болох ганц заалтаар гийгүүлчихээр чөлөөт сэтгүүл зүй хөжих
үү.
Ингэж хамаг зар
сурталчилгааг нь хааж боогоод байхаар хэвлэл яаж санхүүжиж, ажилчдаа яаж цалинжуулах
болж байна. Сэтгүүлчид турж үхдэг юм байгаа биз дээ. Чөлөөт сэтгүүл зүйг ингэж устгах
нь хэнд ашигтай юм. Энэ бүхнээс харахад улстөрчид хэвлэл мэдээллийг өөрийн боол
болгох гэж байна аа даа. Өлөн хоосон, хишиг хүртээвэл тэрүүгээр нь цалингаа тавиад
ард түмэн рүүгээ асч дайран, дарга нарт хир халдаахгүй байх ёстой болж таарах
нь. Дарга нарын таалалд нийцсэн мэдээлэл цацаад суудаг болохыг л хүсээд байна. Байсхийгээд
ингэж хэвлэл мэдээллийн амыг барих хуулийн
заалтууд оруулж ирдэг нь ингэж бодоход хүргэлээ.
Энэ бүх оролдлого
нь сэтгүүл зүйг уяаны нохой болгох гэсэн санаархлаас үүдэлтэй биз. Редакци эдийн
засгийн хувьд бие даахаас үхтлээ айж уяаг нь нь уртасгаж, угаадсыг нь багасгаад
байна. Уг нь хэвлэл мэдээлэл нь хичнээн зүхүүлж
хараалгадаг ч ардчилалд оруулсан хувь нэмэр их шүү. Ардчилал хөгжсөн зарим орон
хийсэн ажлынхаа нэлээдгүй хувийг олон нийтэд хүргэхийн тулд хэвлэл мэдээлэлд мөнгө
зарцуулсан талаар нь асуухад “Ингэхгүй бол ардчилал тогтдоггүй юмаа” гэж тайлбарласан
байдаг. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого шийдвэрээ ч тодорхой хэмжээний
төлбөр төлж олон нийтэд хүргэдэг. Энэ нь олон чухал мэдээлэл иргэдэд хүргэдэг.
Хаа сайгүй хэвлэлийнхнийг шүүмжилж, сэтгүүлчээс
муу хүнгүй, хэвлэлийн эзэд гэж бялууртлаа баяжсан хүмүүс байдаг гэж нүд хорсон
ярих болов. Хэвлэл өөрөө үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллага болохоос
буяны байгууллага биш. Харин ч ийм их хавчлага, хуулийн хатуу заалт шаардлагууд
дунд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд жам ёсоороо хөгжиж өнөөдрийг хүрсэн.
Мэдээж аль ч салбарт алдаа дутагдал байдгийн адил хэвлэлийн салбарт алдаа бий. Үүнд төр засаг оролцоод
биш зах зээлийнхээ жамаар аяндаа шахагдаад
явчихдаг. Нэгэн үе шар гэх хэвлэлүүд хичнээн байлаа, аяндаа л алга болж, цөөн хэд
нь үлдсэн. Уншигч, захиалагч, үзэгчид тухайн хэвлэл хүссэн мэдээллийг нь өгч чадахгүй, шаардлагад
нь нийцэхгүй бол захиалж уншихаа больдог. Телевиз бол үзэхээ байчихна. Үүнд төр оролцох шаардлага байхгүй. Нэг өдөр ямар ч мэдээлэлгүй байгаад үз л дээ. Өнөөгийн хурдтай нийгэмд хэвлэлгүй нэг өдөр ямар
байх бол доо. Хувийн твиттертээ бичээд л хүн бүр уншаад болоод байна гэж хол андуурсан
хэвээрээ л байх уу улс төрчид өө.
М.Сүлд
Өнөөдөр Балжиннямтай өдөр
Аргын тооллын
тавдугаар сарын 09. Сугар гариг. Билгийн тооллын 10. Зургаан цагаан мэнгэтэй цагаан
луу өдөр. Өдрийн наран 05.39 цагт мандаж 20.19 цагт жаргана. Тухайн өдөр хулгана,
бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хөгжмийн зэмсэг урлах, дарханы
үйлд сайн. Гүүр тавих, газар шороо малтахад муу.
Өдрийн сайн цаг
нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө
гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч
ихэснэ.
БНАСАУ нь жилд нэг удаа цөмийн болон пуужингийн туршилт хийж байх гэнэ. Хү¬нийг үй олноор нь устгах зэвс¬гийг дэлгэрүүлэхгүй байх асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөв¬лөлийн хурал дээр БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ри Дон Иль ийнхүү мэдэгдлээ. Тэрээр уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ улс орныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор ийм алхам хийж байгаа хэмээн тайлбарлажээ. Хойд Солонгос нь Иракийн дайнаас хойш цөмийн хөтөлбө¬рөө хэрэгжүүлэхээр улам эрчимтэй ажиллах болсон. НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс тус улсын эсрэг нэг бус удаа хориг тавьсан боловч дорвитой үр дүнд хүрээгүй юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хаалттай үргэлжилсээр,
сая дууслаа. Өнөөдрийн хэлэлцсэн асуудлуудаас Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэхийг
хэрхэн шийдэх нь олон нийтийн анхаарлын төвд байсан юм. Тэгвэл гишүүд өдөржин
шахуу хаалттай хуралдаж, энэ асуудлыг хойшлуулав.
Харин эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр С.Баярцогт
гишүүний хэлсэн санал чуулганы танхимыг багагүй шуугиулсан бололтой. Тэрбээр
эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх ажлууд нь хямралын асуудлыг
шийдэж чадахгүй ээ. Монгол Улсад үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй
байна. Энэ Засгийн газарт Ардын намаас бусдынх нь төлөөллүүд байгаа. Одоо
МАН-ыг Засгийн газарт урих хэрэгтэй. С.Баяр Ерөнхий сайд байхдаа хамтарсан
Засгийн газар байгуулж, эдийн засгийн хямралыг давж байсан. Цаашдаа ч олон
асуудлыг шийдэхэд олон намууд зөвшилцөлд хүрэх шаардлагатай байгаа. Тиймээс Үндэсний эв нэгдлийн Засгийн газар
хэрэгтэй байна гэх мэтээр ярьжээ.
Б.БУЛГАН
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гар утасны программ хангамж, үйлдлийн системийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн компанийн төлөөлөлтэй уулзжээ.
ITZone компани Android 4,1 үйлдлийн системтэй, 4 инчийн дэлгэц бүхий “Mogul” брэндийн ухаалаг утсаа 150 000 төгрөгөөр борлуулах гэнэ. “Эмондо” компани хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй зохицон ажиллах, монгол хэлийг бүрэн дэмжсэн үйлдлийн системд суурилсан программын хөгжүүлэлт хийх боломжтой ухаалаг гар утас үйлдвэрлэх төслөө танилцуулжээ. Тус компани гар утасны сэлбэгийг үзүүлэлтийн дагуу гадаадад захиалж хийлгээд, дотооддоо угсарч, шалган өөрсдийн хөгжүүлсэн үйлдлийн системийг суурилуулан зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Харин “Дархан жонон” компани гадаадад хэрэглэж байсан ухаалаг гар утсыг олноор оруулж шинэчлээд, зах зээлийн үнээс 30 хувийн хямд үнээр үйлдвэрийн баталгаатайгаар худалдан борлуулах төсөл боловсруулсан байна. “Migma electronics” компанийн захирал Б.Анхныбаярын хэлснээр дөрвөн төрлийн ухаалаг гар утас үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Хүүхдүүд болон ахмадуудад зориулсан том товчлууртай, том дэлгэц бүхий утас нь ойр дотнын таван хүнд зэрэг ослын дуудлага хийх боломжтой гэдгийг танилцуулсан байна.
Эдгээр компаниуд төрийн үйлчилгээг монгол үйлдлийн системтэй ухаалаг утасны программтай уялдуулж, гар утасны оператор компаниуд эдгээр утсыг дэмжиж ажиллахыг хүсч байгаа юм.
Зөвхөн гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагшаа гарч байгаа бөгөөд энэ их мөнгөний урсгалыг сааруулах, зогсоохын тулд үндсэний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлжээ.