Categories
мэдээ нийгэм

Зуслангийн хогийг цэвэрлэнэ

Нийслэлийн зуслангийн бүсэд цэвэрлэгээ хийхээр болов.  Цэвэрлэгээг тавдугаар сарын 24-нд эхлэх бөгөөд их дээд сургуулийн оюутнууд нэгдсэн зохион байгуулалттай оролцох юм. Энэ ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, хороо, ахуйн нэгж байгууллага иргэд хамтран зохион байгуулна. Зохион байгуулагчдын зүгээс зуслангийн бүсийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө их цэвэрлэгээнд нэгдэн идэвхтэй оролцохыг уриалав.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
 Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Болор хийсэн танилцуулгадаа, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тооцоог авч үзсэний үндсэн дээр төсвийн байгууллагуудын тэвчиж болох урсгал зардлын хэмжээг 39 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгасан. Төсвийн тодотголтой холбогдуулан байнгын хороод, нам, эвслийн бүлэг, бие даагч гишүүдээс ирүүлсэн саналыг нэгбүрчлэн судалж, зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийн дүнд өөрчлөлт оруулах саналын томъёолол бэлтгэсэн тухайгаа дурдлаа.
  Ажлын хэсгийн энэ танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны зарим гишүүд асуулт асууж тодруулсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллуудаар санал хураалт явуулав. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, төсөвт өртгийг өөрчлөх, нэрэнд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 48 саналын томъёолол бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Монголын Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа, үйлчилгээний зарим зардлыг 40 837.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцсоныг байнгын хорооны ажлын хэсэг 38 362.6 сая төгрөг болгож өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Мөн ажлын хэсгээс дэмжээгүй 18 саналын томъёоллоор санал хураалт явуулснаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Дараа нь “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуулаар санал хураалт явуулж дэмжив.
 Байнгын хороо үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Олон жил хүлээлт үүсгэсэн байгалийн хий нийлүүлэх гэрээг яагаад үзэглэсэнгүй вэ?

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж байна. Энэхүү арга хэмжээг зохион явуулах  санаачилгыг 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дахь чуулганы үеэр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назербаев дэвшүүлсэн нь дэмжлэг авч байжээ. Ингээд анхны чуулганыг 2002 онд  Казахстаны Алматы хотод зохион явуулж байсан юм. Үүнд 16 орон нэгдэж, Азид энхтайвныг сахиулан тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллах Алматын тунхаг бичгийг боловсруулсан байна. Анхны уулзалт Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгал орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд явагдаж байжээ.
Банк санхүүгийн чөлөөт бүс Шанхай хотноо болж буй уг арга хэмжээ өндөр харуул хамгаалалт доор өрнөж байгаа юм. Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад 14 орны төр засгийн тэргүүн, улс төрийн лидерүүд иржээ. Тухайлбал, Монгол, Турк, Пакистан, Афганистан, Азербайджан, БНХАУ, Иран, Казакстан, Киргизстан, ОХУ, Узбекистан, Шри-Ланка зэрэг орны Ерөнхийлөгч, Камбодж, Ирак, Тажикистаны Ерөнхий сайд нар оролцож байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн ирсэн байна.
CICA-гийн гишүүн орнуудад Азер байджан, Афганистан, Бахрейн, Вьетнам,Египет, Израиль, Иордан, Ирак, Иран, Казакстан, Камбодж, БНКиру, Монгол, ОХУ, Пакистан, Палестин, БНСУ, Тажикстан, Тайланд, Турк, Узбекстан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг зэрэг 24 орон, АНУ, Бангладеш, Индонез, Катар, Малайзи, Украйн, Филиппин, Шри-Ланка, Япон зэрэг есөн ажиглагч орон багтдаг аж.
Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь “Энх тайван, тогтвортой, хамтын ажиллагааны Шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн дор болж байгаа юм. Хурлыг БНХАУ-ын дарга Си Зиньпин  даргалж байна. Оролцож буй орнуудын төр засгийн тэргүүнүүд таван минутын хугацаатай илтгэл тавина. Манай улсын Ерөнхийлөгч дараалал ёсоор үдээс өмнөх хуралдааны үеэр үг хэлнэ.
CICA-гийн чуулган болж буй энэ өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал давхцаж байгаа юм. Тиймээс Шанхай хотын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн зарим автозамуудын хөдөлгөөнийг хаажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Хятадтай эдийн засаг, шинжлэх ухаан, өндөр технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой айлчилж байна. Тодруулбал, хамтын ажиллагааны 40 гаруй гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Үүнд олон жил хүлээлтийн байдалд байгаа байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээ багтжээ. Гэвч хоёр улсын төрийн тэргүүнүүд уг гэрээнд одоогийн байдлаар гарын үсэг зураагүй байна. ОХУ, БНХАУ хамтын ажиллагааны олон гэрээнд гарын үсэг зурсан боловч уг гэрээг үзэглэж чадаагүй юм. Энэ нөхцөл байдлыг олон улсын ажиглагчдын зүгээс “В.Путин баруунтай таарамжгүй байгаа улс төрийн нөхцөл байдлаас болж, яаран ашиггүй гэрээ байгуулахыг хүсээгүй” гэж үзэж байгаа юм. Ямартаа ч худалдааны хамгийн том түнш хоёр улс 2015 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 100 тэрбумд, 2020 он гэхэд түүнээс хоёр дахин нэмэхээр тохиролцжээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Х.Анхбаяр нарыг шүүх хурал хойшлов

Их хэмжээний мөнгө угаасан, авлига өгсөн, авсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг шүүх хурал өнөөдөр эхэлсэн боловч шүүгдэгч Отгонболдын өмгөөлөгч Сайнгэрэл эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул ирэх 29-ний өдрийг хүртэл хурлыг хойшлуулав.

Categories
гадаад мэдээ

Нигерт дэлбэрэлт болж 100-гаад хүн нас барлаа

Нигерийн Джос хотод хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсны улмаас доод тал нь 118 хүн нас барж, 50-иад хүнд гэмтэж бэртсэн тухай мэдээллээ. Эхний бөмбөг  захын хажууханд, хоёр дахь нь эмнэлгийн ойролцоо дэлбэрсэн байна. Орон нутгийн засаг захиргаанаас нас барагсдын дийлэнх нь эмэгтэйчүүд хэмээн мэдээлэв. Одоогоор хэргийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Нигерийн эрх баригчдын үзэж байгаагаар энэ нь “Боко Харам” лалын бүлгийн зохион байгуулсан ажиллагаа аж. Тус хотод өмнө нь нэлээд хэдэн удаа лалын болон христосын шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарч байсан юм.

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

Сурагчид руу хутга барин дайрчээ

Хятадын Хөбэй мужийн Маченг хотод нэгэн этгээд сургуулийн сурагчид руу хутга барин дайрсан хэрэг гарчээ. Үүний улмаас найман хүүхэд бэртсэн авсан тухай мэдээллээ. Бага ангийн сурагчдыг хичээлээ тараад явж байхад нь халдлага болсон байна. Хохирогсод нь нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд аж. Энэ хэрэгт 35 настай Чэн Цуйхан гэгчийг сэжиглэж байгаа гэнэ. 

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зарим газруудад цахилгаан хязгаарлах хуваарь


Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цахилгаан таслах хуваарь гаргасан байна.
5 сарын 21-ний лхагва гаригт цахилгаан эрчим хүчийг түр тасалж засвар хийх газрууд:
Баянзүрх дүүрэг
10.30-17.30 цагт: 20-р хороо Шар хоолойн амны бүх хэрэглэгчид
10.30-18.00 цагт: 5-р хороо 15-р хороолол МУИС-ийн 7, 1, 30, 42, 80-р байр, Мобиком, Одон орон геофизик суд төв, Хүрээ инвект, Дэхор, Скайтел, Влатас, Мөнхжин од, Актив партнерс, Жимобайл ХХК-иуд, Отгонтэнгэр их сургууль, Тун эрдэнэ фарм, Шижир алт, Таргилж, Эрэл, Чулуунбаатар/балт импекс ХХК-иуд Цагчиг сургууль, АТС-45, Тамир СӨХ, Шинэ барилга, Хуанлу хуантун, Плехановын ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Гэрэлтүүлэг чимэглэл, Шүрт булаг Шувууд интернейшл, Ялгуун прогрес, Асгат сервис, Бриж констракшн, ЖМБО, Хатан тулга, Сити шоп, флора центр, Хэм рояал, Харцад ХХК-иуд, Монгол зоог, 52-р цэцэрлэг, 146-р цэцэрлэг яслийн цогцолбор, тэр орчмын хэрэглэгчид;
Баянгол дүүрэг
10.30-17.00 цагт: 20-р хороо Орбит о/сууц, Түхий эдийн бааз, Төв бараа бааз, 10-н буудал орчимд;
Хан-Уул дүүрэг
10.00-18.00 цагт: 4, 5-р хороо Арцатын 8, Яармагийн 1, 2-р гудамж;
10.30-16.00 цагт: 2, 3-р хороо Скай трейдинг ХХК, Аянчин аутфитерс ХХК, Петровис ШТС-18, Тэнгэр дээд сургууль, Монгол микрон кашмир ХХК тэр орчмын хэрэглэгчид;
Сонгинохайрхан дүүрэг
10.00-18.00 цагт: 3, 4, 10, 11-р хороо Хөтөлийн 4-р гудамж, Баганарангийн 4-7, 19-25, Ихнарангийн 1-8-р гудамж;
Багахангай дүүрэг
10.00-17.00 ЗДТГ, Цагдаа, Спорт заал орчимд;
Налайх дүүрэг
10.00-17.00 цагт: Бадралын 4-12-р гудамж;
11.00-17.00 цагт: ОСНАА, Тайхар зоогийн газар, ЭМН-ийн граж, УЗН, Бурам, Цоглог хангай зах, Төрийн банк орчимд;
Төв аймаг
10.00-18.00 цагт: Батсүмбэр сумын Үдлэгийн бага сургууль, худагууд, Жаргалант дэлгүүр, Хүүхдийн овоо, дугуй засвар, ферм, Поливит, Бигхарвест ХХК-иуд, НИК, Петровис ШТС, МУИС орчмын хэрэглэгчид.
 

Categories
мэдээ улс-төр

Монгол, Шведийн дипломат харилцааны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ёслолын арга хэмжээ 5 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд боллоо.
Уг арга хэмжээг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын Швед, Монголын парламентын бүлгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцов. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгуулагуудын тэргүүн нар болон Шведийн Вант Улсын Өргөмжит консул зэрэг хүмүүс оролцов.
Сайд Л.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ сүүлийн хагас зуун жил Монгол, Шведийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалууд харилцан амжилттай хэрэгжиж байгааг дурдан хоёр орны хооронд эрчим хүч, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Түүнчлэн Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ларс Фреден Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд Шведийн Вант Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Монгол, Швед Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж, харилцааны үндсийг бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой айлчлал болсныг онцлов.
Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд 1964 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.


Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Ларс Фреденийг  хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Сайд Л.Болд энэ жил Швед Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Хааны гэр бүлийн гишүүд Монгол Улсад айлчлах урилгатайг нотолж, хоёр тал улс төр, эдийн засаг, эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын комисс байгуулах талаар хоёр тал санал солилцож, энэ асуудлыг судалж хамтын ажиллагааны тодорхой чиглээлээр ажиллах Засгийн газар хоорондын комисс байгуулах нь зүйтэйг тэмдэглэв.  

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн оюутнууд тайван жагсаал хийж байна

МУИС-ийн зарим салбар сургуулийн оюутнууд хичээлийн нэгдүгээр байрны урд тайван жагсаал хийж байна. Тэд сургуулийнхаа захиргааг хууль бус, луйврын шинжтэй шийдвэр гаргасан хэмээн үзэж ийнхүү жагсаж байгаа аж. Учир нь МУИС-ийн захиргаа бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэлээс үүдэн энэ жилээс төлбөрөө ихээр нэмсэн. Мөн ирэх жилээс ч нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн сургуулийн захиргаа оюутнуудаас авсан сургалтын төлбөрөө юунд зарцуулдаг нь тодорхой бус, сургалтын чанар муу, суралцах орчин нөхцөл сайжрахгүй байгааг оюутнууд эсэргүүцжээ.

Categories
мэдээ улс-төр

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал эхэллээ

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал яг одоо Шанхай хотноо эхэлж байна. Бага хуралд 40 гаруй улс, 14 орны төр, засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага оролцож байна. Дөнгөж сая БНХАУ-ын дарга Си Жиньпин тэднийг хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээг сурвалжлахаар олон орны хэвлэл мэдээллийн байгууллагууд иржээ. Харин энэ үйл явдлыг ССТV албан ёсны эрхтэйгээр дэлхий дахинд шууд дамжуулж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтад үг хэлж, Бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийлнэ. 


АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг – Тунхаглал батлан гаргах бөгөөд энэхүү баримт бичигт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах талаар ажиллаж байна.
Манай улсын  Ерөнхийлөгчийн хувьд энэ сарын 18-нд Шанхай хотноо ирсэн бөгөөд хурал эхлэхээс өмнө хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдтэй уулзлаа.

М.МӨНХЦЭЦЭГ