Categories
редакцийн-нийтлэл

Хауст амьдрах уу, нийтийн орон сууцанд орох уу гэдгээ иргэд өөрсдөө шийднэ

 “Гэр хорооллыг орон
сууцжуулах төсөл” орон нутгийн өмчит газрын дарга А.Лхагвадоржтой ярилцлаа.

-Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл чухам ямар шатандаа явж
байна вэ?

-Гэр
хорооллыг орон сууцжуулах төсөл орон нутгийн өмчит газрын хувьд ноднингоос хойш
гэр хорооллын иргэдтэй уулзаж ажлаа хийж байна.

-Барилгын компа­ниуд иргэдтэй гэ­рээ байгуулж, гэр хо­рооллын
дахин төлөв­лөлт хийгээд байгаа  ажлаас танай
төсөл өөр юм уу?

-Өөр
шүү дээ. Одоо яваад байгаа дахин төлөвлөлтийн ажлыг Гэр хорооллын хөгжлийн газар
хариуцаж байгаа.  Харин манай Гэр хорооллыг
орон сууцжуулах га­зарт  ноднингоос хойш нийтдээ
25 мянга га­руй иргэний хүсэлт ирүүл­сэн байна. Орчин нөх­цөлөө өөрчилье, орон сууц
бариулъя гэдэг хүсэлт тавьсан гэсэн үг. Тийм учраас манай байгууллагын зүгээс эдгээр
иргэдийн дунд газраа яаж үр ашигтай ашиглах вэ гэдэг талаар сургалт явуулж, тэднийг  38 бүлэгт ху­ваа­чихаад байна. Бид одоо явж байгаа
дахин төлөвлөлтөөс арай өөр маягаар буюу газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр
гэр хорооллыг орон сууц­жуулах юм. Энэ бол хотын дарга Э.Бат-Үүлийн гэр хорооллыг
дахин төлөвлөх ажлын бас нэг хувилбар нь юм.

-Газар шинэчлэн зохион байгуулах нь одоо өрнөж байгаа дахин
төлөвлөлтөөс ямар ялгаатай юм бэ?

-Одоогийнх бол  ком­паниуд давуу эрхтэйгээр гэр хорооллын иргэдтэй
гэрээ байгуулж, орон сууцжуулах ажил хийж байгаа шүү дээ. Харин газрыг шинэчлэн
зохион байгуулна гэдэг нь газрын эзэд давуу эрхтэй байна гэсэн үг.  Жишээ нь энэ ажлыг хариуцаж байгаа манай байгууллага
гэр хо­рооллын газрын эзэдтэй уул­заж газраа яаж үр ашигтай ашиглах талаар ярина.
Тэгэхэд иргэд янз бүрийн саналтай байх нь мэдээж. Нэг хэсэг нь газар дээрээ амины
орон сууц бариулъя гэнэ. Нөгөө хэсэг нь нийтийн орон сууц бариулах хүсэлтэй байна.
Газраа бэлэн мөнгөөр зарах бодолтой хэсэг ч байна. Тэгвэл айлуудыг 50, 50-иар ч
юм уу, эсвэл 100, 100-гаар нь нэг бүлэг болгочихно. Бүлэг болсон айлуудынхаа газрын
хэмжээнд тохируулж орон сууцжуулах төлөв­лөгөөгөө гаргана гэсэн үг. Жишээ нь бүлэг
болсон 100 айлын газар нийлээд 10 га байлаа гэж бодъё. Энэ газрыг яаж зохион байгуулах
төлөвлөгөөгөө иргэдтэй хамтарч гаргана гэсэн үг. 100 айлын 50 нь амины орон сууц
бариулах хүсэлтэй, 30 нь нийтийн орон сууцанд амьдрах сонирхолтой, 20 айл нь бэлэн
мөнгөө авах хүсэлтэй байлаа гэж үзье.

Үүндээ
тулгуурлаад арван га газрынхаа  төлөв­лөгөөг
гаргана. Үүнийгээ барилгын компаниудад санал болгоно.  Барилгын ком­паниуд тооцож үзээд ашигтай бол тухайн
иргэдтэй гэрээ байгуулах юм. Арван га газрын тэдэн хувьд нь энэ  айлуудын хүсээд байгаа барилгуудыг барих юм байна.
Үлдсэн тэдэн га нь манай ашиг болох юм байна гэдэг тооцоогоо хийгээд зөвшөөрвөл
гэрээ байгуулна.

-Айлуудад зөвхөн газар нь байхад л бо­лох юм уу.  Иргэд газар дээрээ орон сууц бариулахын тулд тухайн
компанидаа мөнгөн төлбөр төлнө гэх мэтийн ярианууд байсан…

-Газрын
эзэн тухайн компани хоёр тохи­рол­цож л таарна. Компа­ниуд ашгаа тооцож үзээд хөрөнгө
оруулах сонирхолгүй гэвэл газрын эзэд тавьсан нөхцөл шаардлагаа бууруулж, аль болох
компанид ашиг­тай санал болгон төлөвлөлтөө өөрчилж бол­но. Мэдээж аль алин­даа ашигтай
байхаар  тохи­рол­цож ажлаа явуулна гэсэн
үг.

-Одоо явж байгаа дахин төлөвлөлтөд хам­­рагдаагүй гэр хороол­лынхон
газраа шинэч­лэн зохион байгуулах төсөлд хамрагдана гэсэн үг үү?

-Тийм.

-Аль аль хэсэгт газ­рын шинэчлэн зо­­хион байгуулах юм. Дүүр­гүүдээр
нь тодорхой хэлж болох уу?

-Бүх
дүүргийн иргэд газраа шинэчлэн зохион байгуулж, орон сууцжуулах хүсэлтээ өгчихсөн.
Тиймээс иргэд­тэй ээлж дараагаар уулзаад явж байна. Хамгийн гол нь иргэдэд амины
орон сууц бариулах уу, нийтийн орон сууцанд орох уу гэдэг сонголтыг өөрс­дөөр нь
хийлгэж бай­гаа нь чухал юм. Ийм сонголт­гүйгээр шууд л газраа нэг компанид өгөөд
орон сууцанд орох нь харамсалтай шүү дээ. 

-Энэ төсөл хэзээнээс бодитоор хэрэгжиж эхлэх юм бэ?

-Журам
боловсруулах ажлын хэсэг гарчихсан. Энэ сараас журам бат­лаг­дах байх. Тэр хүр­тэл
иргэдийн дунд албан бусаар бүлгэм бай­гуу­лах ажил өрнөж байна. Тиймээс иргэд оршин
суугаа газар дээ­рээ хэрхэн амьдрах сай­­хан мөрөөдлөө хэсэг бүлгээрээ нийлж, төлөвлөгөө
болгон гарга­на. Энэ төлөвлөгөөг нь ажил хэрэг болгох хүсэл­тийг компаниудад тавина
шүү дээ. Тэгэхээр одоо айлууд хамар хашаа, гудамжаараа эвлэл­дэн нэгдэж зохион байгуулалтад
орох нь чухал байгаа юм. Хэн түрүүлж эвлэлдэн нэгдэнэ,  тэдэнтэй эхний ээлжинд хамтран ажиллахаас өөр
аргагүй болно.

-Төр яаж оролцох юм?


Эвлэлдэн нэгдсэн иргэдийг газраа шинэчлэн зохион байгуулах төлөв­лө­гөө­гөө гаргахад
нь тусалж хамтран ажиллах учиртай юм. Иргэдийг зохион байгуулах ажлыг хариуцна.
Мөн төрийн зүгээс газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын дэд бүтцийн асуудлыг ший­дэхэд
оролцож таа­раа. Түүнчлэн хяналтаа тавих эрхтэй.

Гэр
хорооллыг орон сууцжуулах олон сонголтын нэг нь газар шинэчлэн зохион бай­гуу­лах
арга юм шүү дээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр нэг хашаанд олуулаа амь­дардаг айл өрхүүдийн
асуудал маргаангүйгээр шийдэгдэх боломжтой. Хамгийн гол нь хувийн ганц өмч болсон
газрын эзэд давуу эрхтэй байх боломжийг энэ төслөөр олгох юм. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Монголд анх ДОХ-ын халдвар авсан бүсгүй хүү, охин хоёртойгоо амьдарч байна

Монголын анхны ДОХ-ын халдвар авсан эмэгтэй яаж байгаа бол доо гэж
хааяа бодогддог байлаа. Камеруны хоёр “хар”-ын  үлдээсэн
“өв”-ийн түүхийг манайхан  мэднэ дээ. Тэр явдлаас хойш хэдийнэ
17 жил өнгөрчээ. Гэтэл тэр эмэгтэйтэй ажлынхаа ойролцоо хүүхдийн тоглоомын
талбайд тааралддаг байгаа. Охин нь гулгуур дээрээс буухгүй байгаа юм гэнэ ээ.
Ээж нь аясыг нь хараад зогсч байна. Гурван настай ази, африк цус холилдсон
сүрхий  борогшуу охин юм. Хүнээс бишүүрхдэггүй бололтой. Гартаа барьсан
жижиг ууттай таргаа задлуулах гээд дэргэдүүр нь явсан лам дээр гүйж очиж байна.
Ахимаг насны лам охины шулганахыг ойлгоогүй л болов уу. Гартаа барьсан эрхиэ
толгойд нь хүргэн адис өгөөд алхаж одлоо. Тэд Канадаас ирээд жил болж байгаа
гэнэ. Бараг л амьд болов уу гэж бодож байсан хүн маань  бүр хүүхэд
төрүүлээд амжиж. Арваад жилийн өмнө  энэ бүсгүй жаахан  хүүгээ хөтөлж
явдаг байсныг мэдэх юм. “Хүүгээ л овоо болгочих юмсан” гэж 
ярьдаг байлаа. Хүү нь том залуу болж. Их сургуулийн оюутан болсон аж. Ярилцлага
хийх саналаа хэлэхэд нэлээд цааргалсан ч зөвшөөрүүлж чадлаа. Тэгээд  нэг
газар орж цай уунгаа яриа өрнүүллээ. Энэ эмэгтэй хүүхдүүдийнхээ тусын тулд
нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Бие чинь ямар байгаа вэ?

-ДОХ-ын халдвар биеийн дархлааны тогтолцоог гэмтээдэг. СД-4 гэж биеийн өвчин
эсэргүүцэх  эсийг ДОХ-ын вирус бууруулдаг юм. СД-4 өндөр байвал бие сайн
байна гэсэн үг. ДОХ-ын вирус ихсэх тутам СД-4 багасна гэсэн үг. ДОХ-ын вирусийг
багасгах эм гарсан. Тэр эмийг уугаад явж л байна. Эм уугаад таван жил болж
байна.  СД-4 250-иас доош байвал эм уухыг ДЭМБ-аас зөвлөдөг юм. Эм ууж
байгаа болохоор вирусийн ачаалал багассан. 17000 ширхэг байснаа 1200 болж
буурсан.

-ДОХ-ын вирус тээгч хэвээрээ. Өвчлөлийн шатандаа ороогүй гэсэн үг үү?

-Өвчлөлийн  шатандаа ороогүй. ДОХ-оор үхдэг хүн гэж байхгүй шүү дээ.
Эрхтэн тогтолцооны доголдолтой хүн халдвар авбал муу эрхтнийг нь
“барьж”, үхэлд хүргэдэг. 23-27 жил халдвартай явж байгаа ч амьд
байгаа хүмүүс ч бий. Тухайн хүн бие  сайтай бол урт удаан амьдарна аа.
ДОХ-ын халдвартай хүн эмэнд орсноос хойш биеэ энхрийлээд явбал 68 насалж чадна.
Би мэдээж урт насална. Гэхдээ урт наслахад надаас шалтгаалахгүй хүчин зүйл
ялангуяа Монголд их байна аа.  Би эх хүн. Хоёр хүүхдийнхээ гарыг ганзаганд,
хөлийг дөрөөнд хүргэх нь миний үүрэг. Үүргээ биелүүлчихээд үхвэл амар л байна.

-Ингэхэд яагаад гадагшаа явсан юм бэ?

-Би бусад монгол хүний л нэг адил амьдралаа дээшлүүлэхээр Канад руу гарч
байсан. Сайхан орчинд амьдармаар байна шүү дээ. Би эх орондоо хайртай. Гэхдээ
Монголын нийгэм,  амьдрах орчин нь ямар билээ дээ. Канад надад хайр
сэтгэл, үр хүүхэд халамж дэмжлэг бэлэглэсэн. Анх удаа гадаадад очсон хэрэг биш
л дээ.  Би нэг юмаараа бахархдаг. Таван тивийг үзсэн гэдгээрээ омогшдог
гэх үү дээ.

-Халдвар авахаасаа өмнө гадаадад явж байсан уу?

-Үгүй ээ, 18-тай байхдаа Дархан хотод л  очиж үзэж байсан. Хэрвээ би
ДОХ-ын халдвар аваагүй бол үүнээс сайн  амьдрах байсан ч  юм уу эсвэл
бүр дор ч амьдрах байсан юм уу, хэлж мэдэхгүй. Тухайн үедээ ДОХ халдаасан
хүнийг, энэ өвчнийг үзэн яддаг байлаа. Аливааг өөр өнцгөөс харуулах гэсэндээ,
ялгаварлан гадуурхалт гэж юу байдгийг мэдрүүлэх гэж  энэ өвчин туссан юм
шиг заримдаа санагддаг. Халдвар авснаасаа хойш хоёр жилийн дараа ДОХ-ын эсрэг
НҮБ-ын төслийн хүрээнд энэ өвчний эсрэг ажиллаж эхэлсэн. 2004 онд тэтгэлэгт
хөтөлбөрт хамрагдаад  Өмнөд Африкт  хуралд явж байлаа. ДОХ-оос
үүдэлтэй ялгаварлан гадуурхалтын эсрэг юу хийж байгаа талаар хэлэлцэхэд ДОХ-ын
халдвартай, ДОХ-ын эсрэг ажиллаж байгаа хүмүүсийг оролцуулдаг уламжлалтай. Тэр
хуралд оролцохоос өмнө би хүүгийнхээ төлөө л амьдарч, хүүгээсээ өөр хүнд
хэрэггүй хүн гэж өөрийгөө тооцдог байлаа. Хүүгээ овоо болтол амьдрах юмсан гэж
бурхнаас гуйна. Хуралд очоод халдвар тээсэн ч олон жил амьдарсан хүмүүстэй
танилцаж, их олон юм ойлгож авсан. Испани, Мексик, Тайланд, Австрали, Африк,
Япон, Ази, Европын орнуудаар явж үзсэн. Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд л
надад энэ олон улсаар явж үзэх боломж олгосон юм.

-Чамаас өөр халдвар тээгч ДОХ-ын эсрэг ажилладаг уу?

-Халдвартай хүмүүсийн хоёр ч байгууллага бий. Сайн, муу ажиллаж байгааг нь хэлж
мэдэхгүй ээ.

-Хайр сэтгэл яриад л романтик сонсогдож байна шүү?

-Тэгэлгүй яах вэ. Хайр сэтгэлтэй гэхээр заавал хамт амьдрах ёстой гэсэн үг биш
л дээ. Одоогоос гурван жилийн өмнө Канадад охиноо төрүүлсэн. Гурван настай,
Канадын иргэн. Канадад очоод удаагүй байхдаа охиныхоо аавтай танилцсан юм.
15-16 жилийн өмнө бол эр хүнээр хайрлуулж, хоолоо хувааж иддэг дурсамж
байгаагүй. Хэн нэгнийг хүсэх, хэн нэгэн намайг халамжилна гэдэг амьдралын баяр
баясгалан гэдгийг мэдэрсэн.

-Охины аав нь халдвартай гэдгийг чинь мэддэг үү?

-Миний охины аав ч халдвартай. Гэсэн ч би эрүүл хүүхэд гаргачихлаа. Монголд ч,
гадаадад ч  халдвартай  ээжүүд   эрүүл хүүхэд гаргаад л
байсан. Хүүхдээ тээж байхдаа айдастай байсан л даа. Төрөн төртлөө эм уусан даа.
Канадад эмч нар “Байгалийн жамаараа төрөх боломжтой. Хүүхэд чинь 100 хувь
эрүүл төрнө” гэж байсан.

-Өмнө нь хүүхэд төрүүлж байсан хүн тэнд амаржих, энд амаржих ялгаатай
байлгүй?

-Тэргүүн хатагтай төрж байгаа юм шиг л мэдрэмж төрж байсан. Өөрөөрөө төрвөл
биед чинь сайн гэсэн ч хүүхэд цустай холилдоод халдвар авчих вий гэж
айсан.  Охин маань ч “Ээж санаа зовоод байгаа юм чинь санааг нь
амраая” гэсэн юм байлгүй.  Ус нь арай эрт гараад эмнэлэгт ирж,
хийсвэр хийлгэсэн. Охиноо дуу хадаан хорвоод мэндлэхэд би уйлсан. Манай хүн
ч  хажууд байсан л даа. Миний овог нэрийг бичсэн савтай өглөө, өдөр, оройн
хоол ирсэн. Орон дээрээсээ хоолоо идсэн. Маргаашнаас нь усанд орж болно гэсэн
юм. Амаржсаны дараахь өрөө нь шүршүүртэй, зурагттай. Сувилагч нь хүүхэд алга
болохоос сэргийлж гарт нь дохиолол уядаг. Аавд нь “Орох эрхтэй” гэсэн
зүүлт гарт нь зүүж өгдөг юм билээ. ДОХ-ын халдвартай ээжийн хөхний сүүг хүүхдэд
өгдөггүй болохоор эхийн сүү орлогч үнэтэй  тэжээлийг эмийн сангаас нэг жил
авах эрх олгодог. Эмийн санд эхийнх нь овог нэрээр сүүг урьдчилан захиалсан
байдаг. Жирэмсэн болсноос хойш хяналтад орсон болохоор халдвартай ээжийн гэрийн
ойролцоо эмийн санд урьдчилаад захиалсан байдаг. Канад дэмжлэг зайлшгүй
хэрэгтэй хүмүүст юм өгч чаддаг. ДОХ-ын халдвартай ээж хүүхэд төрүүлээд ажил
хийж чадахгүй нь тодорхой. Нэг жилийн турш хүүхдийн сүү, памперсны мөнгө, орох
орон хэрэгтэй гэдгийг тооцоолсон байдаг. Тэнд хүүхэд төрөнгүүт сарын 400 гаруй
долларын тэтгэмж өгдөг юм билээ. Би охиныхоо аавтай хамт амьдарч байсан
болохоор орон байр хөөцөлдөөгүй. Өрх толгойлсон ээжүүдийн хүүхдийг  том
болтол байраар хангадаг юм байна.

-Охинтой болохыг хүсдэг байсан уу?

-Би хүн шүү дээ. Хүн чинь хүүтэй нь охинтой болохыг хүсдэг. Охинтой нь хүүтэй
болохыг хүсдэг.  Тэгээд ч хүслээр болсон. Сайн  хүсэх л хэрэгтэй юм
билээ. Зүгээр л санаандгүй нэг залуутай танилцаад хүүхэдтэй болсон ч юм биш.
Миний хүслээр ирсэн үр хүүхэд.

-Хүү чинь том болжээ. Хүүгээ овоо болгочих юмсан гээд л байсан?

-Хүү маань оюутан болсон. Их сургуулийг нь төгсгөнө дөө.

-Хүүхдийн сургалтын төлбөр амаргүй л байсан байх?

-Төлбөрийн хувьд Төрийн сангийн тэтгэлэгт хамрагдсан. Ашгүй эцэг, эх нь
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд буцалтгүй тусламж олгодог хуулийн заалт байдаг юм
байна. Сургалтын төлбөрийн 70 хувийг төрөөс даадаг. Үлдсэнийг нь өөрөө
гаргасан.  Түүнээс биш найм, есөн зуун мянган төгрөг өөрөө гаргана гэвэл
асуудалтай л байсан. Монголын хууль нэг талаар иргэндээ дэмжлэг үзүүлээд ч
байгаа юм шиг, ялгаварлан гадуурхаад байгаа ч юм шиг санагддаг. ДОХ-ын
халдвартай 17 жил амьдарсан гээд надад 90 хувиар групп тогтоож өгсөн. Хууль
тогтоогчид нь  ДОХ-ын халдвартай хүмүүсийг мэдэхгүй байна уу, хөдөлмөр
эрхлэх боломжгүй гэж байгаа бол хөдөлмөр эрхлэх хэмжээний цалин дэмжлэг өгөх
хэрэгтэй биз дээ. 115 мянган төгрөгөөр  Монголд яаж амьдрах вэ. Нарийллаа
гэхэд арав хоноод хоолны мөнгөө дуусчихдаг. Өөрийн гэсэн орон гэр алга, газар
авах гэхээр кадастрын зураг хийлгэхэд 100 гаруй мянган төгрөг. Гэр авахын тулд
өрх толгойлсон эмэгтэй хүн гудамжинд тэнэдэг байх аль эсвэл дөрвөөс дээш
хүүхэдтэй байх ёстой юм байна. Халамжид орохын тулд би ахиад хоёр хүүхэд гаргах
юм уу. Канадад амьдарч байсан болохоор өөрийн эрхгүй харьцуулаад байна л даа.
Тэнд хүүхдийн эцгээс тусдаа амьдардаг бол хүүхдийг нэг нас хүрэнгүүт нь шууд
цэцэрлэгт авч, хүүхдийг өсч том болтол хөнгөлөлттэй төлбөртэй  орон
байраар хангадаг. Миний ойлгосноор бол Канадад Засгийн газар нь орон сууцны
компаниудад байшин барих зөвшөөрөл олгохдоо барьсан орон сууцныхаа 15-20 хувьд
нь хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээжүүдийг байл­гахыг даалгадаг. Ийм
нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулж, татварын хөнгөлөлт үзүүлдэг
юм  байна лээ.

-Яагаад Канадаас Монголд ирсэн юм бэ?

-Миний бичиг баримт бүтээгүй юм. Би тэнд удаан хугацаагаар амьдрах орогнол
хүссэн. Над шиг хүнд тэнд амьдрахад хамаа­гүй дөхөм байна. Гэсэн ч намайг
орогнол хүсэх хэмжээний ялгаварлан гадуурхалтанд өртөө­гүй байна гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл би шүүх хуралд ялагдал хүлээсэн. Ялагдсан хүнийг нутаг буцаадаг
юм байна.

-Монголд ирээд дэлгүүрт ажиллаж үзсэн гэсэн үү?

-Өглөө наймд гараад орой 10 цагт харихаар хэзээд нь уух усаа авах юм. Энэ улсад
амьдрахын тулд надад ямар боломж байна гэж зөндөө бодлоо. Байгууллагаа аваад
явах хэрэгтэй байна.  Баялаг амьдрал туулсан болохоор номоо бичихийг
хүсдэг.  Монголд ирээд жил боллоо. Байгууллагаа байгуулаад тамга тэмдгээ
авсан. Эмээ уусан хүнд групп тогтоодог гэсэн. Ажил хийе гэхээр хүүхдээ
цэцэрлэгт өгөх хэрэгтэй. Охиноо улсын цэцэрлэгт өгөх гэж хоёр сар гүйгээд
чадаагүй. Гэр хороололд сард 150 мянган төгрөг төлөөд өрөө хөлсөлж үзлээ.
Г.Уянга гишүүнд хандсан “Чам шиг улсууд гуйлга гуйгаад ороод ирдэг
юм” гэсэн. Гэр өгөх ч юм шиг өгөхгүй ч юм шиг юм хэлсэн. С.Эрдэнэ сайдад
хандаад “Орох оронтой болгоод өгөөч” гэсэн. 1 сая 200 мянган
төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгодог юм байна. Түүнийгээ байрны түрээсэнд
зарцуулаад дуусч байна.

2004 онд “Өөдрөг амьдрал” Төрийн бус байгууллагыг халдвартай
хүмүүстэй хамтарч байгуулсан. Гурав, дөрвөн жил идэвхтэй ажилласан. Одоо
хөөцөлдөж байгаа ч төрийн бус байгууллагад санхүүжилт алга.

-Халдвартай хүмүүстэй уулзаж байгаа юу?

-Ирээд хэсэг хүмүүстэй уулзсан. Өдөр болгон уулзаж байгаа хүмүүс ч байна.
Төсөл, хөтөлбөр олъё, санхүүжилт хайя гэдэг. Ядаж л нэг өрөөгүй болохоор ажил
ярихад хэцүү байна шүү. Тулгуур байж л аливаа юм тогтоно. Монгол дахь
халдвартай хүмүүсийн судалгааг харсан. 70-80 хувь нь эрчүүдтэй бэлгийн
харьцаанд ордог эрчүүд байсан. Тавиад хувь нь орон байргүй юм билээ. Испанид
олон улсын хуралд явж байхад халдвартай хүмүүсийн дуугүй жагсаал болж байлаа.
“Төр засгийн зүгээс орон байртай болгож өгөөч” гэсэн лоозон барьсан
байсан. Тухайн үед монгол сэтгэлгээгээрээ “Байр нэхээд, даварсан юм”
гэж бодоод өнгөрсөн. Ижил хүйстнүүдийг гэрийнхэн нь мэдэхээрээ гэр орноосоо
хөөх нь түгээмэл. Халдвартай хүмүүс гэр орноосоо хөөгдсөн бол хүн гэдэг
утгаараа наад захын эрх эдлэх ёстой гэдэг үүднээс хандах учиртай. Судалгаанд
хамрагдсан 50 хүний  найм нь найз нөхдийнхөөрөө амьдардаг, арван хэд нь
байр түрээсэлдэг, 60 хувь нь халдвартай гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж,
ажлаа орхих шалтгаан болсон гэсэн байна лээ.

Канадад ДОХ-той тэмцэх байгууллагууд, сан нь ажиллаж чаддаг. Цагаач ихтэй, гей,
лесби хүмүүсийн хуультай. Жилдээ нэг удаа гей, лесби нар нь төр засагтаа
нөлөөлөх хэмжээний том жагсаал, цуглаан хийнэ. Хүүхэд гаргах, хүнтэй амьдрах
эрхтэй. ДОХ-той тэмцдэг байгууллагууд нь сургалт хийдэг. Хүнсний том компаниуд
нь хугацаа нь хараахан дуусаагүй бүтээгдэхүүнээ энэ байгууллагууддаа аваачаад
өгчихдөг. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн компаниуддаа төр нь татварын хөнгөлөлт
үзүүлдэг юм билээ.

-Хүүгийн аавтай уулзсан уу?

-Дам сураг сонсоход нас барсан юм шиг байна лээ.

-Эмээ үнэгүй авч чадаж байгаа юу?

-Глобаль сангийн төсөл Монголд арван жил хэрэгжсэний хүчинд одоохондоо үнэгүй
эмээ ууж чадаж байгаа. Канадын иргэн биш ч би тэнд эм авч байсан л даа. Канадын
иргэн биш  ч хүн учраас амьд явах эрхтэй гээд надад эмчилгээ үйлчилгээ,
тусламж үзүүлж байсан.

-Гадаадад удаан амьдарсан, хэл сайжирсан байх?

-Ямар ч байсан өлсч, цангаж байна гэдгээ ойлгуулчихна. Хар ярианы хэл л сурсан.
Манайхан дандаа юм гуйгаад байна гэж бодож магадгүй. Иргэн өөрөө баялаг. Монгол
Улсад баялаг болсон хүн төрүүлж байгаа гэдэг утгаар ээжүүдэд хүүхдээ торниулах
хугацаанд нь ядаж дэмжлэг үзүүлдэг бол мөн ч олон хүнд тустай юмсан.

Б.ЯНЖМАА      

Categories
редакцийн-нийтлэл

О.Болормаа: Манай үсчид ур чадвараараа дэлхийн тавцанд гологдохгүй

Саяхан ОХУ-ын Эрхүү хотод олон улсын үсчин, гоо сайханчдын тэмцээн
болсон бөгөөд манай улсын үсчин, гоо сайханчид багаараа нэгдүгээр байр эзэлсэн байна.
Түүнчлэн “Цэрэнханд” танхимын үсчин О.Болормаа тус тэмцээнээс “Гран при” хүртжээ.
Ингээд түүнтэй ярилцаж зарим зүйлийг тодрууллаа.

-Манай
үсчид олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн байна. Энэ тэмцээн хэр нэр хүндтэй
тэмцээн юм бол?

-ОХУ-д хэдхэн хоногийн өмнө Эрхүүгийн нэрэмжит тэмцээн боллоо. Европдоо
нэлээд нэр хүндтэй олон улсын тэмцээн юм билээ. Манай баг Эрхүүгийн нэрэмжит тэмцээнд
тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байгаа.

-Тэмцээнд
хичнээн орон оролцсон бэ?

-Польш, Герман, Хятад, ОХУ зэрэг зургаан орон тэмцээнд оролцлоо.
Мөн Буриад, Тува гээд улсын үсчин, гоо сайханчид гээд чамгүй олон өрсөлдөгчтэй байсан.

-Монголын
баг ямар бүрэлдэхүүнтэй оролцов?

-Монголоос нийт долоон үсчин, нэг дасгалжуулагч багшийн хамт явсан.

-Дасгалжуулагч
гэхээр тэмцээний үед ингэж зас, тэгж үсээ буд гэж заадаг хэрэг үү?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ анх удаа Монголын үсчид дасгалжуулагч багштай
тэмцээнд оролцож байгаа юм билээ. Өмнө нь гадны улс оронд болсон тэмцээнд өөрсдөө
очоод л орчихдог байсан гэсэн. Харин энэ жил дасгалжуулагч багштай явахаар ярилцаад
дундаасаа дасгалжуулагчийнхаа зардал мөнгийг гаргаад оролцсон. Пүрэвдорж гээд дасгалжуулагч
явсан. Дасгалжуулагч багшийн хувьд тэмцээний үеэр хэрхэн ажиллах талаар зүг, чиг
өгдөг. Одоо энэ өнгөөр уусгалт хийвэл зүгээр, ингэж тайрвал бусдаасаа арай содон
харагдана гэдэг юм уу зөвлөгөө өгнө. Дасгалжуулагчийн зөвлөгөөг бодолцож үзээд өөрийн
ур чадвартайгаа хосуулах нь чухал. Би гэхэд л анх удаа олон улсын томоохон тэмцээнд
оролцож байгаа учраас мэдээж туршлага дутмаг, заавар зөвлөгөө авах тохиолдол гарсан.
Хэдий олон жил үсчингийн мэргэжлээрээ ажиллаж байгаа ч гэсэн Пүрэвдорж дасгалжуулагчийн
хувьд олон тэмцээн уралдаанд оролцож байсан хашир, туршлагатай хүн шүү дээ.

-Та
ямар төрлөөр “Гран при” хүртсэн бэ?

-Монголоор тайлбарлавал эрэгтэй гудамжны чөлөөт засалт гэх юм уу
даа. Энэ төрөл хоёр номинациар шалгаруулалт явуулж шилдгээ тодруулсан. Эхний номинац
нь сонгосон моделийнхоо үсийг хэлбэрт оруулж хатаах байсан. Хатаах шатанд би хоёрт
орсон. Дараа нь тайралтын үе шат. Моделийнхоо үсийг өмнөхөөс өөрчилж арын хэсгийг
богинохон маягаар тайралт хийсэн чинь нэгдүгээр байрт орсон. Ингээд нийлбэр оноогоор
буюу хоёр тэмцээний дүнг нэгтгэж “Гран при” хүртсэн юм.

-Таны
төрөлд хичнээн үсчин оролцсон бэ?

-Зургаан үсчин өрсөлдсөн.

-Бусад
оролцогчдын хувьд өөрийн улс­даа ур чадвараараа дээгүүрт ордог үсчин байв уу?

-Тэрийг сайн мэдэх­гүй. Гэхдээ Польш, Оросоос оролц­сон хоёр үсчинг
нэлээд нэр хүндтэй, олон тэмцээн урал­даанаас шагнал хүрт­сэн гэж сонс­сон.

-Моделио
хэрхэн сонгодог вэ. Эсвэл зохион байгуулагчид шууд заагаад өгчих үү?

-Тэмцээнд зориулаад тусгай моделиудыг бэлдсэн байсан. Надад урт үстэй
модель хэрэгтэй гэж бодсон. Эндээс явахдаа л очоод урт үстэй модель сонгох болно
гэж бэлтгэл хийсэн. Модель сонгох өдөр очтол 
маш их азтай тохиол учирсан. Учир нь ганцхан урт үстэй модель харагдсан.
Бусад үсчингүүд авчих вий гэж бодоод гялс гүйж очоод тэр моделийг сонгосон. Ер нь
тэмцээний өмнө бэлтгэлд зориулж бүтэн нэг өдрийн хугацаа гаргаж өгдөг юм билээ.
Бид өөрсдийнхөө багаж хэрэгсэлтэй явсан. Харин тэмцээний үеэр хэрэглэх бүтээгдэхүүнийг
цаанаас гаргаж өгч, бүх оролцогчид “Лондо” нэрийн бүтээгдэхүүн хэрэглэсэн.

-Үснийхээ
засалтыг тодотгохын тулд мэдээж модель чухал байх?

-Илэрхийлэх гэсэн үснийхээ засалтыг гаргахад хамгийн чухал нь модель.
Миний модель болсон залуу урт үстэй, махлаг биетэй, намхан нуруутай. Тиймээс үсний
засалт, өнгө будгийг аль талаас нь гаргавал дээр вэ гэж нэлээд бодсон. Мэдээж мэргэжлийн
хүмүүс оролцож байгаа тэмцээн учраас мэд­рэмж их нөлөөлсөн. Ямартай ч ийм сайхан
тэмцээнд оролцож шагнал хүртсэндээ баяртай байна. 

-Монголын
багийн бусад гишүүд ч гэсэн ганзага хоосон ирээгүй гэж дуулсан?

-Тийм ээ. Манай багийнхан оролцсон бүх номинацдаа медальтай ирсэн.  Өмнөговь аймгийн “Hero” салоны үсчин Ч.Наранбаатар
эмэгтэй сонгодог сэнсдэлтээр I байр эзэлсэн. Зөвхөн сэнс ашиглан үсийг сонгодог
хэлбэрт оруулна гэсэн үг. Архангай аймгийн үсчин Даваажаргал эмэгтэй чөлөөт загварын
тайралтаар III байр, мөн задгай өдөр тутмын самналтын төрөлд Д.Ариунаа II, үдшийн
гоёлын самналтын төрөлд О.Хишигдалай III, Булган аймгийн үсчин Дөлгөөннаран хуримын
гоёлын засалтаар тусгай байр тус тус эзэлсэн. “Цэрэнханд танхим”-ын үсчин Д.Оюунгэрэл
“Full Fashion” буюу чөлөөт загварын тайралтын төрөлд тусгай байр хүртсэн. Манай
улсад болж буй уралдаан тэмцээн олон улсын жишгээр явагддаг учраас Монголын үсчид
гадны ямар ч тэмцээнд  гологдохгүй, амжилт
гаргах бүрэн боломжтой санагдсан.

-Та
хэдэн жил үс засч байна?

-Би үсчин мэргэжлийг эзэмшээд арав гаруй жил болж байна. Үс засна
гэдэг урлаг. Бид нүд, чихээ эрхтэн гэж хайрладаг шиг үсээ ч гэсэн хайрлаж байх хэрэгтэй.
Үсний засалт, өнгө тухайн хүнийхээ зан аашийг тодорхой хэмжээгээр илэрхийлж байдаг.
Тиймээс олон хүний өнгө төрхийг өөрчилж, хэв маягийг тодорхойлж өгдөг гэдэг утгаараа
би мэргэжилдээ дуртай.

-Энэ
хаврын үсний ямар стиль, өнгө моодонд орж байгаа вэ?

-Манай охид, залуус их хурц, тод өнгөөр үсээ будуулах болсон. Харин
үсний засалтын хувьд богинохон засалт хийлгэх болсон. Охид, эмэгтэйчүүд хүртэл нэг
талаас нь хэт богинохон засуулах ч юм уу эрэгтэй маягийн засалт ер нь энэ хавар
их зонхилж байна. Үсний засалт маш хурдан өөрчлөгдөж байдаг. Хүмүүсийн үзэж буй
кино, сонирхож буй дуу хөгжимтэй холбоотой байх. Өнгөрсөн намар гэхэд л солонгос
маягийн урт улаан хүрэн өнгийн үс зонхилж байсан шүү дээ.

-Та
хэдэн төгрөгөөр тайралт хийдэг вэ?

-Үс тайрахад 10-15 мянган төгрөгийн тарифтай. 

-Зарим
мастер гэх үсчид 70, 80 мянгаар засдаг юм билээ. Олон улсын тэмцээн уралдаанаас
шагнал хүртсэн зэрэг ур чадвар нөлөөлж байна уу?

-Тэгэлгүй яахав. Тариф бол тухайн үсчин өөрийнхөө ур чадварыг үнэлсэн
үнэлгээ. Гэхдээ ажлын байрны нөхцөл байдал, түрээсээс шалтгаалаад тариф харилцан
адилгүй.  

-Ер
нь янз бүрийн тэмцээнд оролцоход хүнтэй ажиллах, маникантай ажиллах хоёрын аль нь
хялбар байдаг вэ?

-Мэдээж маникантай. Маникан хүн шиг үсэнд нь хүрэхээр ёо ёох гэж
орилохгүй шүү дээ. Ер нь амьд үс, амьгүй хиймэл үс хоёрын хооронд ч хэлбэрт орохоос
эхлээд олон давуу тал маниканд бий. Хүссэн засалтаа илэрхийлэхэд илүү дөхөм л дөө. 

-Эрхүү
хотын нэрэмжит тэмцээнд оролцохын тулд та ямар шалгуурыг давсан бэ?

-Нэг их шалгуулаад байсан юмгүй. Ер нь дотооддоо хэн нь сайн гэдгийг
үсчин мэддэг. Аливаа улс орны тэмцээнд үсчин, гоо сайханчид өөрсдийнхөө зардлаар
явдаг болохоор ихэнхдээ сонирхлоороо тэмцээнд оролцдог.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Төрийн компаниуд ихсэх тусам хувийн бизнесийн орон зай хумигдана

Ерөнхийлөгчийн яриад байгаа ухаалаг төрийн гол утгыг тайлж ядах юмгүй.
Ерөө­сөө л төр бизнест оролцохоо больё гэсэн санаа. Төр бизнес хийж иргэдтэйгээ
өрсөлдөхгүй гэсэн­дээ  л том төрөөс ухаалаг
төр рүү шилжье гээд байгаа юм. “Томорч данхайснаас ухаалаг байя” гэж түшмэдүүд нь
бултаараа дуугарсан энэ төр сүүлийн үед нэг л биш ээ. Амласныхаа эсрэгээр төрийн
компаниудыг харин ч нэг байгуулж өгч байна. Төрийн гэсэн компаниуд сүүлийн үед шил
дарах шинжтэй болоод явчихлаа. Хамгийн сонгодог жишээ нь ТОСК. Төрийн орон сууцны
компани гээд бүр тунхаглачихсан. Цөөхөөн хэдэн байшин зээлээр өгөх гэж байгаа нөгөө
компанид нь иргэд итгэж байна гэж. ТҮЦ машинд өдөржин, шөнө­жин оочерлож Буянт-Ухаагийн
хямдхан байрыг зүүдлэх нь холгүй хаврын урт өдрүүдийг өнгөрөөж байна. Арын хаалганы
цөөхөн хүн хямдхан байранд орох нь хэтээсээ тодорхой ийм юманд  ингэж хөл алдах хэрэггүй л дээ. Аягүй хямдхан
байранд азын сугалаагаар орно гэдэг хэтэрхий гэнэн хэрэг.

Сугалаа энэ тэр яриад сэдвээсээ хазайчихлаа, ТОСК-ийн тухай яг энэ
өнцгөөс урт яриа дэлгэвэл өчнөөн юм бий. ТОСК биширч харахаар буяны байгууллага
биш гэдгийг ганцхан  жишээгээр нотолъё. Төр
хувийн хэвшилтэй яаж өрсөлдөж байгааг эргээд нэг харъя. Нөгөө том нэр сүрээрээ үнэгүй
газар авчихаж байгаа юм. Бас болоогүй ээ, тэр газар руугаа  татвар төлөгчдийн буюу танаас, надаас, бид бүгдээс
авсан мөнгөөр дэд бүтэц татсан гэж байгаа. Ямар ч мөнгө зарахгүйгээр хамаг ажлаа
нугалсан гэсэн үг. За тэгээд цемент, будаг, тоосго төдийнхөнд хэдэн төгрөг зараад
орон сууцны хороолол босгочихсон. Хувийн компаниудтайгаа  өрсөлдөж хямд үнэтэй орон сууц санал болгоод байгаа
түүх нь ийм марзан. Хүний сэтгэл гэж сонин. Эмзэг асуудал дээр нь дөрөөлж байгаад
аятайхан юм ярьчихад л итгэлийн гал нь сүүмэлзээд ирдэг. Бүр худлаа үлгэр зохиогоод
яри­хаар бүр аймаар итгэхийг нь яана. Өнөөдөр яг л ийм юм болоод байна. Байрны үнэ
ийм хямдхан байхад гээд хувийн  компанийн
барьсан хотхонуудыг тоож ч харахгүй төрийн санаанаасаа зохиосон “азын сугалаа”-нд
итгээд сууцгааж байна.

Яг үнэндээ  орон сууц босох
ихэнх зардал нь газар, дэд бүтэцдээ байдаг. Одоо гэхэд л гэр хорооллын иргэдээс
газрыг нь худалдаж авах гэхээр ямар үнэ хэлж байгаа билээ дээ. Хэдэн зуун сая, зарим
нь бүр тэрбумаар нь амьдарч буй газраа үнэлж байгаа. Хотын төвийн гайгүй байршил
дээр хотхон барья гэвэл өчнөөн тэрбумаас нааш­гүй болсон цаг. Ийм үед барилгын компаниуд
газ­раа үнэгүй авсан төр шиг байшингийнхаа үнийг буулгах уу. Сая гаруйхан төгрөгөөр
метр квадратыг нь үнэлж зарах уу. Дээр нь дэд бүтэц татна гэж лут юм бий. Хэдэн
тэрбумаар нь зарж байж босгож бүтээдэг эд. Тэгэхээр өнөөдөр нийслэлд сүндэрлэсэн
ихэнх хотхоныг барьсан хувийн компаниуд үнээ буулгана гэдэг үлгэр. Дэд бүтэц, газраа
үнэгүй авсан төрийн барьсан “Буянт-Ухаа” хороололд хэдэн зуухан хүн л орно. Цаана
нь байгаа хэдэн мянга  нь “Буянт-Ухаа” хоёр,
гурвыг хэзээ баригдана гэж хүлээж суух вэ.

ТОСК энэ янзаараа муй­хар­лаж, хэзээ ч биелэхгүй үлгэрээ үргэлжлүүлээд
бай­вал Монголын барилгын салбар тун удахгүй элгээрээ хэвтэнэ. Тэд элгээрээ хэвтвэл
хэн хохирохов. Үлгэр ярьж иргэдийнхээ эмзэг асуудлаар тоглож байгаа төр лав биш.
ТОСК нь бол бүр ч биш. Хохирогчид нь зөвхөн байргүй иргэд.  Овоо дажгүй орон сууцжаад эхэлсэн нийс­лэл­чүүдийн
ихэнх нь гэр хороо­лолдоо л аж төрөн сууцгааж 
амьдрал үргэлжилнэ дээ.

Төрийн гараа дүрсэн бизнес яадгийг эргэж санац­гаая. Төр маань эхлээд
Таван толгойн ордод эзэн суусан. Одоо тэнд юу ч алга. Төмөр зам ч үгүй, баяжуулах
үйлдвэр, станцын аль аль нь сураггүй. Нүүрсний үнийг яриад байх юмгүй. Шалдаа буучихсан.
Уг нь анх олон улсын нээлттэй тендер энэ тэр зарлахад нь Америкийн “Пийбоди”-гоос
эхлээд “акул”-ууд сонирхсон л доо. Тэр үед нь жамаар нь явуулсан бол өдийд Таван
толгой дээр амьдрал буцалж байх байсан гэдэгт эргэлзэх юм алга. Төр Таван толгойн
ихэнх хэсгийг авсандаа сэтгэл нь ханаагүй. Таван толгойн нэг хэсэг Ухаа худаг дээр
баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барьж, Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгож
гялалзтал ажиллаж байсан хувийн компаниуддаа ч лай болоод амжсан. “Энержи ресурс”
уг нь хэдэн жилийн өмнө төмөр зам бари­хаар маршрутыг нь батлуулж, хөрөнгө мөнгийг
нь шийдчихээд байхад манай төр геополитик ярьж хөмсгөө зангидсаар байгаад болиулчихсан.
Ингэсний балаг нь үнээ алдсан  монгол нүүрс.
Хувийнхан мөнгөө гаргаад төмөр зам барья гэхэд бариулаагүй төр өнөөдөр төмөр зам
барих мөнгөгүй Хөгжлийн банкаа царайчлаад сууж байна.

Төрийн хошуу дүрсэн дараагийн том төсөл бол Оюу толгой. Дэлхийд гэж
яригдах “Рио” Эрдэнэтээс дөрөв дахин том энэ орд дээр хамгийн богино хугацаанд зэс
баяжуулах үйлдвэр бариад далд уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж байсан цаг
ердөө жилийн өмнө. Гэтэл төр өмнө нь байгуулсан гэрээгээ  өөрчилнө гээд гэдийчихсэн. За тэгээд Засгаас хэдэн
сайд, “Рио”-гоос бас хэдэн хүн нийлээд хэлэлцээрийн ширээний ард суусан даа. Одоо
хүртэл шанаагаа тулж сууцгаасан хэвээрээ. Уг нь маргалдаад байгаа шалтгаан нь их
энгийн. Төрийн эзэмшсэн хувьд л байгаа юм. Төр энэ том орд дээр 34 хувийн эзэмшилтэй.
Хөрөнгө оруулбал энэ дайны мөнгө гаргах ёстой. Ашиг олбол энэ хэмжээний хувь хүртэх
эрхтэй. Одоо бол ашиг олохоос өмнөх мөнгө зарах учиртай үе. “Рио” өчнөөн тэрбум
төгрөг гаргачихсан, харин төр мөнгө гаргаагүй. Харин ч бүр урьдчилж зээлээд өрөнд
орчихсон. Ухаандаа Болд Баттай таван сая төгрөгөөр талхны цех барьж хамтарна гэчихээд
цех байгуулах мөнгөө бүгдийг нь Батаар гаргуулсантай ялгаагүй юм болчихоод байгаа.
Бат нь мөнгөө гаргаад цехээ барьчихсан чинь сохор зоос гаргаагүй Болд “Чи ерөөсөө
аймаар их мөнгөөр цех барьчихаж” гэж заргалдаад байвал ямар вэ. Засаг өнөөдөр Оюутолгой
дээр ийм авир гаргаж дэлхийн уул уурхайд томд тооцогдох зэс, алтны төслийг гацаачихаад
байна. “Рио” баяжуулах үйлдвэр барих шатандаа их мөнгө зарчихсан юм байх. Одоо Оюу
толгойн  ашгийн наян хувийг олох далд уурхайн
бүтээн байгуулалт зогсчихсон байгаа. Уул уурхайн сайдын аашийг олохгүй гайхширч
буй “Рио”-г дагаад баахан мөнгө орж ирэхгүй гацсан хэвээрээ. Хөрөнгө оруулагчид
“Гадаадын хамгийн том хөрөнгө оруулагчдаа ингэж хандаж байгаа юм чинь биднийг яаж
ч магадгүй” гээд мөнгөө тас атгачихаад суугаад байна.

Ам.доллар галзуурсан шалтгаан ердөө энэ. Эдийн засагч, шинжээчид
америк доллар цаашдаа ч чангарна гэж дуугарцгаах боллоо. Ногоон валют дээшээ дээшээ
бүр дээшээ өгсөхийг үгүйсгэх аргагүй.

Нисэхийн салбар байна. Мөн л эрхэм хүндэт төр маань оролцоод бужигнуулчихсан.
Арай гэж хувийн бизнесийн зарчмаар өрсөлдөх гэж байсан компанийг нөгөө том сүр хүчээрээ
унагасныг бултаараа харсан. Монголын нисэхэд нарийн мэргэжлийн арваадхан хүн бий.
Төр тэднийг бүгдийг нь шорон руу ачаад бүхэл бүтэн нэг салбарыг эзэгнэнхэн төрж
байна. Товчхондоо төр сүүлийн үед  баруун,
солгойгүй компани байгуулж, иргэдийнхээ мөнгө олох боломжтой орон зай бүрийг  булааж байна. 

Иргэндээ л боломж олгоё гээд байсан нөгөө “ухаалаг төр” яасан бэ?
Сүүлийн жишээ. Төр даатгалын бизнес рүү орох гэж байна. Үндэсний даатгалын корпораци
гэсэн мундаг нэртэй айхтар газар байгуулна гээд Засгийн газар нь тогтоолоо гаргачихлаа.
Даатгалын салбар нь  хөлөө олоогүй бужигнаж
байгаа бол бас яая гэхсэн. “Монгол даатгал”, “Бодь даатгал”, “Номин даатгал”-аас
эхлээд үндэсний том компаниуд нь  даатгалын
салбарт гялалзаж байхад төр одоо юу вэ? Төр корпораци байгуулах болсон шалтгаанаа
“Хувийн даатгалын компаниудын хийж чадахгүй том үйлчилгээг бид үзүүлнэ” гэсэн гоё
тайлбараар хачирлана лээ. Уг нь шууд л “Илүү том мөнгө олдог бизнесийг нь бид авна”
гэчихсэн бол илүү шударга сонсогдох байлаа. Төр дэлхийн зах руу гаргаж байгаа уул
уурхайн бүтээгдэхүүний даатгалыг хариуцах юм гэнэ. Их доллар олдог салбараас овоо
мөнгө босгох аятайхан л санаа.  Өчнөөн жил
унаж босож явж, өнөөдрийн хөгжлөө бүтээсэн даатгалын компаниуд нь  холбоо байгуулаад “Төр бидний бизнесийг булаах
гэж байна. Наадахыг чинь бид хийж чадна шүү дээ” гээд байхад “Та нар чадахгүй ээ”
гэж гүрийхийн цаад утга нь юу юм бол. 

Даатгалын салбарт ажилладаг 17 компанийг нэгтгэсэн Даатгагчдын холбоо
одоохондоо мэдэгдэл гаргахаас өөрөөр чанга дуугарсан юм алга. Уг нь илүү хүчтэй
дуугармаар байгаа юм. Яг даатгалынхан шиг бусад 
салбарууд ч дор бүрнээ холбоо зөвлөл байгуулж  бизнест орохоор улайрч эхэлсэн төрийг зах зээлээс
шахахгүй бол энэ төр цаашдаа яаж ч магадгүй нь. Ингэж байж л хувийн хэвшил хөгжинө.
Хувийн компани, бизнес хүчтэй хөгжсөн улс л хүчирхэгждэгийг дэлхийн түүх нотлоод
байхад хувийнхан эрх ашгаа хамгаалан босч яагаад болохгүй гэж.

Дэлхийн улс орнуудад төрийн компани бий л дээ. Гэхдээ цэвэр бизнесийн
зарчмаар ажилладаг жинхэнэ төрийн компаниуд тэнд ажилладаг.  Учир нь хөгжсөн улс орнуудын төрийн компаниудын
захирал нь засаг солигдлоо ч суудлаасаа буудаггүй. Компанийн захирал нь бизнесийн
зарчмаар сонгогддог учраас төрд хэлэх юмаа хэлчихдэг гэсэн үг. Орлогыг чинь хурааж
халамжийн мөнгө тараана гэвэл “Битгий дэмий юм ярь” гээд хэлчихдэг нөхөд төрийн
компанийн толгойд сууж байдаг. Бизнесийн чигээс хазайхгүй ингэж ажилладаг учраас
айхтар улсын төрийн компаниуд дажгүй сайн ажиллаад байдаг юм.

Гэтэл манай төрийн компаниуд үнэн хэрэгтээ төрийнх биш. Улстөрийн
компани болчихоод байгаа. Нам солигдоход л Эрдэнэт үйлдвэрийн дарга солигддог.
“Эрдэнэс Таван толгой” ч ялгаагүй. Засгийн эрхийг нөгөө нам нь аваа л бол одоогийн
дарга суудлаасаа буух нь жам. Бизнесийн зарчмаар ажиллахгүй, захирал  нь нүүдлийн шувуу шиг ирж буцдаг компани яаж хөгжих
вэ дээ.

“Монгол шуудан” гэж  төрийн
том компани бий. Хамгийн том компани нь төрийнх учраас  шуудангийн салбарт хувийн компани гарч ирээд хол
явдаггүй. Эндээс ургуулаад бодохоор манайх шиг цөөн хүн амтай жижиг зах зээлтэй
улсад төрийн данхайсан том компани шиг хэрэггүй юм алга. Том байлаа гээд хөгжиж
сүйд болохгүй. Тэгсэн хэрнээ иргэдийнхээ мөнгө олох орон зайг хумиад дэмий данхайгаад
суугаад байдаг. Ийм нөхцөлд хөгжил ярина гэдэг ёстой нөгөө зангууны үлгэр шиг юм
болно.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Д.Базаргүр: Манайхан хүн чанараасаа болоод л спиртний хэрэгт нэр холбогдчихсон

-НӨХЦӨЛ НЬ БҮРДСЭН БОЛ ОДОО ЦАГДААД ХИЙЖ БАЙГАА ШИНЭЧЛЭЛИЙГ  2000 ОНД ХИЙЧИХ БАЙСАН. ОДОО ЦАГ НЬ БОЛСОН- 

  Цагдаагийн
ерөнхий газрын дэд дарга асан, хурандаа Д.Базаргүртэй хийсэн ярилцлагаа уншигч та
бүхэнд үргэлжлүүлэн хүргэж байна.

 
-Танаас хоёр зүйлийг асуумаар санагдаад байх юм. Олон жилийн
хугацаа өнгөрсөн болохоор нуугаад байх зүйлгүй байх.  “Центрпойнт”-ын гэх хэрэг, 17 чингэлэг спиртний
хэрэгт таны нэр холбогдож байсан. Энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж
байгаагүй. Хүмүүсээс сонсоод байхад та дээрх хоёр хэрэгтэй холбоогүй юм биш үү?

-Үнэн
юм үнэнээрээ сайхан байдаг. Энэ талаар ярилгүй олон жил чимээгүй явлаа. Ямар учраас
“Центрпойнт”-ын болон спиртний хэрэгт нэр холбогдох болсон талаараа ярьж болж байна.
Үнэндээ бол огт холбоогүй юм шүү дээ. Зарим нэр бүхий хүмүүсийн миний нэр хүндэд
халдсан явуулга байсан. Спиртний хэргийн талаар эхлээд ярих хэрэгтэй байх. Тухайн
үед тийм хэрэг мандсан. Манай албаныхан хэрэг мөрдөж яваад айлын хашаанаас цэнхэр
поошигтой спирт машины тэвшин дээр ачаатай байгааг илрүүлсэн юм билээ. Тэгээд нөгөө
машины жолоочийг саатуулаад хэргийг шалгах ажил эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгсэн
Ховд аймгийн хоёр цагдаа манайхантай ирж уулзсан байдаг. Хамаг зовлонгоо яриад,
банкнаас зээл авчихсан чинь төлөх хугацаа нь болоод, төлж чадахгүй байна. Тавиад
явуулчих гээд гуйсан байдаг. Тэр үед үнэхээр л цагдаа нарын амьдрал хүнд байсан
үе. Цагдаа цагдаадаа амьдралаа яриад ороод ирсэн юм билээ. Тэгээд л тавиад явуулчихсан.
Хүн чанараасаа болоод л явуулсан. Үүнийг хүмүүс мушгиад надтай холбож ярьсан байдаг.
Нөгөө спирт авч явсан хоёр цагдаа сайхан л явж байна. Хоёулаа хурандаа цолтой болчихсон
байна лээ. Хэрэв тэр үед манайхан хүн чанартай зан гаргаагүй байсан бол нөгөө хоёр
яах байсан бол. Тасгийнхаа залууст тухайн үед та нар тэр хоёр нөхрийг яагаад тавьж
явуулж байгаа юм гэж загнахгүй. Бас хүн чанартай зан гаргалаа гэж магтахгүй гэж
л хэлсэн. Өөр зүйл хэлээгүй ээ. “Центрпойнт”-ын гэх хэрэгт намайг холбогдсон гэж
өдөр тутмын нэг сонин дээр гарсан байдаг. Тэр хэрэг гарах үед би гэртээ л байсан
байхгүй юу. Намайг гүтгэж бичсэн сонин удалгүй “Д.Базаргүр хурандаа “Центрпойнт”-ын
хэрэгт холбоогүй юм байна” гэсэн залруулга гаргасан.Тухайн үед дээрх хэрэгтэй намайг
холбож бичүүлэх болсон шалтгаан нь том эрх ашиг байсан юм билээ. Чи асуусан болохоор
нууж хаалгүй ярилаа шүү.

-Б.Пүрэв генерал танай тасгийн залуусыг дэмждэг байсан гэдэг.
Тэр ч утгаараа хийж байгаа ажилдаа хоёргүй сэтгэлээр ханддаг байсан байх?

-Доороо
бат суурьтай дээрээ түшигтэй байхаар ажилд ахиц гарч ирдэг юм билээ.  Б.Пүрэв генерал манайхантай уулзаад “Та нар бол
цагдаагийн ассууд буюу шилдгүүд юм шүү. Монголын цагдаагийн нүүр царай” гэж хэлж
байсан. Мөн “Хэрэг мөрдөөд хөдөө, орон нутагт байнга явна. Мэдэхгүй газрынхаа өвс
ургамал, рашаан усыг хамаагүй идэж,  ууж болохгүй
шүү” гэж захидаг байсан. Генерал бидэнд үнэн үг хэлж байсныг удалгүй мэдсэн. Манай
нэг ажилтан Завхан аймагт явж байгаад рашаан ууснаас болж амиа алдаж байсан. З.Төрмандахыг
Эрүүгийн цагдаагийн даргаар томилох болсон шалтгааныг хүн бүр гайхдаг байсан.
24-хөн настай мөрдөгчийг шууд томилж байгаа юм. Б.Пүрэв генерал цаг үеэ мэдэрч байсан
байгаа биз. Тэр үед “Морин жилтэй залуус улс орныг удирдахаар гарч ирж байна. Тиймээс
эдгээр залуустай хөл нийлэх залуу хүн хэрэгтэй. Цагдааг удирдах хүнийг одооноос
бэлтгэх хэрэгтэй” гээд томилж байсан. Энэ юуг хэлж байна гэхээр маш алсыг харж байсан
байгаа юм. Одоо Монголын цагдаагийн байгууллагад Б.Пүрэв генерал шиг алсын бодолтой
хүн хэрэгтэй байна.  1990 оны жагсаалын үед
Монголын цагдаа жагсагч нарын өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж байгаагүй. Хэрэв
байдал эвгүйдсэн бол цагдаа нарыг хөдөлгөх боломж байсан.  Б.Пүрэв генерал ардчиллыг дэмжиж байсан хүн байгаа
юм. Намайг анх Дорнодоос хот руу шилжүүлж байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга  Дамдинсүрэн генералын итгэлийг алдаагүй ажилласан.

-Цагдаа нар хэргийн үнэнийг олохын тулд л мөрддөг.  Хэргийн нарийн учгийг тайлж чадаагүйгээс болж
гэм буруугүй хүн хохирох тохиолдол гардаг. Завханд гарсан хүн амины хэргийг та үнэн
зөв илрүүлж олон жилийн ял авах гэж байсан залууг суллаж байсан гэдэг?

-Завханд
нэг залуу амиа алдсан хэрэг гардаг юм. Дамбий гэх өвгөн хоёр хүүтэй. Хэрэг гардаг
өглөө эрт том хүү нь зүүн тийшээ адуундаа мордсон байгаа юм. Харин нөгөө хүү нь  баруун тийшээ үхэртээ явсан байдаг. Гэтэл үхэрт
явсан хүү нь хутгалуулсан байдалтай амиа алдсан байдаг. Дамбий гэх айлын ойролцоо
хоёр айл байдаг. Нэг хөгшин охинтойгоо амьдардаг. Хажууханд нь бас нэг айл. Тэр
айлд хэрэг гардаг өглөө идшээ авах гээд  Эрдэнэ-Очир
гэх залуу ирсэн. Тэгсэн гэрийн эзэн танай хоёр хонь эргүүтсэн байгаа. Энүүхэнд бий,
Чи мордоод олоод ир. Тэрийг идшиндээ хэрэглэ гээд явуулсан байгаа юм. Эрдэнэ-Очир
ч малаа тавьсан айлаасаа мордож яваад дурандаж байгаад нэг хүн хээр хэвтэж байхыг
харсан. Тэгээд яваад очтол талийгаач амиа алдсан байдаг. Ингээд гэрийнхэнд нь дуулгасан
юм. Талийгаачийн ар гэрийнхэн Эрдэнэ-Очирыг буруутгаад байгаа. Жил гаруйн өмнө гутлынхаа
түрийнд  тонгорго хутгатай явсан. Тэр хутгаараа
хүүг минь хутгалсан гэж аав нь мэдүүлээд байгаа. Ингээд Эрдэнэ-Очир хүн амины хэрэгт
шалгагдаж эхэллээ. Миний олж тогтоосноор Дамбийгийн ойролцоо байсан айлын охин нь
урд энгэр рүү адуугаа тууж явсан хоёр хүнийг харсан байдаг юм. Тэд жалга руу орсноос
хойш удалгүй цулбуураа чирсэн морь үргээд гараад ирсэн гэдэг. Араас нь явган хүн
гарч ирсэн. Тэгээд нутгийнхан цулбуураа чирсэн морийг барьж авах үед жолоогоо эмээлийнхээ
бүүргэнд сойчихсон байсан байдаг юм. Явган гарч ирсэн хүн талийгаач залуугийн ах
нь.  Морио үргээгээд алдчихлаа гэж хэлсэн
юм билээ. Улмаар ах нь энэ хэргийг үйлдсэн болох нь цаг хугацааны хувьд таардаг.
Тэр үед Эрдэнэ-Очир хутгаа айлд үлдээгээд явсан байсан. Энэ мэт зүйлээс Эрдэнэ-Очир
гэх залуу хэрэгт хамааралгүй гэдгийг тогтоосон. Улсын дээд шүүхийн дарга Ганбат,
шүүгч  Батсайхан нар зөв хүлээж авсан. Тэгээд
хуралдаад Эрдэнэ-Очирыг хэргээс чөлөөлж байсан.

-Таны илрүүлж чадаагүй хэрэг гэж бий юү?

-Байлгүй
яахав. Илрүүлж чадахгүй хэрэг байна шүү дээ. Би хөдөө, малтай ойр өсөөгүй болохоор
тэгдэг юм уу малын хулгайн хэргийг тааруу илрүүлдэг байсан. Малын зүс, тамга надаас
хол санагддаг байсан. Халаасны хулгайн хэрэг дээр ч гэсэн сайн ажиллаж чадахгүй
байдаг байсан. Илрүүлэх тал дээрээ тааруу гэж хэлж болно.

-Авдрантад гарсан аймшигт хэргийн талаар асуух зүйл байна.
Хоригдлууд болон хорих ангийн хянагч нарыг амийг хөнөөсөн Ч.Чулуунбаатар нарыг тусгайгийнхан
болон цагдаа нар эсэргүүцэл үзүүлэлгүй буудсан гэдэг. Энэ талаар ярихгүй юу?

-Онгорхой
хочит Ч.Чулуунбаатар, Н.Төртогтох гэх хоригдлууд олон хүнийг онц хэрцгийгээр хөнөөгөөд
оргосон. Нийгмийг айдаст автуулсан хэрэг юм. Бид хэрэгтнүүдийн араас нэхэн хөөж  Хүүлэйхан уулын энгэрт байгааг тогтоосон. Тэгээд
баривчлах ажиллагаа эхлэх гэж байхад тэд гал нээсэн. Унаж явсан машиныг хэд хэдэн
удаа оносон байсан. Тэгээд л буудалцаан гарсан. Гэхдээ Ч.Чулуунбаатар нар амьд байсан.
Замдаа шархаа даалгүй амиа алдсан.  Үнэхээр
тэд  яахаас ч буцахгүй байдалтай байсан.  

-Цагдаагийн байгуул­лагад шинэчлэл хийгдэж байна. Энэ талаар  юу гэж бодож байна вэ?

-Энэ
тогтолцоо руу орох ёстой гэж бодож байна. Бид 1990 оны дундаас 2000 онд миний бие
Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үед энэ талаар  яригдаж байсан. Тэр үед энэ тогтолцоо руу орчихвол
яах бол гэж  ярьдаг, судалдаг байсан. Бүр
ийм тогтолцоо руу орно гэж байсан.  Хэрэг
илрүүлэх алба тусдаа байх хэрэгтэй юм байна гэдгийг судалсан. Гэвч шинэчлэлийг хараахан
хийж чадаагүй юм. Тухайлбал, сумдад нэмж ажилтан тавих гэхээр боловсон хүчний хувьд
дутмаг байсан. Улс, орны эдийн засгийн чадавхи сул байсан. Тиймээс одоогийн яригдаж
байгаа тогтолцоог тэр үед хийж чадаагүй юм. Харин энэ талаар хэлчихмээр зүйл ганц
нэг харагдаад байгаа. Шинэ тогтолцоонд орно гэдэг шинэ горимоор ажиллана гэсэн үг.
Тиймээс албан хаагч нараа сургалтад хамруулах хэрэгтэй. Бүсчилсэн байдлаар сургалтыг
зохион байгуулах хэрэгтэй юм. Цагдаа нарын дунд яригдаж байгаа гол зүйл нь цолны
асуудал. Одоогийн яригдаж байгаа хуулиар хурандаа цолтой хүн дэд хурандаа болж буух.
Хошууч байсан хүн хурандаа болж дэвших болж байх шиг байна. Би Эрүүгийн албаны хүн.
Гэмт хэрэг илрүүлэх албанд байсан. Бага цолтой албан тушаал дээр олон жил ажиллаж
байсан мөртлөө өндөр цол авч байсан. Хурандааг тасгийн даргаар ажиллуулах гэхээр
дэд хурандаа болоод буучихна. Тиймээс хурандаа нарыг өөр газар дарга болох ажилд
явуулах хэрэгтэй болно. Ингээд ирэхээр  мөрдөх
алба чинь сулраад ирнэ шүү дээ. Миний удирдаж байсан тасгийн  мундаг залуусыг тогтоохын тулд бид чиглэлийн ахлах
гэх албан тушаалыг гаргаж байсан. Тэгсний хүчинд  З.Төрмандах, Д.Мөрөн, А.Дулаанжаргал, Б.Болдбаатар,
С.Эзэннай­рам­дах гэсэн ааг нь багтаж ядсан мундаг залуусыг найман жил тогтоосон
байхгүй юу. Ингэж л гэмт хэрэг илрүүлэх алба тогтвортой ажиллаж байсан. Харин одоо
ахлах ажилтан гэсэн хамгаалалт байхгүй болчихлоо. Дарга бол олдоно. Гэмт хэрэг илрүүлэх
ажлыг хүссэн хүн бүхэн хийдэггүй юм. Гэмт хэрэгтнээс илүү ухаан гаргаж, давж бодож
байж л гэмт хэргийг илрүүлнэ шүү дээ. Өөр нэг зүйл нь цагдаагийн томилгоонд нөлөөлж
боло­хуйц улстөрчид өөрсдөө нуруутай байх хэрэгтэй. Нэг улстөрч гарч ирээд цагдаагийн
удирдлага бүрэлдэхүүнд дураараа өөрчлөлт хийдэг. Тэгээд ирэхээр замбараагаа алдана.
Тиймээс  шинэчлэл, тогтолцоонд орж байгаа
энэ үед  улс төрчид шинэ ухамсар, төлөвшил
хэрэгтэй байна. Ингээд хэлээд байвал олон зүйл бий. Гэхдээ гол санаа нь энэ.

-Мөрдөх албаны тухай таны бодол?

-Мөрдөх
алба гэдэг маань ерөөсөө глобалчилсон хэргүүд буюу гадаадын улс, орнуудтай харилцах,
хамтарч ажиллахаас өөр арга замгүй хэргүүдийг илрүүлэх алба шүү дээ.  Монгол Улсад 
ман­сууруулах бодис, хүний наймаа, эд эрхтний наймаа, улс дамнасан мөнгө
угаах,  зэвсгийн наймааны хэргүүд харанга
дэлдэж байна. Саяхан гарсан “Цахлай нисэх гэж төрдөг” гэсэн кинон дээр яг харагдаж
байна лээ. Хар тамхины хувьд манай улс бүүр идэвхтэй тээвэрлэгч хэмжээнд хүрсэн
байгаа юм. Монгол Улс энэ төрлийн гэмт хэрэгтэй дорвитойхон тэмцэхээс өөр арга замгүй.
“Ингээд байгаад байж болохгүй ээ” гэж гарч буй хэргүүд хэлээд байна. Уг нь энэ хэргүүдийг
хуулиар тагнуулын байгууллага илрүүлэх ёстой. Харамсалтай нь тагнуул одоохондоо
энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Эрүүгийн шинжтэй хэргүүдийг илрүүлэх чадамж
муу байна. Үүнээс болж хэргүүдийг гараасаа алдчихаад байна. Нөхцөл байдал ийм байхад
Мөрдөх алба байгуулах ёстой. Харин байгуулахаасаа өмнө одооноос боловсон хүчнээ
бэлтгэж эхлэх хэрэгтэй байна. Хэд хэдэн хэлтэй, хэрэг илрүүлэх чадвартай, сүүлийн
үеийн тоног төхөөрөмж ашиглах мэдлэгтэй, техник тоног төхөөрөмжөө бүрэн ашиглах
хэмжээний бүх чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Одоо байгаа техник, технологио
бүрэн шинэчлэх хэрэгтэй. Тагнуулын газар тааралдсан болгоноо авах юм бол мөрдөх
алба ажиллаж чадахгүй. Өндөр шаардлага бол цагдаагийн байгууллагын гол зарчим байх
ёстой.

-Өөр нэг зүйл нь гаднын орнуудын тагнуул болон холбогдох байгууллагатай
шинэ түвшинд нягт ажиллах хэрэгтэй байх?

-Ер
нь гаднын орнуудын тагнуулын байгууллага бусад улсын тагнуултай харилцах сонирхол
өндөр биш байдаг. Аль ч орны тагнуулын байгууллага нягт ажилладаггүй гэхэд болно.
Харин Олон улсын цагдаа буюу интерполын салбаруудтай хамтарч, нягт ажиллах боломж
бүрэн бий. Юуны төлөө вэ гэхээр мэдээлэлтэй байхын тулд. Ялангуяа Зүүн өмнөд Азийн
орнуудад хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг ихээр гарч байна.
Иймээс тус бүсийн Олон улсын цагдаатай хамтын ажиллагааг даруй идэвхжүүлж, хамтрах
хэрэгтэй. Бидэнд мэдээлэл л хамгийн чухал. Жишээ нь, Монгол Улсын нэг иргэн хар
тамхины хэргээр баривчлагдах эсвэл хэн нэг бүсгүй хүний наймааны золиос боллоо гэхэд
бидэнд тэр талаарх мэдээлэл байх хэрэгтэй. Тухайлбал, тус бүс нутагт хар тамхи,
хүний наймаатай холбоотой ямар ямар гэмт бүлэглэлүүд байдаг. Тэдний алинтай нь манай
улсын хэн гэгч холбоотой байдаг вэ гэдэг талаарх мэдээллийг бид мэдэж байх ёстой.
Одоогоор манайд тийм мэдээлэл хомс байна. Бид одоогоор хэнтэй ч нягт холбоотой ажиллаж
чадахгүй байгаа. Энэ мэтээр л сургалтад бэлтгэж, харилцаа холбоог шинэ түвшинд гаргах
замаар өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой.

-Энэ бүхний эхлэл тавигдаж байна гэж ойлгож болох уу?

-Хаврын
чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр болж байх шиг байна. Гэхдээ хамгийн гол
нь энэ хуулийг батлуулахгүй байх лобби гадуур явагдаад байна. Лоббиг зөв ашиглавал
улс, оронд хэрэгтэй, буруу ашиглавал хохиролтой. Тиймээс бид маш зөв, цэгцтэйгээр
алхмаа эхлүүлэх хэрэгтэй. 

Э.ХҮРЭЛБААТАР

  

 

Categories
редакцийн-нийтлэл

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урагштай явж байна

НИТХ-ын
дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал
хариуцсан орлогч С.Очир­бат, Нийслэлийн гэр хо­рооллын хөгжлийн газрын дарга Ц.Ганхуяг
болон нийслэлийн Ерөн­хий тө­лөв­лөгөөний газрын холбогдох мэргэжилтнүүд нийс­лэлийн
зарим байршил дахь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж
танилцлаа.

Өнгөрсөн
жил БХБЯ, НЗДТГ-тай хамтран “Хилчин” хотхоны ойролцоо буюу СХД-ийн 30 дугаар хороонд
Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу газар шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлсэн би­лээ.
Тус хорооны 168 айл дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлснийг нийслэлийн
удирд­лагуудаас дэмжин ийн ажил хэрэг болгожээ. Гүйцэтгэгчээр “Атмор” компани ажиллаж
байна. Тэдгээр айлууд нь дахин төлөвлөлтөд хамрагдсанаар инженерийн шугам сүлжээнд
бүрэн холбогдон, 1.5 км хатуу засмал зам тавиулахаас гадна өнгө үзэмж сайтай нэгэн
жигд төмөр сараалжийн төмрөөр хашаалах юм. Өчигдрийн байд­лаар авто замынх нь суурь
хучилт хийгдсэнээс гадна айлуудаа бү­рэн хашаажуулсан байсан юм. Харин халаалтыг
нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нүүрс шингэрүүлэх станцыг барих юм байна.
Өөрөөр хэлбэл нүүрсийг шингэрүүлж иргэдэд түгээх аж. Цэвэр, бохир усны гол шугамууд
нь тавигдсан бөгөөд тэндээс айлууд руу татах салбар шугамын ажил үлджээ. Нүүрс шингэрүүлэх
хийн станц нь мянгаад айлын хэрэгцээг хангах хүчин чадалтай. Төслийг ирэх улиралд
багтаан дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

“Хера
констракшн” компани нь СХД-ийн зургаа, долдугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийг
хэрэгжүүлэгчээр сонгогдсон бөгөөд эхний ээлжинд тус бүр нь 63 айлын есөн давхар
гурван орон сууц барихаар суурийг нь ухаад эхэлчихсэн байсан юм. Төвийн ус дулааны
шугаманд хол­богдохоор зураг төсөл нь гарсан юм байна. Эдгээр байрууд нь бүрэн цутгамал
юм байна. Эхний ээлжинд най­ман айлын 4000 гаруй м.кв талбайг чөлөөлөн дээрх барилгын
ажлаа эхлүүлжээ.

СХД-ийн
тавдугаар хороонд “Жи Ди” компани дахин төлөв­лөлтийн хүрээнд 52.6 га талбайд барилгажилтын
ажил хийж гүйцэт­гэхээс өчигдрийн байдлаар 4.9 га талбайд 15 болон 12 давхар гурван
барилга барихаар төлөвлөсөн байсан юм. Бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд эхний
ээлжинд 32 айлын газрыг чөлөөлөх бөгөөд үлдсэн 40-өөд айлын газрыг ирэх зунаас чөлөөлснөөр
эхний ээлжийн бүтээн байгуулалт явагдах 4.9 га талбай бий болох гэнэ. Тус хороонд
нийтдээ 10-15 давхрын 51 байр баригдахаас энэ ондоо эхний хоёроос гурван байрыг
ашиглалтанд оруулахаар ажиллах юм байна. Дулааны асуудлыг нь шийдчих юм бол төвийн
цэвэр, бохирын шугаманд холбогдчих юм байна.

“Назу
пропорти” компани нь Сонгинохайрхан дүүрэг дэх Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байрны
ойролцоох 11.5 га талбайд орон сууцжуулахаар сонгогдсон. Дэд бүтцийн зураг төсөл
нь ирэх сард гарснаар барилгын ажил эхлэх боломжтой. Энэ хэсэгт нийтдээ 1950 айлын
орон сууц барихын тулд 240 гаруй айлын газрыг чөлөөлнө. Энд цахилгаан, цэвэр усаар
хангахад хүндрэлгүй хэдий ч бохирынх нь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар
компанийн ажилтнууд уламжилж байсан юм. Харин дулааны асуудлыг бие даасан хэлбэрээр
шийдэх хэрэгтэй гэх үүргийг Нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байлаа. Энэ зунаас
гурван барилгын аж­лыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Бор­луулалт дээр НОСК-тай хамтран
ажиллах хүсэлтэй байгаа юм байна. Энд орон сууцнаас гадна 640 хүүхдийн сургууль,
240 хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний төв байгуулагдах аж.

Чингэлтэй
дүүргийн долоогоос арваннэгдүгээр хороонд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр сонгогдсон
“Өндөр буянт холдинг”-ийн ажил удаашралтай явагдаж байсан юм. Биднийг ажлын талбай
дээрээ бус албан тасалгаандаа угтаж авсан бөгөөд ерөнхий төлөвлөгөөгөө батлагдахыг
хүлээж суусан юм. Энэ хэсэгт дулааны шийдлийг нь өөрөөр хийх хэрэгтэй болох нь зураг
төслөөс нь харагдаж байлаа. Чингэлтэй дүүргийн 13 болон 15 дугаар хороонд “Асар
өргөө” болон “Буурал сутай” ком­паниуд барилгажилтын ажлыг эхлүүлжээ. Тус бүр
7.5 га талбайд барилгажилт, тохижилтын ажлыг хийхээс эхний ээлжинд “Асар өргөө”
компани таван давхар 20 айлын хоёр барилга барихаар төлөвлөн, суурийг нь ухчихсан
байсан юм. Харин “Буурал сутай” компани таван айлын чөлөөлсөн газар дээр 12 давхар
барилгынхаа суурийн арматураа зангидчихсан байсан бөгөөд удахгүй цутгалтаа хийнэ
гэж байсан юм. Энд цахилгаан, цэвэр бохирын шугаманд холбох ажил нь асуудалгүй гэнэ.
Харин халаалтыг нэмж хоёр уурын зуух барихаас гадна, одоогийн уурын зуухных нь хүчин
чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд “Цэлмэг
Ази” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Өчигдрийн
байдлаар тус бүр нь таван давхар хоёр барилгынхаа суурийг тавьчихсан байлаа. Харин
ойролцоох бохирын байгууламж нь саарал усаа хөрсөнд нэвчүүлдэг учраас ухсан газрынх
нь зүүн хойд хэсгээс ус нэвчжээ. НИТХ-ын дарга Д.Баттулга “Эхлээд цэвэрлэх байгууламжаа
барьж ашиглалтанд оруулах хэрэгтэй. Үүнийхээ дараа одоогийн хөрсөнд саарал усаа
нэвчүүлдэг цэвэрлэх байгууламжийн шугамыг тэндээ холбо. Тэгээд барилгын ажлаа эхлүүлэх
хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг өгсөн юм.

Дээрх
бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтүүд нь хийгдчих­сэн учраас санхүүгийн тал дээр
хүндрэлгүй аж. Гагцхүү ганц нэг­хэн байршил дээр зураг төсөл нь батлагдах, газар
чөлөөлөлт, дулааныг нь шийдвэрлэх зэрэг багахан хүндрэлүүд гарч байгаа ч үүнийг
шийдвэрлэхээр ирэх долоо хоногт хотын удирдлагууд барилгын компанийнхантай зөвлөлдөх
гэнэ.

М.УУГАН-ЭРДЭНЭ  

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюундарь: Улс төрийн намын тухай хууль батлагдахаас өмнө намыг бужигнуулах онцын шаардлага алга

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай
ярилцлаа.

      

-Тэгэхээр танай намаар сүүлийн үед ямар
сонинтой вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Манай нам 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласан.
Үүний хүрээнд намын анхан шатны байгууллагуудад хүрч ажиллахаар төлөвлөж байна.
Тэдэнд зориулж  багаар ажиллах, манлайлагч
байх тухай сургалт явуулахын зэрэгцээ намын мөрийн хөтөлбөрийн явц, ирэх  2016 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар  сумдын чуулган хийхээр бэлтгэж байна. Энэ бол  нэлээд урт хугацааны нарийн төлөвлөлттэй ажлууд
л даа. 

-АН засгийн эрхэнд гараад  бараг хоёр жил болох нь. Сонгуулиар амласан мөрийн
хөтөлбөрийн биелэлт ямар байгаа бол, ажлын бүтээмж хэр байна гэж дүгнэж байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт  жил бүрийн тайлангаар тодорхой гарч байгаа. Өнгөрсөн
сонгуулиар манай намаас гаргасан мөрийн хөтөлбөрийнхөө дагуу Засгийн газар ажлаа
явуулж байна. Мэдээж дөрвөн жилийн дотор амжихааргүй том зорилтууд манай мөрийн
хөтөлбөрт бий. 2030-2040 он гэхэд үр дүн нь харагдахаар бүтээн байгуулалтын ажлууд
олон тусгагдсан. Энэ бүхний биелэлт яг тэдэн хувьтай явж байна гэх боломж одоо байхгүй.
Тодорхой тоогоор илэрхийлсэн бодитой зорилтууд байсан. Тухайлбал, аймгуудыг  хатуу хучилттай замаар холбоно, оношилгооны төвтэй
болгоно гэх мэтийн ажлууд эхнээсээ хэрэгжиж буйг  хүн бүхэн харж байгаа биз ээ. 

-Улс төрийн намууд сүүлийн үед хэлэлцүүлэг
ихээр зохион байгуулдаг болжээ. Гэхдээ эрх баригч намынхан оролцдоггүй, оролцохоороо
үл ойшоо­сон байдалтай шүүмжлэл хэлээд гардаг гэсэн яриаг улс төрийн намууд гаргаад
байх шиг байна…

-Хамгийн сүүлд МАН-ын зохион байгуулсан хурал үнэхээр шүүмжилмээр
байсан шүү дээ. Хэлэлцүүлгийнхээ урилгыг хурал болохын өмнөх өдөр өгсөн.  Тэгээд хүрээд очтол Үндсэн хуулийн өөрчлөлтөөс
эхлээд маш олон чухал хуулиудын тухай том агуулгатай зүйлүүдийг багтаасан уриалгад
шууд гарын үсэг зуруулна гэсэн.  Үнэндээ энэ
тухай нь МАН-аас бусад намууд урьдчилж мэдээгүй. Намынхантай ярьж зөвшилцөөгүй мөртөө
намууд тэр уриалгыг нь тойруулаад гарын үсэг зураад байсан.  Хэлэлцүүлгийг ингэж биш, утга учиртай хийх ёстой.

Дээрээс нь тэнд ирсэн хэвлэлийнхэн  миний хэлсэн үгийг хасч монтажлаад зөвхөн шүүмжлэлтэй
хэсгийг нь цацаад байна лээ. Ямар ч байсан тэр хэлэлцүүлэг зорилготой, утга учиртай
байгаагүй.  Иймэрхүү шоунд бид оролцох ч ёсгүй.

-Ямар учраас?

-Сөрөг хүчин нийгмийн өөрчлөлтийн талаар шүүмжлэл өрнүүлэх
хэлэлцүүлгийг хийдэг. Тэр нь эрх барьж байгаа намын үйл ажиллагаанд ажил хэрэгч
зөвлөгөө болох ч тал байдаг. АН сөрөг хүчин байхдаа иймэрхүү хэлэлцүүлгүүдийг хийдэг
байсан. Харин эрх баригч нам тийм хэлэлцүүлэгт оролцож явдаггүй юм. Яагаад гэвэл
тэд улс орныг удирдаж,  ажил хийж яваа хүмүүс.
Тэртэй тэргүй нийгмээс ирж байгаа шүүмжлэлийг 
үйл ажиллагаандаа тусгаад бодлого шийдвэрээ гаргаж яваа. Эрх баригчид бол
ажил хийдэг болохоос хэлэлцдэг хүмүүс биш ээ. Өөрсдөө ажил хийх үүрэгтэй байж, үүнийг
өөрчилнө, ингэнэ, тэгнэ гээд хэлэлцээд суух нь зүйд нийцэхгүй.

-Эрх барьж байгаа хүчин бусдын саналыг
сонсч, зөвшилцлийн журмаар ажлаа явуулах ёстой биш гэж үү?

-Улс төрийн намын үүрэг зорилгыг онолынх нь талаас бодох ёстой.
Улс төрийн намууд ямар бодлогоор улс орныг авч явах юм бэ гэдгээ сонгуулиар танилцуулж
өрсөлддөг. Ард түмний итгэлийг хүлээсэн нам нь засгийн эрх авч, парламентад олонхи
болдог. Тиймээс  ард түмний дунд хэлэлцүүлэг
зохион байгуулж, санаа бодлыг нь сонсох юм уу эсвэл парламентын ажлыг зөвшилцлөөр
явуулах ёстой.

Энэ нь ард түмнээс нэг ширхэг ч санал аваагүй парламентын
гадна байгаа намуудын хийх ёстой ажил биш. Ийм хэлэлцүүлэг өрнүүлээд түүндээ эрх
баригчид ирсэнгүй гэж ярих хэрэггүй.

-Ер нь ард түмнээс санал аваагүй, парламен­тад
суудалгүй намууд хэн ч биш. Хэлэлцүүлэгт оролцох, зохиох эрхгүй гэж үү?

-Ерөөсөө тэгж хэлээгүй. Онолын хувьд зарчим ярьж байна. Парламентад
сонгогдсон намууд, гишүүд тэртэй тэргүй ард иргэдийн үгийг сонсч бодлого шийдвэртээ
тусгаад явж байгаа. Харин Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт
оруулахаар УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Энэ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж,
жижиг намуудыг оролцуулаад байгаа юм. Яагаад гэвэл энэ хуулиудад улс төрийн бүх
намын эрх ашиг хөндөгдөх учраас тэдний оролцоо, санал нь мэдээж чухал байлгүй яахав.
Түүнээс биш өөр бусад асуудлаар байн байн парламентын гадуур цуглараад асуудал хэлэлцээд
байгаа нь улс төрийн онолынхоо эсрэг юм болоод байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга ч жижиг
намууд байх хэрэггүй гэж хэлснээсээ болоод нэлээд шүүмжлүүлээд авсан.  Ер нь АН-ын байр суурь жижиг намуудыг татан буулгахад
оршиж байна гэдэг ойлголт сүүлийн үед бий болчих шиг боллоо?

-Сонгуулиар шалгарсан намуудын хүрээнд аливаа бодлого хэлэлцэгддэг
бусад орны туршлагууд байдаг юм билээ. Үүнээс үндэслэж  Д.Эрдэнэбат гишүүн зүгээр санал гаргасан юм билээ.
Түүнээс биш энэ нь  АН-ын байр суурь биш.
Мэдээж аливаа хэлэлцүүлгийн явцад хүмүүс олон орны туршлагыг ярьж, янз бүрийн санал
хэлдэг шүү дээ.

Тэр л маягаар явсан болохоос тэгж өөрчилнө гэж яриагүй. Үүнийг
нь өлгөж аваад улс төр хийсэн байх.

УИХ-аас гарсан ажлын хэсгүүд Улс төрийн намын тухай, Сонгуулийн
тухай хуулийн төслүүдийг жижиг намууд маш сайн танилцуулж байгаа байх. Үнэхээр тэд  нухчин даруулахгүй л гэж байгаа бол эдгээр хуулиудын
ажлын хэсгээр дамжуулж, саналаа оруулах эрх нь нээлттэй шүү дээ. 

-Эдийн засаг хямарч, ам.долларын ханш
дийлдэхээ байсан энэ хүнд үе яг АН-ыг засаг барих хугацаанд бий болчихлоо. Та энэ
талаар ямар бодолтой байгаа вэ?

-Ер нь эдийн засаг бол ямар нам эрх барьснаас үл хамааран
унаж, сэргэдэг шүү дээ.

Эдийн засгийн хямрал дэлхий нийтийн хэмжээнд явагдаж байгаа
зүйл. Өнөөдөр бид Орос, Хятад гэсэн хоёрхон худалдан авагч, нийлүүлэгчтэй. Тиймээс
тэнд хямрал болбол манай эдийн засаг унадаг. Хятад улс нөөц хуримтлуулах шаардлагагүй
гэж үзээд зэс, нүүрс авахаа болиход л  манай
эдийн засаг хямарч байна. Хамгийн гол нь бид эдийн засгаа сайн байх үед тодорхой
хэмжээний нөөц хуримтлуулж чадаагүй сул цацсаныхаа горыг өнөөдөр амсч байна. Харин
сая Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль гаргасны хүчинд алтны нөөц нэмэгдэх
хандлагатай болж байна. Зөв бодлого явуулбал үр дүн нь ийм хурдан гардгийн жишээ
энэ. Алтын үнэ нэмэгдээд ирвэл ам.долларын ханш баригдах сайн талтай.

Нөгөө талаасаа нэг зүйлийг эргэцүүлмээр байгаа юм. С.Батболдын
Засгийн газрын үед  нүүрс, зэсийн үнэ дэлхийн
зах зээл дээр дээд цэгтээ хүрсэн.

Тийм учраас манай ДНБ-ий өсөлт их байсан. Харамсалтай нь тэр
үед зам тавьсан бил үү. Ямар бүтээн байгуулалтууд хийлээ. Өсөөд байгаа эдийн засаг,
ДНБ нь яагаад хүмүүсийн нүдэн дээр зам, барилга болж харагдаагүй юм.  Тухайн үед болж байсан эдийн засгийн чуулган дээр
хүмүүс үүнийг л асууж байсан. Сэтгүүлчдийг ингэж асуухад хариулж чадах хүн олдохгүй
байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр эдийн засаг муудлаа гээд шүүмжлээд байгаа боловч
1800 гаруй км зам тавьчихлаа, хотын уулзваруудыг цэгцэллээ. Удахгүй Амгалангийн
дулааны станц ашиглалтад орох нь. 11 аймаг оношилгооны төвтэй болох нь. Амьдрал
эцсийн эцэст жижиг зүйлээс бүтдэг гэж Дейл Карнегийн үг бий шүү дээ. Үүн шиг бид
өнөөдрийг хүртэл том том өсөлт ярьсаар ирсэн болохоос хэзээ ч замын түгжрэл, хүүхдийн
цэцэрлэгт анхаарал хандуулж байсангүй. Энэ бүхнийг АН хийгээд ирэхээр “жижиг, сажиг
юм хөөцөлдлөө” гээд шүүмжлээд байна. Ер нь бол олон түмэнд таалагддаг юм гэж байдаггүй.
Тэд үргэлж шүүмжилдэг,  шүүмжлэх ч эрхтэй.
Гэхдээ эцсийн дүнг сонгууль тавьдаг. Үүнээс өмнө бид эрх баригчдыг сайн, муу ажиллалаа
гэж дүгнэх  шаардлага байхгүй.

-Оюу толгойг ядаж ажиллуулахгүй бол хөрөнгө
оруулалт бүр зогсчихлоо. Хүмүүс мөнгөгүй болчихлоо гэдэг л яриа гадуур байна л даа?
 

-Хөрөнгө оруулалт бол дэлхийн эдийн засагтай холбоотой. Дэлхийн
зах зээлд худалдан авалтын эргэлт удаашраад ирэхээр томоохон хөрөнгө оруулагчид
харзнаад эхэлж байна. Зөв үед шийдвэрээ гаргах гээд хүлээж байгаа байх. Оюу толгойн
асуудлыг хувь хүнийхээ хувьд сонирхож үзсэн л дээ. Гэтэл Монголын Засгийн газар
Оюу толгойд цахилгаан тавьж өгнө гэж амлачихаад биелүүлээгүй. Оюу толгой өөрсдөө
хөрөнгө зарж Хятадаас шон татсан. Монгол Улс Оюу толгойд зам тавьж өгөх ёстой байсан
ч хийгээгүй. Оюу толгой мөн л өөрсдөө замаа тавьсан. Энэ бүхэнд зарцуулсан хөрөнгийг
одоо яах вэ  гэдэг дээр маргаан үүсчихээд
гацаад байгаа  юм байна гэж хар ухаанаар ойлгосон.  Өмнөх засгийн үед ийм алдаатай ажилласны гор нь
өнөөдөр Оюу толгойг гацаачихаад байгаа юм биш үү. 

-Одоо намын дотоод асуудал руу оръё.
АН-ын ҮЗХ хэзээ хуралдах вэ. Эсвэл хуралдахгүй юу гэдэг асуулт өнөөдрийг хүртэл
хариултгүй явна. Тодорхой шийдэлд хүрсэн болов уу?

-ҮЗХ жилд хоёр удаа хуралддаг. Төдий өдийд хуралдана гэдгийг
намын дарга юм уу эсвэл ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналаар шийддэг. Өнөөдрийн
хувьд Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх асуудал яригдаж байна.  Энэ хууль хэрвээ батлагдвал улс төрийн намууд
тогтолцооны хувьд эрс өөр болох юм. Үүнээс өмнө намыг бужигнуулаад байх онцын шаардлага
алга. Нөгөө талаар манай нам 16 аймагт засаг барьж байна. Эрх баригч намын хувьд
улс орны хэмжээнд шийдэх ёстой олон ажил байна. Энэ үед заавал ҮЗХ хуралдуулах шаардлага
байна уу гэдэг асуудал байгаа юм. Гэхдээ манай нам олон фракц жигүүртэй. Тэднээс
бүрийн санаа оноо, шаардлага тавьж байна. Тэр болгонд тухай бүрт нь хариулт өгөөд
асуудлыг тайлбарлаж байгаа.

-АН ротацигүй болчихсон. Гол нь үүнийгээ
дүрэмдээ буцааж тусгах асуудлыг ҮЗХ-гоор ярья гээд байгаа. Улс төрийн намын тухай
хууль батлагдчихвал үүнийг зохицуулчихна гэж үү?

-Хэрэв ҮЗХ хуралдаад дүрэмдээ ямар нэгэн өөрчлөлт оруулж,
дотоод сонгууль явуулахаар болчихлоо гэж үзье. Дараа нь Улс төрийн намын тухай хууль
батлагдчихлаа гэж бодъё. Тэгвэл тэр үед дахиад л ҮЗХ-г хуралдуулах шаардлага тулгарна.
АН хууль нийцүүлж дүрмээ өөрчлөх шаардлага гарна шүү дээ. Тэгэхээр дахин дахин хурал
хийж, бөөн зардал үрэх болчихоод байгаа юм.

Улс төрийн намын тухай хуульд  юу явж байгаа юм бэ гэвэл намуудыг нэгдсэн үлгэрчилсэн
дүрэмтэй болгох асуудал туссан.  Өөрөөр хэлбэл,
Улс төрийн намын хуулиар бүх нам нэг ижил дүрэмтэй болно гэсэн үг. Удирдлага нь
босоо тогтолцоотой байх юм уу, хэвтээ тогтолцоотой байх юм уу гэдгийг энэ хуулиар
заагаад өгчихнө.  Ийм системээр явж байж төрийн
эрх барих нэгдмэл соёлыг бий болгоно гэж үзсэн байгаа. Өнөөдрийн байдлаар манай
нам удирдлагын хэвтээ тогтолцоотой учраас гишүүд нь өөр өөрсдөө шийдвэр гаргадаг.
Дээрээс дарга нөлөөлөөд байх нь ховор. Яг энэ соёлоороо засгийн түвшинд ч ажиллаад
байна. Тухайлбал, аймгийн Засаг даргыг иргэдийн хурал нь сонгодог. Ерөнхий сайдад
тийм ч их хамаатай биш байдлаар явдаг шүү дээ. Засгийн эрхийг АН барьж байгаа боловч
Өвөрхангай аймагт МАН ялсан учраас тэдний бодлогоор орон нутгийг удирдаж байх жишээтэй.
Ийм зөрчилдөөнтэй зүйлүүд байна. Гэтэл МАН, МАХН удирдлагын босоо тогтолцоотой учраас
даргынх нь шийдвэр бүх шатандаа хэрэгждэг. Тэд засгийн эрхийг авахаараа яг л энэ
соёлоороо ажлыг явуулдаг.  Ийм байдлыг өөрчлөхийн
тулд нам болгон нэг ижил дүрэмтэй байх асуудал 
яригдаж байна. Ийм учраас л Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа
ҮЗХ-гоо хуралдуулж, хуульдаа нийцүүлэн дүрмээ өөрчилсөн нь дээр гэж үзээд байгаа
юм. Түүнээс биш хэлэлцэх асуудлаас айж сандрахдаа ҮЗХ-г хуралдуулахгүй гээд байгаа
юм биш. Манай нам  1996 оны нялхсын өвчнөөсөө  салчихсан, төлөвших шатандаа явна. Гэвч нялхсын
өвчнийг дахин сэдрээх сонирхолтой хүмүүс манай намд байх шиг байна. Тэр хүслээрээ
ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавиад  байгааг
ч үгүйсгэхгүй.

-Гэхдээ АН гурван жил цус сэлбэсэнгүй
гэдэг гомдлыг яах вэ?

-Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдчихвөл АН 100 хувь цус
сэлбэнэ.

-Гэхдээ Ц.Оюундарь гэдэг хүн эрх мэдлээ
ашиглаж чадахгүй, туршлага дутсан учраас ганцхан намын даргынхаа амыг хараад ажлаа
хийж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг жигүүрийнхэн хэлээд байгаа. Тэднийхээр бол
дүрэмд өөрчлөлт оруулсан Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж нарт хариуцлага
хүлээлгэх ёстой юм шиг байгаа юм?

-Шүүмжлэх эрх бүх хүнд бий. Ер нь бол манай намын лидерүүд
өнгөрсөн хугацаанд дотоод зөрчлөө дарж чадаагүй, хувь амбицуудаа барьж чадаагүй
учраас АН ялагддаг, эв нэгдэлгүй байсан юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл ардчилсан
хувьсгалаас арван жилийн дараа нь ардчиллын 
төлөөх таван нам арай гэж нэгдсэн байдаг шүү дээ.  Лидерүүдийн үзэл бодлын зөрчлөөс болоод нам амжилтад
хүрдэггүй байжээ гэдэг дүгнэлтийг би хувьдаа хийдэг. Харин одоо манай нам төлөвшлийн
шатандаа явж байна. Тиймээс тэр “зодолддог” үе өнгөрсөн. Бид хоорондоо “зодолдсоноороо”
ялагдал, задралд л хүрдэг байж. Тийм учраас өнөөдөр эв найртай байж, нэг баг болж
ажиллах нь чухал байна.  Энэ нь нэг нэгийгээ
аялдан дагалдах биш, нэг санаатай, эв нэгдэлтэй байхыг илүүд үзэж байна. Түүнээс
биш эрх мэдлээ харуулах гэж байгаа энэ гээд яваад байвал үр дүнд хүрэхгүй.  Дүрэмд өөрчлөлт оруулсан гээд байгаа гурван хүний
тухайд тийм зүйл байхгүй.  ҮЗХ-ны 228 гишүүн
хуралдаад ротаци явуулах тухай заалтыг дүрмээс хассан. Одоо ҮЗХ дахин хуралдаад
тэр заалтыг буцааж сэргээх  эсэхийг шийдэж
болно.

-Гэхдээ Улс төрийн намуудын тухай хууль
батлагдвал ҮЗХ хуралдахгүй юм биш үү?

-Үнэхээр гишүүд шаардаад ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг нь бичгээр
саналаа өгөх юм бол ҮЗХ-г хуралдуулж таарна. Бид ч бэлэн байна.  Гэхдээ одоогоор тийм санал ирсэн юм алга.  Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулиудын
талаар бид аймаг, дүүргийн намын хорооны дарга нартаа танилцуулсан. Ийм зүйл явж
байгаа учраас ҮЗХ-г хуралдуулахгүй гээд хойшлуулаад байгаа шүү гэдэг учрыг ч тайлбарласан.
Тэгсэн ч гэлээ ҮЗХ-г хуралдуулна гэвэл бидэнд саналаа өгч болно шүү гэдгийг ч хэлсэн.
Гэвч гишүүд саналаа төдийлөн ирүүлэхгүй байна.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан хувьсгалын партизануудаа хоёрдугаар эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлье

Сайд нарын хоёрдугаар эмнэлэг
гэж бий. Дарга, сайд голдуу хэвтдэг энэ эмнэлэгт ардын хувьс­галын партизанууд бас
үнэ төлбөргүй эмчлүүлэх эрхтэй. Ханан дээрээ  
наа­чихсан журамд нь тийм өгүүлбэр байна лээ. Хоёрдугаар эмнэлгээр үнэ төлбөргүй
эмчлүүлэх эрхтэй  Ардын хувьсгалын партизанууд
өнөөдөр бид­ний дунд амьдарч байгаа бил үү. Цагтаа улсынхаа тусгаар тогтнолын төлөө
буу, сэлэм барин тэмцэж явсан партизанууд өнөө­дөр цагийн  жамаар өөд болцгоосон. Тэдний нэг нь ч бидний
дунд байхгүй. Ганц, хоёр тулгаралтад оролцож явсан цөөхөн настан л бий байх.  Тэгэхээр журамд заасан ардын хувьсгалын партизан
гэдэг үгийг өөрч­лөх цаг болжээ. Улс тусгаар орших хувь заяанд мөрөө гаргасан ардын
хувьсгалын партизануудаа төр нь онцгойлж үнэ төл­бөр нэхэлгүй дарга сайдуудтайгаа
зэрэгцүүлж хэвтүүлээд  эмчилнэ гэдэг сайхан
хүндэтгэл. Ийм хүндэтгэл хэзээд байх учиртай. Ардын хувьс­галын партизанууд байх­гүй
болсон өнөө үед ч үргэлжлэх учиртай хүндэт­гэл. Улсынхаа тусгаар тогтнолын төлөө  амиа хайрлалгүй зүтгэсэн баат­руудын дараа баат­рууд
төрөхөөр өөр ямар үйл явдал Азийн Монголд өрнөсөн билээ. Түүх сөхье. Хорь гаруй
жилийн өмнө хэсэг залуус цуглаад Ардчилсан холбоо байгуулж ардчилал ярьж эхэлсэн
дээ. Яг тэр үеийг Монголын ардчиллын түүхийн эхлэл гэж дэлхийн судлаачид онцолдог.
Да­лан жилийн турш ганцхан намтай, ганцхан даргатай, хувийн биш нийтийн өмчтэй амьдарч
байсан монголчуудад тэр залуус “Бид буруу замаар яваад байна” гэж зоригтой хэлж
байлаа. Тухайн үедээ тэдний энд тэнд наасан бичиг, үе үе цуглаж ярьдаг ардчиллын
тухай сонин, содон, халуун  яриа үзэг­дэл
байсныг хэн ч үгүйс­гэхгүй. Улс төрийн товчоо ямар ч шийд гаргаж мэ­дэх эгзэгтэй
үед  “Та нар огцор, бид ардчиллыг сонгох ёстой”
гээд дүн өвлөөр Сүхбаатарын тал­бай дээр өлсгөлөн зар­ласан хүмүүс мөн л өнөө залуус.
Улс төрийн товчооны ихэнх гишүүн тэр үед 
даруулгагүй залуусыг дарж авъя, жагсаал цуг­лааныг хүч хэрэглэж тараая, эсвэл
тэр чигт нь орхиё, өлсөж үхнэ л биз хэмээн тун дургүй хандаж  байсан талаар барим та­вим жишээ сонсогддог. Ж.Батмөнх
гуай буурь заа­гаагүй бол цус урсаж ч мэдэх байсныг учир мэдэх улс үгүйсгэдэггүй.
Дэлхий даяараа зөв гэж үзсэн, сонгосон улс нь хөгжөөд байгаа ардчиллыг Монголдоо
авчрахын тулд тэдний  амиа хайрлалгүй зүтгэснийг
нотлох жишээ, баримт тоо тоймгүй.

Ардчилал ялсан ч АН хэдэн сонгууль
дараалан ялагдсан тохиол Мон­голын түүхэнд бий. Тэр жилүүдэд ардчиллын “муусайн”-уудыг
ажилд авдаггүй байв.  Ажилгүй, цалингүй гундуухан
алхах­даа ч ардчиллын үнэт зүйлийг ярьж, ард­чиллын төлөө хоёргүй сэт­гэлээр зүтгэсэн
хүмүүс өнөөх л залуус. Азидаа ардчиллын загвараараа гайхагддаг Монголын ард­чиллыг
жинхэнэ бү­тээсэн хүмүүс  гэх гээд байна л
даа. Чөлөөтэй, хүслээрээ урагшилж бол­дог, компани байгуулж томорч болдог, дэлхийн
хэмжээнд ажиллаж, ам­жилт гаргаж болдог, хэ­лэх гэсэн үгээ хэнээс ч айлгүй хэлж
болдог ийм нийгмийн эхлэлийг тавьж, өнөөдрийг хүртэл хоёр санаагүй зүтгэж ирсэнд
нь тэдэнд талархах учиртай. Талархаад зогсохгүй хүн­дэтгэх учиртай.

Одоо тэр залуусын хам­гийн залуу
нь гэхэд дөчтэй. Ардчилсан хувсгал ялах үед гучтай байсан нь зуугийн талыг насалж,
дөчтэй явсан нь жар гарцгаачихаж. Түүхэнд ийм гавьяа байгуулсан ардчилсан хувьсгалын
партизанууддаа хоёр­дугаар эмнэлэгт  үнэ төлбөргүй
эмчлүүлэх эрх өгч яагаад болохгүй гэж.  Тэдэнд
дарга, сайдуудтай зэрэгцэж хэвтээд эмч­лүүлэх эрх бий. Учир нь тэд бидний амьдарч
буй энэ нийгмийн эхлэлийг тавьсан хүмүүс. 
Одооноос партизануудаа бүртгэж, нэгдсэн тоо гаргаад хоёр­дугаар эмнэлэгт
үйлч­лүүлдэг болгох асуудлыг мэддэг газарт нь тавья. Энэ асуудлыг Ардчилсан холбоо,
Ардчилсан нам амлаж аваад ажил болговол  хэн
ч алга ташиж хүлээж авна.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Доржготов: Цаг үедээ дийлдээд гутлынхаа улыг зузаалаад явах нь буруу

Түрүүч нь ¹079
(4719) дугаарт

Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовтой хийсэн ярилцлагын үргэлжлэлийг
хүргэж байна.

-Одоо
залуучууд танаас хэр суралцаж байгаа бол. Шавь нар хэр байна вэ?

-Урьд би “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байхдаа хөлбөмбөгийн баг шиг
баг хүмүүстэй болох юм сан гэдэг бодлого зорилгыг өөртөө тавьсан юм. Нийгмийн дээд
давхаргын бурангуйг, доод талдаа харанхуй массыг яаж өөд нь татах вэ гэдэгт Доржготов
ганцаараа барахгүй шүү дээ. Тэгээд сэтгүүлийнхээ дэргэд шогчдыг татсан. Тэгэхэд
багш шавийн барилдлага үүсч л дээ. Тэднээс Шагдайн Цэнд-Аюуш, Ж.Барамсай, хожуухан
Б.Цэнддоо, Батбаяр эд нар байна. Зураач нар бол олон шүү дээ. Одоо л бүтээл нь үзэгдэхээ
байчихаад байна л даа. Энийг нэг хүн хийхгүй юмаа гэсэн бодолтой байсан юм. Үр дүнд
ч хүрсэн. Хорин мянга хэвлэгдэж байсан сэтгүүл ерээд оны үед 130 мянган хувиар хэвлэгдсэн.
Нэг талаас, тухайн үеийн сонинууд бүгд магтаалын сонинууд байсан. Ганцхан “Тоншуул”
шүүмжилдэг учраас тэгж олноор захисан байх. Үүн дээр тэнд ажиллаж байсан бидний
ур чадвар бас нөлөөлсөн гэдгийг нэрэлхэлгүй хэлэх хэрэгтэй. Одоо залуучуудаас надтай
холбоотой улс байхгүй. Ер нь шог зургийг С.Цогтбаяр л унтуулчихгүй шиг хөтлөөд яваад
байна. Ц.Байды бид хоёр хөгширчихлөө. Өөр ер нь залуу үе байхгүй дээ. Надад л мэдэгдсэн
юм алга. Гэхдээ зах зээлийн нийгэм гэдэг чинь юмыг хөгжүүлье гэвэл мөнгө хаях шаардлагатай
байдаг юм байна. Нөгөө талаас доод масс олноороо сонирхох хэрэгтэй юм. Одоо болсон
болоогүй шүүмжлээд л байх юм. Зурагтаар харж байхад Их хурлын далан зургааг шүүмжлээд
л байх юм. Хулгайч, худалч ер нь хэлэхгүй муугаар хэлэх юм. Нөгөөдүүл нь тоохоо
больсон шиг байна. Бидний үед хурал дээр даргаа нэр заагаад шүүмжилчихвэл балардаг
байсан үе. Яг тийм үед үгээ зоригтой хэлж гарч ирсэн энэ ардчиллын хэдэн залуугаар
би дотроо бахархдаг юм. Ерэн оны тэр хүйтэн өвөл цугаараа нэг жигтэйхэн овоо индэр
шиг юм босгочихоод дээр нь гарчихсан Улс төрийн товчоо огцор могцор, коммунизм сөнөтүгэй
ч билүү тийм айхтар үг хэлээд байж байхад нь би очоод хараад зогсч байлаа. Дотроо
баярлаж байсан. Энэ Ц.Элбэгдорж, С.Зориг, Э.Бат -Үүл эд нар шүү дээ.

Гэхдээ би социалист систем үгүй болно гэж эрт мэдэж байсан.

-Хэрхэн
мэдэрч байв?

-Яг ерэн оны үед гэж бодоогүй. Лав 2000 он гарна. Би үзэх ч юм уу
үгүй ч юм уу гэж бодож байв. Ер нь Орос, Монгол гэхчилэн коммунист нэг намын дарангуйлалтай
орны залуучууд хөрөнгөтөн орнуудын үзэлд татагдаад байсан. Намайг жаран хэдэн онд
Москвад сурч байхад Оросын оюутнууд дандаа л барууныг дуурайдаг байсан шүү дээ.
Сургууль дээрээ өөр юм ярьчихаад яг ахуй амьдрал дээрээ барууныг л шүтээд байдаг
байсан юм. Социалист систем явсаар байгаад өгөршөөд нураад аяндаа ойчсон доо.

-Редакцийнхнаа
эргэн дурсвал?

-Надтай хамт ажиллаж, хамт наргиж дарвиж явсан хүн бол яруу найрагч
Жамцын Шагдар минь юм. Минжаахайн Гүрсэд байна. Байды, Цэнд-Аюуш, сүүлдээ Барамсай
эд нар ирсэн шүү дээ. Ер нь “Тоншуул”-ынхан явдалтай шүү дээ. Үнэн сонины байранд
бид хэд хоёр өрөөг эзэлнэ. Дандаа зохиолчид цуглана. Бүр эртнээсээ Ренчин, Дамдинсүрэн
гуай, Хөдөөгийн Пэрлээ гээд л. Бидэнд нийгмийн шүүмж, өөрсдийн үзэж харсан, сэтгэлээ
шаналгасан болохгүй юмнуудыг их ярьж өгдөг сөн. Ренчин гуай голдуу хэл соёлоо бүтэн
авч гар гэдэг юман дээр их анхаарна. Дамдинсүрэн гуай бол түүхийг мушгин гуйвуулсныг
залруулах дээр их ярина. Манай түүхийг Оросын түүхчид их мушгин гуйвуулсан шүү дээ.
Бидний дунд сургуульд үзсэн түүх чинь ихэнх нь худлаа юм шүү дээ. Үүнийг Дамдинсүрэн
гуай ярина. Хийх зурах бичих юмандаа санаа аваг гэж бодсон байх. Бидэнд их өөр ханддаг
байсан юм даг. Орж ирээд баахан ярьж ярьчихаад “За одоо “Үнэн” сонин дээр Түдэвийнхээ
өрөөнд орж цуурна аа. “Тоншуул”-ын өрөө, Түдэвийн өрөө хоёроос өөр орж цуурах тийм
хэлтэс тасаг энд байхгүй” гэдэг байв. Ил цагаан хэлнэ.  Бидэнтэй хамт ажилладаг Иштавхай гэдэг өвгөнийг
хуруугаараа заагаад Ренчин гуай “За хүүхдүүд минь та нар энэ Иштавхай мэтийн албан
хаагчийг дагаад байвал албан хаагчийн модон хэлтэй болчихно шүү” гэдэг байсан. Нүүрэн
дээр нь улайм цайм хэлнэ дээ. Сайхан улс байсан юм даа тэд нар. Бид тэднийг өнөөгийн
энэ жиргээчид шиг “үхэж далд ор, зөнөг тэнэг”-ээр дуудахгүй. Тэр байтугай ер нь
амьд бурхан шиг л хүндэлдэг байв. Ер нь ч монгол уламжлалд настай хүнээс үг сонс
гэдэг шүү дээ. Тэр утгаар би нийтлэл бичиж байгаа юм. Уншиж байгаа хүмүүсийн дал
наян хувь нь намайг хүлээж авдаг гэж би түрүүн хэлсэн. Тэд нар байгаа учраас надад
амьдрах, амьд явах урам хайрладаг байхгүй юу. Гол юм маань мэдээж зохиол хэдий ч
одоо нэг их бичиж чадахгүй юм.

-Интернэт
сүлжээн дэх харилцааны талаар эргээд асууя. Үг гэдэг хамгийн хүчтэй эд гэдэг. Сөрөг
сэтгэгдлээс яаж өөрийгөө ангижруулав?

-Анхандаа цочирдоод бичихгүй гэж байсан юм. Би одоо энэ балиар юмаар
орохгүй гэж. Урьд лам нар бол “дүйцэлдэх” гэж ном хаялцдаг байсан юм. Интернэт гэдэг
энэ сайхан боловсронгуй багажаар та нар нэгнийхээ дэвшүүлж байгаа асуудлыг тал талаас
нь шүүгээч ээ. Урьд номтой лам нар тэгж шүүж байсан юм. Одоо та нар яаж байна гэхээр,
“хятадын эрлийз”, “нэг намын бөгс долоогч”, “хөгшин зөнөг” гэсэн юм л бичиж байна.
Нэг хүн бичсэн байна лээ, саяхан. “Та настай хүн, ингэж бухимдаж юм бичээд яах нь
вэ. Ертөнцийн болох болохгүй өргөсийг түүж барахгүй юм аа. Харин та гутлынхаа улыг
зузаал” гэсэн. Энэ бол асуудал байхгүй юу. Гутлынхаа улыг зузаална гэвэл, энэ нийгэмд
юу ч болж бай өөрөө л амьдарч байвал тэр хамаагүй гэж үзэх нь л дээ. Тэр хүн бол.
Би бол багаасаа тэр өргөсийг түүх гэж хичээж ирсэн. Түүе гэж бусдыг уриалаад байгаа
юм. Өргөсийг түүгээд яваад байвал нэг ахиц гарна аа даа. Гэтэл тэр хүн барагдахгүй
өргөс юм байна гутлынхаа улыг зузаалъя гэхийн оронд нийгмийн үе үеийн давхаргууд,
нийт түмэн олноороо тэр өргөсийг түүсээр байгаад яваандаа их сайхан Монголын нийгэм
тогтоно оо гэж ийм гэрэл гэгээтэйгээр би хардаг. Тиймээс би бичиж байна.

-Бурангуй
нийгэм байлаа гэж та өмнө хэлсэн. Цаг үе бүр өөр өөрийнхөөрөө бурангуйлж харанхуйлдаг.
Өнөөдөр ч гэсэн өөрсдийнхөөрөө л будантаж байна. Ийм өөрийн гэсэн дэмийрлийг та
зохиолчийнхоо үүднээс хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Одоо ч бурангуйлал байна. Санал нэг байна. Гэхдээ цаг үедээ дийлдээд
гутлынхаа улыг зузаалаад явах нь буруу. Эхлээд мөрөө хар гэж монголчуудын үг байдаг
юм. Тэгвэл энэ ардчилал байна шүү, гишгэсэн тэр социализмын далан жилээ харж байна.
Зөв. Болохгүй байсан юмыг нь хэлж байгаа. Хэтрүүлээд худлаа хэлж байгаа бол буруу.
Буруу зөвийг нь тэртэй тэргүй олон түмэн аяндаа шүүчихнэ. Одоо энэ шинэчлэлийн Засгийн
газар гэж байна. Бас л шүүмжлэгдээд, урьдах юмаа ч шүүмжлээд л явж байгаа. Социализмын
үед би нэг юм анзаарсан юм. Москвад сургуульд байхад аль орны хэвлэл, урлаг өөрийгөө
дандаа магтаж байна тэр орон заавал хоцрогдсон байдаг. Аль орон өөрийгөө шүүмжилж
байна, өнөөдлрийн манайх шиг Латин Америк, Арабынх ч байдаг юм уу, Япон эд нар чинь
оюутнууд нь өөрсдийгөө дандаа муулж шүүмжилж байдаг байсан. Гэтэл өөрсдийгөө муулдаг
улсын улс орон нь дандаа хөгжчихсөн байдаг. Би боддог юм. Бид өөрсдийгөө муулаад
л байна. Дэвшил гарсан. Ард түмэн үүнийг заримдаа олж мэдрэх хэрэгтэй. Хөөрхий,
дээдчүүл идэж уусан л байх. Доодчуул архичин болсон л байх. Үүнтэйгээ тэмцэж л байгаа.
Ерэн оныг өнөөдрийн 2014 онтой зүйрлэхэд ахиц гарсан. Ерэн онд оросууд биднийг бие
дааж хөгжиж чадахгүй гэж дооглож байсан. Оросын хэвлэлээс би тийм юм уншиж байсан.
Элдэв муухайгаар биднийг доромжилж, чукча-гаар нь дуудаж байсан. Тэгэхэд бид чадна
гэж бодоход л дотор сайхан байгаа юм. Би яагаад ч юм болж өгвөл хэдэн жил амьд явах
юм сан гэж бодоод байна. Яах гэж амьд явах гээд байгаа гээч. Манайхан дэд бүтэц
гэж яриад байнаа даа. Гурван сая хүрэхгүй хүний дэд бүтцийг барьчих мөнгө нь манайд
байна. Өөрсдөө эхлээд муу хийх л байх. Түрүүч нь нурах л байх. Дахиад засах л байх.
Гэхдээ цэгцрээд ирнэ. Бүх газраа халаалттай болчих юм бол аймаг, хот, нийслэл маань
утаагүй болчихно. Уурхайн аман дээрээс Хятадын зах зээл хүртэл зөөчих нарийн төмөр
замаа тавьчих хэрэгтэй. Дунд нь өргөнийг тавиад, дахиж нарийнийг нь гээд яаж манарч
байгааг нь би ойлгохгүй байна. Мөнгө нь барагдахгүй байгаа юм уу хаашаа юм. Жил
бүр л энэ тухай чалчиж байх юм. Тэр чинь ердөө нүүрс зөөх л зам шүү дээ. Оросууд
монголчууд биднийг тэнэг гэж элэг барьдаг, энэ зарим талаар хэвээрээ л байгаа юм.
Оросууд монголчуудад зөвлөж байгаа юм. Та нар нарийн төмөр зам тавих юм бол Хятад
дайрч орж ирээд эзэлчихнэ гэж. Нарийн төмөр замгүй учраас хятад өдий хүртэл биднийг
эзэлж чадахгүй байгаа юм уу. Үгүй шүү дээ. Байлдъя гэвэл, юун төмөр замаар орох.
Ганц  кноп дараад л гүйцээ биз дээ. Хоёрт,
Хятад шиг ийм агуу том орон Монгол руу довтолбол шившиг байхгүй юу. Залуучуудын
хэллэгээр бол яршиг л байхгүй юу. Дараа нь оросууд юу гэсэн бэ гэвэл, нарийн төмөр
зам тавьчихвал тийм төмөр замд ажиллах хүч Монголд байхгүй шүү дээ гэсэн. Бид яагаад
сурдаггүй юм. Гурав дахь нь юу гэсэн гээч. Нарийн төмөр зам тавьчихвал Монголын
наймаачид эх орны баялгийг хяналтгүй гадагш нь урсгачихна гэж. Дөрвөн жил болоод
сонгосон далан зургаа хянахгүй юугаа хийж суув гэж дээ. Тэр гүйцэтгэх засаглал нь
юугаа хийж байх юм. Ийм хов хоосон худлаа юм оросууд яриад, түүнийг нь манайхан
арай үнэмшээгүй байгаа даа. Хятадууд дайраад ороод ирнэ, нарийн төмөр замд Монголд
ажиллах хүн байхгүй гээд бүр сайд хүн яриад сууж байна. Сонссон улс нь алга ташаад
ангайгаад сууж байна. Тэгэхээр л хүнийг хөгжүүлнэ гэдэг чинь чухал. Манайд баялаг
байна. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл, монгол хүн толгойтой л байх хэрэгтэй. Монгол
хүний оюуны баялаг маш чухал. За яахав дээ, хар ажлыг хятадуудаар хийлгэх л хэрэгтэй
шүү дээ. Эд нар хар ажилд сайн. Бас хямдхан. Зуны дулаан улиралд хэдэн цаас хийгээд
буцна биз. Гадаа архидаад яваад байгаа хүмүүсээр  зам тавиулж барилга бариулна гэвэл бүтэхгүй. Хэзээ
ч хийхгүй. Нэг өдөр ажиллаад орой нь салхинд гараад архи уугаад ажил хаячих улс
шүү дээ. Монгол хүн юу хийх вэ гэвэл, удирдах дээд түвшний нь монгол оюун эзэмшиж
байх хэрэгтэй. Хөлсний ажилчид бол хятадууд нь хар бор ажлаа авч л байг яадаг юм.
Хятадын хөгжлийн хаялга гэхээсээ илүү хэрэгцээ их байгааг дэхий даяараа мэдэж байна.
Нэг тэрбум 300 сая хүний хэрэглэх юм гэдэг чинь маш их. Харин бидэнд зах зээл чухал.
Нүүрсээ Хятад руу өгөх нь чухал. Дэл сул энэ хэвлэл телевизээр Хятадыг муулдгаа
жаахан бод оо. Муулах юмыг нь олж муулбал өөр хэрэг. “Хятадууд ажиллах хүчнийхээ
тоог нэм гэж шаардлаа” гэж сонин хэвлэл зурагтаар гаргаад байна. Гэтэл хятадууд
шаардаагүй шүү дээ. Манай монгол компанийн эзэд хятад ажилчнаар юм хийлгэхийн тулд
ажиллуулах хүнийхээ тоог монголчууд нэмэхийг хүсч байна шүү дээ.

-Та
нарыг тагнах чагнах явдал байсан тухай сонин яриа мэр сэр сонсддог байсан. Эргэн
санавал?

-Тагнаж л байсан байх. “Үнэн” сонин, Зохиолчдын хороо зэрэг газарт
Дотоод яамны агентууд байсан юм байна лээ. Сарын тавь жаран төгрөгийн хөлс авдаг.
Ер нь тэгээд мэдэгдэнэ дээ, тагнадаг хүн. Сонин юм байна лээ. Тэгж ховлодог агентуудаа
социализм нурахад чехүүд олон нийтэд зарласан юм билээ. Манайх дууриайгаад, ардчиллынхны
нэг, сая нисэхэд байж байгаад халагдчихав уу даа, Эрдэнэбилэг билүү Билигсайхан
билүү буриад залуу сонин дээр бичсэн байсан. Намайг хөдпөө байхад. Дотоод яаманд
алтан хошуу өргөдөг байсан агентуудыг хэвлэлээр зарлая гэж бичсэн байсан. Тэгэхэд
зарласан бол зарлагдах хүмүүс олон байсан. Зарим улс ёстой муухай бухимдсан шүү
дээ. Зарлах юм бол иргэний дайн болно гэж бухамдацгааж байсан юм.

-Та
зохиолоо бичиж байна уу?

-Одоо би зохиол бичихээсээ илүү хийсэн юмнуудаа бодож байна. Гайгүй
юм хийжээ. Нөгөө талаар, хуучин нийгмийг магтан дуулсан нэг ч өгүүлбэр миний зохиолд
алга. Нэгд, “Тоншуул” сэтгүүлд ажилласны ач байсан байх. Хоёрт, би хар нялхаасаа
гучин хэдэн онд хэлмэгдсэн улсын ар гэрт өссөн учраас тэдний нулимс надад нөлөөлсөн
байх. Би социализмыг магтаагүй. Шүүмжлэхдээ дээр үеийнхээ тэр гомдлын нулимсыг зохиолдоо
далд утгаар шингээх юм сан гэсэн төлөвлөгөөтэй байсан. Энэ бол аль эрт унаган багаас
төрсөн бодол. Ерөөсөө би ургамал ногоогоор бол тэгж ургасан л хүн.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

З.Төрмандах: Бид Д.Төмөр-Очирын хэргийг илрүүлэхэд их ойртсон шүү

-МОНГОЛ УЛС
ЦАХИМ ГАВЫГ АШИГЛАХ ЦАГ НЬ БОЛСОН-

Түрүүч нь ¹
079 (4719) дугаарт

Цагдаагийн ерөн­хий газрын харьяа Эрүүгийн цагдаагийн дарга асан
хурандаа З.Төрмандахтай хийсэн ярилцлагаа үргэлжлүүлэн хүргэж байна.

-Эрүүгийн
цагдаа­гийн газрын даргаар очоод олон онц ноцтой хэрэг илрүүлж байсан байх. Тэр
дундаас төр нийгмийн зүтгэлтэн Төмөр-Очирын хэргийг илрүүлэхийн тулд нэлээд хичээл
зүтгэл гаргасан гэдэг байх аа?

-Хэрэг илрүүлнэ гэдэг тухайн цаг үеийн үнэнийг гэрчилж байгаа юм.
Мөрдөгчид бол түүхийн үнэнийг тогтоодог улсууд. Төр, нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирын
хэргийг олон жилийн дараа нэхэн шалгасан. Талийгаачийн ар гэрийнхнийг  байл­цуулан эд зүйлийг нь бүртгүүлэхэд бусдын
гарт амиа алдах үед гэрээс нь хөөрөг алга болсон нь тогтоогдсон. Улмаар хөөрөг хайх
ажлыг эрчимжүүлж, хөөргөө ч олоод авлаа. Энэ мэтээр нэлээд хэдэн ажиллагаа зохион
байгуулж, илрүү­лэхэд ойртсон ч бидэнд нотлох баримт олдоогүйгээс албан ёсоор илрүүлж
чадаагүй. 

-Дуучин
Х.Төмөрийг хөнөөсөн хэрэг илэрсэн. Гэвч одоог хүртэл хэрэг хаагдаагүй байдаг юм
билээ?

-Дуучин Х.Төмөрийг онц хэрцгийгээр хөнөөсөн  хэрэг илэрсэн үү гэвэл илэрсэн. Батсүх гэдэг залуу
хэргийг үйлдсэн гэдгийг баримттайгаар тогтоосон. Гурван шатны шүүхээр орж, хэрэг
нь таслагдаж, хэрэгтэн ял авсан. Гэвч үүнийг илэрсэн гэж одоо хүртэл үзэхгүй байгаа
юм. Энэ нь магадгүй хуулийн цоорхойтой холбоотой байж мэдэх юм. Хуульчид энэ хэрэг
дээр маргаантай ханддаг.
-Эрүүгийн
цагдаагийн газрын даргын албан тушаалаа өгснийхөө дараа хэсэг хугацаанд суралцсан
гэсэн үү?

-Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байх­даа Удирдлагын академид
шалгалт өгөөд тэнцсэн. Тэ­гээд өөрийн хүсэлтээр ажлаа өгч, академид сурал­цаад,
Баянгол дүүргийн Цаг­даагийн хэлтэст дэд даргаар томилогдож ажилласан. Баянгол дүүрэгт
ажиллаж байхдаа нэг хэргийг илрүүлсэн маань санаанд тодхон бай­на. Баянгол дүүргийн
гэр хороололд нэг өрхийн тэргүүн сураггүй болчихсон. “Өргөө” кино театрын хойд талын
гэр хороололд юм. Ор сураггүй алга болсон залуу хүнд алуулсан гэдэг нь тодорхой
болоод ирлээ. Шалгалтын үеэр тэр айл шинэхэн жорлонгийн нүх ухаад эргүүлээд булчихсаныг
нь ажигласан. Хуучин бие засах газар нь дүүрчихсэн атал шинээр ухсаныгаа эргүүлэн
булсан нь сэжигтэй байсан. Тэгээд нөгөө нүхийг ухаж үзэхэд талийгаач залуугийн цогцос
гараад ирсэн. Уг хэргийг эхнэр нь үйлдсэнийг тогтоогоод шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн
шийдвэр гарч, гэрийн эзэгтэй, хүү хоёр хоригдож, бага хүү нь асрамжийн газарт очсон.
Сүүлд гэмт хэрэгтнүүд нас барж, бага хүү нь гудамжинд гарсан байсан. Бид нас барсан
этгээдийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг тухайн үед хийсэн. Гэтэл талийгаач үргэлж
хүүхдүүдээ зодож, тамладаг, эхнэрээ зовоодог, эрүүгийн гэмт хэрэгтэн маягаар биеэ
авч явдаг нэгэн байсан байдаг.

-Төр,
нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг дээр та ажиллаж байсан. Энэ хэрэг
хэзээ илрэх бол гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна?

-Би хэрэг гарснаас хойш хоёр жилийн дараа энэ хэрэг дээр ажилласан.
Бид хийх юмаа хийгээд л яваад байсан. Ямар нэгэн ажиллагаа хийгдэх явцад алдаа гардаг.
С.Зоригийн хэрэг дээр мэргэжлийн хэд хэдэн алдаа гарсан байсан. Хэрэг юунаас болоод
илрэхгүй байна вэ. Хэрэг шалгах явцад гарсан ажиллагааны алдаанаас болоод байна
уу. Эсвэл өөр зүйлээс болоод байна уу гэдэг сонин байгаа юм. Магадгүй хэрэг хөөн
хэлэлцэх хугацаа дуусахаар ярих юм зөндөө гарч ирэх байх. Хоёулаа хэргүүдийн талаарх
яриагаа үүгээр дуусгая. Илрүүлсэн хэргүүдийг яриад байвал дуусахгүй юм болно. 

-Тэгье.
Гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдээд байх юм. Цагдаагийн байгууллага ямар
ажил хийдэг нь тодорхой бус байна гэх хүн олон байна?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь манай улсад хэлбэр
төдий л яригдаж, явагдаж байна. Тухайлбал, хэчнээн гэмт хэрэг үйлдэгдэхээс, ямар
хохирол учрахаас урьдчилан сэргийлж байна вэ гэдэг нь тодорхой байх шаардлагатай
байна. Мөн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх асуудал дээр ч анхаарах цаг
болсон. Сүүлийн үед гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нь өсөн нэмэгдэж, нийгэм, улс оронд
болон ард иргэдэд ихээхэн хэмжээний хор хохирол учруулах, айдас бий болгох явдал
өсөх хандлагатай байна. Үүний эсрэг хамгийн оновчтой арга нь гэмт хэрэг үйлдэж болзошгүй
этгээдийг байнгын хяналтад байлгаж, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нэгэнт
үйлдэгдсэн тохиолдолд илрүүлэх, эрэн сурвалжлах зорилгоор ашиглах зориулалт бүхий
цахим гавыг хэрэглэх явдал.

-Цахим
гавны талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Одоо хэрхэн ашигладаг юм бэ?

-Өнөөдөр дэлхийг тойрон ажиллаж буй 27 ширхэг хиймэл дагуулаас 24
хиймэл дагуул нь идэвхтэй горимд ажиллаж, СРS төхөөрөмжийг дэлхийн хаана байгааг
хянаж байдаг. Цахим гав гэдэг нь GPS системд суурилсан хяналтад авах шаардлагатай
хүний гарт болон хөлд зүүх зориулалт бүхий бугуйвч хэлбэрийн төхөөрөмж бөгөөд хяналт
тавих шаардлагатай хүмүүст зүүлгэснээр уг этгээдийг байнгын хяналтдаа авна. Цахим
гав нь байршлыг тодорхойлох, аюулын буюу тусламж хүссэн дуудлага хийх, бодит байдалд
хяналт тавих, явахыг хориглосон газрыг тэмдэглэх, зай дууссан, хэрэглэгч хөдөлгөөнгүй
болсон үед нэмэлт дохиог төв рүү илгээх ба Сооglе map хэрэглэж болно. Мөн нууцлалын
программтай, өнгө үзэмж сайтай, бусад хүмүүст ил харагдахгүй байх боломжтой, гэмт
этгээд уг төхөөрөмжийг тайлах болон тайлахыг оролдох үед хяналтын цагдаагийн байгууллагад
түгшүүрийн дохиог мэдээлдэг учраас энэ тал дээр асуудалгүй. Одоо хоригдож байгаа
6911 ялтны 3414 нь давтан гэмт хэрэг үйлдэж, дахин ял шийтгүүлсэн байх ба хэрэв
эдгээр давтан гэмт хэрэг үйлдсэн 3414 хүн, дээр дурдсан 161 хүнд цахим гавыг хэрэглэж
хяналт тогтоосон бол 70-80 хувь нь, түүнээс ч илүүгээр гэмт хэрэгт холбогдохгүй
байх, цаашлаад иргэд, байгууллагад тэр хэмжээгээр хохирол учрахгүй байх бололцоотой
байжээ гэж үзэж болохоор байгаа. 2012 онд 2794 ялтан Ерөнхийлөгчийн зарлиг болон
өршөөлөөр, хугацаа дуусч суллагдсан ба захиргааны   хяналтад  
нийт  2573   хүн,  
382   хүүхэд  хорих  ял   шийтгүүлж 
хойшлогдсон   гэсэн шалтгаанаар Цаг­даа­гийн
байгууллагын хяналтад байна. Эдгээр тоо баримтуудаас нэгтгэн дүгнэж нийт эрүүгийн
гэмт хэрэгт холбогдогчдын болон давтан гэмт хэрэг үйлдэгчдийн тоо, захиргааны хяналтад  авагдах этгээдүүдийн тоог  гар­гас­ны үндсэн дээр ца­хим гавыг байнгын хэрэг­лэх
субьектуудын тоог тодорхойлж болохоор байгааг харж болно. Монгол Улс цахим гавыг
ашиглах цаг нь болсон. 

-Ерөнхийдөө
гэмт хэрэг үйлдсэн, үйлдэх магадлалтай хүмүүст цахим гав хэрэглэх хэрэгтэй гэсэн
үг үү?

-Захиргааны хяналтад авагдах ёстой этгээд хэсгийн байцаагчид анх
бүртгүүлснээс хойш сард нэгээс доошгүй удаа биеэр очиж бүртгүүлэх үүрэгтэй гэж Цагдаагийн
байгууллагын үйл ажиллагааны журамд заасан байдаг нь тэднийг бусад бүхий л хугацаанд
хяналтгүйгээр, сул чөлөөтэй байх, цаашлаад гэмт хэрэг үйлдэх боломжийг олгож байна
гэхэд хилсдэхгүй. Захиргааны хяналтыг үр дүнтэй авч хэрэгжүүлж, хяналтад байх ёстой
хүн бүрт цахим гавыг хэрэглэж байнгын хяналтад байлгах шаардлагатай. Ингэснээр хяналтад
бүрэн аваад зогсохгүй уг этгээдийн зүгээс 
гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа сэдлийг бууруулах ач холбогдолтой.

-Хүний
эрхийг ноцтой зөрсөн асуудал болохгүй юу?

-Цахим гавыг дэлхийн олон оронд ашиглаж байна шүү дээ.  

-Сүүлийн
үед цагдаагийн байгууллагад өөрчлөлт хийгдэж эхлээд байна. Энэ өөрчлөлтийг та хэрхэн
харж байна вэ?

-Шинэчлэл, өөрчлөлт хийнэ гэдэг сайн. Өнөөдрийн байдлаар хууль нь
батлагдаагүй байна. Удахгүй яригдах бололтой. Бид гадны юмыг хуулж, үзэж харж болно.
Гэхдээ хөрсөн дээрээ хэрхэн буулгах вэ гэдгээ сайн бодох ёстой. Өөрчлөлт Монголынхоо
нийгэм соёл, хөгжилтэй эн зэрэгцээд явж байх хэрэгтэй. Хөгжлөөрөө арав, хорин жил
түрүүлчихсэн хөгжилтэй  улс орныг хуулбарлачих
юм бол бас болохгүй. Гол нь Монголын өнөөгийн цаг үетэй хэрхэн уялдаж байгааг харах
нь чухал. Цагдаагийн байгууллагад би 29 жил ажиллалаа. Энэ хугацаанд хэн хаана байх
ёстой, ямар хүчээр, бүтцээр ажиллах вэ. Гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ямар мэргэжилтнүүд
байх ёстой юм гээд зохион байгуулалтын олон ажил хийж байсан. Гаднын орнуудын туршлага
хийгээд өөрийн орны өв уламжлалыг судалж, хэмжээг нь тааруулж тусгах нь л хамгийн
чухал.

Э.ХҮРЭЛБААТАР