МАН-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн аравдугаар тойргийн маргааныг эцэслэн шийдсэн
гэж өнөөдөр үзэж байгаа. Харин таныг энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан
гэж сонслоо?
-Асуудал
хууль хяналтынхны оролцоотойгоор шийдэгдсэн. Ардчиллын 23 жилийн түүхэнд сонгогчдын
саналыг шүүхээр далайлган засвар хийсэн анхны тохиолдол энэ. Ардчиллын түүхэнд хар
толбо суулгасан луйвар болсон. АН-ынхны хувьд хоёр гишүүнээ УИХ-д хүчээр оруулаад
асуудал дууссан гэж бодож байгаа байх. Миний хувьд асуудал дуусаагүй. Цэцэд гомдол
гаргасан. Гэтэл Цэц ч асуудлыг шийдвэрлэлгүй таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Цэцийн гишүүн Пүрэвням
асуудлыг дарж, удаашруулж байгаад оны эхээр ажлаа өгөхдөө миний гомдлыг хаячихаад
явсан байна. Одоо Т.Лхагваа гишүүнд шилжиж очсон. Сонгуулийн ерөнхий хороо үндсэн
хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтооно гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь Цэцэд өргөдөл
өгч байсан. Тухайн үед Цэц тойргийн маргаантай асуудал нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй
байгаа нь нотлогдож тогтоогдож байгаа тул маргаан үүсгэх боломжгүй байна гэж хариу
өгч байсан. Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 10 дугаар сарын 15-нд бидний түр үнэмлэхийг
хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл Өвөрхангай аймгийн шүүх 10 дугаар
сарын 17-нд насанд хүрээгүй хоёр хүүхэд сурталчилгаанд оролцоогүй болохыг тогтоолгох
нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх захирамж гаргасан байдаг. Энэ нь Сонгуулийн ерөнхий
хороо шүүхийн процесс дуусаагүй байхад хүчээр асуудлыг шийдсэн нь нотлогдож байгаа
юм.
-Та хууль зөрчсөн л бол шийтгэлээ хүлээх ёстой. Сонгуулийн
хуулийг зөрчсөн нь үнэн бол үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй юм уу?
-Намайг
насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэдгээр буруутгадаг
юм. Гэхдээ тэр хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон уу үгүй юу гэдгийг
хэн ч шалгаж тогтоогоогүй юм. Нөгөө талаасаа тэр хүүхдийг С.Чинзориг, Н.Төмөрхүү,
МАН-ын штабын аль нь сурталчилгаанд татан оролцуулсан юм гэдгийг мөн л хэн ч тогтоогоогүй.
Ийм хий үзэгдэл шиг асуудал шүүхээр явж алх цохиж шийдэгдээд байдаг.
-Тойргийн хороо тогтоосон юм биш үү?
-Тойргийн
хороо тогтоосон байна гэж шүүхээс үздэг гэж байгаа. Гэхдээ тойргийн хороо АН-аас
ирсэн бичигт хариу өгөхдөө “Насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд
оролцуулсан байна. Үүнийг засч залруулахыг
мэдэгдлээ” гэсэн бичгийг аймгийн МАН-ын хороонд өгсөн байдаг. Энэ бичигт бид хоёрыг
насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд оролцуулсан байна гэдэг үг, үсэг байдаггүй.
Зөвхөн МАН-д гэсэн бичиг байдаг. Хуулиараа энэ төрлийн зөрчлийг тойргийн хороо тогтоох
эрхгүй. Харин цагдаагийн байгууллага шалгаж тогтоох эрхтэй бөгөөд энэ зарчмаараа
явсан бол өнөөдөр надад ямар нэгэн гомдол байхгүй байх байлаа. Шүүхэд гомдолтой
байдаг бас нэг асуудал бол шийдвэр гаргах бүртээ хуулиа зөрчиж байсан явдал. Тухайлбал,
тэр жилийн долдугаар сарын 3-нд Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэхдээ “С.Чинзоригийг
насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан болохыг
тогтоосугай” гэсэн захирамж гаргасан. Харамсалтай нь энэ захирамжийг гаргахдаа С.Чинзориг,
Н.Төмөрхүү хоёрт мэдэгдэлгүйгээр хариуцагчгүй шүүх хурал хийсэн. Нийслэлийн шүүхэд
давж заалдахад “Шүүхийн харьяаллын бус асуудлыг шийдсэн байна” гээд хүчингүй болгосон.
Шүүх өөрөө нотолж тогтоох эрхгүй байгууллага гэж үзсэн. Хоёр дахь асуудал нь эрх
нь хөндөгдөж байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан
нь шүүхийн өөрийнх нь буруу гэж нийслэлийн шүүх үзсэн. Ингээд бид хоёрын тангаргийг
өргүүлэх асуудал яригдах ёстой байхад СЕХ Өвөрхангайн шүүхэд гомдол гаргасан гэсэн
түүнийг нь харна гээд гацаасан байдаг. Энэ нь бид хоёрыг аль болох буруутгах АН-ынхны
арга байсан юм билээ.
-Ер нь тэр хоёр хүүхэд байсан юм уу үгүй юм уу. Хэн нь сурталчилгаанд
татан оролцуулсан юм?
-Хоёр
хүүхэд татан оролцуулсан уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Яагаад гэвэл сурталчилгааны
хугацаа маш богино байсан. Дээр нь манай аймаг 19 сум 100 гаруй багтай. 24 хоногийн
хугацаанд хаана хэн ажиллаж байгааг нэр дэвшигчид мэдэх боломжгүй. Тэрчлэн манай
намын албан ёсны сонгуулийн сурталчилгаанд оролцогсдын жагсаалтад тэр хоёр хүүхдийн
нэр байдаггүй. Нөгөө талаасаа тойргийн хорооны албан тоот бол С.Чинзориг хоёр хүүхэд
сурталчилгаандаа ашиглаж байна гэсэн бичиг биш. Зөвхөн МАН-ын хороонд гэсэн байдаг.
Сонгуулийн тогтолцоо өөрөө холимогоор явагдсан. Холимог тогтолцоо гэдэг нь нам ч
С.Чинзориг, Н.Төмөрхүү бүгд нэр дэвшигч. Тэгэхээр хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд
оролцсон гээд байгаа юм бол хэн оролцуулав гэдгийг тогтоох ёстой. Нам ажиллуулсан
бол намын авсан саналд, С.Чинзориг ажиллуулсан бол миний авсан саналд өөрчлөлт оруулах
асуудал яригдана. Гэтэл ялгаж салгаж, тогтоох ажил огт хийгдээгүй. Увсын маргаан
ижил жишээ байна. Шадар туслахууд нь мөнгө тараасан нь нотлогдож шүүхээс шийтгэл
авсан. Харин хоёр гишүүнийг буруутгаагүй нь Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар “Энэ
хүмүүсийг сонгуулийн сурталчилгаандаа санаатай татан оролцуулсан нь тогтоогдохгүй
байна” гэсэн үндэслэлээр асуудалд хандаж байгаа юм. Хуулийг ингэж олон өөрөөр тайлбарлаад
байгаа юм. Дараагийн нэг асуудал нь нийслэлийн шүүх дээр давж заалдаж байхад Өвөрхангайн
шүүхэд Г.Батхүү, Д.Зоригт нар “Н.Төмөрхүү бид хоёрын түр үнэмлэхийг хүчингүй болгож
өгнө үү” гэж гомдол гаргасныг хэлэлцэж байсан. Хуулиараа нэг шатны шүүхэд асуудлыг
хэлэлцэж байхад дараагийн шүүх асуудлыг хэлэлцдэггүй журамтай. Ингээд Өвөрхангайн
шүүх Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэсэн
захирамж гаргаад шүүгч шийдвэр гаргасан байдаг. Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг
давж заалдах гэтэл “Давж заалдах эрхгүй” гэсэн захирамж бас гаргаад хэргийг хүчээр
хаасан. Ийм л хууль зөрчсөн үйлдлүүд болж өнгөрсөн юм.
-Хэдийгээр сурталчилгааны хугацаа бага ч гэсэн өөрийн штабдаа
ажиллаж байгаа ажилтнуудаа мэдээгүй гэдэг чинь таны алдаа юм биш үү. Ухуулагчдаа
ийм хуулийг зөрчиж болохгүй гэдэг шаардлагыг тавьж ажиллах ёстой байсан юм биш үү?
-Бид
нэрсийн жагсаалтаас нэр дэвшигчийг хасах хатуу заалт орсон болохоор энэ бүхнийг
анхаарч ажилласан. Энэ заалт байгааг далимдуулж хүчээр шалтаг гаргасан болохоос
биш тэр хүүхэд байсан уу үгүй юу гэдгийг тогтоогоогүй гэж би дээр хэлсэн дээ. Гэтэл
Увсын тойрог дээр хууль зөрччихөөд ял авчихсан байхад нь нэр дэвшигчид нь татан
оролцуулсан эсэх нь тодорхойгүй байна гэсэн шийдвэр яваад байгаа юм. Энэ хоёр тохиолдлоос
харахад хуулийг хууль биш болгох нь хэний ч дурын асуудал байгаа юм.
-Тэгвэл танай намынхан чинь тохиролцчихсон юм биш үү. Та ч
бас наймаа хийлээ гэж мэдэгдэж байсан удаатай?
-АН-аас
Өвөрхангайн хоёр, МАН-аас Увсын хоёр гишүүн гэж наймаалцсан гэж харахгүй байгаа.
Асуудал хурцдаад ирэхээр Өвөрхангайн тойргоос МАН, АН-ын нэг нэг гишүүнийг оруулъя
гэж тохиролцсон байдаг юм. Г.Батхүүг оруулъя заргалдаж гүйгээд байна. С.Чинзориг
нь илт ялалт байгуулсан гэж. Ингээд Н.Төмөрхүүг “УИХ-ын гишүүн болохоос татгалзаж
байна. Ямар нэгэн гомдолгүй” гэсэн өргөдлийг СЕХ-нд өгүүлсэн. Тэгэхэд намын дарга
Ө.Энхтүвшин, Г.Батхүү, Н.Төмөрхүү нартай уулзаж асуудлыг ярилцсан. Эндээс Г.Батхүү
“Би эхлээд тангаргаа өргөнө. Тэгээд С.Чинзоригийг тангараг өргөхөд нь буруугүй гэж
гарын үсэг зурна” гэж үүрэг авсан. Ингээд дараа нь уулзахад Г.Батхүү “Манай нам
олон фракцтай шүү дээ. Намайг амиа бодоод
байна гэж манайхан нүд үзүүрлэж эхэллээ” гээд хулхидсан. Харин намын дарга намайг
“Сонин хэвлэлээр элдэв асуудал битгий яриад бай. Дараагийн тохироо наймааг алга
болгочихно” гэж дарсаар байгаад Д.Сумъяабазарын асуудал босоход шантаажилж Д.Зоригтын
тангаргийг өргүүлсэн. Энэ бүхнийг тайлбарлаж бичээд Цэцэд өргөдөл өгсөн. Цэц асуудалд
ул суурьтай, шударга хандах байх гэж хүсч байна. Т.Лхагваа гишүүн дээр асуудал байгаа
учраас улс төрийн өнцгөөр харж магадгүй гэсэн нэг болгоомжлол бий. Гэхдээ төрд олон
жил ажилласан хүний хувьд асуудалд голчтой хандах болов уу гэсэн хүлээцтэй байгаа.
-УИХ-ын үйл ажиллагаа талдаа орлоо. Одоо маргалдаад нэмэргүй
болсныг та мэдэж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг орхивол яасан юм?
-Цаг
хугацааны хувьд ийм байдалд хүрсэн нь үнэн. Гэхдээ асуудал нэгээр дуусахгүй. Дараагийн
сонгуулиар дахиад ийм зүйл болбол яах вэ. Хувь хүн С.Чинзоригийн асуудал гэхээсээ
илүү Монголд сонгуулийн ардчилал байх уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Хүн нэрээ
тогос өдөө гэсэн үг байдаг байх аа. Мөн намайг дахиад нэр дэвших тухай яригдвал
сонгуулийн хууль зөрчдөг гэсэн сэтэр салахгүй байвал яах вэ. Хэрэг хийгээгүй, хууль
зөрчөөгүй байж хэрэгтэн гэж хэлүүлмээргүй байна. Тэгэхээр би 2016 онд ч үүнийг ярих
л болно. Энэ асуудлаар сонгуулийн луйвар гэсэн ном бичиж байгаа. Их сонирхолтой
ном гарах байх гэж бодож байгаа шүү.
Л.МӨНХТӨР