ОХУ,
БНХАУ-ыг холбосон олон улсын хурдны зам манайхаар дайран өнгөрнө. Хятадын Тянжиний
Тангу далайн боомтоос эхтэй энэ зам Бээжингээр дайраад шууд Улаанбаатар руу ирнэ.
Тэгээд манай нийслэлээс гараад Улаан-Үд хүрэх эл замын олон улсын албан ёсны нэршил
нь Asian highway-3 буюу АН-3. Нэг ёсондоо Монголоор дайран өнгөрөх Ази, Европ тивийг
холбосон чухал зам.
Жаахан
нарийвчилбал уг зам ОХУ-ын хил-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-БНХАУ-ын
хил гэсэн маршрутаар баригдана. Олон улсын өндөр зэрэглэлийн хурдны замын барилгын
ажил яаж эхэлж, хэзээ ашиглалтад орох талаар холбогдох газруудаас нь тодрууллаа.
Зам,
тээврийн яамныхан хурдны замын ажлыг барилгын салбарын үндэсний гэх тодотголтой
компаниуд нэгдээд хийхээр ярилцаж, Барилга, хот байгуулалтын сайд зөвлөлийн хуралдаанаараа
уг ажлын төслийн танилцуулгыг сонсч ихээхэн анхаарал хандуулаад буйд гайхаж байгаа
бололтой. Харьяа яам нь байсаар байтал яагаад хариуцсан ажлыг нь өмнөөс нь хийхээр
зүтгээд байгаагийн учрыг ойлгохгүй байгаа гэнэ. Тэгээд ч хоёр жил гаруй хугацааны
дотор 1000 км хурдны зам бариад дуусгана гэдэгт итгэхгүй байгаа аж. Учир нь ийм
зэрэглэлийн замыг олон жилийн өмнөөс нарийн тооцоо судалгаа, зураг төсөл гаргаж,
мэргэжлийн хүмүүс хийдэг ажил. Гэтэл барилгачид олон улсын хурдны зам тавих ийм
чухал ажлыг гүйцэтгэхээр сэм ярилцаж, харьяа яамныхнаас нь зөвлөгөө, мэдээлэл авч
хамтран ажиллахгүй байгааг учир битүүлэг гэцгээж байна.
Тэгтэл
Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд “Энэ талаар Зам, тээврийн яамнаас
тодруул. Яам андуураад байгаа юм биш үү. Хуучин нэг яаманд харьяатай байснаа салчихсан
ш дээ” хэмээцгээд “Манайх зам барьдаггүй. Зам, тээврийн яам манайхаар зам бариулъя
гээд байгаа бол хамаа алга бариад өгье” гэх.
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд
чиглэлийн энэхүү хурдны замыг барихаар гүйцэтгэгчээр нь “Chinggis land
development” гэх групп шалгараад байгаа юм. “Цаст импекс”, “Магнай трейд”, “Жаст”,
“Монинжбар”, “Насны зам” зэрэг үндэсний арав гаруй компани нэгдээд ийм групп байгуулсан
юм байна. Тэд улсын төсвийн хөрөнгөөр бус концессын гэрээгээр энэ замыг барих бөгөөд
Итали, АНУ-ын хөрөнгө оруулалтын зөвлөх хоёр компанитай хамтраад эх орондоо
хоёр урсгалтай, хоёр эгнээ асфальт бетон хучилттай хурдны зам барихаар болжээ.
Группийнхэн
том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд холбогдох яамд, газрынхантай уулзалт
хийж, Засгийн газрын түвшинд энэ ажлыг хэлэлцүүлээгүй байгаа нь яамдын хооронд ийм
үл ойлголцол гаргаж байж болох юм. Өндөр зэрэглэлийн хурдны замыг хэдий концессын
гэрээгээр барихаар болж байгаа ч энэ бол Монгол Улсын хөгжил, аюулгүй байдал, нэр
хүнд, эдийн засагтай холбоотой чухал бүтээн байгуулалт. Ийм ажилд хувийн хэвшлийнхэн
нэгдээд хүчин зүтгэхээр болсон нь сайшаалтай ч яам, Засгийн газартайгаа зөвшилцөж,
хэлэлцэх нь зүйтэй юм.
Тус
групп хурдны замын барилгын ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа
бөгөөд 2015 оны аравдугаар сард ашиглалтад өгөх гэнэ. Төслийн нийт өртөг 3.5 тэрбум
ам.доллар болох бөгөөд нэг км замыг 3.5 сая ам.доллараар барих юм байна.
Энэ
төслийг ойрын хугацаанд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх сураг байна.
Тэгэхээр чухам ямар яам нь энэ ажилд оройлох, зөвлөх, ямар нь хамжилцах нь тодорхой
болох биз.
Д.САРУУЛ