Монголын Үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай хэвээр байна. Холбооны эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр өчигдөр “Эвлэрэлийн комисс” болон 21 аймгийн төлөөлөл болсон бөхчүүд хуралдлаа. Хурал “Нэгдэлчин” зочид буудлын “Өгэйдэй” ресторанд болжээ.
Хуралд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын төлөөлөл оролцлоо.
Бөхийн холбооны дүрмээр аль нэг Цэцдийн зөвлөл хуралдаж, “Их Эе” зарлаж хуралдуулах дүрэмтэй аж. Тиймээс өчигдрийн хуралд Цэцдийн зөвлөлийг бүрэлдүүлж, талууд шийдвэр гаргахыг хүсчээ. Хуралд Дорноговь, Өмнөговь аймгаас бусад аймгийн төлөөлөл оролцсон байна.
Хурлаар дараах асуудлыг шийдвэрлэжээ.
Үүнд:
- МҮБХ-ны дүрмийн дагуу 2002 оны 4-р “Их Эе”-эс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, ээлжит бус “Их Эе”-ийн товыг зарлах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар тус цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг дэмжлээ.
- 2002 оны 4-р “Их Эе”-эс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх буюу 2/3-ыг бүрдүүлэх үүргийг хуралд оролцогсод авч, 2018 оны 05-р сарын 03-ны өдөр тус Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар дэмжлээ.
- Х. Баянмөнх аваргын саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлийг хүчин төгөлдөр эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар хүсэх тухай ажлын хэсэг (ажлын хэсэгт Х.Баянмөнх, Д.Манх-Эрдэнэ, Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар багтав) гаргаж ажиллах талаар санал хурааж, 100 хувийн саналаар дэмжигдэв.
Өчигдрийн хуралд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын дараах төлөөлөл оролцлоо.
Тус хуралд:
1. Архангай аймгаас улсын гарьд Д.Рагчаа,
2. Баян-Өлгий аймгаас у.х О.Бахытыг төлөөлж, аймгийн арслан Х.Айдос,
3. Баянхонгор аймгаас у.х Д.Батболдыг төлөөлж аймгийн арслан Д.Энхбат,
4. Булган аймгаас улсын заан Д.Баасандорж,
5. Говь-Алтай аймгаас улсын гарьд Н.Ганбаатар,
6. Говьсүмбэр аймгаас у.а Д.Азжаргалыг төлөөлж, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн,
7. Дорнод аймгаас улсын начин Д.Цогзолдорж,
8. Дундговь аймгаас улсын харцага Л.Пүрэвжав,
9. Завхан аймгаас улсын гарьд Б.Гончигдамбыг төлөөлж, у.х Ш. Уламбаяр,
10. Өвөрхангай аймгаас улсын арслан Д.Ганхуяг,
11. Сүхбаатар аймгаас улсын харцага Ч.Өвгөнхүү,
12. Сэлэнгэ аймгаас улсын харцага Т. Өсөх-Ирээдүй,
13. Төв аймгаас улсын заан Д.Амгаланбаатар,
14. Увс аймгаас улсын гарьд Б.Гантогтох,
15.Ховд аймгаас улсын заан Ц.Мягмарсүрэнг төлөөлж, Ховд дэвжээний захирал Ш.Батхишиг,
16. Хөвсгөл аймгаас улсын харцага Г.Элбэг,
17. Хэнтий аймгаас улсын начин Б. Одхүү нар оролцсон байна.