Categories
мэдээ нийгэм

19 жил үйл ажиллагаа явуулж буй дунд сургууль спортын заалгүй

Өнөөдөр СХД-ийн 17 дугаар хороонд баригдаж байгаа “Тольт” сургуулийн спорт заалны барилгын асуудлаар сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.

“Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан “Манай сургуулийн спорт заалны барилга нь хууль ёсны бүх зөвшөөрөлтэй болох талаар бодит мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр багш ажилчид, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийж байна.

“Тольт” сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 03-ны өдрийн А/562 тоот захирамжаар эзэмшиж буй 1,660 м.кв газарт 24м х 15м хэмжээтэй сургуулийн спорт заалны барилга барихаар төлөвлөж, архитектур төлөвлөлтийн даалгавар авч, даалгаврын дагуу эскиз зургаа батлуулан, барилгын ажлын зураг боловсруулж, улсын экспертизээр баталгаажуулан,барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг төрийн эрх бүхий байгууллагуудаас бүрэн авсан.

Бид 2010 оноос эхлэн сургуулийн спорт заалтай болох зорилго тавьж, өнөөг хүртэлх зургаан жилийн хугацаанд эцэг эх, сурагч, төгсөгчдийнхөө хүсэлт хүчин чармайлтаар энэ ажлын ард гарч 2016 оны долоодугаар сарын 8-ны өдөр барилгын ажлаа эхлүүлээд байна.

Манай спорт заалны барилга нь холбогдох бүх зөвшөөрөлтэйн дээр 34 А, Б байрны эзэмшил газартай ямар нэг байдлаар давхцаагүй бөгөөд гадаа тапбайн хүүхдийн тоглоом, СӨХ-ийн эд хөрөнгийг буулган барилга бариагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Манай сургуулиас 34А, Б байрны Наран-Оргил СӨХ-ийн Удирдах зөвлөлтэй хамтран хүүхдийн тоглоомын талбайг нэмэлт тоноглолоор тохижуулах, сургуулийн хашааны гадуур иргэдэд явган хүний зам гаргаж өгөх, спорт заалаа эдгээр байрны хүүхэд залуучууд, иргэдэд хичээлийн бус цагаар ашиглуулж байх талаар харилцан ярилцаж зөвшилцөлд хүрсэн зүйлүүд бас байгаа” гэв.

Тольт сургууль нь 1997 онд байгуулагдсан, 500 гаруй сурагч, 50-иад багш ажилтантай, 19 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Сургуулийн эцэг, эхийн төлөөөлөл Л.Батхүү “Би энд Тольт дунд сургуулийн 500 гаруй сурагч, тэднйи эцэг эх, эмээ өвөө 2,000 гаруй хүнийг төлөөлөн оролцож байна.

Эцэг эхчүүд бид 2009 оноос Тольт сургуулийн захиргаанд “Хүүхдүүд маань стандартын дагуу тамирын биеийн хичээл ордог болмоор байна, Өөрийн гэсэн биеийн тамирын заалтай болмоор байна” гэсэн санал хүсэлт, шаардлагыг тавьсаар сургуулийн захиргаа энэ асуудлыг 2010 оноос эхлэн хэдэн жил хөөцөлдөөд “Эцэг эхчүүд та нарын дэмжлэггүйгээр энэ ажил маань явж өгөхгүй байна” гээд биднээс дэмжпэг хүссэн.

Эцэг эхчүүд бид 500 гаруй сурагч, тэдний эцэг эх, эмээ өвөө гэр бүлийн 2,000 гаруй хүний гарын үсэг цуглуулж, Нийслэлийн ИТХ-д энэ асуудлыг тавьж удаан хөөцөлдсөний эцэст биеийн тамирын заал барих газрын асуудал хуулийн дагуу шийдэгдэж, барилгын зураг, зөвшөөрлөө зохих журмын дагуу авч, эцэст нь сургууль маань банкнаас зээл авснаар энэ олон жил сурагчид, эцэг эхчүүд бидний хүсэн хүлээсэн биеийн тамирын заалаа барих ажил эхэлж байна.

11-12-р ангийн хүүхдүүд маань 10 жил биеийн тамирын заалгүй явж байна.

Үр хүүхдүүдээ гадаа гудамжинд бус эцэг эхчүүд биднийхээ багадаа ямар зааланд биеийн тамирын хичээл орж байсан, түүнтэй адил стандарт зааланд хичээлээ ороосой гэж хүссэн 2,000 гаруй эцэг эхчүүдийн итгэл найдвараар энэ ажил эхэлж байгаа гэдгийг онцолмоор байна. Энэ ажлыг хөөцөлдсөнзургаан жилийн хугацаанд биеийн тамирын заалаа хүлээсээр 300 гаруй хүүхдүүд маань төгсөж, төдий тооны хүүхдүүд шинээр 1-р ангид элсэн орж мөн л биеийн тамирын заалаа хүлээсээр одоо зарим нь дунд ангиа төгсөж байна.

11-12-р ангийн хүүхдүүд маань 10 жил биеийн тамирын заалгүй явж, одоо ганц жил ч болтугай биеийн тамирын зааланд хичээллээд төгсөх юмсан гэж хүсч мөрөөдөж байна. Одоо “Тольт” сургуульд сурч байгаа 500 гаруй хүүхдүүд маань энэ жил биеийн тамирын заалтай болно гээд хичээлийн шинэ жилийг тэсэн ядан хүлээж байгаа” хэмээн ярилаа.

“Тольт” сургуулийн эцэг эхчүүдийн зүгээс нийслэлийн холбогдох албаны хүмүүсийг спорт заалны барилгатай газар дээр нь танилцаж, 34 А, Б байрны оршин суугчид болон Наран-Оргил СӨХ, Тольт сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл, багш ажилчид, сургуулийн захиргааг оролцуулсан уулзалт зохион байгуулж, ярьж ойлголцохыг уриалж байгаа ажээ.

СХД-ийн 17-р хорооны 34 байрны оршин суугч З.Навчаа “Миний бие СХД-ийн 17-р хорооны 34 байранд оршин суудаг. Хэвлэлийн хурал дээр ирсэн учир нь нийт оршин суугчдын дотор сургуулийн спорт заалны ажлыг дэмжиж байгаа олон хүнийг төлөөлж ирсэн. Иргэд буруу мэдээлэлтэй байгаагаас үүдэн хоёр талын хооронд ойлгомжгүй байдал үүсээд байна.

Заал барих бүх зөвшөөрөл, зураг нь сургуулийн фэйсбүүк дээр нээлттэй байна. Түүнээс харахад ямар нэгэн байдпаар хүүхдийн тоглоомын талбай руу орсон юм байхгүй байна. Миний бодлоор хүмүүс заал барих зөвшөөрөл, зургийг нь харж зөв ойлголттой болох , юмны учрыг нь зөв зүйтэйгээр ойлгож, эерэгээр хандаж, дэмжих нь энэ сургуулийн хүүхдүүдэд ч, оршин суугч бидэнд ч хэрэгтэй байна.

Хувийн хэвшил гэхээс илүү боловсролын байгууллага, хүүхдийн ирээдүй, эрүүл мэнд талаас хандвал зүйтэй болов уу гэж бодож байна.

Таны бидний хүүхдүүдтэй адил олон олон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийгдэж байгаа ажпыг дэмжээсэй гэж нийт оршин суугчиддаа уриалж байна” гэлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *