Сүүлийн долоо хоногийн турш хэдэн мянган оюутан залуус авто тээврийн аюулгүй байдлыг сайжруулахын эрх баригчдаас шаардан, Бангладешийн нийслэлд жагсаал хйиж байна.
Уг жагсаал нь долдугаар сарын 29-ний өдөр хурд хэтрүүлэн давхисан автобус сургуулийн насны хоёр хүүхдийн аминд хүрснээр эхэлжээ.
Бангладешд ховор тохиолддог эсэргүүцлийн жагсаалд олон арван мянган сурагчид оролцон, Дака хотын гудамж, авто тээврийн хөдөлгөөнийг хааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Иймд нийслэлийн автобусны үйлчилгээ болон улсын аль ч газар уруу чиглэсэн маршрут цуцлагдсан байна.
Жагсагчдыг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч, үрлэн сумтай буу хэрэглэсэн бөгөөд 40 гаруй хүн гэмтсэний дийлэнх нь оюутнууд байжээ.
Даваа гаригт Бангладешийн хууль зүйн сайд Анисул Хук нь автын осол гаргаж хүний аминд хүрсэн этгээдийн уг үйлдэл нь мөрдөн байцаалтын үеэр санаатай хэрэг болох нь нотлогдвол цаазын ял онооно хэмээн мэдэгджээ.
Уг тэмцлийг зогсоохын тулд засгийн газраас 3G, 4G интернет сүлжээг хаахад хүргэжээ.
НҮБ-ын суурин зохицуулагч Миа Сеппо “Бид хүч хэрэглэсэн тухайд маш ихээр эмзэглэж байгаа бөгөөд бүгд тайван байхыг уриалж байна ” хэмээжээ.
А.АНУЖИН