Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байна. Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18-аас доош насны хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сурронтой холбоотой 515 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2022 онд 96, 2023 онд 178, 2024 оны эхний долоон сарын байдлаар 241 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 95 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд суррон, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтсэн байна. Зарим улсад сурроныг мотоциклтой адилтган үнэмлэхжүүлж, насны хязгаар заан зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүтер, мопед, мотоцикл, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж байна. Гэвч эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд материалд хохирол учруулах зэрэг нөхцөл үүсээд байгаа юм. Иймд Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийслэлийн Засаг даргын хууль эрх зүйн санал, хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлж байна. Энэ хүрээнд сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалтыг хийх саналтай байна” гэв.