“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК орон нутгийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж, аймаг бүрт 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг гүйцэтгэн, 16 аймгийн төвийг холболоо. Ингэснээр орон нутагт интернетийн хурд гурав дахин нэмэгдэж, хэрэглэгчдэд хүргэх үнэ тариф хотынхтой адил болов. Ингэснээр орон нутгийн иргэд 1Mbps интернетийг өмнө нь 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байсан бол 13 мянган төгрөгөөр, 300 Kbps хурдтайгаар нэг вэб хуудсыг 40 секундэд уншуулдаг байсан бол одоо нэг Mbps хурдтайгаар 11 секундэд нээдэг болж байгаа юм. Мөн сүлжээний багтаамж нэмэгдэж, интернетийн үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшлэх нөхцөл бүрдэж, газарзүйн байршлаас үл хамааран интернетийн хэрэглээ өсөн нэмэгдэх нэг боломж юм.
Харин 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжтай холбогдоогүй байгаа Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт ирэх сарын 1-ний дотор сүлжээний өргөтгөл хийж, интернетийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгч эхлэх юм байна.