Энэ зун хур бороо орохгүй, хэт халалтаас болж нийт нутгаар гандуу, хуурайшилт ихтэй байна. Мөн үүнээс шалтгаалж сүүлийн гурван сар ой, хээрийн түймэр гаймшгийн хэмжээнд хүртлээ дэгдсэн. Түймрээс шалтгаалж ойн амьтад суурьшмал нутгаасаа дүрвэж, төвийн бүс нутаг руу нүүдэлсэн. Үүний нэг жишээ нь хүр хорхой юм. Хуурайшилт, гандалт байгаль дэлхийд болоод хүнд ямар их хор уршигтайг дээрх шил тараалсан гамшгаас харж болох юм.
Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, 50 гаруй суманд гандуу байна.
Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ бүх аймгийн ХХААГазраас зуншлага, ургацын төлөв байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэн дүгнэлт хийж төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Долдугаар сарын 20-ноос ихэнх нутгаар бороо орж байгаа тул энэ наймдугаар сарын 10 гэхэд бэлчээрийн ургац сайжрах аймаг, сумдын тоо нэмэгдэнэ.
Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрх бэлтгэлд нийлүүлэх мал махаа тооцон 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч, орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хийж байна гэж сайд хэллээ.
Энэ жил 517.4 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 391.6 мянган га-д, үүнээс улаанбуудай 367.2 мянган га-д, төмс 14.6 мянган га-д, хүнсний ногоо 7.2 мянган га-д, тосны ургамал 75.9 мянган га-д, тэжээлийн ургамал 25.7 мянган га-д, эмийн ургамал 1.9 мянган га-д, жимс, жимсгэнэ 287.1 га-д тус тус тариалсан.
Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутагт тариалсан таримлын өсөлт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурах магадлалтай. Төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын ургац ч мөн ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурахаар байна гэж ХХААХҮ-ийн сайд хэллээ.