ЦЕГ болон Монголбанк хамтран мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэсэн залуусын талаар мэдээлэл хийлээ. Иймэрхүү гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай болжээ. Цагдаагийн ерөнхий газарт 2016 он гарсаар 10, 20 мянган төгрөгийн дуурайж, хуурамчаар хийсэн гэх 259 гомдол иржээ. Нийт ирсэн гомдлын 37 материалд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж буй аж.
Хуурамч мөнгөн тэмдэгтийг 35 хүртэлх насны компьютер, график, дизайн чиглэлийн мэргэжилтэй залуус бүлэглэж, хэвлэдэг байжээ. Одоогоор нийт 15 сая төгрөг бүхий мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн гурван бүлэг этгээд буюу 10 гаруй залуусыг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн прокурор руу шилжүүлсэн байна.
Ард иргэдэд сэрэмж, болгоомжтой байхыг анхааруулав. Хуурамч мөнгөн тэмдэгт нь ихэвчлэн хуучирч, үрчийсэн байдаг гэнэ. Арилжааны банкууд бол хуурамч мөнгийг илрүүлэх боломжтой. Банкны мөнгө тоологч машин хурамч дэвсгэртийг шууд таньдаг. Харин жижиг худалдаа эрхлэгчид хуурамч мөнгөн дэвсгэртийг таньж, ялгах боломжгүйгээс хохирч үлдэх нь түгээмэл аж.
Хэрэв Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хэвлэж, үйлдвэрлэвэл Эрүүгийн хуульд зааснаар 10-15 жил хорих ял оноодог. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах тухай заасан байдаг.
176.1. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
176.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
176.3. Энэ хэргийг зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заажээ.