Categories
мэдээ нийгэм

13 иргэнээс 70 сая төгрөг цахимаар залилжээ

Эрүүгийн цагдаагийн албаны “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ийн алба хаагчид бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мэхлэх аргаар мөнгө залилдаг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. 14-18 насны таван этгээд бүлэглэн цахим орчин ашиглан 13 иргэнээс нийт 70 орчим сая төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулжээ. Гэмт этгээдүүд иргэдийн цахим хуудас, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэхдээ утасны дугаараар буюу дараа төлбөртэй 9911, 9910, 9909, 8811, 9191, зэрэг үүрийн холбооны дугаар эзэмшдэг иргэдийн фэйсбүүк хаягийг олж, нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаараар тааруулан хакердан нэвтэрдэг байжээ. Ийнхүү тухайн хувь хүний харилцсан мессеж, чатыг уншиж судлаад мөнгө зээлэх боломжтой найз нөхөд хамаатан садан руу мөнгө зээлэх, гуйх зэрэг мессежүүдийг явуулж, мөнгө шилжүүлэн авсан үйлдлүүд тогтоогдоод байна. Тэд бас гудамжинд явж буй иргэдээс “Ах аа, эгч ээ хѳдѳѳ гэрээс мѳнгѳ ирж байгаа яаралтай авахгүй бол болохгүй байна. Би картаа гээчихсэн” гэх мэтээр худал хэлж, үл таних иргэний данс ашиглан дээрх мѳнгѳѳ гарган авдаг байжээ. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүдийн хоёр нь насанд хүрээгүй сургуулийн сурагчид байсан бөгөөд залилангийн гэмт хэрэгтээ улайран сургуульдаа сурахаа больсныг шалгалтаар тогтоосон байна. Уг хэргийг УЕП-ын хяналтад авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн сэжигтэн Ш, Т, Н, Э, Д нарыг шалгаж байна. Эдний гурвыг нь цагдан хорьж, хоёрыг нь батлан даалтад шалгаж байна. Гэвч сэжигтэн 18 настай Ш нь энэ тѳрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн тул баривчилж цагдан хорьсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 26.1.2 мөн 17.3 дах зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс цагдаагийн газраас иргэн та өөрсдийн гэсэн цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаяг, нууц дугаарын энгийн байдлаар хийх, мөн сониуч байдлаасаа болж гэмт хэргийг хохирогч болохгүй, ѳѳрийн хувийн мэдээллээ нууцлах зэргээр болзошгүй эрсдлээс ѳѳрсдийгѳѳ хамгаалаарай. Мѳн ѳсвѳр насны хүүхдээ эцэг эхчүүд цахим орчинг хэт удаан хэрэглүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарахыг сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *