Categories
мэдээ нийгэм

12 сувилагч ажилтай боллоо

ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” сургалт, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад хамрагдсан 77 сувилагч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтаа амжилттай өгч дууслаа.

ЭМЯ-наас “1:2” зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү зорилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ажиллах сувилагчийн тоог нэмэгдүүлж, 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилтын 50 хувьд хүрэхэд чиглэж байгаа юм.
Өнгөрсөн хагас сарын хугацаанд гадаад оронд ажиллаж байгаад ирсэн, хүүхэд асрах болон бусад хувийн ба ар гэрийн шалтгаанаар чөлөөтэй байсан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг тодорхой шалтгаанаар урт, богино хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй 150 гаруй сувилагч ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандаж сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн юм.
“Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад 42 сувилагч, “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” сургалтад 35 сувилагч суралцаж төгслөө. Эдгээр сувилагч нараас дутагдалтай орон тоог нөхөж, ажил авах хүсэлтээ эрүүл мэндийн байгуулагууд ирүүлж байна. Тухайлбал, Архангай, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Амгалан амаржих газар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ, Улсын II төв эмнэлэг зэрэг байгууллага нийт 12 сувилагчийг ажилд авчээ. Түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна.

Сургалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр дахь ээлжийн сургалт энэ сарын 12-нд эхлэх юм. Сургалтад нийт 76 сувилагч оролцохоор бүртгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *