Categories
мэдээ нийгэм

12-оос доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулах эсэхийг судалж байна

Пневмококкийн эсрэг вакцины ач холбогдол, анхаарах зүйлс | News.MN

КОВИД-19-ийн Омикрон хувилбарын давлагаа үргэлжилж, сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тоо цөөрч байгаа ч хүүхдүүд, өндөр настнууд, жирэмсэн ээжүүд гээд эмзэг бүлгийн иргэд өвчлөх эрсдэл өндөр байна.

“Дельта хувилбарын давлагааны үед нийт халдварын 19-21 хувь нь 17-оос доош насны хүүхдүүд байсан бол одоо 22 хувьтай байна. Тиймээс вакцинд хамрагдаагүй насны хүүхдүүдэд анхаарах хэрэгтэй байна” гэдгийг хуурамч мэдээллийн эсрэг Фактчек Монгол, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийсэн “Вакцин ба дархлаа” сэдэвт уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Б.Цогтбаатар хэлсэн юм.

Одоо үргэлжилж байгаа давлагааны үеэр л гэхэд коронавирусийн халдвараар өвчилж байгаа нийт хүүхдийн 72 хувь нь 12-оос доош насны буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байна.

Тиймээс энэ насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулах, 12-18 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулах шаардлагатай байгаа талаар мэргэжлийнхэн зөвлөж, саналаа холбогдох шийдвэр гаргагчдад хүргүүлсэн талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм.

Олон улсад дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр дүн ямар байгааг АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхим, ахлах багш, доктор Т.Хонгорзул танилцуулсан юм. VeroCell-ийн хоёр тунтай хүнийг VeroCell-ийн тунгаар нэмж дархлаажуулахад 60% үр дүнтэй байгаа бол Pfizer вакцинаар бүтэн дархлаажсан хүнийг мөн Pfizer вакцинаар нэмж дархлаажуулахад 95.6 хувийн үр дүнтэй байна. Нэмэлт тун хэрэгтэй эсэх талаар бүүстер тун хийлгэсэн 86 сая, хийлгээгүй 90 сая хүний мэдээллээс харьцуулан судлахад халдвар дахин авах магадлал төдийлөн буурахгүй ч нас барах эрсдэлээс сэргийлж байна гэж дүгнэжээ.

Харин Монгол Улсад бүүстер тунг нэмж хийх шийдвэр гаргахдаа AstraZeneca вакцины бүрэн тунтай байж байгаад Pfizer нэмж хийлгэсэн 17, VeroCell вакцины бүрэн тунтай байж байгаад Pfizer хийлгэсэн 18 хүний судалгаанд үндэслэн үр дүнтэй гэж үзсэн талаар ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга, Доктор Б.Бумдэлгэр танилцуулсан юм.

Одоогийн байдлаар манай улс 18-аас дээш насны иргэдээ КОВИД-19-ийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунд Pfizer вакцинд хамруулж байгаа ба гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн тоо нэг саяыг даваад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *