Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор “Монголын нууц товчоо”-г дүрсэлсэн 108 метр эсгий зээгт наамлан бүтээлийг олон нийтэд таниулах ёслолын арга хэмжээг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл болон “Хан Хэнтийн гар урчууд” ХХК өнөөдөр /2017.09.13/ Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
“Хан Хэнтийн гар урчууд” ХХК нь анх 2013 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байгуулагдсан бөгөөд монгол гэр, сийлбэртэй тавилга, модон эдлэл, эсгий ширмэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Хүннүгийн үеэс өвлөгдөж ирсэн хэдэн мянган жилийн түүхт эсгий зээгт ширмэлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд Монголынхоо өв соёлыг сурталчлан таниулах нь тэдний зорилго гэнэ.
“Энэ хугацаанд 4000 гаруй хүмүүст зээглэн ширэх оёдлыг зааж сургасан. Уг бүтээлийг монгол туургатнууд нэгдэн бүтээсэн. Үүнд Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз тэргүүтэй 28 ястан нийлж бүтээлийг туурвилаа. Уг бүтээлийг санаачилсан, хийж бүтээлцсэн бүх хүмүүсийн нөр их хөдөлмөрийг үнэлээд баршгүй нь ээ. Энэ өв соёлоо үр хойчдоо уламжлуулж чадаж байгаадаа бахархалтай байна” хэмээн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат хэлж байлаа.
Тус дүрслэх урлагийн бүтээлийг урлах явцад Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн энэ оны /2017/ гуравдугаар сарын 12-нд бүтээж дууссан байна. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 метр тэмээний ноосоор хийсэн утас, 10 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 летр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.