Categories
мэдээ нийгэм

103 сурагч хоолны хордлого авчээ

Баян-Өлгий
аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны 103 хүүхэд өчигдөр
хоолны хордлого авч эмнэлэгт хүргэгджээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас
өгсөн мэдээллээр хүүхдүүд өчигдөр/09.03/ орой 19.00 цагт гурилтай шөл, талх
идсэнээс хойш 10 минутаас нэг цагийн хооронд хордлогын шинж тэмдэг илэрч 103
хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийсний
дүнд 58 хүүхдийн бие сайжирсан тул сургуулийн дотуур байранд тусгаарлан хяналтад
авсан байна.

Одоогоор
эмнэлэгт байгаа 45 хүүхдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусдынх нь дунд
зэрэг, хэл татагнах, хоолой боох, дотор муухайрах, толгой, хэвлий, үе мөчөөр
өвдөх, хааяа таталт өгөх шинж тэмдэг илэрч байгаа аж.    

Хордлого
илэрсэн даруйд аймгийн Онцгой комисс хуралдан шаардлагатай бүх арга хэмжээг
авч, хүүхдүүдийн идсэн хоол болон хоолонд хэрэглэсэн ногоон цай, талх, дрож,
давс, мах, ундны ус, хүнсний ногоо зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын
Нэгдсэн лабораторид шинжилж эхэлсэн байна. Мөн дотуур байрны гал тогооны
хэрэгсэл, аяга таваг, тоног төхөөрөмж, орчноос 33 арчдасны шинжилгээ авч
лабораторийн шинжилгээнд өгчээ.

Дашрамд,
дотуур байрны 130 хүүхдийн 126 нь хоолонд орсноос 27 хүүхдэд хордлогын шинж
тэмдэг илрээгүй, дөрвөн хүүхэд чөлөө авч гадуур гарсан байжээ.

Д.ЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *