НӨАТ-ын 2017 оны сүүлчийн сугалаа өчигдөр болж, 16573 азтан тодров.
Энэ удаагийн тохирлоор 100 сая төгрөгийн нэг, 20 сая төгрөгийн азтан нэг, 4 сая төгрөгийн 21 азтан тодорлоо. Мөн 500 мянган төгрөгийг 131, 100 мянган төгрөгийн 1504 хүн хожсон бол 20 мянган төгрөгийн азтанаар 14 мянга 868 иргэн тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодорсонгүй.
Энэ оны эхний буюу энэ сарын 01-31-нд иргэдийн хийсэн худалдан авалтын сугалаа ирэх сард болно. Сангийн сайдын 381 дүгээр тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталсан юм. Тухайлбал, НӨАТ-ын сугалааны супер шагналын сан 50 сая төгрөг байсныг 25 сая болгон бууруулав. Мөн тохирлын эхний гурван орон тохирсон бол хорин мянган төгрөг хождог байсан нь тавин мянга, дөрвөн орон таарсан бол 200 мянга, таван орон тохирсон бол нэг сая, зургаан орон тохирсон бол таван сая төгрөгийн шагналын сантай болгож нэмсэн. Харин долоон орон тохирвол хорин сая төгрөг хождог байсныг арван сая, найман орон тохирвол зуун сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурах юм.