Categories
мэдээ нийгэм

100 айлын зам засварын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-ээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна.Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг хааж засч шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг зам дээр ажиллаж зарим үүрэг даалгавар өглөө.

Зам засвар, шинэчлэлийн ажил удааширч байгаа шалтгааны талаар Драгон бридж ХХК-ийн ерөнхий инженер Г.Цолмон “Ажлын зураг дээр гурван төрлийн асуудал гарсан. Ажлын зургийн 0-500 хүртэл дагуу огтлолыг сонгож зурахдаа ажлын хар өндрөөс автоматаар 7 см өндөр өгөөд гаргасан нь газрын уклоноо төлөвлөлтийн түвшин зохиогоод зурсан нь асуудал болсон. Хоёрдугаарт хөндлөн огтлолын болон дагуу огтлолын зурагнууд ерөнхий төлөвлөгөөний зурагтайгаа зөрүүтэй байгаа нь бас асуудал болсон. Гуравдугаарт усны байгууламж хийгдэх ажил дээр нэг хэв маягийн хөндлөн огтлол сонгоод мянгын цагирган хоолойг 1.5 метрийн гүнтэй булж хийхээр төлөвлөсөн байсан. Геодези, усны барилга байгууламжийн газраас гаргасан саналын дагуу ус зайлуулах хоолойг 1.8 метр болгохоор дахин зураг өөрчлөгдсөн. Шинэ зургийн дагуу ажиллаж байна. Мөн хуучин усны байгууламж нь эвдэрсэн байдалтай гарч ирсэн. Тиймээс анхны мэдээлэлтэй зөрснөөс мөн хугацаа алдах шалтгаан болсон” хэмээн тайлбарлав.

Өнөөдрийн байдлаар 3000 м орчим авто замын хашлагын 80 хувийг хуулж, талбайн цэвэрлэгээг хийгээд байгаа аж. Гурван газар ус зайлуулах байгууламжийн цооногийг ухаж гаргасан. Талбай дээр найман машин, механизм, дөрвөн инженер техникийн ажилчин, 25 туслах ажилтан ажиллаж байгаа аж.

Төлөвлөгөөний дагуу барилгын ажил явсан бол 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг энэ сарын 10-нд нээгээд үргэжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *