Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ удаагийн тэмцээнд Монголоос нэлээд хэдэн залуу шатарчин амжилттай оролцжээ. Тэдний нэг нь 10 насны ангилалд Ази тивийн аварга болж, алтан медаль хүртсэн Даваахүүгийн Мөнхзул. Тэрээр нийслэлийн 33 дугаар сургуулийн сурагч. Аавынх нь ярьснаар Мөнхзул таван настайгаасаа эхэлж шатар тоглосон гэнэ. Түүнд хэн ч зааж өгөөгүй. Эгч, аав хоёрынхоо тоглож байгааг харж суудаг байсан жаахан охин нэг л өдөр тоглоод эхэлжээ. Ийнхүү таван жил шатар тоглохдоо Д.Мөнхзул нэлээд амжилтад хүрсэн. 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож охидын найман насны ангилалдаа түрүүлж аварга болжээ. Уг тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 шатарчин хүчээ сорьсон. Үүний дараахан 2014 онд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёр медаль авчээ. Рафит төрөлд алт, блиц төрөлд мөнгө авч, стандарт төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан. Дараа жил нь буюу 2015 онд Тайландын Паттайя арал дээр болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авчирсан. Хамгийн сүүлд энэ долоо хоногт Улаанбаатар хотноо болж өнгөрсөн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 насны ангилалд түрүүлж алтан медаль хүртсэн юм.
Ийнхүү Д.Мөнхзул охин хэдхэн жилийн хугацаанд олон улсын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож Монголын нэрийг дэлхийн дэвжээнд мандуулжээ. Байнга бэлтгэл сургууль хийдэг тул хичээл нь нэлээд тасардаг хэмээн аав нь ярьсан юм. Гэсэн ч ангийнхнаасаа хоцордоггүй онц сурдаг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд бэлтгэл сургууль гээд гуравдугаар сараас хойш хичээлдээ яваагүй. Тэмцээнээ дуусгаад саяхнаас сургуульдаа явж эхэлсэн байна. “Хичээл нь ямар байна” гэж асуухад “Нөгөө л юмаа үзэж байна лээ” гэсэн хэмээн ярихдаа аав нь өөрийн эрхгүй инээж байлаа. Мөнхзул охин удахгүй дахиад л бэлтгэлдээ гарна. Ирэх аравдугаар сард Гүржид болох Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
10 настайдаа Ази тивийн аварга болсон охин жаахандаа нэлээд нүүрэмгий, сэргэлэн охин байжээ. Цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглэж янз бүрийн тэмцээнд оролцож, таван настайдаа “Бяцхан мисс” тэмцээний “Фото мисс”-ээр шалгарч байсан удаатай. Харин шатар тоглодог болсноосоо хойш их өөр болсон хэмээн аав нь ярив. Одоо бол юм асуухад нэлээд бодож байж хариулдаг болсон гэнэ. Шатрын спорт хүүхдийг төлөвшүүлчихдэг.
Дашрамд Д.Мөнхзул айлын дундах охин. Эгч Д.Хонгорзул, дүү Д.Өнөрзул нь мөн л шатар тоглодог. Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Г.Даваахүүгийн гурван охин гурвуулаа оролцжээ. Хүүхдүүд нь бүгд шатарчин болохоор аав нь ч тоглодог байж таарна. Гэвч Г.Даваахүү өөрийгөө сонирхогч хэмээн ихэд даруухнаар тодорхойлсон юм. Тэрээр Өсвөрийн шатарчдын эцэг эхийн зөвлөлийн дарга, Монголын шатарчдын удирдах зөвлөлийн гишүүн. Саяхан Улаанбаатар хотод болсон Ази тивийн өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажилласан байна.
Даваахүүгийн Мөнхзул 2014 онд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч Ерөнхий сайдаас шагналаа гардан авсан. Залуу аварга Д.Мөнхзул маань Гүржид болох Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганзага дүүрэн ирж монголчуудаа баярлуулна гэдэгт бид эргэлзэхгүй байна.