Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг тухай бүр анхааруулж буй. Түүнчлэн хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байна. Хүйтний улирал буюу жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарыг хүртэлх хугацаанд газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулснаас болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарч байсан бөгөөд 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарчээ. Та бид үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргийг тэднийхээ өмнө хүлээдэг. Иймд иргэд та бүхнийг хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.