Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 онд улс орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дуусч үр дүнгээ дүгнэж байна. 2022-2027 он хүртэлх ирэх 5 жилийн хугацаанд улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж байгаа цаг үед Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзаж, хамтран ажиллах хэд хэдэн санал дэвшүүллээ. Үүнд, 0-3 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Боловсролын салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгүүдийн цахилгаан эрчим хүч, интернетийн холболтыг шийдвэрлэхэд GIGA төсөл дээр хамтарч ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үндэсний цөөнхийн хүүхэд бүрийг тэгш хамран сургах гэсэн 3 асуудалд хамтран ажиллахыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчөөс хүслээ. НҮБ-ын Хүүхдийн сан нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд Боловсролын салбарт 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.