Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй шинжлэх ухааны олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд манай улсаас энэ онд 4 өгүүлэл нийтлэгджээ. Тодруулбал, “Web of Science” мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI индекстэй олон улсад нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд монгол эрдэмтэд ажлын бүтээлээ хэвлүүлснийг МУИС-иас танилцууллаа.
Манай улсаас 4 өгүүллийн нэгийг бие даасан байдлаар, гурвыг нь хамтран зохиогчоор хэвлүүлжээ. Өгүүллэгүүд нь агаарын болон хөрсний бохирдлын чиглэлээр, дэлхийн уур амьсгаын өөрчлөлттэй холбоотой судалгааны бүтээлүүд байна. Тухайн сэтгүүлүүд нь олон улсын чансаагаар тухайн салбартаа тэргүүлэгч зиндааны, бүрэн нээлттэй болон өндөр төлбөртэй, эрэлт ихтэй, ихэнх нь хэвлэмэл болон цахим сэтгүүлүүд байгааг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч профессор Д.Бадарч тодотгож байна.
Тэрбээр, “Манай эрдэмтэн, багш нарын бүтээл олон улсад хэвлэгдэн гарч буй нь дэлхий биднийг илүү сонирхон үнэлж эхэлж байгаагийн нэг том илрэл болж, мэргэжилтнүүд үнэлж буй”-г хэллээ.
МУИС-д 660 орчим эрдэмтэн багш ажиллдаг. Тэдгээрийн 130-ынх нь эрдэм шинжилгээний бүтээл олон улсын шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдээд байна. Нийтлэл бүтээлүүдийг салбараар авч үзвэл хүрээлэн буй орчин, экологи, математик, инженерчлэл, хими, ургамал судлал, геологи, копьютерийн шинжлэх ухаан, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг чиглэлээр хамгийн олон өгүүлэл хэвлэгджээ.
Энэ нь сургууль дотоод дүрэмдээ багш нараа олон улсад бүтээлээ нийтлүүлэхийг тусгах болсон, хоёрт, сургуулийн удирдлага багш нарын бүтээлээ урамшуулдагтай холбоотой хэмээн МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерийн тэнхимийн эрхлэгч н.Сономдагва тайлбарлаж байна.