Categories
эдийн-засаг

ЧУУЛГАН: БООЦООТ МОРИН УРАЛДААНЫ УНААЧ 18 НАСАНД ХҮРСЭН МЭРГЭЖЛИЙН ХҮН БАЙНА DNN.MN

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Морин уралдааныг бооцоот уралдааны шинэ төрлийн спорт болгон хөгжүүлэх, бооцоот морин уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ. Үүнд, Монголын морин уралдааны холбоог байгуулах ба тус холбоо нь морин тойруулгын дүрэм, бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, тооцоолох, хуваарилах аргачлалыг батлах юм. Мөн уяач морин тойруулгын гишүүнээр элссэнээр морин тойруулгын дүрмийн дагуу уралдаанд морио уралдуулах бөгөөд ингэснээр морины эзэн, уяачдад Үндэсний баяр наадам, бүсийн хурдан морины уралдаанаас гадна бусад улиралд морио уралдуулж, орлого олох, мөн морины уралдааныг олон ангиллаар зохион байгуулах боломж бий болох аж. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс бооцоот морин уралдааны унаач 18 насанд хүрсэн мэргэжлийн хүн байх бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй хүнээр морь унуулахыг хориглох зохицуулалтыг тусгасан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төслийг заавал яагаад морин уралдаан гэж тусгайлан заав, хэрэв Арабын орнууд шиг тэмээний уралдаан зохион байгуулах бол хэрхэх вэ, хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах юм уу гэсэн асуудлыг хөндсөн юм. Үүний хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус хуулийн төслийг олон улсын жишгээр боловсруулсан ба энэхүү морин уралдаан нь уламжлалт морин уралдаанаас тэс өөр буюу сонгодог морин уралдаан байна хэмээн тайлбарлаж байв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үндэсний морин уралдааныг уламжлалт хэлбэрээр нь хадгалан үлдэх, иргэдэд үнэн зөв ойлголт өгөх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурьтай байлаа. Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар хуулийн төсөлтэй холбоотой явуулах санал хураалтыг түр хойшлуулж байгааг хуралдаан даргалагч мэдэгдэв.

2 replies on “ЧУУЛГАН: БООЦООТ МОРИН УРАЛДААНЫ УНААЧ 18 НАСАНД ХҮРСЭН МЭРГЭЖЛИЙН ХҮН БАЙНА DNN.MN”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *