Categories
эдийн-засаг

Д.АМАРБАЯСГАЛАН: ЗАСГИЙН ГАЗРААС ҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЭР БИЧИХ САНААРХАЛ ГАРГААГҮЙ DNN.MN

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийг шинээр бичих санаархал гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хуулийн судлаач нар Ерөнхий сайд болон холбогдох улс төрийн албан тушаалтнуудад Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилбөл улсын хөгжилд хэрэгтэй юм бэ гэдэг саналаа боловсруулж өгөх хүсэлт гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан юм. Үндсэн хуулийг биччихлээ гээд шууд батлагдах зүйл биш. Энэ асуудлыг Монголын ард түмэн шийднэ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр бичих гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нэмэлт өөрчлөлт гэдэг нь цөөн тооны хэдэн заалтыг өөрчлөх замаар тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд чиглэдэг. Тэгвэл одоогийн хэрэгжиж байгаа хуулийн 35 орчим хувиас илүү хэмжээний өөрчлөлт оруулах бол шинэ Үндсэн хууль өргөн барьдаг.

Шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нь хэрэгжүүлж чадах зүйл мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Шинэ Үндсэн хууль гаргах тохиолдолд заалт бүрийг нь ярилцаж, богино хугацаанд хийх ажил биш гэдгийг судлаачид хэлж байгаа. Ард түмэн Үндсэн хуулийг шинээр бичих шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн хууль бүтнээрээ бий болтол дор хаяж 2-3 жилийн хугацаа орно.

Манай намын байр суурийн тухайд Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Энгийн иргэдийн төлөөлөл парламентад суух боломжийг бий болгох нь юунаас ч илүү чухал гэж үзэн байр сууриа илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Ард түмэн, улс төрийн намууд мажоритар тогтолцоог олон жил шүүмжилж ирсэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдлын шалтгаан нь уг тогтолцоо байхыг үгүйсгэхгүй. Учир нь нэг тойрог дээр өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хамгийн өндөр саналыг авсан хүн нь парламентын гишүүнээр сонгогддог. Хамгийн өндөр саналыг авч байгаа буюу хуучин сонгуулийн хуулиар 25 хувиас дээш олонхын саналыг авсан бол гишүүн болдог. 75 хувьд нь сонголтоо хийсэн иргэдийн төлөөлөл парламентад сонгогдохгүй байгаа юм.

Ард нийтийн санал асуулга явуулж, иргэд дэмжиж байгаа тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *