Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Украинд айлчилжээ. Энэ нь өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш тус улсад хийсэн түүний дөрөв дэх удаагийн айлчлал юм. Борис Жонсон дайнд ихээхэн нэрвэгдсэн Киев мужийн баруун хойд хэсгийн Буча, Бородянка хотуудад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хамт очин нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Давосын эдийн засгийн чуулганд Борис Жонсон оролцох үедээ Украинд ялалт байгуулахад нь шаардлагатай танк болон бусад зэвсэг техник хэрэгслүүдийг нийлүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан юм. Жонсоны Украиныг дэмжиж уриалсан энэ үгэнд талархаж байгаагаа Зеленский уулзалтынхаа үеэр илэрхийлжээ.
Дайныг дуусгах цорын ганц зам бол Украины ялалт гэдгийг Борис Жонсон айлчлалынхаа үеэр хэлсэн байна. Их Британи Украинд “Чэлленжер 2” танк нийлүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.