Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар дээр өчигдөр (2024.01.24) 01:05 цагийн үед их хэмжээний газ буюу шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан автомашинтай “Ниссан патрол” маркийн автомашин шүргэлцсэнээс хүчтэй дэлбэрэлт боллоо. Энэ үеэр онцгой байдлын гурван албан хаагч амь насаа алдаж, 14 иргэн эмнэлэгт хүргэгдсэнээс тав нь 80-90 хувийн түлэгдэлтэй, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Дэлбэрэлтийн улмаас Дүнжингарав худалдааны төвийн чанх урд байрлах “Эдү апартмент” хотхон руу гал тархаж, 11 айлын 43 иргэнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн, галд иргэдийн 28 машин өртсөнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.
01:00 цагийн орчимд газ тээвэрлэгч машин зам дээр баруун эргэх үйлдэл хийхэд суудлын авто машин давхар эргэж шүргэлцэж байгаа хяналтын камерт дүрс бичигджээ. Ингээд газ тээвэрлэгч машин хөдөлгөөнөө зогсоож, “Ниссан патрол” машин чигээрээ явсан харагдана. Үүнээс тав орчим минутын дараа дэлбэрэлт болжээ. Онцгой байдлын байгууллагад 01:07 цагийн үед дуудлага ирж, гал сөнөөх ангиуд хөдөлж эхэлсэн байна. Нийслэлийн гал унтраах ангийн нийт бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийг гурван цаг орчмын дараа бүрэн унтраасан байв.
Хий тээвэрлэж явсан машин дэлбэрсэн энэ нөхцөл байдал улс орон даяар түгшүүртэй нөхцөл байдлыг бий болгов. Онцгой байдлын албан хаагчид амиа алдсан, олон арван хүн гэр орон, машин тэрэггүй болсон, хамгийн гол нь тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэж явсан машин дэлбэрэх нөхцөл байдал яагаад бий болов, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн үү, хотын төв хэсэгт зорчиж явсан нь хууль журам стандартаар зөвшөөрөгдөх үү гэх зэрэг олон асуулт бий болоод байна.
Хамгийн ноцтой нь үүрэг гүйцэтгэж явсан гурван албан хаагч амь эрсэдсэн нь хамгийн том гарз хохирол байв. Тэд бол гал унтраах 63 дугаар ангийн албан хаагчид болох 36 настай А, 28 настай Б, 27 настай Т нар байлаа. Аврагчид амиа алдсан ослын тухай ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тайлбарлахдаа “Гал унтраахдаа тактикийн болон ажиллагааны алдаа гаргаагүй. Монгол Улсад үйлчилж байгаа гал унтраах дүрмийн дагуу гал унтраах удирдагч тухайн нөхцөл байдлын үнэлгээг хийх зорилгоор ажиллаж байх явцад 40 метрийн алслалтай ёмькост хүчтэй дэлбэрэлт бий болж шидэгдсэнээр манай гурван алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. Галаас 40-100 метрт байна гэсэн хэмжээ дүрэмд байхгүй” гэлээ. Нэг ёсондоо манай улсад шатдаг хийтэй ажиллах, ялангуяа гэнэтийн ослын үед аврагчид ямар зайнаас ажиллах, энгийн иргэд ямар зайтай байх зэрэг стандарт дүрэм байдаггүй гэсэн үг аж.
Нас барсан аврагчдын ар гэрийнхний зүгээс энэ харамсалт үйл явдалд гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа. Осол шөнийн 01:30 цагийн үед болж, аврагчид амиа алдсан байхад өдөр 12:00 цаг гэхэд ар гэрийнхэнд нь албан ёсоор мэдэгдээгүй гэж байв. Энэ тухай талийгаач Б-гийн эхнэр “Нөхөр маань амь эрсэдсэн талаар өглөө босоод мэдлээ. Өглөө ажилдаа явах гэж байтал аврагчдын ар гэрийнхний нэг нь чат бичсэн. Үнэмшээгүй. Удалгүй нөхрийн маань найз эмгэнэл илэрхийлсэн чат бичсэн байлаа. Ингээд хадам ээжийгээ аваад 06:00 цагийн үед 63 дугаар ангид ирлээ. Хэн ч байгаагүй, хоёр гурван цаг уйлж сууцгаалаа. Бидэнд хүн ёсоор хандаад анги хамт олны зүгээс албан ёсоор хэлж болно оо доо. Албаны хүмүүс аврагчдыг галаас хол зайд зогсоосон гэж тайлбарлаж байна. Бичлэгийг үзсэн. Маш ойрхон зогссон байна шүү дээ. Маш харамсалтай байна. Бид хоёр жаахан хүүхэдтэй залуу гэр бүл. Хан-Уул дүүрэгт саяхан аврагч нас барсан. Ер нь тэр хэргээс хойш хоёулаа ярилцаж байгаад ажлаас гаръя гэж байсан. Гэтэл ийм явдал болчихлоо, хэлэх үг алга” гэж байв. ГССҮТ-ийн Түлэнхийн төвд 80-90 хувийн түлэгдэлтэй таван иргэн эрчимт эмчилгээнй тасагт эмчлүүлж байгаа юм. Эмч нарын хэлж буйгаар гурван иргэний биеийн байдал маш хүнд байгааг онцолсон. Тэд осол гарах үед ойролцоо байсан иргэд аж. Тэдний дунд ойролцоох байранд сантехникийн дуудлагаар очсон нэг иргэн болон гэртээ харихаар алхаж явсан өөр нэг иргэн байжээ. Түлэгдэлтийн зэрэг гурав болон дөрөв буюу маш хүнд зэрэгт орж байгаа аж. Эрчимт эмчилгээнд байгаа хоёр иргэн бүрэн хараагүй болсон гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлж байна.
Ослын үед алдагдсан хий ойролцоох “Эдү апартмент” хотхон руу тархаж, гал гарсан. Онцгой байдлын аврагчид болон иргэд шуурхай арга хэмжээ авч, богино хугацаанд байрнаас гарсан байдаг. Гэвч галыг унтраахаар ирсэн гал унтраах машин байранд ойртох боломжгүй, орц гарцыг нь хааж барилга барьсан байв. Ингэснээр галыг унтраах хугацаа улам хойшилсон болохыг иргэд болон онцгой байдлын байгууллага мэдэгдэж байсан юм. Тухайн үед юу болсон талаар тус хотхоны иргэн “Хүчтэй дэлбэрэлтийн дуунаар манайхан сэрцгээсэн. Юу болж байгааг огт ойлгоогүй. Газар хөдөлж байгаа юм шиг л яг цонхон доор хүчтэй дэлбэрсэн. Удалгүй байрныхан шуугилдаад орилж эхэлсэн. Ингээд ухасхийгээд цонхоороо харахад тэр чигээрээ гал болж байсан. Тэрхэн зуурт юу хийхээ мэддэггүй юм билээ. Гарах ёстойгоо, аюулгүй газарт очих ёстойгоо ухаардаггүй юм байна. Хүүхдүүд маань орилоод, нэлээд сандарсан. Хаалганы гадна хүмүүс гүйж байгаа нь сонсогдсон учраас гарах ёстой юм байна гэж бодсон. Ингээд л бараг нүцгэн шахам гарт таарсан хувцсаа шүүрээд гэрийнхнийгээ аваад гарцгаасан. Цахилгаан шатаар, явган хүний шатаар аль алинаар нь хүмүүс явж таарсан. Манайх дөрөвдүгээр давхрын айл. Дээд давхрын хүмүүс бөөн шуугиан болсон айсан сандарсан байдалтай бууж ирсэн. Тэрхэн зуурт шахцалдаад, бас л амь тэмцдэг юм билээ. Гэхдээ аюулгүй бууж, аюулгүй газарт хүрч чадсан” гэсэн юм.
Осолтой холбоотойгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдууд эмгэнэл илэрхийлсэн байв. Мөн Тэнгэр даатгал, Мандал даатгал ХХК-иуд эд хөрөнгө нь галд өртсөн иргэдэд нөхөн төлбөр олгохоо мэдэгдлээ. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүд хий тээвэрлэсэн жолооч болон бусад иргэдэд хууль зүйн тусламж үзүүлэхээ амлав.
Хийтэй холбоотой ослын үед аврах ажиллагааг хэрхэн явуулах талаар инженер Д.Жаргалсайхан “Мэргэжлийн маш том алдаа гаргаж, газаас үүдэлтэй галын аюултай бүс рүү гал сөнөөгчдийг оруулсан байна! Учир нь газаас үүдэлтэй галыг унтраах боломжгүй. Шатаж дуустал нь эргэн тойрны аюулгүй байдлыг ханган, аюулгүй бүсэд байж ажиллах ёстой. Монголчуудын хувьд газтай харьцах, аюулгүй ашиглах мэдлэг, туршлага дутмаг байна” гэж байв.
Ослын нөхцөл байдлын талаар УОК хуралдаж, өчигдөр 15:00 цагийн үед Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрбээр “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлж, шаардлагатай асуудлуудыг нь шийдвэрлэнэ. Орон сууц нь шатсан 60 айлыг цаг алдахгүйгээр ажлын хэсэг байгуулж нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан түрээсийн байранд оруулж, төлбөрийг нь төр хариуцна. Үүний хажуугаар бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, хэвийн амьдралыг үргэлжлүүлэхийн тулд түрээсийн байрыг тухайн орчинд нь зохион байгуулна. Мөн барилгыг цаашид ашиглах боломжтой гэвэл шаардлагатай бүх засвар үйлчилгээг хийж ашиглалтад оруулна” гэв.
Мөн үргэлжлүүлэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Стандарт, норм төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хэр зэрэг баталгаатай байна вэ гэдэг асуудлаас үүдэж яригдаж байна. Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг Улаанбаатарын нутаг дэвсгэрт тээвэрлэх, зарж борлуулахтай холбоотой төрөөс тавьсан стандартыг хангаж байна уу гэдгийг шалгана. Дэлхийн хамгийн хөгжилтэй улсад 60,000 гаруй стандартыг тогтоосон. Иргэд түүндээ нийцэж амьдардаг. Харамсалтай нь манай улсад өнөөдөр 6.500 орчим төрлийн стандарт бий. Яг бодитоор 3.000 гаруй төрлийн стандарт хэрэгждэг. Буруутай этгээдийг тогтоож, учирсан хохирлын хэмжээг гаргана. Учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод маргааш өглөөний Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ” гэв.
Түүнчлэн УОК-ын хурлын үеэр гурван аврагчийн дунд тусгай хэрэглэлийн ганц хувцас байдаг. Олон давхар барилгад гал гарахад есөөс дээш давхрын галыг унтраах шат байхгүй гэдгийг онцгой байдлын байгууллага дуулгаж байв.
Ослын шалтгаан нөхцөлийн талаар иргэд олон нийт, мэргэжлийн хүмүүс олон талын байр суурийг илэрхийлж байв. Осол гарах үед газ тээвэрлэж явсан машины жолооч бууж амжсан байдаг. Тэрбээр ослын талаар тайлбарлахдаа “Замын-Үүд рүү газ тээвэрлэж явсан. Уулзвар гарахад хажуунаас машин ороод ирсэн. Хажуунаас машин ирж мөргөнгүүт газны хошууг сэтэлчихсэн. Тиймээс “Энэ аюултай юм болж мэднэ” гээд машинаасаа гараад гүйсэн” гэж тайлбарлаж байгаа юм.
Ослын талаар Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав
“Газ тээвэрлэж явсан автомашин тухайн замаар явах зөвшөөрөлтэй байсан. Уулын замаар явж болдоггүй юм. Мөн үе үеийн хотын дарга нарын зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөн сийрсэн үед газ тээвэрлэх боломжтой байдаг” гэсэн тайлбарыг өгсөн бол цагдаагийн байгууллагаас өөр мэдэгдэл хийсэн юм.
Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан “2167УЕ улсын дугаартай “Дашваанжил” ХХК-ийн автомашин НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцох түр зөвшөөрөл олгох журам”-ын 2.2 дахь заалтын дагуу С, Е ангиллын зөвшөөрлийг нийтийн тээврийн газраас авсан эсэхийг шалгаж үзсэн. Ингэхэд зөвшөөрөл авсан эсэх мэдээлэл байхгүй байна. Осол гардаг тухайн уулзварт шөнийн 01.00 цагийн үед хөдөлгөөн сийрэгжсэн байсан тул биет зохицуулалт хийгдээгүй. Гэрлэн дохиогоор зохицуулагдах боломжтой байсан” гэв.
Цагдаагийн байгууллагаас осолтой холбоотойгоор “Дашваанжил” ХХК-ийн жолооч болон “Ниссан патрол” машины жолоочийг олж тогтоон мэдүүлэг авч эхэлсэн байв. “Ниссан патрол” машиныг Батлан хамгаалах яамны харьяа Барилга захиалагчийн албаны газрын дарга Э.Мөнхнаран жолоодож явжээ.
Б.Баттүвшин: 03:00 цагийн үед хэмжихэд агаар тпропан илэрч байсан
Энэ осолтой холбоотойгоор газ буюу шингэрүүлсэн хийг тээвэрлэх, энэ төрлийн ослын үед хэрхэн ажиллах асуудал хөндөгдөж байлаа. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгийн тайлбарласнаар энэ төрлийн ослын үед ажиллах тусгайлсан дүрэм заавар байхгүй гэсэн. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшингээс тодруулав.
-Шингэрүүлсэн хий алдагдсан ослын үед иргэд, онцгой байдлын аврагчид яаж ажиллах талаар норм стандарт байдаг уу?
-Хийг бүрдүүлдэг гол элемент бол пропан. Дэгдэмхий бодис учраас агшин зуурт л гал авалцдаг. Ийм ослын үед тийм зайд ажиллана гэсэн тусгай норм стандарт байхгүй. Ослын газарт ажиллаж байгаа хүмүүс тухайн нөхцөл байдлаа үнэлэх ёстой.
-Агаарт их хэмжээний хий алдагдсан. Иргэдийн эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх вэ. Та бүхэн хяналт шинжилгээ хийж байна уу?
-Шөнө 03:00 цагийн үед хэмжилт хийхэд пропан илэрч байсан. Харин 08:00 цагийн үед дахин хэмжихэд агаарт бүрэн дэгдчихсэн, нэг ёсондоо иргэдийн эрүүл мэндэд аюул үүсгэхгүй хэмжээнд хүрчихсэн байсан. Харин дотоод орчинд ямар байгаа талаар бид шинжлэх боломжгүй. Барилгын пасад болон бусад эд материал шатсан учраас хуулийн байгууллага шалгаж байгаа.
Иргэдэд толгой эргэх, салгалах, бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа бол эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Органик хийнд хордсон тохиолдолд хордлогыг тайлж цус шингэрүүлэх үүднээс халуун бүлээн ус уухыг зөвлөдөг гэв.
Шингэрүүлсэн хийг хадгалах, зөөвөрлөх талаар Газрын тосны салбарын зөвлөх инженер Л.Орхон тайлбарлахдаа “Барилга хот байгуулалтын сайдын 2014 онд баталсан БНбД 21-07-14 “Шатахуун түгээх станц. Галын аюулгүй норм”-д зааснаар автомашинд хий түгээх станц нь шингэрүүлсэн хий хадгалах нөөцийн сав нь газар доор далд байрлалтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 100 метр, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 50 метр, нөөцийн сав нь ил буюу газар дээр байрлалтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 300 метр, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 100 метр зайд галын аюулгүйн зай хэмжээг тооцно гэж нормчилсон байдаг. Замын цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, мэргэжлийн хяналтын байгууллагууд болон хийн аж ахуй эрхлэгч байгууллагын дотоод хяналт шалгалтын алба нь байнга шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ёстой. Саяны ослын нөхцөл байдлыг бичлэгээс харахад авто замын төлөвлөлт нь том оврын тээврийн хэрэгсэл эргэлт хийхэд эргэлтийн радиус нь стандарт хэмжээнд хийгдсэн үү гэдэг асуудал гарна. Том оврын ачааны тээврийн хэрэгсэл эргэхэд толгой, чирэгдэгч торх хоёр нэг эгнээнд биш, мөн том машины сохор бүс буюу толинд харагдахгүй хэсэгт суудлын машин давхар эргэж орсон, шүргэлцсэн байдал харагдаж байна. Мөн тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх зөвшөөрөл олгох шаардлагад автомашины жолооч нь тээвэрлэлтийн батлагдсан замнал буюу маршрутыг зөрчих, батлагдаагүй замаар явах, зориулалтын бус газар зогсох, хурд хэтрүүлэх, гэнэт хурдан хөдөлгөөн хийх огцом, тоормозлох, тусгай тоноглолгүй тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх зэргийг хориглосон байдаг” гэж байлаа.
З.Ганбат: Галын аюулгүй байдал хангаагүй орц гарц хааж төлөвлөсөн орон сууцыг ОБЕГ-ын төлөөлөл зөвшөөрч болохгүй
Ослын улмаас орон сууцны барилга галд автаж иргэдэд их хэмжээний хохирол учирсан явдал нь барилга хоорондын зай талбайн норм стандарт алдагдсантай холбоотой. Үүнээс үүдэж онцгой байдлын машин ойртож очих боломжгүй байсныг иргэд онцолж байсан юм. Үүнтэй холбоотой норм стандартын талаар Хотын стандарт хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч З.Ганбатаас тодруулав.
-Барилга хоорондын зай талбайд ямар стандарт тавьдаг талаар?
-Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн нормыг мөрддөг. Барилгын өндрөөс хамаарч барилга хоорондын зайг тооцоолдог. 2-4 давхар бол 10 метр хүртэлх, 5-10 давхар бол 12 метр, 11-16 давхар бол 45 метр байх ёстой. Гэхдээ энэ зай талбай нь барилгуудынхаа байрлалаас шалтгаална. Яг дээрх тохиолдол нь хоёр барилга параллель байгаа тохиолдолд мөрдөх жишээтэй.
-Цагдаа, эмнэлэг, онцгой байдлын тусламж үйлчилгээг үзүүлэх зам талбайг барилгын зураг төсөлд яаж гаргах ёстой вэ?
-Энэ бол Галын аюулгүй байдлын нормоор зохицуулагддаг. Бас л барилгын зай талбай, өндрөөс хамаарч 6-20 метрийн зайтай зам талбай гаргах ёстой. Мөн дээр нь галд тэсвэрлэлтийн зэрэг маш чухал. Барилгыг галд тэсвэртэй эсэхээр 1-4 зэрэгт ангилдаг. Дөрөвдүгээр зэрэгт амины сууц, ахуйн аргаар барьсан галд тэсвэрлэх чадвар муутай барилга ордог. Харин цутгамал, тоосгон хийцлэлтэй бол хоёрдугаар зэрэг, нэлээд чанартай бүрэн цутгамал барилга нэгдүгээр зэрэг гэж тооцдог. Ингээд 1-2 дугаар зэрэгтэй барилга хооронд зургаан метр, 3-4 дүгээр зэрэгтэй барилга 15 метрийн зайтай байх ёстой.
Түүнээс гадна цонхгүй, дүлий ханатай барилгууд хоорондын зай хамгийн багадаа 4.8 метр байх ёстой. Энэ нь галын машин чөлөөтэй орж гарах тооцоолол. Түүгээр зогсохгүй галын машин бүрэн орж гарч, барилгыг бүрэн тойрох, аль нэг талдаа мухар байх ёсгүй гэж үздэг.
-Тэгвэл өнөөдөр ийм стандартгүй барилгууд ашиглалтад орчихлоо. Танай байгууллагын удирддаг Улсын комисс ажиллаад хүлээгээд авчихсан байна шүү дээ?
-Процедурыг зөв ойлгох хэрэгтэй. Барилга барьж дууссаны дараа 16 байгууллагын төлөөлөл орсон Улсын комисс ажилладаг. Хүмүүс буруу ойлгодог. Улсын комисс хүлээгээд авчихлаа, буруу гэж. Манайх тэр 16 байгууллагын төлөөлөл оролцсон Улсын комиссын хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага. Дээрх 16 байгууллага чиглэл бүрээрээ хяналт шалгалтаа тавьж оролцдог. Жишээ нь өнөөдрийн тохиолдолд галын аюулгүй байдал дээр гэхэд ОБЕГ-ын төлөөлөл орж ажилладаг байх жишээтэй. Хэрэв дүрэм норм зөрчигдсөн байвал саналаа хэлж засч залруулах үүрэгтэй.
-Галын аюулгүй байдал хангагдаагүй, барилга хоорондын зай талбайн норм алдагдсан байвал ОБЕГ зогсоох эрхтэй гэж үү?
-Тийм. Ерөөсөө барилга байгууламж анх барих зөвшөөрөл олгохоос эхлээд л энэ норм стандарт яригдах ёстой шүү дээ. Анх газар олгох, барилгын зөвшөөрөл олгохдоо л хангуулах ёстой. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлаад хэрэгжүүлж байгаа. Холбогдох хуулиуд ч бий. Тэр хууль, төлөвлөгөөгөөр бол эхлээд зам талбай, инженерийн шугам сүлжээ, харилцаа холбоог шийдсэний дараа барилго байгууламжийг төлөвлөнө гэдэг. Харин манайд эсрэгээрээ явж байгаа. Барилгаа барьчихаад үлдсэн зайд нь төлөвлөлтөө хийдэг.
-Одоо тэгвэл нэгэнт ингээд баригдчихсан барилга орон сууцыг засч сайжруулах, иргэдэд аюулгүй болгох боломжтой юу?
-Ихэнх барилга орон сууцууд Улсын комисс хүлээгээд авчихсан, барьсан компани хариуцах хугацаа дуусчихсан. Тэгэхээр өмчлөгч, эзэмшигчдийн асуудал болоод хувирчихаж байгаа юм. Хэрэв иргэд, эзэмшигчид тухайн барилга орон сууцанд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байгаа бол холбогдох үнэлгээ дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаад явах боломжтой. Иргэний өмчлөлөөс бусад нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц зэргийг төрөөс нэг удаа засч тохижуулах хуультай. Тэгэхээр иргэд өөрсдөө хэрсүү, хянамгай байж, эрхээ хамгаалж энэ талаар судлах, ажил хэрэг болгох хэрэгтэй. Өмнөх болж өнгөрсөн алдаа дутагдал ярихаас илүү ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх ёстой болов уу.
Б.ЭНХЗАЯА