Улаанбаатарт зөвшөөрөлгүй, ил задгай автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөр болжээ. Энэ талаар НЗДТГ болон нийслэлийн газрын алба, мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэл хийв. НЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргалын хэлснээр 15 газрыг чөлөөлсөн байна.
Нийслэлд зориулалтын бусаар эзэмшил газрыг ашиглаж, авто машин ил задгай худалдаалах болон, авто машины дагалдах хэрэгсэл худалдаалахад шалгалт хийж, цэгцлэх асуудал 2014 оноос хойш эхэлсэн. Тухайлбал, МХЕГ-аас нийслэлийн Газрын албатай хамтран өнгөрсөн онд 102 иргэн ААН-д шалгалт хийжээ. Үүнээс 32 иргэн ААН-ийн зөрчлийг арилгуулсан байна. Энэ жил зөрчилтэй 654 иргэн, ААН-д зөрчлөө арилгах шаардлага хүргүүлжээ. Үүний 15 нь зөрчилөө арилгасан аж.
Одоогоор нийслэлд авто худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй хоёр л газар байдаг юм. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Авто худалдааны цогцолбор болон Да хүрээ зах юм.